logo

logo.jpg

Advertisement

​Аригбөх нас барсан уу, оргосон уу? №2

Аригбөх нас барсан уу, оргосон уу? №2
 
2. Аригбөхийн хүүг И ноёнтон хэмээн нэрийдсэн учир. Лу овогт монголчууд Аригбөхийн хүү Юбугурын/Аригбөхийн их хатан Ойрд аймгийн Илчикмышээс гарсан хүү/ монгол нэрийг нь товчлон И хэмээн хүндэтгэн нэрлэж байсан байна. Юан гүрний түүхэнд Аригбөхийн хүүг Юмухур, "Түүхийн товчоон"-д Юбугур, Юмхур гэж нэрийдсэн байдаг. Хятад хэлнээс орчуулбаас Юмухур гэдэг. Юан гүрний түүхэнд түүнийг ван цолтон хэмээн өргөмжилсэн байгаа. Гэхдээ түүнийг Хубилайн төр барьж байх үед эрх мэдэл бүхий албан тушаалтай байсан уу гэдгийг мэдэхийн арга байхгүй. Түүхийн материалд тэмдэглэснээр түүний монгол нэр нь Юбугур, эсвэл Юмухур байж магадгүй. Иймд тэрбээр хятад үндэстний амьдарч буй нутагт зугтаж очсоны дараагаар овог нэрээ өөрчлөхдөө монгол нэрийн эхний дуудлагыг үлдээгээд товчоор И хэмээн өөрчилсөн бололтой.

Сэнгэрэнцэн нарын бичсэн "Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал" хэмээх эл өгүүлэлд дурдагдсан баримтууд нь бидэнд Аригбөхийн үхлийн талаар, тухайлбал бүх сурвалж бичигт дурдсанаар түүнийг 1266 онд Хубилайн хорио цагдалт дор өвчнөөр нас барсан уу, эсвэл дээрх өгүүллийн өгүүлэхээр харьяат шадар дотнын хүмүүсээ дагуулан Хубилайн цагдалтаас оргон дутаасан уу гэсэн ацан асуулт, ихээхэн эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. Аригбөхийн ур удмын талаар сурвалж бичигт хэрхэн өгүүлсэнийг нягтлан үзэх нь дээрх ээдрээтэй байдлыг тодруулахад бага ч болов дөхөм болох болов уу.

Аригбөхийн удам угсаа
Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүллийн баримтуудыг нягтлан "Судрын чуулган" болон "Юан - ши"-д Аригбөхийн удам угсааны талаар өгүүлсэнийг сөхөн үеье. Эдгээр сурвалжуудад бичсэнээр Аригбөх нь хэд хэдэн хатад, хүүхдүүдтэй байжээ. Төв Монголын нутагт түүний дөрвөн орд өргөө байсан хийгээд Хубилай Хархоринг эзлэхдээ тэдгээрийг олзолсон. Мөн Алтай, Киргизэд түүний зун болон өвлийн орд өргөөд нь байсан байна.
Аригбөхийг Юбугур, Найраг-бөх, Лаган-Шигань гэсэн гурван хүүтэй байсан хэмээн Юань-шид тэмдэглэжээ.

Харин Аригбөхийн хатад хүүхдүүдийн талаар "Судрын чуулган"-д нэлээн дэлгэрэнгүй дурдсан байна. Түүнд өгүүлсэнээр Аригбөхийн Их хатан Илчикмыш ойрад аймгийн хүн байв. Аригбөх Хубилайтай тэмцэхдээ ойрдуудын хүчинд ихээхэн түшиглэж байсан билээ. Илчикмышээс хүү Юбугур болон, хоёр охин төрсний том нь Халукан-агай. Түүнийг Баявут омгийн Татакта хүргэнд өгчээ. Энэ Халукан нь Некудер нэрт Мелик-Төмөрийг төрүүлжээ.
Хоёр дахь хатан Хутагт нь найман аймгийн Кучукур Клана овгийн хүн байсан ба Сорхагтани бехитэй хамт түүний өргөөнд амьдарч Камтай гэдэг охин төрүүлснийг нөхөрт гаргаагүй. Нумуган нэрт нөгөө охин нь ойрад аймгийн Чупан хүргэнд очжээ.
Гуравдугаар хатан Кутлу нь хонгирад аймгийн хүн байсан ба мөн Сорхагтани бехитэй хамт амьдарч байжээ. Тэрбээр хүү төрүүлээгүй аж.
Аригбөх дээрх гурван хатнаас гадна хэд хэдэн татвар эмтэй байв. Барулас аймгийн Ирау-гуа нэрт татвар эм нь Хубилайгаас Иранд Хөлөг хааны дэргэд элчээр очсон Хаданы охин дүү бөгөөд тэр эм Найраг-Бөх нэрт хүү төрүүлжээ.
Мөн нэг татвар эм байсан нь Хонгирад аймгийн Ашитай гэгч бөгөөд Тамачи нэрт хөвүүний нь эх юм.
Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдоо Юбугур, Меликтөмөр, Найраг-Бөх, Тамачи дөрвөн хөвүүнээ гэртээ үлдээгээд бүх эхнэрүүдээ дагуулж явжээ.
Аригбөхийг нас барсны дараа түүний хатад, татвар эмс нь гэр гэртээ харьцгаав. Гурван жил болсны дараа Хубилай хаан "Аригбөхийн хөвүүд хүрэлцэн ирж нүдийг минь баясгагтун" гэж зарлиг болжээ.
Зарлигийн дагуу Аригбөхийн хүүхдүүд болох Юбугур, Мелик-Төмөр, Найраг-Бөх, Тамачи нар Хубилай авга ахдаа очин ёслол хүндэтгэл үзүүлсэнд Хубилай тэдэнд ихэд найршаан хандаж хариу хүндэтгэл үзүүлэн тэдэнд хатад болон ихээхэн бэлэг өгчээ.
Үүнд Хубилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг Юбугурт өгчээ. Юбугур Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдрахад Есүдэр хүүхэд төрүүлэлгүй байсаар бие баржээ. Юбугур Есүдэр хатны удмын нэг хатанг дахин буулган Хулачу, Олджай-Төмөр гэдэг хоёр хүүтэй болов. Олджай -Төмөр нь хожим Ил хаан Өлзийтийн дэргэд Иранд очжээ.
Юбугурын ахмад хүү нь түүний Их хатан Харнууд аймгийн Чапан хатнаас гарсан Ил-Бөх нэрт байв.
Юбугур нь мөн Найман аймгийн Кушлуг хааны ахын охин Огул-Текин хатнаас гарсан Урла нэрт хүүтэй. Урла нь Сүлдүсүн аймгийн Чапун ноёны охин Байкуг хатан болгон авч, Мелик -Төмөрийн дэргэд амьдарч байжээ.
Юбугурт мөн Хонгирад аймгийн Баян нэрт нэгэн хатан байсан нь түүний өвөг Тулуйн татвар эм байжээ.
Хубилай хаан Аригбөхийн хүү Меликтөмөрт Лингкум хэмээх хатныг өгсөн байна. Энэхүү Лингкум нь Кишлуг хааны охин юм. Ухаалаг, авьяаслаг хан хүү Хутагт бол энэ Лингкумын хүү юм. Мелик-Төмөр мөн Лингкум хатнаас Келмиш -ага, Ширин -ага гэсэн хоёр охинтой. Лингкум хатныг нас барахад Мелик-Төмөр Жалайрын Таран ноёны охин Гилтэй хатныг их хатны өргөөндөө буулган авчээ. Энэхүү хатнаас хүүхэд гарсангүй тул Дурбан аймгийн ахлах ноён Ширекийн охин Бураг мөн хатнаа болгон авч хоёр хүү төрүүлсэн нь Ойратай, Махмуд хоёр юм.
Мелик-Төмөр мөн Ойрдийн Барс Бөхийн охин Эмүгэн хэмээх хатантай байсан ба энэ хатнаас нь Мингхан, Ачигиг, Есөн-Дува, Баритай хэмээх дөрвөн хүү төржээ. Эдний дундаас Есөн-Дува нь эцгийн голомтийг залгаж, Дундад Азид нэлээн нэр нөлөөтэй нэгэн байсан байна.
Меликтөмөр бас Туглуг -Олджай нэрт бас нэгэн татвар эмтэй байжээ.
Хубилай хаан Аригбөхийн Их хатан Илчигмышийн өргөө эзэмшлийг хүү Найрагбөхөд нь өгчээ. Найрагбөх нь эцгийгээ нас барахад ихэд гутран амиа хорлохыг завсан боловч түүнд боломж өгсөнгүй. Байнгын хараа хяналтан дор байлгажээ. Гэвч Найрагбөх удалгүй уй гашуугаасаа болж нас баржээ. Түүнийг нас барахад Илчигмыш хатны өргөө нь Ашигтай нэрт охинд нь үлдэж удалгүй Меликтөмөрийн эзэмшилд орсон байна.
Энэхүү Найраг бөх нь Хурбаг, Бачани, Самгар, Баян-Өвгөн, Ур-Төмөр нэрт таван хүүтэй байв. Эхний дөрөв нь Хубилай хааны их хатан Хонгирадын Чапуны үеэл болох Ашитай хатнаас нь гарсан ба Ур-Төмөр нь олхонуд аймгийн Учин-Экачи хатнаас нь гарчээ.
Аригбөхийн бага хүү Тамачид Хубилай Хутагт хатны орд өргөөг өгчээ. Хутагтийг нас барахад Найманаас Ер-Текин хэмээх бүсгүйг хатан болгож Баян, Дурбан хэмээх хоёр хүүтэй болсон байна.
Хожим Хубилай хаан Хайдугийн эсрэг тэмцэхдээ Их цэргийг хүү Номхон, Хөхчү нараар удирдуулан, Хантун ноёноор захируулсан зүүн жигүүрт хэд хэдэн хан хөвүүдийг цэргийнх нь хамт оруулсаны дотор Аригбөхийн хөвүүд Юбугур, Мелик-Төмөр нар явжээ. Гэвч тэд Өгөөдэйн удмын Ширеки, Сүйхтэйн хүү Тугтөмөр, Ургадай нартай үгсэн Номхон, Хөхчү болон Хантун ноён нарыг гэнэдүүлэн баривчилж, Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн юм. Аригбөхийн дээрх хоёр хүү нь XIII-XIY зууны зааг үед Дундад Азид өрнөсөн хан хөвүүдийн хоорондын жижиг сажиг мөргөлдөөн, зөрчилдөөнд нэн идэвхтэй оролцож байсан байна. Хожим Юбугур нь Хайдугаас салж эцгийн нэгэн адил хатад эхнэрүүдээ аван Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгчээ.
Энэхүү Юбугур нь Сэнгэрэнцэн нарын бичсэн "Хубэй мужийн Хунху сумын Лү овогт Монголчуудын тухай асуудал" хэмээх эл өгүүлэлд дурдагдсан И ноёнтон мөн бөгөөд "Судрын чуулган", "Юан-ши"-гийн мэдээ сэлттэй зөрж байна. Дээрх өгүүлэлд дурдсанаар Юбугур нь эцгээ даган 1265-1266 оны үед Хубилайн дэргэдээс, гэрийн хорионоос оргон зугтааж, Хубэй, Хөнань мужийг дамжин Хугань мужид очиж суурьшаад нууцаар амьдарч байсан бололтой байдаг.
Гэтэл "Судрын чуулган"-д дурдсанаар Аригбөх Хубилайд бууж өгөхөөр очихдаа Юбугурыг бусад ах дүүсийнх нь хамт ойрдод үлдээгээд хатад эхнэрүүдээ авч явжээ. Аригбөхийг нас барсанаас хойш гурав дахь жилд Хубилай Аригбөхийн хүүхдүүд ирж золгохыг хүссэн /зарлигдсан/-д Юбугур ах дүүсийн хамт очсон байна. Тэгэхэд Хубилай тэдэнд ивгээл хайр үзүүлж, шан харамж өгчээ. Үүнд Юбугурт Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ. Энэхүү Есүдэрийн өргөө гэр нь Мөнх хаанаас Алтан Улсын хуучин нутаг дэвсгэрээс дахин хувиарлалт хийхэд хүү Асутайд ноогдсон Хэбэй мужийн хэсэг газарт байсан уу, үгүй юу гэдгийн нягтлан тодруулах шаардлагатай юм. Нөгөө талаар Юбугур нь Хайдугийн эсрэг явуулсан Хубилайн цэрэг армид өөрийн баг цэргийн хамт явсан төдийгүй эгзэгтэй үед Өгөөдэйн удмын хан хөвүүдтэй үгсэн Хубилайн хүү Номхон болон бусад жанжидыг баривчлан Хайдуд тушаагаад Хубилайн эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Гэвч хожим Хайдугаас салж дахин Хубилайд бууж өгчээ. Харин ийнхүү хоёр дахь удаагаа бууж өгсөний дараа Хубилай Юбугурт хэрхэн хандсан талаар мэдээ сэлт алга байна.
Сэнгэрэнцэн нарын өгүүлэлд дурдагдсан Лү овогт Монголчуудын Хубилайгаас оргон дутаасан явдал нь Юбугур сүүлд Хайдугаас салан бууж өгсөний дараа болсон ч байж болох юм. Учир нь Хубилайгаас зугтаасан Аригбөхийн удмынхан тухайн үедээ Хубилайд мэдэгдэлгүй өөрсдийгөө нууцалж чадсан байсан тул тэр үед Юбугур Хайдугийн эсрэг дайнд оролцох боломжгүй байсан гэж үзэж байна. Нөгөө талаар Аригбөхийг өөрийн хүмүүсээ аван дутаасан гэдэг ч ихээхэн эргэлзээтэй, Лү овогт монголчууд өөрийн удмыг Аригбөхөөс эхлүүлж байгаа нь удмынхаа бичиг сурвалжид түүнийг дээрх зугтан зайлсан явдлын эхэнд дурдахын шалтгаан болсон ч байж болох юм.
Тэгэхээр үйл явдлын өрнөлтийг энэ мэтчилэнгээр харьцуулан үзэхэд Лү овогт монголчууд нь Аригбөхийн үед бус, харин түүний хүү Юбугур Хубилайд хоёр дахь удаагаа бууж өгөхөөр очсоны хойно энэхүү Хубилайн цагдалтаас буруулан дутаасан явдал болсон байж болох магадлал нь илүү байна.
Мөн Юбугурын хүү Ил бөх нь Сэнгэрэнцэн нарын бичсэн өгүүлэлд дурдагдаж буй И ноёнтны хүү Лү Рүн Фү мөн эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ийм ээдрээтэй адал явдлын учгыг тайлахад нэлээн урт хугацааны эрэл хайгуул хэрэгтэй болов уу.
Ийнхүү Аригбөхийг оргосон уу, нас барсан уу гэдгийн учгыг тайлах нь манай түүхийн нэн шинэ сэдвийн нэг аргагүй мөн болжээ.
Б.Наминчимэд
 

Comments