logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Долоо. Завханы Хар нуурын гутамшиг

    ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Долоо. Завханы Хар нуурын гутамшиг Аймгийн төвөөс цуваа Нар нуурын зүг хөдлөв. Бүх автомашины аюулгүй байдлыг бодолцож, явах маршрутаа Улиастай-Яруу-Хар нуур чиглэлд сонгов. Бид саадгүй явсаар Хар нуурт бүрэнхий болсон хойно очив. Хар нуурт зохион байгуулж байгаа арга хэмжээ нь төлөвлөлтийн хувьд сайн болсон боловч амьдралд хэрэгжих бодит байдлыг муу тусгасан байлаа. Гол арга хэмжээ болох газарт байгууламжаа хоёр заагтай зохион байгуулжээ. Биднийг очиход хоёр зуу орчим иргэд цуглаан хийж байлаа. Тэдний яриагаар гол арга хэмжээ болох газарт албан тушаалтнууд өөрсдийн буудал, хоолны газруудаа байгуулсан, харин сумдаас ирсэн буудал, гэр нь зочингүй, хооллох хүнгүй учир хол газраас ирэгсэд зардлын хувьд“шаталттай” болсон байлаа. Уур хилэн бадарсан олон нааш цааш холхилдон орилож чарлан бухимдана. Бид эхлээд арга хэмжээг зохион байгуулж байгаа аялал жуулчлалын газрын даргатай уулзлаа. Дараа нь аймгийн засаг даргатай ярилцсан юм. Гэвч бидний хүсэлт талаар болсон юм. Тэгээд бид иргэд явах гол замын дэргэд, орох хаалганы хажуудхагас сар хэлбэртэй майханаа барьж буудаллаа.Төв хэсэгт төрийн далбаа ба МБНЭ ийн тугаа мандууллаа.МБНЭ ийн дээд цэцийн хуралдайн болж Отнонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын дүнг хэлэлцэж шагналын тухай асуудлыг шийдвэрлэлээ. Оройн наран уулын цаагуур шингэхэд шагнал гардуулах ёслол дуусч цугласан олонд зориулсан кино концерт монгол бөөгийн тухай баримтат кино гаргалаа. Өглөө аймгийн засаг даргатай дахин учрах завшаан тохиов. Заасан газар отгоо байгуулж тэнгэр үзлээ сжрталчлах боломжийг хүссэн юм. Хариуд нь бөө нар хэнгэргээ үүрээд морьтой явдаг байсан шүү дээ. Тэгээд дотогш ор гэв. Тэгээд ноёны хэлсэнээр болов. Үнэндээ бол З0 гаруй автомашин, 120 орчим улаач нар хуяг дуулгаа орхиод, наадамлана гэж юу байхав. Өөрсдийн нь нэрлэснээр Монгол туургатан нар болох хорин нэгэн аймгийн бүх язгуурын бөө нар, дээр нь Өвөрмонгол, ОХУ-ын Буриадаас хүрэлцэн ирсэн төлөөлөгч бүхий бүрэлдэхүүнийг наадамдаа оролцуулсангүй. Бид дахин Завханы наадамд оролцохгүй.  Олон мянган км зам туулан цугларсан монголчууд бид нэг нэгнээ ойлгож чадахгүй бол монгол уламжлалт наадмын утга алдана. Наадам эхлэхэд тэргүүлэгчдийн суудалд УИХ-ын гишүүд, аймгийн ноёд бас Шарын шашины хамба нар заларна. Бид барьцаж байгаа юм биш. Бид наадамд нь чимэг болж, нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг тэнгэр үзлийг сурталчлах, отго байгуулах хүсэлт тавьсан.  Тэнгэр үзэлтэн оруулдаггүй хаалгаар лам нар чөлөөтэй нэвтрүүлж, дээд хүндэтгэл хүлээнэ. Монголын Хүннүгийн их хаадын үеээс шүтэж байсан тэнгэр үзэл мартагдах дээр тулж, адлагдах нь гутамшигтай харагдана. Угтаа бол бол Монгол Улсын Үндсэн хуулийнд заагдсан шүтэн бишрэх тэгш эрх, мөн чанартаа амьдрал дээр ийнхүү зөрчигдэх ажээ.   Наадмын эхний өдөр бид тарьж, өөр, өөрсдийн нутгийн зүг одлоо. Их наадамд оролцож, тэнгэр үзлээ сурталчилж, баримтад кино гаргаж, сурталчилгааны самбараа холын холоос ачиж очсон, бас Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын дүнгийн хурлаа хийж, улаач нараа шагнаж урамшуулах байсан ажиллагаа болсонгүй. Отгонтэнгэр хайрханыгтахиж, нутгийн зон олны төлөө нэгдсэн тахилга хийсэн бидэнд наадмын талбайд хааш, хаашаагаа хагас га газар олдсонгүй. Энэ бол гутамшиг. Монгол туургатан тэнгэр үзэлтнүүд дахин цугларна, гэхдээ бид хэнээс ч царай алдан гуйхгүй тахилгаа хийх болно. Харин нэр аядсан ийм наадамд шатахуун зарж, сэтгэл гаргаж дахин очихгүй. Төвлөрсөн газраас алс хол, зам харгуй муу, олон зуун км зам туулан их цаг зарцуулан очих атал бусдыг татах онцлог байхгүй, хотын ойролцоо байдаг жуулчины наадмаас илүү гараад байх зүйлгүй, холоос сэтгэл гаргаад очсон монгол туургатангуудын сэтгэл рүү “ус” цацсан, ноёд, ардаараа зааглагдсан, бослого тэмцэл болсон, бүх сумдаас хүн хүч татаж, их хөрөнгө зарсан, өөрсдөөсөө гадна үзэгчгүй, “хэрэглэгч үгүй” наадам болоод өнгөрөв. Нөгөөтэйгүүр морьны уралдаан үзэхийн тулд 60 км явах, дээр нь отгуудыг тойрч 10 км морьтой болон явган зорчих бэлтэй бас чадалтай жуулчин хэр олон байх бол гэдгийг төлөвлөлт дээрээ бодох л байсан. Ардуудын хэсэгт гэхэд 300 орчим хоолны гэр, тэр хэмжээний жуулчны гэр байгуулж отго байгуулсан боловч, наадмын талбайгаас 4 км хол тэдэнд дээр буудлах хүн байхгүй. Наадмыг зорьсон жуулчин өдөр хоол идэхийн тулд буудалсан газраа очихын тулд 20 мянган төгрөг зарцуулах болно, эсвэл 10 км явган “хатирах” хэрэгтэй. Тэгээд сум сумаас 10 орчим гэр “захиргаадаж” авчирч барьсан тээврийн зардал, хоол, хүний үйл ажиллагаа гээд эдийн засгийн хүндрэлтэй үед хэтэрхий зардалтай наадам болжээ гэж харагдаж байлаа. Сайхан зүйл сэдсэн байна, ажил хийхийг оролдсон нь үнэн. Гэхдээ зохион байгуулахдаа хэтэрхий зардал гаргасан, түүнийхээ ихэнхийг “ядарсан” ард олонд үүрүүлсэн наадам болжээ.  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАН, МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАН, МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа.     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөөгийн төв байгууллагын таван жилийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. МБНЭ-ийн өнгөрсөн таван жилд хийсэн ажлын талаар фото альбом, танилцуулга, “Монгол бөөгийн ёс зүй” баримт бичиг, “Монголын тэнгэр шүтлэгтэнгүүдийн цаг тооны бичиг”, “Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор”  зэрэг баримт бичгүүдийг өглөө.              Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд оролцож, Бөөгийн онгодын өргөөгөөр зочилж, Монгол туургатаны соёлын өв болсон Тэнгэр шүтлэгтэй танилцахаар боллоо. Дараачийн уулзалт удахгүй болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томилсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь §  Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн §  Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн. §  Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн §  ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа. §  Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх  чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан. §  Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.  

Зургаа. Түүхийн түүчээнд тодрох Улиастай хот.

            Зургаа. Түүхийн түүчээнд тодрох Улиастай хот. Отгон сумаас хөдөлсөн цуваа жигд хурдтай явсаар Ганцын даваа өгсөж эхэллээ. Огцом өгсдөг замтай энэ даваа монголдоо алдартай. Биднийг Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам угтаж авлаа. Улиастай хотын баруун хойд хэсэгт Улаанбаатараас орж ирэх замыг угтан голын эрэг дээр бид асараа барьж байрлалаа эзэллээ. Эхний ээлжинд МБНЭ-ийн удирдлага, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга П.Батжаргал нар байрлав. Тэдний хажууд Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэжид тэргүүтэй бөөгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн буудаллаа. Хамгийн олон хүнтэй Дорнод аймгийн бүрэлдэхүүн зөвхөн нэг талдаа 2200 км зам туулсан улаач нар билээ. Дархан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, Самгалдай төвийнхөн, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Нанжаа тэргүүтэй багууд ирлээ. Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайханы удирдсан цомхон баг ирж байрлав. Хэдий Завхан аймгаас МБНЭ-д гишүүн цөөнтөй боловч гурван цаг тутам хорхог ирж, хотоос ирэгсэдийн хоолоор хангаж, хүндэтгэл үзүүлж чадсан билээ. Хөвсгөл аймгийн Тариалын сумын бөөгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Өвөрмонголоос ирсэн Монгол бөөгийн удган Нарангуа, “Цагаан бүргэд” бөөгийн төвийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Буриадаас ирсэн Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто нар оржээ. Монгол туургатны төлөөллийг нэг хэсэг нь өмчилж авсан мэт аяглана. Тэд Улиастай хотод ирээд нэгдсэн ажиллагаанд оролгүй алга болов. Тэдгээрийн араас Буриадын отог хөдлөхөөр бужигнаад авав. Угтаа бол Завханы төлөөлөл биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд байлцах байв. Нэгдсэн удирдлага дор хамтран ажиллаж сурах болоогүй л байна даа, манайхан. Орой МБНЭ-ээс “Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга” сэдэвтэй хурал зохион байгуулж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын түүхэн ач холбогдол” илтгэл тавьж, Хайрханы тахилгыг удирдагч Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү, Лусын тахилгыг удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Бадамсүрэн, Тэнгэрийн тахилгыг удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэмид, Галын тахилгыг удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам нар үг хэлсэн. Мөн Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, удган Жавзмаа нар баяр хүргэж санал бодлоо илэрхийлсэн. Удган Жавзмаа МБНЭ-д нэг сая төгрөг хандивласан билээ. Хурлын дараа Монгол бөөгийн тухай баримтад кино гарав.   Улиастай хот бол монголын эртний түүхт хотын нэг билээ. 1733 онд Зүүнгарын Галданцэрэнгийн цэргээс сэргийлэн “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин”-ы газрыг байгуулсныг Улиастай хотын үүсэл гэж үздэг. Энэ нэрийг товчлон “Улиастайн жанжин”-ны газар хэмээн нэрлэгдэх болжээ. Улиастай хот нь дотоод журган, цэргийн журган, сангийн журган, монгол журган гэсэн дөрвөн хэлтсээс бүрэлдэнэ. Улиастай хотыг байгуулахтай зэрэгцэн хятадын худалдаа мөнгө хүүлэгчид Улиастайн маймаачинг бий болгосон. 1860-аад оны сүүлээс Хаант Орос улсын худалдааны пүүсүүд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.     ХХ зууны эхэнд Улиастайн ойр орчим нутаг нь Дашпунцаглин хийдийн эзэмшил бөгөөд Сайн ноён аймагт харьяалагдаж байсан. 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны 1 дүгээр сарын 21-ий өдөр манж жанжин эсэргүүцэлгүй бууж өгснөөр Улиастай хот Манжийн эрхшээлээс бүрэн чөлөөлөгдсөн.     1921 оны ардын хувьсгалын дараа МАН-ын 14 дүгээр үүр, ХЗЭ-ийн  үүр, холбоо, Харилцан туслалцах хоршооны салбар, худалдаа ба аж үйлдвэрийн банк, анхны бага сургууль тус тус байгуулагдсан. Нутгийн захиргааны шинэ дүрэмтэй уялдуулан Дашпунцаглан хийдийн харьяат нарыг Отгон хайрхан уулын хошуу, Улиастайн газрыг Жавхлант хот хэмээн нэрлэх болсон. Хантайшир уулын аймгийн 5 дугаар их хурлаар тус аймгийн яамыг Жавхлант хотод шилжүүлэхээр болж, 1929 оны 4 сард нүүн ирсэн. Отгон хайрхан уулын хошууг Хантайшир уулын аймагт шилжүүлсэн. БНМАУ-ын Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1931 оны 2 дугаар сарын 18-нд Хан Тайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг шинээр байгуулж, Жавхлант хотод төвлөсөн. Жавхлант хотыг 1961 онд Улиастай хот хэмээн хуучин нэрээр нэрлэх болжээ. Одоо Улиастай хот нь Завхан аймгийн Улиастай сум бөгөөд Жинст, Чигэстэй, Жаргалант, Богдын гол, Өлзийт, Товцог гэсэн 6 багийн 5607 өрх, 19 мянга орчим хүн амтай.билээ.  

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Тав. Цагаан уул хайрханы өмнө тал мину.

     ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс       Тав. Цагаан уул хайрханы өмнө тал мину.               Цагаан уул буюу Отгонтэнгэр хайрхандаа өмнө талаас нь тэнгэрийн зан үйл хийхээр зорьж ирсэн билээ. Отгонтэнгэр хайрханы цас хайлж хамгийн бага хэмжэээнд очсон харагдана. Дурангаар харахад ойрд хур ороогүйгээс цас нь сааралтаж харагдана билээ. Нэгэнт их тахилга Их хайрханы ар талаас хийгдэх байсан тул бид цуваандаа Хайрханы өмнө талаас гурван газраас хийх тэнгэрийн зан үйлээ нийтэд зарлаагүй юм. Тиймээс манай цувааны хэсэг мориор үйлчилдэг цэг дээр очиод өөрсдөө хүссэн газраас залбирахаар тарцгаасан билээ.             Нэгдсэн тахилгыг хийх төлөвлөгөөний дагуу бид Отгонтэнгэр хайрханы тахилын эхний хэсэг өмнө талаас нь зарим тэнгэрийн зан үйлийг хийх байсан. Энэхүү ажилагаагаа гурван талаас нь зэрэг хийлээ.             Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоон дээр хийсэн билээ. Энэ ажиллагааг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур, манжигаар бөөлж хийсэн юм. Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь бурханы сахиус залдаг, бурханы зан үйлээр хийгддэг Буриад бөөгийн бөөлөлт байлаа. Энэхүү бөөлөлтийг Монгол бөөгийн тэргүүн удган, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн дэд удирдагч Цэрэндэжид, Монгол бөөгийн тэргүүн зайран, Баяндун сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Батдорж, Монгол бөөгийн удган Балжинням нар хамтран тэнгэр, шүтээнээ дуудан бөөллөө. Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Монгол бөөгийн залуучуудыг төлөөлөн, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд уламжлалт дэг жаягийн дагуу хуур манжигаар бөөлж их хайрхандаа хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү хамтарсан, нэгдсэн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Нэгэн цаг хугацаанд олон язгуурын бөөгийн төлөөлөл, өөр өөрсдийн уламжлан ирсэн дэг жаягаар бөөлнө гэдэг өвөрмөц ажиллагаа юм. Бид хуран цуглаж, байгаль орчны байцаагчийн заасан газарт майханаа барьж буудаллаа. Бүгд л тохижож аваад, холын аян замын алжааллаа тайлахаар амарцгаасан юм. Их хайрханы нөмөрт хоноглосон өглөө биднийг хур бороо угтлаа. Усгүй байсан гол сэргэж, их уулын гол дуу чимээгээ цуурайтуулан сүртэй нь аргагүй урсана. Их хайрханы оройгоор цас оржээ. Шинэ малнай өмссөн мэт содон харагдана. Одоо сэтгэл тавирав. МБНЭ-ийнхэн ирсэн гэнэ лээ гэж яригдах агшинд ган тайлах бороо оруулж чадахгүй бол бид энд ирсэний зорилго ач холбогдолгүй болох байлаа. Дотор уужирч сэтгэл амрав. Эхний зорилго биеллээ. Гэхдээ энд орсон бороо нь зөвхөн хайрханы өмнө хэсгээр таллан орсон байсан нь сонин. Одоо улаач нар маань хэр цугларах бол гэдэг санаа зовоосон асуудал сэтгэлд гэгэлзэх болов.  

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс ​ Дөрөв. Их хайрханы орших Отгон сум

                  ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс ​                   Дөрөв. Их хайрханы орших Отгон сум     Завхан голын гүүр дээр цуваа зогсож багахан амарсаны дараа Отгон суманд очлоо. Сум очихын өмнө нутгийн зайран Дорж биднийг угтаж авлаа. Бид нэг нэгнийгээ танихгүй. Өмнө уулзаж байсангүй. Гэвч тэнгэр үзэл, халуун сайхан сэтгэлийн буянаар биднийг тосч уулзлаа. Отгон сумаас бид шатахуунаа цэнэглэж аваад их хайрханы зүг хөдөлсөн. Цуваа аажимхан явсаар хошуу тойрох мөчид Отгонтэнгэр хайрхан нэлхийн ойрхоноос тод харагдлаа. Энэ газарт нутгийн олон, зайран Доржийн удирдлагаар идээ, цай, хорхог хийж биднийг дайллаа. Анх байгуулагдаж байсан үеээ бодвол Тэнгэр шүтлэгтэнгүүд нэг нэгнийгээ ойлгон дэмжиж, нэгдэх болжээ. Биднийг буухад газрын хөрс хуурай шороонд “пур” хийж байсан. Чийг авсан багахан газраар ногоорох аястай байлаа. Их хайрханаас эх авсан голын ус хадан дунд шургаж, усгүй мэт харагдана. Миний хувьд их хайрханыг эргэн тойрон гол горхи ийм байхыг амьдралдаа харж байсангүй. Ялангуяа хайрханаас эх авсан их гол ингэж шургасан байсныг харж байгаагүй учраас сэтгэл өвдөж, гуниг төрнө. Отгон сум нь 18-р зууны үед халх дөрвөн аймаг, шавь 7 хошууны үед засаг захиргааны ямар зохион байгуулалттай байсан нь тодорхойгүй. Настай хүмүүсийн ярьснаар нутгийн уугуул иргэд орон нутгаа орхиод одоогийн Архангай аймгийн Чулуут, Баянхонгор аймгийн Байдраг зэрэг сумын нутагт суурьшиж орон нутагт ядуугийн улмаас болон томоохон лам буюу ноёдын шарилын сахиулаар хангай талд өндөр Жамба говьд Шижээ гэлэн хоёрхон айл үлдэж нутаг эзгүйрсэн гэдэг. Хан хөхий нутгаас (одоогийн Увс аймаг) Цэцэн Сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатын хамт нүүж ирж нутагшсанаар сайн ноён хан аймгийн хошууч бэйсийн хошууны эхлэл буй болж нутаг усны хувиарлалт хийхээр аймгийн чуулган болж жасаа тамгын газрын ноёд түшмэд нар чуулж бүгд л Очирваань уулын өвөр нутгийг авахаар булаалдан маргасан гэдэг.  Гомбожав мэргэн туслагч гэнэт чуулгаа хаян олон хоног чуулганд суулгүй гадуур явж байснаа нэгэн өдөр ноёдын чуулгандаа морилон ирж оролцсон нь нутгийн хил зааг тогтоох , уул ус хад чулуу зэргийг олон хоног бодож боловсруулснаа айлтган : Эрхэм ноёд түшмэд та бүхэн бурхан болсон Очирваань уулаа булаацалдаад чуулган удах төлөвтэй боллоо.Би хүлээж чадашгүйнээ надад та бүхэн тулгын дөрвөн чулуу хэлбэрийн жаахан газар өгчих дөө. Голдоо ганц өнчин цагаан толгойтой юм гэснээр ноёдууд Гомбожав мэргэн туслагчийг говьд газар нутаг авлаа гэж ойлгон авах нутгийг зөвшөөрч дөрвөлжин газрын дөрвөн өнцөг болсон газрын нэрийг сонсоё гэхэд “Онх” ,”Борх”, “Отой”, “Ширээ” хэмээн айлтгасныг чуулган баталснаар нутгаа авахад Отгонтэнгэр уул нь голын ганц өнчин цагаан толгой байснаар хошууныхаа нутгийг эзэлж авч байсан домогтой. Харин “Мээм” толгойг далай вангийн хошуу нутагт алдсандаа гашуудаж Далай вангийн хошууныхан үнээ бүрээс гүзээ авч байх болов оо гэж байсан домог яриа байдаг. Мөн ингээд газар нутгаа хэмжиж авахаар болоход ноёд түшмэдүүд түрүүнд нь дийлдсэндээ эгдүүцэж Гомбожав мэргэн туслагчаас ийн асуув. За чи Хөхөөгийн даваанаас Буянт голыг уруудаж аль хүртэл газар нутаг авах вэ гэхэд Гомбожав мэргэн туслагч -Ноёд минь би хөхөөгийн даваанаас даага унасан хүүхэд дагуулж Буянт голыг уруудаад хаана даага эцнэ тэр хүртэл авъя гэсэн гэдэг.Тэгээд хавар эрт сургаж цагаашруулсан хусран даагыг хүүхдэд унуулан эхийг нь хөтлөн давхилгүй гэлдрэлгүй шогшуулаад байсан юм гэнэ билээ.Харин үдэлж унд хоол болоход даагаа эхэд нь хөхүүлээд өвс идүүлэлгүй явсаар Цагаан тохой гэдэг газар очиход нь даага эцэх шинжгүй байсан учир ноёд түшмэд нар цааш явахыг зогсоосноор анхны хошуу нутгийн хилийн зааг тогтоогдсон домог байдаг.             Одоо миний сэтгэл дотор нэг зүйл санаа зовоож эхлэв. Тэр нь тэнгэрийн зан үйл хийсний дараа ган тайлагдаж бороо орох болов уу хэмээн сэтгэл догдлох болов.             Бид шууд хайрханы энгэрт тулж очоод буув. Энд түмэн олон цугларч, бужигнаж байлаа. Нутгийн олон морьд унуулан үйлчилж, хэдэн төгрөг олдог ажээ.  

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ Гурав. Баянхонгорын байдалAnchor, таагүй “үнэр”

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН                                  ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ Гурав. Баянхонгорын байдал, таагүй “үнэр”             Баянхонгор хотод ирсэн цувааны эхний хэсэг Хүйн голын эрэг дээр майхнаа барьж араас ирэх хоёрдугаар цувааг ирэхийг хүлээж буудаллав. Баянхонгор аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Энхтуяа биднийг угтаж, цай, идээний дээжээ барьсан юм. Манай залуу удирдагч, зуны улиралдаа их ажилтай байдаг онцлоготой, тиймээс түүнд байгууллагаас нь чөлөө өгөөгүй тул ажлын чөлөө заваараа сэтгэл гарган биднийг угтлаа. Сэтгэл байвал цаг олддог.             Өвөрхангайд хоносон,  хоцорсон цуваа өглөө эрт хөдөлж, Баянхонгор хотод хүрч ирж баг бүрдэв. Урт амралтын эхний өдөр байсан гэлээ ч худалдаа, үйлчилгээний төв ялимгүй хоцорч онгойв. Үндсэн бүрэлдэхүүн хоол хүнсээ базайж аваад, дараа нь өглөөний хоолонд орлоо.             Баянхонгор хотод хоёр жилийн өмнө ирсэнийг бодвол нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Түүнийг шашины талаас нь олж харж болно. Хотын төв хэсэгт Иссусын сүм баригдаж, маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Амьдралын нөхцөл дорой иргэдэд үнэгүй хоолоор үйлчлэх, хувцас олгох, мөнгөн туслалцаа үзүүлэх гээд олон төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. Аймгийн төвд энэ шашин ийнхүү хүчээ авч байгаа нь оюуны орон зайгаа шарын шашин алдаж байгаа нь тодорхой харагдав. Өвөг дээдсийн минь тэнгэр шүтлэг нэр хүнд муутай байгаа нь энд байгаа улаач нарын бүтэлгүй ажиллагаатай холбоотой.             Өөрөөр хэлбэл, бүр тодорхой бичвэл зайран Хурцжавхлан багш шавь нарынхаа үйл ажиллагаанд анхаарах цаг тулж иржээ. Аятайхан явж байсан улаач нарын дунд “дэвдэх”, архидан согтуурах явдал хавтгайрч нэр хүнд нь их унажээ. Дээрх шүтлэг, шашины нөхцөл байдал, гадны шашин хүчээ авч хөгжих түүхэн нөхцлийг бүрдүүлжээ.             Ийнхүү нэг аймаг Исуссын шашинд орон зайгаа алдаж байна. Тодорхой зорилготой, стратегитай, түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн их чадавхтай, амьдрал дээр ядуу иргэдэд хувцас, хоолны үнэгүй тусламж үзүүлэх шашин, хүмүүсийн ядуу дорой байдал, санхүүгийн чадваргүй байдлыг ашиглан үйл ажиллагаагаа тэлсээр байна.             Харин тэнгэр шүтлэг, шарын шашин хоёр тэрсэлдсээр орон зайгаа бусдад алдсаар байна. Дөнгөж хөл дээрээ зогсох гэж зүтгэж байгаа тэнгэр үзэл, бөө мөргөлийн төв байгууллага өөрсдөө ч орон байргүй байж байна.             Хүчирхэг суурьтай шарын шашин 500 гаруй сүм хийдтэй, ард иргэдээс багагүй хөрөнгө цуглуулдаг боловч өөрсдийнхөө тархай бутархай, нэгдмэл стратеги зорилгогүй, амин хувиа хичээсэн байдал цаашдын хөгжлийн чиг хандлагад айхтар ухралтыг авчирч байгаа нь харагдана. Цуваа жигд хурдтай явсаар Байдрагийн гол дээр ирлээ. Энд Хөвсгөлөөс ирсэн нэг “машины хоёр боолт” гээгдсэн тул түүнийгээ засч аваад цааш хөдөлсөн юм. Олон овоон дээр дурсгалын зургаа авахуулж нилээд удлаа. Энэ овоон дээрээс алс холын байдал дурайтал харагдана. Монгол орны байгалийн сайханыг бишрэн харцгаана. Энэ их өвөг дээдсээс бидэнд уламжлагдаж ирсэн нутгаа, оюуны дархлаагаа бага, багаар харийн шашинд алдсаар байна. Чимээгүй довтлох оюуны салбар дахь тулаанд хориод жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гаднаас орж ирсэн шашин үнэмлэхүй ялалт байгуулсаар байна.             Бид хоёр дахь өдрийг Баянхонгор аймгийн Баянбулаг суманд нар шингэсэн хойно оройхон ирж, сумын өмнө талд бууж хоноглолоо. Энд гантай, газар хуурайшин хулгана их болж, өвс гэх юмгүй болжээ.              Өглөө босоход ОХУ-аас ирсэн зочдыг авч яваа машин нь хаа нэгтэй хоносон байлаа. Нэгдмэл нэг цуваа нь дэг журамтай, тодорхой нэг газарт буудалладаг, бусад тохиолдолд цувааны удирдагчид мэдэгдэж байж, цуваанаас гарч, ордог байх нь цэргийн ёсонд сургасан зүйл билээ. Өглөө эрт цуваа цааш хөдөллөө. Нэгэнт Отгон сум ойртсон, зам төөрөхөөргүй болсон тул цуваа сахилга алдсан тэднийг орхиод цааш хөдөлсөн юм. Нөгөө талдаа энэ нь цувааг сахилга дэг журамтай болгох арга хэмжээ гэж хэлж болно.  

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Хоёр. Өвөрхангайн зуншлага

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН  ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс Хоёр. Өвөрхангайн зуншлага             Хотод хуримтлагдсан тортог, тоосноосоо салж, цээж дүүрэн цэвэр агаараар амьсаглахаар алс холын зам, Отгонтэнгэр хайрханыг зорилоо. Саяханаас Өвөрхангай аймгаар хур бороо орж, газар дэлхий зуны ногоон өнгөөр гангарчээ. Өвөрхангайн төв Арвайхээр хотоор өнгөрөв.  Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав энэ удаа байсангүй. Миний хувьд алс холыг зорьж яваа “улаач” нараа угтаж аваад мэнд хүргэчих болов уу гэтэл тэгсэнгүй. Тэр бол сэтгэлийн л асуудал билээ. Бид “хоол” хүсээгүй, хамтын сэтгэлийг үгүйлсэн хэрэг юм. Хамтдаа нийлээд их хайрханы тахилгыг зорих болов уу гэж бодсон.              Тэгээд бас л зөрчлийн тухай бодол толгойд эргэлдэв. Саяхан болсон Бурхан халдуны тахилга дээр Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав толгойлж бөөлөх байсан юм. Өнгөрсөн жилийн Лусын тахилгад толгойлж бөөлсөн багш, шавь хоёр “харанхуйн” оронг зорьж, бидэнд мөнх тэнгэрийн үйлийн хүнд хэцүүг болон “Улаач”-ийн амь насаа зориулж болох хатуу “хөдөлмөр”-ийг мэдрүүлсэн билээ.             Бид энэ жил Дархан удганы шавь нарыг Лусын тахилгад бөөлөх боломж, шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав нар хуяглахаар бэлэн болж, байрлалааа эзэлсэн байв. Гэтэл Монгол бөөгийн тэргүүн удган Туул дунд нь байрлаж, бөөн маргаан үүсгэх нь тэр. “Уурлана, уцаарлана, ааглана, аашилна, хэдэрлэнэ эцэст нь уйлна”, энэ байдал хоёр дахь жилдээ давтагдав. Яасан засч болдоггүй дутагдал вэ?. Нэгдсэн тахилгад бөөлөх асуудлыг хамтын шийдвэрээр шийддэг. Түүнийг мэдсээр байж, нэг хүнийг зөвшөөрсөн гэж нэр барин “муйхраар” зүтгэсээр нөгөө бичээд байгаа зөрчлийг үүсгэв.             Уурлаж бухимдсан удган Дуламжав бөөлөхөө больж, дэлгэсэн хуягаа “хумиж” аваад буцав. Тэгэхдээ хотхонд мандуулсан тугаа орхиж, тэрчигтээ нутгаа зорьсон байсан. Энэ үйл явдал хоёр хүний хоорондын зөрчил мэт боловч, “улаач” нарын дунд амь бөхтэй оршсоор байгаа амин хувиа боддог, сахилга дэг журманд суралцаагүй, хамтын шийдвэрээ хүндэтгэж чаддагүйн илэрхийлэл болсон юм.             Үйл явдлыг харвал ухаарал дутаж, бухимдалаа байгуулагадаа гаргаж байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлж байлаа. Амьдрал баян болохоор бэрхшээл мундахгүй юм. Хувь хүний хариуцлагатай холбоотой боловч байгууллагын дотоодод ийм явдал гарсаар, үргэлжилсээр байна.             Аяны цуваа хоёр хуваагдсан билээ. Өвөрхангайд нэг хэсэг нь, арай хурдтай явсан хэсэг нь Баянхонгорт хоноглов.    

ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ Нэг. Бэрхшээлийг давж зорьсондоо хүрнэ.

                    ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ                                                 Нэг. Бэрхшээлийг давж зорьсондоо хүрнэ.             Юуны өмнө уншигчдаа нэгэн тайлбар хүргье. Учир нь олон түмний дунд Отгонтэнгэр хайрхан гэж алдаршсан хайрханыг онгодууд нэрлэхдээ эртний нэр болох Цаст цагаан уул гэдгээр айлддаг. Тэгээд тэрхүү нэрээр нь дурьдав.             Энэ удаа нэгдсэн тахилгын хүрээнд үйл явдлыг удирдаж зохион байгуулсаны хувьд тулгарч байсан бэрхшээл, зөрчил түүнийг хэрхэн зохицуулж байсан зэрэг үйл явдлыг бичлээ.             Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын бэлтгэл ажил ид өрнөж байлаа. Их хайрхан хүртэл явах маршрут, Нэгдсэн тахилгын хөтөлбөр, түүний дагуу хийгдэх ажлууд, толгойлж бөөлөх улаач нар, тэдгээрийн бэлтгэл гээд ажил ид өрнөнө.             Энэ завсар ОХУ-ын Агийн буриадаас төлөөлөгчид утсаар тахилгад явах автомашины захиалга өгөв. Түүнийг Дорнодын Дашбалбарын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн их зайран Б.Болд баталгаажуулав. Ажлын завсараар унааг нь захиалж, дээр нь унаагүй хэдэн улаач нарыг нэгтгэн унаа бэлэн болов. Ачаалал ихтэй, ажил дээр автомашины захиалга нэмэгдэв. Буриадын улаач нарыг Улаанбаатар хотод ирэхэд манай нэгэн улаач тосож уулзаад хямд үнэ амлаад өөрийн унаанд авчихав. Гэтэл би үхэхээс чи үх гэдэг шиг үйл явдал ундрав. Хөдлөхөөс нэг хоногийн өмнө болсон энэ үйл явдал бидэнд багагүй  бэрхшээл учруулав. Учир нь энэ унаанд тахилгад хэрэглэгдэх бүх техник ачигдсан байсан юм. Нөгөөтэйгүүр наадмын өмнөөс захиалгатай байсан автомашины захиалгыг нь болиулаад тахилгад явахаар бэлтгэсэн нь бусдын өмнө биднийг хүнд байдалд оруулав. Үүнийг бичих болсон шалтгаан нь энэхүү байдал тахилга бүрт байнга давтагдаад байгаа юм. Өмнө МБНЭ-ийн гурван жилийн ойд Тува, Оросын буриад, Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчдийг Монгол бөөгийн их зайран Дарьчулуун “хувийн тоглолт” хийж, өөрийн зардлаар авчирсан мэт аашилж, улмаар өөртөө татаж, ганцаарчилсан тоглолт хийж, ёс зүйн алдаа гаргасан тул МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээс хасагдаж байсан түүхтэй. Тэгэхэд бид дээрх “зөрчлийг” түмэнд мэдээлэлгүй чимээгүй өнгөрсөн. Цаашдаа энэ мэт зөрчил дотоод зөрчлийг бий болгож, байгууллагын ажилд садаа болох төлөвтэй. Эвтэй байя? гэж бүх зүйлийг чимээгүй өнгөрөөд байхаар “загас толгойноосоо өтвөл сүйрдэг” шиг болох, зөрчил гаргаж замын дунд гээгдэгсэд нь зүгээргүй бас “фракц” болоод сөргөлдөөд байх шинжтэй юм аа. Гэхдээ энэ бүхэн зайлшгүй туулах зам, тулгарах бэрхшээл юм. Энэ нь дараагийн шинэ нөхцөл байдлыг үүсгэв. Байгууллага гэдэг хамтын “бүтээл” түүнд  “хувийн” тоглолт том саад болж байдаг. Ийм зүйлийн цаана олон зохион байгуулалтын зөрчлүүд үүсдэг. Амьдрал хойно тахилга болгонд ямар нэг хэмжээгээр алдаа, дутагдал гарч байна. Бэрхшээлийг давж зорьсондоо хүрдэг. Энэ л үг биднийг зоригжуулах юм даа.             Одоо бид тухайн цагийн байдалтай эвлэрч, санхүүдээ захирагдаж, ганц унаандаа бүх техник, ачаагаа “бухал” мэт ачаад алсын замд хөдөллөө. Одоо ачаа хүндхэн байгаа болохоор хэн туслах бол горьдлын сэтгэл өвөртөлнө. Эхлээд Баттогтох удган асарыг нь ачиж явахаар болов. Тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг үнэн шүү. Баярласан гэдэг жигтэйхэн. Цэргийнхэнд бол бүх ачаалалаа тэнцүү хуваагаад сурчихсан байдаг. Харин улаач нарт хамтын ажиллагаанд ийм сэтгэл их дутдаг. Ачааны хүндийг үүрч яваа хүнийхээ ачаалалыг чадах зүйл дээрээ нэмгэлэх сэтгэл гардаггүй байдал таван жил үргэлжлэв. Энэ хүн ингэж зүтгэх ёстой мэт боддог, дээрээс нь нэмж сэтгэл зүйн дарамт учруулдаг. Алсыг зорих цуваа хоёр хуваагдаж, өөр өөрсдийн товлосон цагтаа Улаанбаатар хотоос хөдөлсөн билээ.

МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАН ҮЙЛЭЭР ХИЙХ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАН ҮЙЛЭЭР ХИЙХ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР  2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр -Отгонтэнгэр хайрханы өмнө талаас бөөгийн зан үйл хийнэ.  2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр -Улиастай хотод уулзалтууд хийгдэнэ. -Бүлгүүд цугларна. -Баримтад кино гаргах 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр -Нэгдсэн бүртгэл хийгдэнэ.    2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр - Байрлалаа эзэлнэ. -Баримтад кино гаргах -Чөлөөт үйл ажиллагаа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Отгонтэнгэр нэгдсэн их тахилга эхэлнэ. 02.40   Долоон өвгөн одны тахилга         -Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн од, Хулгана         - Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн од, Гахай, Үхэр         - Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн од, Нохой, Бар         - Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн од, Тахиа, Туулай         - Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн од, Бич, Луу         - Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн од, Хонь, Могой         - Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн од, Хонь, Могой         - Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн од, Морь   05.50 - Хайрханы Их тахилга 07.00 - Лусын Их тахилга 09.00-16.00-Өдрийн амралт, Хоололт 16.00 - Тэнгэрийн тахилга 21.00 - Галын Их тахилга 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр 10.00 -Дүнгийн хурал -Нутгийн иргэдийн хүлээн авалт -Шилжиж наадмын талбайд байрлана. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр -Монгол туургатны соёлын их наадам -Наадамд зориулж, монгол уламжлалт Бөөлөлт -Баримтад кино гаргах

Чингис хааны хөргийг доромжилсон Хятад иргэн нас баржээ

Чингис хааны хөргийг доромжилсон Хятад иргэн нас баржээ Хятадын "Wechat" сүлжээнд сар гаруйн өмнө эзэн Чингис хааны зургийг ёс бусаар доромжилж буй Хятад иргэний  бичлэг цацагдаж улмаар хэсэг өвөрмонголчуудын уур бухимдлыг төрүүлсэн. Энэ асуудлы  дагуу  Өвөрмонголчууд ёс бус авирлагчийг нэн даруй олж баривчлахыг Хятадын цагдаагийн газраас шаардсан байна. Харин бичлэг дээрх иргэн нас барсан гэдгийгAsiarussia.ru сайт баталлаа. Уг сайтад бичсэнээр Чингис хааныг доромжилсон этгээд БНХАУ-д 1972 онд төрсөн, Гоу Чен гэгч байсан бөгөөд нийгийн хэв журмыг алдагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад саатуулагджээ. Улмаар Хөххотын урьдчилан хорих газарт хоригдож байхдаа зодуулсан учир Тунляо хотын хорих руу шилжүүлжээ.  Гэвч тэрээр шархаа даалгүй удалгүй нас барсан байна. Тус мэдээллийг Хятадын Цагдаагийн газар албан ёсоор батлаагүй ба энэ үйл явдлын талаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл цацахыг хориглосон хэвээр байна.    

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм