logo

logo.jpg

Advertisement

Зураг түүхийг авч үлдэнэ-38 Баруун аймгуудад ажилласан нь

Баруун аймгуудад ажилласан нь

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албанд байхад баруун аймгуудад ажиллах шаардлага гарсан билээ. Дүн өвлийн хүйтэн өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай,  Ховд, Завхан, Архангай зэрэг найман аймгийн 39 сум, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан.
Аймгуудын цэргийн штабын даргын хүрээнд Аймгийн Засаг даргын шууд удирдлага дор Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэн мэдээллийг авч байх, тэрхүү мэдээллийг шууд ҮАБЗ-ийн Ажлын албанд хүргэдэг байх,
Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй аймгийн байгууллагууд гамшиг, онцгой байдлын үед Цэргийн штаб дээр хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,
Цэргийн мэргэжлийн төрөл бүрийн тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулах,
Байгаль орчны байдлыг хяналтандаа байлгаж, хүний эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг шийдвэрлэж, нөхцөл байдлаа ярилцаж, үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийсэн билээ.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Зүүнбаян-Улаан, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгж, хууль бусаар алт олборлож буй 5 обьект, мөнгөн ус, цианит натриг ашиглаж байж болзошгүй 2 цэг байв.  
Хайрхандулаан сумын Эргэн усны худаг нэртэй газарт ашигт малтмалын үндсэн орд ашиглагч “Иххан-Уул”ХХК-ийн олборлолт явуулж, хаягдлын санд саармагжуулалт хийж байгаа талбайд газар дээр нь хийсэн хөрсний дээжнээс цианит натри илэрсэн. Нарийнтээл сумын нутагт Дэрсэн худаг хэмээх газар алтны үндсэн ордын илэрцийг хууль бусаар техник хэрэгсэл ашиглан 40 гаруй иргэд, Сэнжит хэмээх газар алтны шороон ордын илрэлийг гар үйлдвэрлэлийн аргаар алт олборлож  буй 60 гаруй иргэд байв. Тарагт сумын Хараацай, Устын гол гэдэг газруудад хууль бусаар алт олдворлож байгаа бөгөөд голын уснаас ус уусан малаас 2-3 хонь үхсэн байсан.
-Дээрх байдлаас дүгнэхэд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл сумдын нутагт алтны үндсэн ордын илэрцүүдэд бага оврын хийн компрессор, металл хайгч, хүнд даацын автомашин ашиглан олборлолт явуулж байгаа нь онцгой хортой химийн бодисын хууль бус хэрэглээ газар авах нөхцөл бүрдэж байна.
-Тус аймгийн Хархорин сумын Баруун хүрээ буюу Шанхын хийдээс 15 ширхэг бурхан, 83 сая төгрөгний түүхийн үнэтэй эд зүйлс хулгайд алдагдсан байна. Соёлын үнэт зүйлийг хамгаалах талаар анхаарах шаардлагатай  байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор хот, Баян-Овоо, Галуут, Бөмбөгөр, Баацагаан, Шинэжинст сумдын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгж, хууль бусаар алт олборлож буй 13 обьект, химийн онц хортой бодис цианит натриг ашигласан 3 цэг байв.  
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны протоколыг үндэслэн хувиараа алт олборлогчдын төлөөлөл болох “Их баян” ТББ, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, сумын ИТХ-ын тэргүүлэгчидтэй гурвалсан гэрээ байгуулсан нь Химийн хорт болон аюултай бодисын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Төрийн захиргааны байгууллагуудаас гарсан зарим шийдвэрийг зөрчсөн байна.   
Аймгийн засаг даргын захирамжаар шаардлагатай хүн хүч, хэрэгсэл, хөрөнгийг гаргуулан 25 бегун тээрмийг хурааж аймгийн төвд Онцгой байдлын хэлтсийн хашаанд төвлөрүүлж, энэхүү ажиллагааны явцад иргэд, аж ажуйн нэгж, байгууллагуудад хэрэглэгдэж байсан нийт 14 кг орчим мөнгөн усыг хураан авч, УМХГ-ын лабораторид хүлээлгэн өгчээ.
Баянхонгор аймгийн хэмжээнд шороон ордыг гар үйлдвэрлэлийн аргаар ашиглагч иргэдийн тоо буурах, үндсэн ордын илэрцийг бегун тээрэм, мөнгөн ус ашиглан олборлон баяжуулагч иргэдийн тоо эрс өсөх хандлагатай байгаа бөгөөд металл хайгч багажийн тусламжтайгаар олборлогч иргэдийн тоо 300-400 орчим байгааг орон нутгийн хяналтын байгууллагууд тогтоосон байдаг.
Мөн 2007 оны 10-р сарын 2-нд Баацагаан сумын Бөөн цагаан нуурнаас баруун хойш 20 гаруй километрын зайд Давхар мөргө гэдэг газарт 6х12 метрын хэмжээтэй 2 хэсэг шламыг үүсгэсэн байна.
- Тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилсан байдлаар нийт 25 бегун тээрэм ажиллаж 6,8 га талбайг химийн онцгой  хорт бодис болох мөнгөн усаар бохирдуулсаныг тогтоожээ.  
Баянхонгор аймгийн удирдлагаас хууль бусаар бегун тээрэм, химийн онц хортой бодис цианит натри, мөнгөн ус ашиглан үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллагааг зогсоох талаар удаа дараа арга хэмжээ авч байсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.
-Баянхонгор аймгийн Баян-Овоо, Баацагаан, Бөмбөгөр, Жинст, Шинэжинст сумдын нутгуудад байрлах олон тооны худгууд дээр бегун тээрэм  ажиллуулж байгаа нь цаашид нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд мөнгөн усны бохирдол газар авч хүн, малын эрүүл мэнд, удамшил, байгаль орчны бохирдол, хүрээлэн буй орчинд маш ноцтой байдалд хүргэх боломж бүрдсэн байна.
-Шинэжинст сумын нутаг, Түймэрт нэртэй газарт Баянбулагийн алтны үндсэн ордын илрэлд  “Жи Би Лийз” ХХК нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж хайгуул, ашиглалтын тэсэлгээний ажлуудыг явуулсан бөгөөд 4 кг  мөнгөн ус, 143.8 кг тэсрэх бодис, 6 ширхэг тэсэлгээний хэрэгслийг хураан авч баримтжуулсан ба дээрхи компанийн ерөнхий захирал болох БНСУ-ын иргэн Шин Еон Суекийг орон нутгийн Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүлээлгэн өгчээ. Гэвч түүний хэргийг монгол иргэн өөртөө хүлээж, Солонгос иргэн Шин Еон Суекийг хариуцлагаас мултарсан байна. Манай хуулийн цоорхойг гадаадын иргэд ийнхүү ашиглаж байна.
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Байгаль орчны албадууд хамтран тус аймгийн Чандмань сумын Төгрөг, Чойров, Саарын худгууд дээр гар аргаар алт олборлохдоо мөнгөн ус ашигласан. Чойровын худаг нь Чандмань сумын төвөөс 70 орчим км-т оршдог ба 4-р багийн 5 өрх, 4000 гаруй мал ундаалдаг өвөлждөг газар юм. Дэлгэр сумын Баян-Өндөр багийн отрын бүс нутагт байрладаг Цоохор овооны худаг, Босгын худаг зэрэг малчдын өвөлжөөний худаг дээр алт угааж шлам үлдээсэн байна.
-Алт олдворлогчид тээрмээ зөөвөрлөн оторт явсан малчдын эзэнгүй өвөлжөө, худаг дээр алтаа тээрэмдэн химийн бодис ашиглан угааж, шлам орхин орчныг бохирдуулж байна. Энэ нь өвөлжөөндөө бууж байгаа малчдад хүндрэл учруулан тэдний бухимдалыг төрүүлж байна.
-Шинээр үүсч байгаа нөхцөл байдалтай уялдуулан аймгийн цагдаа, Мэргэжлийн хяналт, байгаль орчны хэлтсүүд хамтран ажиллах талаар мэргэжлийн зөвлөмж, чиглэл өглөө.
Ховд аймгийн  Булган суманд гарсан адууны өвчин, Үенч, Алтай, Мянгад суманд тархсан явц байдал, авч байгаа арга хэмжээтэй танилцсан болно. Малчид энэ өвчнийг анагаах уламжлалт монгол аргаар адууны ханиадыг говийн өмхий бутаар утах, сармис ашиглан  эмчилж байна.  
Завхан аймгийн баруун хэсэг цасгүй байгаагаас нутгийн малчид Дөрвөлжин сумын чиглэлд оторлон өвөлжихөөр нүүж байгаатай тааралдлаа. Нутгийн хойд хэсгээр цас зузаан орсноос өвөлжилт хүндэрч байгаа тухай мэдээлэл ирж байлаа.
Вируст гипатит өвчин манай улсад тархалт өндөртөй өвчинд ордог бөгөөд дэгдэлт хэлбэрээр ихэсдэг хурц халдварт өвчин юм. Улсын хэмжээнд 2001-2006 оны дундажаар 10000 хүн амд 25.3 байдаг бөгөөд Өвөрхангайд 34.2, Баяхонгорт 32.8, Говь-Алтайд 39.3 буюу улсын дундажаас өндөр байна. Завханд энэ өвчин дэгдэж Улиастай хотын сургууль, цэцэрлэг хорио тогтоосон байна. Энэ өвчлөлийн байдалд эмнэлгийн байгууллагууд байдаг л зүйл мэт хэвшсэн ойлголтоор ханддаг болжээ.
Орон нутагт химийн хорт бодис ашиглан хууль бусаар алт олдворлож байгаа аж ахуй нэгжээс хураагдсан зүйлсийг шүүхийн шийдвэр гаргуулан улсын орлого болгож, байгаль хамгаалах сан байгуулан төвлөрүүлэх боломж байна. Энэ хөрөнгөөр байгаль орчинг бохирдуулсан газруудыг цэвэрлэх, хураагдсан их хэмжээний тээрмүүдийг тээвэрлэн хайлуулж дахин ашиглахгүй болгох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зориулах боломж байна гэж үзсэн. Бид ингэж ажиллаж байсан.     
 Д.Жаргалсайхан
 

Comments