logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

Монгол үндэсний хувцсаа эрхэмлэхийн учир

Эртнээс уламжлагдан ирсэн Монгол үндэсний хувцас, хэрэглэл нарийн утга учрыг агуулж байдаг. Монголчуудын хувцас, эдлэл нүүдлийн соёл иргэншил, амьдрал ахуйд нэн зохицсон байхаас гадна төр улсын тусгаар тогтнолыг бат бөх ирээдүй хойч нь гэрэлтэй байхыг билгэддэг байжээ.   Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. Эдгээр зан үйлийг бөө мөргөлийн ёс жаягтай холбон тайлбарлах нь бий. Орчин цагт Монголчууд бид тоотой хэдхэн баяраар үндэсний хувцсаараа гоёдог. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох. Тиймээс үндэсний хувцасны талаарх мэдээлэл хүргэе. Мандах төрийн малгай Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж.   Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.   Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно.   Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.   Тэгш төрийн дээл Ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дүрсэлснийг үзвэл Монгол хувцас балар эртнээс үүсчээ.   Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна.   Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.   Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожимоо халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэн тул эмэгтэйчүүд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ.   Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчилэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билгэдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм. Бүтэх төрийн бүс Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.   Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүслэдэг нь гурвын тоон билгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ.   Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ.   Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг "бүсгүйчүүд" гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлний бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ.   Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.   Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзснийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ. Түших төрийн гутал Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.   Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.   Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ. Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад Монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчуул хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг байв.  

​Халимагуудын үр хүүхдээ өсгөх өвөрмөц заншил

Халимагийн тухай хуучны материалуудыг уншиж суухдаа би заримдаа маш сонирхолтой хийгээд одоо бараг мартагдсан олон зүйлийг олох юм. 1879 онд польш гаралтай Оросын стаситикч Бентковскiй I.В. "Ставрополь мужаар нүүдэллэн амьдардаг халимаг, ногойчуудын хүүхдээ хэрхэн өсгөдөг тухай" гэсэн нийтлэл хэвлүүлжээ. Энэ нийтлэлийнхээ төлөө тэрбээр Эзэн хааны Шинжлэх ухаан, антропологи, угсаатны зүйн нийгэмлэгийн хүрэл медалиар шагнуулсан байна. Тус нийтлэлд Ихдөрвөд улсын халимагуудын хүүхдээ хэрхэн өсгөдөг талаар өгүүлсэн ч үнэндээ XIX зууны сүүлчээр амьдарч байсан бүх халимагуудад хамаарах юм. Бентковский хүүхэд төрөхөөс эхлээд бүх зүйлийн тухай тун тодорхой бичсэн аж. "Тэдний амьдрал төрөхөөс нь авахуулаад нэмэх 25° хэмээс хасах 20° хэмийн хооронд байх цаг уураас хамаарч байдаг. Гэвч жилийн аль ч улиралд тэдний арьсандаа хийх арчилгаа нь нэг хэвийн юм. "Жилийн аль ч улиралд төрсөн бай хүүхдийг эхлээд давс, хүжтэй бүлээн усанд (утлаганы хүж юм болов уу сайн ойлгосонгүй... зохиогч) угаана. Хүж байхгүй бол түүнийг утлага, арцаар орлуулдаг. Хүйсийг нь тайрч боосны дараа хурдан эдгээхийн тулд шинэ тос, эсвэл сүүлний өөхөөр тослодог. Мөн тулганыхаа аргалын үнсээр хүүхдийн арьсыг арчина. "Халимагууд дөнгөж төрсөн хүүхдийг даавуунд ороож мөчийг нь тэгшилдэггүй. халимагууд майга хөлтэй байдаг нь бидний бодлоор тэдний хүүхдээ арчлах арга өөрөөс тэр болов уу" Мөн халимагийн - үлгэ (өлгий)-ний тухай их тодорхой бичсэн байна. Халимаг өлгий. Хажуу талаар нь (ABCD) эсгийгээр бүрсэн байдаг, баячууд нь цэмбээр. AC талаар нум гаргаж эсгийгээр бүрсэн, харин GD шугамаар эсгий юм уу цэмбээр өлгийг бүхэлд нь хучна. EF нь цорго, Е талаас эсгий, цэмбээр хучна. Цоргоны ёроолд "Тавик, тавг" буюу шээс тосох сав байна. Бентковскийн 1879 оны нийтлэлдээ оруулсан зураг. Өлгийний доод талд эсгий ширдэг тавьж дээр нь хүүхэд хэвтэх хурганы арьс тавьсан байна. Хүүхэд хөлөөрөө цоргыг хавчсан байх агаад ийн байхдаа нүх рүү шээдэг. Өлгийний бүтэц түүнийг ганхуулах боломжгүй болгосон байдаг ажээ. Зун хүүхэд бөөстөж тайвширч чадахгүй байвал бугуйлаар дүүжин хийгээд гэрийн тэрм хананаас дүүжилж орхино. Хүүхдэд эхийнх нь хөхнөөс гадна хонины сүүл хөхүүлдэг. Энэ нь цөс хөөдөг гэж үздэг. Заримдаа банди нарт чононы өөх хөхүүлж ингэснээрээ түүнийг эр зоригтой болно гэж үздэг тал ч бий. Хүүхдийг хөхөөр хагас жил орчим хөхүүлээд бор хоолонд оруулж махны шөл, будан (тосонд хуурсан гурилтай шөл), халимаг цай, мах өгдөг. Мөн яс мөлжүүлж сургадаг байна. Мөн зохиогч буудайн талх хоолонд нь бараг байдаггүй хааяа оросуудаас авдаг байсан гэж тэмдэглэжээ. Хагас жилийн дараа дандаа авахуулж байдаг орос хүүхдүүдийг бодвол халимаг жаалууд мөлхөж эхлэх бөгөөд ээжийнхээ зүүн талаас зүүгдэж байдаг. Ингэхдээ тэд бас хоёр хөлөөрөө эхийгээ хавчиж байдаг. Ингэж өлгийдөө цорго хавчиж, эхдээ үүрүүлж байхдаа Бентковскийн бодлоор хөл нь О маягтай дугуйрч майга болдог гэнэ. "Хүүхэд сууж, мөлхөж, алхах нь зуны цагт бол ойлгомжтой хэрэг. Харин өвөл цагт хүүхдийн өөрийн дураар хийх хөдөлгөөн хязгаарлагдмал. Сүүлчийн тохиолдолд хүүхэд нэг ойтой эсвэл зургаан сартайдаа алхаж сурдаг. Ер нь энэ чадвар хүүхдэд өөрт нь аяндаа суудаг. Учир нь, халимаг эмэгтэй гэрийн ажилдаа дарагдаад тэдэнд үргэлж анхаарал тавих завгүй байдаг. Энэ тухайд “Байгаль өөрөө халимаг эхчүүдийн цорын ганц туслах бас хүүхдийн багш юм. Халимагууд хүүхдээ 6 нас, заримдаа 8 хүртэл нь хувцасладаггүй. Охид харин энэ насандаа шалбуур өмд өмсөх ч цамц бол арай гангадна гэж үзнэ. Зун хагас нүцгэн, эсвэл бүр нүцгэн хүүхдүүд гүйлдэж байдаг бол өвөл яг л тарвага шиг эцэг эхийнхээ хувцасанд нуугдаж, цуван доогуур шургаж эсвэл ердөө тулгаа тойрч суугаад дулаацаж хомсхон зутан ууцгаана. Уудам тал шигээ эрх дураараа, зуны салхи шиг хөнгөхөн, гэрийн амьтан шиг төлөв даруу халимаг хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн хөнгөхөн хоол, цаг уурын хамгийн эрс өөрчлөлтөд дасан зохицож тэсвэр тэвчээр, хатуужил суусан байдаг". Үүнийгээ баталж зохиогч өөртөө тохиолдсон хоёр учралыг бичжээ.   1. Нэг удаагийн аяллаараа нэгэн ядуухан гэрийн хажууд зогсоод галд ээж байгаа нүв нүцгэн хөвгүүнийг харсан байна. Буцах замдаа тэр гэрээр орж хүүд цамц бэлэглэжээ. Хэсэг хугацааны дараа мөнөөх хот айлдаа зочилж тэр хүүтэй таартал бас л шалдан байж. Яагаад цамцгүй байгаа юм бэ гэж асуухад ээж нь "Би цамц оёод өгдөг ч тэр өдөр нь урчихдаг. Цамц өмсөхөөрөө даараад байна гэдэг юм" гэжээ. 2. Гурван сарын эхээр, мэдэхгүй зам дээр 22 настай замч, халимаг залуугийн хамт хонох газраа хүрч чадалгүй шөнө болгожээ. Цас хэдийнэ орж, шөнөөр цэлмэг байсан тэнгэр гэнэт хар үүлсээр бүрхэгдэж, аянга цахилгаантай бороо цутгаж эхэллэх нь тэр. Бараг цаг орчим яваад очих газраа хүрэхгүйгээ мэдэж талд хоноглохоор болжээ. Бентковский сүйхдээ үлдэж, өөрийгөө цув, шүхрээр халхалж, харин халимаг залуу бүх хувцасаа тайлж сүйхэнд шургуулж хаячихаад өөрөө нүцгэн тэргэн доор ороод хэвтчихэж гэнэ. Бороо шөнөжин шивэрсэр үүр цайлгав. Харин замч залуу шалбааг дотор шүдээ тачигнатал чичрэн байсан гэнэ. Санаа нь ихээр зовсон Бентковский түүнийг сүйхэнд орж суухыг урьсан ч өнөөх нь зөвшөөрсөнгүй. Харин үүр цайхад халимаг залуу босч сүйх дотроос хуурай хувцасаа гаргаж өмсөөд ганц аяга архи татаад дулаацаж орхив. Морьдоо хөллөж аваад тэд замаа үргэлжлүүллээ. Залуу хоёр дахь аяганы дараа хөгжилтэй болж хэрэв хувцасаа тайлж унтаагүй бол нойтон хувцастай ханиад хүрэх байсан хэмээн хүүрнэжээ. Ингээд халимагийн тухай өгүүллийнхээ төгсгөлд зохиогч "Халимагийн хүмүүжүүлэх арга барил, түүний ойлголт ийм юм. Энэ арга барил мэдээж дэндүү гэмээр хатуу чанга, гэхдээ ийм үр дүнд хүрэхэд биеэ чангаруулах өөр арга барил байхгүй" хэмээжээ. Би ч гэсэн одоо Халимагт "Кировский" компанид мал маллаж байгаа монголчууд дээр очсоноо санаж байна. 2012 оны 11 дүгээр сар. Арай ч өвөл болоогүй, нэмэх хэмтэй байсан ч талын хүйтэн салхи гурван давхар хувцсыг нэвт үлээж байлаа. Харин энэ хүйтэн салхинд дан цамцтай гүйж байгаа жаалууд намайг их гайхшруулсан юм. Дөнгөж саяхан миний хүүхэд эм тариагаар бөмбөгдүүлэн байж эмнэлгээс гараад арай гэж эдгэрч, салхинд цохиулахгүйн тулд хүрэм өмсүүлж зузаан шиг хувцаслаад байлаа. Би өөрөө ч хэд хоногийн өмнө халуурч бүлээрсэн учир зарим нэг нөхөд шигээ хөнгөхөн хувцаслаагүй байсан юм. Энэ бүхнийг бодолцсон ч манай монгол ахан дүүсийн хүүхдүүд миний дотор бяцхан зөрчил үүсгэв. “Эд арай л нимгэн хувцасласан юм биш үү?” гэж асуухад Эцэг нь "Аа зүгээрээ, тэд өвдөхгүй” гэсэн юм. Өнөөдрийн монголчуудын хүүхдээ өсгөж буй арга нь XIX зууны сүүлч үеийн Европын ойрадуудаас ялгарах юм байхгүй. Гэхдээ XIX зууны Европын ойрадаас XXI зууны эхэн үеийн Европын ойрадууд тэс өөр болсон билээ. Хойт Санжи.  

​Гал тахих ёс

Гал тэнгэрийг үүсгэж залах Үд шийн цагаан гэгээ тасарч харанхуй болон анхны од түгмэгц гэрийн эзэн хэт цахин гал гаргамагц уугисан уулыг гэрийн эзэгтэй тосч авч үлээгээд, сэвж хөгжөөн галаа ноцооход гэрийн эзэн цартай өвчүүг хоёр гардан авч, үүдний дотор талд дэвссэн шинэ толог цагаан эсгийн дээр гадагш хандан зогсоод,гурьан удаа хурай хурай хурай гэж нэр зөв хурайлаад, эргэж галруу харан бас гурван удаа хурайлан дусаал хэмээх тахилгын цацалыг адислуулан, гал тэнгэрийн билгүүн дүрсийг үүсгэн дүрсэлж, гал тэнгэрийн заллага айлтгадаг. Энэ үед галын сан уугиж байх бөгөөд лам галын сангийн судар уншиж байдаг. Гал тэнгэрийн билгүүн дүр хийгээд хувилгаан, гэгээн,хийсгэлэн дүрийг дүрслэн өгүүлж,гал тэнгэрийн нөхөд лүгээ сэтгэлийг урин дуудаж ариун тахил өргөхийг амлаад, эртний тангаргтйг нь дуртган,эгээрэл хүслийг маань бүтээж өгөхөөр энд өөд болон заларч ирнэ үү? гэж асралт гал тэнгэрт хандсан агуулгатай галын заллага айлтгана. Галын заллага Айлдах энэрэхийн хотол төгссөн Амирлангуй тогшин элдэв хувилгааныг үзүүлэгч Асралт гал тэнгэр нахад лүгээ сэлтийг Ариун тахил өргөхийн тулд энд урин залмой Энэлэгт орчлонгийн амьтан бүхний Эрсэн хамаг тусыг бүтээсүгэй хамээн Эрт цагт айлдсан тангаргаа дуудаж Эдүүгээнээ орноо өөд болон соёрх гэж заллага айлтгаад есан хүж унгатгаж өдчүү нь дээр хатгаад тулганы өмнө тавьж архи, амсыг тулганы дөрвөн зүгт тавиад мөргөл үйлддэг. Гал тэнгэр нөхөдтэйгөө энд ирэгтүн гэсэн гол өгүүлбэрийг тодотго үгийн чимгээр утга төгс найруулан холбож, гал тэнгэрийн дүрийг амьдчилан бүтээгээд, эрдэм чадал, рид хувилгаан асрал нигүүлсэл, андгай тангарагтан болгож, бадаг бадгаар өлмий тааруулан шүлэглэж, толгой холбон зохиожээ.  

​ХӨХ ГОРЬДОЖ, ХӨХНИЙ ТОЛГОЙ ХАГАРАХ ҮЕД ХЭРЭГЛЭДЭГ АРДЫН АРГААС

Жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд тун яльгүй зүйлд горьдож хөх нь хавддаг. Эмнэлгийн хэлээр мастит гэнэ. Хөхөнд сүү орохоос эхлээд, хүүхэд нь өлсөж буй эсэхийг эх хүн зөнгөөрөө мэдэрдэг нь мэдрэлийн их нарийн процесс явагдаж буй хэрэг. Тиймээс хөхүүл эх горьдох төдийд сүүний булчирхай цочирч, сүүний урсгал саатан түгжирдэг гэсэн үг. Тухайн эхийн сэтгэл хөдлөлийн байдал, зан чанараас хамааран хөхний хавдар их, бага, эсвэл амархан горьдоо нь гарах эсэх хамаарна. Ихэвчлэн горьдоог нь тайлсны дараа бараг өргөс авах мэт илааршдаг. Хэрэглэж заншсанаар бол горьдоосон хүн нь ямар нэг байдлаар хуурвал үр дүн нь илүү сайн. Энэ нь горьдсон эх уг хүнээс л горьдоог арилгах хууралт ирнэ хэмээн хүлээлт үүсдэгтэй холбоотой. Горьдоог даруйхан гаргахгүй удваас сүүний суваг дахь түгжрэл нэмэгдэн сүү нь өтгөрч улмаар буглах нь бий. Ялангуяа залуу эхчүүдийн хувьд хүүхэд хөхүүлэх бэлтгэл хөхөндөө сайн хийж амжаагүй байгаа бол хөхний толгой хагарч, шархалдаг. Уг шархаар идээлүүлэгч нян нэвтэрч орох боломж байнга бий болдог юм.  Хүүхдээ хөхөөр хоолох эх үрийн хоорондын холбоог улам зузаатгаж эх хүнд их жаргалыг авчирдаг. Тэгэхдээ хөхүүл эмэгтэйчүүд горьдохоос авахуулаад хүүхдээ хөхүүлэх боломжийг хязгаарлах бэрхшээл их тулгардаг. Үүний нэг нь яах аргагүй хөхний үрэвсэл буюу мистит. Хөхний үрэвсэл, хөхний товчинд үүссэн хагарал, шалбархай сүү дамжуулах цоргоор өвчин үүсгэгчид нэвтэрч орсоноос үүссэн хөхний булчирхайн үрэвсэл юм. Энэ өвчинг анзааралгүй өнгөрөөж болохгүй хөхөнд өвчин орж, хүүхдэээ хөхүүлэхэд өвдөлт улам нэмэгддэг. Үрэвссэн хөх томорч хавтаад хатуу болдог. Хөхний үрэвсэлийг ардын эмчилгээний аргаар эмчилбэл эдгэрэлийг түргэсгэж биеийн байдлыг дээр болгоно. Хөхний үрэвсэлийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэхэд дараах аргууд сайн. Байцааны навч тавихад улаалт арилж, өвчин намддаг. Навчийг урьдаар шүүсийг нь гартал юмаар давтаж байгаад хөхөн дээрээ тавьж гадуур даавуун хөхөвч өмсөнө.  Зөгийн балтай гурил бас шимэгдүүлж бас үрэвсэлийг дарах үйлчилгээтэй. Зөгийн балыг гурилтай хольж зуураад, хавтгайлаад унтахдаа хөхөндөө тавина. Хавдаж өрөвссөн хөхөнд камфарын тос хэрэглэхэд зөөлөрдөг.  Тосыг цэвэр даавуунд шингээж байгаад өвчтэй хөхөнд тавьдаг. Хөх өрөвссөн үед спирт болон халуун жин тавьж болохгүй. Яагаад гэвэл халаах үйлчилгээтэй жин өвчин үүсгэгч бичил организмуудыг улам үржүүлэн биеийн байдлыг дордуулна. эх сурвалж: хувь хүний туршлага.    

Долоон халууны эмчилгээний увидас

Дэлхий дээр анагаах шидтэй олон нэр төрлийн ургамлууд бүртгэлтэй байдгаас манай оронд түгээмэл ургадаг 7 “халуун”-ы тухай хүргэж байна. Аливаа өвчнөөр өвдсөн хойноо бус урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал билээ. Энх тунх амьдралын энгийн алхам бол учирч болох эрсдэл, эмгэгээс ямагт урьдчилан сэргийлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг өөртөө болоод гэр бүлийнхэндээ төлөвшүүлэх явдал юм.  Цагаан гаа Цагаан гааг гэдэс ходоодны үйл ажиллагааг зохицуулах эмнэхүйн журмаар хэрэглэсээр ирсэн. Цагаан гаа нь дотор муухайрах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих болон ходоодны шархлаанаас сэргийлдэг байна. Зарим судалгаагаар цагаан гааг тархиар хатгаж өвдөх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах мөн архаг үе мөчний үрэвсэлд эерэг нөлөөтэй хэмээн тогтоожээ. Манайхан ихэвчлэн ханиад томуу туссан үед хэрэглэх нь элбэг байдаг. Гэхдээ энэ ургамлыг тохируулан, эмчийн заавраар хэрэглэхгүй бол хархны хор шиг үйлчилгээ үзүүлэх нь бий. Азийн орнуудад цай, шөл зэрэг хүнсэндээ тохируулан хэрэглэдэг байна. Чили /улаан чинжүү/ Чили нь хүн төрөлхтний өнө эртнээс хэрэглэж ирсэн ургамал юм. Хүмүүс 10.000 гаруй жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн гэгддэг. Амталгааны зориулалтаар хэрэглэхээс эхлээд японд каратегаар хичээллэгсэд хүч чадлаа нэмэгдүүлэх зорилгоор, харин африкийн тариаланчид ургацаа заанаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг байжээ. Чилид агуулагддаг “capsaicin” бодис нь толгойн өвдөлтийг намдааж, үе мөчний үрэвсэл, хуян шар усыг хөөхөөс эхлээд цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах ач тустай.  Чили идсэний дараа халуу шатаад байвал ус битгий уугаарай. Харин түүний оронд сүү уух нь чилиний халуу шатсан амтыг дардаг байна. Карри Христийн тооллоос өмнөх 2600 оны үед хамаарагддаг карри нь зүүн өмнөд азийн орнуудаас эхтэй бөгөөд хүмүүс эртнээс хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Мэдрэлийн гаралтай өвчин болон бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг бөгөөд тархины эд эсийг сэргээж, хий хуян аливаа үрэвсэлд эерэг нөлөөтэй нь тогтоогджээ. Гоньд Бүх төрлийн хоолонд хэрэглэдэг гоньд нь биеийн дархлааг сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих болон гэдсэнд хий хуримтлагдахаас сэргийлж, элэгний үйл ажиллагааны бүтцэд сайнаар нөлөөлдөг гэнэ. Сармис Төв азийн нутгуудаар 6000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн сармисыг эртний египетэд хоол хүнсний болоод эмнэхүйн аргаар хэрэглэж иржээ. Цусны даралтыг бууруулах, хорт хавдраас сэргийлэх, зүрх судасны өвчинд тустай бөгөөд хэтрүүлж хэрэглэх нь харшил өгөх сөрөг нөлөөтэй.  Сармисыг хандалж витамин хэлбэрээр хэрэглэх нь элбэг болжээ. Сармисны хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөг тоочоод баршгүй юм. Ганга Ходоод гэдэсний хямрал хийг хөөхөөс эхлээд амны эвгүй үнэрийг дарах, үсний хагийг ор мөргүй арилгах гээд ганганы эрүүл мэндэд үзүүлэх нөлөө цөөнгүй ажээ. Мөн хоолонд амт үнэр нэмэхийн зэрэгцээ нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тус ургамлыг өдөр бүр бус долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх нь тохиромжтой гэнэ. Шанцай Шинэхэн жимс, цөцгий, загас болон тахианы махтай хоолонд хэрэглэх нь зөөлөн, чихэрлэг амтыг нэмж, эрүүл мэндийн тань манаанд харамгүй тусаа хайрлах болно. Энэхүү ургамал нь чихрийн шижин, мэдрэлийн гаралтай мартагнах эмгэг алцхаймер, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх антиоксидант бүтэцтэй амин дэм,уургийн гайхалтай нэгдэлт ургамал ажээ.      

​Ураг төрлийн ёсон

Монголчуудын ахуй амьдралд ураг төрлийн горим нь нэн чухал байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь эртний уламжлалтай дэг ёс юм. XIX зууны сүүлч, XX зууны эхин үед монголчуудын дунд байсан хатуу чанд заншил бол нэг омог, яснаас ураг төрөл болохыг хатуу цээрлэсэн. Учир нь нэг омог, ястантай ураг садан бололцвол цус ойртолт хэмээх аюулт зүйл бий болох тул үүнийг хориотой хэмээн үзэж байв. Иймд охиноо хүнд өгөх, хүүдээ бэр сонгохдоо нутаг орны холыг эрхэмлэдэг байжээ. Тиймээс ч <<Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр>> гэсэн үг гарсан бололтой. Түүнээс гадна хүүхдүүдээ бага балчир байхад нь ивээл жилтэй эсэхээс нь шалтгаалан сүй тавих ёс ихэд дэлгэрсэн. Энэ нь хойшдоо гарах сөрөг үзэгдлээс сэргийлдэг байсан бөгөөд монгол цаг тооны 12 жилийн ивээл жилүүд нь хоорондоо гэр бүл болвоос аз жаргалтай байх болно хэмээн эрт үед үздэг байв. Түүнчлэнохин хүүхэд 17 нас хүрвэл айлд бэр болоход нас гүйцсэн, хүү нь 18 хүрвэл өрх гэрээ толгойлох өрхийн тэргүүн болоход нас гүйцсэн гээд хөрөнгө таслан өгч тусгаарладаг заншил нилээд түгээмэл байжээ. Ураг төрлийн ёс нь олон зан заншил, ёс горимтой байсан. Үүнд: хадаг барих ёсон, бэр гуйх, сүй тавих, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол зэрэг олон шат дамжлагтайгаар ураг төрөл бололцдог байжээ. Эдгээр нь хэд хэдэн үе шаттай бөгөөд тус бүрдээ тодорхой утга агуулга илэрхийлсэн зан үйлтэй байсан болно. Хүүгийн тал нь бэрээ их олон талаас нь шинжиж үзсэний үндсэн дээр бэр болгон авдаг ажээ. Тухайлбал: Өөр нутгийнх байх, үйлэнд уран байх, сайхан зан ааштай байх, ажилсаг хөдөлмөрч байх гэх зэрэг зүйлээр нь онцлон шинждэг байв. Хэрэв эдгээр шинжүүд бүрдсэн эмэгтэй байх юм бол хүүгийн тал бэр болох охины тал руу өөрсдийн шилж сонгосон зуучаа илгээн, сарын сайн өдрийг харж байгаад ураг барилдах охиноо гуйж байгаагаа мэдэгдэн эцэг эхэд нь ургийн үг хэлээд хадаг барьдаг ёстой юм байна. Томилогдсон зууч зорьсон айлдаа очоод: -Танайд үр төлийн хэрэгтэй ирлээ Танайд хонин жилтэй арван найман настай Танхил хонгор охин бий гэнэ Манайд нэг хүү бий Түүнийхээ утааг үзэж орон гэр болгох хүсэлтэй явна Та бүгдийн ууж хормой Уужим суганд багтааж гэр бүл болгох ийм хүсэлтэй явна гэсэн утга санаа бүхий уран үгс хэлдэг байна. Охины эцэг эх хүүгийн жилийг өөрийн охины жилтэй харш уу ивээл үү гэдгийг бодолцон үзээд хариугаа хэлдэг бөгөөд хэрэв ивээл байвал зөвшөөрөөд томилогдсон зуучтай бэр гуйх өдрийг товлон хэлэлцээд зуучийг буцаадаг ажээ. Дараа нь товлосон өдөр хүүгийн талын гэр бүлийн гишүүд болон зууч нар бэр гуйхаар хадам болох хүний гэрийг зорин инж бэлгээ өгөн ёслол үйлддэг. Үүнийг ёс төртэй ураг төрөл бололцох хэмээн үзэж болно.  

Монгол уламжлал: Хар ус хүнд өгдөггүйн учир

Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. … Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ. Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг. Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ.

"Чонон хөрвөс” өвчний 40 хувь амьсгалаар халдварладаг

"Чонон хөрвөс" гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс, салстын өвчин юм. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч залуу хүмүүс ихэвчлэн өвчилдөг. "Чонон хөрвөс" өвчний архаг хэлбэр нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно. Шалтгаан ба эмгэг жам Хурц "Чонон хөрвөс" өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар, 9 хувийг аспирин болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ. Эдгээр өөрчлөлтийн суурин дээр физикийн хүчин зүйлүүд, стресс эм ба химийн бодисуудын нөлөөгөөр үрэвсэл явагддаг. Ангилал Шалтгаан ба эмгэг жамаар нь дархлалын болон дархлалын бус замаар үүссэн "Чонон хөрвөс" гэнэ. Мөн даралтын, чичиргээний, хүйтний, нарны, холинерг, адренерг, дулааны, дасгалтай холбоотой, анафилаксийн, усны, хавьтлын, аутоиммуны, идиопатик "Чонон хөрвөс" гэж ангилна. Гэр бүлийн гишүүд нь гуурсан хоолойн багтраа, ринит, экземээр өвчилж байсан гэсэн хүмүүсийн "Чонон хөрвөс" тохиолдох нь элбэг. Арьсан дээр тогтмол даралт үйлчилснээр 0.5-6 цагийн дараа өнгөтэй арьсны гүн хэсэгт өвдөлттэй хаван үүсдэг. Үүнийг даралтын улмаас үүссэн "Чонон хөрвөс" гэнэ. Ийм өвчтөнд халуурах, үе мөчөөр өвдөх, улаан эсийн тунах хурд ихсэх, лейкоцит ихсэх шинжүүд хавсарна. Эмнэлзүй "Чоно хөрвөс"-ийн үед арьснаас дээш өргөгдсөн, хязгаарлагдмал, ягаан өнгөтэй загатнаа бүхий бэлцрүүт тууралт үүснэ. Энэ үед үүссэн тууралтууд нь маш их загатнаатай байх бөгөөд цаашид цайвар ягаан өнгөтэй болдог. Тууралтууд нь арьсан дээр биеийн аль ч хэсэгт гэнэт гарч, 24-48 цагийн дотор арилж ул мөргүй эдгэрнэ. Үрэвсэл, уруул, хэл, зөөлөн тагнайн салстыг хамарч болно. Харин амьсгалын зам, залгиур хоолойн салстыг хамарсан бол амьсгалахад түвэгтэй болж, ханиалган, амьсгал боогдоход хүрнэ. Хурц "Чонон хөрвөс"-ийн нэг өвөрмөц хэлбэр бол Квинкийн хурц хаван юм. Энэ үед цайвар хаван голдуу нүүрэнд нүд, уруул хавдах, мөчдийн нэг хэсэгт гарч, загатналгүйгээр хэд хоног тогтвортой үргэлжилнэ. Харин бэлцрүүт тууралт тодорхойгүй хугацааны дараа олон удаа давтан гарна. Эдгээр дахилт нь 6-8 долоо хоногийн дотор үргэлжилвэл хурц, түүнээс удаан үргэлжилвэл архаг "Чонон хөрвөс" гэнэ. Толгой өвдөх, нойрмоглох, дотор муухайрах, гүйлгэх, үе мөчөөр өвдөх, хоолой сөөх, бачуурах, амьсгал давхцаж богиносох нь Квинкийн хурц хавангийн үед илэрдэг ерөнхий шинжүүд юм. Анхаарах нь: Эмчид яаралтай үзүүлнэ. Эмчлүүлж байсан, эм уудаг бол эмчийн заавар зөвлөгөөг дагана. Хоол ундандаа давс, чихэрлэг бага хэрэглэнэ. Харшил өгч болох өндөг, шоколад, халуун ногоотой хурц хоол, архийг хориглоно. Эм болон хоол ундтай холбоотой бол шингэн сайн ууж, бургуй тавьж ходоод, гэдсийг цэвэрлэх замаар биед хуримтлагдсан харшил үүсгэгчийг гаргаж болно. Өөрт онцын зовиургүй тууралт гүвдрүү гарч өөрөө алга болдог бол юунаас болж буйг сайн анхаарна. Энэ тухайгаа үзүүлсэн эмчдээ хэлнэ. Авах арга хэмжээ: Гэнэт биеэр гүвдрүү туурч, амьсгал бачуурч, хүнд байдалд орсон тохиолдолд эмчийн тусламж авах хүртэл хлорфенамин, димедрол, тавегил хэлэн доороо тавьж хэрэглэж болно.  О.Шинэтуяа  

Монгол овог, ястан үндэстэн

  Алтайн Урианхай Баруун Монголын нэгэн гол ястан нь Алтайн урианхайчууд болно. Эдний өвөг дээдэс нь Монгол нутгийн умард болон хойд захын ой хөвчөөр эрт дээр үеэс амьжиран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. Барга Дорнод монголд суудаг нэг ястан нь Барга юм. Барга нарын эртний өвөг дээдэс нь ХIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргажин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно. Баоань Мин улсын үед (Ванли хааны үед) Хөхнуурын Тунжэ сяньд Бао-ань гэдэг хуаран байгуулахад тус хот баригдан, улмаар тэнд төвлөн суудаг баоань ястан бүрэлдсэн байна. Баяд Монголын Баяд эртний өвөг дээдэс бол XII-XIII зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд гoлоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг. Буриад Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого /хялго/, Зүлгэ /Лена/ мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог /Енисей/ мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Дархад Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анх монгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно. Дарьганга Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Дээд Монголчууд Дээд Монгол гэж Хөхнуурын газар нутаглах хошууд аймгийг хэлэх бөгөөд эдний өвөг дээдэс нь Ар монголоос тус газар нутагт шилжин нүүж очсон хүмүүс юм. Дөрвөд Дөрвөд бол эртний монгол угсаатан, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Захчин Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна. Казах Хасаг Монгол Улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казахууд билээ. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ I мянган жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Маасагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Монгор Ту Монгол гаолын нэгэн угсаатан нь ту нар юм. Ту биеэ “Монгор” (Монгар) буюу “Цагаан монгол” гэдэг. Тэд удам судраа XIII зууны үед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хүн дагуулан ирснээс үүсэлтэй хэмээдэг. Мянгад Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана. Өөлд Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойн ард) хэмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг. Синьцзяны Ойрадууд Синьцзяны ойрадууд бол эртний дөрвөн ойрадын бүрэлдэхүүнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Өрөмчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно. Торгууд Торгууд бол монголын их гүрний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Тува Урианхай Алтайн урианхайчуудын дотор байдаг монголжсон түрэг урианхай нь тува урианхай болно. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг бас мончоогийн хошуу ч гэдэг. Үзэмчин Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийнхэн нутаглана. Халх Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон. Хамниган Тус улсад оршин суудаг манж-түнгүүс угсаатан нь Хамнигад ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зүгт Ерөө гоолын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харъяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дархан Ба гүн, Дайчин бэйс, Эрдэнэ гүн, Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг. Хотогойд Монголын умард болон баруун хойгуур Хөвсгөл, Завхан аймагт нутаглан суудаг халхжсан ойрадууд нь Хотогойд болно. Хотогойд гэдэг нэрийг “Хойд - Гойд” (хойд-онцгойд), “Хойд - Хойд”(умард хойд)”Хойд - Гайд” (гайд гарсан хойд)гэсэн үгнээс гаралтай гэж янз янзаар тайлбарладаг. Хотон Хотонгууд нь 200 гаруй жилийн тэртээгээс Дөрвөдүүдийн дотор хутгалдан суусаар ихэд монголжсон түрэг угсаатан юм. Хөвсгөлийн Урианхай Ар Ширхтэн Урианхай Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн Урианхай нарыг Өвөр ширхтэн урианхай гэж ялган нэрлэжээ. Цахар Монгол улсын умард хил орчмоор суудаг, Нийслэл Хүрээнд түмний нэг нь Сэлэнгийн цахарууд болно. Эд нь угтаа Хятадын Синьжян мужид Илийн цахар хэмээх 16 сум болж Бор талаар нутаглаж байжээ. Цаатан Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ  

​Монголчуудын мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжлийн тойм

Мөнгөн тэмдэгтийн  үүсэл: Мөнгөн тэмдэгтийн үүсэл нь зоос, цаасан тэмдэгтээр хязгаарлан судлах зүйл биш юм. Мөнгөн тэмдэгт нь улс, орон бүрт ондоо ондоо замналаар бий болдог. Мөнгөн тэмдэгт нь төр байгуулагдаж улсын эдийн засгийн ашиг сонирхол зүй ёсоор урган гарч улс нь дотоод, гадаад худалдаагаа зохицуулах, хянах, ашиг олж болохыг үе үеийн улс аймгийн удирдагч, түшмэдүүд мэдэрч, тусгайлан эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бодлогоор нэгдсэн мөнгөн тэмдэгт буй болгодог. Манай орны хувьд анхны тулгуур төрөөс эхлэн цаашдын бусад улсууд өөр өөрсдийн мөнгөн тэмдэгт буй болгохыг ямагт эрмэлздэг байсан нь тодорхой юм.  Улс бүхэн өөр өөрийн мөнгөн тэмдэгтийн үүсэлтэй түүнийгээ судлан таньж судалгааны ном бүтээлээ гаргасан байдаг. Харин манай орны хувьд улс, үндэстний мөнгөн тэмдэгт хэдий үеэс яаж үүссэн талаар миний олж мэдсэнээр урьд нь судалсан зүйл өчүүхэн байна. Мөнгөний тухай гаргасан ном судалгааны бүтээл байв ч  бүгд орчин үеийн бодлого, онол, эдийн засаг, хэрхэн мөнгөтэй болох, бүх үеийн Монголтой холбогдох мөнгөн тэмдэгт, мөнгөн тэмдэгт дээрх дүрс, бичээс зэрэг бусад холбогдох зүйлийг судалснаас хэдий үед ямар хүчин зүйлсийн нөлөөлцлөл ямар шаардлагын дүнд үндэстний мөнгөн тэмдэгт үүссэн гэдэг талаар судалсан зүйл миний эрж хайснаар олдсонгүй  боловч энэ зүйлийн талаар товч санаагаа бичлээ. Түгээмэл тэнцэгч газар бүр ондоо, зах зээл бий болж өргөжин хөгжихийн хирээр ганц таваараар солилцоо хийхэд хүндрэл гарч, хүмүүсийн хэрэглээ аажим нэмэгдэж ганц таваараар тогтхооргүй байнгын хэрэглээтэй болсон байна. Гэхдээ хүмүүс хоорондоо тохирч таваарыг таваараар арилжсан хэвээр байсан ч зах зээл, худалдаа арилжаанд илүү олон хүмүүс оролцдог болж, тэдний нийтийн эрх ашгийг хангасан нийтлэг зүйл дутагдах болжээ. Энэ мэт зайлшгүй шаардлагын улмаас төмөрлөг зэвсэгт шилжих үеэс  үнэт метал тэнцэгчийн үүрэг илүүтэй  гүйцэтгэх болжээ. Энэ нь хүмүүс нийтлэг хэрэгцээгээ хангаж чадхаар таваарууд байсан ч төдийлөн хүртээмжтэй биш байлаа.  Сүүлдээ бусад үнэт метал дундаас гүйлгээ арилжааг алт, мөнгө гүйцэтгэх болсон гэж эрдэмтэн А.Дамдинсүрэн тэмдэглэжээ.  Алт болон мөнгө гүйлгээнд орохдоо бусад таваарын өртгийг илэрхийлэх болж, бусад таваарын нийтлэг нь үнэт металын үнийг тогтоох болсон байна. Гэхдээ алт, мөнгө дангаараа тэнцэгчийн үүрэг гүйцэтгэж байсангүй өөр олон үнэт метал, таваарууд ямар нэгэн хэмжээгээр оршиж байсан нь тодорхой. Зах зээлд гүйлгээ арилжаанд орох алт, мөнгийг жинхэнэ эсэхийг шалган үзэхийн тулд түүнд зүсэлт хийх, хэсэгчлэн хуваах шаардлага гарч эхэлжээ. Мөн олон янзын худалдаанд зориулж жижгээр цутгасан үнэт металууд бий болсноор мөнгөн тэмдэгт үүсэх чухал нөхцөл бүрдүүлжээ. Нэг үгээр хэлбэл мөнгөн тэмдэгт үүсэх үндэс суурь тавигдаж эхэлсэн нь алт болон үнэт металыг гүйлгээнд нэвтрүүлж эхэлсэн үеэст улсаас үнэт металыг хэрэгцээнд нь тааруулж тусгайлан хувааж цутгах болсон байна. Нэгдсэн журмаар нэг хэлбэр, хэмжээтэй цутгаж гаргаснаараа мөнгөн тэмдэгт үүсэх анхны хэлбэр бий болгож эхэлсэн байна. Манай орны хувьд энэ үе нь Хүн гүрэнтэй холбогдох юм. Учир нь Хүн гүрнийг өвөрмөц маягийн Зүүн үзүүрт хутган мөнгөтэй нь Монгол улсын  анхны  мөнгөн тэмдэгт тухай түүх сурвалжид тэмдэглэсэн анхны таамаг мэдээ юм.  Хэрэв таамаг үнэн болж, Хүнчүүд өвөрмөц маягийн мөнгө хэрэглэж байсан нь батлагдвал энэ нь Монголчуудын мөнгөн тэмдэгтийн анхны  хэлбэр болно. Тэд Хятадтай өргөн худалдаа хийдэг зарим худалдаа арилжаандаа Хятад зоос ч хэрэглэж байсан байх магадлал өндөр  бөгөөд Хятадаас зоосон мөнгө  бэлгэнд авч байсныг бодоход Хүнчүүд нь мөнгөний талаар асар дэлгэр мэдлэгтэй байсныг илтгэнэ. Монголын нутаг дахь эртний төр улсын мөнгөн тэмдэгт             Хүн (Хүннү) гүрний мөнгөн тэмдэгт: Төв Азид хэдэн мянган жилийн тэртээгээс олон тооны нүүдэлчин овог аймгууд оршин нутаглаж байхдаа мандаж мөхөх зэрэг түүхэн замнал туулж өнгөрүүлсэн билээ. Тэдний дундаас Хүн (Хүннү) нар хүчирхэгжин НТӨ 209 онд төр улсаа байгуулжээ. Хүн гүрний бүрэлдэхүүнд 19 аймаг 4 том овогтой, үндэслэгч анхны хаан Модун Шаньюйгаас хойш нийт 52 хаан төр барьж байжээ. Энэ нь Монголчуудын анхны тулгар төр юм. Нутгийн хил хязгаар Цагаан хэрэмээс Байгал нуур, Ил Тарвагатайгаас Солонгосын хойг хүртэл өргөн уудам газарт өөрийн хил хязгаараа тогтоожээ. Хүнчүүд голлон мал аж ахуй эрхэлж “нар сарны зурхай, амьтны мөчлөгийн арван хоёр жилийн он тоолол”  хэрэглэж байв. Тэднийг бичиг үсэгтэй гэх бөгөөд ямар бичиг хэрэглэж байсныг тогтоогоогүй байна. НТӨ 93 оноос Хүн гүрэн хоёр хуваагдаж нэг нь Хан улсад эзлэгджээ. Нөгөө хэсэг болох Чжи-чжи Шанюйн удирдсан Хүн нар зайлж Алтайгаар дамжин 400-аад оны үед Европ тивийн гүнд нэвтэрч маш хүчирхэг улсаа байгуулжээ. Түүхэнд хамгийн алдаршсан хаад бол Гүннийн Даламбер, Аттила нар байлаа.  Хүнчүүдийн эдийн засгийн талаар “Хүн гүрний мал аж ахуй, газар тариалин, гар урлал, хот суурин, арилжаа худалдаа зэргүүд нь өөдлөн дээшлэхийн хамт албан татварын дэг журам бий болжээ” гэсэн нь өндөр мэдлэгтэй байсныг гэрчилнэ. Түүгээр тогтохгүй “Хүн гүрэн зэргэлдээ аймгуудтай арилжаа наймаа хийхийн хажуугаар Хятад, Дундат Азийн бусад орнуудтай худалдааны харилцаатай болж малын бүтээгдэхүүн, түүхий эд, ангийн арьс мөн гар урлалын зүйлүүдээ арилждаг байв. Хүнчүүд хилийн худалдаа хийх гэж  урд хөрштэй тохиролцон зах зээл хааяа нээн арилжаа хийдэг. Хан улсынхан Хүн гүрний шаньюй, язгууртнуудад явуулах бэлгийн зүйлдээ хэдэн арван жин алт, хэдэн зуун мянган зоос бэлэглэж  байжээ. НТӨ 51 он Хан улсын хаан зүүн Хүнчүүдын анхны шаньюйд 20-жин алт, 200.000 ширхэг зэс  өгчээ.”  гэжээ.             Дээрхээс үзэхэд  Хүнчүүдийн ноёд ард түмэн өөр хоорондоо цул алт, мөнгө, үнэт эрдэнэс болон бусад зүйлээр худалдаа хийдэг байжээ. Харин  Хятад зоосыг ашиглан  хөрш аймгуудтай худалдаа хийдэг байсан гэх таамаг төрнө.             Энэ үеэс буюу Монголын тулгар төр байгуулагдсан цагаас Монгол үндэстний мөнгөн тэмдэгтийн систем аажим аажмаар бүрэлдэн буй болох үндэс тавигдаж, улс гүрний эдийн засгийн асуудлуудад ч яригдаж эхэлсэн нь дээрхээс тодорхой харагдана. Түүгээр тогтохгүй мөнгөн тэмдэгттэй байсан гэх мэдээ юм. Эрдэмтдийн таамгаар Хүн гүрэн нь өвөрмөц маягийн “Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган хэрэглэж байсан талаар эрдэмтэн А.Дамдинсүрэн “Хятадын мөнгөний түүх” номноос ишлэл авч өөрийн бүтээлдээ оруулжээ. “1932,1937,1941 онуудад Хүннүчүүдын хуучин нутаг Халуун гол /Жэ-Хэ/ Чан Дэ-гээс олсон учраас Хүннүгийн (Хүн) хутга гэж зарим Хятад эрдэмтэд нэрлэсэн байна. Тэр мөнгөний онцлог бол уг хутганы үзүүр нь онцгой шовх зүү шиг болохоор ингэж нэрлэсэн бололтой.             Хүннүгийн (Хүн) “Зүүн үзүүрт хутган мөнгө” нь Хятадын мөнгөний түүхэнд анх удаагаа шинэ нэр болон тэмдэглэгджээ. Иймд Хүннү (Хүн) гүрний хэмжээгээр арилжаа худалдаа нэлээд сайн хөгжсөний үр дүнд Хүннү (Хүн) нар онцгой маягийн “Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган арилжаа худалдаандаа хэрэглэж байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ"  гэсэн мэдээ  юм. Мөн энэ талаар Д.Майдар Хятадаас анхны шаньюйд бэлэглэсэн зоосны тухай дурьдаад  “ Хүннү (Хүн) нар өөрсдөө ч зүү шиг хурц хутга хэлбэртэй өвөрмөц зоос цутгаж байв. Ийм хутган зоос Өмнөд Монголоос (Халуун гол) 1932, 1937, 1941 онд олсон энэ зоосыг Хүннүгийн хутга гэж нэрлэсэн байна.”  гэжээ  Энэ хоёр мэдээ хэдийгээр зөрж байгаа ч Хүн гүрний худалдаа маш өндөр хөгжсөн алба татвараа дээр дурьдсан мөнгөөр тооцож авдаг байж болох үндэстэй. Гэхдээ зүүн үзүүрт хутган мөнгө, хутган зоос гэсэн нь гайхалтай. Энэ хоёр мэдээний талаар судалж тодруулах их ажил байгааг харуулна. Тэд Хятадаас зоосны тухай мэдээлэл олж авсан нь тодорхой бөгөөд тэр зоосыг дууриалгаж гаргах, эсвэл түүнээс ондоо зүйл ч гүйлгээнд нэвтрүүлэхийн тулд хааны зарлиг шийдвэрээр ийм онцгой хэлбэрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж болох  зүүн үзүүрт, хутган иртэй хийдэг нь зэвсгийн зориулалтай ба нөгөө талаар гүйлгээний хэрэгсэл болж “Нэг сумаар хоёр туулай” гэдэгтэй утга нэг ч байж болох талтай. Энэ мөнгөн тэмдэгт нь хэдийгээр маргаантай байгаа ч Монгол улсын мөнгөн тэмдэгтийн хамгийн эртний мэдээ болохоор мөнгөн тэмдэгтийн үүслийг үүнээс эхлүүлэн үзэх нь зөв хэмээн үзнэ. Гэвч энэ мөнгөн тэмдэгт бид бүхний гар дээр баригдаж нүдэнд үзэгдсэн үгүй тул тийм ч хөдлөшгүй баримт биш гэхдээ үүний талаар сайтар судалж үзэх шаардлагатай байгааг илтгэнэ. Сяньби (Сүмбэ), Муюн,Тоба,Тоба-Вэй (баруун, зүүн) Тогоон (Түгүхэн), Нирун (Жужань) мөнгөн тэмдэгт: Дээрх төр  улсууд нь  язгуурын Монгол нутаг дээр өөрийн төр улсаа байгуулан нэг үе мандан хүчирхэгжиж явсан  цөм Монголчуудтай угсаа нэгтэн билээ. Энэ улсуудын талаар түүх сурвалжид тэмдэглэснээр  эдийн засаг, аж ахуйн соёл, хотжилт гэх мэт бүх талаар өмнөх улсуудаас илүү хөгжиж байсан нь тодорхой. Худалдаа арилжааны талаар түүх сурвалжид нэлээд тэмдэглэсэн ч мөнгөн тэмдэгт тийм байсан гэхээр таамаг ч дэвшүүлэх зүйл одоогоор олдоогүй байна. Харин тэд худалдаа, арилжаа, солилцоогоо голчлон алт, мөнгө болон мал, малын түүхий эд ангийн арьсаар голчлон хийдэг байсан нь түүх сурвалжид мэр сэр тэмдэглэгдэн үлджээ.  Эдгээр улсын мөнгөн тэмдэгт одоо хэр олдоогүй оньсого хэвээр байгаа ч Хүн гүрэн өөрийн Зүүн үзүүрт, хутган ирт мөнгө болон Хятад зоосыг хэрэглээндээ хэрэглэж байсан нь магадлал өндөртэй харин энэ хоёр мөнгөн тэмдэгт нь хойчийн бусад төр улсад  заавал уламжлагдан тодорхой болохоор энэ улсуудтай холбогдох мөнгөн тэмдэгт заавал  байх ёстой гэж үзнэ. Тиймээс эдгээр улсуудынхаа  мөнгөн тэмдэгтийн талаар  судалж тогтоох нь бид бүхний үүрэг юм. Одоогоор олдоод байгаа зоосон мөнгөн тэмдэгтэд хамаарагдах улс: VI-VIII зууны дундуур Монгол нутагт Орхон голын сав газраар төвлөрөн түр хугацаанд оршин байсан  Түрэг улс байгуулагджээ. Нутаг дэвсгэрийн хил хязгаар  Солонгосоос Каспийн тэнгис, элсэн цөлөөс Байгаль нуур  хүрч байжээ. Түрэгийн хаан Датугийн хүрэл зоос: Баруун Түрэгийн хаан Дату өөрийн улсын доторхи эдийн засгийн олон зүйлийн бэрхшээлээ даван туулахын тулд эдийн засгийн нэлээдгүй үйл ажиллагаа явуулсны дотор зоосон мөнгө гаргасан явдал юмаа. Монголчуудтай холбогдох зоосон мөнгө дотроос хамгийн эртний үед хамаарч буй гуулин зоос цутгаж / Монголчууд  хэвнүүрдэх, дэлдэх гэх мэтээр зоосоо хийдэг байжээ. Энхүү  бүтээлд үүнээс хойш энэ хоёрын аль нэгээр нь бичигдсэн болно./ гүйлгээ болон арилжаанд гаргадаг байжээ. Энэ нь бидний гарт олдоод байгаа хамгийн эртний зоос гэдэг утгаар хэлбэр хийц зоосон дээрх бичээс зэргийг сайтар тодорхойлон судалсан байдаг.  Зоосоо юугаар хийсэн, дээр нь ямар бичээс байгаа талаар тодорхойлохдоо эрдэмтэн А.Дамдинсүрэн “Гуулиар цутгахдаа маш нарийн боловсруулж хийсэн, эртний гуулийн адил цагаавтар өнгөтэй нүүрэн дээрээ Уйгур үсэгтэй зоосны ар талд үл гаргагдах муруй саруй үсэг байна”  гэжээ. Харин “Алтлаг өнгийн гуулиар зоос цутгаж зоосны нүүрэн тал дээр нь “Түрэгийн хаан” гэж бичиж байв гэдгийг Германы эрдэмтэн Ф.В.Мюллер тайлан уншжээ”  гэжээ. Түрэгийн тэрхүү зоосон дээр Уйгур үсгээр (Уйгуржин Монголоор ) “Түрэгс хаган”, “Мохэ” гэх зэргийг уншигдахаар тод бичжээ”   гэж тодорхойлсон бол Ц.Батсайхан ”Зоосны нүүрэн талд "Tүрэгс каган түрэг” гэсэн бичээстэй, зоосны нөгөө талд: өвөрмөц нум маягийн тэмдэгтэй голдоо дөрвөлжин нүх бүхий xүрэл зоос”  гэж тодорхойлжээ. Энэхүү зоосон мөнгөн дээрх бичээс нэгдсэн дүгнэлтэд хүрч тайлагдаагүй ч зоосон дээрх Уйгуржин бичээс нь Түрэгүүдийн дунд Уйгурын соёл хүчтэй дэлгэрч хүчтэй нөлөөлж байсныг харуулах түүхийн хөдөлбөргүй баримт мөн.     Мөн зоосны дугриг хүрээ, доторх нүх, нүхний эмжээр, хүрээ одоо ч харагдахуйц байгаа Уйгур бичиг зэргээс харахад ур хийц өндөр түвшинтэй урьд нь олон төрлийн зоос цутгаж байсан арвин туршилгын дүнд буй болжээ гэж үзэх бүрэн үндэстэй байна. Уйгур улсын зоосон мөнгө: 745 онд Уйгурууд Tүрэгийн хаант улсыг мөхөөж, Уйгур улсаа байгуулж  745-840 он хүртэл 100 гаруй жил оршин тогтножээ.  Уйгур улсын нутаг өрнө зүгт Алтайн уулс, дорно зүгт Шивэйн уулс, өмнө зүгт Хятадын их цагаан хэрэм xvpч байв. Моюнчур хаан 745-759 онд Уйгурын хаан ширээнд сууж байсан бөгөөд энэ үед Уйгур улс ихээхэн хүчирхэгжижээ. 751 онд Орхоны хөндийд Балиглиг (Харбалгас) гэдэг хот байгуулж улсын нийслэлээ болгосон байдаг.  Моюнчур хаан зоос цутгуулж арилжаандаа хэрэглэж байсан нь түүхэн он цагийг дамжин бидэнд үнэт сурвалж болон иржээ.             Энэ зоос нь “нүүрэн талдаа: "Уйгурын Тэнгэр Куль Билгээ Моюн хаан",  ар талдаа: “Зарлигаар улсыг хамгаалах хадгалах” гэсэн уйгур бичээстэй”  гэжээ.             Харин Д.Майдар “Дорнод Азийн зоос” номноос ишлэл авч зоосны нүүрэн талд: Тэнгэр удамт, эрхэм хүндэт, Уйгурын Моюн хаан, ар талд: “тушаасан” /улсаа хамгаалж, сахиж бай/ хэмээн бичсэн гэж  уншжээ”  гэх мэт олон янзаар тайлан уншдаг байна.              Тэр үеийн Уйгур аймаг соёл, урлаг гэх мэт олон зүйлээр бусад аймгуудаас давуу байсан гэж түүх сурвалжуудад хэдэнтэй дурьдсан байдаг. Тиймээс зоосон мөнгө цутгах гүйлгээнд нэвтрүүлэхдээ ч нэлээд анхаарал хандуулан бодлоготойгоор хандаж байсан нь тодорхой. Хидан улсын зоосон мөнгө: Монгол нутагт НТӨ 907-1125 онуудад Хидан улс оршиж байв. Хидан улсад X зууны эхээр зоос цутган хэрэглэж эхэлсэн байна. Тухайлбал МЭ 907-1121 онд 20 удаа гүйлгээний зоос цутгаж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэжээ.   Мөн “Хиданы хаан Амбагай хүмүүсийг зоос цутгахад сургаж байв. 1021-1031 онд зоосыг “Тень Цезнь тун бао” гэдэг нэрээр гаргаж байжээ. Ийм зоос Монголын дорнод нутагт хийсэн малтлагаас элбэг олддог (Х.Пэрлээ 1969 он). Хидан нар төмөр хайлуулах газар гуравтай, зоос гаргахыг эрхэлдэг газар тавтай байсан”  гэсэн нь Хиданчуудыг мөнгөний талаар арвин туршлага хуримтлуулж тусгайлсан байгуулга хүртэл байгуулсан нь урьд өмнөх улсуудаас ялгарах гол онцлог юм.  Мөн “Хидан улсын зоос хэрэглэж байсан Ли-Чуваныг цаазаар хороож, түүний 350000 ширхэг буюу 500, 500-р холбосон 70 мянган гогцоо мөнгийг хураасан”  гэх мэдээ нь Хиданы мөнгөн тэмдэгт өргөн цар хүрээнд улс даяар гүйлгээний найдвартай хэрэгсэл болсныг илтгэж хуурамч зоос цутгадаг хүмүүсийг цаазаар авсан нь тэр үеийн мөнгөн тэмдэгт гүйх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд төрөөс хэр чухалчилан анхаарч байсныг харуулна. Түүнчлэн ““Тун бао”, “Шин бао”, “Юан бао”, ”Шэн бао” гэсэн үгтэй зоос Хиданы дурсгалаас арвин олддог. Энэ нь хаан засгийн эрхэнд гарсан оныг заадаг”  гэсэн нь тун оновчтой бөгөөд цаашдын улсуудад уламжилсан байдаг. Хиданы дараа тогтсон Монгол аймгууд ямар мөнгө хэрэглэж байсан тухай баримт ховор, зоос дэлдэж гүйлгээндээ нэвтрүүлэх нэгдсэн бодлого байхгүй болохоор төдийлөн амжилт олохгүй байх үндэстэй юм. Зоосон мөнгө дэлдсэн ч Хиданы зоостой  бичээс утга адил зоос гаргах нь дамжиггүй гэж таамаглана.  Энэ таамгаар Монгол аймгуудтай холбогдох зоосыг Хиданы үед хамруулан авч үздэг байж болох юмаа. Зоосны нүүрэн талд: “Арван жилийн амьтдын дүрстэй”  зоосны нөгөө талд: Арван хоёр хүний (хүүхдийн) дүрстэй” Энэхүү зоосон мөнгөний гол онцлог Хүн гүрний хэрэглэж байсан 12 амьтны мөчлөгийн тоолол энэ үе хүртэл уламжлагдан баяжиж ирснийг харуулах эд өлгийн зүйл дээр үлдсэн түүхэн баримт юм. 12 хүүхэд (хүн) дүрсэлсэн нь нэлээд хачирхалтай бөгөөд ийм хүүхэд дүрсэлсэн зоос одоогоор олдоогүй нь энэ зоосон мөнгөний гол онцлог юм. Л.Алтангэрэл

Хуудаснууд

Subscribe to Зан үйл