logo

logo.jpg

Advertisement

Үндэсний соёл

​Цагаан сарын цээрлэх зүйл

Битүүний өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодоггүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ. ·         Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. ·         Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн. ·         Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ. ·         Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана. ·         Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох. ·         Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ. ·         Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг. ·         Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж. ·         Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ. ·         Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.  

​Цагаан сарын түүх

Чингис хаан: "Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго" гэж айлдсан баримт байдаг. XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ. XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг. Цагаан сард бэлтгэх Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг тусч хөдөлмөрч зантай. Цагаан сараар үр хүүхдүүд, ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтэч зан заншилтай билээ.    

Шагайгаар наадах тоглоом

Манай ард түмэн малаа эрхэмлэж түүний дотроос хонио "бурхнаас хайрласан буяны мал" гэж дээдлэн, түүний шагайгаар үр хүүхдийнхээ тоглоом хийдэг байлаа. Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, үндэсний музейн үзмэрийг цуглуулахад хүчин зүтгэсэн Их шавийн Барга отгийн бичээч Найдангийн Дэндэв гуай "Эрийн наадам, төрийн тоглоом" гэдэг дурдатгалдаа "мал аж ахуйг олон жил эрхэлсээрирсэн монголчууд малын шагайг эрхэмд үздэг. Хүүхдүүд шагай цуглуулан олон болгож янз бүрээр тоглосоор ирсэн юм" гэж бичсэн байна.                        Янз бүрийн тоглоом нь: 1.    Шагай авах (шүүрэх)2.    Шагайгаар дөрвөн бэрх хаях 3.    Шагай харвах 4.    Шагайгаар морь уралдуулах 5.    Шагайгаар таалцах 6.    Шагайгаар алаг мэлхий өрөх (засах)                    Эдгээр тоглоом нь тус бүрдээ тодорхой агуулга хэлбэртэй. Тэдгээр нь тус тусдаа тоглох нарийн горим журамтай.   Хэд хэдэн хүүхэд бөөгнөрөн сууж, олон шагайн дундаас дээш нь сум (хөө хуяг) аа хаяж ирэхийн хооронд шагайгаа гараараа шүүрч түүн дээрээ сумаа тогтоож авна. Хэрэв сумаа тогтоож чадахгүй бол шүүрсэн шагайгаа их шагайндаа буцааж хийнэ. Аль олон шагай зөв шүүрсэн нь хожно. Энэ тоглолт нь хожсон хүндээ "Шагайны баян,шагайлцахын мэргэн нь та боллоо" гэж сумаа өгдөг горимтой ажээ.   Энэ тоглолт нь гарын хөдөлгөөнийг чангаруулах, нүдний харцыг хурц болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдрын дасгал болно.   Хүүхдүүд дөрвөн шагайгаар дөрвөн бэрхийг хаяж тоглоно. Дөрвөн бэрх нь (морь, тэмээ, хонь, ямаа) буулгаж аль түргэн буулгасан нь хожно. "Дөрвөн бэрх минийх,  Түмэн сүрэг манайх"  гэж хожсон хүндээ хэлээд дөрвөн шагайгаа авдаг журамтай. Энэ тоглолт нь малыг эрхэмлэн үзэх, малч сэтгэлтэй болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны дасгал болно.   Шагай харвах тоглоом бол олны дунд их түгээмэл зарим газар (Хасаа харвах) гэж хэлдэг. Энэ нь голдуу томчуулын тоглоом болдог.   Шагай харвахад хоёр буюу хэдэн хүн хоёр талцан тусгай суурь самбар зурхай дээр цувуулан өрсөн шагай буюу хасааг харвагч хашлага дээр чиглүүлэн ясан сумыг дунд ба долоовор хуруугаар нясалж арван тохой зайтай газраас харвана. Оносон даруй уухайлж мэргэн харваачийг бахдан хөгжөөж: "сум мэргэн, сур өргөн болтугай" гэж бэлэг дэмбэрлийн үг хэлдэг журамтай.    Аль олон оноо авсан тал нь хожно. Энэ тоглолт бол нэгдүгээрт: нүдний харц тусгалыг хурц мэргэн болгох, хоёрдугаарт: гарын булчинг сайжруулах хурууны хүчийг нэмэгдүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдрын хүмүүжлийн нэг чухал дасгал мөн.   Хэдэн хүүхэд цугларч олон шагайгаар уралдааны зам цувуулан өрж тоглогч хүүхэд бүр нэг нэг уралдах морь  шагайг сонгон аваад уралдааны замд оруулан тавьж, дөрвөн шагай хаяж морь буух бүр нэг нэг морин замаар ахиж хурдалсаар дөрвөн шагайгаар олон морь буулгаж чадсан нь түрүүлэн мориныхоо цолыг дуудаж тоглоно.                       - Тод магнай                       - Торгон жолоо                       - Төрийн наадмын                       - Түмэн эх гэж цоллон тоглоно.   Энэ бол хүүхдүүдийг ардын наадмын зан үйлтэй танилцуулахын хамт тэднийг моринд дуртай болгон хүмүүжүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухааны амьдралыг танин мэдүүлэх хүмүүжлийн нэгэн чухал арга мөн.   Шагайгаар таалцаж тоглоход хоёроос гурван хүүхэд оролцох бөгөөд тэд тоглох шагайг хуваан авч, түүнээс нөгөө тоглогчиддоо мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагай (10-аас илүүгүй)г атгаж - Би хэдэн шагай атгав - Мэргэн юм бол мэдээд таагаач   Цэцэн юм бол цээжлээд хэлээч ! гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны нийлбэр тоог хэлж, онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч тоглосоор бүх шагайг хураан авсан нь хожно. - Бүх шагай минийх - Бүгд мал манайх. гэж хожсон хүүхэд хэлээд шагайгаа хамж авна. Энэ тоглоом бол хүүхдийг тоолж сургах тооны хэлийг (арав, хорь гэх мэт) сургах ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг арга юм.   Алаг мэлхий өрөх (засах) шагайн тоглоом бол шагайн наадмын хамгийн том бүтээлч тоглоом юм.   Мэлхий өрөхөд олон шагай (100 гаруй) орох бөгөөд өрсөн мэлхийг тоглогчид зургаан нүхтэй шоо хаяж, дээшээ харсан шооны нүхээр мэлхийн дүрс орсон тоот шагайг авч (жишээ нь шооны хоёр нүх нь буувал мэлхийн хоёр нүдийг, зургаан нүх буувал мэлхийн зургаан нурууг авах зэрэг) аль олон тоотой шагай авсан нь хожиж, мэлхийгээ өрнө.  Мэлхий өрж байхад: - Нэгэн амтай даа. - Хоёр нүдтэй  - Дөрвөн хөлтэй дээ. - Дэвхрээд дэвхрээд - Худгандаа орвоо гэж дуу дуулдаг. Энэ дууг манай алдарт хуурч дууч Лувсан 1932 онд дуулсныг Оросын монголч эрдэмтэн П.Берлинский ноотолж "Монгольский певец и музыкант Ульдзуй Лубсан-хуурч" номондоо хэвлэсэн (1933) байдаг.    Энэ Алаг мэлхий өрөх шагайн тоглоом бол хүүхдүүдийн дүрслэн бодож зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн.    Шагайн тоглоом бүхэн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх чухал зүйл гэж манай ард түмэн үзэж ирсэн учир гэртээ хүүхэд цуглуулан шагай авч тоглуулах, цагаан сарын битүүний шөнө шагайгаар (алаг мэлхий өрөх) тоглуулахыг бэлэгшээж, айл гэрийн хийморийг бадраах, мал сүргийн буяныг хураах их бэлэг дэмбэрэлтэй зүйл гэж үзсээр ирсэн уламжлалтай билээ.  Бэлтгэсэн Д.Мигаа    

Дорнын их математикч, одон оронч Шарайн Мянгат

     Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний уламжлалтай бөгөөд Архангай аймгийн Чулуутын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхэсүүдийн зураг 5 мянган жилийн өмнө дүрэслэгдсэн байдаг.Монголын ард түмэн өвөг дээдэс, удмаасаа ухаантан мэргэд олныг төрүүлжээ.Агуу их эрдэмтэн Авиценна угтаа хүннү удмын хүн, сод математикч Улугбек доголон Төмөр хааны ач байсан, алдарт математикч, гарамгай усан техникч М.И.Сердюков буюу Эмгэний Борной нар нь жинхэнэ монгол хүн байв.Ингэж монголчууд бусад ард түмний ээгэн адил хүн төрөлхтний соёлын санд өөрийн хувь нэмрийг оруулж, олон мянган жилийн ажиглалт туршлагадаа тулгуурлан төрөл бүрийн эрдэм ухааны үлэмж сан хөмрөг хуримтлуулжээ.Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлтийг од гаригийн хөдөлгөөнтэй холбон ажиглаж, ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн нь монголчуудын төрөлхийн шинжих цогц нэгэн баримт юм. Улсын хаад жишээлбэл Мөнх хаан ч од зүйн ба хэмжил зүйн ухааны чамгүй мэдлэгтэн байсан ба 1256 оны үед тригонометрийг од зүйгээс салган, бие даасан ухаан болгосон "Гүйцэд дөрвөн тал" номыг монголчууд туурвисан нь европ дахинд тригонометрийн үндсийг тавьсан Региомонтагаас 200 орчим жилийн өмнө орос хэлэнд орчуулагджээ. Монголчууд од зүйг ихэд сонирхон хөгжүүлж байсан баримт нь 1428 онд Самарканд хотын орчим од зүйн судлах оргил, 1779 онд Өргөөд од зүйн судлах тусгай сургууль байгуулж байсан явдал зэргээс харахад тодорхой. 13-р зуунаас бидний өвөг дээдэс газар дэлхийгээ бөөрөнхий хэмээн лавтай хүлээн зөвшөөрч байсан төдийгүй 7/10 хувь нь ус, үлдэх 3 хувийг нь хуурай газар эзэлдэг гэж үзэж байсан нь мэдлэгийн өндөр төвшинд хүрсэн байсныг илтгэнэ.Ийнхүү монголчуудын математик сэтгэлгээг өндөр төвшинд хүргэсэн алдартай эрдэмтдийн нэгэн төлөөлөгч бол Шарайн Мянгат юмаа.        Манж чин улсын хориннэгдүгээр он буюу халхын дөрвөн аймгийн ноёд Долнуурын чуулган дээр чин улсад даган ороод ганц жилийн нүүр үзэж амжаагүй байсан 1692 оны орчим тэр үеийн цахар найман хошууны нэг одоогийн өвөрмонголын Шилийн гол аймгийн нутагт эхээс мэндэлж, хөдсөн өлгийд боолгосон бяцхан амьтны дуудах нэрийг лам багш Мянгат хэмээн чихэнд шивнэж, харин дуурсах нэрийг дорнын их тооч, одон зурхайч Мянгат хэмээн түүний гайхамшигт нээлт бүтээлүүд дэлхийн чихэнд мөнхлөн шивнэснээс хойш гурван зуун элээжээ. Ухааны одонд төрсөн их хүмүүс намтар цадигаа бичиж суудаггүй, хийж бүтээхээ урьтал болгодог жамаар түүний агуу бүтээлүүд нь мөнхөрсөн хэдий ч түүх намтрынх нь хувьд баримт сэлт ховор юм.Математикийн шинжлэх ухаанд ийнхүү монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат /1685-1770/ тухайн цаг үеийн монголын нутгийн төв хэсэгт манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр өвөрмонголын цахарын Шулуун Цагаан хошуунд нүүн очиж суурьшсан монгол үндэстэн байв.       Бага балчир наснаасаа Мянгатын авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэдээс "Математик сурах тэнхим"-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайнаар төгсөөд, улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ. Ямар ч атугай манжийн хааны ордны дэргэдэх "Тоон ухаан сурах газар"-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан холдсоор их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ. Тухайлан цаг улирлын тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хаан ширээнээ дараалан заларсан гурван хаан болох Энх Амгалан хааны үед арваад жил, Найралт төв хааны үед арван хоёр жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг гучаад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна. Их Мянгат Чин гүрний үед манжийн хааны албанд зүтгэж байсан нь нэг хэрэг, харин энэ ялдамд орчин цагийн математикийн ухаанд жинтэй хувь нэмэр болох гайхамшигт бүтээл туурвиж, одон зурхайг хөгжүүлж, улмаар газрын зураг хэмжих тооцооны нарийн арга боловсруулан хэрэглэж байсан нь өнөөгийн шинжлэх ухааны түвшинтэй жишихүйц байгаа нь түүний агуу том эрдэмтэн болохын хөдлөшгүй нотолгоо юмаа.       Мянгатын математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхий дахины ач холбогдолтой болсоныг судлаачид үнэлсэн байдаг. Ялангуяа 1712 онд түүний зохиосон "Математикийн хуулийн нарийн хуримтлал" бүтээлд тоог олох хялбар арга, мөн тригонометрийн ба тригонометрийн урвуу функцүүдийг зэрэгт цуваанд задлах аргачлал, пифагорын теором, хавтгайн ба огторгуйн геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 боть бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар хятад, япон зэрэг азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ.Түүний бүтээлүүдээр өрнө дахины математикийн ололт амжилт дорно дахинд зохих "хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Н. Коперникийн нар төвт сургаалыг талархан авч, дорно дахины сонорт анхлан хүргэсэн соён гийгүүлэгч хүн нь Мянгат болохыг түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байна. Тухайлбал, Мянгатын бүтээл туурвилд ертөнцийг үзэх үзэл нь туссан байдаг нэг онцлогтой. Үүнд онцолвол "Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог" гэсэн Н.Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай "Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь" гэдэг алдарт бүтээлдээ, ....нарны хэлбийлтээс нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад сар хиртэнэ, нар сар хоёр өөд өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хиртэнэ.Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн... гэж нар сарны хиртэлт, манай гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм.        Хожим их эрдэмтэн Мянгатын хүү болоод шавь нар иь ухаант эцэг, билгүүн ухаанд газарчлах номт мэргэн багшийнхаа захиас гэрээсийг биелүүлж, түүний бүтээлүүдийг нэгтгэн "Тойргийн нийт хэмжээний дөт арга" хэмээн нэрийдсэн бүтээлийг нь гаргажээ.Судлаач мэргэдийн үнэлснээр дорнын гайхамшигт математикчийн тэр үеийн математик сэтгэлгээ дэндүү хол тасарсан байв.Тригонометрийн зэрэгт цувааны дэлгэмэл илэрхийллийн ёсөн томьёог их Мянгат 250 гаруй жилийн өмнө гаргажээ. "Нумын уртаас ерөнхий хөвчийг олох", "Нумын уртаас сумыг олох", "Ерөнхий хөвчөөс нумын уртыг олох" зэрэг томьёонуудыг гарган батлахдаа тригонометрийн хувиргалтын аргаар бодлогын явцийг хялбарчлах аргыг анх хэрэглэсэн байна. Энэ бол өрнө дахинд ч тухайн үед нээгдээгүй, хэрэглэж байгаагүй арга байв.Түүний хөвчийн функцын төгсгөлгүй цувааны задаргаа, дэлгэмэл илэрхийллийг гаргасан шийдэл, улмаар түүнийг тооцоолон бодсон нь үнэхээр гайхамшигтай гэдгийг орчин цагийн эрдэмтэд тогтоожээ.Хөвчийн функцын хязгааргүй алслагдах тоон утгыг бодож, Их асрахуй буюу 52 оронтой тоо гаргаж байсныг өнөө цагийн хүчирхэг компьютероор бодуулснаас зөрөхгүй байгаад бишрэхгүй хэн байх билээ.Математик хэсэглэлийн онолд чухал байр эзэлдэг каталон тоог 18 дугаар зууны дунд хирд өрнийн их математикчид нээснээр түүхэнд хадагдсан байх авч тэднээс хэдэн зууны өмнө дорнын эрдэмтэн их Мянгат ийнхүү нээсэн болохыг хятад японы судлаачид баталдаг байна.        "Нум хөвч болбоос хоёулаа эс адил төрөл буюу .... хэрэв төгсгөлгүй хуваахад хүрвээс   энэ нь ч бас нийлж болохгүй зүйл биш" гэсэн гайхамшигт дүгнэлт бол чухамдаа орчин үеийн дээд математикийн дифференциал, интеграл тооллын онолын тавилгаас хазайх юм байхгүй нь ил юм. Гарамгай математикч Леонерд Эйлер /1707-1783/, Брук Тейлор /1685-1731/, Жеймс Стирлинг /1692-1770/, Шарайд Мянгат /1692- 1764/ нар математикийн бүтээл нээлтээрээ нэг цаг үеийн, нэг зиндааны суутнууд байжээ.Харин математик одон орны ухааны ном сурах бичигт дорнын энэ их эрдэмтний нэр зохих байраа эзлээгүй нь нэн харамсалтай.Их Мянгат басхүү алдартай одон оронч байжээ. Тэрбээр орчин үеийн бөмбөрцөг одон орны бодлогуудыг бодох хөрс дэвсгэр нь болох бөмбөгөр гурвалжны тригонометрийг хөгжүүлж, дэлхийн хоногийн болон жилийн эргэлт, нар сарны явдал болоод хиртэлт, зун ба өвлийн туйлын цэг, хавар намрын өдрийн тэнцэл зэргийг маш нарийн тооцоолон бодож байсан зэрэг нь, түүний бүтээлээс тод харагдана. Тэрбээр газар хэмжих ухаан гаргуун эзэмшсэн тул Чин улсын нутаг дэвсгэр дээр шинжилгээний анги удирдан, хэмжилт судалгаа хийж, газрын зургийг нь нарийн тооцоолон гаргаж байв.Бөмбөгөр гурвалжны тригонометрийг мэддэг одон орончид бөмбөрцөг дэлхийн бөөрөнд хэмжээ хязгаартай нутаг дэвсгэрийг эзлэн орших Чин улсын газрын зураг хийх асуудал сахлын будаа байсан бизээ.        Ийнхүү их эрдэмтэн маань хагас зуун жил манжийн төрийн хаан ширээ дамжсан гурвын гурван хааны үед тэдний "Эрдэм ухааны хүрээлэн"-д алба хашихдаа "Цаг тогтоох үүсгэвэр" нэрийн доор "Зурхайн шинжлэл" 42 боть, "Тооны ухааны хураамж бичиг" 53 боть, "Хөгзүй 5 боть гээд нийт 100 боть цуврал болон "Зурхайн шинжлэлийн хойнох найруулал" 10 боть, "Хэмжигч багажийн шинжлэл" 32 боть, "Нар сарны эргэлтийн хүснэгт" зэрэг олон бүтээл номыг хянан тохиолдуулахад бие сэтгэлийг дайчлан оролцож байжээ. Монгол угсааны гарамгай математикч, одон оронч, газарзүйч, зурхайч гээд эрдэм ухааны оргилд гарсан энэ их эрдэмтний нээлт бүтээлийг хятад, япон зэрэг улсад сайн мэдэх боловч манайд энэ талаар тун хомс мэдцэг болой.Далан нэгнийх нь жил орсон агуу өвгөний бие чилээрхэн чилээрхсээр 1764 оны хөх бичин жилтэй золгоод тэнгэрт хальжээ.  

Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

Сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг  эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ. Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг. Нялх  үсийг авах учир Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж. Эвэр тавих ёсон Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай. Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл: Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг. Даахь (нялх үс)-ийг  нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг . Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай. Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм. Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий. Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг. Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ. Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог. Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. (Үүнийг эмчилгээнд хэрэг болно гэдэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө. Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална. Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. өгөх бэлэг өөр өөр байдаг. Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ. Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд барилдуулж, даага уралдуулдаг байжээ. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёстой байсан байна. Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ. Эртний монголчууд эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ. Хүүхдийн сэвлэгэнд хүрэх хүмүүс эхлээд заавал сүү амсаж, сэвлэгэнд хүрч байхдаа ямагт сайн сайхан ерөөл хэлж урамшуулдаг.   Хүүхдийн үс (даахь) авах ерөөл Эрхэм хайрт танайх болбол Түмэн өлзий бүрдсэн Түгээмэл жилийн түвшин сайн өдөр өө Эрхэм хайртай хүүгийнхээ Алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбоос Ивээл жилтэй хүнийг Эрхлэн залж, эрхэм олон түмнээ Урьдчилан хэлж, ган цагаан хайч Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд Алтан хайчны амыг нээж Мөнх насыг нь даатгаж Мөнгөн хайчны амыг нээж Мөнх насыг нь даатган Ган хушуутай алтан бариултай хайчаа Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж Гарсан төрсөн насыг нь уртатгаж өргөөд Баруун талын шанаанаас нь эхлэж үргэхэд Бадамлянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт Орой дээрээс нь авч үргээхэд Ой билэг нь хурцдаж Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт Ар шилэн дээрээс нь авч үргээхэд Агуу хүчин төгөлдөр байгаа мэтээ Эрхэм хайртай хонгор хүүгийн Эрдэм билгийг ярихад Номд мэргэн, нойронд сэргэг Үйлэнд уран, үгэнд цэцэн Хуулинд шударга Дайнд баатар, далайд усч Элгээрээ энх сайхан жарган Төрлөөрөө төв сайхан оршиж Үрээ танихгүй өнөр баян Үрээгээ танихгүй хурдтай баян Суух заяа сурах эрдэм Баярлах наадам бахтай жаргал Нас сүүдрээр урт Найр цэнгэлээр их Эгүүрд номын ёсоор Баярын магнайгаар Баясан жаргахын Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая! Сэвлэгийг нь анх хөндөх хүн нь тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, нутаг усандаа нэр хүндтэй, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв хүн байх хэрэгтэй. Энэ хүн хүүхдэд эхэлж сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно. Модон хутга хүргэсний дараа удаан хугацаанд эдэлж, хор нь гарсан үйлийн хайчаар үсийг нь авдаг. Шинэ хайч огт хэрэглэдэггүй. Хүүхдийн ээж модон тавган дээр хадагтай хайчаа тавиад хөндсөн үсийг хадагны үзүүрт бооно. Хүүхдийн сэвлэгийг маш сайн хадгалж, өвчин ороох үед домын чанартай хэрэглэнэ. Жишээ нь: хамраас цус гараад тогтохгүй үед сэвлэгний үсийг шатаагаад хярвасыг нь үнэртүүлэхэд цус тогтдог. 

​ Хүннүгийн уртын дууны домог

Зарим хүн ярихдаа: Гаогуй нарын дээдэс нь хүннүгийн  зээгээс гаралтай. Хүннүгийн Шаньюйд гоолиг сайхан  2 охин  төрсөн гэдэг ... Улсын эзэн тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй  хэлсэн нь:  “Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ?” тэнгэрт өргөе гэжээ. Чингэад улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд 2 охиноо суулгаад тэнгэр минь та өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрсөн ч  тэнгэр авахгүй байсан  тул нь очиж авы гэтэл Шаньюй зөвшөөрсөнгүй. Дахин нэг жил өнгрөхөд хөгшин чоно асарын  хажууд ирж ульсаар  сүүлдээ асарын дор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа болив.  Дүү нь хэлсэн нь: Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр  энд суулгасан. Гэтэл эдүгэ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээж хэмээн доош буун  очтугай гэхэд эгч нь эмээн очсонгүй.  Харин  дүү гарч очж чононы гэргий болон хүү төрүүлсэн байна.  Түүний удам нь өсөн үржсээр байгаад улс болжээ. Ийм учир энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай болсон гэдэг.    

Монгол гэр 1

'Хер,хуй нь Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг. XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь буй. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Монгол гэрийн хээ угалз Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй, хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон янз байна. Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг. Эдгээр дээр хээ угалз зурна. Үүний дараа хээ угалз солонгорон гэрийн тавилга, Монгол хувцас зэрэг гэрийн доторх зүйлс дулаан өнгөнд нэгдэн зохицно. Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргаль эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж, үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл, билэгдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.  

​Зүйр цэцэн үг 2

Айл хэсэгч ажил муутайнх Азаргаа унагч морь муутайнх   Айлыг үүднээс нь Хүнийг харцнаас нь   Алдсан хүн арван тамтай Авсан хүн нэг тамтай   Алт хураавал аминд халтай Ажил сурвал амьдралд тустай   Алт хүнийг эвдэж Ажил хүнийг авардаг   Алдаагаа мэдвэл хүн Ачаагаа даавал ат   Амгалан үед найз Аюултай үсд дайсан   Ам бардам Ажил шалдан   Амны билгээс Ашдын билэг    

​Эгийн гол орчимд эртнээс хүний хөл татраагүй батлах дурсгалыг дэлгэв

“Эгийн гол орчимд далайн түвшнээс дээш 910 метр хүртэлх газарт усан сан үүсгэх тохиолдолд энд буй Монголын түүх, соёлын дурсгалын нэг ч эд өлгийн зүйл живж үгүй болохооргүй боллоо” хэмээн археологичид мэдээллээ. Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хантай багийн нутаг, Эгийн голын сав дагуу усан цахилгаан станц байгуулах ажлын хүрээнд 1991 оноос археологийн авран хамгаалах судалгаа явуулж эхэлсэн аж. 2013 оноос энэ тухай дахин хөндөж, усан цахилгаан станц байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарснаар 2014- 2015 онд түүх дурсгалын зүйлүүдийг авран хамгаалах хайгуул, судалгаа хийжээ.  Монголыг эрчим хүчний хараат байдлаас гарахад нөлөөлөх уг усан цахилгаан станцыг барьснаар ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд жил бүр төлдөг 25 гаруй сая ам.долларын урсгалыг зогсоож, жилд дунджаар 606 сая кВт/ц үйлдвэрлэх юм. Ийн археологичид судалгааныхаа үр дүнг танилцуулахаар өчигдөр Монголын үндэсний музейд “Эгийн голын түүх, соёлын дурсгалууд-2” үзэсгэлэн дэлгэлээ. Авран хамгаалах ажлыг археологийн судалгаа явуулдаг Монголын бүх байгууллага буюу Түүхийн болон Археологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, ШУТИС, Улаанбаатар их сургуулийнхан, Монголын үндэсний музейнхэн хийж, 400 орчим дурсгалыг малтан судалсан байна. Монгол Улсын түүхэнд нэг голын хөндийд иж бүрэн судалгаа хийсэн нь анхных гэнэ. Шинэ чулуун зэвсгийн үеэс XVIII зуунтай холбогдох бурхан шашны эд зүйлс хүртэл эндээс олдсон нь Эгийн гол орчмын нутагт эртнээс хүний хөл огт татраагүйг гэрчлэх аж. Үзэсгэлэнд олдворуудаас шилж 284 ширхгийг толилуулсны дотор 3500-4000 жилийн өмнөх, Монголоос олдсон хамгийн жижиг буган хөшөө, нүүдэлчин соёлын технологи илэрхийлсэн ясан бүсний арал, шинэ чулуун зэвсгээс хүрлийн үеийн шилжилтийн заагийнхны хэрэглэж байсан ясан зүүлт, чулууг засаж ирийг нь хийсэн ясан хутга зэрэг нь онцлог байв. Уг хутгыг хийсэн арга нь чулуун зэвсгээс төмөрлөг зэвсгийнхэд шилжих завсрын үед хүн төрөлхтний хэрэглэж байсан сонгодог технологи гэнэ. Мөн Эгийн голын хөндийн нүүдэлчид бие даан төмөрлөг боловсруулж байсны баримт болох тогоо хүртэл байв. 3500-4000 жилийн өмнө хүрэл дуулга хэрэглэж байсан баримт байдаг нь мөн Эгийн голоос өмнө нь олдож байсан түүхтэй. Хүрэл дуулгыг төмөрлөгийн хайлмаг цутгадаг ийм тогоонд хийж байсан хэмээн эрдэмтэд үзэж байна. Дашрамд дуулгахад, Эгийн голын усан цахилгаан станцын дэргэд энэ нутгаас олдсон түүх дурсгалын зүйлүүдийг байршуулсан музей байгуулах төлөвлөгөөтэй юм байна.

Рүни бичиг

Нийт үсэг бичгийн түүхийг үзвэл дэлхийн олон бүс нутагт “руни” маягийн үсэг өргөн хэрэглэж байсан бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж үздэг ажээ, Үүнд: Европ дахин (Швед, Норвеги, Дани, Англи-Саксони, Герман)-д өргөн дэлгэрсэн ийм бичгийг аргын тооллын эхэнд үүссэн гэж үздэг бөгөөд ерөнхийд нь Скандинав-Германы “руни” гэж, Ази дахин (Төв Ази болон Сибир)-д тархсаныг аргын тооллын өмнө үүссэн гэж үздэг ба ерөнхийд нь Түрэгийн “руни” гэж нэрлэж заншсан ажээ.   Төв Азийн нүүдэлчдийн “руни” бичгийн гарлыг эртний согд нарын бичгээс үүсэлтэй гэж үздэг үзлийг олонхи эрдэмтэн зөвшөөрч байна. Хятадын түүхэн тэмдэглэлүүдээс үзвэл хүннү нар согдуудын эртний өвөг канжью нартай хил залган, нутаг савлаж их ойр дөт байсан тул Төв Азийн нүүдэлчдийн “руни” бичгийн гарал эртний согдтой холбоотой байж бүрэн болох юм гэж нэрт судлаач И.Бичурин үзсэн байна /Бичурин.И, 1851, 92-93 дахь тал/.   Хан улсын Юуван ди хаан умард Хүннүг түрэмгийлэн мөхөөсний дараа тэдний судар бичгийг хойт ордны эрхмүүдэддээ аваачиж гайхуулсан явдал нь мөн хүннү нар өөрсдийн бичиг үсэгтэй байсны мэдээ болно /Бичурин.И, 92-93 дахь тал/. Хүннүгийн бичгийн уламжлал эртний монгол аймаг, улсууд болох Сяньби, Жужан, Хятан нарт уламжлаад зогссонгүй баруун тийш хийсэн Хүннүгийн их нүүдлийг даган монгол бус бусад ард түмний үсэг бичигт нөлөөлсөн байна /Л.Чулуунбаатар, 2002, 20 дахь тал/. Үүнийг: “Хүннүгийн Аттила өрнө дахины улсуудтай элчин солилцох буюу тавцан босгож магтаал өргөх, шүлэг дуулал зохион уянгалуулах бүр цөм эртний хүннүгийн үсэг бичгээ хэрэглэдэг байж. Ромд хүннүгийн бичиг үсэгт нэвтэрсэн хүн байдаг бөгөөд хүннүд ч мөн латин хэл бичигт нэвтэрсэн хүмүүс байв гэж Чин улсын үеийн Хүн Жиюүний туурвисан “Юань улсын түүхийн орчуулгын нотлол, нөхөрлөл” зохиолд дурьдсан байна /20 дахь тал/.   Үүнийг мөн эрдэмтэн Ф.Алтхайм эртний Грекийн түүхч Прискаас иш татахдаа:“Хүннү нар бичиг хэрэглэж байсан талаар Приск тод томруун бичиж байна. Жишээлэхэд Атилын ордонд жагсаалт хөтлөж, түүнийгээ чанга дуугаар сонсгон хөтлөдөг байжээ. Гэхдээ тэр жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан хөтлөдөг байсан болохоор грек буюу латин бичгээр байгаагүй байх. Тэр нь армей буюу перс бичгийн нэгэн хувилбар байж болох юм” гэжээ /20 дахь тал/.   Европ хийгээд Азид тархсан “руни” бичиг хоорондоо холбоотой эсэх талаар яг баталсан зүйл энэ хэр үгүй боловч түрэгч Э.Трыярски, Я.Харматта нарын судалгаанаас үзэхэд огт холбоогүй гэж батлах арга бас байхгүй. Ер нь “руни” маягийн бичиг нь нэн эрт цаас, бөс гараагүй үед хад чулуу юм уу модон дээр чулуугаар зурж ором гаргахад хамгийн хялбар дүрстэй байдаг тул хүн төрөлхтөн нийтлэг хэрэглэж байсан байх бүрэн үндэстэй юм.   Эртний түрэгийн “руни” бичгийн үүслийг 100 гаруй жилийн турш олон эрдэмтэн, тухайлбал: Е.Блоше, Ф.Алтхайм, Э.Трыярски, Г.Клоузон, А.Рона-Таш, Е.Хаудхауген зэрэг нэрт түрэгчид судалсан бөгөөд хүннү нарын тамга бичгээс гаралтай гэж үндсэндээ зөвшөөрдөг юм. Энэ талаар Францын түрэгч Е.Блоше дараахь тайлбарыг хийсэн байна: “...Орхоны түрэгүүдийн бичгийг хүннү буюу хүн нарын бичгээс дам салбарласан гэж үзвэл хүннү нарын анхдагч бичиг буюу өөрөөр хэлбэл түүн дээр түрэгүүдийн нэмж оруулсан тэмдэгтүүдийг хасчихлаа гэхэд тэр үлдсэн бичиг нь арамей гаралтай болохын баталгаа хангалттай буй...” /Blochet.E, 1898/.   Энэ нь нэгд түрэг бичиг нь хүннү бичгээс эх авсан, хоёрт, тэрхүү эх авсан хүннү бичиг нь угтаа арамей бичгээс гаралтай гэсэн санаа юм. Согд нарын хэд хэдэн бичиг нь цөм энэхүү арамейгаас гаралтай болох нь хэдийнээ нотлогдсон билээ. Мөн нэрт түүхч Н.Сэр-оджав агсан монголын эртний аймгуудын мод хэрчиж хэрэг тэмдэглэдэг байсан нь нарийсан хөгжсөөр түрэг бичгийн эхийг тавьсан бололтой гэж тэмдэглэсэн байдаг /БНМАУ-ын түүх, I боть, 1966, 130 дахь тал/.   Кавказын нуруунаас урагш Баку, Тбилис хоёрын хооронд байсан Арран нутгийн хамба лам YI зууны дунд үед библи судрыг хүннү хэлээр орчуулж байжээ. Ф.Алтхаймын үзэж байгаагаар Кавказын хүннү нар руни бичиг хэрэглэж байжээ. Е.Блоше ч бас хүннү нарын тухай хятад, ром сурвалжуудыг харьцуулан үзээд хүннү нар руни бичигтэй байсан хэмээн дүгнэсэн байна. Сирийн он дарааллын бичгийг зохиосон Захари Ритор YI зууны үед “Хориод жилийн урьд хүннүчүүд өөрсдийн бичгээр бичдэг байсан” гэж тэмдэглэжээ /Л.Чулуунбаатар. 2 дахь тал/.   Үүнээс гадна хүннү, авар, сяньби (тоба, табгач) нар ямар хэлтэн байсан бэ? Гэдэг асуулт бий. Тэдний хэл нь эртний монгол хэлний онцлогийг хадгалсан, монгол хэлтэн байсан гэдгийг сүүлийн үеийн хэл, түүхийн судалгааны дүн улам бүр баталсаар байна. Үүнд: хүннү нарын хэлний талаар гэхэд Г.Дөрфер, аваруудын хэлний талаар гэхэд Ж.Немет, сяньби (тоба, табгач) хэлний талаар Л.Базен, П.Бүүдберг, Л.Лигети нарын судалгааг энд дурдаж болно. Сяньби хэлний аялгуу болох табгач хэлээр хэл, нэр томьёо, утга зохиол, ардын билиг зүйн 13 ном хэвлэсэн тухай жагсаалт түүхэнд тэмдэглэгджээ. Тэд нь ямар бичгээр байсан бэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Номын нөхөр, нэгэн хятад эрдэмтнээс табгач хэлээр, табгач бичгээр бичсэн нэгэн дурсгалыг П.Пеллио профессор хүлээж аваад байсныг нь үзсэнийгээ академич Л.Лигети табгач хэлний тухай өгүүлэлдээ тодорхой дурдсан байдаг.Үүнээс гадна “Вэй улсын бичиг”-т тоба нар 425 онд мянга гаруй тэмдэгт үсэг бүхий шинэ бичигтэй болсон гэдэг мэдээ байдаг нь тэд үүний түрүү ямар нэгэн бичигтэй байсныг давхар гэрчилнэ.   Дээр дурдсан зүйлийг нэгтгэн авч үзвэл өвөг монголчууд лавтайяа Хүннү улсын үеэс Төв Азийн нүүдэлчдийн нэгэн адил тамга маягийн “руни” бичигтэй байсан гэж үзэх үндэс бүрэн байна. Энэ бичгийг монгол туургатан олон аймаг, улс янз бүрийн хугацаатай уламжлан, язгуур монголчуудын тухайд “монгол бичиг”-тэй болтол их бага аль нэгэн хэмжээгээр хэрэглэсээр иржээ.   МЭ I зууны сүүлчээр Хүннү гүрний оронд Монголын түүхийн тавцан дээр зонхилох цэрэг-улс төрийн томоохон хүчин болж удаа дараа гарч ирсэн Сяньби, Муюн, Тоба улсууд болон тэдний захиргаан дор оршин амьдарч байсан Ухуань зэрэг овог, аймгуудын хэл, соёл, шашин шүтлэг, зан заншил нь хүннүтэй үндсэндээ бараг адил, олон талаар төсөөтэй байсныг эртний Хятадын түүхэн сурвалж бичгүүд, орчин цагийн судалгаа шинжилгээ улам бүр лавшруулан нотолсоор байна. Эдгээр улс, овог аймгууд нь мөн тухайн үеийнхээ хэрэгцээ, шаардлагад тохирсон бичгийн болон боловсролын өндөр соёлтой байжээ.   Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай, бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюуны соёлтой тодорхой байгаа юм. Тэд цөм бөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ёс суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил, ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм.   Сяньби угсааны аймаг, овгуудын дунд төр улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсээд мөн төр, бичиг хоёр дээр тулгуурласан оюуны утга соёл, өндөр түвшний эдийн боловсрол буюу материаллаг соёл бий болж, сяньби угсааны нүүдэлчдийн иргэншилт соёл хэмээх нүүдлийн иргэншил үүсэн хөгжсөн байна. Тэрхүү нүүдэл иргэншлийн бүрэлдэхүүнд төр ёс, бичиг үсэг, шашин шүтлэг, зан заншил, ёс суртахуун зэрэг гэгээн соёлын зүйлс цөм багтаж байв.   Нэлээд хожуу үе хүртэл хүннү, сяньби зэрэг Төв Азийн нүүдэлчин малчин овог аймгуудыг төр ёс, бичиг үсэгт иргэншилт соёлгүй, сайндаа л зөвхөн хүй нэгдлийн байгууллын эцсийн түвшинд байж өнгөрсөн мэтээр ойлгож дүрсэлдэг байсан юм. Харин сүүлийн үед Сяньби угсааны аймгууд аажмаар төр улс, засаг төртэй болсноор үл барам, бичиг үсэг, соёл буюу нүүдлийн иргэншилт соёл, өөрөөр хэлбэл нүүдэл иргэншилтэй болж хөгжин байсан нь илт харагдсан. Энэ асуудлыг тодруулахад Э.Блоше, П.Пеллио, Л.Лигети, Б.Ринчен, Х.Пэрлээ, Г.Сүхбаатар нарын зэрэг эрдэмтэд тус тусын нарийвчилсан судалгаагаар жинтэй хувь нэмэр оруулсан байна.   Анх Э.Блоше эртний түрэгүүд Хүннү, Сяньбигаас Жужанаар дамжуулан Орхон- Енисейн шаантаг үсэг хэмээх руни бичиг хэрэглэсэн гэсэн таамаглал гарган, дэлхийн олон эрдэмтэн мэргэжилтэн нарын өмнө дэвшүүлэн тавьсан байна. Дараа нь манай археологч нар Хэнтий, Хангай, ялангуяа Алтайн нуруунаас олон хадны зураг, тамга тэмдэг, үсэг бичгийн зүйл илрүүлэн олж, тэдгээрийн нэлээд нь Орхоны түрэг бичгийн зурлага бичээстэй адил төсөөтэй болохыг гярхай ажиглаж, тэрхүү бичгийг эртний хүннү нар анх Арамей үсгээс авч хэрэглэсэн байж магадгүй гэж үзэх болжээ /БНМАУ-ын түүх, I боть, 1966, 130 дахь тал/.   Сяньби угсааны аймгуудын бичиг үсгийн асуудлын тухай эртний Хятадын түүх сурвалжид янз бүрээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь сяньби нарыг хятад бичиг үсэггүй, бичиг мэдэхгүй гээд харин хүннү нарын нэгэн адилаар мод сийлж юм тэмдэглэдэг гэсэн байдаг, тэгэхдээ зарим сурвалжид сяньби нарыг мод сийлэх аргаар түүх судар маягийн зүйл бичиж тэмдэглэдэг хэмээн тодорхой заасан байдаг байна.   Эртний сяньби хэлний онцлог шинжийн талаар эдүгээ тодорхой мэдэх аргагүй боловч “Вей шу”, “Суй Шу” зэрэг хятадын түүхэн сурвалж бичгүүдийн дотор сяньби хэлний зарим үгс хятад үсгээр дам тэмдэглэгдэн үлдсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсаар иржээ. Дээр дурдсан сурвалж бичгүүдэд байгаа сяньби (тоба) хэлний үгсийг К.Ширатори, П.Бүдберг, Л.Базин, Л.Лигети зэрэг эрдэмтэд сонирхон судалж, баримжаалан уншсан нь тухайн хэлний талаар эдүгээ бидэнд мэдэгдэж байгаа гол баримт болж байна.   Их төлөв эрхэлсэн ажил алба, зэрэг тушаалын оноосон нэрс хийгээд төрөл садны холбоотой цөөн тооны үгсийг таамаглан уншсан эдгээр судалгаанаас сяньбичуудын хэл нь монгол хэлний нэгэн аялгуу болохыг баримжаалан мэдэж болно. Хятад үсгээр тэмдэглэсэн сяньби үгсийн дотор түрэг үгс цөөнгүй байна гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд үүнээс үндэслэн сяньби хэлний тоба аялгууг түрэг-монголын холимог шинжтэй байсан гэсэн дүгнэлт ч бас гарсан байна   Энэ нь угтаа түрэг, монгол угсаатнууд холилдон сууж байсантай холбоотой бус, харин алтайн хэлний үгсийн сангийн нийтлэг шинжтэй холбоотой бөгөөд сяньбийн аялгуу нь угтаа эртний монгол хэлний нэгэн аялгуу байсан гэдэг нь маргаангүй билээ. Мөн МЭ III-YIII зууны үед зүүн хойд төвдийн нутагт нүүдэллэн очсон сяньбичуудын нэгэн аймгийн хэл аялгууг (төвдөөр А-жа, хятадаар Тү-юй-хунь) монгол хэлний өөр нэгэн голомт гэж зарим эрдэмтэд үздэг боловч түүний онцлог шинжийн талаар эдүгээ бидэнд баримжаалан хэлэх ямар ч баримт байхгүй байна /Монголын соёлын түүх. Тэргүүн боть, 1999, 102 дахь тал/.   Хятад сурвалжид Сяньби зэрэг Төв Азийн нүүдэлчин аймгуудыг бичиг үсэггүй гэсэн нь чухамдаа гагцхүү хятад үсэг мэдэхгүй гэсэн үг болохоос биш, ерөөсөө ямар ч бичиг үсэг мэддэггүй гэсэн хэрэг бус юм. Эртний Хятадын “Вэй улсын түүх” сударт сяньби нарыг: “Мод сийлэн таних тэмдэг болгож, хол ойрын хэрэг явдлыг хүмүүст улируулан уламжилсан нь түүхч түшмэлийн тэмдэглэл мэт болсон байдаг” /Монголын соёлын түүх. Тэргүүн боть, 1999, 279 дэхь тал/  гэснээс үзвэл тэд ямарваа модыг зүгээр нэг хэрчин огтчин сийлдэггүй, харин утга санаа оруулан ойлгогдохоор зурж сийлэх бичиг үсэгтэй байсан байна. Хятадууд бас заримдаа сяньби нарын тэрхүү мод сийлэн тэмдэглэдэг байсан зүйлсийг “шүци” хэмээн тэмдэглэдэг байсан нь чухамдаа ном бичиг, бичиг баримт гэсэн утгатай байсан болохоор сяньби нар ямар нэгэн бичиг хэрэглэдэг байсан болох нь магадтай.   Түүхч Г.Сүхбаатар: “Сүмбэ нар мод сийлэн тэмдэг тэмдэглэж, хол ойрын хэрэг явдлыг түүхч түшмэлийн тэмдэглэл мэт болсон. Табгая Дао хаан 425 оны гуравдугаар сарын цагаан бичин өдөр...Цзюхуатан ордонд заларч анх шинэ үсэг мянга гаруйг зохиосныг болгоож үзээд зарлиг буулгасан нь: “урьд Юань эзэн хааны үед юм зохион бүтээхдээ Цан Цзед тушаан жигүүртэн араатны мөрийг дууриалган үсэг зохиолгосон амой. Түүнээс хойш цагийн улирлыг даган өөрчилсөнөөр тулгуур бичиг, завсрын бичиг, таталгаа бичиг, дүрэмт бичиг зохион бүгдийг нийтэд хэрэгжүүлжээ... Одоо зохиосон үсгийг нийтэд хэрэглэхээр холхи ойрход тараатугай... хичээнгүйлэн журамлахтун” /Г.Сүхбаатар. Монголын түүхийн дээж бичиг, 1992, 33-34 дэхь тал/ гэж бичсэн байсныг тэмдэглэсэн байна.   Дундад зууны үеийн Хятадын таван төрийн үеийн “Чжоу улсын түүх”-ийн 50-р бүлэг, “Умард төрийн түүх”-ийн 99 дүгээр бүлэгт Түрэгийн хаант улсын Орхон-Енисейн бичгийн тухай өгүүлэхдээ: “тэдний бичиг нь ху нарынхтай төстэй” /Г.Сүхбаатар, 1971, 107 дахь тал/ гэсэн байдаг байна. Ху нар гэж энд хүннү, сяньби нарыг хэлж байгаа бөгөөд тэгэхлээр тэд Орхоны түрэгийн шаантаг үсэгтэй төсөөтэй бичиг хэрэглэж байсан, тухайлбал урьдын цагт тэд нарын хэрэглэж байсан бичиг үсгийг Хүннүгээс сяньби нараар, магадгүй бас жужан нараар дамжуулан хожмын Орхоны түрэгүүд авч, боловсруулан хэрэглэсэн байж болно.   Модон дээр сийлэн бичдэг бичиг дэлхий дээр нэлээд хэдэн газарт байжээ. Эрт дээр үед Номхон далай дахь Пасхи арлынхан модон дээр сийлдэг бичигтэй байсан нь Европын колончлолын үед бүхэлдээ устгагдаад үлдсэн хориодын хоёр нь Санкт-Петербург дэх хүн судлал, угсаатны зүйн музейд хадгалагдан байгаа ажээ. Хүннү, Сяньби нарын үеэс эхлэн монгол угсааны улс аймгууд модон дээр үсэг сийлэн бичих явдал аажмаар ном бичгийг модон бараар олшруулан хэвлэх арга болж, манай үеийг хүртэл уламжлагдан ирсэн байна /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 279 дэхь тал/.   Түрэгийн руни үсгийн гарал үүслийн талаар судалгаа хийсэн зарим эрдэмтэд, тухайлбал, казахын эрдэмтэн Хаммутова үгүүлэхдээ: “Эртний Түрэгийн руни бичиг бол янз бүрийн зурагнаас, өөрөөр хэлбэл зураг бичгийн тэмдгүүдээс үүссэн болохыг дээр өгүүлсэн жишээ харуулж буй нь ямар ч эргэлзээгүй... Үсүнь нарын (ер нь Долоон голын түрэгчүүдийн) бичиг нь Үсүнь, Кангюй аймгуудын холбоо байх үеэс, өөрөөр хэлбэл манай эринээс бүр өмнө байсан юм” /Хаммутова А, 1969, 147 дахь тал/ гэжээ. Үүнээс үзэхэд Үсүнь зэрэг Казахстан дахь өвөг түрэг угсааны аймаг, овгуудыг эрхшээл нөлөөндөө оруулж, удтал захиран байсан Хүннү гүрэн руни бичигтэй байсныг түүний дараах сяньби нар өвлөн авч хэрэглэн байсан явдал магадтай болж байх бөгөөд чухамхүү тэрхүү бичгийг хятадууд ху бичиг хэмээж байсан нь илт харагдаж байна. Сяньби улс тийнхүү ху-гийн бичиг хэмээх руни үсэг хэрэглэж байсан болохоор түүний удмын ухуань, дуань, түгүхүнь, юйвынь, муюн, тоба мэтийн өвөг монгол угсааны аймгууд мөн их, бага аливаа байдлаар хэрэглэж байсан нь мэдээж хэрэг. Сяньбийн дараа Муюн, Тоба, Түгүхүнь улсууд ху-гийн руни бичгийг ихээхэн өргөн дэлгэр хэрэглэх болж байсан бөгөөд өмнө дурдсанчлан Хүннү гүрэнд, түүнчлэн бас Тоба улсад бидэчжэнь (бичээч, бичээчин) цолтой түшмэд байдаг байжээ.   Бичиг үсэг нэвтэрхий сайн мэдэх хүн их чухал байсны улмаас бичиг хэрэг эрхэлсэн тусгай түшмэд байлгах хэрэгтэй болсон байна. Тэхдээ Хүннү, Сяньби, Тобагийн үед бичээч хэмээх үг бидэчжэнъ гэж ч нь д-гээр дуудагдаж байсан явдал уг үгийн дуудлагын нэн эртний хэлбэр юм. Эрт дээр үед Алтай язгуурын зарим хэлэнд бичиг хэмээх үгийн эхний үеийн “бич” нь “бидэ”, “бит” гэх мэтээр дуудагдаж байгаад манж хэлэнд “бит” хэвээр үлдэж, монгол хэлэнд “бич” болж хөгжсөн байна. Ерөөс бидэчжэнь, битхэ, бичиг хэмээх үгсийн язгуурын үүсэл нь Энэтхэг-Европын зарим хэлэнд ч байдаг, ялангуяа Урал-Алтай хэлний бит, бич, биц (бяц) хэмээх үгс мөн богөөд цөм цохих, нүдэх, сийлэх гэсэн утга агуулсан байдаг байна.   Зураг бичиг (пиктограмм), дүрс үсэг (иероглиф), санаа бичиг (идеограмм) цөмийг эрт дээр үед яс, мод, чулуу, хүрэл, төмөр дээр цохих, нүдэх, сийлэх аргаар бичиж байсан юм. Ху-гийн бичгийг ч мөн тэгж бичиж байсан бөгөөд модыг олоход харьцангуй элбэг, огтлох, тэгшлэхэд хэцүү үгүй, түүн дээр аливаа зүйлийг цохиж нүдэн сийлэхэд хялбар учир Хүннү, Сяньби тэргүүтэй Төв Азийн өвөг монгол угсааны улс аймгууд бичиг бичихэд түүнийг голлон хэрэглэдэг байжээ. Тийм учраас тийнхүү модон дээр бичиг үсэг сийлэхийг хятадууд мод сийлж юм тэмдэглэдэг байв хэмээн түүх судартаа өргөнөөр тусган үлдээсэн байна. Хэрэв эрт дээр үеийн түүх сурвалжид ядаж тийм байдлаар ч гэсэн тусган тэмдэглэж үлдээгээгүй байсан бол хүннү, сяньби нар руни бичигтэй байсныг мэдэж авах байтугай ерөөс бичиг үсэгтэй байсныг нь мэдэх, нотлох арга бараг байхгүй байх байсан юм /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 281 дэхь тал/.   Муюн, Тоба улсууд, ялангуяа тоба нар руни бичиг соёлын хувьд илүү амжилтанд хүрсэн байна. Францын эрдэмтэн П.Пеллиод тоба хэл бичгээр бичсэн зүйлийн 60x50 см хэмжээтэй дардас хуулбар байсан гэдэг боловч тэр нь хаана ч, юунд ч хэвлэгдсэнгүй байсаар өнгөрсөн ажээ. Муюн, тоба, түүнчлэн түгүхүнь нар Умард Хятадыг эзлэн Янь, Юань Вэй улсуудыг байгуулсны дараа бас хятад боловсрол олж, багагүй амжилтанд хүрч байжээ.   Түүх сударт түгүхүнь нарыг бичгийн боловсрол, эрдэм соёлоор сайтай байв хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед Түгүхүний хаад, ноёдын ярилцаж байсан зүйлээс үзэхэд тэдний зарим нь хятад боловсрол эзэмшсэн, Күнзийн сургаал сэлтийг нэлээд сайн мэддэг байсан байдал ажиглагдаж байгаа юм. Дээрх улсуудын дараа Монгол нутаг дэвсгэр дээр бие даан гарч ирсэн соёл, зан заншлын хувьд өвөрмөц хүчирхэг улс нь Жужан юм. Жужан нар соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ урагш ахисан байжээ.   Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, Жужан нар хоорондоо хэл авалцах хийгээд харь улс оронтой харилцахдаа бичиг хэрэглэдэг байжээ. Хятад сурвалжид, Жужанчуудад бичиг тэмдэглэл байдагггүй, цэргийн жанжин нь хонины хорголоор цэргийнхээ тоог бүдүүвчлэн тооцдог байв. Хожим мод сийлэн, тэмдэглэл хийхийг сайн мэддэг болсон, Жужанд улсын засгийн явдал эгэл хялбар, ном зохиол мэддэггүй, мод сийлэн хэрэг явдлыг тэмдэглэдэг байв. Харин яваандаа бичиг мэддэг болсон. Эдүгээ эрдэмтэн хүмүүс олон буй гэх мэтээр өгүүлжээ.   Сурвалж бичгүүдийн дээрх мэдээнээс үзвэл, тэд ямар ч байсан бичиг үсэг хэрэглэж байсан аж. Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн, В.С.Таскин, А.Колауц нарын эрдэмтэд ч Жужан нарыг бичигтэй байсан гэж үзсэн билээ. Сүүлийн үеийн судалгаагаар, Жужанаас өмнөх Хүннү, Сяньби нар бичиг үсэгтэй байсан гэж байгаа болохоор энэ уламжлал Жужаны үед ч байх учиртай. Харин тэд чухам ямар бичигтэй байсан тухайд эрдэмтдийн санал нэгдмэл бус байна. Ямар боловч дээр өгүүлснээр тэд мод сийлэн тэмдэглэл хийхийг сайн мэддэг, өөрөөр хэлбэл, тухайн үед бусад оронд байсны нэгэн адил тусгай модон дээр сийлэн бичиж, тэмдэглэл хөтөлдөг байсан бололтой.   Харин модонд сийлэн тэмдэглэдэг өөрсдийн тэр бичгээ яваандаа орхисон уу, хятад бичигтэй хамт зэрэгцүүлэн хэрэглэж байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Юу боловч тэд гадагш харилцахдаа, хятад бичиг ч хэрэглэж байсан бололтой. Жужаны хаанаас 408, 481 онд Өмнөд Ци улсын хаанд, 508 оны 8 сард Тоба Вэй улсын хаанд тус тус албан бичиг захидал илгээж байсан.   V зууны дунд үед Тобагийн хаан Ху Соу, Цзун Шу гэх хоёр түшмэлдээ, хятад болон жужаны бичгээр тунхаг зохиох зарлиг буулгаж байсан ажээ /Г.Сүхбаатар. Монгол Нирун улс, 118 дахь тал/. Хятад зэрэг харь оронд Жужан нарын илгээсэн бичиг захидлууд нь Хятад бичгээр бичсэн байсан гэж олонх судлаачид үздэг.   Жужан улс эрдэмтэй хүн олонтой, тэднийг бусад улс орны мэргэд ч мэддэг, харилцдаг байсан аж. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр, Жужаны төрийн сайд Силинь нь зурхай зурж, тооцоолон бодож чаддаг, мэрэг төлөг мэддэг, хятад болон бусад харь хэлээр хэрэг хэлэлцдэг хүн байсан гэдэг. Мөн Жужаны төрийн хэргийн сайдын дэргэд бичиг хэрэг эрхэлсэн тусгай түшмэл ажиллаж байсан мэдээ байна.   Сурвалжид өгүүлснээр, таван ухаан, даосын увдисыг сайн мэддэг Энэтхэг лам Ратнаманти (Лэйнаманьти) Хятадын Лоян хотод хүрэлцэн ирсэн хуучны танил нэгэн Жужан хүнийг “Түмэн хуйлаас ном уншсан хүн ч давж үл чадах эрдэмтэй хүн” хэмээн хүндэтгэж, харь (хятад биш) хэлээр өдөржин ярилцан суудаг байсан ба үүнийг харсан бардам хятад түшмэд өөрийг нь тоож үл ярилцах атлаа энэхүү умард зүгийн бүдүүлэг хүнтэй ихэд элгэмсэг буйд атаархажээ. Тэгээд хэн нь чавганы модны боловсорсон ба эс боловсорсон үрийн тоог зөв тооцоолон гаргаж чадахаа үзэхээр мориороо мөрийцжээ. Чингээд Жужан хүн бүсэн дэх ширэн хавтганаасаа таван өнгийн утас сүвлэн, сувд хэлхэсэн нэгэн дэнсэрхүү зүйлийг гарган ирж, чавганы модыг хэдэн тийш хэмжин үзээд нүдээ анивчин бодолхийлснээ үрийн тоог хэлж мөрийгээ авсан гэдэг /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 309 дэхь тал/.   Эндээс тэрхүү эрдэмтний чадал ухаан ямаршуу байсан нь харагдана. Тиймээс ч түүний алдар олны дотор цуурайтан түгж, шагшин биширцгээсэн ба шаштирт тусгайлан тэмдэглэж үлдээжээ. Жужаны хаант төрийн оронд Түрэг угсааны хэд хэдэн хаант улсууд гарч ирсэн бөгөөд тэдний дотор ихээхэн нөлөө үзүүлсэн нь монгол нутаг дэвсгэр дээр өөрийн бичиг, соёлын арвин их дурсгалыг үлдээсэн Түрэгийн түрүү болон хожуу үеийн хаант улс юм. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг үргэлжлүүлэн хөгжүүлж эдийн болон утга соёлын арвин их өвийг үлдээжээ. Тэдний соёлын хамгийн гайхамшигт ололт бол “Орхон-Енисейн бичиг” хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэж төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн явдал болно. Түрэгүүд хэдийгээр Хятад мэт эртний хөгжилт улс оронтой хөрш зэргэлдээ нутаглаж соёлын ололт амжилтаас нь багагүй зүйлийг авч хэрэглэсэн боловч нүүдэлчдийн ахуй орчин, өвөрмөц онцлогт яв цав нийцэж оюуны хэрэгцээ шаардлагад бүрэн тохирсон өөрийн бичиг үсгийг зохиосон нь нэн том дэвшил болжээ.   Түрэгийн руни бичиг хаанаас гаралтай болох талаар эрдэмтдийн дунд нэгдсэн санал үгүй байна. Ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь эртний арамей бичгийн салбар болох согдын бичиг үсгээс үүсэлтэй гэдэг / Кляшторный. С.Г, 1964, 47 дахь тал/.Гэтэл үүний зэрэгцээ руни бичиг нь Төв Азийн нүүдэлчдийн дунд эртнээс уламжилж ирсэн овог аймгийн тамга тэмдэг, мод хэрчиж хэрэг тэмдэглэх арга зэргээс уламжлан үүссэн гэж үзэх эрдэмтэд ч бий /Киселев.С.В, 1951, 285 дахь тал/. Үүнээс үзэхэд “Орхон-Енисейн бичиг” нь зөвхөн гаднаас бэлэн зээлдэж авсан бус харин орон нутгийн хуучин уламжлалд тулгуурлан гарч ирсэн нь тодорхой ажээ.   Уг бичиг үүссэн цаг хугацаа болон орон нутгийн асуудал ч эрдэмтдийн анхаарлыг татдаг билээ. Нэлээд хожуу үеийг хүртэл, Долоон мөрөн, Енисей орчмын нутаг дахь руни бичгийн дурсгалыг хамгийн эртнийхэд тооцож байсан бол сүүлийн үес манай улсын Дорноговь аймгийн нутаг Чойроос олдсон нэгэн хүн чулуун дээр бичсэн бичгийг хамгийн эртнийх гэж үзэх болов. Энэхүү дурсгал 688-691 оны үед холбогдох юм /Кляшторный.С.Г, 1964, 47 дахь тал/. Үүнээс үндэслэн түрэгийн руни бичиг нь Төв Азид, тэр тусмаа Монгол нутагт анх үүссэн хэмээх үзэл баримтлал бий болжээ /Кормушин. И.В, 45-47 дахь тал/. дурсгалуудын олдож байгаа байршил ч үүнийг нотолдог юм. Энэхүү бичиг VII зууны хоёрдугаар хагаст үүсч улмаар XII зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд энэ нь аль нэг нутгийн чанартай үзэгдэл биш харин нийт түрэг овогтны тархан нутагласан бүх газар нутагт түгэн тархсан байжээ /Степи Евразии в средневековую эпоху, 1981, 42 дахь тал/.   Эдүгээг хүртэл түрэгийн руни бичгийн дурсгалыг олон орны эрдэмтэд сонирхон судалж орос, монгол, герман, англи, фин, турк зэрэг олон хэлнээ орчуулаад байна. Жил ирэх тутам энэхүү бичгийн дурсгал шинээр нэмэн олдсоор ирсэн ба одоо манай улсын нутгаас нийт тавь гаруй руни бичээс олдоод байна. Эдгээрийн дотор Билгэ хаан, Күль-Тегин, Тоньюкук, Моюнчур хаан зэрэг нэр цуутай хаад язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний бичээс буйгаас гадна бусад их бага олон тооны бичээс ордог. Түрэгийн руни бичгийн дурсгал нь тусгайлан зассан гэрэлт хөшөөнөөс гадна байгалийн ерийн хад чулуун дээр, барилгын ханын шаваас дээр, зоос мөнгөн дээр, судар номын баринтагийн тээг чулуун дээр бичсэн зэрэг олон хэлбэрээр олдож байна.   Төв Азийн нүүдэлч ард түмний утга соёлын нандин дурсгал болох руни бичгийн утгыг тайлан уншиж тэдний түүхийг сэргээн тодруулах ажилд дэлхийн олон орны эрдэмтэд хүч оюунаа зарцуулж ирсэн бөгөөд монголын судлаачид ч өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулах болжээ. Руни бичиг үсгийн дурсгал нь нүүдэлчид өөрсдийн оюун сэтгэлгээ, ур ухаанаар төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн биет баримт болохын хувьд эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой бөгөөд түүгээр ч барахгүй эдгээр нь зөвхөн түүхэн сурвалж төдийгүй Алтайн хэлний хөгжлийг судлах, монгол, түрэг хэлний харьцуулсан судалгаа хийхэд чухал хэрэглэгдэхүүн болохоос гадна эртний нүүдэлчдийн яруу найраг, уран зохиолын үнэт өвийн тоонд зүй ёсоор ордог билээ.   YII зууны дөчөөд онд Зүүн Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний газар нутаг дээр Уйгарын хүчирхэг нүүдэлчин гүрэн тогтжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм-эдийн засаг, соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ. Уйгурууд Монгол нутагт оршин тогтнож байсан олон аймаг улсын дотор нэлээд дээгүүр соёлтой байжээ. Тэдний соёлын хамгийи том ололт бол бичиг үсэгтэй болж, албан бичиг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастирын зүйл өргөн хэмжээгээр орчуулан туурвих болсон явдал юм. Ингэхдээ Согдын лам нарыг авчирч шашны ном судар орчуулуулж байжээ. Уйгарын эрхшээлд байсан Монгол болон бусад олон аймгууд тэдний бичиг үсгийг авч, тэдний олон үг монгол хэлэнд орж ирсэн байна. Монголын түүхч Зава Дамдин төвдөөр бичсэн “Монголын түүх” зохиолдоо Чингэс хааны үеэс даруй 700 жилийн урдаас монгол, уйгар, согд нар их ойр харилцаатай байсныг дурдаад: “Согдын мэргэн багш нар Уйгар хийгээд Монголчуудад үсэг бичиг унших ба бурхны дээд зарлигуудыг өөр өөрийн хэлээр орчуулах ёсыг үзүүлж сургав. Бас Согд нар Энэтхэг орноос бурхны номыг Монгол оронд залж ирсэн бөгөөд энэ шалтгаанаар номын хэлэнд энэтхэг, уйгар, монгол үг холимогоор оршсоор байна” /Л.Чулуунбаатар. 47 дахь тал/ гэжээ. Уйгурууд анхандаа түрэг бичиг буюу “Орхон-Енисейн бичиг” хэмээх бичгийг хэрэглэж байжээ.   Тэр үеийн дурсгалын тоонд, “Сэлэнгийн бичээс” хэмээн алдаршсан Могойн шинэ усны гэрэлт хөшөө, мөн үүнээс холгүй оршиж байсан “Сүүжийн бичээс” хэмээн алдаршсан дурсгал, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь “Тэрхийн бичээс”, Хөвсгөл аймгийн “Тэсийн бичээс” зэрэг бичиг үсгийн томхон дурсгалууд орно.   Түүнчлэн Уйгурын нийслэл Хар балгас хотноо буй, одоо эвдэрч ихэнх хэсэг нь устсан түрэг, согд, нангиад гурван хэлний бичээст аварга том хөшөө тэр үеийн утга соёлын үнэт дурсгалын тоонд зүй ёсоор ордог байна. Уйгурууд Түрэгийн харьяанаас гарч өөрийн төр улсыг байгуулсанаас хойш бусад улс оронтой өргөн харилцаж соёлын нөлөөгөө түгээхийн хамт тэдгээр орны соёлын дэвшлийг тусган авч байжээ. Тухайлбал, дээр дурьдсанаар Дундад Азийн өндөр соёлт согд нараас бичиг авч өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нъ түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршжээ.   Энэхүү бичиг нъ Уйгур улсын үндсэн бичиг болж дэлгэрээд хожмын үед түүгээр олон зохиол бичиж, орчуулж байсны зарим нь бидний үед хадгалагдан хүрч иржээ. Үүний жишээнд Увс аймгийн Улаангом хотын ойролцоо олдсон Долоодойн хөшөө хэмээх дурсгалыг дурдаж болно. Уйгур бичгийг, тэдний бүрэлдэхүүнд орсон түрэг, монгол угсааны зарим аймаг хэрэглэж байсан бөгөөд улмаар Их Монгол улсын албан бичиг болсон юм. Уйгур бичгээр дамжин олон тооны үг Монголд нэвгэрсэн нь “ном”, “дэвтэр” хэмээх согд үг, “судар”, “эрдэнэ”, “шүлэг”, “бадаг” зэрэг энэтхэг үг, “сүм”, “суварга”, “билэг”, “хөрөг”, “эрдэм” гэх зэрэг уйгур үгс болно. Манай нутагт уйгур бичгээр бичиж үлдээсэн дурсгал үүнээс гадна Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхир чулуу, Бичигт булан, Хотонт сумын Хар балгасны П бичээс, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Хайрханы бичээс, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Тэсийн бичээс гэх мэт дурсгалуудад байна. Otgoo  

Хуудаснууд

Subscribe to Үндэсний соёл