logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

​Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн шинэ жилийн цэнгүүн боллоо.

Их цасны дундуур салхи сөрөн давхисаар найрамдлын гэж алдаршсан Дархан хотод ирлээ. Хүйтний эрч чангаран ес эхлэхтэй зэрэгцэн Дархан хотын маань шинэ жилийн арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээ Дархан хотын “Garden ”ресторанд болж өнгөрсөн бөгөөд арга хэмжээнд Улаанбаатар хотоос МБНЭ-ийн Ерөнхийдөгч Д. Жаргалсайхан, МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн гишүүд Монгол бөөгийн Дархан их удган Батчулуун, Монгол бөөгийн Дархан удган Энхжаргал, Монгол бөөгийн Их зайран Батжаргал, Монгол бөөгийн Их зайран Одонхүү нар уригдан оролцлоо. Шинэ жилийн цэнгүүнийг нээж Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн үг хэлсэнээр үйл ажиллагаа эхэллээ. Дархан хотын залуус маань сайхан арга хэмжээ зохион байгуулсан ба уригдан ирсэн зочдод аймгийн урлаг соёлын алдартнууд ирж уран бүтээлийн дээжээрээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан үг хэлэн мэндчилгээ дэвшүүлэх явцад том дэлгэц дээр 2016 онд хийгдсэн Бурхан халдун, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын кино гарч цугларсан олон сайхан мөчөө дурсаад авна билээ. Мөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан АНУ-ын элчин сайд Женнифер Зимдал Галтын МБНЭ-ийн хамт олонд ирүүлсэн шинэ жилийн мэндчилгээг уншиж танилцуулсан юм. 2016 онд Монгол бөөгийнхөө төлөө зүтгэл гаргасан Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туул нарыг өргөмжлөлөөр, МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн тахилга, үйл ажилагаанд идэвхи, санаачлагатай оролцсон түшээ болох Баасанхүү, С.Хүдэрбат гарыг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар шагнасныг гардуулав. Дархан уул аймгийн олон бөөгийн байгууллагууд нэгдэж шинэ жилээ тэмдэглэсэн нь чухал ололттой үйл явдал боллоо. Бөөгийн байгууллагууд хамтарч ажиллаж, нэгдэнэ гэдэг бол цаг хугацаа шаардсан, хүнд сорилыг туулан үр дүнд хүрэх үйл явц юм. Тиймээс нэг нэгнээсээ илүүрхэх гэсэн, онгирон сагсуу байдал гаргах явдал гарч байлаа. МБНЭ-ийг байгуулагдсанаас хойш санхүүгийн хандив байнга амлаж байдаг “Самгалдай” төвийн бодлогын зөвлөл анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ харагдсан нь хоосон ярихгүй, хэлсэнээ ажил болгодог залуус гэдгийг харуулах цаг тулж ирсэнийг харууллаа.  Баярын цэнгүүнд оролцсон байгууллагууд оны шилдэгүүддээ тодруулж шагнал урамшил олголоо. Байгууллага бүр өөрсдийн урлагын номеруудаар баярын мэндчилгээ дэвшүүлж байсан нь баярын цэнгүүнд улам хөг аялга нэмж, өвөрмөц болгож чадлаа.                                                                Алдармаа  

​Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн оны ажилаа дүгнэв

Энэ жил Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон бүх тахилгад зохион байгуулалт сайтай манлайлж оролцсон аймгуудын нэг нь юм. Баярын цэнгүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн их дархан ззайран П.Батжаргал, МБНЭ-ийн Удирдах зөвлөлийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Н.Баяхсайхан нар оролцлоо. Баярын цэнгүүнийг нээж Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа баяр хүргэж үг хэллээ. Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан амжилт хүсч үг хэллээ. Хэлсэн үгэндээ 2017 оноос шилдэг Орон нутгийн байгууллага шалгаруулж байхаар тогтсоныг зарлаж, түүнд хүчтэй өрсөлдөгч байгууллага бол Орхон аймгийн бөөгийн хүрээлэнг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Энэ онд МБНЭ-ээс “Бурхан халдун” хайрханы их тахилгыг уламжлалт бөөгийн жаягаар зохион байгуулахад тус хүрээлэнгийн хамт олон өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон.  Дараа нь болсон Монгол Улсын хойморь болсон Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгад идэвх санаачлагатай оролцсон билээ. Мөн Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг баярлуулах буяны ажлыг жил болгон уламлал болгон хийж хэвшжээ. 2016 онд МБНЭ-ийн онцлог таван үйл ажиллагааг тав, таван минутын хугацаатай  баримтад кино хэлбэрээр  хамт олонд үзүүллээ. Энд арга хэмжээнд Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргалд цол олгох шийдвэрийг танилцуулж гардууллаа. МБНЭ-ээс зохион байгуулсан олон арга хэмжээнд итгэл, зүтгэл, үр дүнгээрээ шалгарсан Мөнх тэнгэрийн үзэлтнүүд, тэнгэрийн “Улаач” нар болох Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар Ц.Сувдаа, “Мөнгөн шонхор” медалиар Б. Дүүрэнжаргал,  “Хүрэл шонхор” медалиар Ө. Батбаатар, Б. Батчимэг, Мөнгөнтуяа, Оюунчимэг, Байгаль нарыг тус тус шагнасныг гардууллаа. . Үдшийн цэнгүүнд өргөн цар хүрээг хамарч нэгэн үдшийг хамтдаа баярлан цэнгэж өнгөрүүллээ. Бие биеэнээ ойлгосон халуун дулаан уур амьсгал дунд бидний хамтын ажил улам урагшлан тэмүүлж явна.                                                                     Д.Хүрэлбаатар  

​Монголын бөө нар Шинэ жилийн цэнгүүнээ хийж, шилдэгүүдээ тодруулав.

Энэ жил бидний ажил үйлсэд маань ахиц ололт амжилт ихтэй, Монгол бөөгийн  цаашдын үйлсэд ихээхэн хувь нэмэр болохуйц үйл явдалууд тохиосон сайхан жил болж өнгөрлөө. Тэр сайхан мөчүүдээ эргэн дурсахад сайхан байна. Монгол бөөгийн шилдэгийн шилдэгээ шалгаруулах мөч ирэхэд зон олон анхаарал төв индрийн чигт төвлөрөв. 2016 оны Могол бөөгийн шилдэгийн шилдэгээр, Монгол Улсын толгой уул, Арван гурван Алтайн оргилын нэг Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол Улсын зүрх уул, бахархалт хайрхан Бурхан халдун хайрханд зориулсан их тахилгын Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн,  Баруун монголоос тодорсон Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү шалгарав. Энэ жилийн хамгийн хүндтэй шагналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардууллаа. Баярын цэнгүүнд Монгол бөөгийн нэрт судлаач Ш.Сүхбат урилгаар оролцож баяр хүргэж үг хэллээ. Энэ онд МБНЭ-ээс “Бурхан халдун” хайрханы их тахилгыг уламжлалт бөөгийн жаягаар зохион байгуулсан билээ. Тэрхүү тахилгад  Нарны тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн Ионгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Лусын тахилгыг толгойлон бөөлсөн Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Ялалтбаатар,  Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, галын их тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их зайран Г.Болд нарт дурсамж, өргөмжлөл гардууллаа. Монгол Улсын хойморь болсон Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлон бөөлсөн Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Балжир, Монгол бөөгийн тэргүүн зайран Төмжий, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн Их зайран Д.Нямдаваа, Монгол бөөгийн Их зайран Б.Баяраа, Монгол бөөгийн тэргүүн зайран Х.Батбаяр, галын их тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их удган Жавзансүрэн, Монгол бөөгийн Их зайран Г.Болд нарт Өргөмжлөл гардууллаа. 2016 онд МБНЭ-ээс зохион байгуулсан олон арга хэмжээнд итгэл, зүтгэл, үр дүнгээрээ шалгарсан Мөнх тэнгэрийн үзэлтнүүд, тэнгэрийн “Улаач” нарт Монголын бөөгийн дээд шагналууд болох Долоон од, Алтан шонхор, Мөнгөн шонхор, Хүрэл шонхор медалиар шагнагдсаныг гардуулах ажиллагаа боллоо. Энэ жил өөрийн тэнгэрийн үйл, чадвараа харуулсан Монгол бөөгийн тэргүүн зайран Н.Баярсайханд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран цолны анхны дугаар бүхий цолны үнэлэмжийг олгосон нь онцлог үйл явдал байлаа. Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор Монгол бөөгийын их зайран Г.Болд, Монгол бөөгийн их удган Л.Юра, “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн удган Г. Янжинлхам, Монгол бөөгийн тэргүүн удган  Сосорбарам, Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Я.Отгонбаатар, С. Агий, Ц.Ганхуяг нарт, “Мөнгөн шонхор” медалиар Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав, Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Б.Дорпүрэв, Монгол бөөгийн удган Эрдэнэчимэг, Ургамалцэцэг, түшээ Б.Эрдэнэбат, Я.Оюун, А.Баасанхүү нарт, “Хүрэл шонхор” медалиар Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Ялалтбаатар, Монгол бөөгийн зайран Сумъяа, Монгол бөөгийн удган Янжмаа, түшээ С.Галбадрах, Балжима нар шагнасныг гардуулах ёслол боллоо.  Үдшийн цэнгүүнд Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Увс, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Дорнод аймгаас төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо. Монголын бөө нарын үе үеийн төлөөлөгч нар нэгэн оройг хамтдаа баярлаж, цэнгэж, бүжиглэж наадаж өнгөрлөө.                                                                                 Д.Хүрэлбаатар                

2016-СУРГАЛТ-6 амжилттай өндөрлөлөө

Энэ удаагийн сургалт амжилттай өндөрлөлөө.  Оролцогчид сургалтын үр дүнд сэтгэл дүүрэн байлаа. Учир нь ийм чиглэл, сэдвээр хамтран ярилцах сургалт монголд өөр хаана ч байхгүй гэдэгт итгэлтэй байна.  . Монгол бөөгийн онцлог шинжийг тусгасан хичээл, харилцан ярилцах хэлбэрээр өрнөж байлаа. Энд орорлцсон “Улаач”, тэнгэр үзэлтнүүд ямар нэг хэмжээгээр биеэр олон зүйлээ мэдэрч холбогдсон байдаг болохоор харилцан ярилцах нь илүү үр дүнтэй харагддаг. Мөнх тэнгэрийн тухай ойлголт, онгод, сүнсний тухай, Монгол бөөгийн их тахилга, бөөлөлтийн уламжлалт мөн чанар болон Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан гаргах болсон түүхэн шалтгаан зэрэг хичээлүүд орлоо. Хоорондоо харилцан ярилцан мэддэг зүйлсээ бусаддаа хуваалцах журмаар явагдсан хичээл их сонирхолтой байсан. Угсаа язгуурын бөөгийн ялгаа, мэргэ төлөг энергийн тухай, бөөгийн өмсгөл эдлэлийн тухай, бөө болох шалтгаан улаачийн ёс зүй, багш шавийн барилдлагын тухай хичээлүүд ихээхэн маргааныг өрнүүлж байв.   Хайрханы тахилга, газар шинжих болон тахилга тайлгын тухай, лусын тахилга савдаг шивдэг, Бөөгийн зан үйлд өргөл барьц, эгэл олон түмний баримтлах хүндэтгэлийн ёс зүйн асуудал, бөө хүний зан үйлд хориглох зүйлүүдийн тухай сэдвээр хичээлүүд сохирхол өрнөлттэй хийгдлээ. Дархад, Буриад, Халх болон бусад угсаа язгуурын бөөгийн онцлогуудаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Монгол бөөгийн судлаач Ш. Сүхбат “Уламжлалт болон орчин үеийн бөө мөргөлийн тухай” сэдвээр  хичээлүүдийг заасан нь олны талархалыг хүлээснийг энд тэмдэглэж байна. Монгол бөөгийн талаар сонирхолтой хичээл, ярилцлага хийсэн Монгол бөөгийн их дархан удган Д. Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д. Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д. Одонхүү, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, тэргүүн дээд зайран Н. Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Б. Бадамсүрэн, Монгол бөөгийн их зайран Ч. Дангаасүрэн, Монгнол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр нартаа баярлалаа. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан сургалтыг хааж, Байгууллагын өмнө тулгамдсан асуудлаар үг хэлсэнээр энэ удаагийн сургалт амжилттай өндөрлөлөө. Сургалтын үр дүнд суралцагч улаач, түшээд нар мэдэхгүй зүйлс маш их байсан, өөрийгөө ер нь аль түвшинд хэрхэн зөв явж байгаа талаараа мэдэж авлаа гэж сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.  Онгод, өөрсдийнхаа төлөө сэтгэл зүтгэл гарган суралцсан нийт төгсөгчиддөө талархсанаа илэрхийлье Д. Жаргалсайхан        

​МБНЭ-ийн “2016-СУРГАЛТ” эхэллээ.

МБНЭ-ийн “2016-СУРГАЛТ-6” нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эхэллээ. Хичээлийг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Нээлтийн ажиллагаанд МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Олонхүү, МБНЭ-ийн Удирдах зөвлөлийн дэд удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн зайран Н.Баярсайхан нар оролцлоо. Өнөө цагт эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлтэй байсан ч сургалтад алс холын ОХУ-ын Буриадын Чита муж, Агийн буриадаас улаач иржээ. Мөн Завхан, Хөвсгөл аймгаас тэнгэр шүтдэгтэнгүүд сургалтад ирж оролцож байна.   Эхний өдөр Монголын түүх, Мөнх тэнгэрийн сургаальтай холбоотой сэдвүүд орлоо. Судлаач М.Оюунчимэг “Эртний болон Хүннүгийн үе дэх Мөнх тэнгэр, бөөгийн түүх”,” Монголын их гүрний үе дэх Мөнх тэнгэр, бөөгийн түүх, Монгол хаадын түүх”, “Дундад зуунаас нэн шинэ үеийн Мөнх тэнгэр, бөөгийн хөгжил” сэдвээр лекц, МБНЭ-ийн гурван жил баримтат киног үзэж танилцлаа. Сургалт амжилттай үргэлжилж байна.                             Алдармаа    

​Э.Содномпилжээд “Энсада холдинг” компани хоёр өрөө, Эрдэнэт хот нэг өрөө байр бэлэглэхээр болжээ

“Рио 2016” наадмаас медаль хүртсэн бусад гурван тамирчинд хувь хүн болон албан байгууллага, нутгийн зөвлөлөөс нь тус бүр байр бэлэглэж урамшуулсан байдаг. Гэвч тэдний адил эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, Риогийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан Э.Содномпилжээгийн амжилтыг хараахан үнэлээгүй байсан юм. Энэ талаар Э.Содномпилжээ манай сайтад “Ижий, аавын нутаг усныхан “хоншооргүй” байлаа хэмээн ярилцлага өгч байв.  “Рио 2016” зуны паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд “Энсада холдинг” хэмээх хөдөө аж ахуйн компани хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухайгаа мэдээллэв. Мөн Орхон аймгийн удирдлагууд Э.Содномпилжээд Эрдэнэт хотын хүндэт иргэн болгож, нэг өрөө байр, нэг сая төгрөгөөр шагнажээ. Э.Содномпилжээ нь Улаанбаатар хотын хоёрдугаар төрөх эмнэлэгт төрсөн ч Эрдэнэт хотоос төрсний гэрчилгээгээ авсан тул Эрдэнэтийн иргэн гэсэн бүртгэлтэй байдаг аж. Түүний ээж Увс аймгийн, аав нь Хөвсгөл аймгийн харъяат юм байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ түүний бөөтэй холбоотой мэдээнүүд

Өмнөд солонгост болж байгаа тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой улс төрийн үйл явцад бөөгийн байгууллага, бөө нар холбогдсон зарим материалыг уншигч олонд хүргэж байна.  БНСУ-ын Ерөнхийлөгчийг санаатайгаар асуудалд унагасан уу Солонгосуудын Ерөнхийлөгчөө үзэн ядаж, бухимдах сэтгэл дээд цэгтээ хүрч, иргэдийн эсэргүүцлийн тэмцэл нь хурц хэлбэрт шилжих нөхцөл байдал үүсээд буй. Олон нийтийн санаа бодол Пак Гын Хэг улсаа удирдаж чаддаггүй, шашны номлогчийн үгээр ажилладаг, толгойгоо мэдүүлсэн, чадваргүй зэрэг сөрөг үзэл бодлууд давамгайлж байна. Гэхдээ нөгөө талаараа, өнөөгийн энэхүү нөхцөл байдлыг зориудаар, урьднаас төлөвлөн гаргаж ирсэн байх магадлалтай хэмээн үзэх шинжээчид байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дараа болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоойтойгоор, Пак Гын Хэгийн замыг харлуулах гэсэн сөрөг PR, эсрэг намынхан, өрсөлдөгчдийнх нь гаргаж ирсэн түүх байж болзошгүй байна. “Олон жилийн турш холбоотой байсан харилцааг яагаад заавал энэ үед гаргаж ирэх болов? Сонгууль дөхсөний шинж, жинхэнэ хар PR уу” гэх шинжээчид цөөнгүй үзэл бодол, байр сууриа илэрхийлэх болов. Энэ хэрэгт эцэслэн дүгнэлт өгөхөд эрт байна. Хуулийн байгууллагынхны шалгалтын дараа эцэслэн үнэхээр төрийн хэрэгт оролцдог байсан, авлигал, их хэмжээний хууль бус мөнгөтэй холбогдсон, эсвэл сонгуулийн сөрөг дайралт байсан эсэх нь тодорхой болно.  БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ төрийн нууц задруулсан хэрэгт буруутгагдаж, албан тушаалаасаа огцрох эсэх дээрээ тулаад байна. Түүнтэй 40 жил нөхөрлөж буй Чой Сүн-Шил гэх эмэгтэй хэлэх үг нэг бүрийг нь зааж, зааварчилдаг, төрийн бичиг баримт түүний гараар дамждаг, Ерөнхийлөгчийн бүхий л үйл ажиллагааг заадаг байсан нь илэрсэн нь өмнөд солонгосчуудыг Ерөнхийлөгчийнхөө эсрэг, шударга ёсны төлөө тэмцэхэд хүргээд байна.   Чой Сүн Шил гэж хэн бэ Түүнийг эцэг Чой Тэй Мин нь бөөтэй холбоотой, нэгэн шашны гаж урсгалын номлогч байсан төдийгүй Пак Гын Хэгийн эцгийн найз байж, түүний зөвлөх, зааварлагч байсан. Хожмоо эцгийг нь нас барсны дараа охинд нь буюу одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй 1994 он хүртэл холбоотой байж, зөвлөгөө өгдөг байсан аж. Чой Сүн Шил нь эцгийнхээ залгамж халааг авч, Пак Гын Хэ-тэй ойртон нөхөрлөх болж, төрийн хэрэгт хөндлөнгөөс шууд оролцдог, Хөх ордонд болж буй мэдээллийг байнга хүлээн авдаг байсныг нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд буй. Өдгөө 60 гаруй настай Чой Сүн Шилийг Герман улсад эмчилгээ хийлгэх нэрийдлээр оргон зугатсан хэмээн олон нийт үзэж байсан ч хэрэгт холбоотойгоор өнгөрсөн даваа гарагт нутаг буцаж, байцаалт өгөхөөр прокурорт очсон. Хар малгай, нүдний шил зүүн олны нүднээс далдлах арга нь тусыг эс олж, хэт бухимдасан иргэд, сэтгүүлчидтэй тулгарсан нь түүнийг нулимс дуслуулахад хүргэж, сэтгэл санаанд нь хүчтэй нөлөөлсөн тухай хэлж байлаа. Чой Сүн Шил: Би буруугүй Тэрээр байцаалт өгөх үеэрээ өөрийгөө цөөн хэдэн удаа л найзын хувиар Ерөнхийлөгчийн хэлэх үгийг засан, хянаж байсан. Түүнээс өөрөөр ямар ч байдлаар төрийн хэрэгт оролцсон зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Харин олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах үеэрээ “Намайг өршөөгөөч, би үхэх ял хүртэхээр нүгэл үйлдсэн” хэмээн уйлан ярьж байсан юм. Одоогоор түүнийг түр саатуулан мөрдөн байцааж буй бөгөөд, эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Түүний энэ хэргээр дамжуулан Ерөнхийлөгчийн авлигалын хэрэгт холбогдсон байх магадлалтай хэмээн үзэж, цагдаагийн байгууллагынхан төдийгүй хэвлэл мэдээллийн ажилтнууд ч өнгөрсөн 40 жилийн турш дахь хэргийг нэг бүрчлэн судалж, шударга ёсны төлөө тэмцэхээ мэдэгдээд байна.  Солонгосчууд шударга ёсны төлөө тэмцэх хүчтэй, зоригтой Анх Жон Юра гэх оюутан Ихва их сургуульд ямар ч элсэлтийн шалгалтгүйгээр элсэн орж, шалгалтын дүнгүүд нь ч байнга сайн, онц үнэлгээтэй гарч байсанд оюутнууд сургуулийн үйл ажиллагаа нь шударга бус явагддаг хэмээн дургүйцлээ илэрхийлэн, шударга ёсны төлөө жагсаж эхэлсэн юм. Үүнээс улбаалж, сэтгүүлчид тус оюутныг яагаад ногоон гэрлээр дүнгүүд нь автоматаар онц гарч, шилдэг оюутан болж буйг мэдэхээр гэр бүлийн байдал, хувийн амьдралыг нь судалснаар Чой Сүн Шил гэх эмэгтэй ээж нь гэдгийг тогтоон, Ерөнхийлөгчтэй холбоотой болох нь ч илэрч эхэлсэн юм. Өнгөрөгч бямба гарагт эхэлсэн шударга ёсны төлөөх эсэргүүцлийн жагсаал нийслэл сөүл хотын төв талбайд 12 мянган оюутны оролцоотойгоор эхэлсэн ч өдгөө тэмцэгчдийн тоо 100 мянга хол давжээ. Цагдаагийн байгууллагаас жагсаалд зөвхөн оюутнууд жагсах болов уу хэмжээн таамаглаж байсан ч дунд сургуулийн сурагчдаас авахуулаад 30-40 насны ажилтнууд, ахмад настнууд хүртэл идэвхитэй оролцсон байна. Ерөнхийлөгчөө огцруулах жагсаал нь БНСУ-ын нийслэл Сөүл, Бусан, Жэжү, Улсан зэрэг томоохон хотуудад зэрэг явагдсаар байна. Цагдаа нар оюутнуудыг чирж, бүдүүлэг хандсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, жагсаал тэмцэл цаашид үүнээс ч хурц хэлбэрт шилжиж, маш том бослого гарах магадлалтай тухай ярьж байгаа юм.                                                                                               Монцамэ                   Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ард түмнээсээ дахин уучлалт гуйлаа Улс төр, авлигын дуулиан шуугианд холбогдоод байгаа дотны найзыг нь мөрдөн шалгах явцад “хэрвээ шаардлагатай гэж үзвэл” мэдүүлэг өгч, өөрийгөө шалгуулна гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөө өглөө мэдэгдлээ. Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ прокуроруудад байцаалт өгч, шалгуулж байсан тохиолдол үгүй юм. Хатагтай Пак өнөө өглөө телевизээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ өөрийн найз Чой Сүн Силтэй холбоотой дуулиан шуугиантай холбогдуулан дахин уучлалт гуйлаа. “Хэрвээ шаардлагатай гэж үзвэл би өөрийн биеэр очин прокуроруудад үнэн зөвөөр мэдүүлэг өгөх болно” гэж тэрбээр хоолой зангируулан хэлжээ. Чой Сүн Сил бол Пак Гын Хэгийн эцгийн зөвлөхөөр ажиллаж байсан Чой Тэ Миний тавдугаар охин юм. 1974 онд Умард Солонгост талархалтай ханддаг нэгэн этгээд Пак Гын Хэгийн эх Юк Ён Со-г хөнөөсний дараа бөө мөргөлийг тахин шүтдэг байсан Чой Тэ Мин Ерөнхийлөгч Пакт зөвлөгөө өгч байсан тухай мэдээлэл тархаад байгаа юм.                                                                                                      Г.Доржханд                               Пак Гын Хэ-гийн шадар туслахууд огцорлоо БНСУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр /2016.10.30/ мэдээлснээр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Шадар туслах гурван хүн өөрсдийн сайн дураар огцорсон байна. Тэд  Пак Гын Хэгийн удирдлага дор удаан хугацааны турш ажилласан хүмүүс  бөгөөд төрийн нууцыг найздаа задруулсан Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн үйлдлийн өмнө өөрсдөө ч буруутай гэж үзсэн учраас сайн дураараа огцрох болсон гэнэ. Чойгийн аав нь бөө мөргөлийн зан үйл хийдэг “Мөнхийн амьдралын сүм” хэмээх шашны байгууллагын тэргүүн байсан ба Пак Гын Хэг ерөнхийлөгч байх хугацаанд 70 сая ам.долларыг тус улсын хамгийн том компаниудаас авсан аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  шуугиж буйгаар Чой нь Пак Гын Хэгийн шийдвэр гаргах үйл явцад оролцоод зогсохгүй хэлэх үг, өмсөх хувцсыг нь хүртэл сонгож өгдөг байсан гэв. Өнгөрөгч Бямба гаригт /2016.10.29/ “Мөнхийн амьдралын сүм”ийн  хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэмээн Ерөнхийлөгч Пак Гын Хэг буруутгаж 10,000 хүн гудамжинд жагсан түүнийг огцрохыг шаардсан юм. Г.АНУДАРЬ    

​Монгол Улсын Их Хурлын гишүүн Тогтохсүрэн, Чинзориг нартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч уулзав

            Монгол Улсын Их хурлын гишүүн Тогтохсүрэн, Чинзориг нартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Төрийн ордонд уулзав. Уулзалтын явцад Монголын бөө шүтлэгийн талаар дэлэгрэнгүй мэдээлэл солилцлоо.             Монгол Улсын Их хурлын гишүүн Тогтохсүрэн, Чинзориг нартай дараах чиглэлээр ярилцлаа.  “Мөнх тэнгэрийн үзлийг шүтэн бишрэгчдийн тоо нийгмийн тодорхой хэсэг бүлэг болон өргөжиж нийт насанд хүрсэн хүн амын дотор Мөнх тэнгэрийн шүтэн бишрэгчдийн тоо 14 хувьд хүрсэн. Хүн амын бүх давхаргыг хамарсан шүтэн бишрэгчдийн бүлэг бий болсонг тэмдэглэв.             Монголын бөө нар нэгдэн МБНЭ-ийг байгуулан бодлого, чиглэлтэй ажиллаж байна.  Монгол бөөгийн ёс зүйг хэрэгжүүлж эхэлсэнээр шүтлэгтэн олон мөрдөх, эрхэмлэх зүйлтэй болсон. МБНЭ нь “Монгол бөөг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө”, “Монгол бөөгийн ёс зүй”,”Монгол бөөгийн нэгдсэн тахилга хийх аргачлал”, “Монгол бөөгийн цол олгох, шагнал олгох журмыг хэлэлцэн баталж ажиллаж байна.    МБНЭ-ийн веф сайт, фейсбүкыг ажиллуулж бөөгийн талаар танин мэдэхүйн асуудлаар иргэдэд хүрч ажиллаж байгааг танилцууллаа. Монгол Улсад ирж байгаа жуулчид Монгол орны онгон байгалийг үзэхийг зорихын зэрэгцээ өнө эртнээс нүүдлийн соёл иргэншлийг дагаж уламжлагдаж ирсэн Тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг сонирхох, улмаар үйлчлүүлэх сонирхол өснө. Тиймээс МБНЭ-ийг түшиглэн Монголын тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн төв музей байгуулах зорилт дэвшүүлж байгааг танилцууллаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг Монгол Улсын Их хурлын гишүүн Тогтохсүрэн, Чинзориг нараас хүслээ.                                                                     Д.Хүрэлбаатар  

​МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХТЭЙ МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УУЛЗАВ

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болдтай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Төрийн ордонд уулзав. Уулзалтын явцад Монголын бөө шүтлэгийн талаар дэлэгрэнгүй мэдээлэл солилцлоо.             Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд дараах чиглэлээр үйл ажиллагаа амжилттай хийгдэж байгааг онцлон тэмдэглэв. 1. “Мөнх тэнгэрийн үзлийг шүтэн бишрэгчдийн тоо нийгмийн тодорхой хэсэг бүлэг  болон өргөжлөө. Нийт насанд хүрсэн хүн амын дотор Мөнх тэнгэрийн шүтэн бишрэгчдийн тоо 14 хувьд хүрлээ. Бараг хүн амын бүх давхаргыг хамарсан шүтэн бишрэгчдийн бүлэг бий болов.             2. Мөнх тэнгэрийн үзэл санаа эрчимтэй хөгжиж, эрч хүчээ авч байгаа үед энэ түүхэн зайлшгүй үйл явц байсан. Өөр өөрсдийн онгод тэнгэртэй, тэдний айлдсанаар үйлээ залдаг “Тэнгэрийн улаач” нар нэгдсэн нь маш чухал үйл явц байлаа. Монголын бөө нар нэгдэн МБНЭ байгууллага байгуулан бодлого, чиглэлтэй ажиллаж байгаа нь бусад төрийн бус байгууллагад үлгэр үзүүлэхүйц хэмжээнд байгааг онцлон тэмдэглэв. 3. МБНЭ-ээс Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан нийтэд түгээсэн нь чухал ач холбогдолтой боллоо. Монгол бөөгийн ёс зүйг хэрэгжүүлж эхэлсэнээр шүтлэгтэн олон хэн дээр очих вэ, бөөгийн багш болон шавийн хүлээх үүрэг, хуяг дуулга хийх, өглөг, барьц авах, бөөгийн дэг журам мөрдөх гээд олон зүйлд мөрдөх, эрхэмлэх зүйлтэй болсон. 4. Гэхдээ бага хуралдайгаараа “Монгол бөөг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө”, “Монгол бөөгийн ёс зүй”,”Монгол бөөгийн нэгдсэн тахилга хийх аргачлал”, “Монгол бөөгийн цол олгох, шагнал олгох журмыг хэлэлцэн баталж чадсанг сайшаав.  5. Монгол бөөгийн хөгжлийн чиг хандлагыг уламжлал, шинэчлэлийг хослуулан зөв чигт залахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. 6. МБНЭ болон улаач нарын хамтын ажиллагааны үр дүнд бөөтэй холбоотой хүн амины хэрэг таслан зогсоогдлоо. Сүүлийн жилүүдэд бөө нартай холбоотой гэмт хэрэг эрс багассаныг тэмдэглэв. 7. МБНЭ-ийн веф сайт, фейсбүкыг ажиллуулж бөөгийн талаар танин мэдэхүйн асуудлаар иргэдэд хүрч ажиллаж байгааг сайшаав.            8. Монгол Улсад ирж байгаа жуулчид Монгол орны онгон байгалийг үзэхийг зорихын зэрэгцээ өнө эртнээс нүүдлийн соёл иргэншлийг дагаж уламжлагдаж ирсэн Тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг сонирхох, улмаар үйлчлүүлэх сонирхол өснө. Тиймээс МБНЭ-ийг түшиглэн Монголын тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн төв музей байгуулах санал нь маш чухал. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас улбаалан бодитой дэмжлэг үзүүлж чадахгүй байна.” Гэв.            Шаардлагатай асуудлаар мэдээлэл солилцож байхаар тохиролцлоо.                                                         Д.Хүрэлбаатар  

Амьд барби Лукьянова: “Мөн би монгол бөөтэй уулзаж маш чухал асуудлаар маш богино хугацаанд ярилцсан”

Саяхан манай улсад ирээд буцсан “амьд барби” гэгддэг Украины мисс Валерия Лукьянова Монгол Улсын тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Монгол надад ер бусын сэтгэгдэл үлдээлээ “Би анх удаа Монголд очиж үзсэн минь надад дахин ирэх сэдэл төрүүллээ. Хэдийгээр олон улсын “Beauty Face” миссийн тэмцээнд ажиглагчаар очих ажилтай, нэлээд шахуу хуваарьтай байсан ч Монгол Улс надад маш их таалагдсан. Жишээ нь, бөөгийн ёс заншил, мөргөлийг богино хугацаанд ч болов харах боломж олдсон нь талархууштай. Би урьд нь монголчууд бөөгийн шашны өвөрмөц заншилтай талаар сонсож байсан.” “Миний хувьд цагаан хоолтон боловч монголчуудын хоол, төрөл зүйл гүн сэтгэгдэл үлдээсэн. Мөн би монгол бөөтэй уулзаж маш чухал асуудлаар маш богино хугацаанд ярилцсан. Тэр бүрийг нууц үлдээх нь дээр гэж бодож байна. Бас миний хувьд тэрхүү бөө үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлэм зүйлс хэлсэн. Харанхуйн хүч, аварга том аалз, ид шидийн гурван хаалга гэхчлэн зөвхөн бид хоёр л ойлгох зүйлсийн талаар ярилцсан” гэж Украин бүсгүй Фэйсбүүктээ бичжээ.

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм