logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

​5. ЗУРАГ ДҮРСИЙН ШҮТЛЭГ

5. ЗУРАГ ДҮРСИЙН ШҮТЛЭГ Эртний өвөг шүтээний дотор ертөнцөд бүтээгдсэн бүхнийг далд ухамсрын гүнд оршигч, оюун сэрэхүйг хангагч гэж үзэж иржээ. Эртний онго шүтээний дурсгалууд нь эрт үеийн дүрс сэтгэлгээ, эртний хүний зан үйл, ухаарал, сэтгэлгээний онцлогыг гүнзгий ойлгоход тусладаг. Онго бол өвөг дээдсийн сүлд, сүнсэн дүрслэлт тахилга шүтээн юм. Онго, бөөгийн хамгийн чухал шүтээн болох учир бөө удган нар түүнийг хад чулуун дээр зуран дүрслэхээс гадна модоор сийлбэрлэн, ноос эсгийгээр хайчлан, алгадан, чихмэлийн аргаар урлаж, онго сахиусаа бүтээж иржээ. Гал нээж олсон үеэс махыг түүхийгээр нь бус түлж, шарж идэх болсноор сэтгэхүйд томоохон өөрчлөлт гарч, ингэснээр хөдөлмөрийн багаж зэвсэг нь улам төгөлдөржиж, ан агнуур дагнан эрхэлж чаддаг болсон зэрэг нь дүрслэх сүг зургийг бүтээх боломж олджээ. Элэнц хуланцын эхтэйгээ дохио зангаар дамжуулан харилцах зан үйлийг тогтоосны дүнд агуйн чуулбар сүг зураг буй болжээ. Гэхдээ энэ нь жижиг онго дүрсийн шүтээнд ч хадгалагдаж байсан юм. Нэн эртний сүг зурлага босгоход товчилсон дохио тэмдэг их байдаг. Амьтны биед толбо тэмдэг тавьбал тэр нь шарх оноосон дом байх жишээтэй. Нойтон шаварт самнасан гороо тэмдэг нь гэхэд амьтны мөрийг зааж домносон байх жишээтэй. Агуй хадны сүг зурлага нь зосон ба сийлмэл хоёр хэлбэртэй байдаг. Сүг зурлага нь араатан амьтан болон онго шүтээн тайх байдлыг харуулсан байх нь тэр үеийн хүмүүсийн нийтлэг төсөөллийн илрэл болдог. Зосоо бэлтгэхдээ ан амыны цус, бал чулуу, хөө, ургамлын хүчиллэг шүүс зэргээр найруулдаг байснаа төмрийн баяжмалыг шатаан хэрэглэх аргыг нээн олжээ. Сийлмэл нь зөвхөн сийлж цохисон бус ургамлын хүчлээр идүүлж тэг гаргах аргыг түгээмэл хэрэглэдэг байжээ. Хадны зурлагад амьтныг байгаа байдлаар нь дүрслэх биш шархтсан байдлыг голлон харуулдаг байжээ. Мөн амьтантай зөнгөөр харьцах занга дохио түүнийг эрхшээлдээ оруулах аргыг хамтад нь харуулдаг байна. Хадны сүг зургийн цаад утга нь хойд нас, нөгөө ертөнцийн тухай болон эрхэлдэг ан агнуур, түүний ид шидтэй холбон гаргасан байдаг нь сүсэг бишрэлтэй холбоотой. Хаданд зурсан зургууд нь олон жил тайлж тахих бүрдээ дахин давтан зурдаг учраас зурлага нь холилдон багцлагдаж, эмх цэгцгүй болсон харагддаг. Энэ үед ан ав болон элэнц эхээ зураглан дүрслэх нь их байжээ. Амьтныг дүрслэх нь гол биш түүнийг амьдчилан, ид шидчилэх нь чухал байжээ. Тухайлбал араатны хумс, үс, толгой зэргийг тасалж домнох сүсгийн зан үйлийг харуулсан байдаг. Эвэр туурай, сүүл сарвууг сийлж эсвэл зосоор өнгөлж шид хөгжөөх зан үйл зарим газар одоо ч бий. Сүг зурлагийн шүтээн нь сүсэг бишрэлийн түүхэнд үнэлж баршгүй тустай. Сүг зурлагийг зөвхөн тахилч- эм хүн үйлддэг ёстой байсан, ан авыг урьдчилан ховсдох гороо зурлага элбэг таардаг. Ан авыг амжилттай хийх итгэл үнэмшлийн сүсэг анчдын зориг хүслийг уул усны эздийн таалалд нийцүүлэх учир утгыг харуулсан байна.  

ХҮНИЙГ ДЭЭДЛЭН ХҮНДЛЭХ ЁС

4. ХҮНИЙГ ДЭЭДЛЭН ХҮНДЛЭХ ЁС Энэ шүтээний дүрсэнд аливаа зүйлийг хүмүүнлэг загварт оруулж ертөнцийг үзэх өөр илэрхийллийг дүрслэх болсон байна. Ялангуяа эмэгтэй хүнийг бүхнийг үүтгэгч гэдгээр нь илүү их дүрсэлж байжээ. Эр үүтгэл гарвалыг тайллага тахилгын зан үйлд цээрлэдэг байсан учир эр дүрс бараг байдаггүй. Эхийн эрхт ёс болон элбэг дэлбэг байдал үржил шимийг бэлэгдсэн сүсэг бишрэлийн зан үйлийн илэрхийлэл болж гарч иржээ. Газар газраас олдсон онго дүрсүүд дотор элэнц хуланцын эх дүрсийг харуулсан байх нь олонтой. Анхны тахилч нь удган байжээ. Удган галын эх, галын эзэн гэсэн үг юм. “Уд - гал, ган- эзэн” гэсэн Түрэг Монгол үг бөгөөд анхны тахилга нь галын тахилгаас үүсчээ. Удган мод бол бас л галын эх юм. Модгүйгээр гал үүсэхгүй тэгэхээр мод бол галын их эзэн юм. Модон дотор гал оршино. Гал модноос үүсдэг. Их халуун нарны хурц илчинд халсан модны хавиралтаас гал үүсчээ. Үүнийг ч тэр үеийн хүмүүс олж мэдээ биз. Гал асаах, гал манах, гал зөөх, гал хөгжөөх, гал унтраах нь тухай тухайдаа өөр өөр зан үйлтэй, махаа шарж болгож үр хүүхдээ тэжээх нь эхийн үүрэг ажээ. Одоо ч “галын эзэн”, “тогооны хүн” гэсэн үг хэллэг байдаг. Ариун мод хүний сүнс үхсний дараа хорогддог. Амьдрал үржлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаар удган модыг хүмүүнчлэн, амьдчилан үзэх үзэл бишрэл тогтжээ. Газар дэлхийн үржил шимийг бэлэгдсэн “алтан сав”- ны үзлээс мөн л амьтны үржил өсөлтийг бэлэгдсэн “алтан умай” -н үзэл шүтээн төрж гарсан байна. Энэ нь мөн л газар дэлхийг амьдчилан үзэх, эхийн умайг тусгайлан амьд үржлийн бэлэгдэл гэж үздэгтэй холбоотой. Ш.Сүхбат Энэ шүтээний дүрсэнд аливаа зүйлийг хүмүүнлэг загварт оруулж ертөнцийг үзэх өөр илэрхийллийг дүрслэх болсон байна. Ялангуяа эмэгтэй хүнийг бүхнийг үүтгэгч гэдгээр нь илүү их дүрсэлж байжээ. Эр үүтгэл гарвалыг тайллага тахилгын зан үйлд цээрлэдэг байсан учир эр дүрс бараг байдаггүй. Эхийн эрхт ёс болон элбэг дэлбэг байдал үржил шимийг бэлэгдсэн сүсэг бишрэлийн зан үйлийн илэрхийлэл болж гарч иржээ. Газар газраас олдсон онго дүрсүүд дотор элэнц хуланцын эх дүрсийг харуулсан байх нь олонтой. Анхны тахилч нь удган байжээ. Удган галын эх, галын эзэн гэсэн үг юм. “Уд - гал, ган- эзэн” гэсэн Түрэг Монгол үг бөгөөд анхны тахилга нь галын тахилгаас үүсчээ. Удган мод бол бас л галын эх юм. Модгүйгээр гал үүсэхгүй тэгэхээр мод бол галын их эзэн юм. Модон дотор гал оршино. Гал модноос үүсдэг. Их халуун нарны хурц илчинд халсан модны хавиралтаас гал үүсчээ. Үүнийг ч тэр үеийн хүмүүс олж мэдээ биз. Гал асаах, гал манах, гал зөөх, гал хөгжөөх, гал унтраах нь тухай тухайдаа өөр өөр зан үйлтэй, махаа шарж болгож үр хүүхдээ тэжээх нь эхийн үүрэг ажээ. Одоо ч “галын эзэн”, “тогооны хүн” гэсэн үг хэллэг байдаг. Ариун мод хүний сүнс үхсний дараа хорогддог. Амьдрал үржлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаар удган модыг хүмүүнчлэн, амьдчилан үзэх үзэл бишрэл тогтжээ. Газар дэлхийн үржил шимийг бэлэгдсэн “алтан сав”- ны үзлээс мөн л амьтны үржил өсөлтийг бэлэгдсэн “алтан умай” -н үзэл шүтээн төрж гарсан байна. Энэ нь мөн л газар дэлхийг амьдчилан үзэх, эхийн умайг тусгайлан амьд үржлийн бэлэгдэл гэж үздэгтэй холбоотой. Ш.Сүхбат

Галын даллага

Галын даллага Ачит язгуур үндсэн лам нарын буян хийгээд Аврал дээд гурван эрдэнийн буян Аугаа хүчин төгөлдөр сахиуснуудын буян лугаа Алимад сайн буянгуудыг энд ирүүлэн соёрх хурай, хурай, хурай Улам дээшид бадрах цог заль Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд Улам элбэг болон арвидах мал идээ Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх хурай хурай хурай... гэж хүн бүхэн хувин, сав, тавагтай идээгээр даллага хурайлан дуудаж даллага авах ба бас хуудам хаагаар даллага авах ч байдаг. Өчиг, даллага дуудаж байхад архи дарс, өөх тос, амс зэргийг дахин дахин өргөж байх хэрэгтэй. Галын даллага авах үес хүн бүхэн энгэрийн товчоо мултлан, цээжээ сэлж хишиг буяныг биедээ шингээж аваад даллага дуудаж төгсмөгц энгэрээ товчилж буян хишгээ хадгалдаг.               Хүлцэл гуйж очих. Галын тахилгыг дуудаж дуусан дуустал галын эзэнд тахил тавигийн зүйлийг тасралтгүй өргөж байх ба ихэд бишрэнгүйгээр сүслэн мөргөж залбирал үйлдэн ариун буяны хишиг арвижуулахыг зорино. Гал тахисны хойно галын бурхнаас хүлцэл өчиж гуйн мөргөдөг сайхан заншил нийт монголчуудад бий. Энэ нь нутаг нутгийн гал тахих ёс харилцан адилгүй бөгөөд баахан зөрүүтэй ба гал тэнгэрийн таалал ямар байхыг эс мэдсэн дээрээс буюу доорд сэтгэлийг барьж омогшил бардамналыг номхотгон хүлцэл өчиж айлтгадаг.               Бидний мэдлэг чадвар мөхөс, урьдын ёс журмыг ёсчлон үйлдэж мэдэхгүйн улмаас сайтар хүндэлж чадаагүй алдаа эндэл байсан бол авран өршөөж хайрлахыг гуйя гэж нүгэлээ наминчлан хичээнгүйлэн айлтгасан утга агуулдаг. Монгол хүн гал усанд ам гарч болдоггүй гэж хэдий сайтар ёсчлон тахисан боловч хүлцэл өчиж, уучлал энэрлийг гуйж, нүгэл гэмээ наминчлан цагааруулахыг хүсэж айлтгадаг байна.               Хүлцэл өчих явдал хүмүүжил боловсрол ёс жудгийн эрхэм агуулгатай бат журмын ёсыг агуулсан яруу найргийн сэдэвчилсэн төрөл юм. Ялангуяа бөөгийн яруу найрагт хүлцэлийн сэдэвт шүлэглэл түгээмэл байдаг. Жишээ нь:   Барайсныг хардаггүй Бархирсныг сонсдоггүй Усан хар нүдтэн Цусан улаан  зүрхтэн Өнөө үеийн хойчис Мөгөөрсөн биет нялхас бид Мэдэхгүй байгааг маань Мэргэндээ тольдож мэдээд Өршөөж хайрлаж соёрхоно уу гэх мэтээр хүлцэл өчиж айлгадаг.   Галын хүлцэл Аль бас бидний мэдэл чадал муугийн эрхээр Ариунаар тахин хүндэлж эс чадсан тэргүүтэн Алдал нүгэл хэдий чинээн болсныг гэмшин наманчилъя Аварч хүлцээд гэмгүй болгон соёрхоо   Гал тэнгэрийг ажааруулах.Галын тэнгэрийг тахиж ерөөл тавьсаны дараа гал тэнгэртээ архи дарс, хишиг амс өргөн галын тэнгэрийг хурааж дэгдээх зан үйлийг Гал тэнгэрийг ажааруулан хураах гэж нэрлэдэг.   Эрх хүчин төгөлдөр гал тэнгэрийн чуулган үеэр Энэрч манай тусыг бүтээсэн маш их ачтай болов Эдүгээ өөрийн оронд ажааран залраад Эгүүрд султгалгүй нигүүлсэнгүй бээр айлдан соёрх Хамаг ертөнцөст өвчин гамшиг хэрүүл тэмцэл Хамаг үл зохилдохуун амирлаад ном буян Хамаг хүсэгдэхийн учрал зуны агаар мэт дэлгэрч Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай. гэж ерөөл тавиад гал тахилгын явц өндөрлөдөг.        

Галын даллагын учир

  Галын даллагын учир   Галын бурханд хишиг буяны өчиг өчиж цог заль, сүр сүлд, мал идээ, сайн чадал, мэргэн ухаан, чийрэг бие, алдар нэр, их хэрэг, зөв үйл, малын хишиг, ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, язгуур үндэс, нөхөр хань, боол зардас, замын өлзий, нутгийн өлзий, үйлсийн өлзий, амар жаргалан, хотол баясгалан, сайн буян өлзий хутаг, номын буяныг хурайлан дуудаж оршоох утгыг агуулсан байдаг.   Галын даллагын яруу найргийн уран сайхны онцлог нь хишиг буяны төрөл зүйлийг элдэв чимэг тодотгол үгсээр тодруулж, батлах хийгээд үгүйсгэх холбоосоор зангидаж сэтгэлд зохист нийцэт утга бүхий үгсийн уран хэлхээсийг хэлхэж урласан байдаг. Буян хишиг, өлзий учрал, цог золбоог тоочин өгүүлэн тоочимж бүхнийг шадлан шад бүхний төгсгөлд ба хийгээд холбоосоор давтан холбож, утга уянгын яруу зохицлын тэгш хэмнэлийг тааруулсан байна.   Муу үйлсийг зайлуулан соёрх, сайн үйлсийг өгөн соёрх гэсэн гол үгсийг бадаг бүхэнд давтан, хишиг даллага хурайлан аливаа хүний сэтгэлийг өөдрөг бадрааж хөгжөөхийн аясыг өгүүлсэн зул бадамлан бадрах мэт сэтгэгдэл төрүүлдэг уран сайхны онцлогтой.    

.”Балигийн ээж” буюу Шишмаа удганы онгодын тамлага

.”Балигийн ээж” буюу Шишмаа удганы онгодын тамлага Баруун Балиг нутаг минь Бардам Шишмаа нэр минь Түргэн урсгалт унд минь Зүүн Балиг нутаг минь Зөрүүд Шишмаа нэр минь Дэлгэр мөрөн ундаа минь Дэлтэй цэнхэр унаа минь Дэлгэр хаанаар гүйдэл минь Дээд тэнгэр байр минь   Хувдай цаанай нураан дээр Хуулай Жамсаар жонуулж Цагаан зарины нуруун дээр Цастай Жамсаар жонжуулж   Халиу булгаар гоёж явсан Хандгай бугаар хооллож явсан Урацан гэртээ амьдарч явсан Утаа майг татуулж явсан Бардмаар ч алдаршсан Түрлүүгээр ч нэрлэгдсэн Балигийн ээж биеэрээ Бардам Шишмаа биеэрээ Хулгана жилтэй улаач минь Хувиа авсан амьтан минь Таван үеэдээ дамжсан Танхил жаахан нялзрай минь Хэний юуны хэрэг зориг Хэт нутаг хаагуур Хэзээ юуны учраар Хэлцэл яриа юу воодой /хүү минь/ Тоотой насы нь Тоолон хэлж Төөтэй биеий нь Төөлөн хэлж Арван хэдэн настай Аравгар багахан нялзрайгаа Атаатны гарт алдаж Асгаруулж явсан Шишмаа Бардам зан минь байсан нь Байлгаж чадаагүй хохь минь Түрлүү зан минь байсан ч Тээглүүлж чадаагүй хохь минь Ээ халаг, ээ халаг Ээ  түлэг, ээ түлэг   Тайлбар: Бардам түрлүү, зөрүүд зантай Шишмаа нэртэй байсан гэж өөрийгөө танилцуулаад арваадхан настай бяцхан үрээ бусдын гарт алдсан эмгэнэлт түүхээ тоочож, зовлонтой гаслантай байснаа дурсан халаглаж шаналсан харууссан дүр төрхтэй болдог.   Дээрх тамлагад эхлээд өөрийгөө танилцуулаад, тийм угтай, тийм юм иддэг уудаг, тийм явсан гэхчилэн хэлдэг.  

Галын залбирал

Галын залбирал Эрхт хүчин хотол төгссөн гал тэнгэрийн чуулган Өргөсөн эдгээр тахилыг минь баясан зооглоод Эрж хүссэн ямар хэрэгтнийг хоцроолгүйгээр Энэрэхүй сэтгэлээр бүтээж хайрлан соёрх Халуун хүйтэн хямарсан тэргүүтэн элдэв өвчин ба Харшлан хор үйлдэгч өстөн дайсан ба Хаялга чөлөө эрэгч ад чөтгөр тэргүүтэн Хамаг үл зохилдохууныг амирлуулан соёрх... гэж залбирал өчиж залбираад галын өчиг үргэлжлүүлэн өчдөг.   Галын  залбирал. Тахил хүндлэлийг маань хүлээн авч баясан зооглоод, эрж хүссэн хэргийг энэрхүй сэтгэлээр бүтээн соёрхохыг гуйн мэдүүлж санал, зориг, хүслээ залбиран айлтгасан утгыг агуулдаг. Үүнд: өвчин зовлонгүй, өстөн дайсангүй, үл зохилдохуун бүхнийг даран, зуд турхан, чоно хулгай, үхэл гамшиггүй, адуу мал хоромжгүй, амь нас бат оршихын залбирлыг наминчилж залбирал үйлдсэн агуулгыг багтаадаг.   Галын өчиг Дөрвөн зүгийн бүхэн сайшаан магтах ба Таван хошуу мал тэгш дэлгэрэх хийгээд Дөрвөн зүйлийн үйлст Насад жаргах болгон соёрх... гэх мэт.   Аливаа санасан хэрэг сэтгэлчлэн бүтэхийг гуйн мэдүүлж, айл гэр хотлоороо амгалан аж төрөхийн хүсэл зоригоо айлтган, аврал эрж, аливаа муу бүхнийг арилгаад, алив сайн бүхнийг дэлгэрүүлэн соёрх гэсэн утгыг агуулдаг.    

Галын магтаал

Галын магтаал   Амь насыг урт болгон ивээхийн тулд Аршийн дүрт дээд биеийг үзүүлсэн Ад чөтгөр тэргүүтнийг амирлуулахын тулд Асар цагаан өнгөөр хувилсанаа магтмой Үгүйрэхийн зовлонгоос аврахын тулд Үлэшгүй рашаант хумх бариад Үзэсгэлэнт эрхи барьсанаа магтмой Хэдий бүх орчлонгийн хамаг амьтны Хэрэглэн хүссэн тус ба жаргалангуудыг Хэзээ ч осолдолгүй бүтээн зохиогч Хэтэрхий гал тэнгэр нөхөд сэлтийг магтмуу гэж галын магтаал дуулдаг.   Галын тэнгэрийн дүр нь улаан царайтай хоёр мутар, гурван мэлмийтэй, хөмсөг сахал нь гал бадарсан мэт гүн улаавар, алтан шаргал сэрх ямаа унаад баруун мутартаа эрхи, зүүн мутартаа хумх барьсан байдгийг магтан өгүүлсэн байх ба Ордос монголчууд сэрх барин үйлддэг нь үүнтэй холбоотой болов уу. Лувсанчүлтэмийн “Галын сударт” өгүүлснээр: Өмнөх огторгуйд рам үсгээс үүссэн гал цогцын төвт цагаан өнгийн гал тэнгэр нь баруун мутартаа шил архи, рашаан дүүрэн хөндий нэрт хумх барьж, цагаан мяндсан сугавчит цагаан торгон дээл өмсөөд, очир завилгаар лянхуа цэцгийн суудалд суусны гадуур эрхин лүгээ адил дүүртэн нөхөд сэлтээр хүрээлүүлсэн гэж дурджээ. Үүнээс үзэхэд аль алин нь бурханы шашны дүр дүрслэлийг илэрхийлсэн бурхан шашны номлолоор бүтээсэн сахиусан дүр болох нь илэрхий. Энэ сахиусан дүрийн дүр дүрслэлийг үгийн уран сайхнаар зураглан дүрсэлж магтсан агуулгатай байна.   Гал тэнгэрийн сахиусан дүрийг Аршийн дүрт дээд биеийг үзүүлсэн Асар цагаан өнгөөр хувилсан Үзэсгэлэнт эрхи барьсан Үлшгүй рашаант хумх барьсан гэх мэтээр магтан дүрсэлдэг байна.   Галын магтаал магтсаны дараа хүссэн хэрэг, зорьсон зориг, аливаа санасан санал учраа айлтгаж, галын залбирал үйлддэг.  

​Галын мөргөл.

Галын мөргөл.  Галын билгүүн дүрийг сэтгэлдээ үүсгэн зохиож, Галайханы бие, зарлиг, сэтгэл эрдэм үйлсэд бишрэх сэтгэлээр мөргөсөн мөргөл шүлэг юм. Мөргөлийн энэ хувилбарт цогт, хэмээх үгийг шад бүхэнд давтан холбож, өлмий бүжлийг бие, зарлиг, сэтгэлийг хотол төгссөн хэмээх үгээр чимж зохилдохуйн чимэг утгыг илтгэн, яруу төгс өгүүлжээ.   Цогт жавхлант хотол төгссөн биет Цогт яруу эгшиг хотол төгссөн зарлигт Цогт асран нигүүлэсхүй хотол төгссөн сэтгэлт Цогт гал тэнгэр нөхөд лүгээ сэлтэд мөргөмүү   Гал. Доод өнгөнөөс дээшид өгсүүлэн биет, зарлигт, сэтгэлт хэмээх үгэнд утгын өргөлт оноож, Цогт гал тэнгэр нөхөр лүгээ сэлтэд хэмээх шадыг дээшид бадруулан, Гал тэнгэр хэмээх үгэнд туйл болгон өргөөд, доош бууруулж мөргөмүү гэдгийн муу үеийг эгшиглэх өргөлтөөр төгсгөдөг. Энэ нь гал залиран бадрах мэтээр үлгэрлэн дуудваас зохилтой.   Тахилын дуудлагын агуулга. Гал тахих өвчүү, шагайт чөмөг, дөрвөн өндөр хавирга, амс будаа, тос өөх, архи, сэмж, есөн зул, хүж, торго бөсийн өөдөс, хялгана хэрэглэгдэхүүнийг тодотгон чимэх ба тоочин өгүүлэх хийгээд гал тахилгын зан үйлийн үйлдэл, бэлэгдэл тэргүүтнийг шүлэглэж, тахил тавигийг дурдатгасан агуулгатай байдаг. Жишээ нь: Шим чадал хурц амт бүхэн ариун төгссөн өвчүү Тосны чанар төгссөн сэмж Алимад харанхуйг гийгүүлэгч есөн зул Анхилахуй сайхан үнэрт есөн хүж Асар баясгаланг төрүүлэгч ундааны эрхин Амтатын зүйл бүхэн хүртээлийн төгссөн дээд сайн будаа элдэв торго бөс гэх мэтээр өвчүү, сэмж, өвс, зул, хүч, архи, будаа, бөс торгыг зэрэгцсэн ба угсарсан тодотголоор хэмнэл тохируулан холбожээ.   Бас гал тахилгын тахилын дурдлагад гал тахих зан үйлийн бүхий л явц хийгээд үйлдэх зан үйлийн дэс дараа хөдлөл хөдөлгөөнийг нүдэнд харагдтал сэтгэлд хоногштол уран сайхнаар өгүүлсэн жишээ гал тахих ёсны судруудад элбэг бий. Үүнд: Урт ханцуйг удруулан суунам, ууц өвчүүгээр тахин суунам. Халим өөхийг алгаар өргөнөм, хар архийг аягаар дусаанам. Арван зургаан сэрвээ дэлгэрсэн ариун өвчүүгээр тахин мөргөнөм. Арт торго ар өвөрт өмсгөнөм. Амс будаагаар тахин мөргөнөм. Арз архи, амс будаа, өвчүүгээр тахин мөргөнөм. Арван их тахил, өргөн их өчгийг чинь өргөн дуудан мөргөнөм. Тэвшит шүүч идээний дээжээ өргөн тахинам. Бурам, тос, архи, сархадаа өргөн тахинам. Торго, дурдан, таж магнагаа өргөн тахинам. Уураг сүү, цагаан идээгээ өргөн тахинам. Арз хорз, амтат идээгээ өргөн тахинам. Хонины өвчүү арван зургаан сэрвээгээ өргөн тахинам. Алтат магнагаа өмсөн ариун тос дарсаар тахинам. Торгон ханцуйг удруулан суунам, тос өөхөөр мялаан суунам. Энэ өлзийт өдөр эх шар тэргүүт цагаан хонины өвчүүгээр тахинам гэх мэт зан үйлийг дурдатгадаг.   Галын тэнгэрт тахил өргөх дуудлага Галд мөргөхийн хамтад тахил тавигийн зүйлийг магтаж, өвчүүгээ өргөж байгаад: Шим амт чадал бүхэн төгссөн ариун өвчүүг Шинэ цагаан утсаар үзэмжтэйеэ ороосон ба Шагайт чөмөг, дөрвөн өндөр хавирга, лугаа сэлт Шүтээн гал тэнгэрийн чуулганд тахил болгон өргөмүү Хурц тосны чанар төгссөн сэмж ба Хурднаа өрөвсөн бадрагч ялгана өвсийг ч Хутаг хишиг нэмүүлэг дээд хан тэнгэр Хувшгаан олон нөхдийн чуулган сэлтэд өргөмүй Алимад харанхуйг гийгүүлэгч есөн зул Анхилахуй сайхан үнэрт есөн хүж Арц гал тэргүүтэн ба элдэв хувцдын зүйл бүгдийг Аврагч гал тэнгэр нөхөд сэлтэд өргөмүй гэж өвчүү өргөөд тулганы тотгон дээр тавьж бадраахад галын хүрлэг хөгжиж, дөл нь цоролзож ирнэ. Энэ үед бусад зүйл тавигийг өргөж мөргөдөг.   Асар баясгаланг төрүүлэгч ундааны эрхин Ард бүхний сэтгэлийг булаагч шимсийн зүрхэн Амсах амт хийгээд анхилах үнэрийн эрдэм төгссөн Архины дээж өөхөн лүгээ сэлтээр тахимой гэж хоёр зүйл архийг өргөөд, амс өргөж айлтгана.   Маш үлэмж нигүүлсэхүйн чанад хүрснээр Маш хүссэн хэрэгтнийг хур мэт буулгагч Маш их хүчит гал тэнгэрийн чуулганд Маш биширхүй сүсгээр сөгдөн мөргөмүй. гээд хормойгоо дэвсгэж байгаад галд мөргөнө.   Ачит бие махбодийг дэгжүүлэх чадалт Амьтдын тэжээлийн дээд нь болсон Ариун сүү хийгээд тосыг сайтар нийлүүлсэн Амтатын зүйл бүхэн төгссөн сайн будаагаар тахимой гэж будаа амсыг галд өргөнө.   Үзвээс нүдэнд зохист тунгалаг өнгөтэй Үнэр нь хамарт зохист сайтар анхилсан Үйл чадал, бие сэтгэлийг амуулагч эрхин умдан Үйлшгүй сайн амтат сайн архиар тахимой гээд аягатай архиа өргөнө.   Хүссээр бүтэх галвирваасын хувцад лугаа адил Хүүрэлцвээс биед маш зөөлөн амгалант Хөнгөн нимгэн тэргүүтэн олон эрдэнэ төгссөн Хүртээлийн дээд элдэв торго бөсийн зүйлээр тахимой гэж дуудахад бөс торгоны өөдсийг галд өргөдөг.   Ашид бие махбодийг дэгжүүлэхийн чадалт Амьтан нугуудын тэжээлхэн дээд нь болсон Ариун сүү хийгэд тосыг сайтар нийлүүлсэн Амтатын зүйл бүгд төгссөн сайн будаагаар тахимой гээд будаа, амсаа галд өргөнө.   Хар архийг аягаар дусаанам Халим өөхлөг аягаар өргөнөм Урт ханцуйг удруулан суунам Ууц өвчүүгээр тахин суунам Торгон ханцуйг удруулан суунам Тос өөхөөр мялаан суунам гэхэд архийг гурвантаа аягалан өргөх ба халим өөх алгаараа тосч галд өргөдөг.   Эрхт гал тэнгэр нөхөд сэлт бүгд бээр Эртнээс энэ мэт тахил өргөдөг ёсчлон Эдүгээ бид бүгд ч хүндлэн тахисан үүнийг Энэрэн нигүүлсэхүйн чанад хүрснээр Маш их хүчит гал тэнгэрийн чуулганд Маш бишрэнгүй сүсгээр сөгдөн мөргөмуй гэж архи амс өөх өргөн сөгдөн мөргөж галын магтаал айлтгана.  

Галын заллага

Галын заллага Айлдах энэрэхийн эрдэм хотол төгссөн Амарлингуй догшин элдэр хувилгааныг үзүүлэгч Асралт гал тэнгэр нөхөд лүгээ сэлтийг Ариун тахил өргөхийн тулд энд урин залмой Энэлгэт орчлонгийн амьтан бүхний Эрсэн хамаг тусыг бүтээсүгэй хэмээн Эрт цагт айлдсан тангаргаа дурдаж Эдүгээнэ орноо өөд болон соёрх гэж заллага айлтгаад есөн хүж унгатгаж өвчүүн дээр хатгаад тулганы өмнө тавьж архи, амсыг тулганы дөрвөн зүгт тавиад мөргөл үйлддэг. Гал тэнгэр нөхөдтэйгээ энд ирэгтүн гэсэн гол өгүүлбэрийг тодотгол үгийн чимгээр утга төгс найруулан холбож, гал тэнгэрийн дүрийг амьдчилан бүтээгээд, эрдэм чадал, рид хувилгаан асрал нигүүлсэл, андгай тангарагтан болгож, бадаг бадгаар өлмий тааруулан шүлэглэж, толгой холбон зохиожээ.

Атаа таван тэнгэрийн өчил дуудлага

Атаа таван тэнгэрийн өчил дуудлага Таван тэнгэрийн хүрээлэл Бумбаан намуун оронд Гэсэрийн цэцэг соёолж Сэнгүр горхиной хоржигнолт Ээвийн урсгалаар цэгцэрч Цагаан уулын оройд Дагшин тэнгэрүүд гэмшүүрхэд Цуурын цагаан аянд Цуутай онгодууд хурж Цагаан өвгөд цугларч Өвгөн их туульч Өтгэн хоржоор хөөмэйлдэж Өндөр хайрхадын амьтдыг Өвөр дээрээн цуглуулна. Тэнгэр газрын савсалганд Аранжингийн амьдрал үргэлжилж Энэ нартын орчил Мөнх хөдөлгөөнд оршино. Аргадагчий уучилж Тэрсэлдэгчий уужирч Өвөөт жилийн хөтөлүүд Ойрхон төрмөлийн жимээр Галт үгийн хэлхээсээр Гайхалтай холбоосыг бэхжүүлий

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд