logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

​ Төрийг засах ёс буюу өвгөн эрдэмтний сургаалиас

Нэгэн цагт Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид бээр “...засгийн эрхийн төлөө өөрсдийн атгаг сонирхлын үүднээс Үндсэн хуульт байгууллыг эвдэн нураах гэсэн хорлонтой үгүйсгэл, өөрөөр хэлбэл улайм цайм гүтгэлгийг илчлэн няцаах хэрэгцээ хойшлуулалгүйгээр тулгамдаж буйг анхаарахгүй байхын аргагүй...”  гэж Ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойн үеэр илтгэл тавихдаа дурдсан байдаг. Одоо бодоход энэ л цаг үеийн тогтворгүй байдал гээчийг, тэр нь нийгэмд хэрхэн нөлөөлдөг гэдгийг урьдчилан сануулж байсан бололтой. Саяхныг хүртэл эдүгээгийн Улсын Их Хурлаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар  Төрийн эрх мэдлийн гурван салааг тэнцвэргүйжүүлж парламентийн эрх мэдлийг хэт их төвлөрүүлэн /check & balance/ харилцан хяналттай байх зарчмыг үгүйсгэсэн төрийг намаар, хуулийг үзэл суртал гэж төсөөлдөг эрхэм гишүүдийн увайгүй үйлдэл талаар болсон. Гэсэн хэдий ч үндэс нь болдоггүй юм бол мөчир салааг нь гэсэн байдлаар Үндсэн хуулийн нэгэн салшгүй хэсэг Үндсэн хуулийн хяналтын механизмыг хэрэгжүүлэгч болох Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хурууны үзүүр төдийгөөр тэдний зараалд хөдөлж байхаар тооцож өөрсдөдөө зориулсан, Цэцийн үйл ажиллагааг ил тод болгох нэрийн доор “нэмэлт, өөрчлөлт” гэх хуулийг баталчихлаа. Учрыг шүүвээс одоогийн цэцийн гишүүд гэгдэх эрхмүүд эрх баригчдын хурууны үзүүрээр хөдөлдөггүй, гагцхүү Үндсэн хуульдаа захирагдана гэсэн зарчмыг эрхэм болгож байснаараа тэдний “нүдэнд орсон шороо” адил үзэгдэх болсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс хорслоо тайлсан нь энэ бололтой. Зарим орны туршлагаас харахад Казахстан Улс 1991 онд Үндсэн хуулиа баталж, түүний дагуу Үндсэн хуулийг хамгаалах шүүхийн дээд байгууллага нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүх мөн гэж тогтоож өгсөн боловч 1995 онд шинэ Үндсэн хуулийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлийг байгуулан үүнтэй уялдуулах нэрээр Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг 1995 онд зогсоосон. Учир нь Ерөнхийлөгч Нурсультан Назарбаевт Үндсэн хуулийн шүүх саад болж, таалагдаагүйн учир шүү дээ. Киргиз Улсын хувьд хууль бус төрийн эргэлт хийсний үр дүнд 1990 онд байгуулагдан 2010 оныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан Үндсэн хуулийн шүүхийг татан буулгаж Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхим болгон Үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээг бууруулсан нь увайгүй улс төрчдийн атгаг санаагаа хэрэгжүүлсэн байдлын илрэл. Саяхан http://news.tut.by/world/478752.html цахим хуудсанд “Польшийн Парламент Үндсэн хуулийн шүүхийн эрх мэдлийг хязгаарласан өөрчлөлтийг  батласан нь шуугиан тариад байна. Тодруулбал, Польшийн Үндсэн хуулийн Трибунал 15 шүүгчээс бүрддэг бөгөөд өмнө нь шийдвэр гаргахдаа ердийн олонхийн зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг байсан бол энэхүү өөрчлөлтөөр шүүгчдийн гуравны хоёрын (10) саналаар шийдвэр гаргахаар, мөн хуралдаанд 13-аас доошгүй шүүгч оролцох ёстой гэж үзвэл Үндсэн хуулийн Трибуналын хуралдаанд шүүгчдээс хэн нь оролцохгүй болохыг өөрсдөө шийдэхгүй, зөвхөн Сеймд /Их Хурал/ гаргах бөгөөд хуралдаанд оролцох бүрэлдэхүүнийг Сейм нь шийдвэрлэж байхаар тусгасан байна. Мөн Ерөнхийлөгч болон Хууль зүйн сайдын шаардлагын дагуу шүүгчид сахилгын мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж болно гэж заасан зэргээс үүдэн сөрөг хүчнийхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Сөрөг хүчний улс төрчдийн үзэж буйгаар сүүлийн сонгуулийн үр дүнгээр Парламентад олонхийн суудал авсан Ерөнхий сайд асан Ярослав Качиньскийн тэргүүлж буй “Хууль ба шударга ёс ” эрх баригч нам Трибуналын шийдвэрт нөлөөлөх боломж олж авах, улс орныг удирдах бүх эрхийг авахыг оролдлоо. “Хууль ба шударга ёс” намын гаргасан болон гаргахаар зэхэж буй шийдвэр, төсөлд Польшийн нийгмийн зарим хэсэг сэтгэл дундуур байгаа бөгөөд амралтын өдрүүдээр зарим хотод зохион байгуулагдаж буй цуглаанд оролцож шинэ эрх баригчдын үйл ажиллагааг эсэргүүцэж байна.” гэж бичсэн байна. Яг л дээрх жишгийн дагуу манай ардчилсан гэгдэх улс төрчид атгаг санаагаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд цахим ертөнцөд нийгмийн бүх давхаргын хүмүүсийн тархийг угаах ажлаа эхлүүлсэн. Энэ зорилгоо ч сайн биелүүлсэн. Гэхдээ Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хугацаа гэдгийг мань хэд ойлгоогүй бололтой, эсхүл ойлгож байгаад гүжирдээд байна уу. Юутай ч Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнийг 25 нас хүрсэн иргэнийг 4 жилээр, Ерөнхийлөгчийг 45 нас хүрсэн иргэнийг 4 жилээр, мөн 1 удаа улируулан сонгох, Улсын Дээд шүүхийн шүүгчийг 35 нас хүрсэн иргэнийг томилж болохоор хуульчилж өгсөн. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол Улсын 40 нас хүрсэн хүнийг 6 жилийн хугацаатайгаар томилно гээд цагаан дээр хараар тод томруун биччихсэн байдаг. Мөн л олон улсын жишгийг дурдахад өмгөөлөгч, эрдэмтэн, эмч, шүүгч зэрэг нь голдуу настай хүмүүс байдаг. Учир нь тэдний эрдэм ухаанаас илүү, амьдралын туршлага нь аливаа зүйлийн гол багана болж байдагт харгалздаг биз. Өчигдөрхөн УИХ-ын даргаар ахлуулсан эрх баригчдын зүгээс баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт нь үнэн чанартаа ардчилаллын гол амин сүнс, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт ёсны баталгаа болсон Үндсэн хуульт байгууллын эсрэг хийсэн том алдаа, намын бодлого нэрийн дор үзэл суртлын хувьд ч бай, онолын баримтлалаас гажууд байх нь яавч эрүүл нийгмийн үзэгдэл биш хэмээн УИХ-ын зарим гишүүн, улс төр судлаач, хуульчдын дунд томоохон эсэргүүцэлтэй тулах магадлалтай байгаа юм. “Үндсэн хууль түүний аюулгүй байдлыг Үндэсний аюулгүй байдлын өндөр түвшинд авч үзэхийг ойлгоогүй буюу үгүйсгэн цэцэрхэгчдийн дуу цухалзах болжээ. Сонгууль дөхөхлөөр ч тэр юм уу.” гэсэн Үндсэн хуулийн эхийг баригчийн үгийг дахин санаж, нэгийг тунгаасуу.

Монгол хүний эрхэмлэх ёсон

Эрхэм зургаан зүйл: 1.    Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2.    Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3.    Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4.    Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5.    Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6.    Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах Монгол айлын дөрвөн чухал ёс: 1.    Эцэг эх асралтай 2.    Эх энэрэлтэй 3.    Дүү бишрэлтэй 4.    Хүү тахимдуу Эхнэр нөхрийн эрхэм үүрэг: Гадаах ажлыг эр нь мэднэ Гарах орохыг эм нь мэднэ Саадаг нумыг эр нь мэднэ Сааль савыг эм нь мэднэ Аян жинг аав нь мэднэ Ааль аашийг ээж нь мэднэ Ардаг догшныг аав нь мэднэ Авах гээхийг ээж нь мэднэ Эцэг хүний таван эрдэм: 1.    Уужим ухаан 2.    Хатан зориг 3.    Бат журам 4.    Өрх гэрийн түшиг 5.    Үр хүүхдийн сүр сүлд Эцэг хүний цээрлэх найман зүйл: 1.    Бор дарсанд үл шунах   2.    Болчимгүй үгэнд үл автах 3.    Болох болохгүй хэргийг сэдэх 4.    Богд Чингисийн сургаалд үл тэрслэх 5.    Үр хүүхдээ үл хараах 6.    Үнэн ханийг үл гомдоох 7.    Үйлийн хэцүүгээс үл шантрах 8.    Өмсөхийн өнгөнд үл автах Эх хүний есөн эрдэм: 1.    Өнгөнд цэвэр 2.    Үйлэнд уран 3.    Үрд энэрэлтэй 4.    Үргэлж цэмцгэр 5.    Ханьдаа түшигтэй 6.    Хадамдаа элэгтэй 7.    Найранд дуутай 8.    Настанд ерөөлтэй 9.    Нартад буянтай Эхнэр хүний цээрлэх таван гэм: 1.    Эр бусдыг сэтгэх 2.    Атаа жөтөө өвөрлөх 3.    Муу санаа агуулах 4.    Харамч байх 5.    Зохилдохгүй үйл үйлдэх Эрхэм сайн хөвгүүний ёсон: Эцгийн сургаалаар явагч, эрдэм сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй, шударга хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно. Асар муу хөвгүүний шинж: Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас ихэсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн муу хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно. Эрхэм сайн охины шинж: Сайхан гоо зүстэй, санаа сэтгBkyэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад, ахас ихэсийг зэргээр хүндлэгч, уур хилэнгүй. Асар муу охины шинж: Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт, асар их ууртай охин муу, ачит эцэг эхээ сургахад уурлан, ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгайд маш баясан, айл хэсэгч охин муу, үйл хийхэд дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх, айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай, аальгүй. Хүүхэд хүмүүжүүлэх ёсон: Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно Хэтэрхий өнгө үзэмжид дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга Хов зөөх, илүү үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга  

Шинэ хүүхэд угтах монгол ёс

Монголчууд эртнээс “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэгч хэмээн цээрлэж, хувцас хунар, нэр зэхэх гэж яардаггүй. Ээлтэй гэж ах, эгчийнх нь хуучин манцуйд өлгийддөг. Тиймээс “нэгэн эхээс цуван төрж, нэхий өлгий дамжих” гэсэн үг гарсан юм. Нэхийд өлгийдөхөд гадны нөлөө орох, дотрын дулаан гадагшлах гэм гардаггүй. Энэ нь нэхийний үсний буурцаг дотор нялхаст ээлтэй нөхцөл үүсч, эрүүл чийрэг өсч торниход тустай хэмээн австралийн эрдэмтэд шинжсэн байна. Тэд ч одоо хир нэхий өлгийг чухалчлан үр удмаа нэхийд манцуйлж байна. Монголчууд эх нярайлах олоход эрүүл газрын торгон элс, эсхүл хонины хөх бууц асгаж, дээр нь эсгий дэвсээд, адууны хөмөн дээр суулгадаг байжээ.      Монгол хүн хийрхэх нь элбэг байдаг тул түүнийг нь дарах гэж үнээний буюу хонины шар тос оочуулах, мөн ихсийг нь түргэн төрүүлэх гэж буулттай /энэхүү байгалийн чухал эрдсийг амны хужир гэж буруу нэрлэдэг/ буцалгасан зөөг ус уулгадаг. Дуншвал баавгайн савраар хэвлийг нь маажих, сухайгаар зөөлөн дэлдэх зэргээр домнодог. Баавгай шиг түргэн төрдөг амьтан байхгүй гэдэг агаад хээлтэй эвш намнасан анчин байдаггүй юм гэнэ билээ. Мөн төрж ядвал: “Оом мир син яа ро мү гэ ү га гэрвэ да соваахаа”  тарнидаж, түргэтгэх засал ч буй.     Хүүхэд боож авах ээжийг ааш зан, буян хишиг, олон хүүхэд боож авсан, боосон хүүхэд, эх тэргүүтэн ямаршуу яваа зэргээр  нь шинжиж, ахимаг эмэгтэйг залдаг ёстой. Энэ бол боож авсан эхээ хүүхэд дуурайдаг болохыг монголчууд шинжсэнийх юм.               Нярайлмагц хүүхдийн хүйг боож авах эх гардан шөрмөсөн утсаар боогоод, хүйг нь цахиураар огтлох юм уу домноно. Боож авсан эхийг зарим нутагт “газар эх ", “хүйсэн ээж” гэх нь бий.      "Их Юань улсын мандсан төрийн хөх судар"-таа Ванчинбалын Инжаннаши хэмээх монголын их бичгийн хүн: “Нэгэн өдөр Өэлүн өжин, хэдэн эхнэр хүүхнийг дагуулан, Балгуу хорооноос гарч, Онон мөрний хөвөөн дэх Дэлүүн болдог ууланд  зугаацаар гарав. Өэүлин өжинг элдэв өнгийн цэцэг өвсийг сонирхож гэнэт хэвлий нь өвдөн, үүсгэвэй. Бие жирэмсэн тул өдөр хоногийг тоолж чивхийтэл арван сар дүүрч, хөнгөрөх цаг болсон байлаа. Өэүлин өжин арван  ес, Есүхэй баатар хорин таван настай байв. Өэүлин өжин ууган хүүхдээ  өвсөн дээр хөнгөлөөд, хүйс огтлох зэвгүй тул үе цагаан өвсөөр хүйсийг боож, дагалт эхнэр, хүүхнүүдээр хадны ирт чулууг авчруулж, хүйсийг зандчин таслав. Үүнд Өэүлин өжиний дотор уярч, нулимс нь хүүхдийн хүйс ба чулуу, өвсөнд сувдран дусаллаа. Өэүлин өжин:  Аяа, ууланд төрсөн анх нялх минь, Өвсөнд ургасан эрдэнэ хүү минь. Ач чинь үл цагаан өвс адил олон болтугай! хэмээн чин үнэнээр зөгнөн ерөөлөө гэснийг анхаарахад илүүдэх юун.     Эх төрж ядвал доорх тарнийг шившин эхийн зулай уруу үлээ гэжээ:  "Ум са са би га са а га ра”  гээд эхсийг хүүхдийн доор дэвссэн эсгийд  боон, хүний хөлөөс зайдуу газар ухаж хийгээд, чулуу шороогоор дарна.Төв халхад хүүхдээ манцуйлчихаад, эхс оршоох үйлийг бүтээдэг.     Эхийг нярайлсан даруйд өдөр унтах, гол махаар хоол хийж өгөх, хөл жийж суух, хэвтэх, зулайгаар салхи авхуулах, давслаг, тослог зоог барихыг цээрлэн,  Дамнайжүг буюу Тунгалаг тав хэмээх монгол эмийг хүртвээс эх, үрд өлзийтэй сайхан  болдог байжээ. Хүүхэд төрсний дараа тухайн айл 3-7 хоног дээс татах зэргээр хөл хорих байдаг. Энхрий хүүхэдтэй айл үүнээс ч удаан дээс татах учир бий. Энэ бол хүүхэдтэй болсны дохио төдийгүй гадны хүнээс хүүхэд хөлшүүзэй гэснийх. Хөлшвөл тугалга хайлан хүйтэн устай сав толгойн тус газар нь барьж байгаад, цочир хийвэл сүртэй дуу гарах бөгөөд тугалга сонин хачин дүрстэй болж  царцдаг нь хүүхэд айсан юмных нь дүрс гэдэг. Бас, бүхэл давс галд хийж үсэргэн, дээр нь хүүхдээ бариад нар зөв хурайлдаг зэрэг нь ширгэлэх гэгч хар домын эртний засал юм. Муу зүгийн амьтдыг зайлууж байгаа хэрэг гэдэг. Нуган төрвөл тоононыхоо баруун цамхраагаар, хүүхэн төрвөл зүүн цамхраагаар гаргадаг заншилаа саяхан болтол ойрдууд уламжилж байлаа. Эрхэм дээд заяатныг мэндлэх, жирийнхийг төрөх, гарах гэх зэргээр хэлдэг заншилтай. Эхийн мээм цочих нь хүнээс горьдсоных гэж монголчууд үздэг. Түүнийг засах арга нь албаар горьдоож байгаад сонин сайхан зүйл дараа нь гаргаж өгөх, ихрийн өрөөсний оймсоор домнох засал хийхээс гадна “Оом хам лин оом хам лин соваахаа” хэмээн тарнидаж засагтун дээд мэргэд номлосон болой.       Бидний эхчүүл үр хүүхдээ засрашгүй майга хөлтэй, муруй хазгай биетэй болуузай хэмээн болгоомжилж, нялхасын яс бэхжээгүй байхад зогсоох гэж  оролдох, өлгийдөхгүй хувцас өмсөж байлгах, элэг цөс нь сунаж, хожим шар өвчтэй хүн болуузай хэмээн хол, ойр тэргэнд суулган сэгсчүүлэхийг цээрлэж байсныг эдүгээгийн залуу эхчүүдээс мэддэг хүн ховордсон тун тоогүй! Хүүхдээ мэндэлсэнээс хойш яг гуч дахь хоногийн өглөө хурайлахдаа долоовор, ядам, дунд хуруугаа нийлүүлэн, хүйсэн дээр хир тааруу хүчээр нэг даран эхний хоногт хуурайлах тоолондоо тэгж нэжгээд (нэг нэг) дарна. Маргааш нь  мөн хуурайлах тоолондоо хошоод (хоёр хоёр) дарна. Ийнхүү нэг нэгээр өсгөж  дарсаар тав дахь хоногоос хойш хүүхдээ өлгийнөөс гаран гартал нь хуурайлах болгондоо тав дараад байвал түүн шиг эрүүл хүн ховор болмуй хэмээн нь хүйс  гэдэг эрхтэн хичнээн чухал болохын нэгэн гэрч болой. Арчилгаа муутай эхчүүд хүүхдийнхээ хатсан нусыг авч мэдэхгүй, бас нусыг нь нармай уруу нь яргуулсаар байгаад дунд чихний буглаа гээч айхавтар өвчин тусгачихдаг байна. Буруудвал  аминд  хүрэх нь ч  энүүхэнд. Хэрэв тийм болчихволд хоёр чихэнд нь хонины бөөр нуруулдаж зүсээд, салхи сэв хийлгэлгүй, халуунаар хоёр чихэн дээр нь 12 цаг тавьж боох сайн юм.  

​ Өрж эвлүүлдэг тоглоом

Хүн төрөлхтний соёлын өвд эртний дорно дахины Монгол, Хятад, Грек ,Итали зэрэг улс түмний бүтээсэн өрж эвлүүлдэг тоглоомд эрдэмтэд Архимед Пифагора Колумба ,Та-нг, нар ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Архимед манай эртний өмнөх 3-р зууны үед нэгэн эвлүүлэх тоглоомыг зохиожээ. Тэр тоглоомоо Архимед "Стоммахион" гэж нэрлэжээ Стоммахион гэдэг нь монголоор шоохорхол гэсэн грек үг..Архимедын зохиосон Стомахион нь 14 хавтгайтай. Энэ тоглоомыг эрт цагийн грек болоод ром хүмүүс ихээхэн сонирхож эдүүгээ цагийн шатар, даам, сонирхож тоглодгийн нэг адилаар маш ихээр сонирхон дурлан шохоорхон тоглож байжээ. Стомахиохын 14 дүрсийг хоёр зэрэгцээ квадратаас зурагт үзүүлснээр хувааж янз бүрийн дүрс хүн, шувуу, мал, мод, араатан амьтан зэрэг олон дүрсүүдийг эвлүүлэн тоглоно. Пифагор квадрат дүрсийг 3 янзын дүрсээс үүссэн долоон хэсгээс хувааж тоглоом зохиосон бөгөөд хүн төрөлхтний соёлын өв математикт олон чухал нээлтүүд гаргасан . Алдарт аялагч Колума зуйван дугуй дүрсийн хуваалт бүхий арван хэсэгээс бүрдэх эвлүүлдэг тоглоом бүлээсэн. Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн “Энх мэндийн эв долоо “, "Бага эв долоо", "Жигтэйхэн долоон хавтгай" зэрэг өрж эвлүүлдэг тоглоомоо баяжуулан хөгжүүлж хадгалсаар ардын тоглоом болгон эрт цагаас тоглож байсан бөгөөд хойч үедээ өвлүүлж улам боловсронгуй болгож "Долойдой", "Арга билгийн алтан түлхүүр", "Монгольская игра буюу Намсрай", "Тэмүүлэн" зэрэг эртний болон эдүүгээ зохиогдсон өрж эвлүүлдэг тоглоомоор олон төрлийн тоглоом наадам зохиож хүүхдийн сэтгэн болох дүрслэн урлах ой ухаан,чадварыг хөгжүүлэхэд ашгилсаар ирсэн Орчин үед өрж эвлүүлдэг тоглоомыг одоо хүртэл уламжлуулан хөгжүүлэхэд Н.Намжилдорж, Х.Дарамбазар, Ж.Дэмбэрэл, П.Баяраа нарын хүмүүс ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэдгээрээс Н.Намжилдорж өрж эвлүүлдэг тоглоомыг хүүхэд залуучуудад өвлүүлэх,сургаж хүмүүжүүлэхээс гадна ардын уламжлалт тоглоот наадмыг судалж цуглуулан эмхэтгэн хэвлүүлсэн ба өөрөө шинээр “Долоодой хэмээх тоглоом зохиож энэхүү тоглоомоороо БНМАУ-ын Гэгээрлийн яам,Монголын урчуудын эвлэлийн холбооноос 1961 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан бөгөөд 1966 онд "Монголын хөлөгт тоглоом" номондоо оруулсан байна. П.Баяраа 1991 онд "Намсрай" тоглоомыг зохиож цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон 1994 онд отгон хүү Намсрайгийн нэрээр нэрлэсэн. Уг тоглоом Монгольская игра нэртэйгээр орос улсад үйлдвэрлэгдэн интернетээр зарагдан нийтийн хүртээл болж байна. Өрж эвлүүлэх тоглооом нь маш их сонирхолтой бөгөөд хийхэд хялбар хүүхдийн оюун санааг хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж улмаар аман яриа,уран хэллэгийн дадал чадвар олгох зэргээр хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж хамтын хүмүүжлийг олгодог зэрэг давуу талуудтай тоглоом юм.  

​Хонины салбант сархинаг нойр булчирхайг эмчилдэг

Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүр мөсөн эмчилж болдог талаар Худалдааны техникумын багш агсан өндөр настан Минжүүрийн Норовын гаргасан жорыг иргэн Л.Базаррагчаа 2007 оны есдүгээр сарын 17-нд тэмдэглэн авсан байна. Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\ Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250 гр усанд хийж 200 гр болтол буцалгаж болгоно. Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ. Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж, даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно. Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.  

​Монгол ёс заншилаа дээдэлцгээе

Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ. Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон.  МЭНДЛЭХ ЁСОН Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс арвин баялаг уламжлалтай байдаг. Гаднаас ирсэн хүн гэрийн гадаа ирж, мориноосоо буухын өмнө: - Нохой хорио! гэхэд нэгэн хүн нохой хорьж өгнө. Тэгэхэд нь унаанаасаа бууж, морио уяад (тушаад) зочин хэт хутгаа буулган гэрт орж: - Сайн байцгаана уу? (хоёроос дээш хүн байвал) сайн байна уу та (ганц хүн байвал) гэж мэндэлнэ. Хэт хутгаа ийнхүү буулгадаг нь муу санаа өвөрлөж ирээгүй, аюулгүй гэдгийн тэмдэг болдог юм. Гэрийн эзэн: - Дээшээ сууна уу (морил) гэж зочныг хүндлэн суулгасны дараа тухайн үеийн байдлаас хамааран зочин: - Сайн зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байн уу гэж мэндчилнэ. Гэрийн эзэд: - Сайхаан, сайхан зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байнауу? гэж хариу мэндчилэн, хэрэг зориг хаа хүрнэ, хэт нутаг хаана билээ? гэх зэргээр байдлыг мэдэхээс гадна, цай идээ барьж хундэтгэн зочилно. Хэрэв чанасан цай, хоол болж байхад зочин ирж тохиовол бэлгэ дэмбэрэлтэй явна гэж үздэг. Зочин хэрэг зориг, хэт нутгийнхаа талаар ярьж, улмаар нэр алдраа мэдэлцэж, хөөрөг, гаанс зөрүүлэн нутаг орны газрын гарц байдал, малын тэвээрэг, нүүдэл суудлын талаар ярилцдаг. Хэрэв зочин хол газраас яваа бол цай хоолоор дайлж, өнжиж, хоноод явах боломжийг гэрийн эзэд болгоодог заншилтай. Хэрэв өмнө нь таньдаг хүнтэй ойрд уулзаагүй бол мөн дээрхийн адил мэндэлнэ. Зочин: - Сонин сайхан юутай байна? гээд ажил, ахуйн холбоотой зүйлийг ярьцгаана. Дүү насны хүн ахмад хүнтэй эхлэн мэндчилж амрыг эрдэг ёстой. Малын бэлчээрт, эсвэл замд тааралдсан хүнтэй бол зөв талаараа зөрөх маягтай болж мэндчилнэ. Хэрэв яараагүй бол мориноосоо бууцгаан газар сууж мэндээ солилцохын хамт хөөрөг, ганс зөрүүлэн ахуй байдал, аж амьдралынхаа талаар хөөрөлдөж, нэг ёсондоо тодорхой мэдээлэл олж аваад явцгаадаг байна. Эсгий хийх, ноос савах, унага тамгалах болоод бусад зан үйл, ёслолын үеэр холбогдох бэлгэ дэмбэрлийн үгийг харилцан хэлэлцэж, ажил үйлсэд нь гар бие оролцон туслалцана. НАЙРЫН ДЭГ ЁС Монголчууд баяр наадам, хурим найрыг нарийн дэг журамтай хийх талаар олон зуун жилийн арвин баялаг уламжлалтай билээ. Манай ард түмэн ямар ч найрыг нарийн зохион байгуулалттайгаар хийж найр наадмын ёс журам сайн мэдэх хүнээр найрын ахлагч сонгон түүний зөвшөөрөлгүйгээр хоорондоо ярилцах, дураар гарч, орох, суудал сольж суух зэргийг хүртэл хатуу цээрлэн ямар дуу, ерөөлийг хэдийд дуулж, ерөөх, ямар зан үйлийг хэрхэн гүйцэтгэх тэргүүтнийг тогтсон ёс журмын дагуу үйлддэг уламжлалтай. Аливаа найр ийнхүү нарийн дэг ёстой байдаг нь зочин гийчдийн наргиан цэнгээнийг боогдуулах бус харин ч аятай таатай нөхцөл боломжийг олгож буй хэрэг юм. Мөн найр хурим дээр олонд хандаж хэлэх үгийг энгийн ярианы байдлаар бус харин уран тансаг хэллэг бүхий шүлэг ерөөлөөр хэлэлцдэг нь гоо сайхны учир холбогдолтой ажээ.  

​Хатигийг сармисны шүүстэй, давсны уусмалаар шавшихад түргэн эдгэрдэг

Сармисны ач тус их. Бид ханиад хүрсэн үедээ сармисыг түлхүү хэрэглэдэг. Тэгвэл сармисыг зөвхөн ханиад томууны үед гэлтгүй бусад өвчнүүдийг анагаах зориулалтаар ч хэрэглэж болдог байна. -Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс 3-4 хумс сармисыг үрүүлээр үрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шүүсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно. -Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай. -Ханиадны үед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагаар уухад их үр дүнтэй. -Арьс, салст бүрхэвчийн шарх шалбархай, түлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шүүстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх түргэн эдгэрдэг. -Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавихад өвчин намдана. -Уушги, гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед сармисны уураар утахад гойд сайн нөлөө үзүүлнэ. Утахдаа сармисны шүүсийг буцалсан халуун усанд, эсвэл 0.25 хувийн новокайны уусмалд 1:3-ын харьцаатайгаар найруулж утна. Утлагыг 8-15 удаа давтана. Хоёр грамм сармисны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утвал бүр сайн. -Гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад шарх, хатиг зэрэг идээт ба идээ татах шинжтэй хэсэгт тавьж боовол өвчин намдаж, хавдар харьж, идээлэх нь зогсоно. -Идээ, булаг гоождог чихэнд сармисны шингэрүүлсэн шүүсийг сайтар шүүсний дараа өдөрт 2-3 удаа дусаахад сайн. -Багтраагаар өвдөхөд хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн үедээ ууна. -Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина. Зажилж болохгүй. -Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж буцалгаад хөргөсний дараа өвчтэй газраа түрхэхэд зовиур шаналгаа алгуур арилна. -Ганц хуруутахад ямар ч ан амьтны хатаасан цөсийг сармисны шүүсэнд дэвтээгээд бооход гойд сайн.

Усан таргаас хэрхэн сэргийлэх вэ

Таргалалт ба усан таргын тухай. Өглөө сэрэхэд нүд бүлцийн, хуруу хөөгөөд, бөгж тань багтахаа больчихдог асуудлынхаа хариултыг хайн, одоо хэр нь ололгүй арга мухардаж сууна уу. Усан таргын талаар таны мэдэхгүй бүхнийг энд бэлдлээ.   Жин тань өмнөх өдрөөсөө 1,3 кг-ийн зөрүүтэй хэлбэлзэхийг хараад “Юу идсэн болоод” гэж өөрийгөө “зүхэн” суугаа юм биш биз. Сэтгэл сэргээм сайхан мэдээ дуулгахад энэ хэлбэлзэл нь өөх бус ус гэвэл арай наана сонсогдож байна уу. Учир нь нэг л шөнийн дотор өөх 1.3 кг нэмэгдэх боломж байхгүй. Хүн 0.45 кг өөх хуримтлуулахын тулд өөрийн хэрэгцээт хэмжээнээс гадна нэмэлт 3500 ккал илчлэг идэх ёстой. Тэгэхээр нэг өдрийн дотор 10000 гаруй ккал илчлэг нэмж идэж байж 1.3 кг өөх хуримтлуулна гэсэн үг юм. Тийм болохоор санаа зоволтгүй. Хүний бие нь гормон болон натри, кали мэтийн эрдэс бодисын тусламжтайгаар зохист тэнцвэрээ хадгалж байдаг. Гэтэл энэхүү тэнцвэр түр хугацаагаар алдагдсанаас хүн өглөө сэрэхдээ бага зэрэг “хөөсөн” байх нь бий. Ийнхүү усан тарга үүсгэх шалтгаануудын эрэлд гарцгаая. Шалтгаан: 1. Натри ба түр зуурын шинжтэй усан тарга Натригаас үүсэлтэй усан тарга нь давс ихтэй, сайтар боловсруулсан хүнснээс их хэмжээний натри авсантай холбоотой байдаг. Натри нь хүний биед чухал үүрэгтэй ч цусан дахь натрийн хэмжээ харьцангуй бага байх ёстой. Хэрэв та хэт шорвог хоол идвэл (цусанд их хэмжээний натри оруулж байна гэсэн үг) таны бие түүнийг “шингэлэх”-ийн тулд хэрэгцээт усыг нөөцлөсөн нь таны нүүр, гар хөөх шалтгаан болдог байна. 2. Цардуул, чихэр ба түр зуурын усан тарга Хэт боловсруулсан нүүрс усаар баялаг хоол хүнс мөн усан тарга үүсэхэд хүргэдэг. Хэрэв та оройн хоолондоо гоймон, цагаан будаа, чихэрлэг ундаа, хоол хүнс хэрэглэсэн бол цусан дах сахарын хэмжээ хурдацтайгаар нэмэгдэнэ. Ингэснээр цуснаас сахарыг биеийн эд эс рүү зөөвөрлөхөд тусалдаг инсулин хэмээх гормоныг таны бие ялгаруулж эхэлдэг байна. Инсулины түвшин өндөр байвал таны бие натри болон шингэнийг нөөцлөх дохио өгнө. Нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнс инсулины хэмжээг огцом нэмэгдүүлдэг тул шингэн тогтмол хуримтлагдсаар байх магадлалтай.  3. Гормоны өөрчлөлт ба түр зуурын усан тарга Түр зуурын шинжтэй усан тарга үүсэхэд гормон бас нөлөөлөх нь бий. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөгтэй давхцах гормоны өөрчлөлт нь 1-2 кг усан тарга нэмэхэд нөлөөлж болох бөгөөд энэ байдал 1 долоо хоног буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг байна. Хэдийгээр та гормоны өөрчлөлтөд орохоос зайлсхийх боломжгүй ч хоол хүнсэндээ өөрчлөлт оруулах замаар үүнд нөлөөлөх боломжтой. - Усан таргатайгаа ингэж тэмцээрэй: Хоол хүнсэндээ цөөн хэдэн энгийн өөрчлөлтийг оруулснаар түр зуурын усан таргыг шийдвэрлэх боломжтой. Биед шингэн хуримтлагдахад нөлөөлдөг өвчлөл, эм тарианы зүйлс байдаг бөгөөд хэрэв танд усан таргын шинж ойр ойрхон болоод урт хугацаагаар илэрвэл яаралтай эмчдээ хандаж, ярилцах нь зүйтэй. Давсны хэрэглээгээ хязгаарла Боловсруулалт өндөртэй хоол хүнс их хэмжээний натри агуулсан байх магадлалтай тул аль болох органик хоол хүнсийг сонгож хэрэглэ. Давс ихтэй зууш, шөл, амтлагч, соусны хэрэглээг багасгаж, хоол хийх болон хооллох үедээ зориулалтын давс цацагч ашиглан давсыг бага хэмжээгээр амтлах төдий хэрэглээрэй.  Цардуул болон чихрийн хэрэглээгээ багасга Цагаан талх, ердийн гоймон, цагаан будаа зэрэг сайтар боловсруулсан нүүрс усны оронд бүхэл үрийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэ. Эдгээр нь удаан шингэдэг тул цусан дахь сахар болон инсулины хэмжээг нэмэгдүүлэхгүй. Мөн чихэрлэг ундааны оронд ус юмуу ногоон цайг сонгоорой. Хангалттай хэмжээний ус уу Биед усан тарга нэмэгдсэн үед нэмж шингэн хэрэглэж болохгүй мэт санагдаж магадгүй. Гэвч шингэн зүйл уух нь илүүдэл давс болон усыг биеэс гадагшлуулахад тусалдаг болохоор өдөрт 6-8 аяга ус тогтмол ууж заншаарай. Кали хэрэглэ Кали нь биед шингэний тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд натритай зохист тэнцвэрийг хангаж байх ёстой. Кали нь жимс болон хүнсний ногоонд элбэг байдаг ч ихэнх хүмүүс хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээний кали авч чаддаггүй. Хооллох болон хөнгөн зууш идэх бүртээ жимс юм уу хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.  

Ходоодны шархыг эмчлэх аргууд

Таны ходоод өвдөж байна уу? Та ходоодны шархтай болсон юм биш биз. Тэгвэл таньд ходоодны шархыг эмчлэх байгалийн аргуудыг танилцуулж байна   Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх Эм бэлгэх жор, арга: – 20 гр нунтаг хушга – 1/2 стакан, буцламгай ус – 1 ц/х зөгийн бал Хандлах хугацаа: 30 минут Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө: – Ходоодны шархыг сайн аниулна. – Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг. – Цусны шүүрлийг зогсооно. – Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг. – Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. – Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг. Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг. Шар шавраар ходоодоо гурав хоногт эмчилсэн туршлага 1991 онд би удаан хугацааны турш сэтгэл хямарч зовсоор байгаад дээд гэдэсний булцуунуудаас цус шүүрдэг шархтай болсон юм. Хэсгийн эмч намайг эмнэлэгт нэг сар хэвт гэв. Эмнэлэгт хэвтэх боломж надад тэр үед байгаагүй. Тэгтэл оюутан байхдаа атрын барилгын отрядад ажиллаж байснаа саналаа. Тэнд зунжин байшин шавардаж байхдаа төмөр, чулуу зэрэгт гараа урж цус гоожуулах нь бишгүй л нэг байдаг байв. Гараа шавартай усанд угаагаад л хана шавардах ажлаа үргэлжлүүлнэ. Зуны турш манай бригадын хэний ч шарх нь хувилж байгаагүй, шарх ганцхан хоногийн дотор тавладаг байсан. Тэгээд адилхан л шарх юм чинь гэж бодоод шаврын уусмал ууж үзэхээр шийдлээ. Тэр үед би байшингийн суурийн нүх цоолж байсан юм. Зангидсан гараас арай жижгэвтэр шавар авч 1 литрийн саванд хийж ус хийгээд буцалгав. Хөрснийх нь дараа цайны аяганд хийж хутгаад уув. 10-15 минутын дараа дотор хорсох нь намдаж, юм идмээр санагдлаа. Би энэ уусмалаа өдөрт 3 удаа, хоол идэхээс өмнө цайны аягаар уугаад 1999 он хүртэл ходоодны шархаа мартчихаад байтал бас л сэтгэл нэг хэсэг хямарсны дараа дээд гэдэсний булцуу хоёр шархтай болсон байв. Энэ удаа 7 хоног шавар уух хэрэгтэй болов. Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх Хятад жор: Нэг ширхэг өндөгний хальс, ус 140мл Бэлтгэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээний хугацаа: 14 хоног. Алимны цуу хордлогоос амь аварна Олон арга байдагийн дотор Оросын нэг ийм арга бий. Алимаа угаагаад муудасан хэсгийг авч хаяна. Бүдүүн ширхэгтэй үрүүлээр нухсан алимаа шилэн саванд (модон болон ваар сав ч болно) хийж 0.4кг алимны зутанд 0.5л ус гэсэн тооцоогоор буцалсан ус нэмнэ. Дээрээс нь 1 литр тутамд 10 гр зөгийн бал юм уу, элсэн чихэр холиод исэлтийг түргэсгэхийн тулд 10гр исгэгч, 20гр хатсан хар талх хийгээрэй. Саваа харанхуй, дулаан газар (20-30С-д) таглалгүй 10 хонуулахдаа өдөрт 2 удаа модон халбагаар хутгана. Дараа нь самбайгаар шүүж, гарган авсан 1 литр тутамд 50-100гр зөгийн бал эсвэл элсэн чихэр нэмж, лонхонд юүлээд амыг нь самбайгаар ороон, харанхуй, дулаан газарт тавина. Шингэний өнгө тунгалаг болмогц исэлт дууссан гэж ойлгох юм. 40-60 хоногийн дараа цуу бэлэн болно. Шингэнээ шүүж аваад, битүү бөглөж сэрүүн газар хадгална. Цэнхэр иод ч бас хордлогоос аварч, гэдэс ходоод эмчилнэ Хөх иод гэдэг нь иоджуулсан цардуул юм. Энэ нь гэдэс ходоодны шархлаа, амны хөндийн эвгүй үнэр, хордлого, нүдний салстын үрэвсэл зэрэг олон өвчнийг найдвартай анагаагч, элдэв хоргүй чухал эм билээ. Санкт-Петербургийн эрдэмтэн В.О.Мохнач цэнхэр иодоор эмчилгээ хийх асуудлыг судалж байгаа эрдэмтэдийн нэг юм. Туршилт нь 50иад оны үеэс эхэлсэн бөгөөд дайны үед ч бас цэнхэр иодын эмчилгээ хийгдэж байжээ. Хөх иод нь гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой юм. Жор: – 50мл бүлээн ус – 10гр төмсний цардуул – 10гр элсэн чихэр – 0.4гр нимбэгний хүчил Цардуул, чихэр, нимбэгний хүчлээ 50мл бүлээн устайгаа найруулж цурдуулын уусмалаа бэлдэнэ. Үүнтэйгээ нэг зэрэг 150мл ус тусад нь буцалгаад бэлдчихсэн байх хэрэгтэй. Дараа нь цардуулын уусмал дээрээ 150мл усаа хийж хутгаж найруулаад хөрснийх нь дараа иодын 5%-ийн спиртэн уусмалаас (аптек-д зарагддагаас) 1 ц/х нэмж холиод хөргөснөөр хөх эм хэрэглэхэд бэлэн болно. Жич: гоньд: чинжүүний оронд усан үзмийн 9%-ийн цуу хагас аяга гэсэн нэг хувилбар байдаг. Хэрэглэх журам: Өдөр бүр хоолны дараа 1 ц/х-аар 4 удаа ууна. Дангаар нь юм уу цай, кофетой хольж уусан ч болно. Эх сурвалж: өглөө.мн  

​Монгол малчдын уламжлалт зан заншил Нийгмийн харилцаанд нэвтэрсээр ирсэн нь

     Монгол хүн арга эвийн ёсыг эрхэмлэн дээдэлж аливаа ажил үйлд өөрийн аргазүйг тогтоон баримталсаар иржээ. Аргийн ухааны дээд хэлбэр нь эе эвийн ёс гэж үздэг байжээ.Эвт шаазгай буга барина, “Олон хүн эвгүй бол оорцог хүний зууш болох” гэдэг үг нь эв нэгдлийн чухалыг илэрхийлдэг. Бас нэгэн жолооны онол буюу нэгдмэл хүчний давуу талыг эрхэмлэн шүтэж байсны нотолгоо нь Алунгуа хатан таван хүүдээ нумын таван сумыг ганцаар болон багцаар өгч хугалж чадах ба эс чадахыг үзүүлж байсан нь монгол сурган хүмүүжүүлэх ухаанд эцэг эх ахмад хүн биеэр үлгэрлэж сургах нэгдмэл хүчний давуу талыг нэгэн зэрэг таниулж байсан хэрэг юм.         Монгол хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эхээ шүтэн бишрэх үзэл нь дэлхийн аль ч орныхоос өвөрмөц онцлогтой юм. Хүний амьдралыг үүсгэн бүтээгч эхийн ачыг юутай ч зүйрлэшгүй ач тус гэж үзэхийн дээр улс нийгэмийн амьдралын эх нөхцөл болсон байгаль дэлхийг эх болсон дэлхий хэмээн шүтэж амьдран хайрлан хамгаалж байдаг нь эртний уламжлалтай бөгөөд шинжлэх ухааны бодит үндэслэлтэй ажээ. Мөнх хөх тэнгэрийг шүтэх нь эзэн Чингисийн үзэл эх дэлхий эцэг тэнгэр гэдэг нь нийт монголчуудын үзэл юм. Ер нь нүүдэлчин монголчууд байгалийн өвс ургамал баялаг өгөөжийг түшиглэн малаа өсгөн үржүүлж түүний ашиг шимээр амьдарч ирсэн болохоор тэнгэр газараа шүтэх нь аль эртний уламжлалтай байгаа нь аргагүй юм.        Монгол гэр бүл нь малчидын залгамж үеүдийн сургууль байж эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгч нь болдог ажээ. Монгол ухаан монгол хүн төлөвшүүлэх гол эзэн нь юуны өмнө эх хүн байжээ. Эх хүн тоглоом наадмаар дамжуулан хүүхдүүддээ ертөнцийг таниулж ажил хөдөлмөрт биеэр үлгэрлэн дагуулж сургадаг. Биеэр үлгэрлэн дагуулж сургадаг хоёр дахь гол хүн бол эцэг бөгөөд тэр нь хүүхэд залуусыг хүний нийгмийн амьдралд оролцуулж сургадаг билээ.        Чингис хаан Монгол туургатныг нэгтгэсний дараа “Хүү нь эцэгээ хүндэтгэхээ эр нөхөр нь эхнэрээ итгэхээ эхнэр нь нөхрийнхөө үгийг авахаа багачууд нь ахмадаа хүлээн хүндэтгэхээ баян нь ядуугаа тэтгэхээ доорд хүмүүс нь дээдчүүлдээ хүндэтгэл үзүүлхээ больсноос газар сайгүй яахын аргагүй эмх замбараагүй байдалд идэгдэж эцэс төгсгөлгүй дур зоргоороо аашлах явдал их болсон байна. Би үүнийг эцэс болгож хууль, ёс, дэг журмыг тогтоосон болой” гэж хэлжээ.        Үүнээс гэвэл дээрх шиг нөхцөл байдал нь нийгэмийн эрс шинэчлэл, шилжилтийн үе шаардагдсан цагт бий болдог ажээ. Монгол орон  1990-2006 онд 16 жилийн турш ийм байдалд орсон бөгөөд харин 2007 оноос нийгэм эдийн засгийн байдал арай дээрдэж нийгмийн ёс суртахуун зүгшрэх хандлага илэрч эхэллээ.                                 Монголын ёс заншил далай мэт арвин бөгөөд танин мэдэхүйн үүднээс дараахь байдлаар ангилж болно. Үүнд: Өрх гэр бүл хүмүүсийн хоорондын харилцааны ёс заншил Нүүдэлчдийн аж төрөх ёс нүүдлийн мал аж ахуйтай холбоотой заншил Байгаль орчны холбогдолтой ёс заншил Төр ёсыг эрхэмлэн сахихтай холбоотой ёс заншил Шашин шүтлэгийн ёс заншил Бэлгэдлийн ёс заншил Баяр наадам тоглоомтой холбоотой ёс заншил Ан агнууртай холбоотой ёс заншил зэрэг болно.         Үүнээс гадна монголчуудын олон ястнуудын өвөрмөц онцлогтой холбоотой ёс заншил байдаг. Жишээ нь:  Дархад Хатагин Буриад Дөрвөд Баяд Урианхай Захчин Халх Өөлд Торгууд гэх мэт 20 шахам ястан угсаатнууд тус бүр өөрийн гэсэн ёс заншилтай байдаг.        Монголчууд ёс заншилаа өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн дотор өмнөх үеэсээ уламжлан өвлөж одоо үедээ баримтлан хэрэгжүүлж хойч ирээдүйд амьдрах залуу үедээ үлгэрлэн сургаж өвлүүлэн үлдээж ирсэн түүхтэй ард түмэн юм. Энэ нь харц ард хаад ноёд эрдэмтэн мэргэд эхнэр хүүхэд хэний ч гэсэн үүрэг гэж үзсээр иржээ.       Монголчуудын зан үйл ёс заншлыг зарим судлаачид нийгэмийн хөгжлийн түүхэн үеүдээр ангилан авч үзсэн байдаг. Тухайлбал: Монголын эртний улсуудын үеийн зан үйл ёс заншил уламжлал Монголын эзэнт гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе Чингисийн өв залгамжлагчдын үеийн ёс заншил уламжлал Монголын төрийн бутрал Манжийн ноёрхлын үеийн ёс заншил уламжлал Богд хаант Монгол улсын үеийн зан үйл ёс заншил  уламжлал 1921-1990-ээд оны Монголын нийгмийн зан үйл ёс заншил уламжлал гэж хуваадаг.            Энэ түүхэн үе бүрд ард олны зан үйл ёс заншил уламжлал өөрийн онцлогтой байдаг нь тухайн нийгмийн үзэл санаа ёс зүйтэй холбоотой байлаа.          Эртний Монголын ёс заншлын гол чиглэл нь байгаль орчин дэлхийг шүтэн бишрэх онгод бөөгийн ёс мөнх хөх тэнгэрийн шүтэх ёс байснаа Их Монгол улсын өмнөх олон омог аймгийн улсуудын үед хаад ноёдыг эрхэмлэн шүтэх өргөмжлөх төрийн ёс заншил үүсч улмаар хаадын зарлиг бичиг баримт цол хэргэм хууль ёсыг дээдэлж тамга тэмдэг туг исэр шүхэр зэргийг хэрэглэх ёс заншил хөгжжээ.                                      Их Монгол улс Юан гүрний Монгол улсын үед Монголын газар нутагт 40-өөд улс нэгдэн оршин тогтнож байсан учраас тэдгээр улсуудын аж төрөх ёс ахуй амьдралын хэв маяг ёс заншил техник технологи өөр хооронд нь түгэн дэлгэрч олон улсын чанартай хууль тогтоомж зарлиг сургааль нь жинхэнэ ард түмний шинжийг олж “Их засаг” мэт хүчтэй хууль цааз буй болж үйлчлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл аж байдлын ёс заншил улам өргөжин хөгжиж байжээ. Жишээ нь : 13-14-р зууны монголчууд малын сүүгээр айраг архи ааруул цагаан идээ хийж жилийн 4 улиралд хэрэглэдэг байсан ба айргийг идээний дээж гэж найр хурим баяр цэнгэл бүрд хэрэглэдэг байжээ.         Монголчууд гэрийнхээ үүдийг урд зүгт харуулан барьдаг, гэрийн доторхи орон зайн утга санаа тавилга эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байх эзлэх байршил тэр үед тогтсон заншил байв. Гадаа гарч байгаль дэлхийдээ сүү цай идээний дээжийг өргөдөг заншил байв. Эртний овгийн заншлаар бол нэг эр хөрөнгө чинээний байдлаас хамаарч хэдэн ч эхнэр авч болох бөгөөд эхнэр болох хүний хувь заяаг бүхэлдээ эцэг эх шийдэж байснаас тэдэнд сүү бэлэг өргөх өргөл барьц тавих ёс заншил түгээмэл байжээ. Сүүлдээ энэ ёсыг залуус эсэргүүцэх нь их болж хүүхэн босгох буюу оргуулах ёс ч бий болжээ. Мөн найр наадам хийх заншил өргөн дэлгэрсэн бөгөөд монголчуудын хамгийн дуртай наадам нь эрийн гурван наадам болжээ. Бас төрөл саднаар нэгдэж тахил мөргөл үйлдэж найрлах хурим хийх цагаан сарыг тэмдэглэх анд бололцох ёс заншил байв.           Монголчууд үр хүүхэддээ удам угсаа овог гарлыг сайн ойлгуулдаг учраас удмаа мэдэхгүй хүн байгаагүй. Монголчууд хамт олны хурал цуглаан хурим найр баяр ёслол зэрэгт уран цэцэн үгээр шүлэг найраглал хэлж яруу хэлэлцдэг, өөрийн орон гэр байр сууцаа гоёмсог дүрсээр чимэх гоёлох ахмад үе нь залуу үеэ сургамжлах хүүхэд залуус ард олон хоорондоо эвтэй найртай байхыг чухалчлан сургадаг байв. Залуучууд ахмад үеэ үр хүүхэд эцэг эхээ эхнэр нь эр нөхөрөө шавь нар нь багшаа харц ард нь хаад ноёдоо хүндлэн шүтэх ёс бол угтаа ахмад үеийг шүтэх сэтгэл зүйг бий болгожээ. Чингис хааны хувьд мөнх хөх тэнгэрийг шүтдэг байсан нь тэнгэр газрын холбоо байгаль ертөнцийн хувирал өөрчлөлт цаг агаарын эрс нөлөө нь хүний болон нийгмийн амьдралд сайн муугаар нөлөө үзүүлдэг бодит зүй тогтлыг ухааран мэдэрч сүсэглэн залбирч байсны илрэл ажээ.                  

Хуудаснууд

Subscribe to Зан үйл