logo

logo.jpg

Advertisement

Ээж минь ямар айлд дахин төрснөө зүүдээр минь дамжуулан хэлсэн

Ээж минь ямар айлд дахин төрснөө зүүдээр минь дамжуулан хэлсэн
 
Тавиад оны дундуур өргөн төмөр зам Сайншанд руу хүрч очлоо. Оросууд ч ёстой бужигналаа даа. Ар Сайншанд хэмээх хот боссон тэр хонхор аймгийн оршуулгын газар байсан юм. Талийгаачийгаа голдуу ил задгай тавьдаг байсан учир хаа л бол хүний хүүр.
 
Зарим нь халуун наранд хөөгөөд босоод суучихдаг байсансан. “Чөтгөрийн хонхор” гэнэ. Шөнө бол түүгээр хүн явахгүй дээ. Морь тушчихлаа л гэнэ. Нүцгэн хүн хөөлөө л гэнэ. Эмэгтэй хүн дуулаад байсан л гэнэ. Янз бүрийн дэл сул яриа дэгдэж байх үед төмөр эам барихаар оросууд хүрч очсон юм. “Чөтгөрийн хонхор”-ын ил задгай бүх шарил цогцсыг хамж, тэр шинэ хотынхоо байшингуудын доор нүх ухаж булаад дээрээс нь барилга барьчихсан. 
 
Эхлээд ийм чөтгөртэй газар яаж айл амьтан байх юм хэмээн цэрвэцгээж байснаа дараахан нь орон сууцны дугаар олдохоо байж билээ. Ар Сайншандад чөтгөртэй байшин л лав дуулдаагүй, мянга мянган айл жаргалтай тэнүүн амьдарч байгаа билээ. Газар ашиглахыг би ийнхүү нүдээр үзсэн болохоороо Улаанбаатар хотын хойд талын оршуулгын газруудыг хамгийн удсан хэсгээс нь буулган орчин үеийн сүрлэг хорооллууд барья гэж санал тавиад байдгийн учир энэ. Миний саналыг нохой хуцахын дайтай ч ойлгодоггүй юм даа.
 
Төмөр зам барьж байгаа оросууд их тансаг амьдардаг байсан даа. Өдөрт өчнөөн олон үхэр хонь нядална. Нядалгааны газрын бараг “орон тооны хүн” нь Мөөм. Өглөө араг үүрээд гарна. Үдээс хойш араг дүүрэн цувдай, дайвар махтай ирнэ. Оросууд нядалсан малынхаа тураг махыг элэгтэй нь л авна. Бусдыг нь баастай нь модон онгоцоор урсгачихна. Мөөм, онгоцны төгсгөлд суугаад өнөөх цувдайг арчиж цэвэрлэж авна. Тэгээд жийргэвчтэй том аргаар нэг цувдай авчирч чанана. Борцолно. Хавь ойрын айлуудад болсон, түүхий тараана. Мөөмийг арагтай цувдай үүрээд ирэхээр манай хавь ойрынхон “цувдайн баяр” хийх нь тэр. Гүзээг маш сайхан хуулж уушигтай хамт борцолно. Хярамцаг хийж хадгална. Гүзээ, уушиг, сархинагны борцтой шөл бол өвөл хаварт хамгийн сайхан хоол.
 
Миний Мөөм ингэж эцэг эхийн байрныхан төдийгүй танил тал олон айлыг тарган цувдайгаар “тэжээж” байсан даа. Мөөмийн маань үед аймгийн төв, хөдөөд очоод төрчихөөр газар байсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Есөн хүүхдээ өөрөө л эх барьж авсан гэдэг юм.
 
Намайг дөнгөж гарангуут хөдсөнд боож тавьчихаад хувингаа барьж очин ингээ сааж байсан гэдэг. Тэгээд ч зогссонгүй, айлынхаа хүүхэн рүү “Би ингэнээс чинь саалцаж өгөх үү?” гэж. Цаадах нь “Хүүе яанаа, чи чинь дөнгөж сая төрөө биз дээ” гэхэд “Сэжиглэж байгаа бол болих л үгүй юу” гээд орчихож байсан гэдэг. Миний Мөөм гэж ийм л нэг эршүүд бор авгай байлаа даа. 93 сүүдэр элээж хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Мөөмийгөө гар дээрээ асарч, үрийн ёсоор хандсан гэж боддог байсан бол, одоо нэхэн санахнаа ачийнх нь арван хувийг ч хариулж чадаагүй л юм билээ. Мөөм минь наян хэдтэй нүд нь сохорсон. Эмч “мэс засал хийвэл хийх л юм даа” гэлээ.
 
Бид “Насны юм. Үхэхээс нь өмнө мэс хүргээд ч яахав дээ” гээд тэр чигт нь орхисон. Одоо бодохноо “Тэр үед мэс засал хийсэн бол нас баран бартлаа мөрөө харах байсан болуу” гэж харамсана. Би хичнээн ажилтай байсан ч өдөрт Мөөмтэйгээ яриад, хуучлаад суух нэг цагийн чөлөө байсан даа. Тэгсэнгүй. Нэгдүгээрт, сэтгэлийг нь засч, сайхан яриа хөөрөө үүсгэдэг байх нь яав даа. Хоёрдугаарт, тэр их түүхийн “амьд судраас” ганц өгүүлбэр ч болсон бичиж тэмдэглэж авч байх минь яав даа.
 
Насаараа сэтгүүлч нэр зүүж явсан хирнээ дэргэдээ байгаа тэр “амьд судраас” яасан бага юм авч үлдэв ээ гэж харамсах явдал их гарах юм. Мөөмийн минь хэдэн захиас байдаг юм. “Хөлс дусаалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм” “Томрох тусмаа жижиг бай” “Хол явж сур, ойр явж үз” гэхчлэн захиасуудыг нь амьдралын хэм хэмжээ болгож явлаа даа.
 
Мөөм минь тэр нэгэн шөнө унтахаасаа өмнө жирийн ярилцаад “Миний хүү өөхөнд дуртай юм. Жаргалыгаа ирвэл өөх чанаж өгч байгаарай” гээд бидэнтэй зэрэгцэн унтсан юм. Үүрээр очоод чагнасан чинь амьсгал хураачихсан байлаа. Надаас өөдтэйхөн хүүд заяасан бол миний Мөөм зуу хол давж наслах байсан байх. Алтан савыг нь нээсэн зурхайч, Эрдэнэтийн их мэргэн “Согоотын эмээ” буюу Жамсранжав эмээ хоёрын үзсэн нь яг таарч “Их буянтай хүн байна. Хүүхэд болон эргэж төрнө” гэсэнсэн. “Согоотын эмээ” маань “Танай Мөөм ижилгүй их буянтай хүн байна. Өмсөж байсан нэг шар дээл нь танайд байгаа юм байна. Дээхнэ газар залаад утаж, мөргөж бай” гэсэн юм. Үнэхээр нэг шар тэрлэг нь байсан.
 
Дээхнэ талд өргөөд утаж, мөргөж байдаг юм. Мөөм минь миний зүүдэнд байнга ирдэг байлаа. Дандаа хөл нүцгэн ирнэ. Хөл нүцгэн дагуулаад гүйж байна, хөтлөөд явж байна гэж зүүдэлнэ. Бас зайдан морь хөл нүцгэн уначихсан давхиж байна ч гэж зүүдэлдэг байлаа. Жилийн дараа ч билүү дээ, нэг шөнө Мөөм минь зүүдэнд ирээд: “Мөөм нь одоо хүүхэд болж төрнө” гээд Төв аймгийн нутагт “Ээж” хад руу явдаг замын зүүн талын хайрхан уулын нэр хэлж, тэр уулын энгэрт “дөрвөлжтэй” айлд хүүхэд болж төрнө гэлээ. Миний зүүд зарим нь их л үнэн байдаг, тэгтэл хангай газар мэдээж дөрвөлжтэй айл байхгүй.
 
Дөрвөлж гэдэг маань манай говьд л тэмээнд нуруу ачдаг зүйл. Иймээс энэ зүүд худлаа байлгүй дээ гэж бодоод өнгөрч билээ. Хоёр жилийн дараа юмуу даа, “Ээж” хад руу явах замдаа хайрханы өвөр бэлээр хэдэн айлаар орлоо. Хотны зүүн захын жижиг гэр үүднээсээ дээс татаад үзүүр дээр нь дөрвөлжин араг хөмөрчихсөн байх юм. Нээрээ, хангай чигийнхэн ийм дөрвөлжин арагтай шүү дээ гэж бодлоо.
 
Дээс тавьсан нь “өвчтэй хүнтэй” гэсэн тэмдэг л дээ. Орсон чинь зуухны аман дээр настай эмээ гал дээр нэгэн зүйл чанаж байгаа бололтой. Залуу эмэгтэй зүүн хойд талын орон дээр ой өнгөрч байгаа болуу гэмээр хүүхэд хөхүүлж сууна. Хүүхдийн хоёр хацар улайж өндөр халуунтай байгаа бололтой уйлагнасаар. Гэрийнхэнтэй танилцаж, жолооч бид хоёрыг цай хоолоор дайллаа. Хүүхэд дуу тасалдахгүй уйлагнаж байснаа жаахан гайгүй боллоо. “Ирэх үү?” гээд гараа тоссон чинь инээгээд өөдөөс тэмүүлж байна.
 
Тэгтэл ч өнөөх чинэрсэн улаан хацар нь гайгүй цайж ирлээ. Биднийг явах гэж байхад өнөөх нялх амьтан чинь жигтэйхэн сэргэж ирээд, ээжийнхээ өвөр дээр дэгэж дэрвэх нь тэр. Хоёр алгаа тосохоор л инээгээд өөдөөс тэмүүлнэ. Эмээ нь “Манай энэ нялх хэд хоног халуураад аав нь аймаг руу эмэнд явсан юм. Аавыгаа ирэхээс өмнө та нарыг хараад сэргэчихлээ” гэж урмын үг чулуудаж байна. Биднийг гараад явтал өнөө хүүхэд маань орилчихлоо. Холдон холдтол дуу хадан чихэнд “Жамьяан!, Жамьяан! ” гээд байгаа юм шиг сонсогдож билээ. Дараа зун нь бэлэг сэлт төхөөрөөд хүрч очсон чинь өнөөх айл нүүчихсэн байлаа.
 
Эмээ таалал төгсч, Төв аймгийн цэргийн гарнизонд алба хааж байхдаа нутгийн охинтой танилцсан Хөвсгөл нутгийн залуу эхнэр хүүхдээ аваад нутаг буцсан нь тэр юмсанж. Ингээд миний эрэл мухардсан. Мөөм минь түүнээс хойш ганц ч удаа зүүдэнд ирээгүй. Энэ үнэн түүхийг би нэг удаа “Ээжтэй бүх хүн уншаарай” гэсэн зүүлттэйгээр “Өдрийн сонин”-доо нийтэлж билээ.
 
 
 
Ахмад сэтгүүлч МУСГЗ Галсангийн Жамьянгийн
 

Comments