logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

Монгол судлалыг төрөөс дэмжинэ

“Монгол судлалын төв нь Өвөрмонгол” гэсэн ойлголтыг өөрчилж “Дэлхийн монгол судлалын төв нь Монгол Улс” гэж батлан харуулах шаардлага бидэнд бий. Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлэх нь шинжлэх ухааны ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын гадаад нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаатай шууд холбоотой. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр зарлигаараа Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Сангийн хөрөнгөөр эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, залуу судлаачдыг урамшуулан залгамж үе бэлтгэн чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэн дэлхий дахинд сурталчилдаг байхаар заасан юм. Дээрх чиглэлийн хүрээнд “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр’’-ийг Засгийн газар өнгөрсөн онд баталж, энэ чиглэлд тодорхой бодлого гаргасан юм. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Монгол судлалыг эдийн засаг, санхүүгийн хувьд төрөөс бодитой, тогтвортой дэмжих зохицуулалт бий болох юм. Монгол судлалыг дэмжих санд төсвийн хөрөнгөөс 2013-2016 онд 8,7 тэрбум төгрөгийг үе шаттайгаар төсөвлөн зарцуулах тооцоо гарчээ. Эх сурвалж: www.shuud.mn

Тэмээн чулууны буган хөшөө

Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ.  Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт орших Тэмээн чулууны амны буган хөшөө нь Хархорум музейн үзмэрт хадгалагдаж буй бөгөөд дүрслэлийн хувьд 4-5 бугыг тэнгэр өөд цойлж байгаагаар, нурууг дагуулан эврийг угалзруулан сунгасан байдалтай загварчлан дүрсэлсэн.  Хөшөөг боржин чулуугаар үйлдсэн бөгөөд нэг талын өргөн хэсэгт бугын дүрс, түүний доор гурвалжин дүрс бүхий бүс, ар талд таван өнцөгт бамбай зэрэг дүрсийг товойлгон дүрсэлсэн сонгодог хэлбэрийн буган хөшөө юм.  Уг буган хөшөөний өндөр нь хоёр метр, өргөн нь 70 сантиметр, зузаан нь 23 сантиметр юм. Энэхүү Тэмээн чулууны аманд орших гурван буган хөшөө нь дөрвөлжин булш, хиргисүүртэй хамт хойноос урагшаа 1100 метр үргэлжилсэн цогцолбор байдлаар оршиж байдаг.  Буган хөшөө тал хөндий, уулын ам бэл, жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ бүр арав хориороо ч тохиолдох ба мөн хиргисүүр, дөрвөлжин булшны дэргэд тэдний гадаад хана, булангийн хөшөө болгож босгосон байхаас гадна заримдаа авсны таг, хана, ёроол болгож ашигласан байдгаараа онцлог юм. О.Саша  Эх сурвалж : www.niigmiintoli.mn

Нууц товчооны эх хувьтай танилцав

УИХ-ын хаврын чуулган завсарласан энэ хугацаанд гишүүдийн олонхи нь амарсан бол УИХ-ын Байгаль орчин,  хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Хүний эрхийн дэд хорооны дарга А.Ганбат,  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар Тайвань улсад дөрөв хоногийн ажлын айлчлал хийгээд иржээ.  Айлчлал хийх хугацаандаа эрхэм гишүүд Тайванийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монголын нууц товчооны эх хувьтай танилцжээ. Монголын эзэнт гүрэн,  тодруулбал,  800 гаруй жилийн тэртээх Монголын төрт ёсны түүхийг энэхүү сурвалж бичигт Монгол, Хятадаар бичин үлдээжээ. Нийт 20 боть бүтээл юм байна. Анх Бээжингийн номын санд хадгалагдаж байсан ч 1949 онд Чан Кай Ши-гийн Засгийн газар Тайваньд нүүж ирэх үед тус түүхэн эх сурвалж бичгийг бусад судар бичгийг хамт авчирсан аж. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд Тайванийн Үндэсний номын санд хадгалагдаж буй юм байна. Гэвч өнгөрсөн он жилүүдэд энэхүү түүхэн эх сурвалжийг монголчуудад танилцуулж байсан удаагүй. Харин Монголын парламентын гишүүдийг энэ удаад айлчлал хийх үеэр анх удаа танилцуулсан юм байна. Гэрэл, агаар, температур бүхнийг зохицуулсан тусгай зориулалтын өрөөнд Монголын нууц товчоо хадгалагддаг аж.  Мөн УИХ-ын гишүүд айлчлалынхаа хүрээнд Тайванийн Байгаль орчны дэд сайдтай уулзаж, ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсад байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж болох төслүүдийн талаар санал солилцжээ.   Тайванийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нь дэлхийд экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогдож АНУ, Англи, БНСУ-д экспортлогдоог аж. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж болох боломжийн тухайд мөн санал солилцож, техник, технологитой танилцсанаар айлчлалаа амжилттай өндөрлүүлээд иржээ.  Г.ДАРЬ

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл