logo

logo.jpg

Advertisement

Б.Ганпүрэв: Балар эртний үеийн монгол ятгыг сэргээхээр ажиллаж байна

Б.Ганпүрэв: Балар эртний үеийн монгол ятгыг сэргээхээр ажиллаж байна
 
Монгол угсаатны хөгжмийн товчооноос язгуурын өв их соёлоо хөгжүүлэх зорилгоор “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-нд Хүннүгийн үеийн Аху их ятга, Алтай ятга хөгжмийг олон нийтэд танилцуулах гэж байна. Энэ талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Б.Ганпүрэвтэй ярилцлаа.
-Монгол угсаатны хөгжмийн товчоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Эртний өв соёлыг судлах, тэднийг сэргээх талаар голдуу ажилладаг. Товчооны дэргэд нэрт ятгачин Мөнх-Эрдэнэ, Ятгын чуулга, дөрвөөс арван хоёр үеийн өв уламжлалтай  “Алтай” хамтлаг байдаг. Эдгээр уран бүтээлчдээр дамжуулан олон түмэнд эртний баларлаг үеийн соёлыг таниулахыг зорьж байна. Олон улсад Монгол улсын биет өв маш ховор болсон учир үнэ цэнэтэй зүйлсийг хийж гаргах хэрэгтэй болоод байна. Түүний төлөө л ажиллаж байна.
-“Домогт нүүдэлчдийн асар өргөө”-нийхөө талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Бид энэ асрыг “Домогт нүүдэлчдийн асар өргөө” гэж нэрлэж, домог болсон гэхээс илүү баларлаг болон түүнээс өмнөх үеийн нүүдэлчдийн соёлыг таниулах зорилгоор байгуулсан юм. Орчин үед манай улсад энэ үеийн соёл заншил хэдийнэ мартагдсан. Тиймээс эртний тэр соёлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр эргэн сэргээхийн төлөө сүүлийн таван жил багагүй ажил хийлээ. Тухайлбал, 1400 жилийн өмнөх Алтай ятгыг судалж дахин сэргээж нутагшуулаад, уран бүтээл хийж байна. Монгол Түрэг угсаатны энэ зэмсэг нь олон нийтэд танигдахгүй байгаа шалтгаан нь байнга тоглох орчингүй учраас энэ асрыг байгуулахаар шийдсэн. Нэг ёсондоо энд эртний ятгыг бойжуулж байгаа юм.
 
-Аху болон Алтай ятга бидний мэдэх ятганаас юугаараа ялгаатай вэ?
-Монголчууд эрт үеэсээ олон сайхан ятгын зэмсэгтэй байсан. Эдгээр зэмсгүүд нь бичиг баримт, эх сурвалжтайгаар байдаг юм. Гэхдээ өнөөдөр уг зэмсгээс нэг ч байхгүй, уламжлал тасарсан. Байхгүй байгаа учраас тэр хөгжмийн орон зайг Хятад болон солонгосын ижил төстэй хөгжмийн зэмсгүүдээр орлуулж тоглох болсон. Үүнийг бид үндэсний хөгжим хэмээн андуурах тал бий. Бидний нүдэнд үзэгдээд байгаа энэ ятгууд монгол ятга биш. Тиймээс Аху ятга нь Монгол ятга мөн гэсэн судалгаа хийж, бодит олдвор дээр тулгуурлан баталсан. Ая эгшгийн хувьд бүл зэмсэг гэдгээрээ систем нь ижил. Хэлбэр дүрс угсаатны талын соёл, Монголын онцлог шингэсэн байдаг. Монголчууд голдуу хөлгүй ятга тоглодог байсан.
-Аху ятгын олдворыг хэзээ хаанаас олсон юм бэ?
-2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны булшнаас олдсон юм. Энэ ятга нь эртний Түрэгийн үед хамаарах зэмсэг бөгөөд давхар сүг зураг, бичвэртэй олдсон. Ятганы эх хувь одоо Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа. Яг энэ хэлбэрээрээ энэхүү дурсгал нь дэлхийд маш үнэт ховор олдворт тооцогддог. Тиймээс Монголын археологийн хүрээлэнд талархаад баршгүй юм.
-Энэ бүхнийг сэргээхийн ач холбогдол юунд оршиж байна вэ?
-Алтай ятгаас өмнө 1400 жилийн намтартай баримтат түүхт зэмсэг манай улсад байхгүй байсан юм. Тэгэхээр 1400 жилийн өмнөх биет өвийг гаргаад ирэхээр түүнийг дагаад 1400 жилийн өмнөх биет бус өв давхар сэргэж байна гэсэн үг.
 
-Эдгээр ятгыг олон нийтэд хэзээ танилцуулах вэ?
-Өнөөдөр 17:00 цагаас “Домогт нүүдэлчдийн асар өргөө”-ний нээлт болох юм. Нээлтэд Гадаад хэргийн яам, элчин сайд нар, археологи болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирнэ. Нээлтийн өдрөөс эхлээд өдөр бүрийн 17:00 цагаас эртний монголчуудын соёл болох Аху их ятга, Алтай ятга, Тойрон бүжгийг танилцуулсан нэг цагийн хөтөлбөр зохион байгуулна.
-Тойрон бүжиг монголчуудын эртний соёлын нэг үү?
-Монголчууд их олон ястан, үндэстэнтэй. Баруун аймагт гэхэд дөрвөд, урианхай, цахар гээд үндэстэн байна. Мөн төвийн бүс зүүн аймаг гээд өөр өөрийн соёл заншилтай байдаг. Эдгээр үндэстнүүдийг нэгтгэсэн маш том соёл байдаг. Тэр нь тойрон бүжиг юм. Тойрон бүжиг нь баруун аймгийн олон үндэстэн ястны бүжгүүд Буриадын ёохор, Өвөрмонголын андай бүжиг гээд энэ бүжгүүдийг баяр наадмаараа тойрог болж бүжиглэдэг өв байсан байна. Энэ соёл орчин үед үгүй болсон гэж би боддог юм. Энэ үүднээс тойрон бүжгийг сэргээж гаргаж ирсэн.
 
-Бүжгийн талаар жаахан тодруулахгүй юу?
-Энэ бүжигт хүн гэдэг л нэг дүрэм үйлчилнэ. Өндөр настан, хүүхэд, өөр ястан үндэстэн, ядуу, баян байна уу огт хамаагүй. Нэг л хүрээнд бүжихээрээ эрх тэгш байдаг. Бид энэ бүжгийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон удаа туршиж үзсэн. Зугаалж явсан хүмүүс тойрон бүжиж эхэлсэн. Үүнээс хойш АНУ-ын Лос Анжелос хотод байгаа монголчууд наадмаа тойрон бүжгээр хийхээр болж, бүжгээ сурч эхэлсэн байна. Говь-Алтай аймгаас холбогдоод энэ тойрон бүжгийг хөгжүүлмээр байна гэсэн саналтай байгаагаа илэрхийлж байна. Дорнодоос мөн холбогдож байна. Олон залуу тойрон бүжгийн бүлгэмтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Ийм том нэгдмэл соёл юм.
-Эртний нүүдэлчид соёлын маш их өвтэй байжээ?
-Судалгаагаар Хүннүгийн үеийн нүүдэлчдийн соёл маш өндөр хөгжсөн байдаг. Дэлхий дээр тавхан ширхэг байдаг нэг мм-ийн зузаан ирмэгтэй Ромын шилэн аяга Хүннүгийн булшнаас хоёр ч удаа олдоод байгаа юм. Тэнгри илд гэхэд 3000 жилийн түүхтэй. Мөн олон олон судалгаанаас үзвэл тэр үед хөгжим мөн л маш өндөр хөгжсөн байдаг.
Б.ЦОГ

Comments