logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

Өндөр тэнгэрийн тавилан

Өндөр тэнгэрийн тавилан Хээрийн салхинд шивээн толгой гунхалзаж Хэцэлсэн дэрсэнд үр чонын догшин улилт сонсогдоно Хэтийн холоос аяншисан өвгийн завилгаанд Хэнгэрэг хэцийн чимээнд уулсын бүргэд эргэнэ Удган гүйгүүл салхи хоймрын зурганд шивнэж Улаан тэрлэгтэй хүмүүн суудалдаа нэг займчина Урьд шөнөөр дуншсан урт аяны хөвүүн Учрах нарантай цацлын сүүгээ хувааж нэг зүүрмэглэнэ Зөнтэй орой ташуулдан туссан нарны гэрэл Зөөлөн говийн буйлдаг зөрлөгний уртыг хэмжиж сунана Маанийн үсгэнд сарны туяа гүүр болон махийж Мөрөнгийн усанд марал долоон од шангаа нэг гудайлгаж Ачит эхийн хэвлийгээс Алтан аргамжаатай хөвүүн залрахад Амь шимийн ариун рашаанд нэг булхана Өнгө өнгийн цэцэгс тоос бутарган цацлаа өргөж Өлчир бороо цахилгаан цахиж бүлээн заяаг тосно Атны бурантаг сунгаж Араг зүүсэн нүүдлээс Гунан бухын ширээр сүлжсэн Гурамсан бугуйлаа эвхсээр  Гүймэл салхинаас совин нэрсэн эцэг нь Улаан тэрлэгтээ нуган үрээ өлгийдөж Ургах нарны туяанд өндөр тэнгэрийн бүтэн тавиланг өхөөрдөнө. Б.Өнөржаргал.

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Долоон өвгөн одны мөргөл залбиралын дуудлага

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Долоон өвгөн одны мөргөл залбиралын дуудлага Долоон өвгөний тэнгэр Аврал өрөөлийн эзэн тэнгэр өвгөн Аз хийморийн эзэн тэнгэр өвгөн Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн Нас арвижихийн эзэн тэнгэр өвгөн Буян хишигийн эзэн тэнгэр өвгөн Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн Долоон өвгөний оддын сан мөргөл залбирал Харсан тэнгэр долоон өвгөн Хамгийг тэтгэгч атаа таван тэнгэр  Дорд лусын найман аймаг  Түшээ болсон хайрхад минь ээ  Авралдаа багтааж хайрла Ач тусаа үзүүлж хайрла  Дээд хөх тэнгэртээ мөргөж  Дэргэд хан хайрхаддаа залбирч  Од эрхсээ шүтэж  Онгод шүтээндээ даатгаяа  Нартын орны үр баргууд  Надаар дамжуулан асууж  Аав ээжийн заяагч  Долоон өвгөн оддоо  Айлтгал өргөх учир ану Арц түлж хүчээ өгье Хүж түлж хүчээ өгье Хүн бүгдийн хүссэнийг бүтээж Хүсэл зорилгийг биелүүлж хайрла ! Хурай Хурай Хурай Хулгана жилтэй хүмүүний  Хувь насыг хүртээсэн 1.Аврал ерөөлийн эзэн тэнгэр минь  Авралдаа багтааж хайрла Халуун ам бүлийнхнийг минь  Харж үзэхийг даатгал болгоёо Санаж бодсоныг саадгүй бүтээж хайрла Сэржим юугаа өргье Сэтгэл юугаа ариусгая  Амидчилан тахияа  Ариусган шүтьеэ Хурай Хурай Хурай Гахай Үхэр жилтэй хүмүүний  Хувь насыг хүртээсэн 2. Аз хийморийн эзэн тэнгэр минь ээ Аврал ерөөлдөө багтааж хайрла ! Алс хэтийн үйлийг хайрла Аян замын саадыг зайлуулж хайрла Сайн үйлсийг саатгалгүй бүтээж хайрла Хурай Хурай Хурай Бар нохой жилтэй хүмүүний  Хувь насыг хүртээсэн 3. Ачлал тусын эзэн тэнгэр минь ээ Авралдаа багтааж хайрла Хийсэн ажлийг хэвийн болгож  Явсан ажлыг явдал саадгүй болгож Юу санасан есөн хүслийг бүтээж Нас буян хишиг хайрла  Хурай Хурай Хурай Тахиа туулай жилтэй хүмүүний  Хувь насыг хүртээсэн 4. Нас арвижихын эзэн тэнгэр минь ээ Ороход олзын үүдыг нээж Гарахад гарзын үүдийг хааж Нэгийг хоёр болгож Нимгэнийг зузаан болгож  Ганхийх гаслангүй  Хан гэх ханиадгүй Ам бүлээр минь Амар жимэр жаргааж хайрлана уу  Хурай Хурай Хурай Бич луу жилтэй хүмүүний Хувь насыг хүртээсэн 5.Буян хишгийн эзэн тэнгэр минь ээ Өглөг буян хишгээ хайрлаж  Өрх гэрт минь буян хишгээ хайрла Өөдлөх үйлийг бүтээж хайрла Адуу малыг олон болгож хайрла Ажил үйлсийг өөдрөг болгож хайрла Идээ хэрэглгэх амны буян хишиг хайрла Эдлэж хэрэглэх ийн буян хишиг хайрла Эрүүл байх насны буян хишиг хайрла Хурай Хурай Хурай Хонь могой жилтний хүмүүний  Хувь насыг хүртээсэн 6. Хүсэл зоригийн эзэн тэнгэр минь ээ  Бодсон санасныг бүтээдэг Бор домынхоо ид шидийг хайрла Харсан болгоныг бүтээдэг  Хар домынхоо ид шид хүчийн хайрла  Хурай Хурай Хурай Морь жилтэй хүмүүний  Хувь насыг хүртээсэн 7. Заяа төөргийн эзэн минь ээ  Зам мөрийг засаж  Урьд замыг минь залж Учрах сайн нөхөртэй болго Муу явдлаас хол болгож  Муухай үйлээс зайлуулж Хол ойрдоо ялгаагүй харж Хойтон өдий хүртэл  Харж хамгаалахыг  Халуун ам бүлээрээ даатгая, мөргөе Хурай Хурай Хурай Тахилган дээрээ тавтай залар Тансаг идээгээ таалж хайрла  Галаа манасан манийгаа  Гадна дотногүй хамгаалж хайрла Болгоон соёрхож хайрла  Урьдын хийсэн нүглийг  Улгүй арилгаж хайрла Хойшид хийх нүглийг  Хоргүй болгож хайрлаарай  Төрийн минь түвшин болгож хайрла  Түмэн олныг минь амгалан Болгож хайрла  Хурай Хурай Хурай Хурай Хурай Хурай

Хар зүлдэн тэнгэрийн дуудлага

Хар зүлдэн тэнгэрийн дуудлага Мөнкөтэнгэрээсээ буу өг Мөнгкөтюкнээсээ дэгдэж бос Амь биезийг тэтгэ Авар нимбандаа орш Дунд үеэрээ тогтож өг Гадуураа хай, дотуураа хай Хүн амьтнаа элдэв үхэл, тахал Өвчин зовлонгоос чөлөөл Мал сүргээ өсгөх магад хүчийг ац Үнсэх үрдээ өлгий болон ир Үндэснээсээ орги, үзүүрээсээ сацар Хилэнгүй номхон, хивцэггүй дөлгөөн Эргэхээ эрчмээ өг Буцахдаа бултыг нь тэтгэ Эцэг таван тэнгэр Таван тивийн хүн ардад Кун эрдмийг түгээж өг Дөрвөн далайн эрэг ирмэгт Хуйн гамшгийг зайлуулж өг Хар зүлдэн тэнгэрээ дуудъя Харван ирэх солирын замыг хаа Хар нүх, эрхсийн эрчмийг түгээ Зүлдэн тэнгэрээ дуудаж Зүглэ, дайлгыг чинь хэлнэ Ямба ёсыг олгож Янтра чимгийг чинь нэмнэ Харанхуйг гийгүүлж, өнгөтийг өргөж Толгойд тотгор үгүй Тогтсон эдэд гарз үгүй Тоотой толгойгоо товчилж хар Хөрст дэлхийгээ хөвлөгсөн Эзэн таван тэнгэр Хий агаараар дэвэрсэн Үрийн үүрд, үеийн үед Дамжин харах Дамжиггүй эзэн тэнгэр Зээрийн хүү шиг зэрэглэж Аргалын хүү шиг алаглаж Дагаж харсан тэнгэрүүд Хэв ёсондоо Хиур чимэгтэй орш Гэрийнхээ гэгийг гэтэлгэ Гадна талаа мана Газар уснаасаа дэгд Хамарт ханиад үгүй Элгэнд эмгэг үгүй Бөөрөнд бөртөг үгүй Бөгсөнд хий үгүй Зүрхэнд жиг үгүй Зүүдэнд ёр үгүй Уугинд урхаг үгүй Цөсөнд цөв үгүй Чөмгөнд сэв үгүй Эрүүл мэндийг өг Үрээгээрээ морь хий Үрээрээ хүн хий Эр ихт бараатангууд Ээл нөмөрт түшигтэнгүүд Бар ихт бараатангууд Бараан гялаан зүлдтэнгүүд Сүр ихт оньтонгууд Нарны гэрэл туяатангууд Сарны туяа гэрэлтэнгүүд Шил толин нүдтэнгүүд Үе үе эргэж буусан Үндэс язгуур таван тэнгэр Эрчмийг залгуул эрдмийг түгээ. Хүн төрөлхтөнийг авар Хөө хуяг мэт хуягла Зовлонтны зовлонг зогсоо Гарзатын гарзыг гарга Нэгийг хоёр болго Нимгэнийг зузаан болго Нарийныг өргөсгө Унасанд бүдрээгүй Уусанд цалгиагүй Сайн нь саадгүй болог Эцгийн тэнгэр ивээ Эхийн тэнгэр энэр Өөрийн тэнгэр өршөө Хатууг зөөлрүүл Хаттаныг уяруул Догшиныг номхотго Доройг ивээ Далдыг ил гарга Давхрыг дан болго Гэмтнийг гэтэлгэ Гэнэтийн аюулаас зайлуул Хаяанаас халдахыг хаа Хажуугаас нялзахыг арч Хорон санааг урвуул Бузар санааг задал Хойчийн маргааш Хойнын өдөр болтол Хир балаггүй суухыг Хившүүлж өг шоог, шоог Нэг настай Нэтгэр үетэй цагаас Авахуулж заяасан тэнгэр Хар /жинхэнэ мөн чанар/ чанарыг түгээ Халуун цусыг тунгаа Таван мэдрэхүйг зал Таван цулыг тэжээ Осол гэмтэлд бүү оруул Од эрхэст зуучил, хайрхаан Өөрийн хамт төрсөн Зүд оньст тэнгэр Хэзээнээс нааш хэв янзтай Суурь суурьшилтай Заль барьж ирсэн Эцэг өвгөдийн маань Зүлд тэнгэр Сунаж унтаж Суниаж босохын Жаргалыг залгуул Гэмтэх гэмээс гэтэлгэ Өргөст үйлээс өнгөрүүл Өөрийн таван тэнгэр Үзэж харж өг Жилийн чинь насыг өргөнө Цагийн чинь цайлгыг өргөлөө, хайрхаан Уулсын толгойд цас хучлаа Усны захад мөс хөрлөө Хойтон жилийн энэ үеийг хүртэл Хохирол гэмшилгүй Хотолсон сүргээ хорогдолгүй Төллөх төлдөө гарзгүй Оргих шимийн булаг шиг Оргиулж бялхуулж өг Таван өнгө, дөрвөн гэрэл Тэгш дүүрэн байг Амьтан хүн амсаагүй Таван янтар бүрдсэн Тансаг идээ Тараг, цэгээндээ ир Элгээрээ эсэн мэнд Төрлөөрөө төвшин сайн Ургаараа уршиггүй Урьдын өнөр эрэмбээр Угсран буусан Угийн буурал тэнгэр өвгүүд Дээр дэвсэн Дэргэд мандсан Зүлдэн тэнгэр Элээхийн үеийг Эргэж харсан Энэрэлт эцэг тэнгэр Эзэн хайрхан тэнгэр Заяа болсон тэнгэрүүд Атаа таван тэнгэр Амин зүлд тэнгэр Холын дуулах, ойрын үзэхэд Мууг бүү үзүүл Муухайг бүү сонсго, хар тэнгэр Халуун элгээ хүргэ Хоног ирэхэд Ховор сайн домоо хүргэ Үд ирэхэд Үнэн сайн домоо хүргэ Сүмбэр уулнаас Сүлдэлж буусан Хар далайд харваж буусан Хасбуу далайд харайж буусан Шар мөрөнд шаргиж буусан Сахарын элсэнд сацарч буусан Үүлтэй тэнгэрээс дүүлэн буусан Үертэй Гангад шунган буусан Давст нууранд дасаж буусан Дараа нь Атлантад дамжиж буусан Хөхийгээс хөвчилж буусан Хүйтнээс салхилж буусан Утханаас уламжилж буусан Тарвагатайн тавлаж буусан Тэрхийн цагаанд үдлэж буусан Хоргын тогоонд хоноглож буусан Дүбханд тухлаж буусан Дэвсэх Буур хээрт дэшилж буусан Хан Хэнтийд ханарч буусан Шилийн Богдод шилж буусан Галбын говьд гялбаж буусан Ганц модонд гацалдан буусан Хамаг Монолчуудад хуяг болсон Хан хар тэнгэр Эцэг болсон зүлдэн тэнгэр Арцнаас ариун, санхамаас сайхан Өнгө, гэрэлт есөн тэнгэр Дам үглэснийг “сонс” Дэвсэн бүжиснээр “цэнгэ” Илт бэлтгэсэн сэдхэлээр хувилгасан Идээ будааныхаа дээжинд буу Мөнх мод шиг намилзан сацарсан Өнгөт солонго шиг туяарсан Амин зүлд тэнгэр Ах нартайгаа амь бүрийг Авараар тэтгэ Гэр бүхнийг гэрээр гийгүүл Гэгээвчтэй гэрээр орж Эрүкэ гэрээр өнгийж Тооното гэрээр тонгойж Тогтнон хур Бага гэртээ бага болсон Баатар хар тэнгэр Балчир үрдээ өлгий болон ир Хүч эрчмээ буулгасан Угийн дээд тэнгэр Учран уулзаж Буруутайг ухааруулж Зөвтэйг хүлээх хүслээр Алаг хуягийг хэдэрч Аян жаргалыг жолоодон Сар нарны тусгалд Сүндэрлэн харсан Мөрт нь мөргөн “Сүүдэр”-т нь сөгдөж явна. Гэм алдаагий минь Мэдрүүлж, ухааруулж өг Хөрс Этюкэнд хүн болж төрөхөд Анх заяасан өөрийн тэнгэр ир Цоорсон аурыг “цойлд” Замхарсан солонгыг залга Дутуу эрчимийг нөх Дундуур эрдмийг гүйцээ Хурдан эрчимийн хуйг бүү ирүүл Хурц хэлний хорыг дар Сарын тоогоор сацар Өдрийн тоогоор өнгө ор Хоногийн тоогоор кун нэм Мөхийн түвшин мөнхийн амьт Мөнх тэнгэрийн буу Хар зүлдэн тэнгэртээ заль барьлаа.   Үндсэн эх нь “Монголын аман зохиолын дээж бичиг”  ном Эх сурвалж: Д.Наран-Очир “Мөнх тэнгэрийн оньс” УБ. 2007 он, 62 дугаар тал/

Цагааны зүгийн тэнгэрийн дуудлага

Цагааны зүгийн тэнгэрийн дуудлага Аяар баруун урдаас Амлаж мэдүүлсэн Да цагаан хонхыг Даршуулж буусан Далан хэлтэй хуурыг Харшуулж буусан Тайлаг цагаан тэмээг Таваглаж буусан Тавтай мөнгөн буйлыг Гялбуулж буусан Эвдэрхийг эвлүүлсэн Хугархайг хунисан Задархайг залгуулсан Тамидархайг таниулсан Бутархайг эвлүүлсэн Тангалай цоорхой Тарничин гүүлсэн Эрхий цоорхой эмчин гүүлсэн Долоовор цоорхой Домчин гүүлсэн 75 дархчуул, 88 налваач 99 элбэчин, 108 зурхайч Халуун шар бурхан гарвалууд Хүүгэн шар бурхан гарвалууд Наанаа сайхан дуулаарай Урилганд минь залраарай Дуудлаганд морилоорой.  

​Хадарга хар боомой тэнгэрийн дуудлага

75 хөх үүлэн хаалганаас сахисан Сая сая буман хар тэнгэр Хэдэн хар тэнгэр Хадарга хар боомон тэнгэр Тооныг нь уруу харуулдаг Тотгыг нь уруу харуулдаг Гаслахаас хар нохой Хангинахааса хар тогоо Үргэхээс малгүй Үнсэхээс үргүй Сээрийг нь сэнжилж Бөөрийг нь бөгтөрч Зүрхийг нь шарж Элэг дор барьсан хүнийг Эр эм хамаагүй Илт үзүүлье Угсаа ихтэй Бөө удган хүн Хүнийг доромжилж  явтугай Үүнийг тодорхойлж илж үзүүлбээ Халуун цусыг хагалжээ. Хаан тэнгэр бүгдийг ундалжээ. Бүлээн цусаа бүлжээ. Бүгд тэнгэрийг ундаалжээ. Зүлдний хоёр сая тэнгэр ундаалжээ. Явдлын нэг сая тэнгэр Яарлын нэг саян тэнгэр Бүхий олонд Аръяавалын тэдийг авахуулахаад Амар сайхан жаргажээ. Юу санасан бүрийг Номын ёсоор бүтээе! Өөхөн цагаан өндгийг сөхөрч суугаад дуудъяа Өндгөн цагаан биеийг өндөлзүүлж суугаад дуудъяа 32 тоотой, цагаан шүдээ яралзуулж суугаад дуудъяа Догшин морины чинь чөдөр болъёо Номхон морины чинь ногт болъёо Хадан гэрээс урилаа Ханатай гэрт орууллаа Уулан гэрээс урилаа Уньтай гэр орууллаа Долоодойн эзэн Дором улаан тэнгэр Гунан улаан тэнгэр Гал улаан тэнгэр Галзуу чонон хөлөгтэй Баруун мөрөн дээр Бараан бүргэд сахиултай Зүүн мөрөн дээр Хүрэн эрээн бүргэд сахиустай Хөхөө шувуу зардастай Хөндий мод хоногтой Харцага шувуу хайгуултай Захын ганц мод суудалтай Эзэн тэнгэр угсаатай Бүгд олон дэлхий дахинаар Хамаг амьтан жаргалангийн Хутгийг олох болтугай Хус толгой буудалтай Хусын шивэр нутагтай Хэнгэрэг чулуун хамжлагатай Хэрээ голдуу зардастай Хар бууран онгон хайрхан минь! Хун хээрийн хаанаас цагаан заан хөлөгтэй Далай цагаан хувцастай Далан хоёр далбаатай Есөн хүний толгой молцогтой Гал улаан тэнгэр ээ! Хэрлэн, Туул сандалтай Хэнтий хаан дамжлагатай Онгон минь хайрхаан Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан жаргах болтугай Лхам бисман охин тэнгэр таныг Мөргөж байгаад урьж дуудъяа! Ар биеийг минь Арван найман шандас алдуулгүй Амь биеийн минь ухааныг алдуулдаг Охин лхам тэнгэр 75 Махгалын шидийг олсон Гуниа тэнгэр ээ! Сүлдийг минь сахигч 99 хаан тэнгэр Тэгш олон зүйл зүйлийн санасан бүгдийг Номын ёсоор оршуулж Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтныг амаржуулах болтугай! Найман үеийн бөө юм аа Ар арван найман галбиртай Өвөр 49 галбиртай Он пад хун Орой биеийг минь эзэлсэн Очирваань бурхны сахиустай Магнай биеийг минь эзэлсэн Манзшир бурхны сахиустай Ар биеийг минь эзэлсэн Далан таван Махгалын сахиустай Дунд биеийг минь эзэлсэн Догшин улаан лусын хаадууд Доод биеийг эзэлсэн Жамба хар лусын хаадууд Дээр Марчим бумбарай улаан тэнгэр эзэлосэн Дор 77 лусын хаадууд эзэлсэн Баруунтай 33 тэнгэр эзэлсэн Зүүнтэй 44 тэнгэр эзэлсэн Ар 18 тэнгэр эзэлсэн Өврийн 49 тэнгэр эзэлсэн. Баруун урд зүг Атаа таван тэнгэр эзэлсэн Хамт төрсөн Сүлд таван тэнгэр Хар үүлэн хаяатай Хөх үүлэн хөвөөтэй Баруун урд зүгээс хос цагаан уулаар нутагтай Цанхил цагаан бөө нар удамтай Цанхилт цагаан удганаас эхтэй Долоодойн долоон үеийн бөө нар Тодож таван хошуу нутагтай Дөрвөлжин улаан ууланд суудалтай Хар дархад багштай 75 хөх үүлэн хаалганаас сахисан Сая сая бум хар тэнгэр Хэргийн эзэн Хэдэр хар Хадарган боомон тэнгэр Зүүн хойд зүгээс Чоно улаан хадат Цусан зээрд хүрэн морин хөлөгтэй Бум буман дагуултай Сая сая нөхөртэй Лхам Жамсранг урьж дуудъяа Чанх хойд зүгт Буриадын эзэн Бөх Илдэн хаан тэнгэрээ Харъяатын эзэн Харилт хатан улаан баатартай Явдлын хоёр сайхан тэнгэр Зүүний нэг тэнгэр Эх болсон 6 зүйлийн амьтан Ерөөлийг хүсч гуйж мөргөе! Баруун зуугаас дамжлагатай ирсэн 75 Махгалын шидийг олсон Данжин дорлиг Гунаа таван хаан Үхэр чулуун үдлэгтэй 13 Алтай хангай 33 Хан хөхий Хөх морь хөлөгтэй Одоо намнан хоногтой Орхон Сэлэнгэ ундтай Ширээ чулуун шинжтэй Шивэр тос хайгуултай Хөшөө чулуун хөрөгтэй Хүн бүгдийн сахиус болсон Хан богд Даян дээрхи Далх Вандад хайртай Замд нь нөхөр болох Харанхуй шөнөөр өдөр болох Самрын модон суудалтай Захын ганц модон дамжлагатай Алд улаан живэртэй Алтан шарга морин хөлөгтэй Нарийн хөндий наадамтай Нарийн шаргал морьтой Эшигэн толгой сандалтай Алтан гадас дамжлагатай Хашигийн хөндий харуултай Соёрын хөндий нутагтай Дулаан хаан түшлэгтэй Олон нуур дамжлагатай Булган уул миний эзэн Буурал аав аа! Улсын эзэн Улаан байгаль Өргөн Сэлэнгийн хөвөө дээр Өндөр торой дамжлагатай Зуун хүний цусан ундтай Баруун газраас ирсэн Түмэн хүний мах иддэг Өргөн Ерөөгийн хөвөө дээр Авгай Дэвсэг Зүүн зүгийн талаар Алтанбулаг дамжлагатай Мөнгөн уул Бүргэд уул суудалтай Дайчин гүрэн Олон шавь нартай Охин дээд нутагтай Авгай Дэвсэг гэдэг би байна. Гал могой ташууртай Галзуу чонон хөлөгтэй Долоодойн үеийн бөө нар Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан амаржих болтугай!    

Тэнгэрийн дуудлага

Бурханы шашинд тохируулж, засагдсан тэнгэрийн дуудлага Өөхөн цагаан өндгийг Сөхөрч суугаад дуудъя Өндгөн цагаан биеийг Өндөлзүүлж суугаад дуудъя Гучин хоёр тоотой цагаан шүдээ Яралзуулж суугаад дуулъя Догшин морин чинь Номхон морины чинь ногт  болъё Хадан гэрээс урилаа Ханатай гэрт орууллаа Уулан гэрээс урилаа Уньтай гэрт орууллаа Долоодойн эзэн Дором улаан тэнгэр Гунан улаан тэнгэр Галзуу чонон хөлөгтэй Баруун мөрөн дээр Бараан бүргэд сахиустай Зүүн мөрөн дээр Хүрэн эрээн бүргэд сахиултай Хөхөө шувуу хайгуултай Хөндий мод хонхортой Харцага шувуу хайгуултай Захын ганц мод суудалтай Эзэн тэнгэр угсаатай Бүгд олон дэлхий дахинаар Хамаг амьтан жаргалангийн Хутгийг олох болтугай Хус толгой буудалтай Хусын шивэр нутагтай Хэнгэрэг чулуун дамжлагатай Хэрээ голдуу зардастай Хар бууран онгон хайрхан минь Хун хээрийн хаанаас цагаан заан хөлөгтэй Далай цагаан хувцастай Далан хоёр далбаатай Есөн хүний толгой  молцогтой Гал улаан тэнгэр ээ Хэрлэн, Туул сандалтай Хэнтий хаан дамжлагатай Онгон хайрхан минь Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан жаргах болтугай Лхам бисман /бясман/ охин тэнгэр таныг Мөргөж байгаад урьж дуудъя Ар биеийг минь Арван найман шандас алдуулгүй Амь биеийг минь ухааныг алдуулдаг Охин Лхам тэнгэр Далан таван Махгалын шидийг олсон Гуниа тэнгэр ээ Сүлдийг минь сахигч Ерөн есөн хаан тэнгэр Тэгш олон зүйл зүйлийн санасан бүгдийг Номын ёсоор оршуулж Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтныг амаржуулах болтугай Найман үеийн бөө юм аа Ар, арван найман галбиртай Өвөр дөчин есөн галбиртай Ум пад хум Орой биеийг минь эзэлсэн Очирваань бурханы сахиустай Магнай биеийг минь эзэлсэн Далан таван Махгалын сахиустай Дунд биеийг минь эзэлсэн Догшин улаан лусын хаадууд Доод биеийг минь эзэлсэн Жалба хар лусын хаадууд Дээр Морчим бумбарай улаан тэнгэр эзэлсэн Дор далан долоон лусын хаадууд эзэлсэн Баруунтай гучин гурван тэнгэр эзэлсэн Зүүнтэй дөчин есөн тэнгэр эзэлсэн Ар арван найман тэнгэр эзэлсэн Өврийн дөчин есөн тэнгэр эзэлсэн Баруун урд зүг атаа таван тэнгэр эзэлсэн Хамт төрсөн сүлд таван тэнгэр эзэлсэн Хар үүлэн хаяатай Хөх үүлэн хөвөөтэй Баруун урд зүгээс Хас цагаан уулаар нутагтай Цанхил цагаан бөө нар удамтай Цанхилт цагаан удганаас эхтэй Долоодойн долоон үеийн бөө нар Тодож таван хошуу нутагтай Дөрвөлжин улаан ууланд суудалтай Хар Дархад багштай Далан таван хөх үүлэн хаалганаас сахисан Сая сая бум хар тэнгэр Хэргийн эзэн Хэдэр хар тэнгэр Хадарган хар боомон тэнгэр ээ Зүүн хойт зүгээс Чоно, улаан хадат Цусан зээрд хүрэн морин хөлөгтэй Бум буман дагуултай Сая сая нөхөртэй Лхам Жамсранг урьж дуудъя Чанх хойт зүгт Буриадын эзэн Бөх Илдэн хаан тэнгэр ээ Харъяатын эзэн Харилт хатан улаан баатартай Явдлын хоёр сайхан тэнгэр Зүүний нэг тэнгэр Эх болсон зургаан зүйлийн амьтан Ерөөлийг хүсч гуйж мөргөе Баруун зуугаас дамжлагатай ирсэн Далан таван Махгалын шидийг олсон Данжиг дорлиг Гунаа таван хаан Үхэр чулуун үдлэгтэй Хонь чулуун хонологотой Арван гурван Алтай, Хангай Гучин гурван Хаан, Хөхий Хөх морь хөлөгтэй Одоо намнан хоногтой Орхон Сэлэнгэ ундтай Ширээ чулуун шинжтэй Шивэр мод хайгуултай Хөшөө чулуун хөрөгтэй Хүн бүгдийн сахиус болсон Хан богд Даян дээрх Далх вандад хайртай Замд нь нөхөр болох Харанхуй шөнө өдөр болох Самрын модон амжлагатай Алд улаан живэртэй Алтан шарга морин хөлөгтэй Нарийн хөндий наадамтай Нарийн шаргал морьтой Эшигэн толгой сандалтай Алтан гадас дамжлагатай Хашигийн хөндий харуултай Соёрын хөндий нутагтай Дулаан хаан түшлэгтэй Олон нуур дамжлагатай Булган уул миний эзэн Буурал ааваа Улсын эзэн Улаан байгаль Өргөн Сэлэнгийн хөдөө дээр Өндөр торой дамжлагатай Зуун хүний цусан ундтай Баруун газраас ирсэн Түмэн хүний мах иддэг Өргөн Ерөөгийн хөвөө дээр Авгай Дэвсэг Зүүн зүгийн талаар Алтан булаг дамжлагатай Мөнгөн уул Бүргэд уул суудалтай Дайчин гүрэн Олон шавь нартай Охин дээд нутагтай Авгай дэвсэг гэдэг би байна. Гал могой ташууртай Галзуу чонон хөлөгтэй Долоодойн үеийн бөө нар Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан амаржих болтугай!   Эх сурвалж: Н.Н.Поппе “Монголын аман зохиолын жишээ” Ленинград, 1932 он, III боть, 156-162 дахь тал    

Тэнгэрийн дуудлагын тухай

1.Тэнгэрийн дуудлагын тухай             Монгол газар дээр хүн буй болсон нь сая жилээр, нийгмээрээ амьдрах болсон нь V-VII зуу мянган жилээрх тоологдож байдаг. Эрт галбын хүмүүс үнэнийг гагцхүү тэнгэрээс хайж, тэнгэр шүтэж “Тэнгэр бол бүхний эхлэл үүсгэл, бүтээгч заяагч, шийтгэгч аврагч” гэж үзэж иржээ.               Тэнгэр бол амьдрал үүсэж оршихын жам ёсны хууль, ертөнцийн мөнхийн удирдагч гэсэн ойлголт юм. Тэнгэр амьдралыг, газар эд зүйл, хэлбэр дүрсийг билэгддэг. Тэнгэрийг-Эцэг, Газрыг –Эх гэж үздэг. Иймээс тэнгэр хүнд оюун санааг өгдөг гэж үздэг. Тэнгэрийн эрхшээлээр хүн газар дээр төрдөг гэсэн ойлголт байдаг. Эртний Монголчуудын “Мөнх тэнгэр”, “Хөх тэнгэр” гэсэн ойлголт маш эртний ойлголт юм. “Мөнх тэнгэрийн сангийн” сударт:   “Үнэмлэхүйн дээд мөнх тэнгэр Хамгийн дээд мөнх тэнгэр Хамаг бүгдийг заяасан тэнгэр Хөдлөхүйн дээд мөнх тэнгэр Хөдлөх бүгдийг заяасан тэнгэр” гэсэн байдаг.   Чингис хаан, нүүдэлчин Монголын ураг омгийг нэгтгээд зогсоогүй, “Мөнх тэнгэрийн” шүтлэг соёлыг дэлгэрүүлсэн нь өнөө хүртэл үргэлжлүүлэн ирсэн байна.   Мөнх хааны хэлснээр “Бид тэнгэрийн зарлигаар төрж, түүний ачаар амьдарч, түүний тааллаар тэнгэрт хальдаг” билээ. Чингисээс хойш түүний тухай олон янзаар бичдэг боловч тэнгэрийн агуу их хүчнээс айн сүрдэж дагадаг, хүмүүсийг хувиаргүй захирах, тэр агуу их хүч тэнгэр бурханд оршиж, тэр нь ивээж, тэтгэж, сүр хүчийг үзүүлж ирсэн болохыг их хааныг тойрон хүрээлсэн бөө нар түүний агуу их хүчийг эзэмшсэн хүмүүс байсан юм.             “Мөнх тэнгэр бол аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цорын ганц бурхан” хэмээн дахин шүтэгдэж байсан аж.   1254 онд Мөнх хаан Франкын хаанд илгээсэн бичигтээ “Энэ бол мөнх тэнгэрийн зарлиг. Тэнгэрр дээр цорын ганц бурхан мөнх тэнгэр, газар дээр цорын ганц эзэн түүний хөвгүүн Чингис хаан оршин байдаг. Морьдын туурай хүрч чадах даян дэлхийн өнцөг булан бүрт оршин суугчид та бүгд сайтар сонсож мэдтүгэй, мөнх тэнгэрээс Чингис хаанд уламжилсан зарлигийг Их Монгол улсын Мөнх хаан Франкын Луюс ван болон бусад ноёд язгууртан, лам хуврагт, мөн түүнчлэн фракын бүх ард иргэдэд зарлан тунхагласугай. Миний бие Их Монгол улсын дээдийн дээд эзэн хаан учраас даян дэлхийн нийт ард иргэд хийгээд шүтлэгтэн олны цэнгэл жаргал, сайн сайхны тусын тулд мөнх тэнгэрийн засаг билгийг мэдүүлэхээр таны элчээр бичиг илгээв. Мөнх тэнгэрийн хүчинд даян дэлхийд энх хялбар тогтох тэр цагт сая биднийг ойлгох болмой” хэмээжээ. Үүнийг Мөнх тэнгэрийн шашны хамгийн ойлгомжтой тайлбар гэж үзэхээс өөр аргагүй билээ.   Монгол бөөгийн үзэлд мөнх тэнгэрийг ямар нэг хатуу буюу шингэн зүйл биш, хийн чанартай зүйл гэж үздэг түгээмэл ойлолт байдаг. Бөөгийн үзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хүнийг үргэлж дагаж, ажил үйлсийн нь биелэлтэнд байнга нөлөөлж, ирээдүйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шүтэж биширдэг. Харсан тэнгэр гэдэг үзлээсээ улбаалан Монголчуудын дунд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эрийн тэнгэр, эхнэрийн тэнгэр гэх мэт ойлолт түгээмэл дэлгэрсэн байдаг. Хэрэв түүнийг зүй бус үйлдлээр гомдооход хүрвэл түүний нарт ертөнцөд амьдрах хугацааг нь богиносгоход хүрнэ гэж үздэг. Ийм учраас харсан тэнгэр гэдгээ эрхэмлэн дээдэлж, “Мөнх хөх тэнгэр” гэж хүндэтгэн дээдэлж, бишрэн зальбарч байдаг.   Бөө мөргөлийн сүсэглэн буй тэнгэр нь нүднээ үл үзэгдэх агуу их хязгааргүй чандын далд орших амьдлаг ертөнцөд дүрсгүй оршдог. Энэ нь дотоод мөн чанар бол гадаад мөн чанар нь нүдэнд цэнхэрлэн харагддаг хөх тэнгэр юм. Огторгуй ертөнц гэдэг нь “огторгуй” орчлон юм.   Монголчууд тэнгэр нь хүний бодол санаа, үйл хөдлөл бүхий л зүйлийг харж чаддаг учраас тэнгэрийн шүүлтээс хэнч нуугдаж чадахгүй гэж үздэг. Тийм учраас Монголчууд үнэнийг мэдрээд өндөр дуугаар “Тэнгэр чи мэд”, “Тэнгэр чи шүү” гэж ярьдаг. Хэрэв ард түмэн, хувь хүн болоод хаан ямар нэг муу юм хийсэн бол байгалийн гайхамшигт үзэгдэл түүнийг илрүүлж тэнгэр гэсгээнэ гэдэг. Амьд бүхнийг тэтгэсэн Алтан шар нар минь Алсын замыг заасан Алтан гадас од минь Атаа таван тэнгэр минь Лусын найман аймаг минь Харсан долоон од минь Барууны 55 цагаан тэнгэр минь Зүүний 44 харын тэнгэр минь Хүчит 33 хурмаст минь Номтын 33 баатрууд минь Хясаан улаан тэнгэр минь Хялмар хатан ээж минь Ойхны 13 ноёдууд минь Номын хатан ээж минь Сайн зүгийн тэнгэрүүд минь билээ та бүхэн Саруул зүгийн заяа билээ та бүхэн Тэнгэр нь сайн юмны эх булаг боловч бас дайсагнасан догшин сүнс болон муу зүйлийг бас агуулдаг. Жишээ нь гэр орон, модыг аянга ниргэж сүйтгэх юм бол тэнд муу сүнс орогносон муу юм шүглэсэн гэж үздэг.   Монгол бөө мөргөл эртнээс нааш цагаан тэнгэрийг шүтэгч цагаан талын бөө, хар тэнгэрийг шүтэгч “хар талын бөө” гэж ялгаатай байсан. Үүний тод жишээ бол Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд буй “Хайрханы 13 овоо” буюу “Цагааныхан, Харынхан” гэх  овоонууд юм.   Цагаан тэнгэрийн шүтээн нь голчлон шүтэх сайшаал ерөөлийг өргөн бүх юмыг сайн сайхан талаас нь үзэж туулайн чинээ цагаан уулын чинээ харыг дарна” гэсэн үзлээр явдаг. Хар талын бөө цагаан тэнгэрийг шүтэхийн хамт хар зүгийн 44 тэнгэрийг тахиж сайн муу бүгдийг хийж ирсэн байна.   Тэнгэрийг хар цагаанаар нь ялгах болсон нэгэн домогт тэнгэрүүд хоорондоо тэрсэлдэн тэмцэлдэхэд Мөнх тэнгэр эцэг тэднийг зохицуулах гэсэн боловч болохгүй болохоор нь ниргэж орхиж. Гэтэл дөчин дөрвөн хар тэнгэр зугтан зайлж зүүн зүгт гарчээ. Үлдсэн цагаан зүгийн тэнгэр шүтлэгтэнгүүд нь Барууны 55 цагаан тэнгэр болсон гэдэг.

Онгодын магтаалын дуудлагын тухай

Бөөгийн дуудлагад бөө өөрийн онгодын буудал суудал, булган төрх, цол хэргэм, алдар суу, авъяас чадал зэрэг онгодод хамаатай зүйлсийг нь оруулан аялгуулан дууддаг. Онгоды тайлгын үед болон хэцүү бэрх үйлээ бүтээлгэхий тулд тусгайлан магтаалын дуудлага дууддаг. Онгод нь биежсэн сүнс учир хүн адил хөөрч баярлан, хүсч байгаа хүслийг биелүүлэхэд бэлэн байдэг. Сайхан магтаалд хөөрч, эрдсэн оэнгодууд ямар ч бэрх үйлийг бүтэээхэд бүхий л байдалд бэлэн болж гавшгай шаламгай болдог хэмээн бөө нар ярьдаг. Хайрхадууд, мэлмийтэнгүүд нэх мэи олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүайлижэй харьцуулбал Монгол ардын туульс эхлэхдээ зааьал Алтай Хангайгаа магтаж уул, ус, дов толгод, ббулаг шандны эзэд болсон олон хий биүетэй хийсгэлэн дүртэнгүүдийн урин залж, хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээ бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, гаүар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн шеийн дуудах онгоддоо ханддаг байна. Бөө мөргөлийн аман яруу найраг дахь магтаалыг агуулга холбогдох занүйл, магтаж байгаа онгод тэнгэр% эд өлөг, тахил тавиг зэргээр үндэслэж дотор нь сэдэвчилэн хаёр анги болгон үздэг байна. Үүнд: 1. Бөөгийн онгодлын магтаал 2. Бөөгийн эдэл хэрэглэл тахил тавигийн магтаал гэсэн хоёр зүйл болно. Бөөгийн онгодын тайлга нь онгод тэнгэр нэр, хий хиьё дүртэнгүүдийн магтаалаар эхэлдэг байна. харин бөө судлаач О. Дүрэв бидний бөөгийн онгодын магтаал хэмээн нэрлэж байгаатай аил төстэй шүлэглэлийг ишлэн үзэж тамлага дуудлага хэмээн нэрлэсэн байна. Тухайлбал:  Цэдэв удганы тамлага дуудлага: бар бар хийсэн хайрхадууд Бар шиг дуутай хайрхадууд Бараа сүр ихтэй хайрхадууд Баруун талд багларсан хайрхадууд гэх мэт. Ж. Чагдар зайрангийн тамлага дуудлагад: Мянган мэлмийтэнгүүд Түмэн сонортонгууд Хийсвэр үүлэн дамжлагатангууд Хий хивс бийтэнгүүд Асар тэнгэр нөмрөгтөнгүүд Аваа их хүчтэнгүүд нэх мэт: Тэрээ бөөгийн дуудлагыг ерөнхийд нь тамлага дуудлаг, дурсамж дуудлага, төгсгөлийн дуудлага гэхчилэн дараалан 3 ангилжээ. Энэ ангиллаас үзвэл түүний нэрлэсэн “тамлага дуудлага” хэмээгч нь бидний “онгодын магтаал” хэмээгчтэй байрлалын хувьд дүйцэж байна. Мөн эндээс харахад хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал Монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай хангайгаа магтаж уул ус, дов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн дүртэнгүүдийг урин залж хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайллдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухай үеийн дуудах онгоддоо ханддаг байна.  

Н. Цэгмэд удган онгодын магтаал дуудлага

Сайн ламын ач үзээгүй Саарал дааганы санаваа (хөхөл) бариагүй Өвсний шүүдэр-унд минь Дэрсний толгой-дамжлага минь Улаан хуулар-дуудлага минь Пээп тэнгэр-дэвжил найман аймаг Доод тэл нь-лусын найман аймаг Өөрийн сүлд-дээд их тэнгэр минь Толь болсон Онгодын минь Торго болсон Шишгэд минь Хан их аав минь Хатан их ээж минь Харж үзэж, хааж боож Буруу санаатныг буцааж Зөрүү санаатныг зөвшүүлж Хар санаатныг хариулж Муухай харсныг мухрааж Хурпны хөлөөс зайлуулж Хурцын илдээс зайлуулж Халтирхахад шатал Хазайхад нь түш Орон хангайн уул савдагууд минь Дээр нь пэвэн харж Дэргэд нь манан харж Харж үзэн Хамгаалж байгтий  

“Балигийн ээж” буюу Шишмаа удганы онгодын тамлага

Баруун Балиг нутаг минь Бардам Шишмаа нэр минь Тургэн урсгалт унд минь Зүүн Балиг нутаг минь Зөрүүд Шишмаа нэр минь лгэр мөрөн ундаа минь Дэлтэй цэнхэр унаа минь Дэлгэр хаанаар гүйдэл минь Дээд тэнгэр байр минь Хувдай цаанай нураан дээр Хуулай Жамсаар жонжуулж Цагаан зарины нуруун дээр Цастай Жамсаар жонжуулж Халиу булгаар гоёж явсан Хандгай бугаар хооллож явсан Урцан гэртээ амьдарч явсан Утаа майг татуулж явсан Бардмаар ч алдаршсан Түрлүүгээр ч нэрлэгдсэ Балигийн ээж биеэрээ Бардам Шишмаа биеэрээ Хулгана жилтэй улаач минь Хувиа авсан амьтан минь Таван үеэдээ дамжсан Танхил жаахан нялзрай минь Хэний юуны хэрэг зориг Хэт нутаг хаагуур Хэзээ юуны учраар Хэлцэл яриа юу воодой (хүү минь) Тоотой насы нь Тоолон хэлж Теөтэй биеий нь Төөлөн хэлж Арван хэдэн настай Аравгар багахан нялзрайгаа Атаатны гарт алдаж Асгаруулж явсан Шишмаа Бардам зан минь байсан нь Байлгаж чадаагүй хохь минь Түрлүү зан минь байсан ч Тээглүүлж чадаагүй хохь минь Ээ халаг, ээ халаг Ээ түлэг, ээ түлэг Тайлбар: Бардам түрлүү, зөрүүд зантай Шишмаа нэртэй байсан гэж өөрийгөө танилцуулаад арваадхан настай бяцхан үрээ бусдын гарт алдсан эмгэнэлт түүхээ тоочиж, зовлонтой гаслантай байснаа дурсан халаглаж шаналсан харууссан дүр төрхтэй болдог. Дээрх тамлагад эхлээд өөрийгөө танилцуулаад, тийм уггай, тийм юм иддэг уудаг,тийм явсан гэхчилэн хэлдэг.    

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд