logo

logo.jpg

Advertisement

ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ТАХИЛГА БОЛЛОО

Онгод чуулсан энэ зуныг Их тахилгад оролцсон хэн ч мартахгүй байх аа. Хөвсгөл нуурыг тойрсон энэ сарьдагуудын онгод нэгэн цаг хугацаанд ийнхүү чуулсан нь олон зуун жил тохиогоогүй үйл явдал байв. Мянга мянган жилээр хуурын дуугаа таслаагүй Монгол бөөгийн өлгий нутгынхан нэгэн тугийн дор нэгдэж, Монгол төр, ард түмэн, онгон байгальдаа ийнхүү нэгдэн залбирахаар цугларлаа. Монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Өүлэн эхийн санааг илэрхийлж, баруун хязгаарын монголчуудыг төлөөлж урианхай, тува, ойрад, захчин, дөрвөд, баяд, өөлд бөө нарыг төлөөлөн Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал тэргүүтэй, зүүн хязгаарын монголчуудыг төлөөлж буриад, барга, хамниган бөө нарыг төлөөлж, Монгол бөөгийн Буриадын Их удган Х.Гэрэлтуяа тэргүүтэй, Монголын өмнийн говь, гурван голын билчэрээр амьдардаг төв халхын бөө нарыг төлөөлж, Булган аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Н.Туул тэргүүтэй, Хөвсгөлийн дархад, цаатан, хотгойд бөө нарыг төлөөлж Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун гээд олон язгуун угсааны бөө нар өөр, өөрсдийн нумын сумаа авчирчээ.
2014 оны 7 дугаар сарын 3-ны орой гэхэд газар газраас ирэгсэд байрлалаа эзлэн буусан байлаа. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн чадлынхаа хэмжээндээ бэлтгэлээ хангасан байв.Хүрэлцэн ирэгсэдийг нутгийн зон олон цэнхэр хадаг, мөнгөн аягтай сүүгээр угтан авч байлаа. Төв хэсэгт зургаан гэр байрлуулжээ. Тэнд МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл, бөөлөх бөө нар байрлажээ. МБНЭ-ийн бага хуралдайгаар бөө нарыг өөр, өөрсдийн майхан асартайгаа ирэхийг  хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн билээ. Гэтэл зарим нэг нь зөвхөн гэрт заларна гэж хүндрэл учруулж, тэгэхгүй бол явлаа гэж айлган машиндаа суун одов. Алс холоос тахилгадаа ирчихээд иймхэн шалтгаанаар тахилгадаа оролцохгүй явсанаар хэн хохирох юм бэ?
2014 оны 7 дугаар сарын 3-ны өглөө 12 цагаас Хөвсгөл аймгийн Хатгал сумын соёлын төвд “ХӨВСГӨЛ ДАЛАЙН ИХ ТАХИЛГА” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурал  болж, судлаач, бөө нар, шүтлэгтэн олон илтгэл тавьж, илтгэлийн дараа асуулт хариулт хэлбэрээр санал бодлоо солилцлоо. Нэгдүгээрбайр - өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналыг залуу судлаач Б.Мөнхдалай “Лусын тухай ойлголт, Лусын тахилгын зан үйл” сэдвээр, Хоёрдугаар байр - өргөмжлөл, мөнгөн шагналыг Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Бадамсүрэн “ Хөвсгөл далайн нүрээлэн буй орчин ашиглалт, хамгаалалт” сэдвээр, Гуравдугаар байр - өргөмжлөл, мөнгөн шагналыг судлаач Н.Туул “Бөө гэгээн тархи” сэдвээр, Тусгай байр - өргөмжлөл,шагналыг Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун “Хөвсгөл далайн Лусын тахилгын зан үйл” сэдвээр, Нэрэмжит шагнал-өргөмжлөлийг зайран, судлаач С.Лхагважав нар эзэллээ.
Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурлын дараа Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал нутгийн ахмадууд, хүүхдүүдэд гарын бэлэг тараасан билээ.
Бөө, түшээ, шүтлэгтэн нар Хатгал сумын орон нутгийн музейг үзэж, дараа нь “Сүхбаатар” усан онгоцоор Хөвсгөл далайд аялав. Усан онгоцонд болсон тэмцээн уралдаанд МБНЭ-ийн гишүүн удган Л.Адьяа, Ц.Чулуун нар идэвхтэй оролцсон билээ.
Орой 19 цагаас тахилгад хүрэлцэн ирэгсэдэд зориулан Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Оройн хүндэтгэлийн зоог барьж, баяр хүргэж, талархал илэрхийлэв.
Их тахилгын өмнөх өдрийн оройноос Эх дэлхий минь хайлан уярч хур бороогоо хайрлав. Шөнөжин орсон бороо Лусын тахилгын өмнөхөн зогсов.
2014 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 9.40-өөс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир нар тэргүүлж бөөлж эхэллэв. Дараа нь Дархадын удган Цэцгээ, цаатан бөө, зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ) нар бөөллөө.
Энэ тахилгын үеэр зайран С.Лхагважав өөрийн дураар бөөлж, МБНЭ-ийн бага хуралдаагаар баталсан нэгдсэн тахилгын эртнээс тогтсон журмыг эвдэж, сахилга дэг алдагдуулсан билээ. Үнэхээр зайран С.Лхагважавт бөөлөх хүсэл байсан бол МБНЭ-ийн бага хуралдайд санал бодлоо илэрхийлж, тахилгад бөөлөх боломж байсан. Нөгөөтэйгүүр заавал бөөлөх хүсэл байсан бол өөр хаана ч бөөлөх боломж байсан билээ. Өмнөговийн тахилгад зайран Ж.Чулуунбаатар, Хөвсгөлийн тахилгад зайран С.Лханважав нар тахилгын журмыг зөрчсөнд МБНЭ-ийн Хяналтын цэцээс хариуцлага тооцох шаардлагатай байгааг харууллаа. Тэгэхгүй бол цаашид хэн дуртай нь бөөлж, дэггүйтэл газар авах нээ.
2014 оны 7 дугаар сарын 4-ны 11.40 цагаас Хайрханы тахилгад Хөвсгөлийн зайран Д.Нямдаваа, Х.Батбаяр, (олонд “бүдүрэ” зайран) нар толгойлж бөөлсөн байна.
Тахилгын завсар хооронд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан,МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар тахилгыг сонирхон оролцон байгаа АНУ, Францын төлөөлөгчид зэрэг гадаадын 30 орчим төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, сонирхосон асуудлуудад хариулт өглөө.
Үдээш хойш 17.00 цагаас шагнал олгох ажиллагаа эхэлж, Хөвсгөл аймгийн Засаг  даргын “Жуух бичиг”-ээр МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Дархадын зайран Э.Балжир, Д. Нямдаваа нарыг шагнасныг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Ганбаатар гардууллаа. Мөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд тахилгад оролцсон бөө нарт шагнал, дурсгалын зүйл гардууллаа. Мөн Монгол бөөгийн Тэргүүн зайран цол, тэмдэгээр Б.Баяраа, Х.Батбаяр нарт олгосныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардуулж, энгэрт нь тэмдэгийг нь зүүж өглөө.
Орой 22.00 цагаас Галын тахилга болж, Монгол бөөгийн тэргүүн удган В.Жавзансүрэн удирдаж, Хөвсгөлийн удган Энхжаргал, удган Цэнд-Аюуш, удган Ариунбаяр нар толгойлж бөөлсөн билээ. Галын тахилгын өрнөлд залуучуудын бөөгийн “Галт шонхор” төвийн залуучууд оролцож, бөөлж галаа хөгжөөлөө.
Галын тахилга дуусангуут Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын хаалтын ажиллагаа болов. Хаалтын ажиллагаанд хөвсгөлийн театрын хамт олон оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгад толгойлж бөөлсөн бөө, зайран Б.Балжир,   Д.Нямдаваад Монгол бөөгийн тэргүүн зайран, Удган Энхжаргал, Цэцгээд Монгол бөөгийн Тэргүүн удган, Т.Пүрэвдоржид Монгол бөөгийн зайран, Цэнд-Аюуш, Ариунбаяр нарт Монгол бөөгийн удган цол тус, тус олгосон байна. МБНЭ-ын “Алтан шонхор” медалиар Б.Балжир, Д.Нямдаваа, “Мөнгөн шонхор” медалиар зайран Сансар, Ариунбаяр нар,“Хүрэл шонхор” медалиар Эрдэнэцогт, Энхжаргал нарыг,МБНЭ-ийн “Өргөмжлөл”-өөр арван хүнийг шагнасныг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд гардуулан зүүж өглөө.Энэ үед тэрхэн орчинд их манан тэнгэрээс газарт бууж, битүү бүрхэж нэг, нэгнийгээ харахад бэрхтэй болсон юм.
Монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Алунгоо эхийн санааг илэрхийлж, баруун хязгаарын монголчуудыг төлөөлж урианхай, тува, ойрд, захчин, дөрвөд, баяд, бөө нар, зүүн хязгаарын монголчуудыг төлөөлж буриад, барга, хамиган бөө нар, Монголын өмнийн говь, гурван голын билчэрээр амьдардаг төв халхын бөө нар, Хөвсгөлийн дархад, цаатан, хотгойд бөө нар гээд олон язгуун угсааны бөө нар өөр, өөрсдийн нумын сумаа авчирчээ. Нумын сумаа энэхүү Монголын хоймор болсон далай ээж, Хөвсгөл нуурын хөвөөнд нэгтгэн зангидаж,  МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуунд шардуулж, уг нумын сумнуудыг нэгтгэн зангидаж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд гардуулан өгч, Монгол бөө нар нэгдэж нэгэн дээвэр дор, нэгэн туган дор нэгдэж байгаагаа тунхаглалаа. Энэ ажиллагааны дараа буусан манан дээшээ дэгдэж, тэнгэр цэлмэж, одод харагдав. Маргааш үдэд давхар солонго гарч, сонин сайханыг олны өмиө үзүүлэв. Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилга амжилттай дууслаа.
Энэхүү Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгыг гардан зохион байгуулж, удирдсан Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн  зайран П.Ганболд, түүний отго, галын хамт олонд МБНЭ-ийн Ерөннийлөгч Д.Жаргалсайхан, Дээд цэц, Хяналтын цэцийн өмнөөс талархал илэрхийлье.

Д.Хүрэлбаатар

Comments