logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

ҮБХИС-ЫН ЗАХИРАЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ҮБХИС-ЫН ЗАХИРАЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ҮБХИС-ын нийгэм хүмүүнлэгийн тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Сургуулийн захирал генерал Чойжамц үе үеийн төгсөгчдийг хүлээн авч уулзав.  Түүхийн он жилүүдийн хугацаанд эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтанд олон мянган боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас БНМАУ-ын баатар, УИХ-ын гишүүд, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн, олон арван алдар цолтон, гавъяатнуудаараа олноор төрөн гарчээ. Батлан хамгаалах салбарын үнэтэй капиталууд энэ сургуулиас төрөн гарсаар байна.  Түүний тод жишээ бол нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн дундаас Монгол Улсын Ерөнхий сайд Амаржаргал, Хүрэлсүх, Монгол Улсын гавьяат багш Банзрагч, Галиндэв, Мягмаржав, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Р.Болд, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга асан, хурандаа Д.Жаргалсайхан, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайхан, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар төрийн өндөр албанд ажиллаж байсан, ажиллаж байна.  Монгол Улсын боловсролын ууган байгууллагын нэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт "Батлан хамгаалах их сургууль" нь анх 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан.  Анх Их даргын сургууль нэртэйгээр байгуулагдаж үндэсний цэргийн мэргэжилтнийг бэлтгэх үндэс суурь болж байсан бол Бүх цэргийн ерөнхий сургууль нь Ардын журамт цэргийг байнгын цэрэг болон хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Улмаар цэргийн ерөнхий сургууль болж Монгол Ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг сургах, давтан бэлтгэх гол уурхай нь болж байсны зэрэгцээ суралцагсадыг зөвхөн цэргийн эрдэмд сургаад зогсохгүй, нам, улс төр, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллахаар бэлтгэснээрээ онцлогтой байлаа.  Б.Банзрагч

“ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

“ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКЫН БАГА ХУРАЛ БОЛОВ “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хааны үзэл санаа” эрдэм шинжилгээ, онол практикын бага хурал Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо.   Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурлын илтгэлүүд урд өмнө сонсогдож байгаагүй түүхийн хугацаанд мартагдсан Монгол төрт ёсны олон сайхан санааг сэргээн уламжласан, тэнгэр үзэл, бөө мөргөлтэй холбоотой асуудлыг хөндсөн, сэтгэл сэргэм, огшил төрүүлсэн сайхан хурал болж өнгөрлөө. Хуралд дараах сэдвээр үндсэн илтгэлүүд тавигдлаа. “Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс” итлгэлийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эйнштейний нэрэмжит шагналт, физикч, доктор О.Лхагва, “Монгол төрийн үзэл суртлын уламжлал” илтгэлийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Акадщмич, доктор С.Нарангэрэл, “Тэнгэр-Чингис хааны ойлголт” сэдвээр Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Дашням “Их хаадын зарлигийн дээдэс” сэдвээр “Төрт ёс хаадын сан” –ийн тэргүүн зохиолч Д.Гүн-Үйлст “Чингис хааны төрийн онол” сэдвээр Нүүдэлчин хөх монголын төрийн онол судлаач Г.Долгорсүрэн, “Монголоо бадраах их гүрний гараа” сэдвээр Улс төр менежментийн Академийн захирал Д.Уламбаяр нар тус тус илтгэлээ тавьлаа.                                       Д.Хүрэлбаатар

МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн дөчин наймдугаар хуралдааны мэдээ

МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн  дөчин наймдугаар хуралдааны мэдээ 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин долоо дугаар хуралдаан хоёр хэсэг газарт боллоо.  Эхний хуралдаан МБНЭ-ийн төв байранд 10.30-д эхэлж:  1. Монгол Улсын “Бурхан халдун”, “Отгонтэнгэр” хайрханы нэгдсэн тахилга, Төрийн хар сүлдийн цэнгүүлэх тахилга, Өмнөговийн сургалтын тухай баримтад кино гаргав. 2. “Бурхан халдун”, “Отгонтэнгэр” хайрханы нэгдсэн тахилга, Төрийн хар сүлдийн цэнгүүлэх тахилга, Өмнөговийн сургалтад бөөлсөн улаач нарын дүрс бичлэг үзэв. Хоёрдугаар хуралдаан Сургалтын төвийн байранд 12.30-д болж: 3. Монгол бөөгийн цол олгох улаач нарыг нэгбүрчлэн хэлэлцэв. 4. Монгол бөөгийн цол олгох нууц санал хураалт болов.  5. Мэдээлэл: 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай хийсэн уулзалтын тухай  2. АНУ-ын Элчин сайдын яаманд болсон Шашины тэргүүн нарын уулзалтын тухай  3. БОАЖ-ын сайдтай хийсэн ярилцлагын тухай 4. Бусад асуудлууд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан: Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун 2017 оны 06 дугаар сарын 03-ны Бурхан халдуны нэгдсэн тахилгад оролцсон тухайгаа танилцуулж, түүнээс “Бурхан халдуны Босгын давааг давж, 3 гол гатлаад явж байтал “машинуудыг зогсоогоод ... бөөгийн зөвлөлийн гишүүд, зайрангууд “...эмэгтэй хүн, мэдсээр байж босгын давааг давж ирлээ... Та буц...гэж хөөгөөд...” Би, Босгын давааны савдагт идээ өргөж, уулзаж, уучилал гуйгаад ирсэн.” “Тэр тахилгаас хойш 4 гаруй сар өнгөрч өнөөдөр та бүхэнтэй уулзах завшаан олдож, нүүр тулж уучлал хүсч байна. Удирдах бүрэлдэхүүнд ажиллахгүй, харин гишүүнчлэлдээ үлдэх саналтай байна.” гэв.  МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Бурхан халдуны Босгын давааг давж, эмэгтэй хүн явж болдоггүй хоригтой билээ. Гэтэл зарим хүн надад Босгын даваанаас цааш эмэгтэй хүн авч явах тухай санал тулгаж байсан. Цаашид миний хэрээс хэтэрсэн зүйлээр надад шахалт үзүүлэхгүй байхыг хүсч байна. Монгол бөөгийн ёс зүйгээ мөрдөж, түүнд хүндэтгэлтэй хандаж байгаа нь бусдад, ялангуяа залуучуудад үлгэр дууриалал үзүүлсэн хэрэг юм.” гэв.  Мөн Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал тайлбар хэлж, өөрийн санал бодлоо илэрхийллээ. Үүний дараа Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нар үг хэлж зарим саналаа буцаахыг хүссэн юм. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн Их зайран Ч.Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн Б.Сосорбарам, Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Монгол бөөгийн удган Ц.Наранцэцэг, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран М.Баяржаргал нэр тус тус санал шүүмжлэл, үг хэлсэн байна.  Хуралдааны төгсгөлд: -МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн хуралдааны дүн, санал хураалтын дүнг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар: Нэг. Залуучуудын зөвлөлийн удирдлагаар 1. Залуучуудын зөвлөлийн удирдагчаар- Монгол бөөгийн удган Т .Баттогтох 2. Орон нутгийн байгууллага хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагчаар, Монгол бөөгийн удган Б. Солонго 3. Тахилга, нэгдсэн ажиллагаа хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч, Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж 4. Хамтын ажиллагаа хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч, удган Отгонцэцэг нарыг тус тус танилцуулав. - МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин наймдугаар хуралдайн бэлтгэл ажлын ахлагчаар Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүүг, /Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашины зөвлөх оролцох/ - МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин наймдугаар хуралдайн илтгэл бичих ажлын хэсгийн Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, дэд ахлагчаар Монгол бөөгийн удган Янжинлхам нарыг  -Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Залуучуудын зөвлөлийн удирдагчаар- Монгол бөөгийн удган П.Баттогтох -Залуучуудын сургалт зохион байгуулахаар Хамтын ажиллагаа хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч, удган Отгонцэцэг нарыг тус тус батлав.  МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин долоо дугаар хуралдааны дараа хамт олноороо Төрийн ордонд лчиж, музейн хэсэгт гарсан тэнгэр үзэлтнүүдийн үзэсгэлэнг үзлээ. Мэдээллийн алба

ЗАЛУУЧУУД ЧУУЛАВ

ЗАЛУУЧУУД ЧУУЛАВ Зуны тахилга, тайлгын их хөл түр завсарлаж, өвлийн улирлын суурин ажилладаг цаг ирэв. Энэ удаагийн өвлийн улирлын хийх ажлаа ярилцахаар Залуучууд хуран цугларчээ. Энэ удаагийн чуулга уулзалтад “Залуучуулын зхион байгуулсан ажил, зорилт” сэдвээр МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч Б.Солонго илтгэл тавьлаа.  Илтгэлдээ “Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж байхдаа эв нэгдэлтэй хүчтэй байсан. Харийнхан мөнх тэнгэрийн шүтлэгийг мөхөөж, хүчгүйдүүлэхийн тулд их зүйлийг хийж иржээ. Одоо ч мөнх тэнгэрийг эс шүтэх хэвээр байна. Нэгдсэн тахилгуудад Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Улаанбаатар, Архангай, Дархан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Булган, Улаанбаатарын төлөөлөгчид, Төв, Хэнтий аймгаас, монгол туургатангаас Агарын Буриадын төлөөлөгч, Өвөрмонголын төлөөлөл иржээ. Хөвсгөлийн нэгдсэн тахилга Дархадын нэртэй удган зайрангууд оролцож, Дархад, тува, цаатан бөөгийн онцлогыг харуулсан өвөрмөц, дахин давтагдашгүй тахилга болсон. МБНЭ-ээс зохион байгуулсан Бурхан халдуны Нэгдсэн их тахилга өндөр хэмжээнд амжиллтай болж өнгөрлөө. Нэгдсэн их тахилгадаа оролцсон улаач бүрийн хамтын залбирал зорисондоо хүрсэнийг олон зүйл харууллаа. Бурхан халдуны нэгдсэн тахилгадаа толгойлж бөөлсөн нэр хүндтэй улаач нарын зүтгэлийг бид бахархан харлаа. Тахилга бүрт толгойлж бөөлсөн “Улаач” нар мөнх хөх тэнгэртээ их үйлийн талаар айлтгал өргөсөн билээ.  Тахилгыг зорин ирэгсэд Монгол төрийн далбаа, МБНЭ, аймгуудын бөөгийн хүрээлэнгүүд, төрийн бус байгуулагууд тугаа мандуулж байрлуулах ёслол боллоо. Тахилгад ирсэн улаач нар гал, хэсэг, хамт олноороо чөлөөтэй бөөлж, хайрхандаа ирсэн зорилго, хүслээ илэрхийлж бөөлнө билээ. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд тавьсан хүсэлтийн дагуу 12 удган, зайран онгод, сахиусаа буулгаж, бөөгийн уламжлалаа хэрхэн авч яваагаа танилцууллаа. Нэгдсэн их тахилга хийхээр Отгонтэнгэр хайрханы зүг 40 гаруй автомашин нэгэн цуваанд орж, дэг журамтай хөдөлсөн. Энэ үед МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин тавдугаар өргөтгөсөн хуралдаан болсон.  Залуучууд Долоон өвгөн одны тахилгын Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад зайран Б.Баяржаргал, Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн зайран Дэвэл, Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Ц.Сувдаа, Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг, Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Б.Солонго, Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн зайран Мөнхчулуун нар тус тус бөөлсөн байна. Долоон өвгөн одны тахилгад оролцогчид өөр өөрсдийн угсаа язгуурыг харуулсан өвөрмөц зан төрхийг тусгасан бөөлөлтийг хийж байлаа. Энэхүү тэнгэрийн зан үйлд Монгол туургатан Дархад, Халх, Буриад, Урианхай, Дөрвөд, Ойрод, Барга, Хотгойд, Торгууд, Тува, Цаатан бөөгийн язгуур, отог, овгууд оролцсоноороо онцлог байлаа. Отгонтэнгэр хайрханы Хайрханы тахилгад залуучуудыг төлөөлж Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд тэргүүлж бөөлсөн юм.  Нэгдсэн тахилгын Лусын Их тахилга залуучуудад олон талаараа нэн чухал чанаруудыг харуулж чадлаа. Одоо цагт энэ чанар Монгол бөөгийн хөгжилд ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм. Манай ахмад үе, “алтан” үеийн бөө нарын бөөлөлт нь нэн ховор олзуурах зүйл бөгөөд залуучууд тэднээс суралцах шаардлага бий. Нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Буриад бөөгийн бүхэл бүтэн “чуулга” энд бөөллөө. Буриадын гурван үеийнхэн бүгд хамарсан гэхээр Тэнгэрийн тахилга содон сайхан байсан. Энэ бас давтагдашгүй бөөгийн зан, үйл байв.  Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын Их тахилгад залуучуул бүгд хүч нэмэн идэвхитэй оролцсон билээ.  Ийнхүү МБНЭ-ээс зохион байгуулсан Цагаан уул буюу Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга өргөн олныг хамарч, амжилттай болж өндөрлөлөө.  Цаг хугацаа бага байсан ч МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдайн дөчин тавдугаар хуралдаан болж, шагнал урамшилын асуудлыг хэлэлцэж цөөнгүй залуучууд шагнагдсан билээ. Хуралдайныг залгаад Нэгдсэн их тахилгад оролцогчдын дүнгийн хуралдаан болсон. Тэгээд тахилгад голлох үүрэг гүйцэтгэсэн улаач, түшээ нарын шагналыг гардуулах ажиллагаа болж дараа нь нийт тахилгад оролцсон бүрэлдэхүүн дурсгалын зураг даруулсан билээ. Түүхэн ач холбогдол бүхий Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга, бөөгийн түүхийг бас нэгэн хуудсаар баяжуулан түүх болон үлдлээ. Хамтарсан их үйлийн явцад бөөлж байгаа улаачдаа саад тотгор хийх, хориотой өргөл өргөх, бусдыгаа үл хүндэтгэн сагсуурах байдал зарим залуу улаач нар гаргав. Ийм байдал гаргах нь өөрсдөд нь муугаар нөлөөлнө. Залуучуудад зөвлөхөд ийм зан үйл нь улаачаа төлөвшүүлдэггүй, хүчээ, онгодоо буцаах нэг нөхцөл болдог. МБНЭ нь нарны залбиралыг хотын ойролцоо хийж, хүний олон амьдардаг нийслэлийн улаач нарыг цуглуулах зорилго агуулсан юм. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, залуучуудаас Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Б.Доржпүрэв, Сумъяа, Ч.Одбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн удган Б.Солонго, Б.Чанцал, Сарантуяа нар оролцлоо.  Энэ удаагийн Нарны залбиралын цөмийг шинээр оролцогчид бүрдүүлж байлаа. Мөн "Бөөгийн тавилан", "Хар хэрээ", "Харваат улаач", "Тэнгэр улаач", "Оноолт улаач", "Аргалдай", "Дөл,дөл", "Аман хуур" бөөгийн бүлгэм, хамтлаг, байгууллагууд оролцлоо. МБНЭ-ийн гурван жилийн ойд зориулсан кино гарсан. Түүний дараа галын наадам болсон юм. Галтай цогтой, хүчтэй улаач нар гал дээр бууж цугласан олонд бөөлөлтийн хүч чадлаа харуулна билээ. Гал дээр бөөлөхөөр нэг хэсэг нь их л зохион байгуулалттай ирсэн байсан. Энэ удаагийн нарны залбиралыг МБНЭ-ийн дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Цагаанхүү удирдаж хийсэн билээ. Мөнх тэнгэрийг зорих их хэнгэргийн дуун, Монгол уртын дуу юутай сайхан зохицоно вэ?. Цугларсан олон нарандаа залбирч, идээний төлөө цацал өргөлөө. Нарны залбирал ийнхүү амжилттай боллоо. Нарны залбиралын дараа МБНЭ-ээс цугларсан олонтой чөлөөт ярилцлага хийж санал бодлыг нь сонссон юм. Төрийн хар сүлдийг сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Монгол бөөгийн их зайран, Хөвсгөлийн нэртэй улаач Балжир толгойлон бөөлж, шавь нарын хамт идэвхтэй оролцлоо. Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх Тэнгэийн зан үйлээр хийсэн ёслолд Улаанбаатар хотын төлөөлөл, Дархан уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнодын бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо. Мөн Бөөгийн тавилан бүлгийн зайран Хүрлээ, Босоо хөх монгол ТББ-ын зайран, төлөөлөгчид, зөн билгийн тулаанд оролцож танил болсон удган, зайрангууд ирж оролцлоо.  МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага “Тэнгэрлэг залуус” аяныг зохион байгууллаа.  “Тэнгэрлэг залуус-1” аяныг эхний ээлжинд амьдралын боломж муутай, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууддаа бэлэг тараалаа. “Тэнгэрлэг залуус-2” аяныг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.  “Тэнгэрлэг залуус-3” аяны хүүхдийн эмнэлгээр явж, хүнд өвчнөөр олон сар өвчилсэн, мөнгө төгрөгийн гачигдалтай эцэг эхчүүдэд туслалцаа үзүүлэх ажлыг хийх юм.  МБНЭ-ийн ДЦЗ-ийн дэргэдэх Залуучуудын зөвлөл “Тэнгэрлэг залуус” аянаа амжилттай үргэлжилүүлэн “Тэнгэрлэг залуус-4” аяны үйл ажиллагаа Улаанбаатар хотын түмэн түжигнэж, буман олон бужгинасан “Наран туул” олон улсын худалдааны төв дээр ахмад настангуудад буяны ажил зохион байгуулсан.  “Тэнгэрлэг залуус”-5 аяны хүрээнд өмнийн говьд ажиллаад ирлээ. МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүн Мөнхчулууны удирдлаган дор өмнийн говьдоо очиж нэг сар ажиллаж, энэ удаа хэдэн мянгаар тоологдох мод тариад ирлээ.  “Тэнгэрлэг залуус” -VI аяны хурээнд Төв аймгийн Лун сумын нутагт мод тарих өдөрлөг зохион байгуулсан.” Гэж хийсэн ажлаа тайлагналаа.  Тавьсан илтгэлтэй холбогдуулж, Ш.Нямдорж, Т.Баттогтох, Я.Мөнгөнсүвд, Оюунтуул, Б.Болдбаатар, Б.Солонго, Б.Бахамаазагд, Л.Баяржаргал нар санал бодлоо хэллээ. Хуралдаанаас Ойрын үел хийх ажлын зорилтоо тодотгон: -МБНЭ-ийн таван жилийн ойн хүрээнд, баярын хурал, сургалт, шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах, -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхтэй хийх уулзалтад төлөөлөгчөө оролцуулах,  -“Тэнгэрлэг залуус” аяныг үргэлжлүүлэн Сар бүр тодорхой ажил зохион байгууллаа.  -Цол, шагнал урамшил олгох залуучуудаа тодорхойлох,  -Нэгдсэн тахилгад тэргүүлж оролцох залуучуудаа бэлтгэх, -Олон улсын тойрон аялал зохион байгуулах зэрэг зорилтыг дэвшүүлэв. Хуралдаанаас зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МБНЭ-ийн Залуучуулын Зөвлөлийн удирдлагуудыг сонгож, баталлаа. Д.Хүрэлбаатар

Найм. Хөх сувд Хөвсгөл нуур мину

                          Найм. Хөх сувд Хөвсгөл нуур мину              Завханаас Хөвсгөл зорин бидний хэдэн автомашин хөдөллөө. Газаар цэнэглэдэг автомашинтай тул бид хоёр хуваагдахад хүрэв. Тэлмэн сумын цаахан орших уулын бэлд хоноглов. Аймгийн төвөөр орсон цуваа хүлээсэн хэрэг юм.             Маргааш өглөө цааш замаа үргэлжлүүлэв. Хөвсгөл явах замд наадам зорьсон адуу ачсан машины цуваа тасралтгүй тааралдана. Ойрхон суманд томоохон наадам болох төлөвтэй. Мөрөн хотод ирээд мөн л араас яваа цуваагаа хүлээж тэндээ хоносон юм.             Орой бидэн дээр Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Жавзансүрэн ирж уулзаж, мэдээлэл солилцож ярилцсан юм.             Энэ удаа Хөвсгөо нуурын тахилгыг зохион байгуулах үүрэг хүлээсэн Монгол бөөгийн тэргүүн зайран Бүдүрэ амалсанаа умартав. Өнгөрсөн жилийн Хөвсгөлийн их тахилга дээр ам гарч энэ жил томоохон тахилга хийхээр өөрөө амалсан юм. Тэнгэрийн үйлд болзоо таим хэцүү, хариуцлага өндөр байдаг. Бид зориод шатахуун зарцуулаад ирлээ. Амалсан тахилга болсонгүй, энэ жил ингэж худал амалсан юм чинь, ирэх жил гэж хойшлуулсан тахилгад хэн итгэж ирэх билээ.             Маргааш үдийн алдад Хатгал сумын зүг хөдөллөө. Монгол бөөгийн тэргүүн удган Даариймаагийн хоолны газарт хооллоод цааш Ханхын зүг зорилоо. Энэ эилийн хувьд хур бороо багатай байсан нь аяны замын бэрхшээлийг бага ч боловч хөнгөлж байлаа. Олон давааг өгсөж уруудсаар, Хөвсгөл нууранд ойртож, холдсоор аян замын ихэнхийг туулж, нуурын эрэг дэргэд төхөж, зам сайхан болж ирсэн нь Ханх сум ойртсоных ажээ.             Ханх сумруу явах замд нэгэн машин шаварт суусантай тааралдав. Түүнийг шаврааас татан гаргахад тэрхүү машинд нэгэн улаач сууж явсан нь бидэнтэй танилцаж, шаварт суусан нь та нартай тааралдах завшаан байжээ гэж олзуурхав. Тэгээд агзар дээрээ бичиг баримтаа бүрдүүлж, МБНЭ-д гишүүнээр элсэж билээ. Бид нуурын эрэгт майхнаа барьж хоноглов. Өглөөний наран уулсын даван бидэн дээр тусах үед босов.  Одоо эргэн тойрон Оросууд майхан барьж буудалсан харагдана. Бид хоорондоо оросын нутагт орчихож хэмээн ярьж явлаа. Үнэхээр Ханх сумын нутагт ороход монголчууд цөөхөн, оросууд хаа сайгүй тааралдана. Нуурын хойд эрэгт том хот босохоор уудам тал оршин ажуу. Ханх сумаас хилийн боомт хүртэл сайжруулсан шороон зам тавьжээ. Тэрхүү замаар хэдэн минут давхиад зорьсон боомтдоо ирлээ. Хүнд хэцүү бартаат замаар өдөржин явсан бидэнд сайхан замд ороод давхихад сэтгэл таатай байлаа.    

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Долоо. Завханы Хар нуурын гутамшиг

    ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Долоо. Завханы Хар нуурын гутамшиг Аймгийн төвөөс цуваа Нар нуурын зүг хөдлөв. Бүх автомашины аюулгүй байдлыг бодолцож, явах маршрутаа Улиастай-Яруу-Хар нуур чиглэлд сонгов. Бид саадгүй явсаар Хар нуурт бүрэнхий болсон хойно очив. Хар нуурт зохион байгуулж байгаа арга хэмжээ нь төлөвлөлтийн хувьд сайн болсон боловч амьдралд хэрэгжих бодит байдлыг муу тусгасан байлаа. Гол арга хэмжээ болох газарт байгууламжаа хоёр заагтай зохион байгуулжээ. Биднийг очиход хоёр зуу орчим иргэд цуглаан хийж байлаа. Тэдний яриагаар гол арга хэмжээ болох газарт албан тушаалтнууд өөрсдийн буудал, хоолны газруудаа байгуулсан, харин сумдаас ирсэн буудал, гэр нь зочингүй, хооллох хүнгүй учир хол газраас ирэгсэд зардлын хувьд“шаталттай” болсон байлаа. Уур хилэн бадарсан олон нааш цааш холхилдон орилож чарлан бухимдана. Бид эхлээд арга хэмжээг зохион байгуулж байгаа аялал жуулчлалын газрын даргатай уулзлаа. Дараа нь аймгийн засаг даргатай ярилцсан юм. Гэвч бидний хүсэлт талаар болсон юм. Тэгээд бид иргэд явах гол замын дэргэд, орох хаалганы хажуудхагас сар хэлбэртэй майханаа барьж буудаллаа.Төв хэсэгт төрийн далбаа ба МБНЭ ийн тугаа мандууллаа.МБНЭ ийн дээд цэцийн хуралдайн болж Отнонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын дүнг хэлэлцэж шагналын тухай асуудлыг шийдвэрлэлээ. Оройн наран уулын цаагуур шингэхэд шагнал гардуулах ёслол дуусч цугласан олонд зориулсан кино концерт монгол бөөгийн тухай баримтат кино гаргалаа. Өглөө аймгийн засаг даргатай дахин учрах завшаан тохиов. Заасан газар отгоо байгуулж тэнгэр үзлээ сжрталчлах боломжийг хүссэн юм. Хариуд нь бөө нар хэнгэргээ үүрээд морьтой явдаг байсан шүү дээ. Тэгээд дотогш ор гэв. Тэгээд ноёны хэлсэнээр болов. Үнэндээ бол З0 гаруй автомашин, 120 орчим улаач нар хуяг дуулгаа орхиод, наадамлана гэж юу байхав. Өөрсдийн нь нэрлэснээр Монгол туургатан нар болох хорин нэгэн аймгийн бүх язгуурын бөө нар, дээр нь Өвөрмонгол, ОХУ-ын Буриадаас хүрэлцэн ирсэн төлөөлөгч бүхий бүрэлдэхүүнийг наадамдаа оролцуулсангүй. Бид дахин Завханы наадамд оролцохгүй.  Олон мянган км зам туулан цугларсан монголчууд бид нэг нэгнээ ойлгож чадахгүй бол монгол уламжлалт наадмын утга алдана. Наадам эхлэхэд тэргүүлэгчдийн суудалд УИХ-ын гишүүд, аймгийн ноёд бас Шарын шашины хамба нар заларна. Бид барьцаж байгаа юм биш. Бид наадамд нь чимэг болж, нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг тэнгэр үзлийг сурталчлах, отго байгуулах хүсэлт тавьсан.  Тэнгэр үзэлтэн оруулдаггүй хаалгаар лам нар чөлөөтэй нэвтрүүлж, дээд хүндэтгэл хүлээнэ. Монголын Хүннүгийн их хаадын үеээс шүтэж байсан тэнгэр үзэл мартагдах дээр тулж, адлагдах нь гутамшигтай харагдана. Угтаа бол бол Монгол Улсын Үндсэн хуулийнд заагдсан шүтэн бишрэх тэгш эрх, мөн чанартаа амьдрал дээр ийнхүү зөрчигдэх ажээ.   Наадмын эхний өдөр бид тарьж, өөр, өөрсдийн нутгийн зүг одлоо. Их наадамд оролцож, тэнгэр үзлээ сурталчилж, баримтад кино гаргаж, сурталчилгааны самбараа холын холоос ачиж очсон, бас Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын дүнгийн хурлаа хийж, улаач нараа шагнаж урамшуулах байсан ажиллагаа болсонгүй. Отгонтэнгэр хайрханыгтахиж, нутгийн зон олны төлөө нэгдсэн тахилга хийсэн бидэнд наадмын талбайд хааш, хаашаагаа хагас га газар олдсонгүй. Энэ бол гутамшиг. Монгол туургатан тэнгэр үзэлтнүүд дахин цугларна, гэхдээ бид хэнээс ч царай алдан гуйхгүй тахилгаа хийх болно. Харин нэр аядсан ийм наадамд шатахуун зарж, сэтгэл гаргаж дахин очихгүй. Төвлөрсөн газраас алс хол, зам харгуй муу, олон зуун км зам туулан их цаг зарцуулан очих атал бусдыг татах онцлог байхгүй, хотын ойролцоо байдаг жуулчины наадмаас илүү гараад байх зүйлгүй, холоос сэтгэл гаргаад очсон монгол туургатангуудын сэтгэл рүү “ус” цацсан, ноёд, ардаараа зааглагдсан, бослого тэмцэл болсон, бүх сумдаас хүн хүч татаж, их хөрөнгө зарсан, өөрсдөөсөө гадна үзэгчгүй, “хэрэглэгч үгүй” наадам болоод өнгөрөв. Нөгөөтэйгүүр морьны уралдаан үзэхийн тулд 60 км явах, дээр нь отгуудыг тойрч 10 км морьтой болон явган зорчих бэлтэй бас чадалтай жуулчин хэр олон байх бол гэдгийг төлөвлөлт дээрээ бодох л байсан. Ардуудын хэсэгт гэхэд 300 орчим хоолны гэр, тэр хэмжээний жуулчны гэр байгуулж отго байгуулсан боловч, наадмын талбайгаас 4 км хол тэдэнд дээр буудлах хүн байхгүй. Наадмыг зорьсон жуулчин өдөр хоол идэхийн тулд буудалсан газраа очихын тулд 20 мянган төгрөг зарцуулах болно, эсвэл 10 км явган “хатирах” хэрэгтэй. Тэгээд сум сумаас 10 орчим гэр “захиргаадаж” авчирч барьсан тээврийн зардал, хоол, хүний үйл ажиллагаа гээд эдийн засгийн хүндрэлтэй үед хэтэрхий зардалтай наадам болжээ гэж харагдаж байлаа. Сайхан зүйл сэдсэн байна, ажил хийхийг оролдсон нь үнэн. Гэхдээ зохион байгуулахдаа хэтэрхий зардал гаргасан, түүнийхээ ихэнхийг “ядарсан” ард олонд үүрүүлсэн наадам болжээ.  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАН, МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАН, МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа.     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөөгийн төв байгууллагын таван жилийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. МБНЭ-ийн өнгөрсөн таван жилд хийсэн ажлын талаар фото альбом, танилцуулга, “Монгол бөөгийн ёс зүй” баримт бичиг, “Монголын тэнгэр шүтлэгтэнгүүдийн цаг тооны бичиг”, “Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор”  зэрэг баримт бичгүүдийг өглөө.              Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд оролцож, Бөөгийн онгодын өргөөгөөр зочилж, Монгол туургатаны соёлын өв болсон Тэнгэр шүтлэгтэй танилцахаар боллоо. Дараачийн уулзалт удахгүй болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томилсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь §  Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн §  Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн. §  Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн §  ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа. §  Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх  чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан. §  Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.  

Зургаа. Түүхийн түүчээнд тодрох Улиастай хот.

            Зургаа. Түүхийн түүчээнд тодрох Улиастай хот. Отгон сумаас хөдөлсөн цуваа жигд хурдтай явсаар Ганцын даваа өгсөж эхэллээ. Огцом өгсдөг замтай энэ даваа монголдоо алдартай. Биднийг Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам угтаж авлаа. Улиастай хотын баруун хойд хэсэгт Улаанбаатараас орж ирэх замыг угтан голын эрэг дээр бид асараа барьж байрлалаа эзэллээ. Эхний ээлжинд МБНЭ-ийн удирдлага, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга П.Батжаргал нар байрлав. Тэдний хажууд Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэжид тэргүүтэй бөөгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн буудаллаа. Хамгийн олон хүнтэй Дорнод аймгийн бүрэлдэхүүн зөвхөн нэг талдаа 2200 км зам туулсан улаач нар билээ. Дархан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, Самгалдай төвийнхөн, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Нанжаа тэргүүтэй багууд ирлээ. Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайханы удирдсан цомхон баг ирж байрлав. Хэдий Завхан аймгаас МБНЭ-д гишүүн цөөнтөй боловч гурван цаг тутам хорхог ирж, хотоос ирэгсэдийн хоолоор хангаж, хүндэтгэл үзүүлж чадсан билээ. Хөвсгөл аймгийн Тариалын сумын бөөгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Өвөрмонголоос ирсэн Монгол бөөгийн удган Нарангуа, “Цагаан бүргэд” бөөгийн төвийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Буриадаас ирсэн Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто нар оржээ. Монгол туургатны төлөөллийг нэг хэсэг нь өмчилж авсан мэт аяглана. Тэд Улиастай хотод ирээд нэгдсэн ажиллагаанд оролгүй алга болов. Тэдгээрийн араас Буриадын отог хөдлөхөөр бужигнаад авав. Угтаа бол Завханы төлөөлөл биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд байлцах байв. Нэгдсэн удирдлага дор хамтран ажиллаж сурах болоогүй л байна даа, манайхан. Орой МБНЭ-ээс “Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга” сэдэвтэй хурал зохион байгуулж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын түүхэн ач холбогдол” илтгэл тавьж, Хайрханы тахилгыг удирдагч Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү, Лусын тахилгыг удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Бадамсүрэн, Тэнгэрийн тахилгыг удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэмид, Галын тахилгыг удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам нар үг хэлсэн. Мөн Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, удган Жавзмаа нар баяр хүргэж санал бодлоо илэрхийлсэн. Удган Жавзмаа МБНЭ-д нэг сая төгрөг хандивласан билээ. Хурлын дараа Монгол бөөгийн тухай баримтад кино гарав.   Улиастай хот бол монголын эртний түүхт хотын нэг билээ. 1733 онд Зүүнгарын Галданцэрэнгийн цэргээс сэргийлэн “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин”-ы газрыг байгуулсныг Улиастай хотын үүсэл гэж үздэг. Энэ нэрийг товчлон “Улиастайн жанжин”-ны газар хэмээн нэрлэгдэх болжээ. Улиастай хот нь дотоод журган, цэргийн журган, сангийн журган, монгол журган гэсэн дөрвөн хэлтсээс бүрэлдэнэ. Улиастай хотыг байгуулахтай зэрэгцэн хятадын худалдаа мөнгө хүүлэгчид Улиастайн маймаачинг бий болгосон. 1860-аад оны сүүлээс Хаант Орос улсын худалдааны пүүсүүд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.     ХХ зууны эхэнд Улиастайн ойр орчим нутаг нь Дашпунцаглин хийдийн эзэмшил бөгөөд Сайн ноён аймагт харьяалагдаж байсан. 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны 1 дүгээр сарын 21-ий өдөр манж жанжин эсэргүүцэлгүй бууж өгснөөр Улиастай хот Манжийн эрхшээлээс бүрэн чөлөөлөгдсөн.     1921 оны ардын хувьсгалын дараа МАН-ын 14 дүгээр үүр, ХЗЭ-ийн  үүр, холбоо, Харилцан туслалцах хоршооны салбар, худалдаа ба аж үйлдвэрийн банк, анхны бага сургууль тус тус байгуулагдсан. Нутгийн захиргааны шинэ дүрэмтэй уялдуулан Дашпунцаглан хийдийн харьяат нарыг Отгон хайрхан уулын хошуу, Улиастайн газрыг Жавхлант хот хэмээн нэрлэх болсон. Хантайшир уулын аймгийн 5 дугаар их хурлаар тус аймгийн яамыг Жавхлант хотод шилжүүлэхээр болж, 1929 оны 4 сард нүүн ирсэн. Отгон хайрхан уулын хошууг Хантайшир уулын аймагт шилжүүлсэн. БНМАУ-ын Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1931 оны 2 дугаар сарын 18-нд Хан Тайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг шинээр байгуулж, Жавхлант хотод төвлөсөн. Жавхлант хотыг 1961 онд Улиастай хот хэмээн хуучин нэрээр нэрлэх болжээ. Одоо Улиастай хот нь Завхан аймгийн Улиастай сум бөгөөд Жинст, Чигэстэй, Жаргалант, Богдын гол, Өлзийт, Товцог гэсэн 6 багийн 5607 өрх, 19 мянга орчим хүн амтай.билээ.  

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Тав. Цагаан уул хайрханы өмнө тал мину.

     ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс       Тав. Цагаан уул хайрханы өмнө тал мину.               Цагаан уул буюу Отгонтэнгэр хайрхандаа өмнө талаас нь тэнгэрийн зан үйл хийхээр зорьж ирсэн билээ. Отгонтэнгэр хайрханы цас хайлж хамгийн бага хэмжэээнд очсон харагдана. Дурангаар харахад ойрд хур ороогүйгээс цас нь сааралтаж харагдана билээ. Нэгэнт их тахилга Их хайрханы ар талаас хийгдэх байсан тул бид цуваандаа Хайрханы өмнө талаас гурван газраас хийх тэнгэрийн зан үйлээ нийтэд зарлаагүй юм. Тиймээс манай цувааны хэсэг мориор үйлчилдэг цэг дээр очиод өөрсдөө хүссэн газраас залбирахаар тарцгаасан билээ.             Нэгдсэн тахилгыг хийх төлөвлөгөөний дагуу бид Отгонтэнгэр хайрханы тахилын эхний хэсэг өмнө талаас нь зарим тэнгэрийн зан үйлийг хийх байсан. Энэхүү ажилагаагаа гурван талаас нь зэрэг хийлээ.             Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоон дээр хийсэн билээ. Энэ ажиллагааг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур, манжигаар бөөлж хийсэн юм. Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь бурханы сахиус залдаг, бурханы зан үйлээр хийгддэг Буриад бөөгийн бөөлөлт байлаа. Энэхүү бөөлөлтийг Монгол бөөгийн тэргүүн удган, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн дэд удирдагч Цэрэндэжид, Монгол бөөгийн тэргүүн зайран, Баяндун сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Батдорж, Монгол бөөгийн удган Балжинням нар хамтран тэнгэр, шүтээнээ дуудан бөөллөө. Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Монгол бөөгийн залуучуудыг төлөөлөн, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд уламжлалт дэг жаягийн дагуу хуур манжигаар бөөлж их хайрхандаа хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү хамтарсан, нэгдсэн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Нэгэн цаг хугацаанд олон язгуурын бөөгийн төлөөлөл, өөр өөрсдийн уламжлан ирсэн дэг жаягаар бөөлнө гэдэг өвөрмөц ажиллагаа юм. Бид хуран цуглаж, байгаль орчны байцаагчийн заасан газарт майханаа барьж буудаллаа. Бүгд л тохижож аваад, холын аян замын алжааллаа тайлахаар амарцгаасан юм. Их хайрханы нөмөрт хоноглосон өглөө биднийг хур бороо угтлаа. Усгүй байсан гол сэргэж, их уулын гол дуу чимээгээ цуурайтуулан сүртэй нь аргагүй урсана. Их хайрханы оройгоор цас оржээ. Шинэ малнай өмссөн мэт содон харагдана. Одоо сэтгэл тавирав. МБНЭ-ийнхэн ирсэн гэнэ лээ гэж яригдах агшинд ган тайлах бороо оруулж чадахгүй бол бид энд ирсэний зорилго ач холбогдолгүй болох байлаа. Дотор уужирч сэтгэл амрав. Эхний зорилго биеллээ. Гэхдээ энд орсон бороо нь зөвхөн хайрханы өмнө хэсгээр таллан орсон байсан нь сонин. Одоо улаач нар маань хэр цугларах бол гэдэг санаа зовоосон асуудал сэтгэлд гэгэлзэх болов.  

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс ​ Дөрөв. Их хайрханы орших Отгон сум

                  ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс ​                   Дөрөв. Их хайрханы орших Отгон сум     Завхан голын гүүр дээр цуваа зогсож багахан амарсаны дараа Отгон суманд очлоо. Сум очихын өмнө нутгийн зайран Дорж биднийг угтаж авлаа. Бид нэг нэгнийгээ танихгүй. Өмнө уулзаж байсангүй. Гэвч тэнгэр үзэл, халуун сайхан сэтгэлийн буянаар биднийг тосч уулзлаа. Отгон сумаас бид шатахуунаа цэнэглэж аваад их хайрханы зүг хөдөлсөн. Цуваа аажимхан явсаар хошуу тойрох мөчид Отгонтэнгэр хайрхан нэлхийн ойрхоноос тод харагдлаа. Энэ газарт нутгийн олон, зайран Доржийн удирдлагаар идээ, цай, хорхог хийж биднийг дайллаа. Анх байгуулагдаж байсан үеээ бодвол Тэнгэр шүтлэгтэнгүүд нэг нэгнийгээ ойлгон дэмжиж, нэгдэх болжээ. Биднийг буухад газрын хөрс хуурай шороонд “пур” хийж байсан. Чийг авсан багахан газраар ногоорох аястай байлаа. Их хайрханаас эх авсан голын ус хадан дунд шургаж, усгүй мэт харагдана. Миний хувьд их хайрханыг эргэн тойрон гол горхи ийм байхыг амьдралдаа харж байсангүй. Ялангуяа хайрханаас эх авсан их гол ингэж шургасан байсныг харж байгаагүй учраас сэтгэл өвдөж, гуниг төрнө. Отгон сум нь 18-р зууны үед халх дөрвөн аймаг, шавь 7 хошууны үед засаг захиргааны ямар зохион байгуулалттай байсан нь тодорхойгүй. Настай хүмүүсийн ярьснаар нутгийн уугуул иргэд орон нутгаа орхиод одоогийн Архангай аймгийн Чулуут, Баянхонгор аймгийн Байдраг зэрэг сумын нутагт суурьшиж орон нутагт ядуугийн улмаас болон томоохон лам буюу ноёдын шарилын сахиулаар хангай талд өндөр Жамба говьд Шижээ гэлэн хоёрхон айл үлдэж нутаг эзгүйрсэн гэдэг. Хан хөхий нутгаас (одоогийн Увс аймаг) Цэцэн Сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатын хамт нүүж ирж нутагшсанаар сайн ноён хан аймгийн хошууч бэйсийн хошууны эхлэл буй болж нутаг усны хувиарлалт хийхээр аймгийн чуулган болж жасаа тамгын газрын ноёд түшмэд нар чуулж бүгд л Очирваань уулын өвөр нутгийг авахаар булаалдан маргасан гэдэг.  Гомбожав мэргэн туслагч гэнэт чуулгаа хаян олон хоног чуулганд суулгүй гадуур явж байснаа нэгэн өдөр ноёдын чуулгандаа морилон ирж оролцсон нь нутгийн хил зааг тогтоох , уул ус хад чулуу зэргийг олон хоног бодож боловсруулснаа айлтган : Эрхэм ноёд түшмэд та бүхэн бурхан болсон Очирваань уулаа булаацалдаад чуулган удах төлөвтэй боллоо.Би хүлээж чадашгүйнээ надад та бүхэн тулгын дөрвөн чулуу хэлбэрийн жаахан газар өгчих дөө. Голдоо ганц өнчин цагаан толгойтой юм гэснээр ноёдууд Гомбожав мэргэн туслагчийг говьд газар нутаг авлаа гэж ойлгон авах нутгийг зөвшөөрч дөрвөлжин газрын дөрвөн өнцөг болсон газрын нэрийг сонсоё гэхэд “Онх” ,”Борх”, “Отой”, “Ширээ” хэмээн айлтгасныг чуулган баталснаар нутгаа авахад Отгонтэнгэр уул нь голын ганц өнчин цагаан толгой байснаар хошууныхаа нутгийг эзэлж авч байсан домогтой. Харин “Мээм” толгойг далай вангийн хошуу нутагт алдсандаа гашуудаж Далай вангийн хошууныхан үнээ бүрээс гүзээ авч байх болов оо гэж байсан домог яриа байдаг. Мөн ингээд газар нутгаа хэмжиж авахаар болоход ноёд түшмэдүүд түрүүнд нь дийлдсэндээ эгдүүцэж Гомбожав мэргэн туслагчаас ийн асуув. За чи Хөхөөгийн даваанаас Буянт голыг уруудаж аль хүртэл газар нутаг авах вэ гэхэд Гомбожав мэргэн туслагч -Ноёд минь би хөхөөгийн даваанаас даага унасан хүүхэд дагуулж Буянт голыг уруудаад хаана даага эцнэ тэр хүртэл авъя гэсэн гэдэг.Тэгээд хавар эрт сургаж цагаашруулсан хусран даагыг хүүхдэд унуулан эхийг нь хөтлөн давхилгүй гэлдрэлгүй шогшуулаад байсан юм гэнэ билээ.Харин үдэлж унд хоол болоход даагаа эхэд нь хөхүүлээд өвс идүүлэлгүй явсаар Цагаан тохой гэдэг газар очиход нь даага эцэх шинжгүй байсан учир ноёд түшмэд нар цааш явахыг зогсоосноор анхны хошуу нутгийн хилийн зааг тогтоогдсон домог байдаг.             Одоо миний сэтгэл дотор нэг зүйл санаа зовоож эхлэв. Тэр нь тэнгэрийн зан үйл хийсний дараа ган тайлагдаж бороо орох болов уу хэмээн сэтгэл догдлох болов.             Бид шууд хайрханы энгэрт тулж очоод буув. Энд түмэн олон цугларч, бужигнаж байлаа. Нутгийн олон морьд унуулан үйлчилж, хэдэн төгрөг олдог ажээ.  

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм