logo

logo.jpg

Advertisement

​ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР
 
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар дэлхийд ганцхан, тэр нь Монголын хээр талд буй бөлгөө. Цогт хунтайж хэмээн Монголын түүхийн хуудаснаа алдар нь мөнхөрсөн эх оронч, эгшиглэн шүлэглэгч тэрбээр эдүгээгээс дөрвөн зуу шүргэм жилийн өмнө намрын нэгэн өдөр Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан ахуйдаа хуягт халтраа унаад зүүн зүг харан сэтгэл машид уярч, авга эгчээ санан, нэгэн шүлэг хэлээд уяран уйлсныг дагалдан явсан Эрх хиа тогтоон авсан бөгөөд түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1624 оны хаврын сард “Дуутын хар чулуу” хэмээх байц хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар сийлэн бичиж мөнхөлжээ. Тэр цагаас хойш эдүгээ 390 дэх хавартайгаа золгож буй ажээ.
 
Хүн төрөлхтний соёлын түүхэнд, бүр тухайлан хэлбэл бичиг соёл хийгээд яруу найргийн түүхэнд хээр талын чулуун элгэнд яруу найраг мөнхөрсөн суу гайхамшигт түүх 390 дэх жилийнхээ ойг бидэнд сонордуулнам. Эдүгээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дуутын хар чулуу нь тогшиход жингэнэсэн дуу цуурайтуулан эгшиглэх тул түүнийг “Дуут” хэмээн онцлохын утга учир бүрдсэн буй заа. “Дуут” хэмээхийн бас нэгэн давхар утга нь билгүүн номч баатар Цогтын яруу найргийн ая айзам, хэм хэмнэлийг тогтоон хадгалж, шүлгийг нь уншихад жингэнэн эгшиглэдгийн учир тэр болой.
390 жил буюу зургаа илүү жаран өнгөрөөд буй ч мөнөөх шүлгийг сийлбэрлэсэн нь яг л өчигдөр урласан мэт уран тод. Он жилийн нар, салхи, бороо, цас хад чулууг цоолон нүхлэж, элээн мөлийлгөж, элс шавар болгох атал “дуут чулуу” л чухам үл элэгдэн, эс эмтрэхийн шидэт тарни болох Цогтын шүлгийг өдөр бүр наранд, шөнө бүр саранд уншсаар эрчим шидийг олжээ.
Цогт тайж хийгээд түүний эх Тайху хатан нар бол эрдэм боловсрол тэгширсэн, судар номын хүмүүс билээ. Цогт тайжийн цээжээр цэцэлсэн шүлэг нь утга гүнзгий. Ур тэгш. Эрх хиа нь хайлсан даруйд нь цээжиндээ тогтоон хадгалж. Шүлэг урлах чулууны сонголт ба сийлэлтийн найрслын зохирол гайхалтай. Шүлгийн уран яруу, утга гүнзгий, эгшиг аялгуу, хэл хэллэг өв соёлынх нь талаар олныг нурших нь илүүц бизээ.
Дээр тэнгэр ханы аху хийгээд
Дэлхийд эх хан богдсын аху газар
Дээр доорын ялгал болбоос бээр
Жаргал хайрлал хоёрын агаар-аа нэгэн буй
Агнистайн агуй дахь бодисад нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Ахуй газар ангид болбоос
Асрах нигүүлсэхийн агаар-аа нэгэн буй
Энд хан богдсын сайн түшмэд хийгээд
Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө хоёр өөр болбоос
Зөв бурууг ялгахуйн агаараа нэгэн буй
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид болбоос
 

Comments