logo

logo.jpg

Advertisement

П.Бадарч БУУРАЛ БАДАРЧ БИТГИЙ ХЭЛ, БУРХАН БАГШ ХҮРТЭЛ ҮХДЭГ ОРЧЛОН ШҮҮ ДЭЭ

П.Бадарч БУУРАЛ БАДАРЧ БИТГИЙ ХЭЛ, БУРХАН БАГШ ХҮРТЭЛ ҮХДЭГ ОРЧЛОН ШҮҮ ДЭЭ
 
Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч гуай хэнтэй ч уулзсан энгийн, нээлттэй, байгаагаараа л байдаг нэгэн. Гэхдээ ямар ч яриаг хачин сайхан “амттай” болтол нь хошигнож чаддаг зантай. “1943 оноос хойших Монголын 73 жилийн амьдралыг би гадарлана” гэсэн түүнтэй юуны ч тухай ярьсан сонирхолтой боловч 50-иад насны зөрүүтэй хөгшин, залуу хоёр энэ удаа эгэл хүмүүний амьдралын тухай хөөрөлдлөө.
Аугаа эх орны дайны тухай, Төв аймгийн Баянжаргалангийн Төгрөгийн дэнжийнхэн адуун сүргээ хурааж, фронтод аль сайн гэсэн агт морьдоо бэлэглэсэн тухай, бичин жилийн аймшигт зудаар малчид яаж зүдэрч, нохой хүртэл галзуурсан тухай, юм ховор цагт зургаан настай жаалхүү уулаар явж, гишүүний улаан навч, туулайн хорголтой түүгээд, ууранд нүдэж, аавыгаа тамхитай залгуулдаг байсан тухай, 1950-иад онд хойд, урд хөршийг холбосон төмөр зам тавих бүтээн байгуулалт тэдний сумаар дайрдаг тул ойр зуурын орос үг мэддэг сурагч Бадарч Зөвлөлтийн хоригдлуудад хэлмэрчилж өгөөд, ёотон, талх, давсаар шагнуулж, өнөөхийг нь хавь ойроор нэг бахархан ярьдаг ажаагийнхаа ачаар нутаг орондоо нэрд гарсан тухай үлгэр шиг үнэнийг тэр нүдэнд харагдтал ярьж өгөв. Нэг мэдэхэд бид хоёр үлгэр хэлж, хэлүүлж буй өвөө, ач хоёр шиг яриандаа орчихсон байв.
-Хөгшчүүлтэй уулзахаар “Бидний бага нас их сонин амьдрал туулжээ. Одоогийн залуус бол үнэмшмээргүй. Гэхдээ л их сайхан байж” гэдэг. Эргэж хэзээ ч ирэхгүй болохоороо өнгөрсөн цаг үнэ цэнэтэй санагдаж, хүн тэндээсээ сайн сайхныг олж харах гэж хичээдэг юм болов уу?
-Чиний хэлдэг үнэн л дээ. Би өнгөрсөн жил “Эрээвэр хураавар”, саяхан “Юм юмнаасаа” гэдэг нэртэй дурсамжийн хоёр ном гаргасан. Нас ахих тусмаа хүн бага, залуу, идэр насаа их дурсаж хардаг юм байна. Өглөө эрт босоод, бичих юмаа бодож байхад бага залуу нас л хамгийн түрүүнд санаанд орж ирдэг.
Тэгээд дурсамж л бичих юм байна шүү дээ. Энэ нь хөгшин хүнд таалагдах зүйл бага болдогтой холбоотой шиг байгаа юм. Яагаад гэхээр хөгшин хүний сэтгэлийн мэдрэмж, сэтгэлгээний чадавх сулардаг. Сэтгэл нь элдэв зүйлд догдолж, хөвсөлзөхгүй болохын зэрэгцээ орчин үеийн шинэ, соргог бүхнийг хүлээж авах, сэтгэх чадвар нь доройтоод ирэхээр мань хүнд өнгөрсөн дурсамж нь сайхан санагддаг.
Хүнд хоёр янзын доройтол байна шүү дээ. Сэтгэлийн нарийн нандин зүйлийг олж мэдэрдэг тэмтрүүл нь муудахын хэрээр сэтгэлгээний чадвар нь сулардаг. Бие махбодь нь өмхөрч хөгшрөхөөс гадна сэтгэл гэдэг эрхтэн бас доройтож эхэлдэг. Тэгсэн цагт одоогийн юмыг ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй.
-Таны сэтгэлийн тэмтрүүл бол үеийнхэнтэйгээ харьцуулахад тийм ч айхтар муудчихаагүй байх, тийм үү?
-Харьцангуй гайгүй байх аа. Багаасаа уран зохиолоор дамжуулж ертөнцийг танин мэдэж эхэлсэн учраас тэр. Ерөөс оюуны хөдөлмөр эрхэлдэг зохиолч, зураач, хөгжмийн зохиолч, эрдэмтдийн сэтгэлийн мэдрэмжийн тэмтрүүлүүд энгийн хүмүүсийнхээс илүү хөгждөг учраас сулрах хугацаа нь ч удаан байдаг. Эртний Грекийн том сэтгэгчид, Бурхан багш, Күнзээс эхлээд Верди, Эйнштейн гээд мундгууд их өндөр насалсан хойноо суут бүтээл, нээлтүүдээ хийсэн байдаг шүү дээ.
Лувсаншарав маань гэхэд л 88 настайдаа өөд боллоо. Бид хоёр нэлээд хэдэн дуу, Чингисийн хатдын тухай дуурь ч хамт зохиосон уран бүтээлийн сайхан анд явлаа. Надаас 12 насаар ах, миний дээд талын туулай жилтэн юмсан. Явуухулан, Гайтав, Пүрэвдорж гээд үеийнх нь сайхан зохиолчид нас барахад их ганцаардсан л даа.
Тэгээд бидний хэдэн зохиолчтой, тэр дундаа надтай их ойр нөхөрлөсөн юм. Лувсаншаравын бодох, сэтгэх, ярих, орчин үеийн юмыг хүлээж авах чадвар зүв зүгээр байсан. Оюун сэтгэлгээний хувьд хөгшрөөгүй ч уул элж, ус хүртэл татардаг хүмүүний орчлонгийн жамаар бие махбодь нь эрхгүй элэгдсэн дээ хөөрхий.
-Зөвхөн дурсамж бичээд суух бус, “Одоо нэг тийм зүйл л хийчих юмсан” гэх бяр танд амтагдаж байх юм уу?
-Бичихсэн гэж нэг их хүсэхээ байчихдаг юм. Би ч өөртөө дүгнэлт хийгээд, “Одоо больё” гэж шийдсэн. Хүсэл нэгэнт татарчихаад байхад би дахиад шүлэг бичихгүй. Хүн ер нь чадаж байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Өнөөхөө хийж чадахаа байвал болих хэрэгтэй. Өөрийнхөө хэр хэмжээг мэдэрнэ гэдэг нарийн ухаан шүү. Би амьдралдаа таван дуурийн цомнол бичсэн.
Дөрвийг нь эрдмийн театрууд тайзнаа тавилаа. Хамгийн сүүлд шавь Д.Төрбаттайгаа хамтран бичсэн “Оройн дээд” дуулалт жүжгийг саяхан Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан тоглосон. Их сайхан бүтээл болсон. Одоо тэгээд л болно доо.
Аливаа зүйлийг харах, сонсох, мэдрэх байдал хэвийн ч түүнийгээ даацтай бүтээл болгох уран чадвар сулардаг юм байна.
Аливаа зүйлийг харах, сонсох, мэдрэх байдал хэвийн ч түүнийгээ даацтай бүтээл болгох уран чадвар сулардаг юм байна. Хоёрдугаарт, дуулаагүй, үзээгүй юм үгүй санагдаад, сонирхол төрөхгүй нь.
Үндэсний хөгжим тоглож, дээрээс нь хархираа, хөөмий гэхчлэн янз бүрийн дуу авиа гаргадаг манай хамтлагууд гадаад, дотоодын үзэгчдэд их сонин байдаг бололтой. Үзээгүй хүмүүст бол тэр сонин л байх. Үзсэн бидэнд бол юу ч биш байхгүй юү. Явж явж энэ бас л нөгөө сэтгэлгээний сонин сайхныг олж харахгүй болсонтой холбоотой биз.
-Юм бүхэн сайн, муу хоёр талтай. Хөгшрөхийн сайхан нь юу вэ?
-Дорно дахины их сэтгэгч, Зэн Буддизмын сургаалыг үндэслэгч Күнзийн хэлсэн айхтар үг бий. Бага залуудаа ахмад хүмүүсийг хүндлэхгүй байх, идэр насандаа гавьтай зүйл хийж бүтээхгүй байх, өтөлсөн хойноо үхэж өгөхгүй байх гурав бол гутамшиг гэж хэлсэн. Их үнэн үг шүү. Өтөлж хөгшрөх хүртэл хэд хэдэн янз байна.
Хайдав, Цогзолмаа, манай Бааст гуай гээд зөв сайхан өтөлж яваа хүмүүс алийг тэр гэх вэ. Хайдав, Цогзолмаа хоёр “Учиртай гурван толгой”-г айлд очиж дуулаад алах л гэж байна лээ. 95 настай Бааст гуай нүдний шил ч хийхгүй цаас “нухаж”, зузаан зузаан ном гаргаад, гадуур явган гүйгээд л, хэнийг ч байсан хашгичиж загнаад, байсхийгээд л амралтад явна. “Авгай эргүүлж чадахгүй, архи ууж мэдэхгүй байж амралтад явж юугаа хийнэ ээ” гэж би цаашлуулдаг юм (инээв).
Гэтэл зарим настай хүн олон cap, жилээр өвчинд нэрвэгдээд, яая даа гэж байхыг би цөөнгүй харсан. Их хэцүү юм билээ. Амьд байгаагаараа өөрийгөө болоод ойр дотныхноо зовооно гэдэг гутамшиг. Платон “Хүний насалбал зохих нас бол 70” гэж хэлсэн. Ортой ч байх. 70 наснаас хойш хүн ер нь “хэрэггүй” болдог юм байна л даа. Бие махбодь, эсвэл сэтгэлгээ нь ямар нэг байдлаар доройтдог байх нь.
-Хүн өөрийнхөө хураасан зовлонг олон сайхан нэрээр нэрлэдэг гэнэ л дээ. Хүний дайтай амьдрахсан, нэр алдартай болохсон гэдэг хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, зорилго ч нэг талаар шунал бололтой. Нас нь яваад ирэхээрээ хүн эдгээрээс аажмаар холдоод, сэтгэл нь амар амгалан болдогт хөгшрөхийн сайхан оршдог юм болов уу?
-Тийм ээ. Бурхан багшийн номлолд ч байдаг. Хүслийн үзүүрт заавал хясал бий. Энэ бол хүний зовлонгийн үүтгэл гэж. Залуу, хөгшин ялгаагүй бүх хүн янз бүрийн хүслээ цэнэж, зарим нэг шаардлагагүй зүйлийг хазаарлаж байхгүй бол өөрийгөө зовоосоор л байна. Оюун, сэтгэлийн зовиураас биеийн зовиур эхэлдэг шүү дээ.
 
Хүслийн үзүүрт заавал хясал бий.
 
Хүний оюун, сэтгэл бол хамгийн агуу удирдагч эрхтэн. “Миний зүрх эрүүл” гэж бодвол үнэхээр сайн л байна. “Эмч миний зүрхийг муу гэлээ” гээд итгэвэл улам л муудна. Ерөөс энэ амьдралыг байгаагаар нь хүлээж авч, байгаагаар нь таньж ухаарахгүй, өөрийн хүслээр шинээр үүтгэнэ, зална гэвэл их хэцүү байдалд орно.
 
-Та тэгвэл өөрийнхөө хураасан ямар “зовлон”-гийн төлөө амьдралаа зориулсан байх юм?
 
-Би зургадугаар ангид байхдаа анх шүлэг бичсэн. Бага, дунд сургуульд байхдаа концертонд шүлэг их уншина. Миний нэг сайн тал бол “Бадарчийн хувьд хийж чадах зүйл нь шүлэг бичих” гэдгийг эрт ухаарсанд байгаа юм.
 
Уг нь би олон мэргэжлийн сургууль, курст сурсан. Гэвч тэдгээрийг төгсөөд ер амжилт олоогүй. Өчнөөн ажлаас халагдаж, хөөгдөж явсан ч ер гутрахгүй. Шүлгээ л тасралтгүй бичсээр байсан. “Мөнгө олъё”, “Багш, эмч болбол сайхан юм” гэж биш, шүлгийн номоо хэвлүүлэх, зохиолч болох хүсэл л илүү давамгайлдаг. Тэрийгээ дагасан нь ч зөв болсон.
 
Хүн ер нь “Би юу хийж чадах билээ, яажшуухан амьдралаа залгуулах хүн бэ” гэдгээ сайтар бодох ёстой юм. Техник технологи асар өндөр хөгжсөн өнөө цагт ямар ч мэдээ мэдээллийг олж авах боломжтой болсон. Тиймээс хүн өөрийгөө олох, авьяас билгээ нээж танихад ядах зүйлгүй.
 
Ухаандаа би тавин зургаа, долоон жил жолооч авгайтай амьдарч байгаа хэрнээ одоо хүртэл машины нэр ч мэдэхгүй, жолооны ард сууж ч үзээгүй. Эхэндээ саваагүйтээд ганц, хоёр удаа жолоо барих гэж үзсэн ч тээр тэндээс машин ирж яваа харагдвал гар, хөл салгалаад унана. Тэгэхээр тэр миний хийх ажил биш л байгаа байхгүй юү. Нэг хэсэг би бас зураач хийсэн.
 
-Тийм гэж үү?
 
-Тэгэлгүй яах вэ. Монголд рекламны зураг буюу цонхны үзэсгэлэнг хийсэн анхны зураачдын нэг нь би. Үүнийг хүмүүс мэдэхгүй л дээ. Улсын их дэлгүүрийн барилга 1961 онд ашиглалтад орсон юм. Тэгэхэд би бас л ажилгүй таваргаж явсан үе. Их дэлгүүрт рекламны зураачийн курс нээгдэж байна гэхээр нь яваад очлоо. Арваад залуус цуглачихаж. Надаас юу хийдгийг минь асуухаар нь “Би зураг зурдаг” гэчихлээ. Прагийн алдартай нэгэн их дэлгүүрээс хоёр мэргэжилтэн ирж, бидэнд 6-7 cap хичээл заасан юм.
 
Их дэлгүүрийн том цонхнуудад театрын засал чимэглэл хийж, бэлэн хувцасных, гал тогооны хэрэгслийнх, мебелийнх, цахилгаан барааных гэхчлэн ялгаж өгдөг. Шинэ жилээр, Эх үрсийн баяраар, Октябрийн, Ялалтын, Майн баяраар цонхнуудаа мэндчилгээний зургаар чимнэ. Намрын ургац гарахаар том цагаан даавуун дээр төмс, лууван, манжин зураад, дор нь “Ногоо авцгаагаарай” гэж бичдэг. Энэ ажлыг би харин таван жил хийсэн шүү. Одоо ч их дэлгүүр цонхон дээрээ тийм рекламны зургууд тавьсаар байгаа шүү дээ.
 
Нэг сонин юм ярихад, манай курсийн багш Наян гуай гэж авгай байсан юм. Орой болохоор их дэлгүүрийн зүүн талд улаан машинтай, бүдүүн хар хүн ирж зогсоод, Наян гуайг авдаг. Гэтэл Наян гуайн нөхөр болох тэр хүн Дотоод яамны “мангас” Дорж гэгч байсныг манай нэг ахмад зураач хэлж билээ. Тухайн үед мань мэт нь цэл залуухан байсан учраас хэлмэгдүүлэлтийн талаар сайн мэдэхгүй, гайхаад л өнгөрсөнсөн. Хожим Нарантуяа гээд охин нь Хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан юм.
 
-Уг нь танд зурах авьяас байсан юм биш үү?
 
-Магадгүй ээ. Гэхдээ л миний хийх ажил биш гэдгийг бас мэдэрсэн юм байлгүй. Таван жил ажиллаад байтал С.Эрдэнэ багш намайг Зохиолчдын хороонд авч, “Утга зохиол урлаг” сонины зураачаар ажиллуулсан. Тэр үед намайг шүлэг бичдэг, ном гаргах хүсэлтэй гэдгийг зохиолчид гадарлах болсон байсан л даа.
 
“Утга зохиол урлаг”-т хоёр жил гаруй зураачаар ажилласан. Одоо энэ сонины толгойг би зурсан юм шүү дээ. Б.Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга”, Ч.Чимидийн “Үгийн ид шид”, Н.Банзрагчийн “Зам”, Ц.Уламбаярын “Зовлон, жаргал” гээд олон номын зураг зурсан. Үүнээс цааш яваагүй дээ (инээв).
П. Бадарч: Монголын анхны рекламны зураачдын нэг нь би
 
-Танд “Монгол тулганы зуун эрхэм” нэвтрүүлэгт орох санал ирсэн үү?
 
-Ямар завхарсан юм бэ (инээв). Нэгдүгээрт, надад тийм санал ирээгүй. Хоёрдугаарт, ирсэн ч би орохгүй. Ямар утга учиртай нэвтрүүлэг гэдгийг нь сайн ойлгохгүй л байгаа. Хүний хамаг амьдралыг л яриулдаг юм шиг байсан.
 
-Монголчуудынхаа өмнө хэлэх үг, хийсэн зүйлтэй хүмүүсийг амьд сэрүүн ахуйд нь түүхчлэн үлдээх зорилготой нэвтрүүлэг гэдэг шүү дээ.
 
-Тэр ч уг нь зөв л дөө. Гэхдээ надад ямар гавьтай хийсэн зүйл байх биш. Би Монгол тулгатны зуун эрхэм хүмүүний нэг болохоор юм хийгээгүй хүн шүү дээ.
 
-Тэгвэл таныхаар манай зохиолч, найрагчдаас хэн хэн орох ёстой вэ?
 
-Лхагвасүрэн өөрөө орсон байна лээ. Тэгээд л болоо шүү дээ.
 
-Та их ардчилсан үзэлтэй, ардчиллыг айхтар дэмждэг хүн. Сайхан залуу насаа социализмын үед өнгөрүүлсэн хэрнээ яагаад тэр нийгэмдээ таатай ханддаггүй юм бэ. Таны хувьд зарим зохиолч, уран бүтээлч шиг сүрхий хэлмэгдэж яваагүй шүү дээ?
 
-Ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн, үнэн. Ногоон нам байгуулагдахад би анхны гишүүн нь байсан. Улс төр, нийгмийн талаар би ойлголт муутай хүн. Гэхдээ миний залуу нас олон сайхан сэхээтэн, том зохиолчийн дунд өнгөрсөн. Тэр мундгуудын яриа хөөрөөнөөс чагнаж байхад нийгмийн тухай ерөнхий ойлголт надад суусан байх.
 
Дээрээс нь уран зохиолтой эрт нөхөрлөсөн учраас амьдарч буй нийгмийнхээ юу болохгүй, юу нь болж байгааг мэдэрдэг байж.
 
Амьдарч буй нийгмээ шүүмжлэхгүй хүн ер нь байдаггүй юм гэсэн.
 
Амьдарч буй нийгмээ шүүмжлэхгүй хүн ер нь байдаггүй юм гэсэн.
 
Хамгийн гол нь урлаг, уран зохиолд тавих хяналт бидэнд их хөгийн санагддаг байж билээ. Юмаа мэддэг хүний бичсэн зүйлийг мэдэхгүй хүмүүс хянаж шүүмжилнэ гэдэг байж боломгүй зүйл шүү дээ. Ухаандаа “Чингис” шүлгийг хааж байх жишээний. Иймэрхүү хачин зүйл хүнийг тухайн нийгмээ, төр засгаа үзэн яддаггүй юм гэхэд үл тоох сэтгэлгээ рүү татдаг бололтой.
 
Нэг удаа харин гайгүй шударга хяналт тавьсан гэдэг. Д.Шостаковичийн долдугаар симфонийг Дуурийн театрт тавих болоход Намын төв хорооноос Дүгэрсүрэн гуай хянахаар ирж. Тэгээд симфоноо сонсгосны дараа “За дарга аа, танд ямар санагдав. Зочны өрөөнд ороод бидэнд зөвлөгөө өгөх үү” гэхэд ‘Тэгж яах юм. Наадахыг чинь би ч ойлгохгүй, манай дарга нар ч ойлгохгүй. Хойно нэг ийм юм пижигнүүлээд байдаг л юм билээ. Та нар эндээ пижигнүүлж л байхгүй юү” гэсэн гэдэг (инээв).
 
-Одоо харин таны тэгтлээ дэмждэг ардчилсан нийгэм хүссэн шиг тань байж чадахгүй байгаа биз дээ. Өнөөгийн залуусын дунд мөн л нийгмээ, төр засгаа үл тоох хандлага газар авч байх шиг санагддаг?
 
-Өнөөгийн энэ ардчилсан нийгэм, явж ирсэн замаа харахад бид нэг л зүйлийг дутуу хийжээ гэж бодогддог. Тэр нь юу гэхээр ардчилсан нийгмийг байгуулах боловсон хүчнээ бэлтгээгүй, мөн чанарыг нь ард түмэндээ ойлгуулаагүй байж хувьсгал хийсэн нь буруу тийшээ явах эхлэл болсон. Үнэнийг хэлэхэд, ард түмэнд тэр тухай ойлгох чадвар ч байгаагүй. Ардчилсан хувьсгалыг хийсэн залуус юугаа мэдэх вэ дээ. Баруунд нэг ийм зах зээлийн эдийн засагтай, хүн ард нь эрх чөлөөтэй, ардчилсан нийгэм байдаг гээд л зүтгэсэн. Тэр нь Монголын хөрсөнд бууж өгөөгүй. Буух ч үгүй.
 
Миний бодлоор бэлчээрийн мал аж ахуйтай нүүдлийн соёл иргэншил хот суурин газрын ахуй, нийгэмтэй хэзээ ч хорших боломжгүй. Энэ хоёрын хооронд сэтгэлгээний асар том зөрүү бий. Болохгүй юм болдоггүй л байхгүй юү. Одоо манайхны энэ уул уурхайн талаарх эцэс төгсгөлгүй хэрүүл байна.
Хэчнээн мундаг геологич, ямар ч сайн инженер, эдийн засагчтай байгаад монголчууд уул уурхайгаар баяжиж, хөгжинө гэсэн ном байхгүй. Бид яагаад ч чадахгүй. Дээрээс нь манайх Орос, Хятад, Канад, Америк, Японтой наймаа хийгээд хэзээ ч тэднийг хожихгүй. Хэдэн үеэрээ үзэлцээд ч тэгэхгүй.
 
Харин монголчуудын мах, цусанд шингэсэн, хамгийн сайн чадах зүйл минь бэлчээрийн мал аж ахуй. Энэ бэлчээрийн мал аж ахуйг орос, хятад, канад, америк, австраличууд яаж ч хичээгээд авч явж чадахгүй. Яагаад гэхээр нүүдлийн соёл иргэншилтэй нүүдэлчин ард түмэн бол байгаль дэлхийдээ хамгийн ойр аж төрдөг.
 
Шувуу доогуур нисэж байна, энэ өвөл зуд болох нь гэдгийг малчин өвгөн л ямар ч цаг уурчаас түрүүнд хэлж чадна. Тиймээс хүн, байгаль хоёрын агуу их зохицолтой улс бол ганц монголчууд. Харин бид ямар нийгэм байгуулах гэж буйгаа төр, засаг нь ч, ард түмэн нь ч сайн мэдээгүй харанхуй таамгаар яваад орчихсон.
 
-Одоо тэгээд яах вэ гээд ямар нэг гарц, шийдлийн тухай ярихаар буурлуудынхаа, хэрэгтэй хүнийхээ үгийг манайхан анхаарч сонсдоггүй юм билээ. Гэхдээ хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цааш чичихээс нааш цоорохгүй гэдэг болохоор танд нэмэрлэх санаа байвал хэл л дээ.
 
-Яах вэ, дэвшиж байна л даа. Дэлхий нийтээрээ даяаршиж байхад нүүдэлчин Монгол ганцаараа гээгдэж хоцрохгүйн тулд уул уурхай, газрын баялгаа ашиглалгүй яах вэ. Наймаа хийхээс яах вэ. Гэхдээ бид энэ талаар ямар ч мэддэг, туршлагагүй. Одоо л дөнгөж суралцаж эхэлж байна. Гэтэл хүмүүсээ ямар ажил хөдөлмөрт хуваарилах вэ гэдгээ төр, засаг бодож тооцоолохгүй л байна.
 
Ийм том уурхайнуудаа ажиллуулж эхэлнэ гэдгээ ядаж 20 жилийн өмнө урьдчилан харсан бол өнөөдөр гадаадын мэргэжилтнүүдийг царай алдаж суухгүй шүү дээ. Монгол Улсын хөгжлийн хэтийн зорилго, эдийн засгийн өсөлтөд ямар ажил, мэргэжил чухал вэ гэдгийг бодож, эртнээс түүндээ анхаарч бэлтгэх ёстой юм.
 
Тэгээгүй учраас өнөөдөр яахаа мэдэхгүй ацан шалаанд орчихлоо. Ямар сайндаа би бүр Оюу толгой, Таван Толгойгоо мэддэг, чаддаг хүмүүст нь зарчих хэрэгтэй гэж бодох юм. Ухаандаа манайхныг хэрэлдсээр байтал таван жилийн дараа гэхэд нүүрс түлэхгүй болчихыг үгүйсгэх аргагүй. Цөөнгүй оронд хогноос энерги гаргаж байна.
 
Зөвхөн ус, нар, салхи гэлтгүй хүний биеийн дулааныг хүртэл ашиглаад энерги гаргаж аваад байна. Тиймээс хонио намар тарган дээр нь зарна гэдэг шиг нүүрсээ одоо хэрэгтэй байгаа үед нь бушуухан худалдмаар санагддаг. Хэрэв надад улс төр, эдийн засгийн тухай мэдлэг, ухаан байгаад, эрх мэдэлтэй байсан бол “Оюу толгойд төдөн тонн алт, зэс, оюу байгаа.
Таван Толгой төдөн тонн нүүрсний нөөцтэй. Зах зээлийн ханшаар үнэ хөлсийг нь тооцоод, 70 хувийнх нь хувийн өгчих. Та нарт хашаа бариад өгнө, тэр дотроо 20 жил тонгоч. Тэр хугацаанд амжихгүй  бол дахиад таван жил сунгаж болно” гээд  тохирчихмоор. Тэгэхгүй худлаа нэг их эх оронч  царайлаад, ард түмэндээ хайртай дүр эсгэх гээд q мэдэхгүй, чадахгүй зүйлээрээ дур дурандаа 2 оролдоод байгааг л хамгийн буруу гэж боддог.
 
Ялангуяа дэлхийн улс орнууд бүлэг болж, нэгнээ хавчих хандлага ажиглагдаад байхад бид дэмий сагсагнах хэрэггүй. Орос, Хятад хоёр эхийн хоолойгоо манай баруун талаар, төмөр я замаа зүүн талаар тойруулж тавиад байгаа чинь биднийг дээрэлхэж байгаа хэрэг юм. Иймэрхүү х зүйлээс ядаж бид эмээж, болгоомжлох ёстой.
 
-Нэг зүйл ярьж, тэрнээсээ огт өөр э зүйлд итгэж, тэгсэн хэрнээ бүр гурав дахь и байдлаар амьдардаг хуурамч хүн төр, э засгийн түшээдийн дунд их олон болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
 
-Тийм юм байлгүй дээ. Ер нь улстөрч хүнд хоёр шинж чанар байдаг юм уу гэж би хардаг.
 
Нэг нь, хувийн эрх ашиг, өөрийн амьдралаа ямагт нэгдүгээрт тавьдаг. Нөгөө нь, улс төрийн тавцанд нэрээ өндөрт байлгах хүсэл. 2015 он гарснаас хойш манай улстөрчдийн ярих нь ихсэж, энд тэндхийн уулзалт хэсэж,ямар нэгэн шинэ зүйл сэтгэж, “Ард түмэн наадахыг чинь хүлээж авахгүй байна” хэмээн тэмцэх нь илт нэмэгдлээ. Ард түмэн гэж тойргийнхоо хорь, гучин мянган хүнийг хэлээд байгаа юм уу. Энэ бол ердөө л дараагийн сонгуульд биеэ бэлдэж байгаа хэрэг шүү дээ.
 
-Та зэгсэн шударга хүн байх аа. Тухайлбал, өнгөрсөн жил их зохиолч Д.Нацагдоржийн музейн нээлтэд очоод, тэр олон хүний өмнө гарч ирэнгүүгээ “Ард түмнийг битгий ингэж хуурч бай. Энэ музейн үзмэр дотор чинь Нацагдоржийн хэрэглэж байсан зүйл тун ховор” гээд аваад хаячихсан. Үнэхээр тийм гэж үү?
 
-Тийм. Д.Нацагдоржийн музейд би манаач, цэвэрлэгч, кассын нярав хүртэл хийж байсан. 1966 онд музейг нь байгуулах болоход хүмүүс Нацагдоржийн хэрэглэж байсан эд зүйлс гээд энд тэндээс янз бүрийн юм их авчирч, худалдсан юм. “Яг зохиолчийн өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан зүйл энэ мөн үү” гэхэд “Тийм” гэх хүн ховор байсан даа.
 
Тэр үед хүмүүсийн дунд ямархуу яриа гарч байсныг ч мэдэх юм. “Нацагдоржййн бүрх малгайтай зураг бий. Тэр шляпыг хаана үйлдвэрлэсэн юм бол. Тэрэнтэй адилхан малгай хэнд байдаг билээ”, “Тэр үед ямар бичгийн машин хэрэглэж байлаа. Герман машин байх аа” гэх мэтийн яриа гарч байлаа шүү дээ. Тийм аргаар цуглуулсан эд зүйлсээр өнөөгийн хүмүүсийг дахиж хуурах дэмий л байгаа юм, уг нь.
 
-Нэг саваагүй зүйл асууж болох уу?
 
-За.
 
-“Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг анх санаачилж, зохион байгуулсан хүний нэг нь та байх аа. Анхны мисс Биндэръяаг түрүүлсэн жил та шүүж байсан гэдэг. Таныг сайхан бүсгүйн үзэсгэлэн гоог сайн шинжинэ гээд шүүгчээр томилж байв уу?
 
-1988 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг анх Лунаа тэргүүтэй хэдэн нөхдийн хамт санаачилж байлаа. Сайхан бүсгүй байгаа газарт харцуул нь хүртэл гоё сайхан явахыг хүснэ шүү дээ. Тиймээс бүсгүй хүний гоо үзэсгэлэнг нээн гаргах, түүгээр дамжуулан нийгэмд бас нэг сайн сайхныг түгээх зорилготой энэ тэмцээнийг би хоёр жил хөтөлж, хоёр жил шүүсэн.
 
Яруу найрагч хүний билгийн нүд хурц, гоо зүйн мэдрэмж арай илүү байх гээд л шүүгчээр сонгосон биз. “Хатан эрдэнэ” холбооны нэрийг анх өгөөд, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан. Одоо ч үйл ажиллагаа нь сайн явдаг юм шиг байна лээ.
 
-“Амьдрал бол хязгааргүй юм. Бүр хязгааргүй төгс бус юм” гэж Ошо хэлсэн байдаг. Залуучуудыг бодоход настай хүмүүс энэ хязгааргүй төгс бус юмны төгс бусыг илүүтэй мэдэрдэг байх. Аливаа зүйлийн эрсдэлтэй, саар муу талыг түрүүлж хараад,залууст хэлэх гэхээр нөгөөдүүл нь хүлээж авахгүй байгаад харамсах сэтгэл танд төрдөг үү?
 
-Харамсахгүй ээ. Угаасаа бүх цаг үеийн туршид хөгшин, залуу хүмүүс нэг нэгэнтэйгээ зөрчилдсөөр ирсэн юм. Бурхан багш хүртэл шавь нартаа “Надаас хойш та нар яана даа” гэж хэлснээ дор нь түүнийгээ буцаагаад “Та нар багшийгаа ямагт дэргэдээ байна гэж бодож яваарай. Надаас хойш сургаалыг минь түмэнд түгээгээрэй” гэсэн байдаг.
 
Агуу их сэтгэгчид хүртэл хойч үетэйгээ таардаггүй юм байна л даа.
 
Ертөнцийн хуулийг ямар ч хүн сайн мэдрэх хэрэгтэй.
 
Хөгшин, залуу хоёрын амьдарсан нийгэм, цаг үе нь шал өөр учраас тэд миний үгийг хүлээж авахгүй гэдгийг би мэдэж байгаа учраас харамсахгүй, гомдохгүй. Настай хүн ер нь илүү үглэх хэрэг байдаггүй юм.
 
Гэр орондоо хүртэл хүүхдүүдээ зүгээр л ажиглаад, дуугүй байх нь дээр. Өөрөө хийж чадахгүй байж хүүхдүүдийн хийсэн хоолыг шүүмжлэх хэрэггүй. Ухаандаа би яруу найраг сонирхож, бичиж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө энэ тэр өгдөггүй. Шал дэмий. Уран зохиолын тухайд миний үзэж туулсан зам мөр, бодол, сэтгэлгээ өөр. Тэдний цаг үе огт өөр. Толгой өвдөхөд анальгин уухаа больсонтой яг адилхан.
 
Зохиолчдын их хурал дээр би “Г.Мөнхцэцэг, Ж.Баяржаргал, А.Эрдэнэ-Очир нар маань энэ байгууллагаа сайн авч явж байгаа. Болж байна шүү. Залуучууд цаашид ч сайн сайхан авч явах биз” гэж л хэлсэн. Зөв тохитой өтлөх ухаан хүнд байх ёстой. Харин ч би өөрийнхөө зарчмаас зөрөөд, танай сонинд баахан юм бурчихлаа. Хөгшчүүл залуу хойч үеийнхэндээ ганц л зүйлийг буюу Монгол зан заншил, уламжлалынхаа тухай л захиж хэлэхэд буруудахгүй. Тэр нь хүн хүнээ хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлах, монголчуудын үнэт зүйлийн тухай гэсэн үг л дээ.
 
-Уучлаарай, та үхлээс айдаг уу?
 
-Ертөнцийн хуулийг ямар ч хүн сайн мэдрэх хэрэгтэй. Сэтгэл, сэтгэлгээгээ хөгжүүлсэн хүнд бол үхэл хүртэл айгаад байх зүйл биш. “Үхлийн тухай өдөр болгон боддог хүн асар ихийг хийж бүтээдэг” гэж Фалес хэлсэн. Өдий насанд үхлээс юунд нь айх вэ. Буурал Бадарч битгий хэл, бурхан багш хүртэл үхдэг орчлон шүү дээ. Яршиг л байна.
 
Ингэж хэлээд манай хун тас тас хөхөрлөө. Яг энэ үед түүнийг гайгүй сайн мэдэх нэгэн зохиолчийн уг санаанд оров. “Бадарч гуайтай мэнд зөрүүлэхэд 76-тай өвгөн л байна. Гуч, дөчин минут яриад суух хооронд л нас нь тавь руу ороод ирнэ. Ганц шил юмны бөглөө задрахад дөчин насыг шүргэчихсэн байна. Салж явахын үест хорин тавт болчихсон тас тас инээгээд л гарч өгнө дөө. Гэхдээ хорин таван насаа мөрөн дээрээ бөгтрөөд явчихгүй, уулзсан хүндээ орхичхоод оддог өгөөмөр хүн” хэмээсэн нь санаанд оров. Халуун кофегоо цэв хүйтэн болтол өнө удаан хөөрөлдсөний эцэст би “хорин тавт”-ын инээдээр шагнуулаад, гэрийнх нь хаалгыг зөөлөн хаалаа.

Comments