logo

logo.jpg

Advertisement

Үйл явдлын тойм

Үенч судлаач

            Эгэл даруухан боловч их зүйлийг мэддэгээр нь түүнийг танина.  МБНЭ-ийн хамт олон 2014 онд Ордост тойрон аялал хийж анх удаа зорчиж билээ. Тэгэхэд автобус дүүрэн зочидоо тусгайлан зассан гэрт биднийг дайлж хүндэтгэлийн зоог барьж байсан тэр үеээ бид дурсах дуртай.             АнхУлаанбаатар хотод Д.Бадарч гуай бидэнтэй Үенч судлаачийг дагуулж ирж уулзсан юмдаг. Түүнээс хойш Хөх хотод намайг очиход байнга угтаж авч цуг хооллон бөөгийн судлалын талаар санал бодлоо солилцдог байлаа.             Өвөрмонголын бөө судлаач Үенч бол “Чингисийн  язгуур Монгол лууны нууц товчоог ухаж ойлгох эрх тушаалыг үе улиран мөнх тэнгэрийн тушаалаар өвлөж авсан, удам угсаа дамжин энэ 8 газрыг тахиж одоо ч үргэлжлүүлэн өөрийн язгуур урамжлалын  тахилгын аргаар тахисаар” ирсэн удмын үе залгамчлагч нарын нэгэн байлаа.” гэж дурсамжиндаа бичжээ.             Түүний удирдсан “Угтар тархи хонгор” төв нь 2004 онд Хөх хотод байгуулагдаж , түүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд “Монголын нууц товчоо”-г голлон судлахыг хичээн, өвөг дээдсийн үлдээж өгсөн маш их, үлэмж хэмжээний зүйлийг илрүүлэн 160 шахам тахилга болоод ёс, зан үйлийг хийсэн билээ. Төвийн бүрэлдэхүүн нь бүх дэлхийн энгээр, нийгмийн олон салаа мөчирт шалгарсан мэдлэгтэн, гэгээнлэг хүмүүсээр бүрдсэн гэж бичжээ.  Тэд судалгааны олон ажил хийжээ. Тэдгээрийн нэг нь тэдний шургуу судалгаа болон мөнх тэнгэрийн хүчээр нэгэн нууцыг илрүүллээ. Энэ нь даруй дэлхий ертөнцийн үүсэл эхлэлтийн тухай юм. Сүүлийн үед дэлхий нийтээр Монголын өндөрлөгийг газрын давхаргын тав хэмээн судлан гаргасан байдаг. Орчлонгийн тэсрэлтэд дэлхийн бөмбөрцгийн Монголын нутаг дэвсгэрт байгаа 8 газраас нар сар зэрэг гариг одод мэндэлсэн нууцыг бидний өвөг дээдэс “Монголын нууц товчоондоо тэмдэглэн үлдээсэн байна. Үүний дотроос Чингийсийн мэндэлсэн “Дэлүүн Болдог” нь нар мэндэлсэн газар гэдгийг мэдэж авсан болно. Тиймд Чингис хаан болон түүний хойч хаадуудыг наран сахиус гэж хүндэтгэн дууддаг нь учиртай юм. Мөн 7 сарын 19-нд Их улаан тэргэл өдөр тохиож үлэмж хэмжээний эрчи энерги цугладаг учраас тэртээ 1207 онд энэ өдрийг сонгон Тэмүүжинг Чингис хаан хэмээн нэрдэж, Их Монгол улсын хаанд нэрийдэж, Шихи Ходог Хөх дэвтэр буюу “Монголын нууц товчоо”-г эхлүүлэн бичсэн бөлгөө. Дэлхий нийтээрээ Монгол лууны нууц товчоог  Монгол туулгатны удам угсаа болон төр гүрний дайчин үйлийг өвлөн тэмдэглэсэн түүхийн судар гэж үздэг. Харин Монгол лууны нууц товчоо нь Монгол хүн цаашилбал дэлхий нийтээрээ ойлгож авах учиртай хүн болохын ухаан ба даалгавар юм. Онцгойлон Монгол угсааны үр удам болсон бидэнд авч хэлбэл өвөг дээдсийн минь хамгийн нандин өв булаг мөртлөө жинхэнэ Монгол хүн болохын тайлбар болно. Монгол лууны нууц товчоонд Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяаж төрсөн Бөртэ чоно гоо маралын тухай өгүүлдэг. Үүнээс үзэхэд хүн язгуураас үүсэлтэй гэдгийг гэрчилж болно. Энд дурдагдаж буй язгуур бол орчин үед тодорхойлсон атомын язгуур юм. Үүний үүсэл гарал нь орчлонгийг үүслээс эхэлдэг. Орчлонгийн тэсрэлтээс өмнө дэлхийд 2 од байжээ. Нэг нь хөлүүн нөгөө нь буйр болно. Сүүлд мөнх тэнгэрийн зарлигаар нийлж мөргөлдөн орчлонгий тэсрэлт үүсэж тэрхүү хүчнээс тэнгэрийн оёдол үүсчээ. Яг энэ үед Цуд орон зайд тэнгэрийн оёдол үүсч, Ца орон зай буй болон дэлхийн бөмбөрцөг буй болон газар дээр Хөлүүн Буйр гэсэн 2 нуур буй болжээ. Халуун сүүлт од ба язгуурыг авч хоцрон тэнгэрийн оёдлын аймагт Хөхөөдэй мэргэн болон Марал од язгуур  авч үлдэнэ. Тиймээс Монголчуудын өвөг дээдэс нь Бөртэ чоно гоо марал гэдэг нь учиртай юм. Орчлонгийн тэсрэлтийг дараа адил хэмнэлээр нэгэн зүгт Хөлүүн нуур Оршин мөрөн буйр нууртаа нийлж Халх голыг буй болгон урсчээ. Усны ургсгалыг дамжин Бөртэ чоно язгуур бүрд болон урсаад Гоо маралын язгуур усны урсгал судлыг даган Алхун булагт үлдсэн байна.” гэж судалгааны дүгнэлтэндээ тодорхойлсан байдаг. Тэнгэрийн хамгийн их энерги өгдөг цэгээ сонгон Тахилга хийдэг бөгөөд тэр нь Төв аймгийн Мөнгөн морьт сумаас зүүн хойш 22 км байрлах Бурхан Халдун ууланд байлаа.  Энэхүү тахилгад Монголын талаас цөөнгүй удган, зайран, судлаач нар олон жил дараалан оролцож байсан билээ. Ертөнц бол тайлагдашгүй нууц. Тайлагдашгүй нууцаар Монгол баялаг. Хүссэн бүхэн тэр нууцад хүрээд байдаггүй. Энэ жилийн тэргэл саран хүчээ хайрладаг өдөр Үенч судлаач түүний багийнхан тахилга хийсэн байна. Тэр л газартаа судлаач ухаан айлдан ойчиж, сэргэхгүй байсаар нутагтаа очиж, тэнгэрт хальж, Бөөгийн “Угтар тархи хонгор” төвийнхөнд нөхөж баршгүй гарз учирлаа. МБНЭ-ийн хамт олны өмнөөс эмгэнэл илэрхийлж байна.                         МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд                   

АУГАА ХҮННҮ ГҮРНИЙ ЦУУРАЙ-наас

"Хүн төрөлхтний түүх дорноос, монголчуудаас эхэлсэн юм. Учир нь тэнд төр байсан юм. Төрөө цогцлуулж байж сая зон олон нь ард түмэн ч болдог, түүхээ ч бүтээдэг” В.Г.Гегель .  - Хүннүчүүд бол өнөөгийн Монголчуудын дээдэс мөн болно.  - Хүннүчүүд өөрийн гэсэн бичиг үсэгтэй, цагаан толгойтой байсан.  - Хүннүчүүдийн ярьдаг хэл нь Монгол хэл байв уу, эсвэл Түрэг хэл байв уу гэдгийг бараг 200 гаруй жил эрдэмтэд судлан маргалдаж буй аж. Гэхдээ өнөө Монгол хэлээр Хүннүчүүд ярьдаг байсан гэх магадлал нь илүү, баталгаа нь өндөр байгаа. Жишээлбэл, "ХҮҮ", "СУУТАН ХҮҮ" гэх мэт үгс Хүннүд байж. Энэ үгийг яг энэ утгаар нь өнөөдөр Монголчуудаас өөр хаана ч хэрэглэдэггүй байна.  - Хүннүгийн булшнаас хөх туяатай шаазан аяга гарсан нь эртний Ромын язгууртнуудын хэрэглэдэг, жирийн худалдаа наймаанд ашигладаггүй, өндөр түвшний дипломат харилцаанд л ашигладаг байсан, өнөө нэн ховор хэдхээн олдоод буй аяга юм байна. Энэ нь Хүннүчүүд Ромтой өндөр түвшний дипломат харилцаатай байсныг илтгэнэ.  - Мөн Хүннүгийн жирийн нэг язгууртны булшнаас эртний Египэтийн онго шүтээн гарч ирсэн нь Хүннүчүүдийн гадаад харилцаа, Гүрэн улсынх нь цар хэмжээ ямар том байсныг илтгэнэ.  - Хүннүгийн шаньюгийн 11 томоохон бунхан олдсоны 7 нь Монголын нутгаас, гурав нь Орос-Монголын хилийн бүс дэх Оросын нутгаас, нэг нь Тувагийн нутгаас олдсон байна. Өөр газраас Хүннү шаньюгийн булш гараагүй.  - Хүннүчүүдийн булшнаас гарч буй эд өлгийн зүйлс нь нэн нарийн хийцтэй, билэгт гөрөөс/юникорн/, луу, тэнгэрийн тас, галт шувуу/феникс/ гэх мэт домгийн сэтгэлгээний амьтадын дүрстэй байгаа нь оюуны өндөр соёлтой байсныг илтгэнэ.  - Хүннүгийн булшнаас төмөр хөл дээр гагнан бэхэлсэн хүрэл тогоо ихээр олддог. Гэтэл өнөөдөр ч ийм хоёр өөр төрлийн металийг гагнадаг технологи байхгүй байгаа. Энэ бол Хүннүчүүдийн төмөрлөг боловсруулах технологийн түвшин ямар өндөр байсныг харуулна.  - Хүннүчүүд Европт асар олон зүйлийг авч очсон, түгээн дэлгэрүүлсэн. Ер Хүннүчүүдийн хүн төрөлхтөний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар том.  - Хүннүгийн төвийн болон баруун гарын улсууд нь нэлээд хожуу үеийн, хоорондоо өв соёлын хувьд их ойрхон бол зүүн талын улсын булш бунханаас гарч буй өв соёл нь арай эрт үед хамаардаг. Мөн Хүннүгийн Зүүн гарын улсын олдвор нь илүү баялаг байдаг. Энэ нь Хүннүгийн их шаньюгийн том хүү Зүүн гарын улсыг захирдаг байсантай холбоотой.  - Луу бол хүннүгийн шүтээн байсан. Олонхи хүн лууг хятадынх гэж ойлгодог нь буруу юм. Өнөө Хятад судлаачид ч өөрсдөө үүнийг батлан нотолдог болсон.  - Хүннүчүүд жилд гурван их баярыг тэмдэглэдэг байсан нь хаврын баяр/1-2 сар орчимд/, зуны баяр/6 сард/, намрын баяр /9 сард/ болно.  - Ноён уул бол Хүннүгийн түүхэн дэх маш нандин чухал газар болно. .  МҮОНРТ-ээр кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайн хөтөлсөн Хүннү гүрний тухай, Хүннүчүүдийн өв соёл яагаад гайхамшигтай байдаг тухай их сайхан нэвтрүүлэг гарлаа. Д.Цэвээндорж, С.Чулуун нараас эхлээд Монгол эрдэмтэдээс гадна Франц, Түрк, Орос, Хятад зэрэг орнуудын хүннү судлалын эрдэмтэн мэргэд оролцсон нь нэвтрүүлгийг сонсууштай, үнэтэй болгож байна. Тэндээс хальт сонсож үлдсэн зарим зүйлээс хуваалцваас ийм байна. Сайхан нэвтрүүлэг, гол нь цагаа их олов.  

​БХИС-ыг төгссөн төрийн өндөр албан тушаал хашсан төгсөгчидөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

БХИС-ийн түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус сургуулийг төгссөн, ажиллаж байсан төрийн түшээд, бизнесмен, ажил хэрэгч эрхмүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа боллоо.            Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил, Ш.Түвдэндорж, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Р.Болд,  Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Ц.Тогоо, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан Д.Жаргалсайхан нарын тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл төрөлх сургуульдаа хүрэлцэн ирж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ сургуулийнхаа өнөөгийн удирдлага, хамт олонтой уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүллээ.             Төгсөгчид сурч байсан үеийнхээ жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж, “Тэмүүжин өрлөг” сургуулийн сонсогчдын жагсаалын үзүүлэх тоглолтыг үзэхдээ өөрийн эрхгүй омогшиж, сэтгэл нь хөдөлсөн харагдлаа. БХИС-ийн Соёлын төвийн гэрэл зурагчин О.Нямбаярын “Эрдмийн өргөөний түүхэн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. БХИС-ийн 95 жилийн түүх, өдөр тутмын үйл ажиллагааг харуулсан 280 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулсан.   Мөн энэ үеэр тус сургуулийн багш, ажилтан, албан хаагчид, сонсогч оюутны төлөөлөл 25 цуглуулагчийн 1000 гаруй цуглуулгын дээжийг дэлгэн үзүүлсэн “БХИС-95 Миний хобби” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд БХИС-ийн Тамгын хэлтсийн дарга, хурандаа Ө.Батмөнхийн дэлхийн улс орнуудын их бууны цуглуулга, Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа П.Жаргалангийн сэлэм, хутганы цуглуулга, Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа С.Эрдэнэтөгсийн дэлхийн улс орны хөл бөмбөгийн туг дарцаг тэргүүтэй аяга, мөнгөн тэмдэгт, зоос, таваг зэрэг сонирхолтой олон үзмэрүүд дэлгэгдсэн байна.  Дараа нь урлагын хэсэгчилсэн тоглолт үзэж, оройн хүндэтгэлийн зоог хүртлээ. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Батлан хамгаалахын их сургууль нь анх 1921 онд  жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байуулагдсан Монгол Улсын мэргжлийн боловсролын  ууган сургуулиудын нэг билээ. Батлан хамгаалахын их сургууль нь: ·         1921-1923 онд Ардын цэргийн даргын сургууль ·         1923-1932 онд Бүх цэргийн ерөнхий сургууль ·         1932-1966 онд Цэргийн ерөнхий сургууль ·         1966-1991 онд Цэргийн ерөнхий болон Нэгдсэн дээд сургууль ·         1990-1999 онд Цэргийн их сургууль ·         1999 оноос Батлан хамгаалахын их сургууль болон өргөжин зохион байгуулагдаж,  үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Түүхийн он жилүүдийн хугацаанд эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтанд 20.000 орчим боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас БНМАУ-ын баатар, УИХ-ын гишүүд, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн, олон арван алдар цолтон, гавъяатнуудаараа бид бүхэн бахархаж явдаг юм. Тус сургуулийн түүхэн гавъяа, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг  нь үнэлж: ·         БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1932 оны 4 дүгээр тогтоолоор Улс орноо батлан хамгаалах, гадаад, дотоодын түрэмгийлэл, эсэргүү хөдөлгөөнийг дарах, цэрэг даргыг байлдааны техник зэвсэглэлд сурган боловсруулахад онцгой гавъяа байгуулсны учир Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор, ·         БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын анхны удирдагч жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон, ·         БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 204 дугаар зарлигаар Улс орноо батлан хамгаалах, цэргийн мэргэжлийн олон мянган офицерын боловсон хүчнийг бэлтгэж өгснийг тэмдэглэн сайшааж Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан.                                                                  Д.Хүрэлбаатар

23 ЖИЛ ХЯНАЛТГҮЙ АЖИЛЛАСАН СҮМҮҮДЭД ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

Монгол хүн өөрийн сонирхлоор шашин шүтэх эрхтэй. Гэвч шашины байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг, оюун ухаан, үзэл бодол нь төлөвшөөгүй бага насны хүүхдүүдийг хоол хүнс, хувцас хэрэгслээр дамжуулан уруу татах үйлдэл газар авчээ. Бодит амъдралаас тасарсан, ертөнцийн эзний хүслээр бүхнийг хийх ёстой гэсэн ташаа номлолтой сүм олон байдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тиймээс УИХ-ын зарим гишүүн, ‘Тунгаамал” төв хамтран шашины байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх хуулийн төсөл санаачилж, боловсруулж эхэлжээ. Учир нь 1993 онд баталсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашины байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж буй нь учир дутагдалтай байгаа гэнэ. Уг хуулийг баталснаас хойш эдүгээг хүртэлх 23 жилийн хугацаанд гадаадын шашины төрөл бүрийн урсгалын сүм бий болсон ч төрөөс тэдэнд тавих хяналт сул учир бага насны хүүхдүүд өөртөө тулгамдсан асуудлыг эцэг, эхтэйгээ зөвлөхөө больж, библийн номуудад итгэж буруу үйлдэл хийх нь ихэсчээ. Арав гаруй жилийн өмнө манай улсын хэмжээнд 181 сүм, хийд бий гэсэн статистик гарч байж. Харин энэ онд сүм, хийд 782 болсныг статистик мэдээнээс харж болно. Үүний 331 нь буддын, 364 нь христийнх. Улсын хэмжээнд бүртгэлтэй сүм, хийдийн 496 нь орон нутагт, 286 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Харин нийслэлд байрлаж буй сүмүүдийн 99 нь буддын, 162 нь христийн, 21 нь бөө мөргөлийн, долоо нь католик, ислам, мүүний сүм тус бүр хоёр, бахит, шинто, хинди, шүтлэгийн бус сүм тус бүр нэг бий. Одоогийн хуульд “Зонхилох шашин нь буддын шашин байна” гэсэн байдаг боловч христийн сүм олонх болчихсон байгаа нь үндэсний аюулгүй байдалд халтайг ‘Тунгаамал” төв болон бусад албаны хүмүүс онцолж буй. Дээрх сүмүүдээс гадна зөвшөөрөлгүй 180 сүм бий гэсэн судалгааг тус төв гаргажээ. Харин зарим хүмүүс христийн 450 гаруй сүм бий гэсэн судалгаа гаргасан байгаа юм. "Тунгаамал" төвийн тэргүүн О.Тунгалаг “Дур мэдэн шашины байгууллага байгуулах үйлдэл газар авсныг судалгаа хийсэн хүмүүс бидэнд мэдээлсэн. Мөн тэднийг бага насны хүүхдүүдийг хуурч, өөрсдийн эрхэмлэдэг шашины урсгалд оруулж байгаа гэх ч мэдээлэл бий. Үүнээс гадна зарим сүм, хийд галын болоод бусад аюулгүй байдчыг хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаарддага хангаагүй орчинд хоол хийж, тараадаг. Мөн номлогчид нь аялал жуулчлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр Монголд түр оршин суух зөвшөөрөл авсан атлаа шашины үйл ажиллагаа гардан хэрэгжүүлж, татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах зэрэг зөрчил гаргадаг. Гэтэл тэдэнд хариуцлага тооцох тогтолцоо алга. УИХ-ын зарим гишүүн сүм, хийдийн эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа” хэмээн ярив. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд сүмд явах нь элбэгшчээ. Энэ нь номлогчид тэдэнд “Англи хэл зааж өгнө”, “Гадаадын сургуульд сурахад нь тусална” гэх зэрэг амлалт өгдөгтэй холбоотой аж. Сүмд очиж, улмаар номлогч болбол гадаадад амьдарч, ажиллах боломжтой гэдгийг сонссон эцэг, эхчүүд ч хүүхдээ сүмд явахыг ятгаж, аваачдаг байдал ихэссэн гэнэ. Мөн амьдралын түвшин доогуур хүмүүст өдрийн хоол, хувцас өгдөг учир маш олон хүн христийн элдэв урсгалын сүмд очиж буй гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм. Ялангуяа төлөвшөөгүй бага насны хүүхэд элдэв бэлэг сэлтэд хууртан, гадаадын шашины номлолоор хүмүүжиж буй нь үндэсний аюулгүй байдалд харш гэж шашины байгууллагын үйл ажиллагааны талаарх хуулийн төсөл санаачлагчид онцлов. Тэд “Сүм, хүүхдийн харилцааг зохицуулсан хуулийн заалт, ямар ч баримт бичигт байхгүй. Бага насны хүүхдүүд эцэг, эхийнхээ хэлснээр сүм, хийдэд элсэж, номлолыг нь сонсож хүмүүждэг болоод байна. Энэ нь эргээд тухайн хүүхдүүдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, гэр бүлийн харилцаа тогтоохыг хориглодог сүм байна. Гэр бүлтэй болохыг муу, муухай хэмээн ойлгосон хүүхэд бүх насаараа ганц биеэрээ амьдарна. Ням гаригт сүмүүдээр орж, хүүхдүүд хэрхэн бусдын нөлөөнд автаж байгааг харж болно. Тэнд хүүхдүүд бодит байдлаас тасарчихсан уйлж, дуулж байдаг. Бүхий л сүм ийм байгаа. Тиймээс 16-гаас дээш насны хүүхэд өөрөө шашинаа сонгодог байдлаар журамлаж өгөх ёстой” гэлээ. Дээрх сүм, хийдийн олонх нь гэр хороололд байрлаж, амьжиргааны түвшин доогуур амьдралтай айлын хүүхдүүдийг элсүүлдэг гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Су.Батболд “Сүм, хийдүүдийн тоо, байршлыг зохицуулах нь зүйтэй. Зохицуулалт хийхгүй бол элдэв шашины урсгалаар дамжуулан иргэдэд ташаа мэдээлэл өгч, буруу үйлдэл хийлгэж магадгүй боллоо” гэж байв. Ямар ч зохицуулалтгүй сүмүүд шашины номлолыг сургалтын системтэй ч холих болсныг өнгөрсөн намар нийслэлийн 84 дүгээр сургууль дээр гарсан явдлаас харж болно. Мөн шашины зан үйлээр дамжуулан төрийн бодлого, шийдвэрт ч нөлөөлөх үйлдэл мэр сэр гарах болсныг шинэ хуулийн төсөл санаачлагчид онцоллоо. УИХ- ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ‘Төр уг асуудалд дорвитой анхаарахгүй байна. Яг хэчнээн сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй тоо баримт ч тодорхойгүй. Зөвхөн аймаг, нийслэлийн ИТХ сүм, хийдийг бүртгэх, зөвшөөрөл олгох ажлыг л хийж байгаа нь учир дутагдалтай” гэв. Өнгөрсөн онд ‘Тунгаамач" төв сүм, хийдийн сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийг судалж, орон нутагт 3400, нийслэлд 15.400 хүүхэд сүмд элссэн гэсэн тооцоо гаргажээ. Гэвч зөвшөөрөл олгож буй газар нь энэ олон хүүхдийг юу сурч, ямар орчинд төлөвшиж буйг мэдэхгүй байна. г.цэцэг  эх сурвалж: Өнөөдөр сонин  2016-02-16  

Ц.Элбэгдорж: Монгол Улс оюуны чадавхийн үзүүлэлтээрээ эхний тавд багтсан

Ц.Элбэгдорж: Монгол Улс оюуны чадавхийн үзүүлэлтээрээ эхний тавд багтсан     Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заав. 2016-2017 оны хичээлийн жилийг нээсэн хичээлийг товчлон хүргэж байна   -140 УЛС ОРОЛЦСОН СУДАЛГААНД МОНГОЛ УЛС ОЮУНЫ ЧАДАВХИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ЭХНИЙ ТАВД БАГТСАН- Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж амжилт хүсье.  Энэ жилийн хичээлийн сэдвийг та бүхэн мэдэж байгаа. Хүүхдүүд маань энэ зун сайхан амарсан байх. Энэ хичээлийн жилд хүүхэд бүрийн хүсэл бүхэн биелээсэй гэсэн үгээр нээе.  Найм дахь удаагийнхаа хичээлийг орж байна. Хичээлийг жил бүхэн сурагч, оюутнууд үздэг бөгөөд хичээлээс тэмдэглэл бичиж авч үлдээдэгт баярлаж явдаг юм. Эх орноороо бахархах бахархал, улс үндэстэнээрээ бахархах бахархал нь тухайн улс үндэстэний дархлаа болдог. Ерөөсөө Монгол улс цаашид хөгжин дэвших, бие даасан данстай ийм улс байхын тулд улс үндсээрээ хүн бүхэн хүүхэд бүхэн эх орноороо бахархдаг, хайрладаг түүнийхээ сайн сайхныг мэддэг байх хэрэгтэй. Дэлхий дээр байгаа бүх улс үндэстэн өөрсдийн гэсэн бахархах зүйлтэй байдаг. Гэхдээ Монгол улс арай илүү л гэж би боддог. Үүндээ итгэх итгэл үнэмшил улам илүү нэмэгдэж байгаа. Үнэхээр л ертөнцийн хамаг тансаг бүхнийг авч ирээд нийлүүлсэн мэт бүгд л Монгол оронд минь байна. Монгол хүн байгаагаараа бахархсан нэгэн түүхийг та нарт ярьж өгье. “Оюуны чадавхийн дэлхийн үзүүлэлтийг улс орон бүр гаргажээ. Гэтэл 140 гаруй хүн оролцсон судалгаанд Монгол улс  эхний таван байранд багтсан явдал байлаа. Ингэхээр Монгол хүн ийм агуу оюуны чадалтай юм байна шүү дээ. Байгалиасаа иймб оломж Монгочлуудад байгаа юм байна, өгөгдөхүүн байна. Ерөнхийлөгч “Эх оронч үзэл гэдгийг та бүхэн юу гэж ойлгодог вэ?” гэж сурагдаас асуув.  Өөр үндэстэнийг үзэн ядах, бусад үндэстэнийг дорд үзэх хандлага нь эх оронч үзэл биш юм шүү. Бусад улс үндэстэнд мэдээж гайхамшигтай зүйлс байгаа. Гэхдээ Монголд илүү зүйл бий гэдгийг харж чадахыг би эх оронч үзэл гэж хэлэх гээд байна. Эх оронч үзэл гэдэг Монголоо хайрлах хайран дээр бий болдог.  Бахархлаас хайр бий болдог, Монгол хүнийг хайрладаг, эх орноо хайрладаг суурьтай хайр байгаасай гэж хүсэх байна. Би найман жил хичээл заалаа. Тиймээс та бүхэнд нэг зүйл үлдээхийг хүссэн. Тиймээс ч Монгол хүүхэд бүр “kindle”-тэй байгаасай гэж хүсч байна. Жаахан охин сургуульдаа явахын тулд  таван ном үүрээд явах биш, ганцхан “kindle” дотор бүх ном орчихвол ямар вэ. Үүний нэг сайн тал нь  сайн зохиолчийн ном энд ороод ганцхан хүүхэд татаад авахад л зохиогчийн дансанд шууд мөнгө ордог, хэн хэндээ хүртээмжтэй. Тэгэхээр Монголын хүүхдийн зохиол, сурах бичгүүд улам чанар нь сайжирна.  Гадаад төрсөн хүүхдэд, Монголдоо төрсөн хүүхдүүд ч гадаад иргэншилтэй болох нь ихэслээ. Иймд Монголчууд эх орондоо эргэн ирж, улам олуулаа болж, эх орныхоо хөгжил дэвшилд улам олон Монгол хүн хувь нэмрээ оруулаасай. Ингээд хичээлээ өндөрлөе. Та бүхэнд зориулж нэг шүлэг хэлэхээр авчирлаа.  Д.Нацагдорж гэдэг хүнээс бид ямар агуу өвөг дээдэстэй байгаа вэ гэдгийг харж болохоор байдаг. Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа Нармай төрийг байгуулсан дэлхий дахинд гавьяа Манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтөний гавьяа хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн түүхийг шүлгийг уншсаныхаа дараа хичээлд оролцсон хүүхдүүдэд талархлаа илэрхийлэн, энэ хичээлийн жилийн эхний хичээлээ хаасан юм. Б.ГЭРЭЛ  

​СОЁО УУЛЫН ДЭРГЭД ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТУУД

      Хөвсгөл аймагт энэ жил болж байгаа “Их хурд-5”-д зориулсан наадамын нээлт боллоо. Хөвсгөл нутгийн хойд хэсэгийн түмэн олон энд бүгд хуран цугларчээ. “Их хурд-5” наадмын төв асарын өмнө Монгол төрийн далбаа, түүний дор Дархад олны олон зуун жил мандуулж ирсэн цэнхэр далбаа мандав. Энэ удаа мандсан Дархадын цэнхэр далбааг Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, түүний нөхөр Баасанхүү нар урлан оёж, энэ наадамд мандуулсан түүхтэй.             Хөвсгөлийн “Их хурд 5” наадамд УИХ-ын гишүүн Мөнхбаатар, Аймгийн засаг дарга Ганболд нар хүрэлцэн ирж оролцлоо. Хөвсгөл аймгийн театрын хамт олон урлагын тоглолтоороо эхэлж, бөхийн барилдаан, хурдан морины уралдаанаар үргэлжиллээ.             МБНЭ-ийн сурталчилгааны төвөө наадамын баруун хойд хэсэгт байрлуулж, далбаа, тугаа мандуулж, фото самбараа дэлгэв. Энэ өдөр наадамчин олон гаргасан фото үзвэрийг ихэд сонирхон үзэж байлаа. Ойролцоогоор нэг мянга орчим танилцуулга тараагдсан. Дараа өдөр мөн тэр хэмжээний үзэгчид сонирхожээ.             Хөвсгөл аймгийн дарга Ганболд МБНЭ-ийн сурталчилгаанд биеэр хүрэлцэн ирж сонирхон Монгол бөөгийн өнөөгийн хөгжлийн байдал, цаашид хийгдэх ажлын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцсан юм. Энэхүү завшааныг ашиглан Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнтэй хамтран ажиллах талаар саналуудаа мэдүүлсэн билээ.             Эхний өдрийн орой бүрэнхий болмогц “Хөвсгөл аймгийн магт дуу” ведио концерт, МБНЭ-ийн  зохион байгуулсан “Хөвсгөл нуурын тахилга-2014” болон Монгол үндэстэн ястны бөөгийн бөөлөлт баримтад киног өргөн олон ихэд сонирхоно билээ.             Наадмын хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн Мөнхбаатартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж Монгол оюун санааны салбар дахь өнөөгийн байдал, Монгол бөөгийн хөгжил, тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцсон юм. Монгол бөөгийн төв байгуулагыг төрөөс дэмжих, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар саналаа хэллээ.             УИХ-ын гишүүн Мөнхбаатар Монгол бөөгийн талаар өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгасан түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдэнэ билээ.Уулзалт өргөн цар хүрээтэй олон асуудлыг хөндөн ярилцаж чадлаа.             Бид олон сумдын удирдлагууд цугларсан боломжийг ашиглан сумын засаг дарга, ИХТ-ын дарга нартай уулзаж, тулгамдсан асуудлуудаа ярилцаж амжсан юм. Тухайлбал Баянзүрх сумын засаг даргатай уулзаж, Агарын хайрханыг хамгаалах талаар хамтран ажиллах чиглэлээ тохиролцсон билээ. Алаг-Эрдэнэ сумын орлогч даргатай уулзаж цөөнгүй асуудлаар санал бодлоо ярилцлаа.             Хөвсгөл аймгийн Соёо уулын өмнө бэлд хийгдсэн ажил хэрэгч уулзалтууд бидний амьдрал, ажилд тус болох нь гарцаагүй. Соёо уулын бэлд болсон наадам богино хугацаанд төр, засгийн болон орон нутгийн олон эрх мэдэлтэнгүүдтэй нэгэн дор уулзах боломж олгож, Монгол бөөгийн хөгжилд өөрийн тусаа ашиг тусаа өгсөн өргөн боломж байлаа.                          Д.Хүрэлбаатар                                      

ДАРХАД БӨӨГИЙН ӨЛГИЙ НУТАГ ЦАГААН НУУР СУМ

   Өглөө сэрэхэд битүү манан буусан байлаа. Өглөөний наран мандахад манан аажмаар замхарч Цагаан нуур сумын өнгө тодорлоо.  Бид сумын ИТХ-ын хуралдааны танхимын үүдэнд сурталчилгаагаа байрлуулж, далбаа, фото зургийн самбар, номын үзэсгэлэнгээ дэлгэж, дархад ардын дуу хөнжимөө тавьж олны анхаарлыг татаж билээ.             Хамгийн түрүүн Нэргүй зайран ирэв. Дараа нь энэ нутгийн хамгийн ахмад Тэнгэрийн улаач болох Ч.Мишигдорж зайран ирлээ. Нутгийн иргэд гадаа байрлуулсан сурталчилгаатай ихэд танилцаж байлаа.             Зайран Д.Мишигдорж, Б.Нэргүй, Б.Баяраа. Умган, М.Хүүжий, О.Балдандорж, С.Ганбат, Ч.Зоригт, Г.Сайханбаяр, Б.Эрдэнэ-Очир, удган Д.Даариймаа, Б.Мэндбаяр, Нарантуяа, Ж.Сайханцэцэг, Д.Алимаа болон баруун, зүүн тайгийн “улаач” нар амьдарч буй энэ нутаг Дархад бөөгийн өлгий нутгийн нэгэн билээ. Олон зуун жилийн турш, Монгол бөөгийн уламжлалыг тээж ирсэн энэ нутаг бол өнөө цагийн Монгол туургатан бөөгийн өлгий нутаг гэж хэлж болно.             Цугласан олон улаач нар өнөө цагийн бөөгийн өлгий нутаг болсон энэ газар орноо хамгаалах тухай, өнөө цагт ирж байгаа тулгамдсан асуудлыг хөндөн ярьж байлаа. Онгон сайхан нутаг, уламжландан ирсэн өвөг дээдсийн           хээрийн онгодоо хамтран хамгаалах цаг үе ирсэнийг онцлон тэмдэглэж байв. Баруун, зүүн тайгаар МБНЭ-д гишүүнд өргөнөөр элсэх тухай мэдээлж байлаа.             МБНЭ-ийн гишүүнээр элсэх хүсэлтэй олон хүн илэрхийлсэн. Бид авч гарсан МБНЭ-ийн бат илэрийлах зөвхөн энэ суманд гишүүг элсэхэд зарцуулагдаад дуусав. Тэгээд суманд МБНЭ-ийн Бөөгийн зөвлөл байгуулж, удирдагчаар нь Монгол бөөгийн тэргүүн зайран Моко томилж, 5-9 хүнтэй тэргүүлэгчдийг байгуулж нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллахаар болов. Уулзалтын төгсгөлд Монгол бөөгийн төлөө амьдралаа зориулсан энэ нутгийн хамгийнг өндөр настай зайран болох Д.Мишигдоржид Монгол бөөгийн цолны үнэмлэх, тэмдэг, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардууллаа.             Уулзалтын дараа МБНЭ-ийн удирдлага Моко зайрангийн урилгаар гэрийн онгонд нь хүндэтгэл үзүүлж залбирлаа.             Алс холын энэ суманд христийн бүлгэм байгуулагдаад олон жил болж байгаа ажээ. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Цагааннуур суманд түмэн олон анх удаа хуран цугларч Монгол үндэстний уламжлалт шүтлэг болсон бөөгийн анхны байгууллага байгуулагдав.                                     Д.Хүрэлбаатар                                                               

Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зууны туршид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөж ирсэн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Их сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнханд,  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Жавзангийн Цолоо нарыг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ринчинсамбуугийн Отгонбаатарыг, Алтангадас одонгоор ОХУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Бойкова Елена, СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Чулууны Алтанцэцэг, Япон улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хироки Ока, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Магсаржавын Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Жалсангийн Ринчиндорж, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Доржсүрэнгийн Бүрнээ, ОХУ-ын иргэн, Иркутскийн Улсын их сургуулийн багш Лиштованный Евгений Иванович, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хаапангаагийн Чойжинжав, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш Дашдондогийн Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын багшийн  их сургуулийн захирал Балданжамцын Бүрэнжаргал, ШУА-ын түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жамсранжавын  Гэрэлбадрах, Бүгд Найрамдах Франц улсын иргэн, Францын Ле Харве их сургуулийн доктор, профессор Пиэр Шабал, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрхлэгч Галиндэвийн Мягмарсамбуу нарыг, Найрамдал медалиар ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Ута Шёне, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн,  монголч эрдэмтэн Родика Поп, ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Инес Штольпе, ОХУ-ын иргэн, Эрмитаж улсын музейн Дорно дахины салбарын ажилтан Крамаровский Марк Григорьевич, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын их сургуулийн багш Сэйнгойровын Насан-Урт нарыг тус тус шагналаа. Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал нээлтээ хийж буй энэ өдөр монгол судлалын салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлж байгаа дотоод гадаадын шилдэг эрдэмтдэд Есөн хөлт цагаан тугийн цэнгэн орших хүндэтгэлийн өргөөнд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол үндэстний хэл соёл, түүх, сэтгэлгээний онцлог, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг шинжлэх ухаанд үндэстэй судлан тайлбарлах үйлсэд нөр хичээнгүй зүтгэл гарган ажиллаж байгаа судлаач та бүхэнд баярлалаа. Энэ шагнал бол Монголыг судалж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж буй Монгол төрийн хүндэтгэл юм. Мөн таны багш, шавь, хамтран зүтгэгчдэд тань олгож байгаа урам юм. Монголын төр, судлаачид хамтран монгол судлалыг хөгжүүлэхийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллана. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн сүлд өнөд биднийг ивээх болтугай. Баяр хүргэе” гэлээ.  

ХӨЕНГИЙН ХӨНДИЙГ ДОРГИОСОН ОРОЙН ЦЭНГҮҮН

Биднийг Хөенгийнхөндийн төвд дунд асар барьж, багийг өдөрлөгөө хийсэн зон олон угтлаа. Үдшийн харанхуйд ведиокино гаргах учраас цагларсан олон түр тарж оройн ажлаа дуусгаад эргэж цугларахаар болов. Оройн бүрэнхий болмогц  урд болон хойд хөтөлийг даван мотоциклтай хүмүүс ирж, цугларч буй эсэхийг үзэж байгаа бололтой тойрж явсанаа эргээд одов. Удалгүй талмэдээлэл тарсан бололтой талаас мотоциклтай хүмүүс цувран ирж, хөндийд байдаг малчдын залуус бүрэн цугларлаа. Оройн цэнгүүн “Хөвсгөл нуурын магтаал” дуугаар эхэлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийж дараа нь МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархан Уул аймгийн бөөгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн нар зон олондоо зориулж сэтгэгдлээ ярьж, Мөнх тэнгэр шүтлэгийнхээ төлөө хамтран ажиллахыг уриаллаа. МБНЭ-ийн танилцуулга, ном, цаг тооны бичиг, сурталчилгааны материалууд тараагдана лээ. Мэдээлэл, ярилцлагын хэсэг өндөрлөж, дараагийн арга хэмжээ эхэллээ.             “Хөвсгөл нуурын магтаал” ведио концерт үзсэний дараа МБНЭ-ээс зохион байгуулсан “Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга” баримтад кино үзүүллээ. Энэ үеээр зүсэрхэн бороо орсон боловч хүмүүс түүнийг үл ойшоон үргэлжлэн зохиох арга хэмжээг хүлээн хэсэг бүлгээрээ хуучлан ярилцлаж зогсоно. Урт хоёр уургын мод авчирч гозойлгон үзүүрт нь чийдэнгээ бэхлээд гэрэлтүүлэг бэлэн болгов. Одоо нйитийн бүжиг элэхэд бэлэн болжээ. Нийтийн бүжгийн цэнгүүнийг зохион байгуулахад Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэн, түүний гэр бүлийн үн Баасанхүү нар гол ачааллыг үүрч ажиллаа. Ийм ажил зохион байгуулж байсан тэдний туршлага бидэнд их тус болсон билээ.  Дээр нь тэд энэ нутгийн уугуул иргэд болохоор олонд танил байлаа.             Энэ оройны үйл ажиллагааг Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж удирдаж явуулсан билээ. Залуучууд нийтийн бүжгийн аялгуунд хослон бүжиглэх захиалга өгнө. Хөенгийн хөндийг доргиосон нэг шөнийн ажиллагаа, цэнгүүн өглөөний дөрвөн цагийн үед өндөрлөсөн юм. Энд цугларсан олон түмэн Монгол бөө, МБНЭ-ийн үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголттой болсон нь энэ оройн цэнгүүний үр дүн байлаа.                                                                Д.Хүрэлбаатар                                                    

​ХӨВСГӨЛ НУУРЫН НЭГДСЭН ТАХИЛГЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР МОКО ЗАЙРАНТАЙ ЯРИЛЦАВ.

МБНЭ-ийн энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдан хийгдэх томоохон ажил бол Хөвсгөл нуурын Нэгдсэн тахилга билээ. Энэ ажлын хүрээнд Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын төв Ажлын хэсгийг байгуулж МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал нар ахлан ажиллаж байна. Тэд Хөвсгөл аймгийн олон суманд хөдөлмөрчид, улаач нартай уулзалт хийнэ. Энэхүү ажиллагаанд МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Их зайран П.Ганболд оролцоно. Хөвсгөл аймгийн өмнөд сумдын асуудлыг хариуцсан Ажлын хэсгийг Монгол бөөгийн тэргүүн удган Жавзансүрэн удирдана. МБНЭ-ийн удирдлагатай байнгын холбоотой ажил өрнөж байна. Хөвсгөл аймгийн баруун хойд сумдын асуудлыг хариуцсан Ажлын хэсгийг Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваа хариуцаж ажиллаж байна. Монгол орны минь хоймор болсон Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгыг (гурав дахь жилийн) 2016 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хийхээр МБНЭ-ийн бөөгийн Зөвлөл шийдвэрээ гаргасан. Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилга энэ жилийн хувьд хийгдэх тахилгуудын үр дүнг нэгтэгн базаж дүгнэх, 2016 онд хийгдсэн Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилга, орон нутгийн чанартай хийгдсэн Говь-Алтайн нэгдсэн тахилга, Нарны залбирал, Ээж модны залбирал, бөөлөлтүүд, тахилгуудын гүйцэтгэсэн түүхэн ач холбогдлыг нэгтгэн дүгнэх болно.  Ажлын хэсгүүд нутгийн нэр хүндтэй бөө нартай нэг бүрчлэн уулзаж, санал бодлоо солилцож байна. Монгол орны минь хоймор болсон Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын зохион байгуулах талаар Моко зайран МБНЭ-д ирж уулзан, бэлтгэл ажилд туслаж байна. Моко зайран Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын Лусын тахилгад толгойлж бөөлөх юм. Ажлын хэсгүүд судалгаа гаргаж, Мөнх тэнгэр, Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан Тэнгэрийн улаач нарын судалгаа авч цол, шагналд нэр дэвшүүлэх ажлыг хийж, хурлаар оруулахаар бэлтгэж байна.                   Б.Банзрагч    

Хуудаснууд

Subscribe to Үйл явдлын тойм