logo

logo.jpg

Advertisement

​Архины гаралтай хий үзэгдэл адын шинжтэй болжээ

Архины гаралтай хий үзэгдэл адын шинжтэй болжээ

Анагаах ухаанд нэгэн нэр томьёо байдаг юм. Галлюцинация буюу хоосон харах, хий үзэгдэл гэдэг билээ. Янз бүрийн сэтгэл хөдлөл, эмоцийн үед ихэвчлэн ажиглагддаг гэх. Архины цагаан солионы хамгийн эхэн үеийн шинжийн нэг л дээ. Тавь, жаран настнууд сайн мэдэх байх. “Тахиа” Чимэддорж гэж алдартай архичин байсан билээ. Архиа уучихаараа солиороод явчихаас биш боловсрол, мэдлэг сайтай, тэр цагийнхаа шигшмэл сэхээтнүүдийн нэг л дээ. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэдэг шиг 100 татчихаараа нойр, хоолноос нэг мөр гарчихдаг гэнэ билээ. Тэгээд л элдвийн юм яриад эмч нарыг залхаагаад явдаг байсан даа, хөөрхий. СЭСҮТ-ийн хурцын гэх тасгийн байнгын өвчтөн байгаад өнгөрснийг тэндхийн эмч нар, тэр үеийн оюутнууд андахгүй. Анагаахын оюутнуудад архины цагаан солиотой хүн үзүүлэх гэхээр олддоггүй үе байлаа. “Тахиа” Чимэддорж архиа уусан үед л оюутнууд үзэх юмтай болно. Дарханд нэг местный орос бий. Ойрд уугаагүй сурагтай. Уухаараа тэр газраасаа загас бариад байдаг юм. Ганцаараа яриад л, бүр хашгираад сүйд болно шүү дээ. “Ямар том ленок вэ? Хар даа” гээд л гудамжинд хөдөлгөөнөөрөө загас барьж, өшиглөөд гарна шүү дээ” гээд л багш нар маань ярьдагсан. “Тахиа” Чимэддоржийнх болохоор тархин дээр нь тахиа донгодоод амар заяа үзүүлдэггүй гэх юм билээ. Тэгэхэд тэр хоёроос өөр тэгж нэрд гартал солиордог архичин байгаагүй юм. Харин одоо их өөр болжээ. Бараг оюутны тоогоор үзүүлж орхихоор цагаан солиотнууд “Шархад”-ны эмнэлгээр дүүрэн байна шүү дээ. Ёстой л хөгшин залуу, эр эм гэлтгүй байна гэсэн шүү. Саяхан Сэлэнгийн нэгэн идэр насны залуу тэндхийн эмч нарыг ихэд залхаажээ. Тэрбээр маш богино хугацаанд архагшсан архичин юм байна.

Согтуудаа хэвтэхээр хоёр хөл нь гэнэт ургаад гэрийнхээ хаяагаар гараад болдоггүй гэнэ. Эмнэлэгт ирээд ч өнөөх нь нэг хэсэг үргэлжилжээ. Хамт хэвтсэн өвчтөнүүдийг амраахаа байсан аж. Жаахан хажуулдаад л “Эмч дуудаад өгөөч. Хоёр хөл ханаар гараад явчихлаа” гэдэг юм байна. Эмчилгээ хийлгээд одоо зүгээр болсон агаад тэр тухай нь ярихаар баахан ичингүйрснээ “Яг л тэгж санагдаад байдаг юм. Хоёр хөл гэнэт сунаад, өвдгөө өнгөртөл ханаар гараад явчихдаг юм чинь” гэдэг ажээ. Тэр бол хий үзэгдлийн сонгодог жишээний нэг. Бас хий мэдрэмж төрөх гажиг архичдад тохиодог юм байна. Сонгинохайрхан дүүргийн нэг архичин залуу эмч нарыг, тэр дундаа мэс засалчдыг тун их зовоодог гэнэ билээ. Яаж ч хэлж, зөвлөөд үг авдаггүй гэх юм. Тэр ингэж ярьдаг юм байна. “Би зуугийн хадаас залгичихлаа. Ходоод хатгаад, хөндөлсөөд байна. Аваад өгөөч” гээд орилоод байдаг гэх. Аргаа барсан эмч нар залхаад новокаин уулган, хаймсуурдсан дүр үзүүлээд “За, одоо авчихлаа” гэж аргалдаг тухай ярив. Энэ мэт хий үзэгдлийг сүүлийн үед ад, зэтгэрийн гаралтай ч гэж үзэх болжээ. Тиймээс ар гэрийнхэн нь ч буруу тийш мушгин эмчилгээнд нь саад хийх болсон байна. “Үзмэрчээс асуулаа. Бөө болох гээд байна. Сэргээж өгье” гэх бизнес дэлгэрчээ. Ингээд эмнэлгээс нь хүртэл оргуулаад оддог болсныг тэндхийн эмч ярьсан юм. Тийм явдал нэг биш, бараг солиотнуудыг толгой дараалан дагах болсон нь хачин. Архины цагаан солиотнуудыг бөө болгох аян өрнөсөн гэхэд ч хилсдэхээргүй болсон цаг үе ирэв бололтой. Тиймээс ч ихэнх бөө байнга халамцуу, согтуу байдаг юм болов уу даа. “Хөл ургалаа, хадаас залгилаа” хэмээлдэж байгаа улс юу ч хэлж мэднэ бус уу? Бөөг хянах, шигших ч хэрэгтэй мэт санагдана.

У.САРАН

Comments