logo

logo.jpg

Advertisement

800 жилийн өмнөх цаасан мөнгийг хадгалах хэцүү

Энэ эрхмийг Банзрагчийн Нямаа гэдэг. Эртний зоосон мөнгө, мөнгөн дэвсгэрт цуглуулдаг тэрбээр өөрийн хоо­бийгоо ном болгон хэвлүүлж олны хүртээл болгоод буй. “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт” гэдэг ном нь түүний гурав дахь бүтээл. Нямаа гуай Америкт ажиллаж амьдраад найман жил болж байгаа бөгөөд хоёр сарын өмнө ирж номоо гаргачихаад удахгүй буцах гэж буй юм. Түүнтэй хувийн цуглуулга болоод судалгааны ажлынх нь талаар ярилцлаа.
- Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?   
- Би Москвагийн их сургууль төгссөн, түүхч хүн л дээ. Монголын мөнгөн   тэмдэгтийн түүхийг 2001 оноос судалж байна. Энэ бол их өвөрмөц, манайдаа судалгааны гадуур өнгөрчихсөн эд л дээ. “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт” гэдэг номоо “Адмон” компаниар сая хэвлүүллээ. 2002 онд “Монголын мөнгөн тэмдэгт”,  2005 онд “Монголын эзэнт улсын зоосон мөнгө, хаадын тамга” гэдэг ном гаргасан. Эхнийх нь каталогийн шинжтэй. Дараагийнх нь судалгааны чиглэлийнх. Анх¬ны номоо хэвлүүлээд 4-5 жил болчихож. Номнуудыг минь гадаад, дотоодын хүмүүс их сонирхож байгаа. Ном сайндаа биш юм аа. Гол нь асуудал нь өөрөө их сонирхолтой.
- Түүх талаас нь судал­сан уу, аль эсвэл урлаг талаас түлхүү байна уу?  
- Ер нь бол түүхийн талаас нь. Урлаг гэдэг утгаар нь би бодож   зорьсонгүй. Тэр мөнгийг хийсэн ур чадвар зураачийн чадвар гэдэг юм уу, тэр талаас нь харвал үнэхээр гоё юм зөндөө бий. 1921 оны мөнгөн дэвсгэртийг одоогийн мөнгөтэй харьцуулж харах юм бол өнгө зүс, хээ, будаг,  утас нь үнэхээр гайхамшигтай. Тийм сайхан мөнгө байсан юм билээ. Харамсалтай нь манай улс хэрэглээгүй.
- Яагаад тэр вэ?  
- 1921 онд төр хоёр солиг­д­сон. Барон Унгерн нийслэл хүрээг эзэлж,   гамингуудыг хөөж гаргаад, Богд хааныг эргүүлж хаан ширээнд залсан шүү дээ. Монголын Зас¬гийн газар шинээр байгуулагдсан. Тэгээд шинэ мөнгөн тэмдэгт гаргасан юм. Тэр мөнгөн тэм­дэг­тийн дээр байгаа бичээс, үг хэллэгнээс нь болоод “Бага болзоот” гэж нэрлэсэн. Уг нь Засгийн газар түүнийгээ зээллэг гэж гаргасан юм. Тэр үеийн ханш, Монголын банк сан­хүүгийн систем олигтой бүр­эл­дэж тогтоогүй, худалдан авах чадвар, зээлийн чадвар, аливаа юмнаасаа болоод энэ мөнгө зээллэг болж чадаагүй. Энэ бол манай Монголын мөнгөн тэмдэгтийн түүхэнд гайхамшиг болсон бүтээл. Би судлаач, цуглуулагч хүний хувьд үнэхээр бахархдаг. Монгол Улс ийм мөнгөтэй байсан байна, Монголын сайд дарга нарын, Засгийн газрын тамга тэмдэгтэй, ийм мөнгө 1921 онд гарсан байна. Харамсалтай нь тэр үеийн байдал, хүндхэн болж Ардын засаг хэдхэн сарын дараа гарч ирсэн. Ардын засаг түүнийг учиргүй хүчингүй болгож хаяагүй, 2-3 жил хэрэглэсэн. Гэхдээ тэр үеийн шаардлага хангахгүй болсон учраас аажимдаа тэр мөнгийг эргүүлж Сангийн яам татаж аваад, хамгийн харамсалтай нь бүгдийг нь  устгасан байгаа юм.
- Нэгийг ч үлдээлгүй юу?  
- Нэг ч үлдээгүй гэж хэлэхэд хаашаа юм. Ер нь архиваас үзвэл санд   хураагдаагүй хэдхэн ширхэг үлдсэн байна. Гэхдээ тэр нь Монголд байх магадлал байхгүй. Цөөхөн хэдэн гадны худалдаачны гараар дамжаад гадагшаа гарчихсан. Ихэнх нь урагдсан, хаягдсан, хулгана зурам идэх явдал ч байдаг шүү дээ.  
- Та яаж олж авав даа?  
- 10, 25, 50, 100 гэсэн  дөрвөн дэвсгэрт л байдаг юм. Энэ жил эх   хувиар нь олсон. Яг хэмжээ дамжаа, өнгө зүсээр нь энэ номд оруулсан. Ганболд гэдэг залуу бид хоёр нэлээд хэдэн жил ярьж байгаад энэ номыг бичлээ. Энэ бол анх удаагаа хэвлэгдэж байгаа зураг шүү. Тэр архиваас ухаж гаргаж ирсэн баримтууд ч гэсэн анх удаа олны хүртээл болж байна. Түүгээрээ манай түүх сонирхдог хүмүүс, шинжээч судлаачдад хэрэгтэй ном болох ёстой гэж бодож байна. Нөгөө талаас Монголын түүхийн нэг иймэрхүү үрэгдэж алга болсон зүйлийг олж цуглуулна гэдэг өнөөгийн монголчуудын үүрэг л дээ.
- Та тэгээд хаанаас олж авсан хэрэг вэ?  
- Би энэ дөрвөн дэвсгэртийн хоёрынх нь жинхэнэ эхийг Америкт дуудлага   худалдаагаар авсан. 50-тын дэвсгэртийг Австрид бас дуудлага худалдаагаар авсан юм. Энэ үнэхээр ховор эд. Дэлхийн томоохон зоос, цаасан мөнгөний дуудлага худалдаа явуулдаг газруудын мэдээгээр манай бага болзоотын 10-тын дэвсгэрт дэлхийд 3-4 ширхэг байгаа гэсэн байна лээ. Тэрний нэг нь Монголд, надад байна. 25-тын дэвсгэртийн сургийг саяхан гаргасан. Үүнийг хөөцөлдөнө. Одоохондоо оргина-лаараа байхгүй байна.
- Их үнэтэй авсан байх даа?  
- Үнэтэй. Мөнгө төгрөг илүү дутуудаа би үүнийг аваагүй. “За больдог ч   юм уу даа, үнэтэй юм” гэсэн чинь “Наад 10-тын дэвсгэрт чинь хэрэв гурав мэдэгдэж байгаа нь үнэн бол хоёр ширхэг нь жинхэнэ цуглуулагч хүний гарт л байгаа. Тэр хүмүүс түүнийгээ хэзээ ч зарахгүй. Нэг ширхэг нь сул гарч ирээд дуудлага худалдаагаар зарагдаж байна. Үүнийг л авахгүй бол алдана гэж хүмүүс зөвлөсөн. Тэгээд л авсан. Харин 100-тын дэвсгэртийг 2004 онд Америкт үзэсгэлэн худалдаанаас олж авсан. Тэр үедээ л их үнэтэй авсан даа. Хамгийн том дэвсгэрт нь энэ. 100-тын дэвстгэртийг 400-хан ширхэг гаргасан юм билээ. Одоо ганцхан ширхэг мэдэгддэг, тэр нь минийх. Өөр гарна гэдэгт би итгэхгүй байна. Энэ дэвсгэртүүд өнөөдөр Монголдоо байгаад монгол хүнийхээ хувьд, түүх судалдаг судлаач хүний хувьд би бахархаж явдаг.
- Яагаад энэ бүхэн Монголд байхгүй, гадагшаа гарчихав гэж гайхаж байна?  
- Монголд байхгүй шалтгаан нэг байна. Нэгдүгээрт түрүүн хэлсэн,   бүгдийг нь аваад устга­чихсан. Сангийн яам шатааж устгасан гэж архивын баримт байгаа шүү дээ. Тухайн үед эргэж сангийн яаманд хураагдаагүй хэсэг үлдчихсэн байхгүй юу. Тэрнээс л цөөхөн хэд нь үлдээд хүмүүсийн гараар дамжаад гадагшаа гарчихжээ. Дотооддоо байхгүй гэдгийг олон талаас нь би судалсан. Улсын сан хөмрөг, банкны сан хөмрөгт алга. Тэгэхээр энэ дэвсгэртүүд Монголоос гарах магадлал бараг байхгүй гэж хэлж болно.
- Таны цуглуулгыг сонир­хож болох уу? Хэр арвин цуглуулгатай вэ?   
- Би Монголын зоос, мөнгөн тэмдэгтээр л цуглуулга хийдэг. Янз бүрийн   хутга шөвөг, өөр зүйл цуглуулдаггүй. Миний цуглуулга гурван янз. Нэг дэх нь Монголын эзэнт улсын үеийн зоос. Үүнийгээ би хамгийн сайн цуглуулга гэж боддог. Монголд одоохондоо ийм цуглуулгатай хүн байхгүй байх. Монголын эртний хаадын нэр овгийн тамгатай, ийм зоос. Тэр зоосны талаар би найман жил судалж байна. Цаашдаа ч би гарцаагүй ховор юмыг судлах л болно. Хоёр дахь хэсэг нь цаасан мөнгө. Надад Юань улсын цаасан мөнгө бий. Тэрийг жичид нь судалгааны аятайхан ном болгох бодолтой байгаа. 800 жилийн өмнөх цаасан мөнгө байлгана гэдэг хэцүү л дээ. Гуравдугаарх нь  Монголын гүйлгээний болоод дурсгалын мөнгөн тэмдэгт. Тэр бас сонин цуглуулга. Учиргүй ховор ч эд биш.  
- Танд ямар ямар хаадын зоос байдаг вэ?    
- Чингис хаан, Өгөөдэй, Гүег, Мөнх, Аригбөх гээд их хаадын гаргасан   зоос миний цуглуулгад байдаг. Үүнийг эргүүлээд олно гэдэг найдлага надад байхгүй. Яахав ганц нэг олдож магад. Цуглуулга гэдэг зүгээр нэг хадгалаад байх эд биш юм. Энэ дотор байгаа, ялангуяа Монгол Улсын түүхтэй холбоотой нарийн ширийн юмнуудыг заавал мэдэх хэрэгтэй.
- Монголд үе үе зоосны үзэсгэлэн болдог. Та оролцдог уу?  
- 2006 онд би Монгол Улсын 800 жилийн ойгоор эртний зоосны бие даасан   үзэсгэлэн гаргаж байсан. Монголын эзэнт улсын 300-гаад зоос тавигдсан. Энэ дашрамд би нэг юм хэлчихье. “Чингис хааны алтан зоос” гэдэг номыг үзлээ л дээ. Тэр номонд тавьсан зураг, зургийн тайлбар маш буруу байна лээ. Хятадын бэлгэдлийн зоос гэж байдаг юм, дурсгалын маягтай. Өнгөрсөн зууны эхэн үед л гарсан. Ямар нэгэн бичээс байхгүй. Тэрийг Чингис хааны алтан зоос гэж нэрлээд ном гаргажээ. Хятадын бэлгэдлийн зоосны каталогийн ном байдаг. Түүн дээр бүр номер дугаартайгаа байдаг юм. Хятадын зүгээр нэг бэлгэдлийн зоосыг бид андуураад Чингис хааны алтан зоос оо гээд ном гаргаж болохгүй шүү дээ. Чингис хааны жинхэнэ алтан зоос 2-3 янз бий. Тэр нь аугаа их хаадын хаан, аугаа их Чингис хаан гэсэн үгтэй. 1221 онд гарсан. Чингис хаан Хоризмыг яг дайлаар мордож бай­сан үе. Түүнийг бүх дэлхий даяараа судлаад шинжээчид, цуглуулагч Чингис хааны алтан зоос гэж баталсан. Тэр зоосны нэг хувь нь Монголд бий шүү.
- Танд тэр нь байгаа юм биш биз?  
- Тийм шүү. Түүгээрээ би их бахархдаг.  
- Та ингэхэд хэзээнээс цуглуулга хийсэн бэ. Өвлөж авсан уу?  
- Долоон жил болж байна. Өвлөж аваагүй ээ, миний аав харин марк   цуглуулдаг мундаг хүн байсан. Би хүний нутагт найман жил болсон. Жаахан уянгын халилтай хэлэхэд би нутгаа их санадаг байсан. Найз нөхдөө их үгүйлдэг. Тийм учраас жаахан зав чөлөө гарвал Монголынхоо түүх, гадаадад ямар юм байна, юу бичиж байна, юу уншиж байна гэдгийг судалсан. Монголын түүхийн юм хөөцөлдөж яваад л зоос, мөнгөн тэмдэгт рүү орсон. Миний аав намайг энэ рүү үндсэндээ чиглүүлсэн хүн л дээ. Олон улсын маркны үзэсгэлэн худалдаанд оролцож, дээгүүр байранд орж байсан. Гэхдээ би тэрийг нь ерөөсөө сонирхож байгаагүй.  
- Гадаадад манай эртний зоос, мөнгөн тэмдэгт хэр олдууштай байдаг юм бэ?   
- Эртний зоос, Монголын эзэнт улсын мөнгөн тэмдэгт, энэ чиглэлийн   судалгаа дэлхийн зах зээлд ид хүчээ авч байна. Орост өнгөрсөн сарын сүүлчээр нэг доктор зөвхөн Цагаадайн зоос гэж судалгааны ажил хийсэн байна. Ганцхан Цагаадайн улсын зоосон мөнгөөр. Хятадууд Юань улсын мөнгөн тэмдэгтээр өчнөөн судалгаа хийж, зэрэг цол хамгаалсан байдаг. Алтан ордоор бол нэлээд их юм хийсэн. 1990 оны дунд үеэс Монголын эзэнт улсын зоосон мөнгө Араб дахин, баруун Европын эртний зоосон мөнгөний зах зээлд элбэг байгаагүй. Тэрийг хүмүүс нэг их ойшоож тоодоггүй байж. 1997, 1998 оноос эхлээд нэлээд мөнгө Америк руу гарсан. Тэнд нэг айхавтар том судлаач сайн цуглуулсан. Тэгээд гадагшаа каталог гаргаж, өөрөө ч ийш тийш нь нэлээд борлуулсан юм шиг байгаа юм. Би биеэ магтаж байгаа юм биш, би яг тэр үеэр түүнтэй таарсан. Тэгээд яриад, сүүлдээ найз нөхөд боллоо. Бие биедээ мэддэг чаддаг юмаа хэлдэг, бие биенээсээ их юм сурсан. Нэлээд ч зоос түүнээс олж авсан. Гэтэл 2006 оноос Араб дахин, баруун Европын эртний зоосны зах зээл дээр байсан мөнгө, зоос ор тас алга болчихлоо.
- Яагаад тэр вэ?  
- Яагаад алга болсон бэ гэдэг талаар Пакистаны нөхдүүд надад ингэж   ярьсан. Энэ чинь алга болсон биш ээ. Хятадууд авчихсан. 2006 онд Хятадаас гурван групп гарсан юм байна. Афганистан, Иран, Иракийн чиглэлд нэг хэсэг, Турк тэр хавь руу нэг хэсэг хүн, Орос руу хэсэг хүн явсан юм байна. Цуглуулагч, эрдэмтэн судлаач, янз бүрийн хүмүүс тэнд байсан. Тэд зах зээл дээр байгаа Хятадын холбогдолтой, тэр дундаа Монголын холбогдолтой бүх мөнгөн тэмдэгт, зоосыг хамсан байхгүй юу. Зах дээр гаргаагүй, хувь хүмүүсийн гэртээ хадгалж байгаа юмыг хүртэл сургаар нь олоод барьж авсан байгаа юм. Монгол мөнгө байна уу гээд аваад байсан гэж байгаа. Гэтэл хагас жилийн өмнө Шанхайд дэлхийн эртний зоосны том үзэсгэлэн гарлаа. Тэнд өнөө баруун талд яваад байсан зооснууд бүгд байх жишээтэй. Тэгэхээр манайхан Монголынхоо юмыг хэд гурвыг ч гэсэн амжиж авахгүй бол болохгүй нь.  
- АНУ-д амьдраад удаж байна уу? Эх орондоо хэзээ ирэх вэ?  
- Америкт амьдраад найман жил болж байна. Хоёр жил болоод ирнэ ээ.   Харин би тэнд очсоных нэлээд юм судалсандаа баярладаг юм. Монголын эртний монгол зооснуудыг олон түмэнд хүргэлээ. Үзэсгэлэн гаргалаа, номоо гаргалаа. Дээрээс нь би монголчуудын хаадын тамганы талаар нэлээд гайгүй судалгаа хийж байна. Тэр тухайгаа би дараагийн номдоо оруулна.  Гэхдээ би ганцхан л юм хэлье. Би Монгол Улсынхаа төлөө л явж байгаа даа.
Г.Оюунгэрэл

Comments