logo

logo.jpg

Advertisement

Зан үйл

​Адууны хомоолоор нурууны өвчин бүрэн эдгэрсэн түүх

Хүн огт өвчин тусахгүй амьдрана гэж байхгүй, өвдөж л таарна. Гэхдээ энгийн нэг хомхой долойхоос эхэлдэг цэврүүт үрэвхийлэл биед маш их зовиур шаналгаатай. Миний гэдсэндээр улайж өдсөнөөс болоод би бүр хоёр долоо хоног унтаж чадаагүй. Энэ хугацаанд уугаагүй эм, түрхээгүй тос гэж байхгүй. Арьсан доороо хүртэл тариулж үзсэн. Гэвч шөнө дунд болохын алдад өнөөх чинь өвдөөд, өглөө болтол намждаггүй. Үдэш болоод ирэхэд бүр айдас хүрдэг болов. Миний хэрхэн шаналж байгааг харж байсан эхнэр маань модны үнсийг зөгийн балтай хольж түрхэлэг бэлдэж өглөө. Би итгэл муутайхан ч юмыг яаж мэдэхэв гээд түрхээд үзлээ. Тэгтэл яаасан гээч сүүлийн 10 гаруй хоногт анх удаа нялх хүүхэд шиг бөх, сайхан унтсан. Өглөө босоод харсан чинь гэдсэн дээр байсан улаан зүйлүүд алга болсон байсан. Нэг өдрийн дараа цэврүүт үсэрхийлэл гарсан газруудад зөвхөн цайвар толбонууд үлдсэн. Түрхлэгийг дурын хугацаагаар хольж бэлдэж байсан. 1 хоолны халбага модны үнсийг зөгийн балаар шингэвтэр түрхлэг болтол нь зуурч бэлддэг. 12 жилийн өмнө мэдрэлийн язгуурын өрөвсөлтэй болж ууц нуруугаар их хүчтэй өвдөн, босч сууж чадахгүй байлаа. Надад нэг хүн жодооны мөчиртэй усанд орохыг зөвлөсөн юм. Тэр хүн өөрөө III зэргийн групптэй байсан энэ аргыг хэрэглэсэнээс хойш ажилдаа орж, тэтгэвэрт гартлаа ууц нуруугаар нь дахиж өвдөөгүй юм гэсэн. Гэтэл надад энэ арга тус болоогүй. Харин адууны шинэ нойтон хомоол түүж халуун бүлээн усанд дүлрж халаагаад хоёр давхар самбайгаар жийрэглэн нуруу дээрээ тавьж дээрээс нь гялгар уут хөвөнтэй хөнжил юм уу зузаан хувцас нөмөргөн дулаална. Эхний өдөр 10 минут дараагийн өдөр 15 минут гэх мэтчилэн 5 минутаар хугацаагаа уртасгаж тавьдаг. Усанд орж биеэ халаагаад эмчилгаа эхэлнэ.Та нар итгэхгүй биз. 1000 сонсохоор нэг удаа үзсэн дээр гэдэг үг байдаг. Муу өвчтэй нуруу маань чимчигнэж маш таатай байсан болохоор би 10 минутын оронд бүр 15-17 минут тавьчихсан шүү. Тэгээд эхнийхээ эмчилгээг хийгээл бусдын тусламжгүй хөл дээрээ боссон. Хоёр дахь удаагаа таягаа хаяж чөлөөтэй тонгойж сууж чаддаг боллоо. Гурав дахь удаагаас өнөөг хүртэл ууц өвдөх нтр байхгүй болсон. Би хөдөө орон нутагт амьдардаг болохоор ялангуяа зун хүнд ажил их хийх зэрэг гардаг. Тэр үед нуруу маань ядарна уу гэхээс өвддөггүй. Эх сурвалж: Sharsonin.com  

​БӨӨРИЙГ ЭМЧЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА

Бөөр Таван цул эрхтний нэг бөөр юм.Бип даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг.Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм Бөөр муудаж өвдөхөд -Тэхийн шээс чанаж уудаг.Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ   -Цахилдагны үндэс чанаж уух их сайн.цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ   -Мөн шилүүсний мах маш сайн.Бөөр доргиж өвдөх цусаар шээхэд шилүүсний мах,Борц чанаж шөлтэй нь ууж идэхэд дахин өвдөхгүйгээр эдгэрдэг   -Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатй холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой.Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог   -Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээнэ.    -Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг   -Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.Миний мэдэх хоёр гурван хүн туйплан ууж бөөрөө эдгэрүүлсэн юм даа.   -Бөөрний чулуутай хүн нэг дор л 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд члуу бутарч гадагшилдаг   -Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна    -Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно   -Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна   -Янгир ямаан мах бөөрөнд нэн тустай   -1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн   -Бөөрний чулуутай хүн хавар эрт хус гөлөгөхөд нялх навч гарах үед наалдамхай биш болмогц түүж авдаг.Түүсэн навчаа сүүдэрт хатааж 1 халбага навчийг 1аяга халуун усанд хйиж 20-30минут болгоод уудаг Өдөрт 3-4аяга ууна.Түүсэн навчаа 3 хоногт хэрэглэдэг.Удвал чанаргүй болно.1сар уугаад засварлах хэрэгтэй.Энэ арга таны бөөрний чулууг уусгаж эдгэрнэ   -Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн   -Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна.2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй -Бөөрний хи й ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө.Шар тос,Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж  бүлээн жин тавиад эдгэрнэ  

​Мартын 8-ны сонин хачнаас

Үүсэл хөгжил Мартын 8-ны өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэх заншил тогтжээ. Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, анхаарал халамж тавьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Мөн тэд энэ өдөр ажиллахгүй байх боломжтой байжээ. Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ. Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсжээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Орчин үед Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эл өдрийг тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узбекистанд “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна. Улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ? Афганистан, Ангола, Армени, Азербайжан, Беларус, Буркина Фасо, Камбодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахстан, Киргизстан, Лаос, Македон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагаскар /зөвхөн эмэгтэйчүүд/, Молдав, Монгол, Непал /Зөвхөн эмэгтэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж. Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэгтэй найз нөхөд, ээж, эхнэр, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэлэг өгч, баярлуулан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн “Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээж, эмээ нартаа бэлэг өгч баярлуулдаг аж. Ингээд зарим орнууд Мартын 8-ны баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхуулж байна. Хятад Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хот бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж. Дашрамд дурдахад, бүх л эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүр зорьдог тул энэ өдөр бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ. Орос Манай хойд хөрш мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг байна. Харин зарим нь найз нөхдийнхөө гэр бүлд зочлон өнгөрүүлдэг бөгөөд эрчүүд цэцэг, сэтгэлийн үгээ бичсэн мэндчилгээ, шоколад, бусад бэлгийн хамт ээж, эхнэр, эмээ, эгч, охиддоо бэлэглэдэг гэнэ. Харин зарим орос эрчүүд бүхэл өдрийн турш аяга, таваг угаан, хоол хийж, хүүхдээ асарсаар өнгөрүүлдэг бол эхнэрүүд нь найзуудтайгаа наргиж цэнгэж тэмдэглэдэг аж. Герман Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийг тэмдэглэдэг байжээ. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байсан гэнэ. Хоёр Герман нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ болсон бөгөөд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг аж. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна. Итали Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй үйлчилдэг аж. Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна. Болгар Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.  

УРИАНХАЙН ГУНИГТ ДУУН “ЖАРАН ЦАГААН АДУУ”

 “Жаран цагаан адуу” дууг Монголын хязгаар нутгийнхны сэтгэлийн илрэл, тэдний амьдралаас урган гарсан гунигт дуун хэмээдэг ч түүхч, судлаачдын хувьд хэд хэдэн янзаар тайлбарладаг. Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хоморголон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүхтэй энэ дууг холбох нь бий. Мөн эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэх хувилбар дээр олонхи нь санал нэгддэг. Эл дууны үүсэл нь хэзээ вэ, хаанаас эхтэй вэ гэхээс илүү өгүүлж буй санаа, гаргаж байгаа харуусал нь өнөөдөр манай нийгэмд нэгийг хэлэх шиг. Тарж бутарсан ахан дүүсээн үгүйлэн санагалзсан урианхай, тува түмний гуниг харууслаас эхтэй “Жаран цагаан адуу” дууг “Хөсөгтөн” хамтлаг, уртын дуучин С.Цогтсайхан хамтран дуулжээ. Энэ дуунд, Арван цагаан адууны минь Алаг нь хаана байна ах нар минь Арван хошуу нутгийн минь Цэрэг нь хаана байна эгч нар минь Жаран цагаан адууны минь Алаг нь хаана байна ах нар минь Зургаан хошуу нутгийн минь Цэрэг нь хаана байна эгч нар минь Далан цагаан адууны минь Ардаг нь хаана байна ах нар минь Долоон хошуу нутгийн минь Цэрэг нь хаана байна эгч нар минь Наян цагаан адууны минь Ардаг нь хаана байна ах нар минь Найман хошуу нутгийн минь Цэрэг нь хаана байна эгч нар минь хэмээн өгүүлдэг юм. ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ  

Ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО бүртгэлээ

Монголчуудын малтайгаа хэрхэн харилцдаг уламжлалыг харуулсан цогц зан үйлийн нэг болох ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. Намибиа Улсын Виндхоэк хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын аравдугаар чуулганаар өчигдөр ийнхүү бүртгэж авсан бөгөөд энэ нь манай улсаас дэлхийд данстай болж буй 13 дахь соёлын биет бус өв юм. “Ботго авахуулах зан үйл”-ийг нэр дэвшүүлэх баримт бичиг, хэрэглэгдэхүүнийг бэлтгэн боловсруулах баг 2012 оноос хойш судалгааны ажил хийсэн. Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг бөгөөд нэг ботгоо эх нь голох тохиолдол гардаг. Үүнийг монголчууд шийдэх өвөрмөц гарц олж чадсан нь ботго авахуулах зан үйл юм. Хөгжим, дуугаар дамжуулж мал адгуустай харилцдаг зан үйл өөр улс оронд төдийлэн байхгүй учраас энэ зан үйлийг яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай байсан юм. “Соёлын биет бус өв бол яах аргагүй үндэстний баталгааны нэг хэсэг. Ботго авахуулах зан үйл гэхээр хүмүүс мэддэг юм шиг хэр нь бодит байдал дээр хийхээ ч больж байна. Тиймээс ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалж, өвлүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн судалгааны багийн ахлагч, ШУТИС-ийн Түүх антроплогийн багш, доктор Ю.Болдбаатар ярьж байсан. Тэгвэл судалгааны ажлын үр дүн гарч ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО бүртгэж авлаа. Р.Адъяасүрэн   

Хадагны гарал үүсэл

Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хадагны талаар мэдээ орууллаа. Хадагний гарал үүслийн талаар олон янзын мэдээ байдаг. Ц. Гочоо “Монгол эдийн дээж хадаг” хэмээх номондоо “Хадгийг Энэтхэг уран Бишүү-Гарма мяндсаар хийсэн мэтээр 14-р зууны үеийн монголын ”Хонжин дэвтэр” гэдэгт тэмдэглэжээ. Уран бишүү гармаа МЭӨ 6-р зууны хүн болох тул хадгийг хийсэн он цагийг тоймлож болмоор байна.”гэж тэмдэглэжээ. Харин Энэтхэгийн Лосолин дацангаас эрхлэн гаргасан “Сайн оюунт тааллийн чимэг үзэсгэлэнт сувдан эрх” цувралийн 47-р дэвтэрт /ху 123/ Хадаг нь өлзий хутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг.  Хадаг хэмээх нэрийн утга Монголоор “хадаг”, Төвдийн “хада”, хятадаар “ ”-харимж гэсэн утгатай үг юм. Чинисийн өчигт: “Хивт сум”, “Хивт тарвалага”, Хоёр загалын туужинд: “Хив татах ёс” гэсэн нэр томьёо гардаг. Нууц товчоонд хадаг нэрээр гардаггүй бөгөөд хэв гэсэн утгаар монголчууд анх хэрэглэж байсан. Иймд хадаг Энэтхэгт үүсч 13-р зууны үед Хятад, Төвдөөр дамжин монголд нэвтэрсэн бололтой. Хожим нь Түвдийн хадаг гэсэн нэрийг авч хэрэглэсэн гэдэг. Хадагний билэгдэл. Монголчууд Хадгийг тэнгэрээс гаралтай ертөнцөд байдаггүй эд учир өнгө нь үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг жинхэнэ тэнгэрийн өнгө гэж үзэж түүнтэй адил өнгөтэй хадгийг хэрэглэж байсан байна. Тэнгэрийн эд учраас хөнгөн, зөөлөн, уян бас бат бөх чанарыг бэлэгдэн ертөнцөд түүнээс илүү эд байхгүй байх билэгдлийг агуулан хэрэглэж байжээ. Мөн мөнгөн енбү, мөнгөний үндсэн өнгөөр билэгтэй мөнгөтөй зүйрлэн хүндэтгэж алхаж гишгэх доор газар тавихийг хориглож байжээ. Хадаг хэмээх нэрийн утга нь бурхан шүтээн, багш дээдсийн хөрөг, тэргүүтэнд тахих, тахилын шүтээнд мөргөх үед амгалан жаргалан, даатгах, мэнд амар мэдэх гэсэн утгатай бөгөөд тэр утгын дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун бэлгэдлийг өргөхийн бэлгэдлээр нь харамж өргөх гэсэн утгыг илэрхийлдэг. Хадгний өнгө. Хадгийг түвдүүд хиргүй ариун цагаан сэтгэлийн билэгдэл болгон цагаан хадгийг түгээмэл хэрэглэдэг. Харин монголчууд цэнхэр хадгийг хэрэглэж байсан нь тэнгэрийн эд бараа гэж үздэг байсных бөгөөд мөн цалин цагаан мөнгөий өнгийг бэлэгдэж хамгийн түгээмэл хэрэглэж байсан гэдэг. Таван өнгийн хадагны билэгдэл нь Монголчууд эртдээр үеэc хадгийг эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн түүхтэй. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлэгддэг жамтай. Таван өнгийн хадагны бэлэгдлийг одоо толилуулъя.     А. Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл     Б. Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийн бэлгэдэл     В. Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл     Г. Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны     Д. Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл бэлгэдэл болдог байна. Хадгийг хадгалахдаа аргамж сур, хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бүх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээрүеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдарна гэж vздэг байжээ.  

​Хадаг барих ёсон

Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, cap, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.  Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадагтай золгох ёсон Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг.  Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та "энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна" гэж бодоорой.  

Ууц тавих ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Зочны өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.  

​Битүүний өдөр цээрлэх зан үйл

1. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. 2. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло. 3. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана. 4. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг. 5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. 6. Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө  

Битүүний зоог, битүүлэх ёсны тухай

  Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.       Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.     Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.     Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.   Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.  

Хуудаснууд

Subscribe to Зан үйл