logo

logo.jpg

Advertisement

Онгод тэнгэрийн айлдварууд

Бөөгийн Нэхэл

Бага насны нэгэн түүхээ уншигч авхай танд сонирхуулъя гэсэн юм. Хүүхэд насны түүх гэхээр Та санаанаасаа зохиосон зүйл гэж бүү басаарай. Энэ түүх үнэн бөгөөд түүхийн нэгэн баатар маань тэрхэн хүүхэд ахуй цагт биднээс салан явсан билээ. Хүн болгон энэ явдалыг мартахын тулд амаа хамхин явцгааж байсан боловч харин одоо цаг төр өөр болж бас элдэв учир начирийн зах зухаас гадарлах болсон миний бие дахин дэлгэн ярихад саад төвөг үгүй болсон хийгээд урьдын хараал зүхэл буцаж ирэхгүй болтугай хэмээн зориглож бичихээр шийдсэн билээ. Миний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн юм. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил бид байраараа нийлж тоголж зугаалдаг байлаа. Ялангуяа зун цаг бол “Гуляалдаг" үе билээ. Хэн нэг нь хэдэн төгрөг олбол энд тэндээс хамжин Гуляалах хүнсээ базаагаад ууланд гарцгаана. Ихэвчилэн хоёр хүн хүнсээ гуялана. Үүнд нэг загсан талх нэг лаазтай загсан консерв бас тэгээд савтай цай байхад л болно. Ийнхүү явахдаа бид элдэв зүйл худал ярин, бие биенээ цаашлуулан эсвэл хүнсээ булаацалдан гар зөрүүлэх үе бишгүй ч ингэлээ гээд эцэст нь хэн ч хар муу санахгүй, харин дахин ингэж явах мөрөөдөлд автан баяр хөөртэй гэрийн зүг явцгаадагсан. Тэр жил зун гандуухан, бороо хур бага орж, өвс нөгөө ч тачирхан, тун удалгүй намар болж хүйтрэх шинжиндээ орсон жил байсан санаж байна. Бид гуляалж дууссаныхаа дараа ихэвчилэн хадтай уулан дээр гарч тоголцогоодог байлаа. Өндөр хадан дээрээс нисэж үхнэ гэж айхгүй хадан хясаан хооронд янгир ямаа шиг л дүүлцгээдэг байж билээ. Нэгэн өдөр бид тоголж ядраад хадны орой дээр сууцгаан элдэв худал ярин бас тэр өдөр хэн нь эр зоригтойгоор хаанаас хаа хүртэл үсрэн дүүлсэнээ давс нэмэн бахдалтай ярьж суутал  -“Хүүш! Tэрийг хараач, тээр доор чулуугаар тойруулан барьсан зүйл байна!" хэмээн нэг маань үсрэн бослоо.  Үнэхээр сайн аживал том том чулуунуудыг гэрийн буйр мэт тойруулан тавиад, гол хэсэгт нь бас хэдэн том чулуу байгаа нь харагдав. Өвс ногоогоор бүрхэгдээд бид урьд нь олж хардаггүй байж. Бүгд тэрийг харангуутаа уулын уруу харавсан сум шиг бууцгаан төдөлгүй чулуунуудын хажууд амьсгаадсаар гүйлдэн ирлээ. Хажууд нь ирээд харвал хөдлөгөхийн аргагүй том том хонин чулуунуудыг буйр мэт тойруулан тавьсан агаад газраас дөнгөж орой нь цухуйх ажээ. Бүгд энд ямар нэгэн зүйл булсан гэдгийг мэдэж өөр өөрсдийхөөрөө чулуунуудыг хөдөлгөх ямар нэгэн зүйл олохыг хичээсэн ч азтан гарсангүй. Харин сүүлдээ чулуунууд дээр хариан хөөцөлдөж баахан тоголцгоов. Мэдээж удалгүй бүгдийн сонирхол ч буурч бас дээрээс нь нар шингэх дөхөж байсан болохоор гэрийн зүг явахаар болцгоолоо. Харин хамгийн сүүлд чулуунаас үсрэн буусан нэг мөөн “Пөөх энд нэг юм байна!" гэж дуу алдсанаар бид дахин “Юу? Юу?" гэцгээн гүйлдэн буцан очицгоов. Дээр нь үсэрэхээр хөндий дуу гарах газарт бид удалгүй олсон эрдэнэсээ үзэхээр яаран гар хөлөөрөө газар малтазгааж билээ. Тэр жил газар хатуу хуурай байсан болохоор ийнхүү ухах нэмэргүй гэдгийг бүгд ойлгоцгоон харин маргааш өглөө хүрз лоом авчиран ухахаар тохирон гэрийн зүг явцгаав. Буцах замд бүгд баяр хөөртэй ам уралдан, юу гарах бол хэмээн элдэвээр мөрөөдөн ярьцгааж явлаа. Бүгд л алт мөнгө, сэлэм жад хэмээцгээж байтал харин нэг маань “Ингэхэд араг яс гарвал яах вэ?" хэмээн бүгдийг хирдхийлгэлээ. Түүнийг ингэж хэлсэний дараа нэг хэсэг бидний яриа “ухахаа болих" тухай яриа болж өрнөсөн ч, удалгүй хүүхэд насны сонирхол дийлж “Эрдэнэсээ ухан гаргацгаая!" гэж тогтоцгоов. Харин салахаасаа өмнө бүгд маргааш уулзах цаг тохирон мөн биднээс өөр байрны ямар ч хүүхдэд хэлж болохгүй, бид л олсоноо хуваан авцгаана хэмээн бараг тангараг тавих нь холгүй ам гарцгааж бүгд гэрийн зүг унтахаар явцгаалаа. Би ч гэртээ бөөн баяр хөөр болон орж оройн хоол болох гурилтай шөлөө амтыг нь ч мэдэхгүй яаран идэж орхиод унтахаар хэвтэлээ. Манайх олуулаа айл байсан тул айлын бага болох би ээж аавынхаа өрөөнд шалан дээр унтадаг байсан юм. Шөнжингөө сэтгэл хөдлөөд, хий хоосон мөрөөдөл толгойд эргэлдээд унтаж өгсөнгүй. Ийнхүү баахан нааш цааш хөрвөөж байтал угаас нойрондоо муу ээж маань яагаад унтахгүй байна гэлээ. Ээжээсээ би юм нууж хаадгүй байсан болохоор өнөөдөр юу олсон тухайгаа бас маргааш очиж ухах гэж байгаа төлөвлөгөөгөө яриж өглөө. Үүний дараа ээжийн маань санаа их зовж, “xуучны булш хэрэгсүүр ерөөсөө ухаж төнхөж болохгүй, хараал хүрнэ. Ухлаа ч алт мөнгө гарахгүй" гэж намайг загнан ятгаж маргааш тийшээ явахыг хатуу хоргиллоо. Тэглээч миний мөрөөдөл сонирхол бас шунал маань унтарсангүй, хий дэмий үргэлжилүүлэн мөрөөдсөөр үүрээр аргагүй ядран унтсан билээ. Өглөө найз нар маань намайг тогтсон цагтаа ирэхгүй болохоор гэрээс ирж асуугаад ээжид загнуулаад буцацгаажээ. Мэдээж яаж хүний үг авах вэ бүгд намайг орхин явцгаасан байж билээ. Нар хэвийн дараа дөнгөн боссон би ганцаараа хоцорсондоо баахан бухимдан харамсаж билээ. Ингэж үлдсэндээ бөөн олзноос хоцорсон мэт санагдаж яваад очий гэж бодовч нэгт хол газар бас ганцаараа явахаас зүршээж хий дэмий байрныхаа гадаа нөгөө уулийн зүг харуулдан орой болтол байж ядан суулаа. Энэ өдөр лав миний хувьд хамгийн удаан өнгөрсөн өдөр мэт санагдаж билээ. Ийн суусаар байтал наран жаргахын хэрд нөгөө хэдийн маань бараа харагдлаа шүү. Хүрз лоомоо арайчүү чирэн явах тэдний байдлаас ямар нэгэн үнэтэй сонирхолтой зүйл олоогүй гэдэг нь илэрхий. Хэдий тийм боловч би хөлийн хурдаар гүйсээр тэднийг тосон очлоо. Халтар шороо тоос болсон тэд дуу шуугүй ядарч туйлдсан амьтад наймаг ирсэн гэж тоосон ч үгүй алхацгаав. Би тэдэнд эхлээд намайг авч явсангүй гэж гомдоллосоны дараа юу болсон тухай шалгааж гарлаа. Хэн нэг нь хармаанаасаа олсон ямар нэгэн сонирхолтой зүйлээ гаргах боловуу гэж горьдон миний нүд тэдний хармаа халаасыг нэгжиж байв. Харин юу ч олоогүй ядарсан тэд нар олигтой ярьж өгсөнгүй. Төд өглөө очиж ухаж ухаж өдрийн алдад баахан дээл хувцасны уранхай гарахад бөөн баяр болж улам шамдан ухацгаажээ. Удалгүй хагархай хугархай мод мөн удалгүй хүний элдэв яс гарахад айсан мань хэд нэг мэдэхэд уулын толгойд зугтан очин зогссон байжээ. Удтал яахаа шийдэн байж хэлэлцэсний дараа аргагүй сонирхол бас шунал нь дийлж буцан очиж ухацгаасан байна. Удалгүй сэмэрсэн даавуунд боосон цан бас нэг бөмбөр олжээ. Газар доор удаан байсан болоод тэрүү нэг нь ганц цохиод нөгөөхөө цоолж орхижээ. Цаашаа ухаад юу ч олоогүй тэд нар нөгөө бөмбөрөө уурандаа уулын уруу хөшиглөж хаячихаад нөгөө газраа ундуй сундуй булсан болоод ирж байгаа нь энэ. Өглөө гарахдаа яаруу сандаруу гарсан хүмүүс идэх талх ус ч авч гарахыг сэтгэсэнгүй тул эцэж туйлдсан амьтад болсон байв. Харин ямар ч олз омгоос хоцроогүйн дээрээс газар ухах хар ажил хийгээгүй, би ганцаараа баяр хөөртэй байж билээ. Орой нь ээждээ найз нартаа тохиолдсон зүйлийг ярьж өгөхөд ээж маань уулга алдан тэр бөмбөр элдэв хувцас хунарыг нь буцаан хийгээд сайтар булах хэрэгтэй гэж үгэлж гарлаа. Миний хийсэн хэрэг биш болохоор үглэхийг нь нэг их тоолгүй санаа амар унтсан билээ. Энэ явдалаас хойш долоо хоносон болов уу, бид дахин ууланд гуляалдаж элдэвийг ярин тоглоом наадам болцгоож явлаа. Яваандаа бидний яриа зүүдний тухай яриа болон өрнөхөд бидний нэг маань “Тэр явдалаас хойш би үргэлж хэн нэг нь бөмбөр нүдээд намайг тойроод байна гэж зүүдэлдэг боллоо, сүүлдээ бүр амьд юм шиг яаг чихний хажууд шүү" гэлээ. Хамгийн гайхалтай нь тийшээ явсан бүх хүүхдүүд бөмбөр нүддэг зүүд зүүдэлсэн байлаа. Энэ ярианы дараа бүгд айн байдал биш болсоныг ойлгоцгоож, буцаж очин бөмбөрийг олон буцааж булий гэж тохирлоо. Учир нь би тэдэнд ээж маань юу гэж үгэлж байсаныг бас хэлсэн бөгөөд хараал хүрлээ гэж айсан тэд нарын нэг – “Одоо явья!" гэж босон харайж билээ. Тэр бол нөгөө бөмбөрийг нэг цохиж цоолж орхиод уурандаа уулын уруу хөшиглөж орхисон нөгөө хүү билээ. Түүнд энэ зүүд өдөр болгон ирж байсан ажээ. Биднийг гэрлүүгээ явж байхад аль хэдийн бүрэнхий болсон байв. Энэ ярианы дараа орцондоо ганцаараа орох зоригтон олдсонгүй. Аймхай гэж бие биеэ урьд шоолдог байсан бид хэд, үнэхээр өөрсдөө айцгаасан тул хуруудаад хожигдсон нэг нь бусдыгаа хүргэж өгөөд сүүлд нь өөрөө гэртээ орохоор болж билээ. Маргааш өглөө бид тогтсон цагтаа цугларцгаан ганц хүрз аваад булш байгааа нөгөө уулын зүг дуу муутайхан гэлдэрцгээв. Хэдийгээр би булш ухахад оролцоогүй бас ямар нэгэн бөмбөртэй зүүд зүүдлээгүй боловч найз нартайгаа л адил айж байсан юм. Бид ууланд гараад зөндөө хайлаа. Уулын уруу явцгааж жалга дов, хэсэг бусаг бөөн ургасан өвс ногоон дотор хүртэл самнан өдрийг барав. Үдэш болох үед бүгд ядарцгааж буцахаар боллоо. Харин манай хэргийн эзэн маань болих шинжгүй ийш тийш нүд тавин алхах бөгөөд нүдэнд нь айдас бас хэсэгхэн нулимс тунан байж билээ. Би түүний сэтгэлийг засахаар элдэв юм ярьж байсан ч тэрээр ямарч анхаарал тавьсангүй нүд нь ийш тийш гүйн хайсаар байв. Буцах үед нэг маань мэргэн санаа дэвшүүллээ: “буцаж булш дээр очиж уучлал гуйж 3 тойръя. Тэгээд сөгдөж мөргий, тэгэхэд эрх биш биднийг өршөөх байлгүй дээ" гэлээ. Бүгдэнд тэр санаа маш их таалагдаж орой болж байсан ч тоолгүй нөгөө газраа ирж бүгд гурав тойроод баахан мөргөцгөөв. Манай найз бүр үнэн сэтгэлээсээ газар сунан унаад уйлагнан мөргөж гарлаа. Бид тэгэхэд л түүнийг хичнээн их айсаныг мэдсэн билээ. Бүгд дуугүй болоод түүний ард зогсоцгоож байлаа. Бидний мөргөл гуйлт дуусаж гэрийн зүг дуу шуугүй яаран явцгаав. Байрны бараа сая нэг харагдах үед бүгд уужирцгаан буцаад хөгжилдөж эхэллээ. Манай хэргийн эзэн ч санаа нь уужирч бидэнтэй ярьж инээлдэж эхэлсэн юм. Бид бүгд л өршөөгдсөн гэж ойлгон нуруу хөнгөрж буцаад баяр баясгалантай болсон байлаа. Хэдий тийм боловч тэр явдалаас хойш найз маань гэрээсээ гарахаа байв. Бусад нь ч бас гэрээсээ гарах нь цөөрж дуу шуугүй болцгоосон болохоор чухам хэнд юу тохиолдоод яагаад байгааг мэдэх аргагүй байлаа. Би нөгөө найзыгаа түүнээс хойш хоёр удаа л харсан юм. Сүүлд сургууль орох дөхсөн үед нэг уулзахад тэрээр турж эцээд нүд нь бүлтийж нөгөө гадаанаас салдгүй хүүгийн хар царай нь цонхийн саарал гэмээр сонин амьтан харагдаж билээ. Сургууль эхэлсэний маргааш харамсалтай хэрэг боллоо. Би бас бусад найз нар маань бүгд тэнд байсан. Есөн давхар байрны дээврээс үсэрсэн найз маань газар гар хөл нь хаана гэхэд хэцүү ясаа хэмхжин унаж үхсэн байсан юм. Угаас турж эцсэн түүний бие бас дээрээс нь ёрдойж гарсан яс зэрэг дүр зураг одоо болтол миний санаанаас салдгүй билээ. Энэ нөгөө бөмбөртэй холбоотой гэдгийг бүгд мэдэж байсан болохоор үнхэлцэгээ хагартал айцгаав. Түүний үхэлийн оройноос найз нарын нэг маань бөмбөртэй зүүд дахин зүүдэлж эхэлсэн бөгөөд өглөө тэрээр гар хөл нь салгансан айж ээрсэн амьтан бидэнд хэлсэн билээ. Нөгөө сүнс бөмбөрөө хайн хүн болгон дээр очиж байгааг бид тэгэхэд ойлгож авсан юм. Үнэхээр гараар барьж харж болохгүй үхэлийн яланд орсон бид нар ээж аавдаа хэлцгээв. Нэгэнт нэгнийг маань үхэл аваад явсан болохоор бидний ээж аавч үүнийг хүүхдийн хий хоосон яриа гэж бодолгүй нухацтай сонсцгоосон билээ. Найзын маань ажил явдал байрны гадаа барьсан гэрт боллоо. Түүний хөгжилтэй бас хар царайтай байх үеийн зургийг зуруулж урд нь зул асаасан байв. Ажил явдалын дараа нөгөө гэрт эцэг эхүүд маань цуглан удтал юм ярьцгааж бид харин гадаа манаанд зогсож билээ. Одоо бодоход тэр цагт бөө шашин, лам хувраг гэж ярьж болдоггүй байсан болохоор биднийг тийнхүү гадаа хүн харуулан зогсоосон байжээ. Хэд хоногийн дараа хөдөөнөөс нэгэн авгай ирлээ. Талийгаачийнд буусан түүн дээр найз нар маань аав ээжтэйгээ нэг нэгээрээ дуудагдан очиж байцаалгав. Гайхалтай нь намайг дуудсангүй. Би хэргээс бултарсан юм шиг уужирсан ч бас юу болоод байгааг мэдэх хүсэл төрж байлаа. Бүүр сүүлд хэрэг явдал намжсаны дараа нэгэн найз маань юу болсоныг ярьж өглөө. Талийгаачийг өнгөрсөний дараахнаас нэг найзын маань зүүд болохоо байж, зүүдэнд нь бөмбөрдөх, мэдэхгүй хэлээр хүнгэнэн дуулах нь их болж сүүлдээ унтахын аргагүй болсон гэжээ. Хэрэг явдал бишдэж байгааг мэдсэн аав ээж нь бусад аав ээжүүдтэй үгсэн хөдөөнөөс удган бөө залсан нь тэр байжээ. Тэр хөдөөний мундаг удган бөөлсөний дараа нэгэн догшин сүнс хүүг тойрон бөөлөөд байгааг харлаа гэжээ. Бөө зайрангийн эд агуурсыг авсан болохоор сүнс нь түүнийгээ нэхэн тийнхүү зүүд нойронд нь ирэх болсон байжээ. Ийм байдлаар сүүлдээ сүнс догширч хүүг бүр унтуулахаа байснаас нойргүй олон хоносон хөөрхий найз маань галзуурсан байж болох. Хэдийгээр найз нар маань удганаар аргалуулан зүүд зүүдлэхээ байсан гэх боловч урьдынх шигээ нийлж баясаж цэнгэхээ бүр больж гадаа үзэгдэх нь ч цөөрсөн билээ. Удалгүй нэг нэгээрээ манай байрнаас нүүсээр, жилийн дотор 5 найз маань нүүн одоход баяр баясгалантай хүүхэд нас минь бас намайг орхин явсан мэт уйтгар гунигаар дүүрэн, буйран дээрээ ганцаар хоцорсон мэт байж билээ. Одоо бодоход бид өндөр соёлтой амьдарж байна гэж өөрсдийгөө дөрвөн тоосгон хананы дунд хорьж хорвоо дэлхийн учир начир өвөг дээдсийн ёс заншилаас өөрсдийгөө холдуулж, үр саддаа тэдгээр зүйлсийг худал хуурмаг хэмээн огт зааж сургадгүй байсан нь биднийг нүдээр үзэж гараар барьж болдоггүй араатаны аманд өгсөн хэрэг болсон байжээ. Эртэний өвөг дээдэс маань урьд насандаа бөө зайран байсан хүмүүсийн сүнсийг дахин босгохгүй гэсэндээ чулуугаар тойруулан хана босгон, эдлэж хэрэглэж байсан зүйлсийг нь сэвтээн эзэнтэй нь хамт “үхүүлэн" булшилдаг байсныг бид хөндөж сүнс сүгийг босгосон хэрэг болсоныг хожим ухаарсан билээ. Эрхэм уншигч энэхүү гунигт түүхээс сургамж аван, үр хүүхдүүддээ хэлж захиасай хэмээсэн сэтгэлээр бичиж дуусгалаа. . Америк улс. Лос Анжелес хот. Г. Инжинаш

​Арын 13 бөө ноёдын дуудлага /хувилбар-1/

Шулуун мөнгөн сүмтэй Шинэс модон сэрэгтэй Буриадаас ястай Сууринаас гарвалтай Бодонгуудаас омогтой Тойгооной хүбүүн Дошхон ноён баавай /1/   Дуулим хатан ижий Эрхэ хонгор тайжа Хатаа хар зангыг огтлом Хар хэл амыг хариулагша Хар Заргач ноён баавай /2/ Хаалгачин хар хатан ижий Хатаамал цагаан тайжа Бүдүүн төмөр нумыг Бөхийтэл нь татдаг Хатуу төмөр нумыг Хотойтол нь татдаг Хан Бөө ноён баавай /3/ Эр хүний хуй барьсан Эхнэр хүний умай дэлгэсэн Хан Зулмат ноён баавай /4/ Зулман хатан ижий Зургаан эрхэ тайжа Хүгдүүдээс омогтой Буриадаас гарвалтай Хан Хурмастын хүүгэн Хан Цото ноён баавай /5/ Хатан буурал Согоо ижий Эр хар эрх бэрх тайжа Хашхаа тэнгэрийн хүбүүн Хар бүргэд болон хувилдаг Хан Шувуу ноён баавай /6/ Согсгор буурал хатан ижий Алтан мунтараас эхтэй Ариун сайхан эрхүү голын эзэн Эзэн тэнгэрийн элч Эмингэ Цагаан ноён баавай /7/ Эрх цагаан цэцэн хатан Эр хонгор эрх тайж Баян тансаг Байгал далайн эзэн Баяндайн хүбүүн Батцагаан ноён баавай /8/ Байхын дээдийг байгуулагша Бардам буурал хатан ижий Ариун тунгалаг Ангар голой эзэн Ам бардам Ам цагаан ноёнхай /9/ Алман буурал хатан ижий Алтан худар хүүгэн Баян дүүрэн Баргужингийн эзэн Баян Бардам хар ноён баавай /10/ Барлаг буурал хатан ижий Бажуу эрх цагаан тайжа Хөх бух хүлэгтэй Бултын ахлагч Буха ноён баавай /11/ Буурал цагаан Бодон хатан ижий Бугаал хар тайж Булган хар Сообой басган Элстэйн нарийнэй эзэн Эвэрт ноён баавай /12/ Эрдэм цагаан буурал хатан Эрх тана хүүгэн эгшэ Далайн дээд толт эзэн Тай цэцэн Цэлмэг ноён баавай /13/ Цэцэн цагаан Дагуур хатан Балжир цагаан басган Дарь эх дайдын их эзэн Есөн мутуу хошоонгид Мэрхэ хоёр нохой Мэгжэ хар гахай    

​Монголчуудын хас дүрс

Хас дүрсийн тухай монгол хүн бүхэн бидний өвөг дээдэс эртнээс хэрэглэж ирсэн билэг тэмдэг гэж мэддэг боловч утга учрыг нь гүйцэд сайн мэддэггүй билээ. Эрт цагт муу хэрэг хийсэн хүнийг үхэхэд нь булаад буруу хасаар дардаг байсан, мөн зарим айл гэрийг буруу хасаар хаслаж хөх тэнгэрээс нь салгаж болдог байжээ. Монгол цэрэг харь улсын хэрэмт хотуудыг эзлэхээр дайрахдаа хас тэмдэг ашиглан хүчийг нь хэрэглэдэг байсан байна. Буриад хүмүүс хоорондоо хэрэлдэж муудалцаад салахдаа тэр газар шороон дээр хас зурж орхиод бид муу бүхнээ энд дарлаа гэж бэлэгддэг байна. Эзэн Чингис хаан маань Тив Тэнгэр бөөг үхүүлээд хасалсан гэдэг нь бас иймэрхүү зан үйл хийсэн тухай хэлсэн биз ээ. Гэртээ буруу эргэсэн хас шүтээн залсан нэгэн айлд тэр омгийн сахиус онгод нь буухгүй удам угсааны хүүдээ хилэгнэж уурлан өөрийнхө гараар гал голомтоо хасалсан үр минь ээ гэж ихээхэн догширч хатуурхаж байсан билээ. Хас дүрсийн Г хэлбэртэй хэсгийг нь түлхүүр гэх бөгөөд бидний мэдэх фашистын Германы хас нь дөрвөн түлхүүртэй зөв хас байх нь. Хас нь халх, буриад, хамниган гэх мэтээр ангилагддаг байна. Халх хас нь 3,5,7,13,15,21,33 түлхүүртэй байхад хамниган хас нь 4,6,7 түлхүүртэй, харин буриад хас 3,5,9,11,13,19 түлхүүртэй байсан байх юм. Сондгой тооны түлхүүртэй зөв хас нь тол туяатай учир эзэндээ аз жаргал авчирдаг гэж хууччуул үздэг байжээ. Харин 4,6 түлхүүртэй хас нь гай чирэх муу шидтэй гэдэг байсан бөгөөд үхээрийн үүдийг хаах болон боож үхсэн хүний сүнсийг эргэж ирэхгүйгээр залахдаа эдгээр хасаар дардаг байсан байна. Эртний монголчууд маань хасын гайхамшигтай тэнгэрлэг хүчийг мэдэж амьдрал ахуй, дайн тулаандаа ашиглаж иржээ. Хамгийн сонин нь Оросын хаанд дагаар орохоор Манжийн хаанаас зугтаж очсон буриад монголын ноёд эсгий гэрийн тоононы чинээ хэмжээтэй буриад хасыг цул алтаар хийж барьсан гэдэг байна. Тэр хасыг хэдэн түлхүүртэй хийсэн нь тодорхойгүй ч уран гоё хээ хуараар чимэглэсэн, угсарч задалж болохоор хийсэн болов уу. Миний бодлоор тэр цагаас л Орос гүрэн Хөхрөгч Тэнгэрт танигдан дэлхийн нэгэн их гүрэн болохын эхлэл тавигдсан байх даа гэж би л хувьдаа боддог юм.   Гал

Цагааны өвгөний дуудлага

Аяар баруун зүгээс Амлаж мэдүүлсэн Цастын цагаан уулын Цан тогтох оройгоос Цагаан мөнгөн баягаа Тулан байж эргэсэн Алтан мөнгөн ёдороо Гялбуулж байж буусан Хөх хамба нөмөргийг Нөмрүүлж байж буусан Цагаан мөнгөн зогдороо Гялбуулан байж буусан Хөх торгон майхавчийг Өмсөн байж буусан Мунтан хар эрхийг Эргүүлэн гуйвдан буусан Долоон доншуур тарнийгаа Бясалган байж буусан Дагшаа маанийн хүрдийг Эргүүлэн байж буусан Бурхан буйлан тулмааш Буйлан их бариач Санишханай хүүгийн Цагаан өвгөн сахиус минь Урлиганд минь залраарай Дуудлаганд минь ирээрэй Таныг гэж тахиж байна Тахил зулаа бадрааж байна Мөн гэж мөргөж байна Мөнхийн зулаа бадрааж байна.

Мөнх тэнгэрийн хэлийг судлах боломж байна

Судлаачид бөө мөргөлийн зан үйлийг олон талаас нь харж судалсаар энэ цагт хүрч ирсэн боловч эргээд харвал ерөөсөө бөө мөргөлийн гадна түр төрхийг л тал талаас нь харж тайлбарласан хэрэг байж. Тийм учраас бөөгийн хувцас хэрэглэл ямар байхыг ярилцах биш, харин бөө мөргөлийн дотоод ертөнц рүү өнгийх цаг нэгэнт болжээ. Бөө мөргөлийн судалгааны бүтээлүүд энэ цагт арвин болсон ч зүйрлүүлж хэлбэл монгол гэрийн дотоод тавилга ямар байдгийг мэдэх төдий гэлтэй. Харин одоо хоймрын бор авдрыг нь уудалж нарийн нандин бүхнийг нь гаргаж үзэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд шинжлэх ухааны оролцоо зайлшгүй байгаа ч үүнийг яаж эвцэлдүүлэх нь мэргэн эрдэмтдийн таалал болгоолтоос хамааралтай аж. Бөө мөргөлд ертөнцийг хэрхэн үздэгийг ойлгохгүйгээр тэнгэр шүтлэгийн тухай ярих боломжгүй. Тэгэхээр бөөгийн зан үйл, шүтлэг мөргөлийн дээд нь юу байж болох вэ гэх асуултад хариулах боломж байгаа юу? Бөө мөргөлийг хүй нэгдлийн үе, овгийн байгуулал болон эхийн эрхт ёсны үеэс эхтэй гэж үзэх хандлага эрдэмтдийн дунд түгээмэл байна. Үүнийг цаг хугацааны хувьд урагшлуулж бөө мөргөлийн үүслийг сав шимийн ертөнцийн үүсэлтэй зэрэгцүүлэн авч үзвэл зохино. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд сүнс буюу оюун ухаан анх ирж амьд биет бий болсон, хүн үүссэн тэр цаг үетэй бөө мөргөлийн анхдагч үүсэл нас чацуу гэж үзэх нь зүйд нийцнэ. Хүмүүн гэгч амьд бодгаль ертөнцийн хуулийг дагаж түүнээс суралцсан ухаан нь бөө мөргөл юм. Ийнхүү ертөнцийн хуултийг танин мэдэж, түүнд захирагдсан оюун ухааныг (онгодыг) шүтэх болсон нь, улмаар сав шимийн ертөнцийг танин мэдэж, оюун ухааны чинадад хүрч, түүнийгээ мөнх тэнгэр гэж томъёолон мөргөл шүтлэгийн зан үйл болгосон нь тэнгэр шүтлэгийн эхлэл юм. Эхлээд байгаль эх, уул , ус , ургамал амьтад , байгалийн сүр хүчит үзэгдлийн чинад утгыг онгодын хүчээр танин мэдэж, тэдгээрийг шүтэх болсон нь тэнгэр шүтлэгийн угтвар үе юм. Ингэж үзвэл бөө мөргөл , тэнгэр шүтлэг нь өвгөдийн ертөнцийг танин мэдэж түүнээс суралцсан мэдлэг, оюуны чинадад хүрч төгс гэгээрлийн эрчимд хүрсэн мөнхөд байх оюун ухаан юм. Иймд мөнхөд байх оюун ухааныг Мөнх тэнгэр хэмээн үзвээс зохилтой. Бөө мөргөлд мөнх тэнгэрийн онгод гэх ойлголт байгаа бөгөөд энэ нь эрт эдүгээгийн үйл явдлыг хүүрнэж, түүхийн улбааг ярьж тодлохын зэрэгцээ хүний үйлийн үр, байгалийн элдэв үзэгдэл болоод сайн мууг ялган дэнслэх бус, харин хүмүүн төрөлхтний сэтгэл оюуныг төгс болгох ухамсар сэтгэлгээний чинадад нэвтэрсэн онгодыг хэлдэг. Ингэж ухамсар сэтгэлгээний чинадад хүрсэн онгод болохын тулд он цагийн уртад олон зууныг элээж, сав шимийн ертөнцийн үечлэлд олон арван улаач бөө нараар дамжин ертөнцийг танин мэдэх төгс оюуны чинадад суралцдаг байх юм. Эдгээр мөнх тэнгэрийн онгодууд мөнх тэнгэрийн хэл хэмээх хэлээр ярьж, мөнх тэнгэрийн бичиг хэмээх бичгийн соёлтой байгаа нь анхаарал татаж байна. Энэ цагт бөө мөргөлийн дотоод ертөнцрүү өнгийх зайлшгүй шаардлага байна гээд буй маань үүнтэй холбоотой юм. “Бөө хэмээх нь байгал дэлхий, уул ус, ургамал амьтан, хад чулуутай ярилцах хүнийг хэлнэ” хэмээсэн нэгэн тодорхойлолт байна. Энэ тодорхойлолтод ч гэсэн бөө мөргөлд мөнх тэнгэрийн хэл бий гэсэн санаа шингээстэй байна. Мөнх тэнгэрийн онгодуудын бичиг нь тодорхой хэлбэр дүрс бүхий тэмдэгтээр илэрхийлэгдэх бөгөөд хэл яриа нь уянгалаг сайхан, сонсголонтой. Орчуулж мэдэхгүй хүнд ч гэсэн толгой мөр холбосон шүлэг яруу найраг гэлтэй сонсогддог. Дүрс тэмдэгтийн нэг тэмдэглэгээ гурван өөр утгыг илэрхийлэх бөгөөд түүнийг утгачлан тайлдаг хэлмэрч онгод гэж тусдаа байх юм. Бөө мөргөлийн түгээмэл зан үйлүүд дотор ч энэхүү бичиг соёлыг ашиглах нь элбэг байгааг манай бөө нар төдийлөн анзаардаггүй бололтой. Энгийн жишээ авбал, бөөгийн хэцийг амилуулах зан үйл хийхдээ хэцэн дээр шар тос, арц хоёрыг холин түрхээд ямар нэгэн бичээс татлага хийсний дараа л мөнх тэнгэрт мэдүүлнэ гэж хэцийг дэлддэг. Үүнийгээ мөнх тэнгэрийн бичгээр бичин, мөнх тэнгэрийн хэлээр ярьж байгаа гэх. Бөөгийн зан үйл үйлдэх үед арц, сүү, архи, бөөгийн эдлэл хэрэглэл, зарим тохиолдолд мал амьтан, хүний цус хүртэл ашиглан бичиг тэмдэглэл хийн Мөнх хөх тэнгэрт мэдүүлж, үйл учигаа хийх нь байдаг. Эдгээр зан үйлд хэрэглэж байгаа бичиг тэмдэглэгээ нь Мөнх тэнгэрийн бичиг соёл байгааг илтгэх бас нэг учиг юм. Мөнх тэнгэрийн бичиг соёлын талаар урьд өмнө нь мэдээлж тэмдэглэсэн зүйл байна уу хэмээн судалж сурвалжилтал нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээн 1910 онд Эзэн хорооны цагаан сүргийн их тахилгад оролцсон тухай тэмдэглэлдээ энэ талаар анх дурдсан аж. Түүний тэмдэглэлийг олж үзээгүй ч манай нэрт эрдэмтэн Бямбын Рэнчиний “Монгол дахь Чингэс хааны шүтээнд зориулсан тахилга” гэдэг өгүүлэлд энэ талаар тодорхой өгүүлсэн байх юм. Б.Рэнчин абугай бичихдээ “Жамсрано бол 1910 онд Чингэс хааны шүтээн хадгалагдаж байгаа Ордос нутгийн Эзэн хороонд очиж, их хааны дурсгалд зориулсан найман цагаан гэр, жич Чингэс хаан болон түүний хатдын дурсгалд зориулан үйлддэг хаврын цагаан сүргийн тайлгыг үзэж тэмдэглэж чадсан цорын ганц судлагч юм. ... Би энэ оны нэг сарын эхээр Ленинградад Энэдхэгээс ирээд Монгол явах гэж байхдаа 1957 оны зун Ордост хийсэн тэмдэглэлүүдээ доктор Жамсраногийнхтой харгуулж үзэв” гээд эрдэмтэн Жамсрангийн Цэвээний тэмдэглэлээс хэд хэдэн удаа иш татан бичжээ. Тэдгээрээс “...Жамсрано бээр дархдуудын дагууллаар их хааны шүтээнд сархдаар тахил өргөх үед тэд огт мэдэхгүй хэлээр магтаал дуулж байхыг анзаарсан байна. Гэхдээ Жамсрано юу ч ойлгож чадаагүй бөгөөд ер нь сонсч буй хүмүүст ойлгогдохгүй байхаар бодож хийсэн мэт л байжээ. Тэр дуунуудаас зөвхөн нэг “аллах аллха шиджи аллха” гэх мэт үгийг л ялган сонсч байлаа. Ямар хэлээр дуулж байгааг нь асуухад, бид тэнгэр бурхны хэлээр дуулж байна хэмээн дархдууд хариулах аж. Үнэндээ дархдууд өөрсдөө ч ямар учиртай үг хэлж байгаагаа үл мэдэх аж” гэсэн мэдээ эрхтгүй анхаарал татна. Б.Рэнчин гуай 1957 оны зун Эзэн хороонд очиж гурав хонохдоо Аюур гэдэг өвгөнтэй уулзжээ. Тэр Аюур нь 1910 онд Жамсраны Цэвээнийг очих үед тус болж байсан Насанцогтын ач бөгөөд нэрт монгол эрдэмтнийг сайн санаж байсан төдийгүй өөрөө тэр үед 12 настай байсан гэдгээ ч хэлжээ. Рэнчин гуай дархдуудаас мөнөөх мэдэхгүй хэлээр дуулдаг магтаалынхаа утгыг тайлж өгөөч гэж хүсээд Жамсрангийн Цэвээний нэгэн адил хариулт сонссон байна. Гэхдээ тэд Чингэс хааны шүтээний өмнө мөнөөх дууллаа дуулж өгсөн бөгөөд үг нь ер ойлгомжгүй байжээ. Б.Рэнчин абугай “Хамгийн сүүлийн магтаалыг дуулж байхад аль хэдийнэ үдшийн гурван цаг болсон байв. Тэрээр эхлэхдээ магтаалаа тэнгэр бурхны гэгдэх үл ойлгогдох хэлээр эхлээд төгсгөлд нь эртний монгол хэлээр дуулав” гэж тэмдэглэсэн байдаг. Эндээс тэрхүү дуулал нь эртний монгол хэлээр биш гэдэг нь тодорхой байна. Эзэн хорооны дархдууд “Тэнгэр бурхны хэл” гэж ямар хэлийг хэлэв? Энэ нь бидний дээр дурдсан тэнгэрийн хэл биш биз? Эзэн хорооныхон одоо энэхүү магтаалаа дуулдаг боловуу гэсэн олон асуулт урган гарна. Хэрвээ тэд дуулсан хэвээр бол түүнийг нь миний уулзсан онго тэнгэрүүдийн аялгуулан хэлэхтэйхарьцуулан судлахсан гэсэн бодол төрнө. Ямартай ч бөө бөөлөх зан үйлийг судлах явцад тэнгэрийн гэх тэмдэг тэмдэглэгээтэй яалтгүй учирч, энэ нь хад , агуун бичээсүүд зарим нэгийнх нь утгыг хэлүүлж, онгод мөнх тэнгэрийн хэлээр хэрхэн ярихыг сонсож, тэр бүү хэл ийм бичигтэй тэмдэгт газрууд хүртэл бий гэх тэнгэрийн мэдээ сонсож явсан, яваагийн хувьд энэхүү тэнгэрийн хэл болоод бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, шинжлэх ухаанч арга барилаар судлаасай хэмээн эрдэмтэн судлаачдад хандаж байна. Мөхөс миний энэхүү учирлал хүсэлтэд худал хуумгай зүйл ер үгүй, гагцхүү тэнгэр ухааныг ойлгон хүндэтгэгч эрхмүүдтэй хамтран ажиллахгүй бол дан ганцаар хүчин мөхөсдөж үнэт боломжийг ашиглаж чадахгүй өнгөрөх вий гэж айх тул мэргэн уншигч Та авах гээхийн ухаанаар хандаарай.  

​Баруун тэнгэрийн онгод түшүүлэйн дуудлага

Аяр баруун зүгээс Амлаж мэдүүлсэн Агаар тэнгэрийн заадсаар дүүлсэн Цахилгаан тэнгэр тийрлэгэтэй Цэнхэр хөх тэнгэрээр хөөрсөн Арван мөчин дамжлагатай Дөрвөн мөчин түшлэгтэй Долоон мөчин суудалтай Арван хоёр салаалж аранга эврээ гүйцсэн Түмэндэйн хүү Түлшүүлэй Заарин их гарвал Таныгаа урин залан дуудаж байна Урилганд минь залраарай Дуудлаганд минь ирээрэй.    

Отгон тэнгэр уулын тахилгад зориулав.

Эртнээс нааш эдүгээ хүртэл цаг, цагийн хүн ард маань өөрийн буянаас илүүвчилж хожим үедээ өвлүүлэн үлдээж байна уу гэлтэй нэгэн сайхан ёс нь эх байгальдаа өргөх өглөг юм.           Хэдийбээр хөндлөнгийн хийгээд өнгөцхөн дүгнэдэг хүмүүст бол мухар сүсэг мэт харагдах ч Монгол хүний ой ухааны алсын харааны тод илрэл, цаглашгүй гүн сэтгэлгээний зөвхөн нэг хэсэг юм шүү.          Тухайлбал Бадархундага болон өөр олон "үүц" хадгалах газарт өргөж буй сэтгэлийн харамгүй өглөгүүд заавал металл эд тэр тусмаа цалин цагаан мөнгөн эдлэл байдгийн учир нь бол 1. Сүсэгтэн олны хөлд бохирлогдсон усыг цэвэршүүлэх, үргэлжийн мөнхөд тунгалаг ариун байлгах. 2.Тахилгад газраа эрхэмлэн хүндэтгэсэн их үйл.3.Шуналын сэтгэлээ дарж би ганцаар биш бид үргэлжилнэ хожимыхонд үлдээсэн хишиглэл юм гэж хармаар бодмоор шүү.              Тийм учраас хүн ард сүсэгтэн олон минь Бөө тэнгэрийн ёсны энэ их тахилгад оролцож этугэн эхдээ өргөл өргөх нь ямар ч шашины мухар сүсэг биш шүү.               Харин хатуу эдлэлээ өргөхдөө ХАДГАНД бүү боогоорой учир нь: 1. Өнөө цагийн хадаг чинь 17 дугаар зууны үеийн цэвэр даавуун эд биш хаягдал гялгар материалаар хийсэн эд /шатаах гээд үзэж магадалж болно/ 2. Монгол ёсонд өргөл бүү хэл хүнд бэлэг өгөхдөө боож далдалж өгдөг ёс огт байгаагүй. 3.Лам багш тань хадагтай өргө гэсэн бол ХАТУУ эдээ хадган дээр тавьж очоод өргөөд хадгаа овооны залманд уячихаарай.              ЯАГААД ХАДГАНД БООЖ БҮҮ ХАЯ ГЭЭД БАЙГААГИЙН ГОЛ УЧИР НЬ: ХАДАГ БОЛОН ЦААС алин ч тэр нуурыг онцгой бохирдуулахаас гадна НУУРЫН НҮД /оргилого/ -ийг хааж ширгээх магадлалтай юм аа.     Arigbukh 

​Гүег хааны зарлиг - 1246 он

Мөнх тэнгэрийн хүчинд Хамаг их улусын Далай хаан Гүюг хааны зарлиг. (Зөвхөн энэ нэгэн өгүүлбэрийг Түрэг хэлээр бичээд төрийн албан бичгийн үлдсэн хэсгийг бүхэлд нь Перс хэлээр бичжээ.) Миний бие тус зарлигийн орчуулгыг чадан ядан цэгцэлж бичсэн болно. /Бодонгууд М.Дөш/ Монгол хэлээр: (by mongolian) Мөнх тэнгэрийн хүчинд  Хамаг их улсын далай хаан  Гүюг хаан ману зарлиг. Зарлигийг минь  шашины эзэн их Пап дор мэдтүгэй гэж илгээв. Корал нутагт Хуралдай хурж ахуй дор, Та нар зөвлөлдөөд элч томилон  хүлцэнгүй байхыг гуйчилуулан илгээснийг  Гуйчлалыг чинь элчдэн сонсов.  Та нар хэлсэн үгээрээ болох аваас  шашины их эзэн Пап чи биеэр  манай газарт ирж бидэн лүгээ учиртугай. Бид тэр тухайд  засагт дурдаж бүхий зарлиг бүрийг  та нарт сонсгон дагуулсугай. Бас намайг шашинд орох аваас  сайны ёс болно гэж та нар хэлэв.  Та нар элч томилон гуйчилж ирсэн нь  сэцэн явдал болой.  Гэвч бид чиний гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж,  “Та нар  бүх Мажар, Киристан мөргөлтөний  бүх ороныг дагуулан авсан” хэмээнэ.  Би ихэд цочив. Үүнд ямар эндэгдэл болсоныг бидэнд хэлмүү?" гэсэн үгсийг  та нар над хэлүүлж илгээжээ.  Эдгээр үгийг чинь бид бас мэдсэнгүй. Чингис хаан, хаан миний бие хоёроос  Мөнх тэнгэрийн зарлигийг дагатугай гэж  энэ хоёр хүмүүсийг илгээсэн боловч  тэр хүмүүс тэнгэрийн зарлигийг эс дагав.  Чиний үгүүлж буй тэдгээр хүмүүс их чуулган хийж,  ихэмсэг сүр үзүүлэн  манай илгээсэн элчисийг балмадаар алж  үймээн самуун дэгдээв. Учир иймийн тул,  Мөнх тэнгэрийн хүчинд,  тэдгээр ороны хүмүүсийг алж арилгаж,  даран эрхшээсэн болой.  Харин зарим хүмүүс нь  Мөнх тэнгэрийн зарлигаар  түүний хүчинд эсэн мэнд үлдэж аврагджээ.  Хүн арадыг хэрхэн барин авч алж болно,  хэрхэн бариад хорьж болно. "Би христос мөргөлтөн,  Дээд тэнгри бурханыг хайрлана,  би байлдааныг жигшин үздэг" хэмээн  чи үгүүлж байна биш үү. Дээд тэнгэри Бурхан  хүн төрөлхитөний гэм нүглийг арилгаж ивээлээрээ энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэж үздэгийг  чи хэрхэн мэднэ,  чи ийм үгийг хэлж буй учир  Дээд тэнгэр юүгээн яахин мэдэх вэ? Дээд Мөнх Тэнгэрийн хүчинд  наран мандах газраас эхлэн  наран жаргах газрыг дуусталх газар дэлхий бүгдээрээ бидэнээ ибээгдэж буй. Мөнх Тэнгэрийн зарлигаас бус  хэн ч дураар юу ч үйлдэж үл чадна. Эдүгээ та нар:  "бид харьяат албат болж хамаг эд хөрөнгөө та бүхэнд өгтүгэй" хэмээн  чин шударгаар хэлбээс зохино.  Чи өөрөө харьяат вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван хүлцэнгүй байж  нэг ч хоцролгүйгээр хүчээ өгөхөөр иртүгэй.  Тэр цагаас та нарыг эеэр дагуулан авсан гэж  бид өршөөн үзтүгэй. Хэрбээ та нар  Тэнгэрийн зарлигийг үл даган  зарлигийг минь эсэргүүцвээс  та нар өстөн дайсан болтугай. Эл учир, аливаа зарлиг бүхэнийг  та нар сайтар мэдэгтүн.  Хэрвээ үүнээс бус буруу санаа өвөрлөн явбаас  хэрхэхийг бид мэдэх гэж үү,  гагцхүү Мөнх тэнгэр л мэднэ." Тамганы бичээс: "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай Хааны зарлиг Ил болгон /Харь улс орны/ иргэн дор хүрвээс Биширтүгэй аюутугай" гэсэн байдаг. МОНГКЭ ТНГРИ ЙИН КҮЧҮНДҮР ЙЭКЭ МОНГОЛ УЛУС ИН ДАЛАЙ (ДЭЛХИЙН ) КАНУ ЖРЛГ ИЛ БУЛКА ИРГЭН ТҮР КҮРБЭСҮ БҮШИРЭТҮГЭЙ АЙУТУГАЙ

​Бөөгийн онгод тэнгэрийн дуудлага

Хуур татаж, онгод тэнгэрээ дуудсаны дараа онгод тэнгэр удганы биед ирэхдээ бүүвэй, бүүвэй хэмээн намуухан аялгуулж эхэлнэ. Дараа нь инээнэ. Хэ хэ хэ (инээнэ исгэрнэ) Хөх тэнгэрээр хөрвөж ирлээв Хөрст дэлхийгээр шүргэж ирлээв Далай гаталж даваа давж ирсэн Эмгэн буурал ээж минь Мөрт тань мөргөе Мөнхийн жаргалыг талбияа Сүлдэрт тань сөгдөе Намт ногоон тэнгэр минь Хүчтэй ногоон тэнгэр минь Хөх нурман халбөөт минь Хөх үүл нүүлэг минь Намлуу туж байр минь Нарийн жаргалант дамжлага минь Сүүн цагаан сэтгэлээрээ Залбиран явнам Ерөөл тань өлзий болог Заяа тань зарлиг болог Есөн ес 81 цацлыг тань өргөлөө Есөн ес 81 тамлагыг тань тамлая Заргаан зэл манжиг минь Зул хүж шүтлэг минь Алаг цоохор манжиг минь Алаг шаазгай толмоож минь Арван хоёр зэл хонхинуур минь Тажин цоохор хавтаг минь Эхээн цоохор гаанс минь Хорьтын ногоон дүнсийг 21 банкилж Архи дарсаар цэнгүүлж Наадаж наргиж явлаав Өрхтэй үүдтэйгий нь дамжиж Тахиулж шүтүүлж явлаа Цагийн сайхан цагт Цалгиж наргиж явлаав Тарган хонины махаар Тахиулж шүтүүлж явлаав Үрд үр ялгаагүй Үрээнд морь ялгаагүй Нэг настай нитгэр үстэй байхаас минь Дааж дагаж аварч өршөөж Хөлийг минь дөрөөнд хүргэж Гарыг минь ганзганд хүргэж Тооноор минь тонголзож Үүдээр минь өнгөлзөж Харж үзэж хааж боож явдаг Цанхлай цагаадай захиус минь Заяа ч болж явнам (төөрөг, төөрөг, алтан төөргөө хайрла) Хөх зарь аа унаж Хөх тайгаараа халхөж Арцтай тайгаараа дамжиж Хэсэг шарнуудын тээхийн Ад чөтгөрийг арилгаж Амь насыг нь бататгаж Хэсэг шарнуудан тээхэд Сүлд болж явнам Балигийн гол нутаг минь Балжирын халх нэр минь Эрээгээр ирсэн юмыг Бариагаар болгож Ид шидээ үзэлцэж аргалж хариулж явлаав Наргүйн оронд очсон над шиг болсон биш Нартын оронд байхдаа аргатай чөлөөтэй байдаг Элгэн улаан хаднаас эмтэрч гарсан бие минь Халил улаан хаднаас хамхирч гарсан бие минь Эр л ганц бае минь Бага л баривал бяцарна биз Их л баривал илжирнэ биз Яасан ч яахав миний дур Буданд төөрсөн булжаахай шиг Хаданд төөрсөн харцага шиг Усан нүдтэй цусан зүрхтэй Юугаа ч мэдэхгүй савдаг байна Харсан заяа тэнгэр минь Цахилан цагаадай сахиус минь Тоонотой гэртээ тормойном  Ханатай гэртээ ханарнав Харьнав буцнав ээж минь Ариун тэнгэртээ дэгдээрэй Арц цэдмээ цэнгүүлээрэй Хувдай хувдай Дэгдээ дэгдээ Хувдай дэгдээ Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын удган Р.Бямбацогтын онгодын дуудлага.           

​Уламжлалт монгол бөөгийн шавь босгох онгод хөрөглөх ёс

Монгол бөөгийн ёсонд бөө болгоно гэж  онош тавиулсан хүнийг бөө нарын дүрсэлдэг харанхуй ороноор дагуулан  газарчлан явах зан үйлийг бөөгийн зам заах ёс гэнэ.Гурван үе шаттай явуулдаг.Бөөгийн хувцас хэрэгслийг үйлдэж амилсаны дараа  багш  бөө шавийн гэрт нь долоон шөнө дараалан бөөлнө.Энэ хугацаанд шавийн биед өөрчлөлт орвол даруй багшийн халуун хуяг өмсгөж бөөлүүлдэг байна.Удаах долоо хоногт шавь бөө багшийн онгодыг түүний удирдлаган доор тахиж багшаасаа өмчийн онгод авдаг. Орой үдшийн цагаар ганцаар гадагш гарахыг цээрлэнэ.Гурван жилдээ бөөд багшлахгүй айлын сэтэр ариулахгүй,арга засал хийхгүй байх ба багш нь шавийнхаа,шавь нь багшийнхаа онгодыг тахиж багшийн заавраар бөөгийн зан үйл,онгод тэнгэрүүдтэй  харицаж суралцдаг.Гурван жилээс цаашид лус савдаг бусад хий биеттэй харицахад суралцан багшийн зөвшөөрлөөр  галаасаа гарч түмэнд тусаа хүрэгдэг.Жишээ нь: Лус нь газар усны эзэн учир хөрснөөс хөндийрөх дургуй байдаг. Лус дуудчихаад зогсож байх юм бол урин залж ирүүлчихээд хүндэлсэнгүй хэмээн хатуурч тухайн бөөгийн аминд хүрэх тохиолдол байдаг.Иймд шэнэхэн туршлагагүй бөөд халгаатай  үзэгдэл юм.Үүний учир лус тахиж дуудсан бөө лусыг зүрхэндээ шингээж заавал суугаа баидлаар бөөлдөг ёстой. Шавь бөө олон тооны лустай нэгдэж олон хамжаатай  , асар хүчтэй болсон онгодыг тосож авж харицаж тахиж чадахгүй оромдсоноос амь насаа алдах аюултай. Ийм онгод дуудсаны дураар ирдэггүй лусаас явуулахгүй хориглосноос ирэхгүй явдал байдаг тул ёс бус авирласан шинэхэн бөөд онгод орохгүй хураагдах үзэгдэл бас бий.Лусаас гадна уулын савдаг мөн харанхуй оронд зориход элдэв амаргүй хий биет олон байх ба энэ нь галаасаа гарсан шулуурсан харанхуйд гарсан гүйцэд боссон бөөд тохиолдох үзэгдэл юм.Өнөө цагт бөөгийн нууцлаг эрдэмд шамдан суралцаж буй сайн бөө цөөний дээр замчлах ур чадвартай багш ховор байгаа нь энэ олон төөрөлдсөн тэнгэрийн улаач нараас харагдаж байна.             Бөөгийн зам заах зан үйл явуулж байхад шинэ бөөгийн гал голомтын хар ба харагчин зүгт онгодыг урт цагаан даавуун дээр хөрөглөж өлгөц хийн улаан утсаар унинд бэхэлдэг.Онгодын өлөгцөнд цагаан даавуу байдгын учир нь энэ бол онгод тэнгэрүүдийн  бэлэг ямба харин улаан утас нь онгодын амин холбоо гэсэн утгатай.Гэрийн онгодын өлгөцөөс гадна онгодонд барих бэлэг сэлтийн өлгөц гэж байдаг.Хээрийн онгодонд өргөх  бэлэг сэлтийн өлгөц гэдэг нь алд орчим урт дэлэм хэрийн өргөн есөн салаа цагаан артай цагаан улаан хөх ногоон тууз хэлбэрийн байдаг. Монгол бөөгийн ёсонд онгодыг байгалийн материалаар болон малын ,ан амьтаны үс ноос арьсаар,даавуугаар хөрөглөн дүрсэлж бүтээдэг.Үндсэн гурван хэлбэр байдаг дүрс онгод, сэтэр онгод, хэц онгод.Хүүхэлдэй хэлбэрийн даавуу ,ноос, мод ,төмөр зэргээр уралсныг дүрс онгод буюу эмгэлж гэнэ.Цуудар маягийн олон өнгийн даавуу торгоор хийснийг сэтэр онгод гэх ба дүрслэн бүтээх хийсвэрлэн бүтээх энэ хоёр аргыг хослуулан бүтээснийг хэц онгод гэнэ.                                                                                                                  Г.Намжиг  

Хуудаснууд

Subscribe to Онгод тэнгэрийн айлдварууд