logo

logo.jpg

Advertisement

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга уулзав

 

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Дүүргийн захиргаа болон ажлын албаны бүрэлдэхүүн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн гол хойморыг эзлэн оршдогоороо Чингэлтэй дүүрэг онцлог юм. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй хайрханы овоог тахих, овооны орчимыг тохижуулах талаар Дүүргийн бодлогоо танилцуулж, санал авч байгаагаа танилцууллаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Дээд цэцийн хуралдаанд танилцуулж, ирсэн саналыг нэгтгэж эргэж мэдээллэхээр боллоо. Цаашид хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Өвөг дээдэс маань эрт дээр үеэс эх дэлхийгээ аргадан амьдарч, нутаг ус, уул усаа хамгаалж ирсэн өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Энэ үүднээс тэнгэрийн эзнийг хурмаст, усны эзнийг лус, уулын эзнийг савдаг гэж нэршиж заншжээ. Түүгээр ч үл барам тухайн газар усны нэр болон лус савдгийн дvр байдлыг газар нутгийн хэлбэр төрх, байгалийн тогтоц, онцлог ялгаанд тохируулан бүтээдэг ёсонтой байсан байна. Амьдран буй газар нутгийнхаа лус, савдгийг баясгаж чадвал тухайн газар нутагт ая тухтай амьдрах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хүч чадал бүхий лус, савдгийн зүгээс ажил үйлс бүтэмжтэй байхад тус дэм болох зэрэг эерэг нөлөөлөл ирж байдаг хэмээн монголчууд эртнээс үзэж уул усаа тахиж, шүтэж ирсэн уламжлалтай юм.
Улаанбаатар хотын дөрвөн талд дүнхийх дөрвөн хайрхан уулыг ч мөн адил өөр өөрсдийн савдаг шивдэгтэй гэдэг. Түүхийн ухааны доктор Гантулга Чингэлтэй хайрхан уулыг судалсан судалгааны сайхан ном бичсэн. Үүнд савдаг гэдэг нь тухайн уулых нь эзэн юм. Шивдэг гэдэг нь тэр орон нутгийнхаа эзэн гэж тайлбарласан байдаг. Чингэлтэй уулын шивдэг бол олон шавьтай, номын багш дүрээр холоос харагддаг гэж эртнээс үзэж ирсэн. Тиймээс номын багш гэдэг нь Чингэлтэй хайрхан уулын шивдэг юм. Тэрнээс өмнө олон шавь нараар хүрээлүүлсэн хөх өвгөн шиг намбатай сайхан уул гэж яригдаж ирсэн түүхтэй юм. Энэ уулыг эрдэм номын шивдэгтэй уул гэдэгтэй холбогдуулан зарим тайлбарыг хэлж болох юм. Нийслэл Улаанбаатар хотын хоймор үргэлжлэн сүндэрлэх Чингэлтэй хайрхан уул нь үргэлжийн мөнхөд наран мандуулсан энгэр ээвэр булаг шандаар баян, ургамал ан амьтнаар элбэг, үзэсгэлэнтэй сайхан хангай билээ. Чингэлтэй уулын ноён оргил нь далайн түвшинээс дээш 2300 орчим метр өндөр, Хэнтийн нурууны салбар үзүүрийн уул хөвч, ойт хээрийн шинж голлосон тогтоцтой уул юм.
“Чингэлтэй уулын арын их ой мод үргэлжилсээр хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан түүнээс Бухын зоо хэмээх ян хөвчтэй залгадаг. Ой мод нь шинэс, нарс, хуш, гацуур, хус, хайлаас гээд монгол газар ургадаг бүх модыг багтаасан холимог ойтой. Ургамлын сангийн хувьд маш баялаг. Тухайлбал сэржмядаг, жамъянмядаг, юмдүүжин гээд үзэсгэлэнтэй сайхан цэцгүүд ургадаг. Дэгд, гоньд, халиар, гандигар, агь, жууцай, сөд, бамбай, даль, нохойн хошуу зэрэг эмийн төрлийн ургамал мөн үхрийн нүд, хад, нэрс, аньс, гүзээлгэнэ зэрэг жимс элбэг. Энэ уул маань өмнө талаараа Ар согоот, Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Баянхайрхан, Сант, ар болон өвөр Гүнт, Хожуултын даваа, мөн зүүн талаараа Жигжид, Бумбат, Яргайт, Шадивлан, Суваргын өндөр зэрэг олон уулс амуудаар хүрээлэгдсэн, ам бүрээс нь их бага хэмжээтэй булаг горхи ундран урсаж, байгаль эх, хүн амыг ундаалж байдаг. Мөн Сэлбэ голын ай савыг эрт үеэс эдүгээ хүртэл энэ гол горхи нь тэтгэсээр ирсэн ийм сайхан уул юм” гэжээ.
Чингэлтэй хайрхан уулыг Төрийн тусгай хамгаалалтанд авсан билээ.

Б. Цэлмүүн

Comments