logo

logo.jpg

Advertisement

Бөө-д юу саад болж байна вэ!!!

​Чи бөө болох ёстой хүн байна

      Хавар болж байна.  Зарим бөө нарын мөнгө хийдэг улирал нь ирж байх шиг байна. Та онгодтой байна. Бөө бол гээд таныг, таны ойр дотны хүмүүсийг ээрээд байна уу? Шийдвэр гаргахаасаа өмнө түр азнаад үүнийг уншаад үзээрэй. Бөө хүний тавилан бол хүний хүсээд байх тавилан биш. Өнгөц харахад хүмүүсээр хүндлүүлж тахиулаад, хүмүүс өөрсдөө гүйж очоод тахил дээр нь мөнгө тавиад байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ бол бөө, улаач, удган, зайран гэх эрхэм алдрыг зүүхийн тулд тухайн хүн маш их хичээх хэрэгтэй болдог. Тахилга, тайлга,чанар хийх, өргөл, ундаалга, бензин шатахуун, хонь мал гээд ямар их зардал гардаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тахил дээр нь тавьсан мөнгийг өөрсдөө авч үрээд л ажил хийхгүй жаргаад байгаа юм шиг харагдаж байгаа болоод зарим хүмүүс бөө болох гэж дурлаад байх шиг байна. Тамгалагдсан үр л бөө болох тавилантай болохоос биш дуртай нь биш шүү.  Хүн бүрийг удмынх нь тэнгэр, сүнснүүд харж тольдож явдаг. Тэр ч байтугай муу сүнс, тийрэн хүртэл дайрчихсан дагаж явдаг. Тэр бүрийг ялгаж танихгүй тааралдсан хүнээ онго, тэнгэртэй байна гэж андуурч байгаагаас борооны дараах мөөг шиг ихээр бөө төрсөн ч жамаараа энэ бүхэн цэгцэрнэ. Мөн онго тэнгэргүй гэдгийг нь мэдсээр байж өнгө мөнгөнд дурлаж хүний амьдралаар тоглож байгаа бөөнцөр ч олон байгаа шүү. Хэрэв тамгалагдаагүй бол сүнсээр тоглох нь тухайн хүнд болон удамд нь сайн зүйл авчирахгүй. Үр удмаараа үйлийн үрийг нь эдлэх энэ тавиланг эдлэх ёстой бол хөнгөн хандаж хэрхэвч болохгүй.  Өөрсдөө унш судал. Онго тэнгэртэй эсэхээ таньж мэд, Олон хүмүүст үзүүл. Бөө бол гээд байгаа, хүмүүсээ судал. Замчлуулах багшаа маш ихээр судал. Бүх талаас нь. Шуналтай, шалиг, завхай, хулгайч, хүн чанаргүй хүмүүсээс олигтой үр дүн хүлээгээд хэрэггүй л болов уу?  Хүнийг хүндэлж, хайрлаж чаддаг, ёсзүй, үүрэг хариуцлагатай, хэрэгтэй зүйлсээ олоод унших, судлаад мэдчих боловсролтой зөв хүнээ олтлоо битгий шантраарай. Бөө хүний үүрдэг тавиланг дааж чадах эсэхээ бодож тунгаа. Жаргал нь илүүдсэн хүн ирдэггүй. Зовсон хүмүүс л байнга ээрэх болно. Хүний зовлонтой дандаа зууралдаад байж чадах уу? Өөрийгөө чагна. Хэрэв тамгалагдсан нь үнэн бол та болон түших хүн чинь хоёргүй сэтгэлээр энэ үйлэнд зүтгэх шаардлагатай болно. Зарим үед энэ хоёр хүний ажил амьдралыг ч алдагдуулна гэдгийг бодолцож үзээрэй.   Олон Ургалч  

С.Молор-Эрдэнээс болгоомжил !!!

С.Молор-Эрдэнээс болгоомжил !!!  Даяаршлын шуурган дундах агуу түүхтэй жижигхэн Монгол Улс зарим нэг иргэнээсээ болгоомжлох нь зүйн хэрэг болжээ. Ардчилал гэх их нэрийн дор сайн муу хоёр л сав дүүргэж байгаа ч ирээдүйг хордуулах чадвартай вирус ч бас байх.   Өдгөөгөөс олон жилийн өмнө МУИС-ийн нэг нөлөө бүхий эрхэм “оюутнуудын толгойг эргүүлсэн нэг гаж сэтгэлгээтэй багш байна, түүнийг явуул гээд болдоггүй” хэмээн халаглаж суусан юм. Тэгэхээр сургууль дотроосоо бус нэлээд дээрээс өгсөн үүрэг гэдгийг анзаарч болно. Үүний дараа нь тэр “Гаж” нөхрийг олж уулзахад “Ийм сургууль байхын хэрэггүй. МУИС-ийн хаалгыг нь хаагаад банз модоор даруулаад хадах хэрэгтэй. Намайг ойлгох хүн Монголд алга. Миний хаана ч хүрэхгүй” хэмээн уурсан хэлсэн нь сургуулиасаа хөөгдөсний тэмдэг байв. Тодотгож хэлбэл, дээрээс өгсөн үүргийг МУИС биелүүлжээ. Үүнээс хойш улстөр, эдийн засаг, уран зохиол, анагаахын гээд бүхий салбарыг салам шүүмжилдэг нэг нөхөр бий болсон нь өнөөдрийн “Хэвлэлийн баатар” шахуу болчихоод байгаа С.Молор-Эрдэнэ юм. Бүр сүүлдээ улстөр рүү хальтирч, Н.Энхбаяртай ч Ц.Шинэбаяртай ч нэг бөөрөө нийлүүлж олны өмнө гарч ирсэн. Гэтэл түүний номлож шүүмжилж байгаагийн цаад талд дандаа үндэстнээ эсэргүүцсэн утга санаа нуугдаж байх нь юу юунаас том аюул юм. Тэр тусмаа өөрийнхөө суралцсан Германыг Ертөнцийн төв хэмээн үзнэ. Монгол Улсын хэмжээнд бол юу ч байхгүй. Ардын уран зохиолч нь ч хоосон магтагч мулгуу, нэртэй эмч нар нь ч алуурчин, эрдэмтэн мэргэд нь ч зөвхөн 35 үсэг нүдэлсэн төдий хэмээн ярих энэ эрхмийн үндэсний эсрэг гэмээр үзэл санаа МУИС бүү хэл өдгөө нийгэмд гай тарихдаа тулчихаад байна. Үндэсний хэмжээнд гайгүй боловсон хүчин бэлддэг МУИС-д өөрийн гэсэн үндэсний бодлого бий. Нөгөө талаас Төрийн хар хайрцагны бодлого ч байдаг байх. Тэгэхээр хүнээ зөв таниж ирээдүйн боловсон хүчин бэлтгэх талбараас холдуулжээ гэж ойлгож болохоор. Тухайн цагт бол С.Молор-Эрдэнийн филосифич мэргэжил, түүндээ гүн гүнзгий орсон нь гай уддаг байх. Түүнд ерөөсөө нийгэм улстөрийн тэнцвэртэй байдал алга. Филосфич хүмүүс эртнээсээ хаад ноёдтой сөргөлдөж, нийгэмтэйгээ тэрсэж амьдардаг байсан гэх үзэл санаа түүний ой ухаанд үүрд оршсон байна гэх зэргээр эерэг зүйл боддог байсан нь үнэхээр ташаарсан зүйл байжээ гэдгийг явж өнгөрсөн цаг хугацаа хэлж өгч байгааг хүн бүхэн хэлэх болжээ. Өнөөдөр монгол хэлэнд нэвтэрсэн гэх мэргэдийг маань юу ч мэдэхгүй мулгуугаар нь дуудаж байгаа хүнд үндэсний үзэл санаа гэж хэзээ ч үгүй. Цэцэн цэлмэг найрагчдыг маань уран уншигч, хэрэггүй амьтад гэж байгаагийн цаана Монгол Үндэстний эсрэг бодлого ч цухалзаж байх шиг. Аливаа үндэстний хэл соёлыг устгахаар алга болдог нь бичигдээгүй хууль юм гэсэн. Тэгэхээр С.Молор-Эрдэнийн үзэл санаа тэр чигтээ үндэстнийхээ эсрэг оршиж байна, тэр тусмаа хэл соёлын дархлаанд халдсан ном товхимол олноор хэвлэж, энэ тал дээр байнга хэвлэл мэдээллээр мэдэгдэж байгаа нь сайны дохио биш шүү. Үнэхээр л Герман улс нь дэлхийн төв юм бол тэндээ очоод амьдрах хэрэгтэй. Заавал Монгол Улсын үндэсний хэв маяг, хэл соёлын эсрэг бодлого явуулж суугаад яах юм бэ. Эсвэл хариас үүрэг авсан тагнуул юм уу хэмээн бодоход ч хүргэнэ. А.Толбо

ХҮНИЙ НОЁН НУРУУ ГЭЖ...

 ХҮНИЙ НОЁН НУРУУ ГЭЖ... Монгол бөөгийн амьдрал хатуу, бэрхшээлтэй. Хүнийг сорьж байж эгнээндээ багтаана. Гэвч цаг төр өөр болж байна. Хаана Бөөгийн байгууллага байгуулагдана тэнд хаалгыг нь тогшин орж, тэр болгонд гишүүнээр элсэж, “тогооны өрөм”-ийг нь хүртэж явдаг нэг хэсэг байх юм. Тэдэнд ёс зүй бодох, ичих нэр нүүр байхгүй. Хэрвээ хамтран ажиллах шаардлага болох татвар юм уу, бодлогын чанартай хуралд сууж, тухтайхан санал бодлоо хэлээд явах, зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, эртнээс уламжилж ирсэн дэг жаягийг мөрдөх болоход өөрийн санаанд нийцэхгүй бол тэр байгууллагаас гараад явчихна. Өөрийн зөрчсөн дэг журмаа миний “онгод” намайг зөвшөөрсөн юм гээд бусдыг буруутгана. Бүр дургүй хүрвэл хорвоогоор дүүрэн бөөгийн байгууллага байхад хаана ч очоод нэг байгуулагад элсчихнэ гэж аархана. Заримдаа өөрийгөө мэдрэх чадвараа алдчихна. Шинэ байгууллагад элсээд нэг хэсэгтээ тэнд ноён нуруугаа тодортол “толгой” байх гэж үзнэ. Зарим нэг нь олон арван жил өөрийг нь хүн болгосон багшаасаа урвана. Багшаасаа салдаггүй бүх даатгалаа хийлгэж, ард нь хөл алдан савсагнаж явсан нөхөр нэг л мэдэхэд одоо цагийн “босс” болчихсон энд тэнд засал хийж яваа харагдана. Багшийн ачийг үл мартагч, бусдын төлөө зүтгэж чадна гэж үү. Бодох л асуудал юм. Бусдын хөдөлмөрийн үр дүнг өөрийн амин хувьдаа ашигласан хэргээр ёс зүйн арга хэмжээ авахуулсан нэр нүүргүй болсон тэр бас л өөр байгуулагад “нүүж” очив. Хүн өөрийгөө засаад байвал хэзээ нэг цагт түүнийг бусад нь үнэлэх цаг ирнэ. Өнөөдөр чадал сул байвч маргааш чадалтай бөө болохыг хэн ч үл мэлнэ. Нэгэн багт багтаж, хамт олны санаа бодолд өөрийн санал бодлоо нийцүүлж ажиллаж чадна гэдэг хүний ухааны асуудал. Нэгэн зайран байв. Түүнийг “В” гэе. Нэгэн өдөр тэр хурдтай явж байгаад санамсаргүй тохиолдол учирч замаас гарч айлын гэр мөргөж, аваар осол  гаргав. Азаар гэрт хүн байсангүй тул тэрээр шүүхийн шийдвэрээр эд материалын хохирол төлөхөөр болж салав. Эд материалын хохирол багагүй мөнгө гарсан болохоор төлөх гэж юм, юм л болов. Эвлэлдэн нэгдсэний ачаар олон сайн нөхөдтэй болсоны хэрэг гарч “ядарсан цагт нөхрийн чанар танигддаг” гэгчээр нэгэн “Улаач” түүнд тусламжийн гараа сунгав. Тэгэхдээ эр хүн шиг зан гаргаж, өөрийн амьдарч байсан хашаа, байшингаа “ломбард”-д тавьж, асуудлыг шийдэхэд туслав. Нөхрөө ял авчихгүйг бодож, хөрөнгө бол шийдчих зүйл хэмээн нөхрийн тусыг гаргасан хэрэг. Гэвч удалгүй байдал өөр болж ирэв. Хүний хохиролыг төлөх ёстой “В” зайран, утсаа сольж, хаана байрлаж байгаа нь сураг алдарч алга болов. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болохоор хохиролын хөрөнгийг төлөх үүрэг тус болсон “Улаач”-ийн нуруун дээр “бууж” ирэх нь тэрээ. Зуны халуунд “В”-г хайгаад тусыг эс олов. Өвлийн хүйтэн эхлэх цагаар хашаа байшингаа шүүхийн шийдвэрээр хураалгах аюул нөмрөв. Тэгээд нөгөө “ачийг усаар хариулсан” нөхрийн өмнөөс өр барагдуулах гэж хөдөө хотод “зүсэн” бүрийн ажил хийж нэгэн цаг хугацааг туулав. Одоо ч асуудал дуусаагүй, “муур, хулгана” болж наадсаар явна.    Он гараад “В” зайрангийн сураг гарав. Сүүлийн үед байгуулагдсан бөөгийн шинэ байгууллагын “найран” дээр нөгөө нөхөр шагнал гардуулахад оролцож явна. Тэр шагнал нь “Алтан гэрэгэ” ажээ. Юм уншдаг хүнд бол тэр шагнал нь Монгол Улсын Гадаад хэргийн сайдын баталсан журмаар олон улсын хэмжээнд дипломат үйл хэрэгт гавьяа байгуулсан эрхэмд олгодог “Алтан гэрэгэ” шагнал л даа. Төрийн байгууллагын олгодог хүндтэй шагналыг нэг бөөгийн байгууллага нэрийг нь зээлдээд олгож байгааг юу гэхэв. Нэг нь ямар шагнал өгч байгаа, нөгөө нь ямар шагнал авч гардан авч байгаагаа бодох асуудал. Зарим зүйлд ичих нүүр, эрхэмлэх ёс зүй байх ёстой. Хаана ч ёс зүй хэмээн эрхэмлэн явах дэг журам хэрэгтэй.                                                  Д.Хүрэлбаатар  .

Төрийн албыг бөө мөргөлөөс салгая

Хүн бүр шашин шүтэх эрхтэй. Түүнийхээ төлөө ялгаварлан гадуургах юм уу, хийж байгаа ажлаас нь төр халах эрх байхгүй. Тэнгэр шүтлэг шүтсэний төлөө хийж байгаа ажил, сонгогдсон албан тушаалаас өөрчлөх үндэслэл болохгүй. Гэхдээ нийгэмд ийм мэдээлэлийг хэн тараагаад байна. Ямар зорилгоор гэдэг нь сонин. Өнөөдөр будда, Иссус, Лалын шашин шүтээд олон сая хүн ажлаа хийгээд амьдарч байна. Тэнгэр үзлээ шүтдэг хүн төрийн албанд ажиллаж болохгүй гэсэн санааг илэрхийлээд байгаад нь эсэргүүцэж байна.                                  Төрийн албыг бөө мөргөлөөс салгая Монгол төрийн босго “намхан” байна гэж иргэд ихээр шүүмжилдэг. Хүссэн, хэлбэрдсэн бүр нь төрийн “зөөлөн сэнийд” суухыг санаархах болж. Өнгөрөгч УИХ болон НИТХ-ын суудалд суугчдийн дунд хэдэн зайран, удган байгаа бол. Бөө мөргөлийг төрийн үйлтэй холбон байдаг гишүүд их бий. 76  гишүүн дотор 15-16 бөө байгаа хэмээн яригдах юм билээ. Гэхдээ хэн, хэзээ, хаана бөөлөөд байдагийг нь мэдэхгүй. Төрийн их зайран гэх хүний удирдлагаар бөө нар цуглан төрийн үйлийг засдаг гэсэн цуу яриа бий. Хэрэв Монгол төрийн үйлийг бөө нар засах юм бол оюун санааны ертөнцөд амьдрал ахуй нь дээшлээд, дээрдээд байх хэрэг үү. Шарын шашнийг Монгол төрийн шашин болгон Богд хааны үеэс билэгдлийн чанар агууламжтайгаар шашин төрийг хослон баригч хэмээн нэрийдэж ард иргэдээрээ шүтэн биширч ирсэн. Гэтэл өнөөдөр бол Монгол төрийн шашин шүтлэг нь бөө мөргөлийн чанартай болсон байна. Гишүүд дарга нар бөөлөх мөрөөрөө бөөлнө л биз гэхдээ 99 тэнгэртэй учраас 99 гишүүн байх ёстой, таван тивтэй учраас ….. гэх мэтчилэнгээр билэг тэмдэгийн чанартайгаар төрийг удирдах гэсэн алхамууд нь иргэдийн “эгдүүг” хүргээд авсан.  Энэ бол зүгээр л нэг жишээ. Үүнээс ч олон зүйлийг ярьж явдаг хүмүүс бий. Үнэхээр Монгол төрийн их үйлийг бөө мөргөлийн ухаанаар шийдэх байсан юм бол угаас бөө хүмүүсийг нэр дэвшүүлж чуулганаар баахан бөө буулгаж, эрчимжсэн сүнсний ертөнцөд өнөө цагийн асуудлаа шийдүүлэе л дээ. Ийм л “инээдмийн” зохиол шиг дүр зураг харагдаад байна. Цагийн юм цагтаа гэж ардын үг бий. Бөө мөргөлийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ төрийн үйлэнд оролцох гэж бөө “буудаггүй” байх. Үр хойчийнхоо зам мөрийг нь засах гэж өөрийн удам судраа үр хүүхдүүддээ таниулах гэж, сургааль номлолоо айлдах гэж л буудаг байх. Өөрийн удмыг мэдүүлэх гэж эрчимжсэн сүнсний ертөнцөөс мэдээллийн урсгалаар тэд төрийн үйлийг орчин цагт “залах” гэж байгаа бол эндүүрэл юм биш байгаа. Энэ цаг үеийн юуг мэдэж байгаа гэж бөөгөөр төр бариулах юм бэ. Тиймээс “зөөлөн сэнтийд” суугчид дотор тамгатай тэнгэрийн хүн байвал төрийн үйлийг бөө мөргөлийн ухаанаас салгаж сурая. Ядахдаа л олон нийтийн сүлжээгээр билэгдлийн зүйлсээ ярихгүй байх хэрэгтэй санагдана.                                  Б.Саран  

Г.Өлзийхутаг: Бөө согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй

Г.Өлзийхутаг: Бөө согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй   Бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, Дэлхийн шашин судлалын салбарын шинжлэх ухааны доктор, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн зайран Хан овогт Г. Өлзийхутагтай бөөгийн шашны сөрөг болон эерэг урсгалын талаар ярилцлаа. -Ирэх ням гаригт сонирхолтой лекц тавих гэж байгаа гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулна уу? -“Монгол бөөгийн удам угсаа” гэсэн сэдвээр лекц уншина. Зорилго нь монголын уламжлалт зан заншил, соёлын өвийг хамгаалах ухааныг түгээн дэлгэрүүлэх юм. Манайд харийн соёл, гадаад дотоод ухамсар хэтэрхий их нэвтэрч байна. Тиймээс хувь хүний ёс суртахуун цэгцтэй байх тал дээр анхаарал хандуулж, гэр бүлийн хүчирхийллийн талаар ч хөндөнө. Учир нь сүүлийн үед урьд хожид сонсогдож байгаагүй бага насны хүүхдийн эрх зөрчигдсөн жигшүүрт хэргүүд их гарч байна. Тиймээс үр хүүхдээ ингэж зодож, тарчилгаж хүмүүжүүлдэг өв соёл байсан уу үгүй юу гэдэг талаар хөндөх юм. Мөн удам угсаа гэж юу болох, ургийн бичгийг хэрхэн хөтөлдөг байсан гэх мэт хэд хэдэн санааг хэлэлцэнэ. -Бөө мөргөл дэлгэрч, бараг л айл болгонд сахиус буух болж. Жинхэнэ, хуурамч бөө юугаараа ялгаатай вэ? -Язгуур угсаа аль эсвэл эрдэм, шид, буусан тэнгэрийн суудлаараа өөр. Бөө гэсэн нэрийг авсан л бол хувь хүн талаасаа маш сайн боловсрох ёстой. Зан үйл, ёс жудаг гээд их зүйл нөлөөлнө. Ер нь бөөгийн шашин анх яаж үүссэн нь түүхэн замналтай. Хэдий үед монголчууд хүчтэй байсан гэх мэт олон санааг түмэн олон мэдэрч хүнээ таних нь чухал. Би энэ удаагийн лекцээр мөнх тэнгэрийн шашин бусад шашнаас юугаараа ялгаатай. Яагаад бөөгийн шашныг хүн төрөлхтний загалмайлсан эцэг гэдэг талаар тодорхой ярина. Илтгэлд урилгаар Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Харсарнайн Амармэнд, дуучин Дэлгэрмөрөн болон язгуур урлагийнхан, уртын дуучид оролцоно. -Бөө нарын ёс бус үйлдлээс хүний амь эрсэдсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн бизнес хийж байна гэх мэтээр иргэд гомдоллодог. Үүнд Та ямар бодолтой явдаг вэ? -Бөөг хий хоосон дөвийлгөдөг олон хүн байна. Үүнээс болоод ард түмэн бөөгийн шашны зөв бурууг мэдэхгүй болчихоод байна. Өнөөдөр нэг талаараа мянган үнэнийг мянган худал болгодог цаг үе. Нийтээрээ ямар нэгэн зүйлд ханддагаа болимоор байгаа юм. Манай ард түмэн чихэнд бус нүдэнд итгэдэг. Гэтэл сүүлийн үед чихнээс чих дамжсан хоосон ярианд их итгэх болж. Түүхэндээ бөө нар нэгдэж байсан удаагүй. Өнөөх л жалга гууны үзэл, “Би” гэдэг өвчнөөр өвчилчихсөн олон хүн бий. Гэхдээ би тэр хүмүүсийн нэг биш. Би бөөгийн замналаар 12 жил явлаа. Удам угсааны хувьд яривал нутаг хошуундаа миний өвөг дээдэс өнөөг хүртэл дуурсагдан явдаг. Тиймээс би тэр нэр хүндийг өргөж өөрийнхөө нэр төрөөр дуурсагдаж хойч үедээ үлдэнэ. Өнөөгийн бөө нарын хувьд ярихад хэцүү. Бөө хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Мөн зан үйлийн сөрөг үйл явдалд оролцдоггүй байлаа. Гэтэл өнөөдөр бөө гэхээр л хараал болон аливаа муу бүхнийг хийдэг гэсэн ташаа ойлголттой байна. -Бөөгийн шашныг нэг өгүүлбэрээр тодорхойлбол? -Өнөөдөр бүх л шашны урсгал манайд байна. Энэ бүхнээс бөө юугаараа илүү юм гэдгийг л харуулах хэрэгтэй. Б.Ринчен гуай “Шашин шашин дотроос хамгийн шударга шашин-бөө мөргөлийн шашин юм” гэж хэлсэн байдаг. Их номч, маш олон хэл мэддэг өндөр боловсролтой хүн ингэж дүгнэж хэлсэн байгаа юм. -Ямар нэгэн шалгуураар бөө гэдэг алдрыг олж авдаг биз дээ? -Уг нь монгол бөөд шалгуур гэж бий. Төрийн албаны ажилд орохын тулд шалгалт өгч төрд тангараг өргөдөг. Тэгвэл бөө мөргөл тэнгэрт тангараг өргөдөг. Бөө хүн хүйс, арьс өнгө ялгаварлахгүй хүн болгонд л туслах ёстой. Хэрвээ тухайн хүн өөрөө өөрийгөө бэлтгэж боловсруулж чадаагүй бол бөөгийн угийг ойлгохгүй. -Болж бүтэхгүй байгаа бөөгийн сөрөг үр дагаврыг та нар л дарах ёстой биз дээ? -2012 онд төрийн бус байгууллагууд нэгдэж Мон- голын бөөгийн нэгдсэн эвлэл гэж бий болсон. Ер нь бөөг бөө аварна гэдэг үнэн. Сайн явсан ч, муу явсан ч биднээс арилахгүй нэр бөө. Сүүлийн гурван жилд бөөгийн аль л болохгүй зүйл бүхэн хэвлэл мэдээллээр гарч байна. Дөрвөн уулын дунд байгаа Улаанбаатар хотод бөөгүй айл ховор болж. Гэтэл бөө нь өөрийгөө боловсруулж чадахгүй байна. Нэг удмаас 20 бөө төрүүлж байна. Хэзээ ч ийм түүх байгаагүй. Гэтэл нийгмийн хандлага ороо бусгаа үед ингэж мөнгө олох ахархан бодолтон байгааг үгүйсгэхгүй. Өнөөдөр машин, байр гэх ямар нэгэн юманд ач холбогдол өгөөд шуналын сэдэлтэй болчихсон сэтгэхүйн доройтолд орсон хүн олон боллоо. Тиймээс мөнх тэнгэрийн том шашныг бөө нэртэй, энэ тэнд шав босгож явдаг хэн хүнээр төсөөлчихөөд байна. Тэр нь зүгээр л бөөгийн нэр хүндэд л сөргөөр нөлөөлж байна. -Уул ус тахиж сайн үйл бүтээж буй бөө ч олон. Тухайлбал таныг уул тахидаг гэж сонссон? - Би жилд хорь гаруй уул тахидаг. Тэр уулсыг тахихад 20 гаруй сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ гарч буй мөнгөндөө биш. Хамгийн гол нь уул усаа аргадаж, хорслыг нь тайлж буй сэтгэлд л хамаг учир бий. Миний адил байгаль дэлхийд эерэг үйл хийж хүн зоны амь амьдралд тус дэм болж буй олон хүн бий. -Таныг магтах хүн олон л байдаг юм шиг санагддаг. Харин муу хэлэх хүн бас байгаа л байх? -Намайг зуун хүн хараахад, мянган хүн өмөөрнө. Өнөөдөр аливаа нэг зүйлийн сүүдэр л олон нийтэд их түгж байна. Сүүлийн нэг жилд бөөг буруутгах хандлага багассан. Учир нь бөөгийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай болсон. Нэмж хэлэхэд он гарсаар бөөгийн нэгдсэн эвлэлээс ёс зүй гэдэг журам гарсан. Ер нь бөө хүн ямар байх ёстой, бөөгийн ёс зүйн талыг хянах, дүрэм журамгүй, олгогдоод байгаа цол гуншин, шавь төрүүлэгч багш нарын асуудлыг шийдэх цэцийн хороо байгуулагдаж, болохгүй бол онгод тэнгэрийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Мөн сайн явааг нь ажил үйлсээр дэмжиж, олон түмэнд таниулах талаас нь ажиллана. -Бөө нар лекц их унших болж? -Сүүлийн хоёр жилд лекц их уншигдаж байгаа. Тухайлбал, Бадарч, Галаарид, Эрдэнэ зайран, Одгэрэл гээд олон хүн уншсан. Би “Монголоо монголоор нь яаж авч үлдэх вэ” гэсэн утга учиртай лекц одоо тавих гэж байна. Энэ бол буруу зүйл биш, сөрөг бүхнийг эерэг болгохыг л зорьж явна. -Нэг онигоо байдаг. Монголд бөө, орифлейм хоёр л ард түмнийг хоосоллоо гэж. Энэ үнэн үү? -Ерөнхийдөө монгол бөөгийн язгуурын ялгаа бий. Зарим хүмүүс бөө орифлейм шиг болчихлоо гэж ярьж байгаа. Орифлейм бол доошоогоо салаалж ургадаг. Харин бөө бол мод шиг дээшээ дэлгэрч, навчилж ургадаг. Энэ удам угсаа нь ургийн бичгээр хөөгдөж тоологддог. Энэ мэт зүйлийг агуу шашинтай харьцуулж ойлгож болохгүй. -Саяхан нэг бүсгүй бурхнаар бөөлжөөд байсан. Үүнийг зарим хүмүүс бөөгийн шашинтай холбон ярьж байсан. Тухайн үед Та юу бодож байв? -Юун бурхнаар бөөлжих. Бид ичих ёстой шүү дээ. Бөөгийн шашин нэр хүнд, мөнгөний араас хөөцөлддөггүй. Байгаль эхийн хуульд захирагддаг. Хэн нэгэн Үндсэн хуулиа зөрчдөггүй шиг бөөд бүрэн захирагдаж чаддаг. Баян хүн өөрийнхөө дээрээс бороо оруулахгүй байж чадахгүй шүү дээ. Тэр хүн тэнгэрт авлига өгч чадахгүй. Тэр их мөнгийг нь ч хорвоо дэлхий тоохгүй. Хэчнээн баян ч бай, ерөнхийлөгч ч бай хэзээ нэгэн цагт өлгий авс хоёрыг л дамждаг. Тэгэхээр чи үхэх л ёстой юм чинь эрт орой нэгэн цагт сүнсээ шүүлгэнэ. Чиний хэд наслах ч хамаагүй. Гэтэл зарим хүмүүс үхэхгүй юм шиг янз бүрийн үйлдэл хийдэг нь хачирхалтай санагддаг. -Баялгийн хараал гэж юуг хэлдэг юм бэ? -Алтан сайхан өвөг дээдсийн минь олж өгсөн газар нутгийг гарын үсэг зураад л га га-гаар нь хүнд зарж байна. Энэ бол маш том нүгэл. Баялгийн хараал буюу үр хойчдоо хэзээ ч хэдэн үеэрээ ч арилгаж чадахгүй муу үйл хийж буйгаа тэр хүн мэдэхгүй яваа нь харамсалтай. Газрын эрдэнэсийг хувингаар авч байгаа бол нэг өөр. Гэтэл хэдэн арван тонноор нь авч байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Тэгэхээр баялгийн хараал байлгүй яахав. Дэлхий ээждээ хайртай гээд л дуулж байдаг. Үнэхээр дэлхий ээждээ хайртай л юм бол яах гэж цээж рүү нь зүү шааж хулгай хийгээд байгаа. Энэ бүхнээс болоод хэдэн мянган хүүхэд амиа алдаж байна. Баянхонгорт л гэхэд саяхан 10 нас хүрээгүй хоёр хүүхэд олдохгүй байсан нь шороонд даруулаад өнгөрчихсөн байна. Гэтэл саарал ордонд худлаа яриад л сууж байдаг. Байгалийг сөнөөгөөд байвал удам угсааг ч сөнөөнө. Яг үүн шиг бөө мөргөлийн зан үйл зөв явахгүй бол 50 жилийн дараа юу болох нь тодорхой шүү дээ. -Та бусад шашнаас айдаг уу? - Үгүй. Өнөөдөр Монголд шашны дөрвөн том урсгал хүчтэй орж ирсэн. Үүнийг төрийн сайдаасаа эхлээд бүгд шүтэж байна. Гэтэл гэнэт Монголд христийн нэгдсэн нам гэж байгуулагдвал яах вэ. Нэг үгээр хэлэх юм бол АНУ-аас хөрөнгө оруулалт нь хүрээд ирнэ. Энэ үед монголын баялгийг гадагш нь гаргахгүй үндэсний аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадах уу гэдэг чинь эргэлзээтэй шүү дээ. Ер нь хэн юу шүтэх нь хамаагүй ч тухайн шашин улстөр гэх мэт өөр зүйлтэй хутгалдвал утгаа алдана. -Та олон хүнийг архинаас гаргасан. Нэг хүнийг архинаас гаргахад хэр хугацаа шаардлагатай вэ? -Би 300 гаруй хүнийг архинаас гаргасан. Ерөнхийдөө цээрийн хоног гэж байдаг. Тухайн хүний дэв, бузрыг авдаг хоног гэж ойлгож болно. Тэр хүн хаана ч хэнтэй ч архи уучихсан байж болно шүү дээ. Тэгэхээр хугацаа ордог. Хүн өөрөө өөрийнхөө алдааг хардаггүй. Тиймээс архичин хүн өөрийгөө хэзээ ч архичин гэж боддоггүй. Гэхдээ би ямар нэгэн эм тан, болох болохгүй юм өгдөггүй. Надтай уулзсан хүмүүсээс танаас болоод миний амьдрал муудчихлаа гэж нэг ч хүн ирж байгаагүй. Энэ нь ард түмний надад өгч байгаа үнэлэлт байх. В.НЭРГҮЙ    

Бөөгийн ёс ардчилалгүй юу?

Бөөгийн ёс ардчилалгүй юу? Бөөгийн уг наалгасан зарим хүмүүс яаж амьдрал ахуйгаа зохицуулахаа мэдэхээ больчихсон, сандарч явааг хараад энэхүү бичвэрийг үүсгэв. Би уг нь бөө мөргөлд үнэн сэтгэлээсээ бишрэлтэй ханддаг юм аа. Гэхдээ Монгол оронд бөө мөргөл дахин дэлгэрэхээс өмнө өөрийн амьдралд баримталж ирсэн зарчим, зарим нэг хэвшил, зуршил, итгэл үнэмшил маань чин сүсэгт мөргөлчин байхад минь мөн ч их саад болох юм даа. Худлаа ярих, хулгай хийхээс эхэлдэг нөгөө айхавтар  арван хар нүглийг үйлд гэж ямар ч шашин, номлол, үзэл суртал хэлдэггүй хойно тэр талаарх сургаал ёс зүйн жишгээс  гадна бас сонин сонин ёс, дэг жаяг байнаа энэ бөөгийн орчинд. Ёстой л хүн мэдэхгүй юмныхаа боол гэгч болох юм даа гэж халагламаар санагдаад, заримдаа тэрслүү тэрслүү бодлууд сэтгэлд орж ирээд, тэр бодлоосоо айгаад тэнгэрийн дор үе үе навтайж явах болов. Тухайлбал , -    Бөөгийн уг наасан багш маань ан амьтан, араатан жигүүртэн, адуу, тэмээний мах бүү хүрт гэсэн заавартай гээд идэх уух юмаа олж цөхөж яваа хүн таарах юм. Тэгээд жигүүртэд нь тахиа, өндөгтэйгээ ордог гэнэ. Тахианы мах идэх нь байтугай өндөг орсон хоол гүй гээд суучихаар боов боорцогноос эхлээд өнөө цагийн бидэнд өндөггүй юм ховор болохоор хэцүү юм билээ. Ан амьтэнд нь гахай ордог гэнэ. Нөгөө хойд айлын хашааны буланд бордуулдаг гахай чинь савдагийн амьтан, савдаг гомдоож болохгүй юм байх. Энэ ч бас яахав уулын олон араатнаас мах ахиутайгаасаа болоод хүний гарт орсон ганц амьтан биз. Гэтэл лусын хорлол гэж айхавтар юмнаас бүгд л айдаг хойно, загас идэх нь байтугай эгцэлж ч харахгүй. Уналгаа идэхгүй гээд адуу, тэмээний мах идэхгүй гэх. Ингээд л ресторан, гуанзуудыг хоолоо ямар махаар хийсэн бол гэж хардаад гэрээсээ гадуур хооллож ч чадахаа байсан байна билээ. Үүнийг нь хараад надад ийм бодол төрөөд байгаа юм. Оросууд “Курица не птица” (тахиа шувуу биш) гэсэн нэг хэлц үг ярьцгаадаг нь үнэн юм болов уу? Бид нарыг бодвол галуу шувууны мах эртнээс идэж ирсэн ард түмэн мэдэж байгаа байлгүй, үнэн гээд итгэчихвэл яадаг бол. Мөн Тэмүжин дүү нарын хамтаар загас жараахайгаар тэжээгдэж өсөж өндийдөг талаар Нууц товчоонд гардаг, тэгсэн ч гэсэн тэнгэрийн ивээлд багтдаг биз дээ гээд барьцмаар ч юм шиг. Бүр байг гэхэд дөнгөж өчигдөрхөн л буу бариад ан хийж явсан хүн, загас шараад хоол хийж байсан хүн өнөөдөр хэц бариад сууж байдаг. Онго нь голохгүй, зугтахгүй ирж л байгаа биз дээ гэж ам асуумаар санагдах юм. Загасчин, анчин олон отог  аймаг, ард түмнүүд дунд сайн сайн бөө нар байдаг дуулддаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Хоол ундны хорио цээр дээр үнэмшилтэй, бодитой хариулт өгөх хүн байна уу? -    Манай хүүхдийг уг наасан багш “Хүүхдийг маань олон тэнгэртэй, ховор заяатай тул дээдлэн хүндэл” гэсэн гээд тухайн гэрийн бүх хүний дээр тавьчихсан, тэр бүү хэл нөгөө муу жаахан хүүхдийг эцгээс нь дээр суулгаж, цай хоолны дээж барьж, хэлсэн ярьсан үг нь хааны зарлиг адил болсон айл байх юм. Бас л нэг жаахан тиймхэн, арай биш санагдаад байгаа юм даа. Улаач улаачийнхаа амьдралаар, онго орсон үедээ онгынхооо замаар л баймаар юм. Энэ хорвоод хүмүүн болж төрөгсөд эцэг эхээс дээш хүндлэгдэх бурхан байх уу? -    Мөн л багш нь хэлсэн гэнээ. “Танай удмын өөр нэг хүнд бас онго буугаад хүч булаацалдаад байна. Би тэрхүү хүний хүчийг дарж өгье. Өглөө бүр надад айлтгаж бай” гэж. Тэгээд нөгөө удган болох гэж байгаа охин маань өглөө бүр, нэг л болохгүй байна гээд багш руугаа утасддаг, багш нь хамаатны хүнийх нь хүчийг дарах дом хийдэг юм байх. Энэ ямархуу ёс зүйтэй багш вэ? Бөөгийн шахаан тангараг гэж юу байдгийг мэддэггүй ойлгодоггүй, өөрөө нүглээсээ салаагүй, нөгөө “хиж гөрөөсний” төрлөөсөө холдоогүй “багш” байхаа. Шавийн эрдэм багшаасаа гэдэг, ийм багшийн шавь ямархуу удган зайран болох нь ойлгомжтой. Багш гэснээс багш гэдэг үг өөрөө ямар нэгэн эрдмийг их бага, ямар нэгэн хэмжээгээр заасан хүн бүрт оноогдох эрхэм алдар билээ. Гэтэл түүнийг сэвтүүлж яваа багш хааяагүй байдаг. Тэдний зарим нь бөөгийн отогт, зарим нь сургуулийн танхимд гээд энд тэндгүй. Гэтэл сургуулийнхаа багшийн хэлсэн заасныг үйл ойшоож хичээл номоо хийхгүй, элдвээр хэдэрлэж зовоох мөртлөө, бөөгийн уг наасан багшийнхаа хэлсэн бүхнийг мухар сохроор дагаж ах дүү, айл хотлоороо элдэв мэдэхгүй юманд орооцолдож чирэгдэх юм. Эрдэмд хөтөлсөн багшийн ачийг юутай ч зүйрлэмгүй арвин боловч, аливаад бид авах гээхийн ухаанаар хандвал зүгээрсэн. Багшаас илүүтэйгээр, өөрөө таны оюуныг эзэмдэн орж ирж байгаа онгынхоо хэлж ярихыг дагавал илүү дээрсэн. Багш нар ч гэсэн онготойгоо бүрэн  золгосон хүнийг өөрийн эрхшээлд байлгах гэж элдвээр айлган сүрдүүлэх арга саам хийж байхаар өөрөө хөгжих эрх чөлөөг нь өгөөсэй. Сайн багшийн шавь бие дааж сурсан байдаг. Муу багшийн шавь хуулж, дуурайж сурсан байдаг. Аливаа эрдмийн багш өөрөөсөө илүү шавь төрүүлж байж л алдар нь манддаг гэдгийг ухаараасай. -    Бөөгийн уг наалгасан зарим хүн  өнөөдрийн амьдарч буй нийгмээ ор тас мартдаг бололтой. Бид нар шинжлэх ухаан, техник, технологи маш өндөр хөгжсөн, ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч өнөө цагийн улаач нар орж ирсэн онгоо дагаад хэдэн зууны цаадтай нисэн одож байгаа нь  харамсалтай. Угааж арчих, цэвэрлэх, халдваргүйжүүлэхээс эхлээд ахуйн түвшний олон хэвшилд нөгөө соёлын довтолгоо хийж байж алга болгосон хуучны хоцрогдлыг тэр чигээр нь нааш авчрах гэж чирэх юм. Мөргөөд бишрэхээс илүүтэй айж цочмоор бохир эд зүйлс хэрэглэх бөө ч байх юм. Айлууд нь буян хишгээ гөвнө гээд хогоо бараг шүүрддэггүй, хувцсаа угаадаггүй, намайг хувцсаа угаадаг гээд шоолж адалдаг хэмээн 70-иад оны үед хөдөөгийн нэгэн суманд багшилдэг нагац эгч маань, хуучилж байсан. Энэ хачин, бохир заваан хэв зуршлаас гарах гэж хичнээн их хүч хөдөлмөр урссаныг нүдэнд харагдтал ярих амьд гэрчүүд, түүний төлөө зүтгэж явсан хүмүүс байж л байна. Хүн яагаад нүүрээ угаах ёстой, хөнжлийн даавуу хэрэглэх нь ямар ач тустайг ухуулж явсан сайхан үе саяхан шүү. Орчин цагийн хүмүүсийг өнгөрсөн зуунд аваачиж мөргүүлж байснаас орж ирж байгаа онгоо орчин үеийн амьдралд сургавал яасан юм бэ. -    Хүний нууцыг хадгалах, хүний эрхийг хүндэтгэх гэх мэтээр өнөө цагийн нүүр царай болсон үнэлэмжийн үнэр ч үгүй бөө нар байх юм. Ялангуяа багш гэгдчихвэл бүр өнгөрөө. Уг наалгах ёстой болсон хэн ч бай ерөнхийдөө тэгсгээд л эрх чөлөө нь хаагдаж багш гэх нэг хүний эрх мэдэлд бүрэн очих хандлагатай. Тогоочийн ганц сарын дамжаанд сурах хэрэг гарсан хүн Улаанбаатарын нүх сүв болгонд байрлах олон сургалтын төвүүдий үнэ ханш, чадал чансаагаар нь харьцуулж байж сонгох нь энгийн эрүүл ухаан болсон энэ нийгэмд уг наалгах хүнд “хэн нэгэн багш” уг нааж өгнө гээд “наалдчихвал” бөөн дарамт, хүчирхийлэл болдог болжээ. Таны шавь болохгүй гээд эсэргүүцвэл элдвээр айлгаж, сүрдүүлдэг гэнэ. Мөн багш шавь болж байгаа талаар гадагш дотогш яривал бас болохгүй. Нууц бах ёстой гэнэ. Үнэн сайн бүхэн ил цагааныг эрхэмлэдэг. Худал муу бүхэн харанхуй, бүрэнхийг далимдуулдаг гэдэг ёстой мөн дөө. Өөрийн үзсэн дуулсаныг бичиж нийтлүүлсэнийхээ төлөө багшдаа, болон багшийн ойр тойрныхонд нь ад үзэгдсэн хүн ч байдаг юм билээ. Хэн нэгний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь амьд явахын адил хэмжээнд тавигдсан ардчилсан нийгмийн иргэд билээ. Яагаад ардчилсан нийгмийн үндэс болсон сонголт гэдэг уг залгах хүнд хамаарахгүй, харин угтайгаа мэдсэнээс хойш шахалт, тулгалт, дарамт илүү болоод байна? -    Бас нэг сонин юм нь Нууц товчоо, Мандухай цэцэн хатны домог гэх мэт түүхэн зохиол дээр гардаг хаад, ноёд, хатад л онго болон бууж ирсэн нь олон тааралдах болжээ. Энэ үнэн үү, аль эсвэл уншсан дуулсаныхаа хүрээнд эргэлдэх хуурамч нөхдийн жүжиг үү. Үнэхээр худлаа гээд батлах эрдэм чадал ч алга, үнэн гээд дагах итгэл үнэмшил ч алга. Гэхдээ л сонин санагдаад байгаа юм даа. Уул нь үнэхээр жинхэнээрээ эртний түүхэн хүмүүс бууж ирээд, мэдэж байгааг маань бус мэдэхгүй байгаа үнэн түүхийг хэлж өгдөг бол сайхан аа. Х.Сүлдэт  

М.Үүрийнтуяа: Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог

М.Үүрийнтуяа: Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог   Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг өвчин. Дэлхий нийтээр эпилепси өвчинтэй тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Манай улсад энэ төрлийн өвчний талаар ойлголт төдийлэн байхгүйгээс үүдэн нийгэмд ийм өвчтэй хүмүүсийг гадуурхах тохиолдол байдаг аж. Уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой хэмээн үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхдүүд бөө болж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна. Эпилепси өвчний үүсэх шалтгаан, эмчилгээний талаар Монголын неврологийн нийгэмлэг, “Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяатай ярилцлаа. -Эпилепси өвчин үүсэх ямар шалтгаанууд байдаг юм бол. Уналт, таталт өгдөг гэхээр удамшлын өвчин гэж ойлгох нь бий. -Эпилепси буюу унадаг, татдаг өвчний талаар хүн амын дунд ойлголт муу байна. Мэдрэлийн өвчлөлийн дотор нэг хувийг эзэлдэг, элбэг тохиолддог өвчин. Энэ өвчнөөр бүх насныхан өвчилдөг. Наснаасаа хамаарад шалтгаан нь өөр байдаг. Жишээлбэл, 20 хүртэл насанд энэ өвчнөөр өвчлөх шалтгаан нь төрөлтийн явц удаан үргэлжилсэн, бүтэлт өгсөн зэрэг байж болно. Өндөр халуурснаас болж энэ өвчнөөр өвчилж болно. Дээр нь удамшил бас нөлөөлдөг. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг. Түүний дийлэнх нь зам тээврийн осол, хамгаалалтгүй мотоцикл унах зэрэг эзэлж байна. 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлж байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрч байна. Эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг Манай улсад давамгайлж байгаа шалтгааны нэгдүгээрт гэмтэл. Өөрөөр хэлбэл хоёрдогч шалтгаанаар үүсэх унадаг, татдаг өвчин нэлээн байр суурь эзэлдэг. Уналт таталт өгсөн хүн бүр эпилепси өвчтэй биш учраас ямар шалтгаанаар таталттай болсноо таньж мэдэх, түүнийгээ оношлуулах шаардлагатай. -Өвчнөө мэдэхгүй, оношлуулахгүйгээс болоод бага насны хүүхдүүдээс эхлээд олон хүн бөө болдог гэж байсан. -Өвчнийхөө талаар мэдэхгүй, шалтгааныг нь тодруулж үзүүлэлгүй уналт, таталт өгсөн гэхээр л бөө болох ёстой юм байна гээд эмчилгээг зогсоож байна. Ийм тохиолдол маш олон. Жоохон хүүхдүүдийг өвчнийг нь оношлуулж, эмчлүүлээгүйгээс бөө болгочихсон байна шүү дээ. Тиймээс ар гэрийнхэн нь энэ тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. -Энэ төрлийн өвчтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд дарамтад орсон байдаг гэсэн? -Нийгэмд уналт таталтыг сэтгэцийн өвчин гэж ойлгох нь давамгайлдаг. Мөн энэ төрлийн өвчтэй хүн ч эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг, автобус унаанд, олон нийтийн газар явахдаа, хайртай хүнийхээ, анги, хамт олныхоо дэргэд байхдаа уначих вий гэсэн байнгын айдастай байдгаас болоод сэтгэл санааны дарамтад ордог. Зарим тохиолдолд таталт өгөхтэй зэрэгцэн бие засдаг. Ийм өвчтөнүүд үүнээсээ санаа зовоод нийгэмд, олон нийтийн дунд орохоос зайлсхийж улам сэтгэлзүйн дарамтад орж байгаа юм. Эпилепситэй хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна Мөн гэр бүлийнхэн нь манай энэ татаж унадаг юм чинь сургуульд сурах, ажил хийх, олон нийттэй байх боломжгүй гэж үздэг. Тиймээс л цэцэрлэгээс эхлээд бүхий л шатанд энэ өвчний талаар ойлголтыг өгөх, эрүүл мэндийн ажилтнуудын ч мэдлэгийг нэмж байж эпилепситэй хүмүүс сүүдрээс гарч, нийгэмдээ зэрэгцэн орших боломжтой болно. Нийгэмд зөв хандлагыг бий болгож, дараа нь тэдэнд хэрхэн туслах вэ гэдгийг ойлгуулах нь чухал. -Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэр байдаг юм бол? -Дэлхийн хэмжээнд 70 орчим сая эплепси өвчтөний 80-85 хувь нь хөгжиж буй орнуудад байдаг бөгөөд манай орон ч энэ тоонд ордог. Эдгээр хүн эдийн засаг, нийгэм, тусламж үйлчилгээний хомсдолтой байдалд байна гэсэн судалгааг Олон улсын эпилепситэй тэмцэх холбооноос гаргасан байдаг. Дээрх тооны хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна. Манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод амьдарч байгаа эпилепситэй хүмүүсийн 69.9 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай, 13.1 хувь нь ажил эрхэлдэггүй, ажил эрхэлж байгаа хүмүүсийн 71 хувь нь өвчнийхөө улмаас ажлын байраа өөрчилсөн, 49.1 хувь нь ядуу гэжээ. Энэ нь манай улсад энэ өвчнөөр өвчилж буй хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээ муу байгааг харуулж байгаа юм. Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь Өөрөөр хэлбэл эдгээр хүнийг хөдөлмөрийн чадваргүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм. Гэтэл Наполеон Бонапарт, Ван Гог, Достоевский Федор Михайлович гээд олон алдартай хүмүүс энэ өвчнөөр өвчилсөн байдаг. Ингээд ажилгүй, орлогогүй болчихоор сэтгэл санааны байдал нь хүнд болдог. Тиймээс ч бид хүмүүсийг энэ талаар мэдлэг боловсролтой болоосой гэж хүсэж нөлөөллийн ажил хийдэг. -Эмчилгээний талаар, үнэ өртөг, үр дүн нь ямар байдаг бол? -Таталт өгөх давтамж янз бүр. Жилд нэг удаа ч байж болно өдөр болгон ч байж болдог. Энэ өвчнөөр өвдсөн хүн эрт оношлуулж, эмчилгээндээ орвол таван жилийн дараа эдгэрэх боломжтой. Манайд эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 80 хувь нь ууж байгаа эмийн хувьд сардаа 15-20 мянган төгрөг. Үүнээс арай үйлдэл сайтай эм нь 50 мянган төгрөг байдаг. Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь. Гэвч манайд эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй, дэглэмээ барихгүй байна. Манай лабораторид шинжилгээ өгч байгаа хүмүүсийн 70-76 хувь нь эмээ уух ёстой тунгаар бага тунгаар ууж байна. Тэгэхээр тухайн хүний өвчин намдахгүй, таталт өгсөн хэвээр байна. Өвчтөн өөрөө эмээ уухгүй буруутай байж болох ч нөгөө талаасаа ажилгүй, орлогогүй хүмүүс эмээ авах мөнгөгүй байж ч болно шүү дээ. Тиймээс л энэ өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд нийгмийн талаас ажилтай болоход туслах, эдийн засгийг дэмжих гээд олон талт арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.  

Л.Загдаа: Буруу зүйл хийж байгаа хүмүүсийг тэнгэр ниргээсэй

Л.Загдаа: Буруу зүйл хийж байгаа хүмүүсийг тэнгэр ниргээсэй   -Би нэг удаа халуун савтай цайг яг л хүйтэн ус шиг залгилсан байгаа юм-   ”Хуагчин удган” бөө мөргөлийн төвийн тэргүүн удган Лодойн Загдаатай ярилцлаа. Тэрээр “худлаа үнэн бөө нар хэт олон болсон. Уг нь бөө хүн бол зовсон хүнд л тустай зүйл хийх ёстой доо” хэмээн өгүүлснээр бидний ярилцлага эхэлсэн юм.  -Яриагаа шууд эхлэх үү. Сүүлийн үед бөө нар олширчээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй Монголоор дүүрэн бөө байна. Удган хүний хувьд юу хэлэх вэ? -Олшрохоос гадна хэт худлаа бөө нар олон болсон. Уг нь социализмын үед хориотой байсан тэнгэр язгуурын мөн чанарыг ардчиллын буянаар гаргаж ирсэн ч өнөөдөр хэт хатгайруулж, ард олны сэтгэл зүйгээр тоглох боллоо. Ер нь хар шар гэлтгүй шашин маань утгаа алдсан. Монгол Улс ерөөсөө шашины олон урсгалд дарлуулаад байна. 10 дугаар ангийн хүүхэд бөө болоод 150 мянган төгрөгөөр хүний зовлон бэрхшээлийг аргалж өгнө гээд сууж байх юм. -Энэ чухам юунаас болоод байгаа хэрэг вэ. Мэдээж мөнгөний хүчин зүйлс байгаа ч өөр хүчин зүйлс нөлөөлдөг болов уу? -Амар хялбар мөнгө олох гэсэн л арга. Өнөөдөр өвдсөн хүн болгон угийн нэхэлд орлоо, онгод сахиус намайг дуудлаа. Тэнгэр хэлж байна гээд л бөө болдог. Угтаа бол тэд юунаас болоод өвдөөд байгаагаа ч мэддэггүй. Хэт удаан компьютер дээр сууснаас болж ядарчихаад угийн нэхэлд орлоо гэдэг. Эсвэл буруу хоололтоосоо болоод өвдсөн байх жишээтэй. -Бөө болох гэж байгаа хүн заавал нэг бөөд шавь ордог гэсэн. Танд тийм зүйл тохиолдож байв уу? -Би нэг жишээ хэлье. Нэг хүүхэн охиноо дагуулаад над дээр ирсэн юм. Долоон жилийн өмнө над дээр ирж байсан охин мөн гэдгийг би мэдэрсэн. Тэгээд ээж нь манай охин бөө болсон. Та л нэг тус бол гээд ирэхгүй юу. Тэгэхээр нь би бөө мөргөлд хэрэглэдэг толио гаргаад ир гэсэн чинь өнөөх охин чинь нүүр тольддог толь гаргаад ирлээ. Хар шил зүүчихсэн, түүнийг нь хугалж шидээд хөөгөөд гаргасан. Тэнгэр заяа, тэнгэр шүтлэг гэдэг чинь хэн бүхний мэдээд, шүтээд тахиад байдаг эд биш. Маш нарийн дэг жаягтай зүйл. Энэ үеэр ээж нь надад хэлж байгаа юм. Манай охин шөнөөр гарч багштайгаа хамт бөөлдөг юм. Багш нь гэж нэг залуу бий. Өндгөө зүсч, цусаа архинд дусаагаад тэнгэрт өргөдөг гэсэн. Тэд үнэхээр тэнгэр заяа, шүтлэгээ юу ч мэдэхгүй. Өвөг дээдсийн цусаараа, амиараа авч ирсэн нандин эрхэм зүйлийг ингээд шоудчихвал юу болох вэ. Буруу зүйл хийж байгаа хүмүүсийг тэнгэр ниргээсэй. -Нөгөө талд манай хүмүүс бас их хавтгайруулж, тэдний мөн чанарыг ойлгохгүй итгээд байх шиг. Тийм үү? -Манай хүмүүс их хэцүү. Юу ч гэмээр юм бэ дээ. Нэг хүн дээр очиж, өнөөх нь ганц зүйлийг нь тааруулаад хэлчихвэл их сайн гээд бусаддаа зарлаад явдаг. Өнөөдөр бөө болоход доод тал нь нэг сая төгрөг. Түүнээс дээш бүр 4-5 сая төгрөг хүрэх ч байна. Хүнийг аргалж байна гээд өвлийн шөнө дөлөөр нүцгэн босгоод уул тойруулаад гүйлгэж байна гэнэ. Элдэв зүйл сонсогдох юм. Өнөөх хүн нь түүнээс болж галзуураад байна. Би онгод сахиусаа дуудуулаад 20-иод жил болж байна. Тэгэхэд ийм зүйл үзэх бүү хэл сонссонгүй. Багануурт нэг бөө байна гэнэ. Тэр 800 шавьтай гэж байгаа. Харин шавь нараа 1000 хүрэхээр тэнгэр болж, тэдэндээ ач буянаа өгөх юм байх. Үнэхээр л Монголд тийм олон бөө нар байгаа бол энэ нийгэм сайн сайхан байх нь яасан юм. Ядахад л “Танай хүүхэд авто осолд орох нь байна шүү. Болгоомжлоорой” гэж хэлэх нь яасан юм бэ. -Хар, шар гэлтгүй шашин хавтгайрч байна. Яг л ардын хувьсгалын өмнөх үеийн хандлага бий болчихлоо. Үүнийг яавал дээр вэ? -Би дээр хэлсэн. Хуурамч шоудаж байгаа улсыг нэг п өдөр тэнгэр ниргэнэ шүү. Энэ эмх замбараагүй байдалтай манай төр хүртэл тэмцэх цаг болсон. Одоо айл бүхэнд нэг бөө байна. Заримд нь хоёр ч магадгүй. Манай төр бөөгийн чиглэлээр үйп ажиллагаа явуулдаг албан ёсны байгууллагуудтай  хамтраад энэ бүгдийг цэвэрлэх болсон. Үнэхээр бөө мөн юм бол шалгараад үлдэнэ биз. Манай эцэг эхчүүд ч тэр, бага насныхаа  хүүхдийг баллаж байна. Юуг нь ч мэдэхгүй. Манай хүүхэд бөө болжзэ гээд хөтлөөд явж байдаг мөн ч дүүрсэн хэрэг шүү. -Таны хувьд аюултай ч юм уу, ямарваа нэг зүйлийг урьдчилж мэддэг үү? -1980-аад онд юм. Гэнэт хамаг бие хачин болоод, надад газар хөдлөлт, байшин савны нурах чимээ, хүмүүсийн орилолдох дуу сонсогдсон. Тэгээд л ухаан дэн дун нэг мэдсэн нойлын өрөөндөө усны хоолой зуурчихсан зогсч байсан. Тухайн үедээ яагаад байгаагаа ч мэддэггүй байсан. Сүүлд санаж байхад тэр үед гадаадын нэг оронд хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн үрэгдэж байшин сав нурсан юм билээ. Нэг удаа миний нүд юм харахаа болиод эмнэлэгт хагалгаанд орох гэж байтал гэнэт хараа орсон. Тухайн үед надад эмчлүүлээгүй үлдсэн эмнэлэг гэж нэг ч байгаагүй. Тархи гэдэг бол асар том генератр юм. -Бөө нарыг удам дагадаг гэдэг. Таны хувьд бас п удмын юм бий биз дээ? -Манай удамд 1937 онд хэлмэгдэж байсан нэг хүн бий. 1937 онд түүнийг ноосоо тушаахаар явсан хойгуур 17 настай хүүг нь До яамнынхан бариад явсан гэдэг. Тэгэхээр эцэг нь очоод хүүгээ суллаж явуулаад өөрөө оронд нь үлдсэн юм бипээ. Тэр өөрөө дээр үеэсээ маш том бөөгиин удамтай хүн байсан. Баригдаад аавыгаа орондоо орхиод гарсан хүү бүр сүүлд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж байгаад өөд болсон. Одоо ч үр хүүхэд нь бий. Тэгээд би өөрийнхөө тухай ээжээсээ асуусан юм. Манай төрүүлсэн ээж одоо ч амьд сэрүүн Монгол Улсын гавьяат малчин хүн бий. Ээж маань хэлэхдээ “Чамайг гэдсэнд байхад хотонд чоно ороод, нэг хурга сэрвээн дээрээ тохоод явж байхад нь ээж нь гэрээс гараад хаалга хаатал, чоно гэдэс шүргээд гарсан. Бодоход тэр хэлмэгдэж явсан хүн өлсч, цангаж л нас барсан байлгүй дээ хөөрхий. Тэр чоно учиртай байжээ гэж боддог. Тэгээд буу тавихад гэрийн баруун зүгт маш тайвнаар явж далд орсон гэсэн. Тэр их хүний сүнс чоно болж манай хотонд ирээд явжээ гэж байсан. -Та дээр төрүүлсэн ээж гэлээ. Айлын өргөмөл охин байх нь. Хэлмэгдсэн бөө тэгэхээр өргөмөл талынх уу, эсвэл ураг төрлийнх үү? -Хэлмэгдсэн нь өргөмөл талын бөө удмын хүн байсан. Манай ураг талд гэхээр ээжийн аав маань их сайн оточ, бариач мундаг хүн байсан юм билээ. Би өнгөрсөн жил Буриад руу очиж өвөөгийнхөө газар дээр бөөлөөд ирсэн. Буриадад очоод 90 нас дөхсөн нэг өвгөнөөс өвөөгийнхөө газрыг асуусан чинь “Чи тийм мундаг юм бол өөрөө ол” гэхгүй юу. Тэгэхээр нь нэг газар сонгоод бөөллөө. Бид 85 настай нутгийн нэг өвгөн дагуулж явсан юм. Өнөөх өвгөн чинь дуугүй байж, байж бөөлөөд дуусахаар “Танай өвөөг энүүхэнд нутаглуулсан" гээд газрыг нь зааж өгсөн. Гэхдээ л тун ойролцоо очиж бөөлсөн байсан. -Та үе, үе их зүйл мэдэрдэг гэж ярьсан, тэгэхээр яг тэр үедээ өөрийн ухаангүй болдог хэрэг үү? -Онгод орж байгаа нь тэр. Дорнодод байхдаа би 11 дүгээр байшинд амьдардаг байсан. Эсрэг талд аймгийн дарга, намын даргынх байна. Тэднийг өглөө гараад явж байхыг харахад хоёр өрөөсөн гутал өмсөөд явж харагддаг. Ийм л сонин. Нэг удаа би гэнэт хачин болоод жигнэж байсан халуун бууз идээд халуун савтай цайг яг л хүйтэн ус шиг залгилсан байгаа юм. Манай хэд үймж гүйгээд сүйдтэй юм болохгүй юу. Ингэж л онгод ирдэг байж. Би сүүлдээ өвдөөд ямар ч арга чарга байдаггүй. Тухайн үед лам хараар явах нөхцөл байхгүй. Лам хар авчрах гэхээр дарга нарынх хажууд, хараа хяналттай цаг. Арга буюу өвдөхийн эрхэнд өвөөг маань залсан юм билээ. Тэгэхэд өвөө маань шөнөжин ном уншиж, бөөлөөд, онгод сахиус дуудсан. Ингэж байхдаа “Миний охин олонд тустай хүн болно. Манай удамд дөрвөн үеийн цаана маш том бөө байсан. Түүний онгод сахиус байжээ, аргагүй” гэж хэлээд явсан. Үүнээс хойш би Мардайн үйлдвэрт автоматик релейн хамгаалалтын ажиптан байлаа. Манай үйлдвэрийн нэг орос мастер өвдөөд эмч нараар яваад эдгэдэггүй. Би эдгээж байсан. Ураг талын бариа заслын юм надад бас байгаа хэрэг. -Та ингэхэд онцгой тохиолдолд хүний амь аврах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авч байсан бол жишээ дурдахгүй юу? -Отгонцэрэн удган бид хоёр огт хараагүй хэвтэрт байсан нэг охиныг босгосон. Тэр охины сэтгэгдэл хүртэл надад бий. Огт хэлгүй байсан хүнийг хэлд оруулж байлаа. Энэ мэт зүйп зөндөө байсан. -Тухайн цагт нийгэм хаалттай байсан. Тэгэхэд тэнд нэг зовлон тээсэн хүн мэдрэгдээд, очоод туслах гэхээр болохгүй ч гэх юм уу, тийм зүйл байсан уу? -Бүр анх хүний бие өвдөөд байгаа ч юм уу, өөрийн бие ч өвдөөд байгаа юм уу мэдэхгүй. Сүүлдээ бол мэдэлгүй яах вэ. Жишээ нь хөл өвдөөд болохгүй. Тэгэхэд тэнд нэг хугархай хөлтэй хүн шаналж байдаг. Дээд тэнгэрээс тэр хүнийг эмчил гэж дохио өгч байгааг тухайн цагт мэддэггүй л байхгүй юу. Харин сүүлд сахиусаа дуудаад залчихсан хойно бол мэддэг болсон. -Бөө нарыг улайссан хутга долоохоос эхлээд хүний хийж боломгүй зүйлийг хийлээ гэдэг. Энэ үнэн үү? -Бөөгийн онгод орно гэдэг өөрийн мэдэлгүй юуг ч хийлгэдэг. Ерөөсөө энэ мэт тухайн үйлдэл бол дээрээс онгод сахиус хийлгэж байгаа зүйл юм. Би ямар ч эмнэлэгт үзүүлж болдоггүй. Дотор эрхтнээ компьютерт харуулах гэж гурван удаа үзсэн. Дандаа компьютер нь гацаад, унтраад болоогүй. Хүний юмыг эвдээд яах вэ гээд үзүүлэхээ бүр больсон. Энэ дээд тэнгэрээс хайрласан энергийг зөв зарцуулах хэрэгтэй. Гэтэл одоо 50 вт-ын энерги авчихаад 300 вт-ын энерги авсан юм шиг аашилж байгаа нь даанч боломгүй зүйл. -Бөө нарыг хараал хийдэг гэдэг. Энэ бол бүр ард түмний айж бэргэж явдагзүйлийн нэг. Энэ талаар юу гэхсэн бол? -Дээд тэнгэрээс өгч байгаа их хүчийг бид буруу мэдэрдэг. Түүнээс биш тэнгэр огт хараадаггүй. Хүн өөрөө буруу бодоод, муу санаалаад байхаар тэр нь хараал шиг санагдаж, түүндээ итгээд явдаг. Хүн ер нь бусдаас болж өвддөг, бусдаас болж ажил үйлс нь бурууддаг юм л ярина. Угтаа бол түүний өөрийнх нь л буруу, өөрийнх нь л сэтгэл санаа байдаг. “Миний буруу өршөө” гэдэг хүн тун ч ховор доо. Ажил нь бүтэхгүй болохоор энэ Загдаа хараачихлаа. Бие нь өвдвөл энэ Загдаа хараалаа л гэнэ. Хамгийн гол нь сэтгэл санаагаа ариун байлгах нь чухал. Өнөөдөр сэтгэлийн ариун цэвэр гэдэг алга болжээ. Үүнээсээ л болж байгаа юм. Өөрсдөө шатрын нүүдэл шиг зовлон сэтгэлдээ бий болгочихоод түүнээ нүүх гэж, хожих гээд зовдог. -Хараал жатга хариулна гээд сэржим өргүүлж байдаг. Тэгэхээр бас л хараал хариулна гэдэг хараал хийхийн нэг хэлбэр биш үү? -Яалаа гэж хараал хийх вэ. Хараал хариулна гэдэг чинь тэр хүний сэтгэл санааг ариусгаж, засахад л байдаг. Тэр өргөөд байдаг сэржим ч буруу. Миний хувьд хар сэржим өргөдөггүй. Тэнгэртээ, нарандаа сүү өргөдөг юм. Арга буюу дөрвөн хайрхандаа л архи хаа нэг өргөдөг. Буруу үйл хийвэл дээд тэнгэр цээрлэнэ. Дээд тэнгэр хүртэл шоронтой байдаг. Гэтэл манайхан хар, шаргүй сэржим өргөөд асуудал шийдчих юм шиг санах юм. Бүр цустай архи өргөж байна гээд бод. Хар юмаар сэржим өргөнө гэдэг хаа нэгтээ байгаа хүнд өчүүхэн ч атугай хор учруулж байдаг зүйл. Сэржим өргөж байгаа үед тэнд нэг хүүхдээ хөтлөөд явж байгаа эмэгтэйд хүрэх ч юм уу гээд зөндөө зүйл бий. Үүнийгээ л мэдэхгүй юм. Хар юм бол хар л байдаг шүү дээ. Миний хувьд энэ мэт зүйлээс болоод бухимдал дээд цэгтээ тулаад байна. Би бол сэтгэл зүйн маш их дайнтай байна даа. -Архийг ус болгодог, нисдэг бөө гээд л ярьдаг. Одоо бол үгүй биз дээ? -Дээр үеийнх шиг мундаг бөө цөөн ч гэсэн бий. Архийг ус болгох бол байлгүй яах вэ. Дээд тэнгэрийн их увдис байна. Тэгээд тэр тэнгэрийн их увидаст эзэмдүүлж байгаа хүн юу ч хийж чадна. -Бөөгийн шашинт эртний хаадаас эхлээд уул усандаа хөх тэнгэртээ мөргөж, уул усаа тахидаг байсан түүхтэй, өнөөдөр уул усны тахилга хэрээс хэтэрлээ гэх боллоо. Энэ талаар? -Энэ үнэн. Манай ард түмэн уул усаа шүтэхгүй байна, Шүтэж байгаа нэг нь буруу тахилга хийж байна. Олон хүн цуглаад л баахан хог новш, шил хөглөрүүпээд  орхидог. Хүүхдүүд аав, ээжээ хайрладаггүй. Тэднийг зүгээр п мөнгө өгөх ёстой мэтээр ойлгодог. Тэгсэн хэрнээ бурхан гэж ярьдаг. Аав ээж чинь л бурхан байхгүй юу. Ингэж бүх зүйпээ буруу хийж байгаагаас доройтож байна. Хэнгэрэг бариад хашгирахаар мөнгө олно гэсэн бодолтой хүн олон байхад өөдлөхгүй. -Хар, шарууд хоорондоо их муу байдаг тухай ярьдаг. Буддизм, бөө хоёрт харшлаад, муудаад байх зүйл юу байна вэ? -Хүмүүс л тэгж ойлгодог. Түүнээс биш бид лам нартайгаа ч уулздаг. Ялгарах юм нь гэвэл лам нар нэг ном уншаад орхидог бол бөө нар тэр хүний төлөө өөрсдөө өвдөж, зовж бүх бие сэтгэлээрээ туулж байж аргалдаг онцлогтой. Миний нэг шавь гэнэт алга болсон чинь гандан дээр лам хувцас өмсчихсөн явж таарлаа. Би ч чи яагаад гэнэт алга болов гэхэд багшаа тэр бөөгийн эрдэм чадал гэдэг чинь тусдаа зүйл шиг байна. Түүнийг эзэмшихэд их урт хутацаа орно гэж хэлж байсан. Байдал ийм л байна. Мөн чанарыг нь ойлгоод л явсан хэрэг. -Бөө, будда хоёрт харшлаад сүйд болох юмгүй ч удган хүн шарын шашны гандангийн хашаан дотор явж байсан гэхээр сонин санагдаж байна? -Би жилдээ нэг удаа ганданд очиж, Жанрайсэгт мөргөдөг, мөргөж яваад дотор байрлуулсан хүрдэнд нэг алхам ойртоход л хамаг бие хачин болоод салгалаад ирдэг юм. -Тэр нь яаж байгаа юм? -Тэнд дандаа зовлон тээсэн хүмүүс очиж өнөөх хүрдэнд хамаг зовлонгоо шившиж, эргүүлдэг байхгүй юу. Тэр муу муухай бүхэн түүнд шингэн үлдсэн байдаг. Түүнийг нь миний онгод сахиус мэдэрч байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ бол тийм газарт хүн сэтгэлээ ариусгах гэж очно гэдэг хэцүү. -Шарилын газар ч юм уу, өөр бусад газарт ингэж мэдрэмж ирэх үү? -Миний хувьд нэг сонин зүйл байдаг юм,Төрийн хувцастай хүн харахаар огт онгод ордоггүй юм. Бас нэг хууч дэлгэхэд би нэг удаа найзынхаа охиныг машиндаа суулгаад эмнэлэг дээрээс явж байтал нөгөө охин “До яам"-аар нэг ороод гаръя" гээд хэлчихсэн чинь гар хөл салганаад нүүр ам улайгаад жигтэйхэн болсон. Өмнө нь Хууль зүйн яам гээд хүмүүстэй зөндөө л ярьдаг байсан, Тэгэхэд ямар нэг зүйл мэдэгдэггүй л байсан. Тэр удаад “До яам” гээд хэлсэн чинь бүр хачин болж билээ. -Энэ нь ямар нэг онгод сахиустай холбоотой юу? -Би боддог юм. Миний онгод сахиусыг нь авсан удмын бөөг мэдээж “До яам”-нынхан цаазласан. Тэгээд л "До яам” гэж сонсохоор ийн онгод сахиус маань эвгүйрхэж байгаа юм. Төрийн хувцастай хүн хараад онгод ордоггүй нь болохоор тэр хүмүүс цаазлуулахдаа төр намайг шийтгэлээ. Төрийн сүлд өршөө гэж цаазлуулж байсан бопов уу гэж бодогддог юм. “Төрийн минь сүлд өршөө" гэсний учир энэ биз. Төрөө дээдлэх, шашнаа хүндэтгэх ухагдахуун ч том ухагдахуун юм даа. Миний хувьд төрийн есөн хөлт цагаан тугандаа дандаа мөргөж дээдэлж явдаг. Төр гэдэг маш том зүйл юм.  Ярилцсан С.Ууганбаяр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ Онгод нь орсонгүй гэж “тамлажээ”.

Бөөд юу саад болж байна вэ? СЭРЭМЖЛҮҮЛЭГ Онгод нь орсонгүй гэж “тамлажээ”. Дөнгөж 20 гаруйхан настай залуу Б нь мөнх тэнгэрээ шүтдэгийн хувьд бөөд хувь заяагаа үзүүлж даатгадаг нэгэн байжээ. Тэр нэгэн дээд сургуульд сурдаг оюутан байв. Амьдрал хэвийн үргэлжилж байсан түүний хувьд нэг удаа өөрийгөө Х багшийн шавь гэх зайран З үзүүлсэн байна. Зайрантан түүнийг бөөгийн угтай гэж хэлээд “Тэнгэр”-ийн улаач болох хүн гэж тодорхойлсон ажээ.  Тэгээд үйл явдал өрнөөд явчихав. Нэгэнт бөө болох шаардлагатай болсон тул мөнгө төгрөгний хэрэг болж, өөрийн болон ах дүү, хамаатан саднаасаа цуглуулсан хэдэн төгрөгөөрөө хуяг дуулга, хэнгэрэг гээд бөө хүний хэрэглэх зүйлд зарцуулаад зогссонгүй.  Хэдий багшдаа шавь ороод бөөгийн уг барьсан гэх боловч түүнд ямар ч өөрчлөлт орсонгүй. Хэдэн сар, жилийн хугацаанд өдөр бүр хэнгэрэг нүдсэн хэдий ч тусыг эс олов. Цаашдаа багшаасаа зугтах болов. Энэ хугацаанд залуу М нь нийт арав гаруй сая төгрөг бөө болох үйлд зарцуулжээ. Тэгээд санхүүгийн бэрхшээлээс улбаалж, дээд сургуулиа хаяж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, амьдрал нь уруудаж эхлэв. Багш нь болох “зайран”-тан З нь түүнийг болзсон цагтаа ирсэнгүй гэж хувцасыг нь тайчиж, манжилгаараа оройлгож, нурууны арьсыг нь цоохортож, цусыг нь гарч, сорив тогдтол ороолгож, зоддог байсан байна. Онгод орсонгүй гэж түүнийг зодох болсон нь түүнийг улам бүр бөөгөөс залхах шалтгаан болж хувиргав. Тэгээд үр дүнд нь бөө болох гэсэн бус хэн хэнийгээ үзэн ядах хүртэл дайсагнал болж хувирсан байна.  Энэ үйл явдлаас дүгнэхэд “Зайран”-тан З хувьд бөөгийн үйлд суралцаагүй нэгэн болох нь тодорхой байгаа юм. Түүнд багшийн буруу бий. Нөгөөтэйгүүр шүтлэгтэн залуу Б-ийн хувьд үе дамжсан бөөгийн угтай боловч “Тэнгэрийн улаач” болох тамгагүй нэгэн байсан ажээ.  Бөө хүн бүр мөнх тэнгэрээ шүтэн бишрэгч бүрт хүндэтгэлтэй хандах ёстой. Бөө бол мухар сүсэг бишрэл биш билээ. Бөөгийн нэрээр тоглож залилан хийгчид бөөг мухар сүсэг, харанхуй бүдүүлэгийн “там” болгон бусдад харагдуулж байна. Тэгэснээрээ бөөгийн нэр хүндийг унагаж, бөөгийн хөгжилд саад бий болгож байгаа юм. Сэрэмжлэхтүн. “Тэнгэр”-ийн улаачийн нэр барьсан бөөгөөр залилан хийгчдэд анхааруулж байна.Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй. Мөнх тэнгэрийн хариуцлага өндөр, гэсгээл маш хатуу билээ

Эмийн “хүч”-ээр чадвараа гайхуулж явсан бариач хэн байв?

Эмийн “хүч”-ээр чадвараа гайхуулж явсан бариач хэн байв?   Дөнгөж хөлд орж байсан хүү амьсгал хураажээ. “Ямар нэг зовиур шаналгаа байгаагүй. Хэд хоногийн өмнө юм мөргөж унасныхаа дараа уйлагнаад хоол, ундандаа дургүй байхаар тархи нь хөдөлсөн байж магадгүй гээд бариулсан”. Ээж нь үүнээс өөр юм яриагүй байна. Гэхдээ “Өрхийн болон хүүхдийн эмчид тогтмол үзүүлж зөвлөгөө авдаг учраас миний хүү эрүүл, ямар нэг суурь өвчингүй. Яагаад амь алдсаныг тогтоолгох задлан шинжилгээ хийлгэе” гэсэн хүсэлт гаргажээ.  Хүүд задлан шинжилгээ хийхэд тархиндаа цус хуралттай, цусан хангамжийн дутагдалд орсон... Толгойн баруун хэсэгт байх хоёр хялгасан утас тасарч, цусны эргэлт өөрчлөгдсөн... Энэ нь гадны нөлөө буюу бариа заслыг буруу хийснээс үүссэн механик гэмтэл мөн” гэсэн дүгнэлт гарсан байна. Ингээд цагдаагийнхан бариач Доржпагма гэх эмэгтэйг ажиглалтдаа авсан ажээ. Хотын төвд нэг өрөө байранд ганцаар амьдардаг эмэгтэйг зорьж очдог хүмүүс цөөн биш байв.  - Олон л хоног бариуллаа. Дээрдэж, сайжирсан юм алга. Одоо энэ хүн дээр чинь дахиж ирэхгүй шүү... Эхнэрээрээ түшүүлж, таяг тулсан 40 эргэм насны эр ихэд бухимдалтай ингэж хэлэхийг Доржпагмын байрнаас гарч явах үед нь сонсож.  Эхний өдрийн ажиглалтаар Доржпагмынд 20 шахам хүн зочилсны олонхи нь хүүхдээ тэвэрсэн залуухан хосууд, мөн тулгар биетэй бүсгүйчүүд байв. Дараагийн өдөр ч иймэрхүү маягаар үргэлжилж, нэлээд орой болсон хойно хижээлдүү насны хоёр хүн ирж, “бариач” Доржпагмыг машиндаа суулган авч явахад нь ажиглалт тандалтын хэсгийнхэн дагажээ. Олны нэрлэдгээр шинэ Гэмтлийн эмнэлгийн гадна очоод Доржпагма өвчтөн эргэж буй дүрд хувирав бололтой халуун савтай цай, хоол барьж, нөгөө хоёр нь дагаад дотогш орсон байна.  Үүдний жижүүр сувилагч дээр очиж нэлээд удаан зогссоноо зөвшөөрүүлж чадав бололтой гурвуул дотогш оржээ. Гарч иртэл нь хүлээсэн аж. Цаг гаруйн дараа нөгөө гурав гарч ирж машиндаа суугаад буцсан байна.  Гурав дахь өдрийн ажиглалт “олзтой” эхэлжээ. Урьдын адил цаг авч, дугаар бичүүлсэн хүмүүсийн урдуур нэг залуу дайрч орсноор бөөн хэрүүл дэгдсэн байна.  - Юу ч мэдэхгүй, чадахгүй ийм юманд хууртаад зогсож байгаагаа мэдэж байна уу, та нар..? Халамцуу яваа түүнийг ингэж хэлэхэд ам амандаа шаагилдаж байсан хүмүүс “Юу гээд хэлчихэв” гэсэн шиг таг дуугүй болцгоожээ. Ихэд уур омогтой дотогш орсон залууг хүлээж зогссон нэгэн бүсгүйгээс:  - Та бариач дээр ирж байгаа юм уу гэж асуухад дуугарсангүй. Тэгэхээр нь яриа өдөж: - Энэ тийм сайн бариач юм уу? Манай эхнэр “Сав суулганд сайн гэсэн” гээд заавал наашаа явах гэж зүтгээд... хэмээн итгэж ядсан дүр эсгэж үзжээ.  - Хэрэггүй биз дээ. Манай дүү төрөх дөхсөн юм. Хүүхэд нь доошоо орчихлоо гэхээр нь бас энэ хүнийг “сайн” гэхээр ирж 4-5 удаа бариулж, баадагнуулсан. Тэгтэл юун барьж, засах. Бүр ураг хэвлийдээ амьгүй болчихож гээд эмч нар гайхаад, бөөн хэл үг үүсээд явж байна. Ямар сайндаа дүү маань “Телевизийнхнийг дуудъя. Энэ балиар амьтан олон хүнд гай болно” гээд уурлаад байхаар нь “Юу ч гэсэн уулз. Тэгээд “бариулсан” гэж өгсөн мөнгөө ав” гээд оруулчихлаа. Бид нар юу ч мэдэхгүйгээсээ болж тус биш ус болсон ийм юмнуудад хууртаж, эцэст нь амь нас, эрүүл мэндээрээ хохирдог юм байна. Чи эхнэрийгээ энэ хүнд үзүүлж, бариулсны хэрэггүй. Зүгээр л эмчдээ үзүүл. Ядаж дипломтой. Тэгээд ч үзэх харах нь хүртэл өөр шүү дээ... хэмээн дуугарахгүй байсан эмэгтэй ам халж, баахан юм ярьсан байна.  Тэр оройдоо Доржпагма гэгч ер нь хэн бэ гэдгийг ойр орчныхноос нь асууж, нэлээд сайн судлажээ. Наймдугаар ангиа төгсөлгүй сургуулиас гарсан, боловсролгүй учраас мэргэжилгүй гэх ангилалд багтах нэгэн аж. 30 насыг нэлээд хол давж өнөөдрийг хүрэхдээ хоёр удаа гэрлээд салсан гэнэ. Яагаад гэр бүлийн хувьд тогтворгүй байдаг вэ гэхээр шалтгаан нь үр хүүхэд гаргадаггүй юм байна. Тэгээд ч тэр юм уу Доржпагмаас ойр хавийнхан нь нэлээд цэрвэдэг ажээ. Хүүхэд гаргадаггүйн дээр хэл үг нь гүйцэгдэхгүй хэрүүлч заргач болохоор “Хар хэл амтай. Түүнтэй үг сөрсөн хүнд заавал таагүй явдал тохиолддог. Ийм муу энергитэй хүн барьж засна, эмчилнэ гэдэг юу л бол” гээд тэр эмэгтэйд олигтой дүгнэлт өгөх хүн байсангүй.  Үнэт эдлэлийг хэдэн янзаар сэлгэж, булга минж, савхи илэг гээд өөрийгөө аль сайн, сайхан бүхнээр хулдаж гоёдгийг нь хүртэл ярихдаа “Шунал нь дэндсэн хүн. Ганц бие байж хүнээс их хэмжээний мөнгө нэхнэ. Өгөхгүй бол элдвийн үгээр доромжилдог гэсэн” гэх матаас хүртэл түүнийг дагалджээ.  Асуудал нэгэнт ийм дээрээ тулсан учраас Доржпагмыг гэрээс нь баривчилж, ажлын байрыг нь битүүмжилсэн байна. Хүүгийн үхэлд түүнийг сэжигтнээр татан шалгах явцдаа нөгөө таягтай залуу болон ураг нь хэвлийдээ амьгүй болсон гэх эмэгтэй мөн өөр хоёр, гурван “үйлчлүүлэгч”-ээс тодорхойлолт авчээ. Тэд үнэхээр Доржпагмад өчнөөн мөнгө төгрөг, бас захисан, хүссэн бүгдийг нь өгсөн төдийгүй эрүүл мэндээрээ хохирсон хохирогчид байв.  Нас барсан хүүгийн “Тархи доргисон байна” гээд гурван удаагийн барианы үнэ 200 мянган төгрөг авсан аж. Инэгхдээ “Бариа заслын” анхан шатны мэдлэггүй атлаа ямар ч айдас, эмээх юмгүйгээр хүүхдийн хар хөлсийг цутгатал чарлуулан “барих”-даа чамархайн дээд талын судсыг хоёр хэсэг газарт гэмтээсэн аж. Тиймээс угийн тархины даралттай, бие султай хүү амиа алдсан гэдгийг тогтоожээ. Гэхдээ “Бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн” гэж үзэх үндэслэл байхгүй тул “Бусдыг хууран мэхэлж, хохирол учруулсан” гэх зүйл ангиар ял оноосон байна.  - Мөнгө олох гэж ийм юм хийдэг байсан. Ахиухан мөнгөтэй болчихвол хүүхэд тээх, эх болох эмчилгээ хийлгэх гэж бодсон. Доржпагмын энэ мэдүүлэг хэргийн зүйлчлэлийг шунахай сэдэлтэй гэж үзэх үндэслэл болжээ. Ямартай ч гэм буруугийнхаа улмаас энэ эмэгтэй шийтгэл хүлээсэн байна. Харин энэ хүн шиг “бариач” цөөн биш байгаа болов уу гэх эмзэглэл төрж, ахиад амь нас, эрүүл мэндээрээ хохирчих вий гэдэгт л асуудлын гол байгаа юм.  Доржпагма яагаад ийм олон хүнд “таалагдаж”, тэд түүнийг зорих болов? Магадгүй, заримд нь тус нэмэр болсон юм биш байгаа? Одоо энэ асуултад хариулт өгөхийн тулд “бариач”-ийн “ид шид” рүү өнгийж таарна.  Тэрбээр зургаан жилийн өмнө “Бариа засал” хийх эрхтэй гэсэн хуурамч гэрчилгээг Хөх хотоос авчээ. Ажлынхаа байрны хойморт өлгөсөн “Ардын уламжлалт эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр”-ийн Азийн холбооноос олгосон жигтэйхэн гоёмсог гэрчилгээг хараад итгэхгүй байхын аргагүй. Бас хүрэн мебель шүүгээг шагнал, талархлын гэх өнгө, өнгийн хуудас, цом, туузаар дүүргээд тавьчихдаг байна. Түүнчлэн ур чадварыг үнэлэх, хүний итгэл үнэмшлийн хамгийн сайн татах “шидэт” “Талархлын” томоос том дэвтэр хэд хэд байх ажээ. Тэнд үйлчлүүлсэн 228 хүн зөвхөн “Доржпагмын хүчээр алтан дэлхийд амьд яваа азтай...” хэмээн бичсэн байх юм. Зарим “үйлчлүүлэгч”-ийн гэрэл зураг байна гээч.  Ингэж л өөрийгөө рекламдаж, ажлын байраа тохижуулж авчээ. Хэн ч байсан итгэж үнэмшмээр байгаа биз? Дээр нь түүний “өвчтөн”, “үйлчлүүлэгч”-ээ “мад” тавих арга маш зэвүүн ажээ.  Бариулах, зүү төөнүүр хийлгэх зовиуртай, өвчтэй хүмүүсийн олонхи нь өвдөлт, шаналгаа ихтэй байдгийг тэр сайн анзаарч “Ямар ч байсан өвдөлтийг намдааж, нойртой хонуулах, унтуулж амраах “хэрэгтэй” гэж энэ чиглэлд анхаарчээ. Тиймээс Доржпагма зорьж ирсэн өвчтөнийг барьж буй дүр эсгэн буруу, зөвгүй баахан илж шудраад, явахад нь:  - Энэ Өвөрмонголын ховор тан шүү. Бариа заслыг эрчимжүүлнэ гээд өвчин намдаах эмийг нойрсуулах эмтэй хольж нунтаглаад боож өгдөг байна. Ингээд л “Өвдөлт намдлаа. Сайхан унтаж хонолоо... Ёстой сайн хүн байна” гэсэн сурталчилгаа газар авч, түүний башир “бизнес”-ийг идэвхжүүлдэг аж. Жирэмсэн бүсгүйчүүдийг ихэвчлэн,  - Хүүхэд чинь хүйгээ ороож... гэдэг бөгөөд эсвэл - Доош суусан байна гээд баадагнаж өгөөд бас л нөгөө хоёр эм хольж боосон “тан”-гаа уулгадаг байжээ.  Ямар нэг бэртэлт, хугаралт, яалт ч үгүй үе мөчний өвчинтэй хүн бол мэдээж өвдөлт, зовиур нь эмэнд дарагддаг байсан бол жирэмсэн эхчүүдэд хор болохоос тус болдоггүйг мэргэжлийн хүмүүс нотлосон байна.  Хэвлийдээ ураг нь амьгүй болсон гэх бүсгүйг Доржпагмын хохирогчоор татсан боловч шүүх эмнэлгийн дүгнэлт хийх боломжгүй, хугацаа алдсан гэж үзжээ. Хэрэв тэр эмэгтэй хохирогч нь болсон бол, хохирсон нь нотлогдсон бол “бариач” гэж бусдыг шулж, мэхэлсэн энэ эмэгтэй хоёр хүний аминд хүрсэн байж таарах юм.  Зарим нэг хохирогч нь шүүх хурал дээр:  - Мөнгөтэй учраас энэ хүнийг ийм байдлаар зүйлчилж байна. Наадахь чинь хүн алсан алуурчин биз дээ хэмээн хатуухан хэлсэн нь Доржпагмын зүрхэнд сум болон орсон гэлтэй. Тэрбээр шүүхээс ял авсаныхаа маргааш нь цус харважээ. Доржпагма эмчилгээ сайн хийлгэж эдгэрээд одоо ялаа эдэлж байна.  - Би одоо ч айдастай явна. Нээрэн л хүн “алсан” хүн дээ би. “Залилан” гэж 15 жилийн хорих ял оноосон л доо. Хэргийн зүйлчлэл нь өөр болохоос хүн амины хэрэгтэй яг адилхан, бүр заримаас нь олон жилийн ял байгаа юм. Гэхдээ би хэнд ч гомддоггүй. “Амь” гээд зүйлчилсэн ч энэ л ялыг авах байсан. Тэгэхээр аливаа юманд харсан тэнгэр, бурхан гэж байгаа биз. Би Бурханы өмнө буруутай учраас ингэж яваа. Энэ насныхаа үйлийг биеэрээ үүрээд дуусгадаг бол би яаж ч байсан дуусгана. Би гэмээ мэддэг, харамсдаг, айдаг. Ял эдэлж байгаа хүмүүс янз янзын хэргийн улмаас шийтгүүлсэн. Энэ бүгдийг хараад би ганц л юманд харамсдаг. Хэдхэн сая бүр 30 сая ч хүрэхгүй төгрөгийн хохиролтой атлаа 10-аас дээш жилийн ял эдэлж байна. Энэ л арай дэндүү өндөр ял, арай шударга биш санагддаг. Миний хийсэн гэм буруу, сэдэл, хохирлын дэргэд 20-30 сая төгрөг юу юм бэ гэж боддог. Би нэг их сайн, сайхан дүр эсгээд ингэж хэлж байгаа юм биш шүү. Харсаар, мэдсээр байгаа болохоор “мөнгө”, “амь” хоёрыг яагаад ингэж адилхан авч үзэж байгаа юм бол гэж эмзэглэдэг гэж Доржпагма ярьсан. Тэрбээр өнгөрснөө бодож өөрөөсөө одоо ч айдаг гэхээр нэг юм хэлээд байгаа биз? Гэм буруугаа ойлгосонд нь баярлаж байна. Хэдийг ч цааш харуулах байсныг бүү мэд, учраас.  

Хуудаснууд

Subscribe to Бөө-д юу саад болж байна вэ!!!