logo

logo.jpg

Advertisement

НУУЦЛАГ “ТӨМӨР ХҮН” ШУУГИУЛСАН ХЭВЭЭР

НУУЦЛАГ “ТӨМӨР ХҮН” ШУУГИУЛСАН ХЭВЭЭР

Германы Штудгартын их сургуулийн эрдэмтэн Элмер Бачер саяхан “Washington post” сонинд өгсөн ярилцлагадаа “Sheafer” судалгааны багийн Германд аваачсан “Төмөр хүн” баримлын тухай ярьжээ. Түүний хөндсөн энэ сэдэв 2007 онд мартагдаад байсан дуулианыг сэргээсэн юм.
 
2007 онд тус баримлын эзэмшигч өөд болоход “Төмөр хүн” дуудлага худалдаанд орж, 20 мянган ам.доллараар борлогджээ. Ингээд энэ баримал нийтэд ил болжээ. “Төмөр хүн” хэмээх уг баримал 10.6 кг жинтэй юм. Тухайн үед“Sheafer” судалгааны багийнхан тус баримлын тухай судалсан юм. Тэдний олж мэдсэнээр, “Нацистуудын үндэсний үзлийн тулгын гурван чулуу болох Аричуудын гарал үүслийг тогтоохоор 1938 онд Төвд рүү нацистуудын судалгааны баг явж байжээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Төвдөөс буддийн гэх баримал авчирсан юм. Энэ баримал 15 мянган жилийн өмнө дэлхий дээр унасан солироор сийлжээ”. Герман, Австрийн эрдэмтдийн үзэж буйгаар, уг баримлын “түүхий эд” болох солирыг ойролцоогоор 15 мянган жилийн өмнө одоогийн Орос болон Монгол Улсын хилийн зурваст унасан “Chinga” солир хэмээн үзэж байгаа юм. Үүнийг батлахын тулд химийн шинжилгээ явуулах болж, энэ баримлын одоогийн эзэмшигчээс зөвшөөрөл авсан байна. Баримлыг эзэмшиж буй хүн нэрээ нууцлахыг хүссэн тул түүнийг хэн болохыг шалгаах хүн алга. Тэгээд ч нууцлаг баримал л илүү чухал болохоор тэр байх. Энэхүү солирыг 1913 онд олдсон хэмээн албан ёсоор бүртгэжээ. Элмер Бачер энэ талаар ярихдаа, “Уг баримал 1000 жилийн настай. “Vaisravana” хэмээх буддын бурхныг дүрслэн үзүүлсэн ч байж болох юм” гэсэн байна. Нацистууд баримлын өмнө талд нар зөв эргэлттэй буюу эр хас тэмдгийг нэмж сийлсэн байж магадгүй юм. Хас тэмдэг үүссэн цагаасаа хойш олон улс, үндэстэн, үзэл суртлын билэгдлийг илэрхийлсээр ирсэн. Тиймдээ ч улс орон бүр энэ тэмдгийг өөрийнх гэж өмчлөх дуртай. Харин нацистууд цагаан, улаан тугаа нар буруу эргэлттэй буюу эм хасаар чимсэн нь бий. Үүгээрээ түрий барьж, “Төмөр хүн” баримлыг эзэмшихээр оролдож байсан аж. Тэгвэл “Associated Press”-д хэвлэгдсэн нийтлэлээс үзвэл “Судалгаандаа төөрөлдөөгүй эрдэмтэд уг баримлыг солиртой холбож үзэж байгаа бөгөөд шинжилгээ нь ер бусын байсан” гэнэ. Харин Калифорнийн их сургуулийн Дэвис дэх геологийн судлаач Чин Зу Юүин энэ баримлыг шинжилж үзээд, “Байгалийн бодисны шүүрлийн урвалын цул хэсэг шиг харагддаг” гэж тайлбарлажээ.
 
Чин Зу Юүин: “Дэлхийн чулуулаг их хэмжээний никель агуулах боломжгүй байдаг. Химийн элементүүд худлаа хэлдэггүй. Энэ бол манай гаригийн чулуу биш”
Солирын мэргэжилтэн, НьюМехикогийн их сургуулийн зөвлөх профессор Риан Жонес: “Энэ баримлыг “Chinga” хэмээх төмөр солироор бүтээсэн нь тодорхой болж байна. Харин буддын шүтээнийг дүрсэлсэн гэдэгт эргэлзэж байна. Би түүхч биш л дээ. Гэхдээ миний соёлын мэдрэмж надад “Төмөр хүн”-ийг будда шиг харагдахгүй байгааг хэлээд байгаа юм. Харин надад Чингис хааны дүр төрх харагдаад байгаа юм. Мэдээж, энэ нууцлаг бүтээл Чингис хааны амьдарч байсан үеэс эртнийх. Гэхдээ яг л сэлэм атгасан баатар шиг байгаа биз дээ. Би хэзээ ч будда бурхныг сэлэм, хутга атгасан байхыг хараагүй”.
 
 

Comments