logo

logo.jpg

Advertisement

​Хилэгнэсэн галын бурхан гэрийг нь үнс болгожээ

Хилэгнэсэн галын бурхан гэрийг нь үнс болгожээ

Галын бурханаа гомдоосон айл өөдөлдөггүй гэдэг. Зуух, пийшинд дүрэлзэн асаж байгаа гал дотор тэр айлын галын бурхан байдаг ажээ. Энэ бурхан том хүмүүст үзэгддэггүй, харин өлгийтэй болон нялх балчир үрст харагддаг ажээ. Тийм ч учраас зуух, пийшин дотор дүрэлзэн асаж байгаа гал руу тэд дүрлийтэл хараад хөөрөн баясаад сууж байдаг.
Гомбынх хэдэн жилийн өмнө хөдөөнөөс хотод шилжин ирж, нийслэлийн нэгэн гэр хороололд нутгийн айлын хашаанд таван ханатай гэрээ барин амьдрах болжээ. Гомбо нэгэн байгууллагад жижүүр манааны ажилд орж, эхнэр нь энд тэндхийн цайны газарт ажиллан, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод байтал жилийн дараа хадам ээжийнх нь бие муудлаа гэсэн хэл ирж, эхнэр нь ээжийгээ асрахаар дүн өвлийн хүйтнээр нутаг руугаа явж, Гомбо дунд сургуульд сурдаг гурван хүүхдийнхээ хамт үлдэв. Эднийх тэр жилийн өвөл нүүрс, түлээгээ татан авч чадаагүй тул зөөврийн нүүрс, түлээ худалдан авч, мөнгөөр багагүй шатаж байлаа. Ингэхгүй гээд яахав, ямар хөлдөж үхэлтэй биш. Эхнэрийгээ нутаг явахаас хэд хоногийн өмнө Гомбо нүүрс түлээ авах мөнгөөрөө хямдхан архи аваад уучихсан нэлээд халамцуу, бас баахан хуучин муу гутал, хувцас хунар хажуугийн жалгаас түүгээд шуудайлчихсан орж ирлээ.
- За, хөгшин минь. Энэ чинь үнэгүй мөртлөө маш сайхан түлш болдог юм байна. Ийм муусайн хогнууд хажуугийн жалгаар дүүрэн байна. Энэ арын гудамжны Очирынх дандаа ийм юм түлдэг юм байна. Илчийн хувьд юун Налайх, Багануурын нүүрс. Хамгийн гол нь үнэгүй олдож байна шүү дээ.
- Гомбо минь, тэгж гал голомтоо бузарлахаа боль. Галын бурхан гомдоно. Галын бурханаа гомдоосон айлын ажил амьдрал уруудан доройтдог номтой юм. Наад муухай юмнуудаа тэр жалганд нь аваачиж хая гэж тас загнаад өөрөө нүүрс, түлээ авчрахаар нэг хүүгээ дагуулан гарав.
- За, юун сүртэй юм. Галын бурхан гэж ер нь байдаг юм уу? Энэ хавийн олон айл ийм юм түлээд болоод л байна шүү дээ гэж Гомбо үглэсээр хоцорчээ. Тэгсэнээ эхнэрийгээ ирэхээс өмнө өнөөх шуудайтай хогоо амбаарын ард нуугаад “Чамайг хөдөө явсан хойгуур эдгээрийг түлнэ. Нүүрс, түлээний мөнгийг хэмнэнэ шүү” гэж бодоод дотроо инээсэн байна.
Долоо хоногийн дараа эхнэр нь нутаг руугаа явж, Гомбо хүүхдүүдийн хамт үлдлээ. Уг нь эднийх үзэх зурагт, хөргөгч, угаалгын машин, плитка, индүү гээд хүний хэрэгтэй юм нь байгаа боломжийн л амьдралтай айл. Эхнэрийгээ явсаны маргаашаас эхлэн Гомбо ёстой эрх чөлөөгөө эдэлж, өнөөх шуудайтай хогоо зууханд хийн шатааж эхэллээ. Тэр дотор нь маажийсан гутал, уранхай өмд, хир даг болсон цамц, куртка, хагарч хэмхэрсэн хуванцар савнууд гээд есөн жорын юм байна. Гэр ч пүнхийтэл халж байна гэж жигтэйхэн. Ёстой л юун Налайх, Багануурын нүүрс болов. Гадаа идэр ес тачигнаж байхад тэд гэртээ халууцан хөнжлөө яран унтацгаана. Хүүхдүүд нь харин аавынхаа энэ ёс бус байдалд жаахан дургүй байлаа.
- Ээж битгий ийм муухай юм шатааж гал голомтоо бузарлан, галын бурханаа гомдоо гэж хэлсэн биз дээ?
- Дуугүй байцгаа. Би шүтлэггүй хүн. Тэгээд ч тэр галын бурхан гэдэг чинь байдаггүй юм. Байдаг бол галдаа шатаад алга болчихдог юм байгаа биз дээ. Тэгээд ч түлээ нүүрст өгдөг тэр их мөнгөөрөө хоол унд, та нарт дэвтэр үзгийг чинь авч өгөх нь дээр юм байгаа биз дээ.
Гомбо ийнхүү хүүхдүүдээ хэд хэдэн удаа тас загнасны дараа хүүхдүүд нь энэ талаар ам ангайсангүй. Нэг талаас аавынх нь зөв юм шиг бодогджээ. Гэтэл энэ айлын бурхан үнэхээр гомджээ. Энэ гомдлоо илэрхийлж, хэд хэдэн удаа догшин загнасан байна. Гал дээр хоолтой буцалж байсан ширмэн тогоо нь салют буудаж байгаа юм шиг дээш хөөрөв. Үүнийг Гомбо шатааж буй хог дотор тэсрэх бодистой хог байж дээ гэж хүүхдүүддээ мэдэмхийрэн тайлбарлав. Ер нь хийн гаазтай юм зуух, пийшиндээ хийж шатаагаад тэсэрч дэлбэрсэн явдал цөөнгүй байдаг. Тэр өдөр шатаж байсан хог дотор ийм бодистой хог огт байгаагүй бөгөөд энэ нь галын бурханы эхний анхааруулга байсныг мухар сүсэггүй Гомбо гуай ойлгосонгүй.
Сарын дараа мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан Гомбо өөрөө гэнэт ажилгүй болов. Галын бурхан нь даргад нь нөлөөлжээ.
- Дарга аа, та яагаад намайг ажлаас халж байгаа юм. Би ажил дээр архи уудаггүй, ажил тасалдаггүй, байгууллагаас зохиож байгаа бүх ажилд идэвхтэй оролцож ирсэн. Эхнэр маань хөдөө өвчтэй эхийгээ асарч байгааг та сайн мэдэж байгаа. Би ажилгүй болчихвол гурван хүүхдийнхээ хамт яаж амьдрах билээ.
- Харин тийм ээ. Уг нь би таныг ажлаас халмааргүй л байна. Даанч эхнэрийн нэг ахыг таны оронд авахыг эхнэр хатуу тушаагаад байна (Галын бурхан даргынх нь эхнэрт хүртэл нөлөөлжээ) Таниас болж би ямар эхнэртэйгээ муудалцаад байлтай биш гэж түс тас хэлснээр Гомбо ажилгүй болов оо, хөөрхий.
Удалгүй гомдсон галын бурхан гурван хүүхдийг нь хорлож эхлэв. Уг нь эдний хүүхдүүд хөдөөний төлөв томоотой, хичээл сурлагадаа ч сайн. Гэтэл хэдэн сарын дараа хүүхдүүдийн сурлага эрс муудаж, энэ тухай багш нар нь Гомбын чихнээс байнга хонх уях болж, хүүхдүүд нь тэр хавийн үл бүтэх охид, хөвгүүдтэй нийлж, шөнө орой болтол тэнэнэ. Энэ хооронд Гомбо ажил олж хийх гэж олон байгууллагын хаалгыг татаад хад мөргөж байлаа. Галын бурхан нь ингэж шийтгээд байгааг мань эр огт ойлгосонгүй. Ийм хүн чинь хүйтэнд даарахгүйн тулд өнөөх хогийг ёстой шуудай шуудайгаар нь авчран зуухандаа шатааж, галын бурханаа улам хилэгнүүлж байлаа. Эхнэр нь хөдөөнөөс явуулсан жаахан мах, гурил тэдний амийг зогоож байв. Бүх юм нь бүтэхгүй уруудсанд сэтгэл гутарсан Гомбо тэр хавийнхаа архичидтай нийлэн ногоорох болов.
Гомбыг гэртэйгээ шатаж үхдэг өдөр гурван хүүхэд нь ямар азаар байгаагүй юм. Галын бурхан нь тэднийг өршөөжээ. Тэр өдөр хүүхдүүд нь хотын төвд байдаг ээжийнхээ төрсөн эгчийнд очиж ус цасанд орох, тэндээ хонохоор явжээ. Хүүхдүүдээ явсаны дараа Гомбо мөн л өнөөх архичидтайгаа ногоортлоо архидаад шөнө орой гэртээ ирэхэд гэр нь ёстой мөсөн зоорь байв. Тэгмэгц өнөөх муухай хогоо зуухандаа чихэж аваад шатааж гарлаа. Гэрийн халуунд нам цохиулсан Гомбо тэр дороо унтаад өгөв. Энэ удаа галын бурхан нь удтал доромжлуулсныхаа хариуг түүний амиар төлөхөөр шийдэв.
Зуух зад дэлбэрч, гэрт гал авалцаж, бөөн утаа угаар болов. Согтуу Гомбо юун сэрэхтэй манатай угаарт нам цохиулан ухаангүй хэвтсээр хэдэн минутын дотор гэртэйгээ хамт үнс нурам болон нөгөө ертөнцөд одов. Гал командынхан гудамжны бөглөөнд бөглөрсөөр хориод минутын дараа ирэхэд гэрийн буурин дээр ердөө л утаа уугин угтжээ. Нурам дотроос хүний түлэгдсэн араг ясны хэлтэрхий олдсон нь Гомбынх гэдэг нь даанч ойлгомжтой. Эхнэр нь хөдөөнөөс санд мэнд иржээ. Хааяа Гомбо эхнэртэйгээ утсаар ярихдаа өөрөө ажлаа хийж байгаа, хүүхдүүд нь сайн гэж худлаа ярина. Хүүхдүүддээ ч ингэж хэлэхийг шаардана. Хүүхдүүд нь ээждээ,
- Ингэж худлаа хэлэхийг аав биднээс шаарддаг байсан. Аав ажилгүй болоод бас архи их уудаг болоод удаж байна. Аав зуухандаа өнөөх муухай хогнуудыг аягүй их шатаадаг байсан.
- Би түүнд ийм хогоор галын бурханаа битгий гомдоо гэж хэлдэг байсан даа. Даанч үгэнд орсонгүй дээ.
Гомбын алтан савыг нээлгэхэд “Галын бурханыхаа шийтгэлийг хүртжээ” гэж гарсан байна. Эхнэр нь нөхрөөсөө үлдсэн хэдэн шатсан араг ясыг ёс төртэй нутаглуулаад гурван хүүхдээ дагуулан нутагтаа очиж амьдрахаар явжээ. Энэ хорвоод хоорондоо уялдаа холбоогүй, утга учиргүй юм байдаггүйг энэ эмгэнэлт явдал харуулсан юм.

Comments