logo

logo.jpg

Advertisement

Үзэмчин монголчууд буюу үзэмчин хэмээх нэрний учир

Үзэмчин монголчууд буюу үзэмчин хэмээх нэрний учир

Монгол угсаатаны нэг Үзэмчин ястан билээ. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг "үзэмтэй" газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу "үзмэрч, төлөгч" байснаас ийм нэр олсон гэх төдийгүй "үзүүртэй, хурц шулуун" гэсэн утгатай гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Хэл соёлын хувьд Ойрад Монголтой арай ойр дөт болох нь ажиглагддаг.1207 онд Их Монгол Улсын үед алс баруун зүгээс үзэмчин, үжигээдүүд нэгджээ. Эрт үед үзэмчингүүд Үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран гишгэгдэх хүртэл элбэг дэлбэг үзэм жимсээ хураан боловсруулж амьдардаг байсан хэмээн домоглодог.Үзэмчингүүд Чингис хаанд нэгдэн ирснээс хойш өнө удаан жил эл нутагтаа амьдран суусан бөгөөд XY зууны үед Батмөнх Даян хааны хүү Төрболдын эзэмшилд орж хааны зарлигаар говьд шилжин суурьшжээ. ХVI-XVII зууны заагт Халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харъяалагдаж байгаад Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.Ийнхүү Үзэмчин нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяанд баруун, зүүн хошуу хэмээх чуулганд хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг xэсэг нь БНМАУ-д нүүн шилжин ирж дагаар орж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна баруун хошуунаас цөөхөн өрх айл иржээ.Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан зүүн үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэн, Баян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харъяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох баруун үзэмчин хошуунаас ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. 2010 оны хүн амын тооллогоор 2577 иргэд өөрсдийгөө үзэмчин хэмээн бүртгүүлжээ.Үзэмчин нар нь тараг бүрдэггүй, шашин шүтлэгийн хувьд сүлд шүтлэгтэй байжээ.. Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 он хүртэл тахигдаж ирсэн сүлд бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны "хөдөө сүлд", байгаад 1945 онд Дорж ноён тэргүүтэй хэсэг айл Монголд дагаар орж ирэхдээ авчирчээ. Энэ сүлдийг "Чингисийн Алтан Дөрөө" хэмээх бөгөөд задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэдаг тул гардан хадгалж явсан занги хүртэл дотор нь юу байгааг мэддэггүй байжээ.
Аман ярианд Галдан Бошигт Манжтай хийсэн тулалдааны үед Соёлзын голд сүлдтэй тэргээ шаварт суухад хөлөглөсөн морио суллан авч шүтээнээ орхисон тул үзэмчин хошууныхан сүлдлэн авч тахисан гэдэг.Сүлдыг будаж гоёсон тэргэн дээр орой дээрээ алтан шармал ганжиртай, дээсээр зээглэж 4-н өнцөгт нь халз тавин гоёсон цагаан эсгий бүрээстэй тохилог мухлагт залах бөгөөд үзэж болохгүй тул наагуур нь хөшиг татсан байдаг.Одоогийн бидний сайн мэдэх өвөрмонгол бөхийн барилдааныг басхүү үзэмчин бөх гэх нь бий.Үзэмчин дээл нь захны урд хэсгээс энгэр рүү задгайрсан, ханцуй нь нарийн урт, зах нь босоо өндөр, дээлийн хормой дэрэвгэр байдаг. Хантаазыг “хажаар, жанжаар” гэх мэтээр нэрлэдэг бөгөөд эрчүүдийн хантааз нь ар, урд, хажуудаа оноотой, дагасан давхар эмжээрүүдтэй. Эрчүүд нь духай, залаат малгайнуудыг голчлон өмсдөг. Эмэгтэйчүүд нь өдөр тутам богино ууж өмсөж, хүндэтгэлийн үед урт уужийг хэрэглэдэг.Үзэмчин эмэгтэйчүүд уран нарийн хийцтэй, мөнгөн эдлэлийг маш их хэмжээний эрдэнийн чулуутай хамт хэрэглэнэ. Духны урдуур олон салаа улаан шүрүүд унжсан байх ба бусад ястны адил нөхөрт гараад үсний гэрийг хэрэглэнэ. Туйвны дээд хэсгээр улаан шүрээр чимсэн мөнгөн тоногтой. Ихэвчлэн том том эрдэнийн чулуугаар хүзүүний гуу хийж зүүдэг. Бэлний доод хэсэгт жижиг сэнжнээс зүүсэн таван өнгийн алчуураар гоёдог.

Мөн ардын домог ярианд зэрлэг үзэм ихтэй Үзмийн цагаан ууланд аж төрж байсан тул үзэмчин гэх болсон гэдэг. Оросын нэрт шинжээч Е.Тимоковский "1820-1821 онд Монголыг дайрч хятадад аялсан нь" гэдэг зохиолдоо тэр үеийн үзэмчний тухай товч өгүүлж, үзэмчийн гэдэг нэрийн тухай тайлбар хийхдээ "Үземерчи" или "Үцзумурчин" гэж тэмдэглэсэн байна
Б.Ринчин энэхүү үгийн язгуур гарлын тухай үзэмчин гэдэг нь харахын "Үзмэрч" гэдэг үгээс үүсэлтэй гэж өгүүлснийг хайхрахгүй байж үл болно.
Мөн Амтлаг сайхан жимс ургадаг "Үзэм хайрхан" уул Даянлангийн даваанаас урагш Төөтгөн хэмээх алтны уурхайтай газар бий гээд түүний баруун урд орших ганц шовх уулыг "Үзэм уул" гэж нэрлэдэг. Дээрх нутгаар амьдарч байсан хэсэг монголчууд тэр ууланд ургасан зэрлэг үзмийг түүж хэрэглэдэг байсан учир үзэмчин нэртэй болжээ гэсэн тайлбар байдаг юм. Зарим үзэмчин хүмүүсийн ярьж буйгаар тэд Хөвсгөл аймагт байсан жимс ихтэй нэгэн уулнаас дундад зууны үед Өвөр Монголд нүүн очсон гэх нь ч бий.

С.Майдар

Comments