logo

logo.jpg

Advertisement

​Их эзэн Чингис хаан тэнгэр хальж олон бүгдээр гүн их уй гашуу болоход зоригт баатар бөгөөд билигтэй яруу найрагч Сөнөдийн Гилүгэдэй баатар

Их эзэн Чингис хаан тэнгэр хальж олон бүгдээр гүн их уй гашуу болоход зоригт баатар бөгөөд билигтэй яруу найрагч Сөнөдийн Гилүгэдэй баатар :

Харих шувууны жигүүр болон одов уу чи эзэн минь
Хангинах тэрэгний тээш болон одов уу чи эзэн минь
Туйлах харцаганы жигүүр болон одов уу чи эзэн минь
Тойрох тэрэгний тээш болон одов уу чи эзэн минь
Жиргэх шувууны жигүүр болон одов уу чи эзэн минь
Жихрах тэрэгний тээш болон одов уу чи эзэн минь 
гэж гуниглан шүлэглэсэн ажээ. 
Тэгээд Чингисийн алтан цогцсыг тээсэн хасаг тэрэг Муна уулыг орчим явж байтал тэрэгний булуу далд ортол газар шигдэж хэчнээн олон хүлэг морь үхрээр татуулавч тэргийг өчүүхэн ч хөдөлгөж чадахгүй хүн олон зовж арга барагдахад Сөнөдийн Гилүгэдэй баатар хасаг тэрэгний өмнө сөгдөж өчсөн нь :
Хөх мөнх тэнгэрээс заяагаар төрсөн
Хүлэг богд эзэн минь
Хүр их улсаа орхин одов уу чи
Төвшитгэн байгуулсан төр улс чинь
Төгс заяат хатад хөвгүүд чинь
Төрсөн их газар ус чинь 
Тэмүжин эзэн чамайгаа хүлээж байна.
Ариунаа байгуулсан төр чинь
Албат олон улс чинь
Алтан орд харш чинь
Алс газар тэнд бүлгээ
Удирдаж байгуулсан төр чинь
Ураг элгэн Монгол чинь
Улс олон иргэн чинь
Угаасан ус цас чинь
Унасан Дэлүүн болдог чинь тэнд бүлгээ
Хээр азарганы хөхлөөр хийсэн
Хиур туг сүлд чинь
Хэнгэрэг бүрээ уриа чинь
Хэлэхгүй бүгд улс чинь
Хэрлэний Хөдөө арал чинь тэнд бүлгээ эзэн минь
Бүтэхийн урьд учирсан 
Бүртгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи, Мухулай нөхөд чинь
Булт их улс чинь
Тэнд бүлгээ эзэн минь
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цөөр хөг дуу чинь
Хотол бүгд улс чинь
Тэнд бүлгээ эзэн минь
Харууна уулыг дулаан гэж 
Харь Тангудыг олон гэж
Хатан Гүрбэлжинийг гоо гэж
Хамаг Монголоо тэвчив үү
Хайрт эзэн минь
Халуун амий чинь алдавч
Хас эрдэнэ мэт хүүрий чинь авч харина
Хатан Бүртгэлжинд чинь үзүүлье
Хамаг улсад чинь хүргэе гэж
өчвөөс хаан эзэн энэрэн өршөөж хасаг тэрэг хангирсан хөдөлж хамаг улс баясгалант болов. Хаан эх оронд хүрэхээр чанагш хөдөлвөө гэсэн байдаг.
Өнөө цагт албат ард бид их эзнээ алдсан Билигт баатар Гилүгэдэйн гуниглан шүлэглэсэн энэ яруу тунгалаг мөрүүдийг эргэн тунгааж, үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны ойн энэ өдөр эрхэмсэг Ерөнхийлөгч, эрхэм дээдэс, төр баригчдад хандаж их эзний өвлүүлж үлдээсэн энэ Монгол улсынхаа байдлыг эргэн нэг харж өөрсдийнхөө ажил явдлыг сайтар тунгааж үзнэ үү гэж эрхэмлэн хүсэх байна.
Эх оронч, авьяас билигт ард түмэн чинь 
Эрдэнэт түмэн сүрэг чинь
Элдэв зүйл эрдэс баялгаар дүүрэн
Элгэн халуун Монгол чинь 
Та нарыг харсаар найдсаар тэвчсээр өдий хүрэв
Эцэстээ юу болж байгааг 
Энэ биеэрээ үзэж эдэлсээр өнөөг хүргэв
Одоо та бүхэн 
Эрэгцүүлж нэгийг бодож 
Эрхбиш болгоон соёрхож
Эргэлт хийх цаг чинь болов биш үү хэмээн халаглан өгүүлэхийн учир энэ болой.
Эх сурвалж - Moonontsagaan

Comments