logo

logo.jpg

Advertisement

Зураг түүхийг авч үлдэнэ-39 “АЛДАР”-ЫН ШИГШЭЭ, УЛААНХУРАНГЫХАН.

                   “АЛДАР”-ЫН ШИГШЭЭ, УЛААНХУРАНГЫХАН.
Одоогоос олон арван жилийн өмнө “Алдар” нийгэмлэгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэслэгч Дамдиншарав шавь нарын хамт зургаа татуулжээ. Өнөөгийн Монгол Улсын Ардын багш, чөлөөт бөхийн нэртэй дасгалжуулагч Дамдиншаравын олон мянган шавь нарын нэг би байлаа. Багаасаа “Алдарын” нэрээр тэмцээн оролцож, бие бялдар минь хүний зэрэгт хүрсэн. Би “Алдарын” хоёр өсвөрийн шигшээд багтана. “Алдар”-ын чөлөөт бөхийн шигшээ, Дамдиншарав багштай, нөгөө нь “Алдар”-ын өсвөр үеийн хөл бөмбөгийн шигшээ багт,Сандагдорж багш удирдана. 
Чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ баг хотдоо нэртэй байлаа. Бид эхлээд офицерын ордны хойшоо харсан хаалгатай танхимд бэлтгэлээ хийдэг байв. Дэвжээгээ өөрсдөө засаад бэлтгэлээ хийчихээд хураана. Хэрвээ зөрчил гаргавал дэвжээгээ зөөж засах ажлыг тамираа бартал хийж, хэдэн удаа ч давтан үйлддэг байв. Угтаа тэр нь хүчний бэлтгэл байлаа. Тэр зааланд”Алдар”-ын спортын олон төрөл бэлтгэлээ хийдэг байв.
Тэр үед одоогийн 032-р ангийн байрлал дээр “Алдар” нийгэмлэгийн спортын модон хашаатай стадион байсан юм. Хүмүүсийн суудаг сандалын доод хэсэгт байруудад спортын багууд байрладаг. Чөлөөт бөхийн ах нар урагшаа харсан хэсэгт байрлана. Бид ах нартаа хоол хийхэд туслаж, гурилыг нь зуурч, махыг хэрчих, цэвэрлэгээ хийх ажилд оролцоно. Биднийг тэд маш их өхөөрдөнө. Бөхийн хэд, \бусад нь мөн адил байсан байх аа\ сарын эхний 10-д хоногт хоол хүнсээр баян, сүүлийн хэдэн хоногт тэр хавийн айлаар тараад хувиа борлуулдаг байв.
Олон сонин үйл явдал өрнөнө. Нэг бэлтгэлийн дараа “Алдар” стадионы байрандаа бөхийнхөн хоолоо идээд сууж байтал хашаан дээр гурван хүүхэд авирч гараад “гоожуурууд, гоожуурууд...” хэмээн хошигорч гарлаа. Бидэнд Хадаа аварга тэднийг барьж ирэх үүрэг өгөв. Бид ч дор нь бариад ирэв. Бэлтгэлийн дараа хийх ажилгүй уйдсан хэд тэднийг хооронд нь боксын бээлий өмсгөн зодолдуулав. Хүчтэй цохуилсандаа уйлаад хоёр нь суллагдав. Үлдсэн нэг нь их гүрийв. Тэгээд дахиж цэрэг доромжилохоо болих уу гэв. Болихгүй гэж байна аа. Тэгээд амандаа талханы зөөлөн хэсэг чихүүлэх нь тэр. Түүний дараа тэр аман дахь талхаа хуруугаараа гаргангуутаа дахиж доромжлохгүй гэж ам тангараг өргөж, бүгд инээдэм болж билээ.
Алдар нийгэмлэгийн шинэ ордон ашиглалтанд оров. Бид өөрсдийн гэсэн бэлтгэлийн танхимтай болж, амжилт бусад газруудаар тасрах болсон. Тэр үед “хөдөлмөр”, “хоршоолол” нийгэмлэг өөрийн заалтай байсан санагддаг юм.
Бидний бага нас спортын алдартнуудын дунд өнгөрчээ. Олон арван нэрийг дурьдаж болно. Биднийг үе, үе томчуудтай хамт бэлтгэл хийлгэнэ. Хүүхдүүдтэй хамт дасгал, сургуулилт хийх нь уян налархай барилдаанд тустай гэж үзнэ. Хойлогдорж гуйа өөрөө дөрвөн хөллөөд 5-6 хүүхэдээр оноо авах дасгал их хийдэг байсан. Хадбаатар, Цэрэнтогтох, Цэрэндаш, Энхтайван, Улаанхүү, Оюунболд гээд ирээдүйн алдартангууд дунд хүүхэд нас минь өнгөрсөн.
Бид “Алдар”-ын өсвөрийн шигшээгээр бахархана, бас онгирно. Тэр нэр дээр барилдаж, миний хувьд хотын өсвөр үеийн гурван удаагийн аварга болсон түүхтэй. Дамдиншарав багшийн удирдлага дор телевизийн өндөр цамхагийн дор чөлөөт бөхийн дэвжээгээ гадаа засч, барилдааны шүүж зурагтаар гарч байсан үеээ дурсах дуртай. Багш бидэнд та бүхэн чөлөөт бөхийн спортоор анхны өсвөр насныхан шүүгч хийж, цэнхэр дэлгэцээр гарлаа гэж хэлж байсан.
Үеийнхэн дотроо би нуруу өндөр байсан. Тэгээд “Алдар”-ын өсвөрийн хөлбөмбөгийн шигшээд олон жил хаалгач хийсэн. Алдар нийгэмлэгийн стадионд хөлбөмбөгийн тэмцээн голдуу болно. Энэ стадион нураагдаад, цэргийн анги баригдаж, хүүхдийн паркын хөлбөмбөгийн талбай үлдсэн. Тэнд тэмцээн их болдог байсан.
Аравдугаар ангиа төгсөөд спортоо хөөх үү, эрдэмийн мөрөө хөөх үү гэдэг асуулт тулгардаг. Тэгээд бидний ихэнх нь амьдралын зам, мэргэжлээ сонгон спортын их ачаалалаас хөндийрсөн.  
Гэвч спорт надад тэсвэр, хатуужил, дэг журам, ахас дээдсээ хүнлэх хүндлэл, бие бялдарын хүмүүжил, эрүүл саруул сэтгэлгээ гээд олон зүйлийг өгсөн. Бид спортын амжилтад хүрээгүй ч, Монгол Улсынхаа бүтээн байгуулалт гар бие оролцох олон сайхан эрүүл чийрэг иргэдийг хүмүүжүүлсэн Монгол Улсын ардын багш Дамдиншарав, Гавьяат багш Сандагдорж нараараа бахархадаг юм. Энэ л спорт хороонд, Зэвсэгт хүчинтэй нэр холбогдсон, алба хааж зүтгэсэн хүний амьдралын цэлийсэн урт хугацаа 47 жил өнгөрчээ. Би Зэвсэгт хүчний хурандаа, Зэвсэгт хүчнээрээ ийнхүү урт хугацаанд овоглох хувьтай нэгэн байсан болов уу.
            Тавин жилийн өмнө ҮБХИС-аас Офицерийн ордон хүртэл зайг хэд, хэдэн дошинд хуваадаг байлаа. Үндсэн хэсэг нь цэргийн улаан байшингууд байрладаг “Улаанхуаран”-гынхан байсан юм. 1910-аад оноос энэ нэр түүхэнд бичигдэж ирсэн. Улаанхуарангийн хойд хэсэгт байрлагдагсадыг “Сүүний үйлдвэрийнхэн”, баруун чигтээ “далан хоёрынхон”, баруун хойд хэсгийг “талхан заводынхан”, түүнээс цааш “Маахуур” толгойнхон гэж зааглана. Цэргийн сургуулийн зүүн хэсэгт япон толгой \одоо Эрдэнэ толгой\ -д цөөн хэдэн казак айлууд, сургуулийн зуны байрлал болох карантины модон байшин, зэвсгийн склад байрлана. Улаан хуарангийн хойд, зүүн хойд хэсэгт Зөвлөлтийн цэргийн анги байрлах бөгөөд  хүн зорчих хориотой бүс байв. Дош, дошон дээр бяцхан тодорно. Гэхдээ тэр үеийн хүүхдүүд  даруулгатай  өссөн.
            Сүүний үйлдвэрийн урд томоохон зүлэгтэй, бас булагтай байв. Тэр талбайд бид хөлбөмбөг тоглож, булгын цэвэр усаар “угжиж” өссөн билээ. Тэр талбай хожим Улаанхурангийн автобусны эцсийн буудал болж, бид тоглох талбайгүй болсон.
            Улаанхуарангийн алдарт “тавдугаар гуанз”-ыг энд цэргийн алба хаасан бүхэн андахгүй. Түүний ар талд манай гэр байрлана. Аав маань хороо, хорины даргын сонгуульт ажлыг их олон жил хийсэн болохоор хүмүүс анддаггүй юм. Тоосгоны дэлгүүрийн ард нэг давхар, гурван хичээлийн танхимтай, 44 дүгээр бага сургууль байгуулагдаж, ээж минь сахиулыг хийх болсоноор манайх гэдэг айл нүүж хашаанд нь буусан. Би ч өөрөө 44-р бага сургуулийн анхны, 53-р дунд сургуулийн найман жилийн төгсөлтийн хоёр дахь төгсөгч болж, дүүргийн бүх онц төгсөгчдийг нэгтгэсэн 14-р сургуулийн физик, математикын сонгоны 10-р ангийг дүүргэсэн намтартай.
            Энэ л газартай миний бүх амьдрал холбоотой. Хотод хоёр настайдаа ирсэн гэвэл бүх л хугацаанд энд амьдарчээ. Бага, идэр, залуу, өтлөх нас бүгд энд өнгөрчээ. Алс хол эрдэм өвөрлөхөөр явна, эргээд л эндээ ажиллаж амьдарна. Би Улаанхуарангийн унаган хүүхэд яах аргагүй мөн билээ. Энэ нэрийг хуваалцах өөр хүмүүс бий, хотыг дарга асан Батбаяр, онцгой байдлын хурандаа Буяндэлгэр нар бол улаанхурангийн улаан шавартай зууралдаж өссөн хүмүүс юм.
Д.Жаргалсайхан

Comments