logo

logo.jpg

Advertisement

Монгол говийн нэгдсэн Их тахилга боллоо.

Юм үнэнээрээ байх сайхан. Монгол говийн Их тахилгын өмнө МБНЭ-ийн удирдлагууд Өмнөговь аймаг, Даланзадгад хотод 2 удаа ажилласан юм. Энэ нь олон хүний цаг, хүч зарсан, бас шатахуун, буудал, хоол гээд багагүй хөрөнгө зарцуулсан үйл байлаа. Тэгээд үр дүн ч гайгүй байв. Даланзадгадад болсон уулзалтад нэг зуун арав орчим “Тэнгэрийн улаач” нар ирж оролцов. Тэд бараг бүгд Ж.Алтанчимэг багшийн шавь нар байв. Өөр багшийн шавь гуравхан хүн байлаа. Уулзалт илэн далангүй, бас найрсаг дотно, халуун сэтгэлээр дүүрэн болж өнгөрөв. Дараа нь Даланзадгад хотоос 15 орчим км-т орших нэг амралтад шинэ жилийн арга хэмжээ болж өнгөрлөө. Зарим нэг шилдэг ажилтнуудад МБНЭ-ийн “Хүрэл шонхор” медалиар шагнав. Энэ шинэ жилийн арга хэмжээнд Ж.Алтанчимэг багшийн хоёр зуу орчим шавь нар оролцсон юм.
Говийн нэгдсэн их тахилга эхлэхээс нэг сарын өмнө МБНЭ-ийн удирдлага дахин их говийг зорьж, тахилга хийх газараа сонгох, тахилгын бэлтгэлтэй танилцаж, эцэслэн шийдвэр гаргахаар зорьсон юм. Аймгийн төвд болсон уулзалтад нэг зуу гаруй хүмүүс ирсэнээс бүгд Ж.Алтанчимэг багшийн шавь нар байлаа. Өөр багшийн шавь гэх шинээр гурван хүн иржээ. Энэ хурлаар Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүнээ албан ёсоор сонгосон юм. Ингэхдээ олонхийн саналаар Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүнээр Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмааг сонгож, Бөөгийн хүрээлэнгийн зөвлөлийн гишүүyд 4 хүнийг баталсан билээ.
Бидний сонссоноор Ж.Алтанчимэг багш Ханбогд сумд нэг зуу орчим, Даланзадгад хотод хоёр зуу орчим шавьтай. Түүн дээр Улаанбаатар. Дархан, Багануур хотод олон зуун шавь нартай ажээ. Энэ их хүчинд тулгуурлан Монгол Говийн нэгдсэн их тахилгыг зохион байгуулахаар МБНЭ шийдвэрлэсэн хэрэг л дээ. Олон зуунаар тасарсан бөөгийн их тахилга Өмнөговьд болох сургаар нутгийн олон улаач нар баяр хөөрөөр бялхаж бэлтгэлээ хангаж, их үйлд биеэ бэлдсэн байна.
МБНЭ-ийн дотор зөрчилдөөн байдгийн тод илрэл нь эхний ээлжинд Хурцжавхлан багшийн шавь нарыг эгнээндээ багтаалаа гэсэн яриа их гардаг. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы баримталдаг байр суур нь Монгол бөө бол  хэн ч байсан, Мөнх тэнгэрээ шүтдэг хэн ч байсан МБНЭ-д гишүүнээр элсэхийг зөвшөөрдөг. Тиймээс ч МБНЭ-ийн гишүүд дотор түүний шавь нараас цөөнгүй хүмүүс бий. Багшийн алдааг шавьд өгч, өөр хоорондоо зөрчилдөөн үүсгэдэг одоо цагийн зовлонг яалтай билээ. Манай МБНЭ-ийн дотор байдаг хоёр дахь зөрчил бол хуяг дуулгын тухай яриа байдаг. Тэр нь толгой дээрээ суварга залдагт шүүмжлэлтэй ханддагт оршдог. Үүнээс болж цөөнгүй удаагийн МБНЭ-ийн дээд цэцийн хуралд маргалдаан үүсч байсан удаатай билээ.
Өмнөговь аймагт хоёр дахь удаагийн очилтоор ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдээс ахмад үе, залуучууд багтсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан энэхүү томилолтод ахмад, залуучуудын багийг сонгосон нь цаашдын үйлд ахмад үеэс залуучуудыг суралцуулах зорилгыг тавьсан хэрэг. Тэгээд Тахилга хийх газраа сонгоход ахмад үе, залуучууд хамтарч ажилласан юм. Энэхүү ажлын хэсэгт орсон залуучуудын төлөөлөл болсон МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул Ханбогд суманд ажиллаж байхдаа Ж.Алтанчимэг багшийн шавь нарын хуяг дуулга, толгой дээрээ суварга залсан байдлыг хурц шүүмжилжээ. Залуу хүний хувьд ам түрэгдсэн хэрэг маргаашнаас эхлэн хэрэг мандаав. Толгой дээрх суварга залсан тухай шүүмжлэл тэр доороо гал мэт дүрэлзэн асаж түгэв. Энэ яриа Ханбогд, улмаар Даланзадгад, тэгээд Өмнөговь аймагт түгэн дэлгэрэв. Хэрэг бишдэж бидний дотор зөрчилдөөн хурцдав. Уг нь бид МБНЭ-ийн дор нэгдэж цаг хугацааны явцад хоорондох маргаан зөрчилдөөн, үг ярианы үл ойлголцлоо шийдвэрлэх байсан юм л даа. Харамсалтай нь цагаас нь өмнө энэхүү зөрчилдөөнийг үүсгэсэн МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туул нь өөрөө Монгол бөөгийн нэгдсэн их тахилгад оролцоогүйг юу гэж үзэлтэй билээ. Урьдчилан очиж их тахилгыг үймүүлчихээд цаг нь болохоор өөрөө оролцохгүй зугатсан хэрэг гэдэгт үнэн илүү ойртож байгаа юм. Тэгээд ч удирдах ажилд өөрийгөө тэнцэхгүй гэдэгээ ойлгосон байх.
Ийм алдаа гаргахад оролцсон зарим залуу хүмүүс Их тахилгад шавь нартайгаа хүрэлцэн очиж, ам ажлын нэгдэлтэй байдгаа харуулж чадсан юм. Тийм хүмүүсийг уучилж байна. Харин энэхүү зөрчилдөөн үүсгэсэн удган О.Туулд хариуцлага тооцох нь зүйд нийцэх биз ээ. Ийм зөрчилдөөн үүсгээгүй бол Ж.Алтанчимэг багшийн олон зуун шавь нар нэгдсэн их тахилгад оролцож, Монгол бөөгийн одоо үеийн сор болсон олон бөөгийн бөөлөлтийг сонирхож, ололт, алдаагаа хүүрнэн ярилцаж, олон зүйлд ухаарал, гэгээрлийг олох байсан байх аа.
 МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Монгол говийн их тахилгын бэлтгэлийг олонтой хэлэлцсэн юм. Монгол говийн нэгдсэн их тахилга эхлэхээс арван тав хоногийн өмнөөс Ж.Алтанчимэг багшийн сураг тасарч, шавь нар нь их тахилгын бэлтгэлд оролцохоо болив. Үүнтэй холбоотой шинэ нөхцөл байдал МБНЭ-д үүссэн билээ. Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг цагийн байдал өөрчлөгдсөнтэй уялдуулан төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. Энэ хурал дээр МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн их удган Л.Амгаланням Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг хийхээр өөрөө санаачилга гаргасан юм. Уг нь энэ галын тахилгыг Ж.Алтанчимэг удган биеэр удирдах байсан билээ.
Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс Монгол бөөгийн их удган Л.Амгаланнямын сураг алдарч, утасаа салгаж, өөрөө хаана байгаа нь мэдэгдэхээ больсон билээ. Тэгээд бас л асуудал үүсгэв. Иймэрхүү байдлаар Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө тулж ирсэн билээ.
Галын тахилга.
Цаг нь тулсан үед Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг удирдах үүргийг Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн П.Зоригтбаатар хүлээн авч богино хугацаанд бэлтгэлийг хангасан юм. Түүнийгээ тэргүүн зайрантан нэр хүндтэй гүйцэтгэв.
Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг эхлээд удган Алтанчимэг, дараа нь их удган Л.Амгаланням хийхээр байснаа сураг тасран олны итгэлийг алдагдуулсан бол харин зайран П.Зоригтбаатар шуурхай дайчин ажиллаж, Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг амжилттай хийлээ. Галын тахилгад Өмнөговь  аймгийн удган Ууганбямба шавь нарынхаа хамт биечлэн оролцож, тахилгын зан үйлд хүч дэм үзүүлсэн билээ. Та бүхэнд МБНЭ-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Нарны тахилга.
Гэгээ татан өглөөний наран зочлохын өмнөхөн түмэн олон босч хөдөлгөөнд орж, нарны их залбирал, тахилгад оролцохоор хөдлөв. Монгол говийн нэгдсэн Их тахилгын Нарны тахилгыг Монголын нэрт бөө Дамдин зайрангийн төрсөн охин, Монгол бөөгийн Их Дархан удган Д.Батчулуун удирдсан билээ. МБНЭ-ээс зохион байгуулсан бүх л нарны тахилгад энэ алдарт удган манлайлан хийсэн. Ийм хувь заяа ховор тэгээд ч залуучууд ийм хүнээс, бас зан үйлээс нь олон зүйлийг суралцах боломж гагцхүү нэгдсэн их тахилгын үед гардаг юм. Наран тэнгэртээ заларах мөчид үүлгүй болж, салхи зогсож, цугларсан олон нэгдсэн тахилгаа тав тухтай хийх сайхан цаг агаар  хайрлав аа.
Хайрханы болон тэнгэрийн тахилга.
Говийнхоны тухай олон алдартнууд сэтгэгдлээ үлдээсэн байдаг. Их говийн зоригтнууд гэж нэрлэдэг ард түмнээ төлөөлж, Өмнөговь аймгийн уугуул, Монгол бөөгийн Тэргүүн удган, МБНЭ-ийн Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн С.Энхмаа Монгол говийн их тахилгыг Тэнгэрийн тахилгад тэргүүлж бөөлсөн билээ. Ганцаараа энэхүү тахилгыг зохион байгуулах хүнд үүргийг хүлээж, тахилгын бэлтгэлийг хангаж, хатуу, хүтүүг биеэр туулсан удган С.Энхмаагаар бид бахархаж байна. Их тэнгэртэй бөөлсөн түүний өвөрмөц ая жаяг нүдэнд одоо ч гэсэн үзэгдэж байна. Ийм сайхан сэтгэл, оюун, хүч юугаа мөнх тэнгэртэй зориулсан удганыг төрүүлсэн говь нутаг, түүний эцэг эхэд баярласанаа уламжлахыг хүсч байна.
Монгол говийн нэгдсэн Их тахилгын Хайрханы тахилгад МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун тэргүүлж бөөлсөн билээ. МБНЭ-ийн 2013 оны шилдэг зайран, Монгол Улсын Толгой уул Жаргалт хан хайрханы нэгдсэн их тахилгад тэргүүлж бөөлж байсан түүний үйл, энэ тахилгад улам тодорч байлаа. Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулууны бөөлөлт хүчтэй, чадалтай, эрч хүчтэй байж, түмэн олны сэтгэлд хүрч чадсан билээ.
Лусын тахилга.
Өргөл дээжээ байрлуулж, хагас сар хэлбэрээр шавь нар нь суудлаа эзэлж, Монгол говийн нэгдсэн Их тахилгын Лусын тахилга өвөрмөц өнгө жаяг, зан үйлээр бөөлөлтөө эхэллээ. За гэвэл ёогүй, ам алдсан бол хэлсэндээ хүрдэг гэдгээ харуулж МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал нэгдсэн их тахилгын Лусын тахилгыг удирдаж явууллаа. Залуу хүний эрч хүчээр галтай, цогтой, хийморлиг байж лусын тахилга амжилттай өвөрмөц сайхан боллоо.
Ийнхүү их говийн үүц болох Оюу толгойн ойролцоо, Ханбогд уулын дэргэд МБНЭ-ийн зохион байгуулсан Монгол говийн их тахилга амжилттай боллоо. Монгол Улсын толгой уул Жаргалт хан хайрханаас Ац богд, Говь гурван сайхан, Таван толгой, Оюу толгойг дамжин Ханбогд, Хөл уул Хөх уулаар холбогдсон их тахилга гинжин хэлхээгээр сүүлчийн удаа хийгдэж байгаа онцлогтой. Манайхан бас харийнхан энэхүү гинжин хэлхээг тасалж, газар дорх баялгыг нь авч одох билээ.
 Энэ их тахилгыг зохион байгуулсан, оролцсон бүх хүмүүст баярлалаа. Мөнх тэнгэр бүгдийг ивээх болтугай.
Их тахилгын эргэн тойронд.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга, ИХТ-ийн дарга нарт нэг сарын өмнө МБНЭ-ээс албан тоот өгсөн юм. Тахилгын өдрүүдэд сумын бүх удирдлага аймаг, хотод ажиллахаар алс холыг зорьсон нь чухамдаа бөөгийн нэгдсэн тахилгаас зугтсан гэлтэй. Монгол хүмүүс уламжлалт бөөгийн шүтлэгээс айн зугтсан нь бид өөрсдийн дотны зүйлээ харийн нүдээр хардаг болтолоо өөрчлөгдсөний илэрхийлэл энэ буй заа. Ханбогд сумын удирдлага өнөөдөр “морь унасан толгойгүй хүн лугаа” болжээ. Яалтай билээ.
Монгол говийн их тахилгад арван машин цуваанд татуулан хүрч ирсэн нь Өмнөговийн Ханбогд сумын удган Цэцгээгийн шавь нар байсан бөгөөд байрлалын баруун талыг эзлэн бууж, гэр юугаа тохижуулав. Тун удалгүй нэгэн жип машинтай хүмүүс ирж биднийг тойрон явж байснаа тэдэнтэй уулзалт хийв. Тэгээд удалгүй удган Цэцгээ шавь нараа цуваанд оруулж, оюу толгойн дарга нарын амралтын зүг тоос татуулан нүүж одов. Мөнх тэнгэрээ  шүтдэг бөө нар ингэж хаврын тэнгэр шиг аяглаж, сүр жавхлантай жагсаж ирсэн арван машиндаа сууж сүүлээ хавчсан нохой лугаа Оюу толгой зүг тоос татуулан одов. Ааштай авгай гэр лүгээ гүйдэг шиг, тэдэнд ямарч байсан их тахилгаас зугатах, тэднийг татах өөр зүйл байсан бололтой. Ямар ч сүртэй юм, ямар ч ааштай юм, ямар ч гутамшигтай юм, ийм зан гаргах нь ...
Ханбогд сумын зон олонд гомдсон байхаа хайрхан нь, тэгээд тахилгын дараа тэр сумыг орхин эргэн тойрон бүх л газруудад хур бороогоо орно билээ.
Тахилга дээр Ж.Алтанчимэг багшийн сураг гарав. Монгол говийн нэгдсэн их тахилга эхлэхээс хэд хоногийн өмнө Ж.Алтанчимэг багш өөрийн биеэр их нутагтаа заларч, бөөгийн чанар хийж 50 орчим шавь нэгэн зэрэг босгосон сурагтай.  Бөөгийн чанар хийх явцад нэг шавь нь муудаж, эмнэлэгт хүргэгдэж, улмаар нас баржээ. Тэр л шөнөдөө Ж.Алтанчимэг багш сэмхэн хот руу явсан сураг гарав. Тэдэнд хандан нэгэн шүтлэгтэн мөн л тэр өдөр зан үйл хийлгэсэн авч тэр л шөнөдөө хорвоог орхисон аж. Тэднээс МБНЭ-д энэ тухайгаа гомдол мэдүүлэв.
Сайн үйл, саар зүйл зэрэгцэж байдаг энэ хорвоод сайн мууг ялгаж байдаг Мөнх тэнгэр бий шүү дээ. Мөнх тэнгэрийн хариуцлага ч бий.
Мөнх тэнгэр минь өршөө...

                                                                               М. Тэнгэрээ

 
 
 

Comments