Эртээ урьдын цагт урагшгүй хаантай нэгэн улс байжээ. Мөн тэр улсад шатар тоглохдоо хэнд ч хожигддоггүй нэгэн мангас байдаг байж. Тэр мангас хаантай сар бүр тус улсын нэг хүнтэй шатар тоглох тохироог хүчээр тулган хийсэн юм гэнэ. Тохироо ёсоор хожсон нь хожигдсонийхоо толгойг авах учиртай юм байжээ. Олон жилийн турш ийнхүү тоглоход мангасыг хожих хүн гараагүй аж. Улсын хүн ам ч ихэд хорогдож. Ингэсээр нэгэн өдөр шатар тоглох ээлж Арилдий өвгөнд тохиожээ. Арилдий өвгөн ажилсаг, уран, цэцэн нь дэндсэн нэг бэртэй юм гэнэ.


Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,
- Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож. Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл, мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.

ТЭРХИЙН ЦАГААН НУУРЫН ДОМОГ-1,2
1. Эрт цагт энэ нутагт нэг ноён охинтойгоо амьдардаг байсан ба ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж. Бас нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба ноёны охин тэрхүү хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноён эцэг нь охиноо хол нутагт баян ноён хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож, уйлсаар нуур болон үлдсэн нь Тэрхийн цагаан нуур юм.
Хайртай залуу нь уулзаж байхын тулд гол болсон ба энэ нь Суман гол. Тэрх нуурын дундуур нэг гол урсдаг нь гайхамшигтай харагддаг бөгөөд энэ нь Суман гол юм.
Шар нохой нь өтлөөд галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул охин нь ангалд аваачиж хийгээрэй гэж захиж байсны дагуу ноён ангалд аваачиж хийхэд 3 хоног улиад үхсэн гэдэг. Энэ нь Шар нохойн там гэдэг агуй болжээ.
Ноён охиноо санан, мөн ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ нуурын хөвөөнд үргэлж суусаар хад болон үлдсэн нь нуур луу өнгийн тогтсон одоогийн Өвгөн хад билээ.
*. *. *
2. Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэгэн овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад, " -Тэр их цагаан нуурын хараа!" хэмээн дуу алдсанаас "Тэр их цагаан нуур" буюу "Тэрхийн цагаан нуур" гэдэг нэр бий болсон гэдэг.
*. *. *
ТЭРХИЙН ЦАГААН НУУР - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбаараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгаль экологид сөрөг нөлөөтэй ажээ. Тэрхийн цагаан нуураас 3 километр зайд Хөдөө нуур гэж байдаг. Талбай нь 10 гаруй хавтгай дөрвөлжин километр.

...Шоронд орсны минь орой би арваад ялтантай өрөөнд орсон. Тэд намайг пийшэн галла гэнэ. Би пийшинг галлаж байхдаа эд нарыг хашраая гэж санан мод түллээ. Хуурай модоор хүн гуядаад нэмэргүй, нойтон хусаар дутуу шатаахаар нь дээрэлхэж буйг нь зодъё гэж зориуд нойтон модыг хугалалгүй пийшэнд түлж, сайн асахаар нь надад тушаал буулгасан этгээдүүдээс эхлэн цөмийг нь арьс, маханд нь шингэтэл нь гөвдөж өгөв. Гөвдөх гөвдөхдөө бүр тэдний хүзүү хоолойг овоо шарх, сорви болгон хөөдсөн.
Морин цэргийн сэлмийн анги төгссөн эрдмээ үзүүлсэн хэрэг л дээ. Тэгээд:
-Та нар муусайн хулгайчид надаар оролдохгүй бол, буутай сэлэмтэй японоос айж үзээгүй би юу боллоо гэж дайны үнэрт ороогүй та нар шиг этгээдүүдэд дээрэлхүүлэх билээ гэх мэт үгс хэлсэн байх. Түүнээс хойш намайг оролдох гэсэн юм ердөө гараагүй.
“Лодонгийн Дандар” номын түүний ярианаас...


“ЗҮҮН ГАРЫН ХУВЬСАЛ”-ЫГ ЭХЛҮҮЛСЭН УЛАМБАЯР ХАТАН
Зүүнгарын хаант улс нь Манжийн эсрэг тэмцэгч Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайжийн өвөг дээдсээсээ өвлөж авсан, басхүү эмхлэн байгуулсан улс бөгөөд үүнийг түүхэнд “Дөрвөн ойрад” гэж тэмдэглэсээр иржээ. Галдан бошигтыг Манжид ялагдсаны дараа түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан ширээнд суусан байна. Цэвээнравдангийн дараа түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суужээ. 1745 онд Галданцэрэн хааныг нас барсаны дараа түүний 14 настай хүү Цэвээндоржнамжил хааны ор залгав. Энэ үед түүний нас балчир байсан тул төрийн хэргийг удирдан зохион байгуулах авъяас чадал илэрхий дутагдаж, үүний улмаас Цэвээндоржнамжилын төрсөн эгч Уламбаяр төр барьж эхэлжээ. Ухаалаг, сэргэлэн, үзэсгэлэн гоо Уламбаяр хатан 1745-1749 он хүртэл Зүүнгарын хаант улсыг захирахдаа цэгц шулуун зангаараа, цэцэн шударга ухаанаараа түмний хайрыг мянгантаа татаж эхэлсэн тул түүний дүү Цэвээндоржнамжил, “Энэ хүүхэн намайг хаан ширээнээс огцруулж өөрөө хатан хаан болохоор шийдлээ” гэж хардаж сэрдэж эхэлсэн байна.
Тэр үед Цэвээндоржнамжил 18 нас хүрч байсан бөгөөд бүх цаг үеийн туршид хор найруулж, холион бантан хутгасаар ирсэн мөнөөх л ордоны ноёд түшмэд л болсон хойно Цэвээндоржнамжилын дээрхи хардлагыг үтэр түргэн шүүрч аваад, үймээн самууны эх үндсийг тарих нь тэр. Тухайн үед Уламбаяр хатан ард олондоо болон өөрийн талын ноёд түшмэддээ ихэд нөлөөтэй, нэр хүндтэй болчихсон байсан тул Цэвээндоржнамжилын хамсаатнууд юуны өмнө Уламбаяр хатны ойрын шадар туслахуудыг хөнөөхөөр шийджээ. Ингээд 1749 оны хаврын нэг өдөр хааны ордонд цус асгаруулсан алаан хядаан болсон байна. Цэвээндоржнамжилын хамсаатнууд Уламбаяр хатныг баривчлан шоронд хорьж, түүнтэй холбоотой гэж үзсэн баахан ноёд, зайсанг хэрцгийгээр хөнөөж Зүүнгарын хаант улсын ширээнд 18 настай Цэвээндоржнамжилыг залжээ. Цэвээндоржнамжил эхэн үедээ төрсөн эгчийгээ арай ч алж зүрхэлсэнгүй. Харин сүүлдээ байдал эвгүйтээд ирмэгц төрсөн эгчийгээ хонь нядалж байгаа аятай л толгойг нь тасдаж орхижээ. Гэвч хорт муу санаа агуулсан Цэвээндоржнамжил хаан ширээнд удаан заларч чадсангүй. Галданцэрэн хааны бага хатнаас төрсөн хүү Лхамдаржаа гэгч ноён Уламбаяр хатны эр нөхөр Сайнбилэгтэй хамт цэрэглэн хөдөлж мугуйд хэрцгий аргаар хааны суудлаа бататгасан Цэвээндоржнамжилыг өргөөндөө байхад нь дайран орж хөнөөгөөд суудлыг нь булаан авчээ.
Зарим түүх бичлэгт Лхамдаржаа нь Цэвээндоржнамжилын нүдийг ухаад эзгүй хээр газар цөлсөн тухай бичигдсэн байдаг. Зохиолч Б.Шүүдэрцэцэг Уламбаяр хатны эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Өрөөсөн бойтогны дууль” хэмээх өгүүллэг бичиж хэвлүүлсэн байх бөгөөд үүнд хоёргүй сэтгэлээр Зүүнгарын төрд зүтгэж яваад дүүдээ цаазлуулсан ухаант Уламбаяр хатныг цаазалсан газраас холгүй бяцхан өрөөсөн бойтог гээгдсэн байсныг хэд хоногийн дараа эр нөхөр нь олж авч байгаа тухай өгүүлдэг. Хов живийн үгэнд итгэн ачит эгчийгээ цаазалсан Цэвээндоржнамжилыг Ламдаржаа ах нь барьж нүдийг нь сохлоод цөлсөн тухай ч гардаг. Уламбаяр хатан дүүгийнхээ төрийн хэрэгт хамжилцаж байхдаа зальхай түшмэлүүдтэй тэмцэж байснаас яваандаа Оросын хатан хааныг дууриаж эмэгтэй хаан болж төр булаах гэж байна гэсэн гүтгэлгийн улмаас амиа алдсан гэдэг. Уламбаяр хатныг ийнхүү хөнөөснөөр Зүүн гарын хаант улсад олон жилийн турш утга учиргүй дайн дэгдсэн бөгөөд үүнийг түүхэнд “Зүүн гарын хувьсал” гэж тэмдэглэсэн байдаг.

Бусад мэдээ

May 20, 2021 52

ХҮННҮ ГҮРЭН

Apr 01, 2021 158

ЯМААН БИЧЭЭС

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/