logo

logo.jpg

Advertisement

“ТЭНГЭР ҮЗЭЛ” ГЭЖ ЮУ ВЭ

“ТЭНГЭР ҮЗЭЛ” ГЭЖ ЮУ ВЭ

Тэнгэр үзэл гэхээр бидний толгойд, “Тэнгэр эрхэс, нар сар, од мичидэд, байгаль хангай, уул усандаа, за тэгээд эцэг эх, өвөг дээдэстээ залбирах” тухай бодол санаа юун түрүүнд буудаг болов уу гэж бодогддог ба би өөрөө ч тийм л бодол сэтгэхүйтэй явж ирсэн нэгэн. Энэ нь ч нэг их алдаагүй бололтой. Тэгэхдээ юманд учир, суманд занги гэгчлэн бас тун нарийн учир холбогдол, бүр шинжлэх ухааны хүрээнд очих тодорхой үндэслэл монголчууд бидний энэхүү өвөг үзэл баримтлалд ч, хүсэл залбиралд ч хангалттай байгаа нь гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын анхаарлыг эрхгүй татаж буй талаар өөрийн олж мэдсэн, харьцуулж дүгнэснээ та бүхэнтэйгээ хуваалцахаар зориглон шийдлээ. Нэг үгээр бид мухар сохроор даган сүсэглэх бус мэдлэг мэдээлэлтэйгээр, бодит уг үндсийг нь таньж ойлгон, үр дагаварыг нь өөрсдийн амьдрал ахуйдаа бүтээлчээр нэвтрүүлсний үр дүнд улс үндсээрээ өөдлөн дэвжих үүд хаалгыг нээх учиртай гэсэн энэхүү үзлийн туйлын ач холбогдлыг маргаж үгүйсгэх хүн цөөн буйзаа. Мэдээж хэрэг, буруу зөрүү бодож дүгнэсэн, алдаж оносон зүйл байхыг үгүйсгэхгүй тул элдэв байдлаар хэлж дайран, хилэнц нүгэл хураалгүйгээр засч залруулан, мэдлэг мэдээлэл, ухаан бодлоо уралдуулахыг хүсэх байна.
Бид бүхэн “би”-гээсээ ангижирч, нэгдсэн нэг ХҮЧ, нэгдсэн их ХАЙР, нэгдсэн нэг ЗАЯАНД нэгдэн төвлөрөхийг товчхондоо Тэнгэр үзэл гэж хэлж болохоор.
Тэр их хүч, тэр их хайр нь бидний эцэг эх, эмээ өвөө, өвөг дээдсийн маань үр хойчоо гэх агуу хайрын ид шид, эргээд бид өөрсдөө эцэг эх, үр хүүхэд, хань ижил, ахан дүүс, өвөг дээдсээ хайрлан хүндлэх энгүй их элч цогиноос эх үүдэлтэй “Оюун сэтгэхүйн цөм хүч” юм байна.
Оюун ухааны эрчилж биежсэн тэрхүү цөм хүч нь мэдээж эрхэст тэнгэр, энгүй огторгуйн эрчил орчинд эвсэн төвлөрч, очихгүй хүрэхгүй, харахгүй үзэхгүй, мэдэхгүй сонсохгүй, мэдрэхгүй танихгүй зүйлгүй тийм “Агуу хүчин”, нэг ёсондоо ертөнцийг эзэгнэсэн ер бусын хүчин чадал бүхий WiFi төв болон, орон зай, цаг хугацаанаас ангид, тавилан заяаны мөнхийн эзэн болж, бид бүхнийг, бидний үйлийг цэгнэн оршдог болж таарч байна.
Хүн гэдэг орчлон хорвоогийн оройн дээд цэцэг болсон гайхамшигт амьтан оюун сэтгэл, махан биений бүрдэл болон энэ дэлхий дээр оршин буй ч мөнх бусыг үзүүлэхийн цагт оюун сэтгэхүй-астрал биеийн цогц нь (мэдээж нүгэл буяны шалгууртайгаар) одот огторгуйн зүг оройлон одохдоо эрчим биеийн төлөвөөр, дээр дурдсан цөм хүчинд нэгдэн төвлөрөхийн хамт оч энерги нь орчлон хорвоогийн бодит хуулийн дагуу нэг төлөвөөс нөгөөд шилждэг бөгөөд тэгэхдээ өөрийн бүхий л мэдлэг мэдээллээ нэгд нэгэнгүй, нягт нямбай хадгалсаар цөм хүчний нэгдсэн санд оруулдаг аж.
Ийнхүү нэгдэн төвлөрөхийн хирээр “цөм хүч” улам баяжиж, улам ухаажиж, улам хүчирхэгжиж байдаг нь бас л хорвоо ертөнцийн жам хуулийн дагуу явагддаг ажээ.
“Тэнгэр буюу оюун сэтгэхүйн цөм хүч” (Дээд ухамсар ч гэдэг) хаана ч, хэнд ч адил тэгш үйлчилдэг болтой. Гэхдээ Монголын нууц товчоо, түүний түүхэн тайлал, онгод тэнгэрүүдийн айлдсан хөх толбоны үүсэл түүх, Их хаадуудын маань байлдан дагууллын гайхам амжилт, бөө мөргөлтнүүдийн өнөөгийн байр байдал зэргээс ажин, харьцуулж үзэхэд Мөнх тэнгэр, монгол хүмүүн буюу хөх толботнуудыг арай л өөр тавилан заяагаар ивээж байна гэж би хувьдаа дүгнэдэг.
Түүнээс гадна хамгийн гол зүйл бол монголчуудын хорвоо дэлхий, өвөг дээдсээ илүүтэй хайралж хүндэлж ирсэн түүхэн уламжлал, онгон дагшин байгальтайгаа хүйн холбоотой аж төрдөг зэрэг нь тэнгэрийн таалалд нийцэхэд илүүтэй нөлөөлдөг нь ч мадаггүй бизээ. Ямартай ч практик амьдрал дээр бууж, үр хойчисоо сурган, засч залруулж буй онгод тэнгэрүүд бол яах аргагүй бодит үндэслэлтэй, үгүйсгэх аргагүй зүйл. Харин тэдгээрийн чанар чансаа, мэдлэг чадвар, алдаа оноо зэрэг элдэв асуудлууд нь тусдаа судалгаа шаардсан, олон талын учир шалтгаан бүхий төвөгтэй асуудал бөгөөд тэр бүхнээс нь хамаарч олон нийтийн хандлага тийм ч сайнгүй явж ирсэн гэж цөөнгүй судлаачид үздэг аж. Энэ бүхэнд энэ олон шашин, сүм хийд ч ихээхэн хэмжээгээр нөлөөлж байдаг нь бас тодорхой зүйл.
Харин баттай хэлж чадах нэг зүйл бол хувь хүний өөрийн нь гадаад дотоод зөн совингоо уншиж, таньж, мэдрэх чадвар буюу өөрөө өөрийгөө, өөрөөр хэлбэл дотоод хүнээ мэдэрч сонсож сурах, Мөнх тэнгэрийн ивээл хүчинд гүн итгэлтэйгээр хандаж, өөрийн үйл хандлага, үзэл бодлоо шударга ариун байлгах зэрэг нь таны амьдрал ахуйд шууд нөлөөлөхийг та өөр дээрээ туршаарай, тандаарай, мэдрээрэй гэх байна.
Нэг үгээр та Дээд тэнгэрт залбирвал дээрээс ивээнэ, даасан тэнгэртээ залбирвал хажуугаас ивээнэ гэдгийг орчин цагт гадаад дотоодын эрдэмтэн мэргэд олон талаас нь янз бүрээр ярьж бичиж буй мөн ганц нэгээрээ гэхээсээ гэр бүл, хамт олноороо, бүр улс нийтээрээ нэгдэн төвлөрч Мөнх тэнгэртээ хандван залибарч байвал гайхам үр дүнтэй талаарх далд үзэгдэл судлаачдын тайлбарыг давтан хэлээд илүүц бизээ.
                                                                             Судлаач Болд Пүрэв 

Comments