logo

logo.jpg

Advertisement

Хүннүгийн ноён уулын тахилга амжилттай боллоо

“Ноён уулын тахилга тайлга”
амжилттай болж өндөрлөлөө
Энэ сарын 12 өдөр буюу өнгөрөгч ням гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт их түүхтэй “Ноён уул”-ыг тахиж тайх ёслол амжилттай болж өндөрлөлөө.
Монголын бөө мөргөлийг зөв голдиролд нь оруулах, бөө нарыг нэг дүрэм журамд нэгтгэх, мөн монгол бөө мөргөлийг дэлхий дахинаа түгээн таниулах зорилготой байгуулагдсан “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл” анхны дээд хуралдаанаа зарлан хуралдуулснаас хойш сар хүрэхгүй хугацаанд санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой томоохон үйл явдал байлаа.
“Ноён уул” нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын нутгийг дамнан орших бөгөөд Хүннүгийн үеийн түүх соёлын олдворуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ.  Ихсийн алтан өлгий “Ноён уул”-нд 200 гаруй булш мөн балгас, туурь байгааг олж  тогтоосон юм.  
Уул усны эзэд, онгод сахиусууд хилэгнэж, ган гачиг болох, мал сүрэг үхэж үрэгдэх, ард олны амьдрал үгүйрэн доройтох явдлаас урьдчилан сэргийлж, байгаль экологийн эмч, хэлмэрчийн үүрэгтэй бөө нарын төлөөлөл болсон 300 гаруй удган зайран “Ноён уулын тахилга тайлга” арга хэмжээнд оролцсон.  Бөө нар болон тэдний гэр бүлийнхэн, нутгийн зон олон нийлсэн 800 гаруй хүн идээ цагааныхаа дээжийг өргөж, “Ноён уул” хайрхандаа сөгдөн мөргөж, бөө нар уул ус, овооны тахилга тайлгын зан үйлийн дагуу бөөлсөн юм.  “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ийн цаашид санаачлан зохион байгуулах олон чухал ажлын эхлэл болсон “Ноён уулын тахилга” ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.
Д.Мөнхзул
 

Comments