logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

Төрийн есөн хөлт цагаан туг

Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онгол.он шүтэн дээдэлж ирсэн билээ. Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ. 1992 онд батласан шинэ үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн % хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм.  Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай. Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ. Сүлдэнд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг. Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай билээ. Б.БАРС  

800 жилийн өмнөх цаасан мөнгийг хадгалах хэцүү

Энэ эрхмийг Банзрагчийн Нямаа гэдэг. Эртний зоосон мөнгө, мөнгөн дэвсгэрт цуглуулдаг тэрбээр өөрийн хоо­бийгоо ном болгон хэвлүүлж олны хүртээл болгоод буй. “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт” гэдэг ном нь түүний гурав дахь бүтээл. Нямаа гуай Америкт ажиллаж амьдраад найман жил болж байгаа бөгөөд хоёр сарын өмнө ирж номоо гаргачихаад удахгүй буцах гэж буй юм. Түүнтэй хувийн цуглуулга болоод судалгааны ажлынх нь талаар ярилцлаа. - Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?    - Би Москвагийн их сургууль төгссөн, түүхч хүн л дээ. Монголын мөнгөн   тэмдэгтийн түүхийг 2001 оноос судалж байна. Энэ бол их өвөрмөц, манайдаа судалгааны гадуур өнгөрчихсөн эд л дээ. “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт” гэдэг номоо “Адмон” компаниар сая хэвлүүллээ. 2002 онд “Монголын мөнгөн тэмдэгт”,  2005 онд “Монголын эзэнт улсын зоосон мөнгө, хаадын тамга” гэдэг ном гаргасан. Эхнийх нь каталогийн шинжтэй. Дараагийнх нь судалгааны чиглэлийнх. Анх¬ны номоо хэвлүүлээд 4-5 жил болчихож. Номнуудыг минь гадаад, дотоодын хүмүүс их сонирхож байгаа. Ном сайндаа биш юм аа. Гол нь асуудал нь өөрөө их сонирхолтой. - Түүх талаас нь судал­сан уу, аль эсвэл урлаг талаас түлхүү байна уу?   - Ер нь бол түүхийн талаас нь. Урлаг гэдэг утгаар нь би бодож   зорьсонгүй. Тэр мөнгийг хийсэн ур чадвар зураачийн чадвар гэдэг юм уу, тэр талаас нь харвал үнэхээр гоё юм зөндөө бий. 1921 оны мөнгөн дэвсгэртийг одоогийн мөнгөтэй харьцуулж харах юм бол өнгө зүс, хээ, будаг,  утас нь үнэхээр гайхамшигтай. Тийм сайхан мөнгө байсан юм билээ. Харамсалтай нь манай улс хэрэглээгүй. - Яагаад тэр вэ?   - 1921 онд төр хоёр солиг­д­сон. Барон Унгерн нийслэл хүрээг эзэлж,   гамингуудыг хөөж гаргаад, Богд хааныг эргүүлж хаан ширээнд залсан шүү дээ. Монголын Зас¬гийн газар шинээр байгуулагдсан. Тэгээд шинэ мөнгөн тэмдэгт гаргасан юм. Тэр мөнгөн тэм­дэг­тийн дээр байгаа бичээс, үг хэллэгнээс нь болоод “Бага болзоот” гэж нэрлэсэн. Уг нь Засгийн газар түүнийгээ зээллэг гэж гаргасан юм. Тэр үеийн ханш, Монголын банк сан­хүүгийн систем олигтой бүр­эл­дэж тогтоогүй, худалдан авах чадвар, зээлийн чадвар, аливаа юмнаасаа болоод энэ мөнгө зээллэг болж чадаагүй. Энэ бол манай Монголын мөнгөн тэмдэгтийн түүхэнд гайхамшиг болсон бүтээл. Би судлаач, цуглуулагч хүний хувьд үнэхээр бахархдаг. Монгол Улс ийм мөнгөтэй байсан байна, Монголын сайд дарга нарын, Засгийн газрын тамга тэмдэгтэй, ийм мөнгө 1921 онд гарсан байна. Харамсалтай нь тэр үеийн байдал, хүндхэн болж Ардын засаг хэдхэн сарын дараа гарч ирсэн. Ардын засаг түүнийг учиргүй хүчингүй болгож хаяагүй, 2-3 жил хэрэглэсэн. Гэхдээ тэр үеийн шаардлага хангахгүй болсон учраас аажимдаа тэр мөнгийг эргүүлж Сангийн яам татаж аваад, хамгийн харамсалтай нь бүгдийг нь  устгасан байгаа юм. - Нэгийг ч үлдээлгүй юу?   - Нэг ч үлдээгүй гэж хэлэхэд хаашаа юм. Ер нь архиваас үзвэл санд   хураагдаагүй хэдхэн ширхэг үлдсэн байна. Гэхдээ тэр нь Монголд байх магадлал байхгүй. Цөөхөн хэдэн гадны худалдаачны гараар дамжаад гадагшаа гарчихсан. Ихэнх нь урагдсан, хаягдсан, хулгана зурам идэх явдал ч байдаг шүү дээ.   - Та яаж олж авав даа?   - 10, 25, 50, 100 гэсэн  дөрвөн дэвсгэрт л байдаг юм. Энэ жил эх   хувиар нь олсон. Яг хэмжээ дамжаа, өнгө зүсээр нь энэ номд оруулсан. Ганболд гэдэг залуу бид хоёр нэлээд хэдэн жил ярьж байгаад энэ номыг бичлээ. Энэ бол анх удаагаа хэвлэгдэж байгаа зураг шүү. Тэр архиваас ухаж гаргаж ирсэн баримтууд ч гэсэн анх удаа олны хүртээл болж байна. Түүгээрээ манай түүх сонирхдог хүмүүс, шинжээч судлаачдад хэрэгтэй ном болох ёстой гэж бодож байна. Нөгөө талаас Монголын түүхийн нэг иймэрхүү үрэгдэж алга болсон зүйлийг олж цуглуулна гэдэг өнөөгийн монголчуудын үүрэг л дээ. - Та тэгээд хаанаас олж авсан хэрэг вэ?   - Би энэ дөрвөн дэвсгэртийн хоёрынх нь жинхэнэ эхийг Америкт дуудлага   худалдаагаар авсан. 50-тын дэвсгэртийг Австрид бас дуудлага худалдаагаар авсан юм. Энэ үнэхээр ховор эд. Дэлхийн томоохон зоос, цаасан мөнгөний дуудлага худалдаа явуулдаг газруудын мэдээгээр манай бага болзоотын 10-тын дэвсгэрт дэлхийд 3-4 ширхэг байгаа гэсэн байна лээ. Тэрний нэг нь Монголд, надад байна. 25-тын дэвсгэртийн сургийг саяхан гаргасан. Үүнийг хөөцөлдөнө. Одоохондоо оргина-лаараа байхгүй байна. - Их үнэтэй авсан байх даа?   - Үнэтэй. Мөнгө төгрөг илүү дутуудаа би үүнийг аваагүй. “За больдог ч   юм уу даа, үнэтэй юм” гэсэн чинь “Наад 10-тын дэвсгэрт чинь хэрэв гурав мэдэгдэж байгаа нь үнэн бол хоёр ширхэг нь жинхэнэ цуглуулагч хүний гарт л байгаа. Тэр хүмүүс түүнийгээ хэзээ ч зарахгүй. Нэг ширхэг нь сул гарч ирээд дуудлага худалдаагаар зарагдаж байна. Үүнийг л авахгүй бол алдана гэж хүмүүс зөвлөсөн. Тэгээд л авсан. Харин 100-тын дэвсгэртийг 2004 онд Америкт үзэсгэлэн худалдаанаас олж авсан. Тэр үедээ л их үнэтэй авсан даа. Хамгийн том дэвсгэрт нь энэ. 100-тын дэвстгэртийг 400-хан ширхэг гаргасан юм билээ. Одоо ганцхан ширхэг мэдэгддэг, тэр нь минийх. Өөр гарна гэдэгт би итгэхгүй байна. Энэ дэвсгэртүүд өнөөдөр Монголдоо байгаад монгол хүнийхээ хувьд, түүх судалдаг судлаач хүний хувьд би бахархаж явдаг. - Яагаад энэ бүхэн Монголд байхгүй, гадагшаа гарчихав гэж гайхаж байна?   - Монголд байхгүй шалтгаан нэг байна. Нэгдүгээрт түрүүн хэлсэн,   бүгдийг нь аваад устга­чихсан. Сангийн яам шатааж устгасан гэж архивын баримт байгаа шүү дээ. Тухайн үед эргэж сангийн яаманд хураагдаагүй хэсэг үлдчихсэн байхгүй юу. Тэрнээс л цөөхөн хэд нь үлдээд хүмүүсийн гараар дамжаад гадагшаа гарчихжээ. Дотооддоо байхгүй гэдгийг олон талаас нь би судалсан. Улсын сан хөмрөг, банкны сан хөмрөгт алга. Тэгэхээр энэ дэвсгэртүүд Монголоос гарах магадлал бараг байхгүй гэж хэлж болно. - Таны цуглуулгыг сонир­хож болох уу? Хэр арвин цуглуулгатай вэ?    - Би Монголын зоос, мөнгөн тэмдэгтээр л цуглуулга хийдэг. Янз бүрийн   хутга шөвөг, өөр зүйл цуглуулдаггүй. Миний цуглуулга гурван янз. Нэг дэх нь Монголын эзэнт улсын үеийн зоос. Үүнийгээ би хамгийн сайн цуглуулга гэж боддог. Монголд одоохондоо ийм цуглуулгатай хүн байхгүй байх. Монголын эртний хаадын нэр овгийн тамгатай, ийм зоос. Тэр зоосны талаар би найман жил судалж байна. Цаашдаа ч би гарцаагүй ховор юмыг судлах л болно. Хоёр дахь хэсэг нь цаасан мөнгө. Надад Юань улсын цаасан мөнгө бий. Тэрийг жичид нь судалгааны аятайхан ном болгох бодолтой байгаа. 800 жилийн өмнөх цаасан мөнгө байлгана гэдэг хэцүү л дээ. Гуравдугаарх нь  Монголын гүйлгээний болоод дурсгалын мөнгөн тэмдэгт. Тэр бас сонин цуглуулга. Учиргүй ховор ч эд биш.   - Танд ямар ямар хаадын зоос байдаг вэ?     - Чингис хаан, Өгөөдэй, Гүег, Мөнх, Аригбөх гээд их хаадын гаргасан   зоос миний цуглуулгад байдаг. Үүнийг эргүүлээд олно гэдэг найдлага надад байхгүй. Яахав ганц нэг олдож магад. Цуглуулга гэдэг зүгээр нэг хадгалаад байх эд биш юм. Энэ дотор байгаа, ялангуяа Монгол Улсын түүхтэй холбоотой нарийн ширийн юмнуудыг заавал мэдэх хэрэгтэй. - Монголд үе үе зоосны үзэсгэлэн болдог. Та оролцдог уу?   - 2006 онд би Монгол Улсын 800 жилийн ойгоор эртний зоосны бие даасан   үзэсгэлэн гаргаж байсан. Монголын эзэнт улсын 300-гаад зоос тавигдсан. Энэ дашрамд би нэг юм хэлчихье. “Чингис хааны алтан зоос” гэдэг номыг үзлээ л дээ. Тэр номонд тавьсан зураг, зургийн тайлбар маш буруу байна лээ. Хятадын бэлгэдлийн зоос гэж байдаг юм, дурсгалын маягтай. Өнгөрсөн зууны эхэн үед л гарсан. Ямар нэгэн бичээс байхгүй. Тэрийг Чингис хааны алтан зоос гэж нэрлээд ном гаргажээ. Хятадын бэлгэдлийн зоосны каталогийн ном байдаг. Түүн дээр бүр номер дугаартайгаа байдаг юм. Хятадын зүгээр нэг бэлгэдлийн зоосыг бид андуураад Чингис хааны алтан зоос оо гээд ном гаргаж болохгүй шүү дээ. Чингис хааны жинхэнэ алтан зоос 2-3 янз бий. Тэр нь аугаа их хаадын хаан, аугаа их Чингис хаан гэсэн үгтэй. 1221 онд гарсан. Чингис хаан Хоризмыг яг дайлаар мордож бай­сан үе. Түүнийг бүх дэлхий даяараа судлаад шинжээчид, цуглуулагч Чингис хааны алтан зоос гэж баталсан. Тэр зоосны нэг хувь нь Монголд бий шүү. - Танд тэр нь байгаа юм биш биз?   - Тийм шүү. Түүгээрээ би их бахархдаг.   - Та ингэхэд хэзээнээс цуглуулга хийсэн бэ. Өвлөж авсан уу?   - Долоон жил болж байна. Өвлөж аваагүй ээ, миний аав харин марк   цуглуулдаг мундаг хүн байсан. Би хүний нутагт найман жил болсон. Жаахан уянгын халилтай хэлэхэд би нутгаа их санадаг байсан. Найз нөхдөө их үгүйлдэг. Тийм учраас жаахан зав чөлөө гарвал Монголынхоо түүх, гадаадад ямар юм байна, юу бичиж байна, юу уншиж байна гэдгийг судалсан. Монголын түүхийн юм хөөцөлдөж яваад л зоос, мөнгөн тэмдэгт рүү орсон. Миний аав намайг энэ рүү үндсэндээ чиглүүлсэн хүн л дээ. Олон улсын маркны үзэсгэлэн худалдаанд оролцож, дээгүүр байранд орж байсан. Гэхдээ би тэрийг нь ерөөсөө сонирхож байгаагүй.   - Гадаадад манай эртний зоос, мөнгөн тэмдэгт хэр олдууштай байдаг юм бэ?    - Эртний зоос, Монголын эзэнт улсын мөнгөн тэмдэгт, энэ чиглэлийн   судалгаа дэлхийн зах зээлд ид хүчээ авч байна. Орост өнгөрсөн сарын сүүлчээр нэг доктор зөвхөн Цагаадайн зоос гэж судалгааны ажил хийсэн байна. Ганцхан Цагаадайн улсын зоосон мөнгөөр. Хятадууд Юань улсын мөнгөн тэмдэгтээр өчнөөн судалгаа хийж, зэрэг цол хамгаалсан байдаг. Алтан ордоор бол нэлээд их юм хийсэн. 1990 оны дунд үеэс Монголын эзэнт улсын зоосон мөнгө Араб дахин, баруун Европын эртний зоосон мөнгөний зах зээлд элбэг байгаагүй. Тэрийг хүмүүс нэг их ойшоож тоодоггүй байж. 1997, 1998 оноос эхлээд нэлээд мөнгө Америк руу гарсан. Тэнд нэг айхавтар том судлаач сайн цуглуулсан. Тэгээд гадагшаа каталог гаргаж, өөрөө ч ийш тийш нь нэлээд борлуулсан юм шиг байгаа юм. Би биеэ магтаж байгаа юм биш, би яг тэр үеэр түүнтэй таарсан. Тэгээд яриад, сүүлдээ найз нөхөд боллоо. Бие биедээ мэддэг чаддаг юмаа хэлдэг, бие биенээсээ их юм сурсан. Нэлээд ч зоос түүнээс олж авсан. Гэтэл 2006 оноос Араб дахин, баруун Европын эртний зоосны зах зээл дээр байсан мөнгө, зоос ор тас алга болчихлоо. - Яагаад тэр вэ?   - Яагаад алга болсон бэ гэдэг талаар Пакистаны нөхдүүд надад ингэж   ярьсан. Энэ чинь алга болсон биш ээ. Хятадууд авчихсан. 2006 онд Хятадаас гурван групп гарсан юм байна. Афганистан, Иран, Иракийн чиглэлд нэг хэсэг, Турк тэр хавь руу нэг хэсэг хүн, Орос руу хэсэг хүн явсан юм байна. Цуглуулагч, эрдэмтэн судлаач, янз бүрийн хүмүүс тэнд байсан. Тэд зах зээл дээр байгаа Хятадын холбогдолтой, тэр дундаа Монголын холбогдолтой бүх мөнгөн тэмдэгт, зоосыг хамсан байхгүй юу. Зах дээр гаргаагүй, хувь хүмүүсийн гэртээ хадгалж байгаа юмыг хүртэл сургаар нь олоод барьж авсан байгаа юм. Монгол мөнгө байна уу гээд аваад байсан гэж байгаа. Гэтэл хагас жилийн өмнө Шанхайд дэлхийн эртний зоосны том үзэсгэлэн гарлаа. Тэнд өнөө баруун талд яваад байсан зооснууд бүгд байх жишээтэй. Тэгэхээр манайхан Монголынхоо юмыг хэд гурвыг ч гэсэн амжиж авахгүй бол болохгүй нь.   - АНУ-д амьдраад удаж байна уу? Эх орондоо хэзээ ирэх вэ?   - Америкт амьдраад найман жил болж байна. Хоёр жил болоод ирнэ ээ.   Харин би тэнд очсоных нэлээд юм судалсандаа баярладаг юм. Монголын эртний монгол зооснуудыг олон түмэнд хүргэлээ. Үзэсгэлэн гаргалаа, номоо гаргалаа. Дээрээс нь би монголчуудын хаадын тамганы талаар нэлээд гайгүй судалгаа хийж байна. Тэр тухайгаа би дараагийн номдоо оруулна.  Гэхдээ би ганцхан л юм хэлье. Би Монгол Улсынхаа төлөө л явж байгаа даа. Г.Оюунгэрэл

МАЛ СЭТЭРЛЭХ ЁС

МАЛ СЭТЭРЛЭХ ЁС -Мал сүргийнхээ манлайг харсан их сүлд тэнгэртээ эдлүүлэх үйл ажиллагагааг  мал сэтэрлэх зан үйлээс  эхэлдэг, Бөө хийгээд бөө бус айлын онгодууд цөмөөрөө буюу эсвэл аль нэг нь өөрийн гэсэн  унаатай байх хүсэлтээ бөөд буюу бөөгөөр дамжуулан бөө бус хүмүүст мэдэгддэг. Тэгэхдээ хэдэн настай, ямар зүсмийн , халуун юмуу хүйтэн хошуутай малаар унаа хиймээр байна гэсэн хүсэлтээ Онгод өөрөө хэлдэг. Үүний дагуу мэдэгдэл авсан хүн гэр орондоо бөө залж ирүүлээд бөөгийн зөвлөмжөөр бэлтгэсэн сэтэр хийх материалаа бөөд хэл хуураараа онгод оруулалгүй хөгжимдөн шивнин халбаганд уугилсан арцны утаан дээр нар зөв есөнтээ эргүүлнэ. Энэ бол үйлдсэн сэтэрийг амилж байгаа зан үйл болно. Сэтрээ амилсаны дараа сэтэрлэх хонь ямааг гэрт оруулж, голомтын баруун талд зогсоож эхлээд усаар, дараа  нь цээдмээр угаана. Үүний хар,цагаан угаалга хэмээн нэрлэдэг.  Ингэж угаалга хийснээр сэтэрлэх малыг ариутгаж байгаа нь энэ болно. Тэгээд духнаас нь хондлой хүртэл нарийн зурваст тараг,дөрвөн мөчний үе бүхэнд тос түрхэнэ. Энэ нь сэтэрлэх бол бүх үйлдлийг гэрийн цагаан зүгт гадаа үйлдэнэ. Сэтэрлэх малыг онгодын өмнө гурван удаа  (толгой дээр нь  дарж)мөргүүлнэ.

​Хубилай хааны сүйрсэн флотын үлдэгдлийг Японы эрдэмтэд олжээ

Хубилай хааны сүйрсэн флотын үлдэгдлийг Японы эрдэмтэд олжээ             Японы Такашима арлаас 700 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний түрэмгийллийн үед хамаарах усан онгоцны сэг олдсон гэж “Асахи” сонин мэдээлжээ. Мацуро хотын боловсролын зөвлөлийн архелогичид далайн ёроолд буй усан онгоцыг тусгай багажаар судалж, 1274-1281 онд Япон руу түрэмгийлж байхдаа Монголчуудын ашиглаж байсан усан онгоц мөн гэдгийг тогтоожээ.            Хубилай хаан 1281 онд Такашима арлын ойролцоо газар 4400 усан онгоц илгээж, Кюүшюү арлын хойд хэсэгт тулалдсан түүхтэй. Мөн Камиказе хэмээх тэнгэрийн салхи хоёр удаа дэгдэж, Хубилай хааны хөлөг онгоцуудыг эвдэлж, хэдэн мянган цэргүүдийг нь хөнөөсөн гэсэн Япон домог бий.            Хамгийн сүүлд олдсон дээрх усан онгоц нь 2011 онд Монголын байлдааны хөлөг олдсон газраас 1,7 км-ийн зайтай, 14 метрийн гүнд байрлаж байсан болохыг хэмжигч багажаар нотолсон байна. 11 метр урттай уг хөлөг 2011 онд олдсон дурсгалаас илүү сайн хадгалагдаж үлджээ. Гэхдээ Хятадын шаазан эдлэлүүдээс тэс ондоо хийцтэй байгаа тул гарал үүслийг нь тогтооход төвөгтэй гэж шинжээчид үзэж байна. “Бид үүнийг Монголын усан онгоц гэж үзэж байгаа. Бүтэц, хэмжээг нарийвчлан тогтоож, гарал үүслийнх нь талаар нэмж судална. Маш сайтар хадгалагдаж үлдсэн тул шаазан эдлэл, зэвсэг тээвэрлэхэд онцгой гүүрэг гүйцэтгэдэг байсан гэж дүгнэлээ” хэмээн судалгааг удирдаж буй Рюкюү их сургуулийн профессор Иошифуми Икеда ярьжээ.      Үүнээс гадна дурсгал олдсон газрын ойролцоо шаазан эдлэлийн хэлтэрхий, туйпуу, их бууны сум, чулуун зангуу зэрэг 4000 гаруй эд өлгийн зүйл олдсон гэж CNN мэдээлэв.     

​Улаан-Үдээс Монгол эзэнт гүрний үеийн булш олжээ

  ХУ-ын холбооны тойрогт хамаарах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын захаас Монголын эзэнт гүрний үеийнх байх боломжтой хүний булш илрүүлжээ. Буриадын Соёлын яам энэхүү булшийг археологийн үнэт олдвор хэмээн мэдэгдэж, VI-XIII зууны үед харьяалагдана гэжээ. Улаан-Үдийн “UlanMedia” сайтад мэдээлснээр, тус улсын Тарбагатай мужийн Нижний Саянтуй тосгоноос дээрх булш олджээ. Тосгоны оршин суугчид хашаандаа бордооны нүх ухаж байтал дээрх хүний араг яс гарсан бөгөөд ердөө 1.5 метрийн гүнд байсан аж. Цагдаа нарын хэлснээр, булшийг олсон оршин суугчид энэ газарт дөрвөн жил зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд хуучин эзэмшигч нь хашаа байшингаа зарж Москва уруу шилжжээ. Одоо Улаан-Үдийн уг тосгоны газрыг хамгаалалтад авч,өргөн хэмжээний малталт хийж эхэлсэн байна. Булшнаас олон төрлийн эд өлгийн зүйлс гарсан ч энэ нь булшны аль үед харьяалагдахыг тодорхойлоход учир дутагдалтай байгаа аж. Ямартай ч, булшнаас товч, бүсний арал, метал болон хуванцар бүтээгдэхүүн, гутал гарчээ. Харин араг яс чулуужсан бөгөөд албаныхан VI-XIII зууны үед хүнийг 1.5 метрийн гүнд оршуулдаг байсан гэж оршуулгын зан үйлээр нь тодорхойлж байна. Тиймээс энэ булшийг Монголын эзэнт гүрний үед хамааруулж байна. Одоо цогцсыг шинжилж байгаа бөгөөд сар орчмын хугацаа шаардах гэнэ. Шинжилгээний дараа уг цогцсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч, үхлийн шалтгаан тодорхой болох агаад шинжилгээг Белоруссийн талаар хийлгэх ажээ. Э.Төгсжаргал  

Эмэгтэй хүний цээрлэх зүйлс

Эмэгтэй хүний цээрлэх зүйлс Хүн хүнээ хүндлэх гэдэг хорвоогийн ёс. Тэр дундаа дээл захтай, хүн ахтай гэгчээр манай Монголчууд нэгнээ хүндэлж ирсэн арвин баялаг түүхтэй. Мөн ардын сургааль ч асар их бий. Хүнийг хүндлэх, эс хүндлэхийг ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна.   -Эмэгтэй хүн азарга унахыг цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унах болбол мундаанаас нь адис авбал цээр арилна -Эмэгтэй хүн эр нөхөр, гэрийн эзнийг нэрээр нь дуудах, нэрлэхийг цээрлэнэ. Гэрийн эзэн, хүүхдийн эцэг гэх мэтээр нэрлэнэ. Хүндлэхийн учир тийнхүү авгайлдаг бөлгөө. -Эмэгтэй хүн үнсэн дээр морь харахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс хөх биетэй буюу хөх бөгстэй хүүхэд гарна гэнэ.  -Эмэгтэй хүн үс гэзгээ сул задгай тавьж гэрт, гадаа явахыг цээрлэнэ Бэлбэсэрлийн тэмдэг, ёр хэмээн үздэгийн учир заавал сүлжиж боож явна. -Эмэгтэй хүн нуруугаа үүрэхийг цээрлэнэ. Бүсгүй хүний намбад үл нийцэх учир нуруугаа үүрвээс цадиггүй, жудаггүй гэнэ. -Эмэгтэй хүн худагны аман дэзр албалзаж (алцайж) эогсохыг цээрлэнэ. Худаг ус бузартана гэх буюу лус хилэгнэхээс сэрэмжилж буй заншил болой. -Эмэгтэй хүн сан тавихыг цээрлэнэ. Долоон хүү төруүлсэн бол цээргүй болно. -Эмэгтэй хүн өмд, оймс, гутлаа эр нөхөр, эцэг өвгийн хувцас өмсгөл дээр тавих, бурхан шүтээн ариун нандин газар ойр байлгахыг хийморь лундааг доройтуулна хэмээн цээрлэнэ. -Эмэгтэй хүн сарын бохироо ил задгай хаяхыг бузар булай хэмээх тул хатуу цээрлэнэ. -Эмэгтэй хүн сэтэртэй буюу онгон мал унахыг цээрлэнэ. Буян заяанд муу, сэтэр онгоныг сэвтээнэ, хүндэднэ гэхийн учир болой. -Эмэгтэй хүн олны дунд аальгүйтэх, эрээ жороогүй аашлахыг цээрлэнэ. Садар шалиг, эрээ цээргүй эм хүн түмний шившиг, олны жигшил болдог тул дөлгөөн намуун аашийг эрхэмлэнэ. -Эмэгтэй хүн мал нядлах, төхөөрөхийг цээрлэнэ. Ер хатуу, хэцүү үйлд эм хүнийг оролцуулах нь ёс бус, хэрэг бегөөд эх хүнийг хайрлахгүй нүгэлд түлхвээс амраг садан, үр хүүхдэд нь гай болно, илүү их нүгэл хураана гэнэ. Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ  

М.Намсрай: Нохой жилийн эрхшээсэн гариг сайн биш байна

М.Намсрай: Нохой жилийн эрхшээсэн гариг сайн биш байна   XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жил гараад удаагүй байна. Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай энэ жилийн өнгө төрх, монгол шар зурхайн талаар ярилцлаа.  –Цагаан сарын баяр маань өдөр хоногийн зөрүүгүй сайхан болж өнгөрлөө. Хэдэн жилийн давтамжтай зөрүү гарч ирдэг юм бэ. Энэ юутай холбоотой юм бол? -Энэ жилийн болоод дараа жилийн цагаан сар Төгсбуянт болон Монгол шар зурхайгаар нэг өдөр тохиож байна. Түүний дараагаас зөрдгөөрөө зөрөөд бурууддагаараа буруудаж, ард түмэн гайхшаа барж, төр засаг шашны талаас шийдвэр гаргаж чадахгүй ацан шалаа­тай явдаг тэр байдал дахин давтагдана. Үүний тулд 1990 оны тавдугаар сарын 9-нөөс хойш миний хэлж ярьсан бүхэн ард түмэнд хүрч, энэ асуудлыг нэг тийш нь зөв шийдэж цэгцлэхийг хүлээж байна. Ер нь хүн төрөлхтөнийг цаг зүг л нэгдсэн зохион байгуулалтад оруулдаг. Дөрвөн зүг найман зовхисоо мэдэхгүй хүн байхгүй. Монол зурхайгаар бол 12 цаг, нийтийн тооллоор бол 24 цагийн дотор өдөр, шөнө ээлжилнэ гэсэн ерөнхий ойлголтыг бүх хүн мэднэ. Гагцхүү өвөг дээдсийн бидэнд бэлэглэсэн хугацааг нь тоолох юм бол 20-30 мянган жилийн түүхтэй Монголын Цагаан сар гэдэг том соёлыг өвлөж явах учиртай. Үүний төлөө би 1990 оноос хойш өөрийн дуу хоолойг хүргэж, үзэл бодлоо түгээж, зохих хувь нэмрээ оруулсан. Тасардаг, давхарддаг тоолол бол манжийн хаанаас наашаа малчны хуанли болж зүсээ хувир­гаж явсаар 1990 оны ардчилалтай золгосон. Хүн төрөлхтөн XXI зуун гэгээрлийн зуунд орчихоод байхад бид ийм хуучин улиг болсон зүйлийг баримталж, төрийн цаг тооллоо гадуурхаж, шашны цаг тооллоор явж байдгаа болих ёстой. Өвөг дээдсийн маань бидэнд хийж үлдээсээн өчнөөн олон баримтыг ашиглан төрийн цаг тооллоо зохиох боломж бий. –Төгсбаясгалант зурхай, Монгол шар зурхайгаар Цагаан сар нэг өдөр таарахад жилийн өнгө нь ч ижил байх уу? -Цагаан сар хэдийгээр нэг өдөр таарч байгаа ч бүх зүйл нь яв цав таарахгүй. Өдөр, сар, улирал тутмын зааг ялгааг өнгө ялгаад хүснэгтээр хийсэн байгаа. Үүний хажуугаар Төгсбуянт зурхайн төвд тооллоос болж насан туршдаа хохирч яваа хүмүүсийг он цагаар нь шүүж битүүн, шинийн 1-ний өдрийг ялгаж салгаад зурсан. /хүснэгтээс харна уу./ Монголын ард түмэн нэгдсэн нэг тоололтой, Монгол төр өөрийн гэсэн төрийн тоололтой болох ёстой. Хамгийн багадаа хадан дээр байгаа цаг тооны бичгээ тоолоход л 2000 шахам жилийн түүхтэй Монгол шар зурхайн цаг тооллоо төрийн тоолол болгох цаг болжээ. –Та ирж буй жилийн өнгийн өмнөх өвөл нь зурж, цаг тооны бичигтээ оруулдаг. Өнгөрсөн жилийн хувьд таны зурлага хэр таарав? -Жил бүр л би цаг тооны бичигтээ өмнөх жилийнхээ зурхайг тайлбарлаж дүгнэж оруулдаг. Хэрэглэдэг хүмүүс нь миний зурхайг үнэн хэлж гээд ам сайтай байдаг. Тахиа жилийн зурхайдаа өдөр тутмын сонинд гарсан мэдээлэлд тулгуурлан дүгнэсэн. Тухайлбал, гуравдугаар сард 14 хүн зам тээврийн ослоор нас барж, 48 хүн гэмтсэн мэдээтэй сонин надад байна. Гэтэл би өөрийнхөө цаг тооны бичигт эдгээр өдрүүдэд хас тэмдэгтэй, муу үйлтэй байхыг тэмдэглэсэн байна. Дөрөвдүгээр сарын 12-нд гранат дэлбэрч хоёр хүн амиа алдаж, найман хүн шархтсан харамсалтай явдал болсон. Харин миний цаг тооны бичгийн 55 дугаар хуудсанд энэ өдрийг аюултай гээд А-аар тэмдэглэсэн байх жишээтэй. Байгаль цаг уурын аюулт үзэгдлүүдийн хувьд зургадугаар сарын 20-оор зургаан аймгийн 25 сум тог цахилгаангүй болж, 26 айлын гэр, 20 гаруй айлын хашаа, 400 гаруй бог хорогдож, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тухай мэдээг өдөр тутмын сонинд бичсэн байгаа юм. Миний цаг тооны бичгийн 69 дүгээр хуудсанд энэ өдрүүдийг хас тэмдгээр байгаль цаг уурын аюулт үзэгдэл болно гэж тэмдэглэсэн. Онцгой байдлынхан миний цаг тооны бичгийг харж, аюул ослоос сэргийлж ажиллахад болохгүй юм байхгүй. Төр засгаас ч миний зурхайг зөв, буруу байна уу гэдгийг мэргэжлийн хүнээр судлуулж болно шүү дээ. Энэ мэтчилэн миний тэмдэглэсэн хэлсэн бүхэн бүгд таарсан шүү. Үүнийг угтаж хараад тосож бэлтгэх билэг чанартай болохоор хүнд хэрэгтэй юм шиг, болоод өнгөрсөн хойно нь харахад ёрлосон ч юм шиг янз бүрийн сэтгэгдэл төрөх юм. –Энэ жилийг хөгшдөд халтай, хүүхэд залууст ээлтэй жил гэж байсан. Таныхаар энэ хэр үнэнд нийцэж байна? -Төвд зурхай дагадаг улсуудад жилийн жилд ийм ерөнхий зүйл хэлдэг. Энэ чухал биш. Хамгийн гол нь хэдэн сарын ямар өдөр ээлээ өгөх юм, халтай юм бол ямар өдөр гаригт анхаарч явах юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин миний цаг тооны бичигт бүх зүйл сайн муутайгаа сар өдөртэйгөө тодорхой бий. Хүн төрөлхтөн цаг зүг гэсэн нэгдсэн ойлголттой. Түүнийг хариуцсан төр улс нь хэрхэн ард түмэндээ зөв хүргэж байгаагаас тэр жилийнх нь ажил амьдралын өнгө тодорхойлогддог. Хүн төрөлхтөн тэнгэр шүтээн, бурхан шүтээн гэсэн хоёр том шүтээнтэй. Тэнгэр шүтээн гэдэг нь байгалийн хуулиар амьдрах ухааныг хэлж байгаа юм. Харин бурхан шүтээн гэдэг нь хүний зохиолоор амьдрахыг хэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. –Шинэ гарч буй Нохой жилийн зурлага ямар өнгө төрхтэй буув даа?   Ерөнхийлөгчийг санчир гариг эрхшээж байна. Санчир бол тэр жил дор гамшиг болж, амар үгүй. -Нохой жилийн ноён нуруу ямар байхыг төрийн өндөрлөгүүдээр зурж үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч маань гурван гурав дараалсан есөн эрдэнэ дээр сууж төрсөн хүн. Ерөнхийлөгчийг санчир гариг эрхшээж байна. Санчир бол тэр жил дор гамшиг болж, амар үгүй. Төр гэр дор хэрүүл тэмцэл болон мал дор өвчин тавах болоод муу ёр дагна гэсэн шинжтэй ааш муутай гариг эрхсийн нөлөөнд явж байна. МАН буюу У.Хүрэлсүх Ерөнхий сайд маань Ангараг гаригийн эрхшээлд байна. Судар шастирт хүн ба малд амгалангүй, хичээн сэрэмжилвээс зохимой. Эр хүн цаад хэм хэмжээг хичээж яв. Ер нь хуулийн дор зөв амьдар гэсэн санааг Ерөнхий сайдад хэлж байна. Улс оронд маань сайны ерөөл байна уу гээд үзтэл УИХ-ын гишүүдийн ихэнх нь бар, туулай, бич жилтэй байна. Тэдний эрхшээсэн гариг нэг их сайн биш байна. Ард түмэн түрхэглэж эвийг сахиж чаддаггүй, хоорондоо учраа олдоггүй тэмцэгчдээс болж үр ашиггүй хайран цагийн гарз болоод өнгөрөх вий гэсэн хямрал байна. Жилийн хаан саран гаригийн өгөөжөөр өвс ургамал, шим төгс цэцэглэж, үхэр малын сүү сааль арвижиж, хүн ардын алив үйлс сэтгэлчилэн бүтэж, нэр ашиг хурааж, зөв бодолтой, үнэнийг  эрхэмлэгчдийн оюун санааг гэрэлтүүлэн гийгүүлж, эрчим хүчээрээ гэгээрлийн аялалд хөтлөх жил байх болтугай гэж ерөөл тавья. Х.Монголхатан  

Монгол уламжлал: Нялх үр, нярай эхтэй харьцах ёс

Монгол уламжлал: Нялх үр, нярай эхтэй харьцах ёс   Эх нярайлсны дараа хүүхэд шиг маш эмзэг болдог. Идэж уух, өмсөх зүүх, гээд бүх зүйлс дээр нь ойрын хүн нь анхаарал халамж тавих нь зүйтэй бөгөөд эртнээс уламжлан ирсэн ёс жаягийн дагуу эх хүүхдийг асрах нь нэн чухал. Хэдийгээр 21-р зуун ч гэсэн Монгол хүн болохоор эртний уламжлалаа сахих нь нэн тустай.  - Монголчууд хүүхдийн хүйснээс шалтгаалан гэрийн баруун, зүүн хатавчны аль нэгэнд араг түшин сууж, унинаас уясан бүснээс хоёр гараараа чангааж төрдөг байсан. Учир нь урвуу байрлалын хүчээр хүүхэд төрдөг учраас хагас суугаа байрлал хүүхдийг доош төрүүлэх урвуу арилгагч хийнд саад болдоггүй хэмээн үздэг. /Япон, Америк орнуудад одоо үед ингэж төрөхийг илүүд үзэх болсон/  - Эхийг төрсөний дараа “хүү, охин гарлаа гэж “ шууд хэлдэггүй, зөвхөн “эх хөнгөрлөө” гэж хэлдэг. Шууд зарлах нь нярайд хүндэднэ гэж үздэг - Төрсөний дараа сар гаран хугацаанд гам маш сайн барих хэрэгтэй.  - Хань ижил нь эхийн сэтгэлийг зовоох, түгшээх, айлгахыг цээрлэх.  - Нярайлсан эхэд заавал шинэ хонины шөл уулгадаг. Гэхдээ эм хонь гаргадаг.  - Төрсөний дараа эх хөөрч болзошгүй хэмээн төрсөний дараа шууд унтуулдаггүй. Мөн хөлд нь цус хурч, хууч өвчин тогтоно гэж хөлийг нь нэг их жийлгэдэггүй, хагас суугаа байдлаар хэвтүүлдэг.  - Дөнгөж нярайлсан эхэд хөөрүүлсэн сүү уулгавал унадаг тусдаг өвчтэй болдог.  - Тарган өөх тостой мах идэх, архи, дарс, сармис, халуун ногоо зэрэг идээ ундаа хэрэглэвэл арьсны хууч өвчтэй болж тогтоно.    - Сав муу агшиж, савны амсар нь суларч болзошгүйгээс болгоомжилж давс, хужир бага хэрэглэх, биеэ дааруулж хөөрүүлэх, чих магнай зулайгаараа салхи авахуулахаас сэргийлэх эс тэгвэл насан туршийн хууч өвчтэй болно - Гам алдсан тохиолдолд 3-5 удаа чихэр өвсийг буцалгаж уувал хууч тогтохгүй үлдэж болно.  - Гадны болон холын хүн, өвчин зовлонтой, гаж согогтой хүнийг нялх хүүхэдтэй эх дээр оруулдаггүй цээр байдаг.  - Хөл хорьж байх хугацаанд гадны идээ ундаа амсуулдаггүй.  - Хүүхдийг илт шууд магтдаггүй “Цагаан хэл ам хүрнэ” гэж үздэг ёс бий. Энэ гай зовлон нүүрлэхээс болгоомжилж нэг ёсондоо хүүхдийг төөрүүлэх маягтай хүүхдийн гадаад байдлыг эсрэгээр хэлдэг.  - Эх, хүүхдийн дэргэд тамхи татах тэргүүтэн муу үнэр танар, хиншүү хярвас гаргахыг цээрлэдэг. Нялхсын 15-н ад гэгч байдаг бөгөөд тэр нь үнэрээр дамжин хүүхдийг ороож, ичээнэ гэж үздэг.    

ЦАГААН САРЫН ТҮҮХ, ЁС ЗАНШИЛ ​

ЦАГААН САРЫН ТҮҮХ, ЁС ЗАНШИЛ Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.              1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.   Ууц хөндөх ёсон Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой. Шинэлэх ёсон            Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаантос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.   Золгох ёсон Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаадзолгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай. золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.  Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.   Хадаг барих ёсон Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.   Хадаг барихад хэлэх үг Цаглашгүй урт наст ариун хадаг Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/ Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ. /Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/  

Золгох ёсон

Золгох ёсон   Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаадзолгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай. золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.  

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл