Хүн дүрст бие, дүрсгүй сүнс оюун ухаан гурваас цогцлон бүрдсэн байдаг. Бөөгийн шинжлэх ухаанаар бол сүнс орж ирэх орон цаг, бас буцах орон цагийг тодорхой тэмдэглэсэн байна.

Тухайлбал хүний дүрсгүй бие болох сүнс нь огторгуйд урган хүний төрөл олохдоо хар зурхайн ёсны мэлхийн биеийн баруун хойд зүгээс эхийн хэвлийн зүүн өндгөвчинд урсан орж ирээд тэндээс эргэлдэн улмаар баруун өндгөвч баруун бөөрийг энхрийлэн түшиж дүрс орон хүн үүсэж эхэлдэг гэж үздэг. Монголчууд үүнийг хий нас хэмээн нэрлэдэг. Бас хүний насны наран жаргах үед мэлхийн биений баруун хойд зүгт сүнс огторгуйд урган орж ирээд эргэлдэн наран ургах зүг модон махбодид оюуны сүнс огторгуйд дэгдэнэ гэж тайлбарласан байна.

Сүнснээс хүний бие биежин бүтэхдээ эцгийн цагаан дусал эхийн улаан дусалтай шим лугаа нэгдэн таван махбодиос цогцлон бүрэлддэг байна. Сүнсэнд итгэх итгэл /анимизм/ монголын нийгмийн зэрэг дэв, түүний олон янз байдалд зохицсон нэн гүнзгий, ихэд төгөлдөржсөн байжээ. Монголын бөөгийн шашин бол хүний хойд нас, там, диваажингийн тухай ухагдахуун биш. Үхэхэд хүний сүнс хүүрнээсээ зөнгөөрөө салж гараад бусад амьтны сүнсүүдийн дунд нийгмийн байгууламжтайгаа хамт оршдог гэж бөө нар үздэг юм.

Өрхийн тэргүүлэгч нас баржээ гэхэд сүнс нь өрх гэрээ сахиж, том язгууртан өөд болжээ гэхэд сүнс нь өөрийнхөө овгийг сахиж үлдэх, анчин хүний сүнс бас амьтны сүнс агнаад л явж байх жишээтэй. Дайн, энхийн хоёр сахиусанд хувь заяагаа даатгасан монгол хүн бүгдээрээ эзний цагаан сүлдэнд залбирч мөргөдөг. Сүнсэнд итгэх итгэл яв явсаар амьтан төдийгүй, амьгүй эд юмс ч эзэн сүнстэй гэж үзэхэд хүргэж байв. Орон дэлхий эзэн савдагтай тул уулын овоонд чулуу нэмж, тахил өргөж, хүндэтгэл үзүүлэн аргадах ёстой болдог байна. Чингэхээр аливаа юмс бүрмөсөн алга болохгүй. Хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг багаж зэмсэг, гал тогооны хэрэглэл ч мөн зүйлийг эзэнтэй гэдэг. Юм бүхэн эзэнтэй гэж монгол бөөгийн шашин үздэг. Санамсаргүй алдаж унагаад ч юм уу амсрыг нь эмтэлсэн, цав суулгасан аяганы сүнс зайлсан байж болох тул тийм зүйл зочинд барих нь муу ёрын хэрэг болно. Тиймээс өөрийн нь эд юмсын сүнсийг талийгаачийн сүнснээс төөрүүлчихгүй гэж урьдаар тэдгээрийг эвдэж хэмхэлж сүнсийг нь зайлуулаад эзний нь хүүртэй хамт булж хойлго үйлддэг байжээ. Үүнд, эмэгтэй хүний хүүрийг хугархай хайч, зүү, тэвнэтэй, цэрэг хүнийхийг хугархай сэлэм, нум сумтай нь цуг оршуулж байв. Тэгэхээр талийгаач булш дотроо ч, гадна нь ч өөрийнхөө бүх юмстай дайралддаг гэсэн хийсвэр ойлголт бий болжээ.

Том язгууртан өөд боллоо гэхэд л бүх юмтай нь хамт оршуулах гэж түүний морь, нохой, зарц шивэгчин нарыг хүртэл алж хойлго үйлддэг тохиол бишгүй байжээ. Үхэл аваачтал сүнс хүний биед оршин байдаг. Харин монгол бөөд хүн зөвхөн ганц сүнстэй биш, зуурдын хоёр, үүрдийн нэг, нийт гурван сүнстэй гэдэг. Тэр гурав нь бөөгийн шашинтны үздэгээр эхээс заяасан “махан бодийн сүнс”, эцгээс шингэсэн “ясны сүнс”, бас “тэнгэр сүнс” буюу “тэнгэр” гэж байдаг. Хүн үхээд хүүр нь өмхөрч ялзарч дуустал “махан бодийн сүнс” цогцостоо л байна. “Ясны сүнс” үхдэлийн сүүжний ясанд хоргодоод түүнийг үрэгдэж үгүй болтол тэндээ л байгаад байх. Харин “тэнгэр сүнс” нь “махан бодийн сүнс”, “ясны сүнс” хоёрыг бүрмөсөн алга болсон цагт сая дэгдэж арилдаг аж.

Энэ шүтлэгийн үүднээс оршуулгын ёслол онцлог байжээ. Монгол бөөгийн шашинд оршуулгын ёслол үе үед өөр өөр, тус бүр нарийн ялгавартай байсан. Үхдэлийн амьддаа эдэлж хэрэглэж явсан юмсыг хугалж хэмхлээд хүүртэй нь хамт голцуу газар булдаг. Зарим овог аймаг нэртэй, хүндтэй өтгөс бөөгөө таалал төгссөний хойно түүний “тэнгэр сүнс”-ийг гурван жилийн туршид хажуудаа байлгадаг заншилтай байв. Тэгж удахаар цогцос хатаж занданшина. “Махан бодийн сүнс”, “ясны сүнс” байгаад байвал “тэнгэр сүнс” ч тэдэнтэй хамт байгаад байдаг гэж үздэг.

Монголчууд хүний цогцсыг хатааж занданшуулахаас гадна бас шатааж хайлуулдаг. Энэ аргыг занданшуулахаас илүү элбэг хэрэглэдэг байж. Нэг том ноён өөд боллоо гэхэд түүний овгийн гишүүд бүрлээч тэргүүнгийхээ ивээн тэтгэгч бүх сүнсийг цогцсоос аль болох түргэн салгаж дэгдээхийг бодох тул чингэдэг байжээ. Өөрөөр хэлбэл, “тэнгэр сүнс”-ийг “махан бодийн сүнс”, “ясны сүнс”-тэй хамт бушуухан явуулах гэж цогцсын мах, ясыг яаран үгүй болгож байгаа нь тэр. Талийгаачийнхаа сүнсийг цатгалан яваасай гэхдээ хайлуулах ёслолын өмнө оршуулгын идээ тайлга үлдэнэ.

Газарт булах, занданшуулах, хайлуулахаас гадна монгол бөөгийн ёсонд үхэгсдийг хээр газар ил тавьж алга болгодог бас газарт тавилгүй газраас дээш хөндий модон ор засаж түүн дээр тавьдаг ёс бий. Үүнийгээ бөөгийн асар гэдэг. Оршуулах хойлоглох ийм таван арга байжээ.

Анчин хүн насаараа амьтан алдаг тул өшөө авах хуулиар ч гэх үү түүний золиос болдог амьтад анчны хүүр дээр найрлаж хариугаа авдаг аж. Эзгүй хээр тавьсан цогцсоор махчин шувуу, зэрлэг араатан хооллодог. Харилцан авцалдсан энэ бүх үйлдлийг эцсийн бүлэгт гагцхүү мал, ан, уул гал гурван, гол ажилд тулгуурласан нийгэмд мах ясны бэлэгдлээс үүдсэн хоорондоо маш нягт холбоо бүхий утга зүйн үүднээс сая тайлбарлаж болно. Мянган жилийн уламжлалтай, машид гүйцсэн дэг жаяг, гүн ухаан, ёс суртахуунтай бөөгийн их шүтлэг бурханы их шашинтай XIII зууны үес зэрэгцэн оршиж энэ шашин Монгол оронд нэвтрэхийн хэрээр олон зан үйлийн адил саяхи зан үйл аажмаар үгүй болжээ. Монголчууд төрийн элч /амбан сайд/, тэнгэрийн элч /бөө/, эрлэгийн элч /сүнс дуудагч/ гэж ертөнцөд гурван элч байдаг хэмээн үздэг. Сүнстэй холбогдох эрлэгийн элч гэдэг нь үхлийн эзэн сүнс авагч юм. Эрлэгийн элч нь дотроо нарийсан төрөлжсөн байх бөгөөд нэг эр хүний, хоёр эм хүний, гурав эрэгтэй хүүхдийн, дөрөв охидын, тав амьгүй юмсын сүнсийг авч явдаг гэж сүсэглэн үздэг. Ийм учраас хүүхэддээ элдэв зүйлийн нэр өгдөг байжээ.

Жишээ нь: Муунохой, Бааст гэх мэт. Энэ нь нэн эртний уламжлалтай бөгөөд боржигон монголчуудын дээд өвөг болох Бөртэ-Чоно, Хоо-Марал гэдэг хүний нэр бөгөөд энэ нь зөвхөн боржигоны монголчуудын овог удам юм. Эрх танхи тогтдоггүй хүүхэддээ ийм нэр өгдөг ул улбаа одоо ч байдаг. Бөртэ-Чоно, Хоо-Марал гэсэн сүнс авагчид өөрийн хүүхдийн сүнсийг зайлуулахын тулд нэр өгч нөгөө талаар даатгадаг байжээ. Сүнсээ даатгаж ирсэн чоныг онгод хэмээн үзэж марал бугыг хөшөө дурсгалдаа мөнхлөн тахиж иржээ.

Монгол бөө нар ертөнцийн бүх юм сүнстэй гэж үздэг. Энэ үзэл санаа археологийн олдор, бусад мэдээ сурвалжуудаар батлагддаг. Бас эртний сяньби нар хүн үхэхээр оршуулчихаад тэжээж таргалуулсан нохойг эрээн дээсээр оосорлон хөтөлж мөн талийгаачийн унаж явсан морь, хэрэглэж байсан хувцас юмсыг шатааж үддэг байжээ. Ийнхүү монгол нутагт байсан эртний овог аймаг улсуудын үед үхэгсэдийнхээ хамт түүний амьд ахуйдаа хэрэглэж явсан морь, мал, эд өлгийн зүйлийг хагаслан /эвдэрхий, хагархай, өрөөсөн болгож/ оршуулах юмуу шатаадаг ёсыг монгол бөөгийн шүтлэгтэнүүд нарт хорвоогоос харанхуйн оронд дэгдсэн эзэн хүний сүнстэй нь хамт түүний эдэлж хэрэглэж явсан морь мал болон эд өлгийн зүйлүүдийг нь сүнсийн хамт оршуулах юм уу эсвэл энэ бүхний сүнсийг утаагаар дамжуулан дэгдээж байгаа хэрэг юм хэмээн үздэг байсан.

Сүнс хэмээх хий юм нь аливаа шашины амин чухал үзэл ойлголт байдаг. XIV далай лам нэгэн удаа “Хэрвээ шинжлэх ухаан сүнс байхгүйг нотолж чадвал миний бие бурханы номыг орхиход бэлэн” гэжээ. Монголын эртний бөөгийн сүсэг бишрэл ямарваа амьд амьтанд гурван янзын сүнс байна гэж үзсээр иржээ. Энэ нь амьдарч орших сүнс, сэтгэл санааны буюу түр зуурын сүнс, эргэн төрөх сүнс гурав болой.

Б.Ренчин “Аливаа амьтны нэг дэх сүнс нь үхэхэд оюун ухаанаас дэгдэн одох, хоёр дахь сүнс нь аман хүзүү нь биенээс салах үед сарнин арилах, гурав дахь сүнс нь сүүжний ясны сэнж тасрахад тэнгэрт хальдаг” хэмээн тайлбарласан байна. Иймээс ч монгол хүн идэж уусан сүүжний ёсыг гэртээ хонуулах, сүүжний сэнжийг таслахгүй ил задгай хаяхыг цээрлэдэг.

Малыг хүн алж мах шөлийг нь идэж, ууж хоёр амьтны хооронд өс хонзон гэмээр холбоо үүсдэг учраас ингэдэг аж. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй орших оюун санаа онгодыг төрүүлдэг. Сүнс өнгөтэй аж. Агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхтэй хар муу сүнс гэж байдаг ажээ. Сүнс нь эр, эм бэлэг чанартай. Онгод сүнснээс төрнө. Удам дамжин уламжлагдана.

Сүнс дуудах ёс.Монгол бөө нар тодорхой зан үйл үйлдэж сүнс нь зайлсан хүний сүнсийг эзэн биенд нь эргүүлж дуудаж авчирдаг байсан. Бөө бүхэн сүнс дуудах өөр өөрийн аргатай байжээ. Ийнхүү сүнс дуудаж ирүүлэх ёсыг сүнс дуудах ёс гэдэг.

Сүнс зайлах нь. Гэнэт айж цочсон зэрэг шалтгаанаас улбаалан амьд байх үед биенээс салж явах тохиолдол мэр сэр байдаг. Үүнийг бөө нар сүнс зайлах үйл явц гэдэг.

Сүнс төөрөх үйл явц. Нэгэн бие хүний сүнс ийнхүү хүнд шилжихдээ шилжих хүнээ олохгүй төөрөлдөх явдал байдаг хэмээн бөө нар үздэг бөгөөд ингэж төөрөлдөж тэнэсэн тэнэмэл сүнсийг хөмөрсөн тогоон дор хийж хөөг нь хусахад газарт хар тойрог үүсч тэнэмэл сүнсийг битүү хүрээлснээр сүнс цаашид тэнэж чаддаггүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл төөрч будилсан сүнснээс гал голомтоо хамгаалж түүнийг ийнхүү “хорьж” хаяад гал голомтоо зайлуулж нутаг солин нүүдэг байжээ.

Сүнс хөллөсөн бөө. Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увдисын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увидасын хэмжээнд хүрдэггүй гэдэг. Сүнс хөллөсөн бөөд өөд болсон бөөгийн онгодын дүрс үзэгдэхдээ түүхийн өнгөрсөн үеийн хувцас хэрэглэлтэй, тохой хирийн өндөр буюу заримдаа түүнээс ч жижигхэн хүний дүрс тоононы цамхагаар буюу хаяагаар орж ирээд /дээрээс ирсэн нь/ унь дамжин уруудаад татсан онгодын цаагуур хаяанд орж байгаад гэнэт үсрээд бөөгийн биед наалдчих шиг болсоны дараа ухаан алдчихдаг. Түүнээс хойш чухам юу болсныг би мэддэггүй юм гэж бөө нар тайлбарладаг.

Сүнс шилжих нь. Монгол бөөгийн шүтлэгтэнүүдийн нарт болон харанхуйн орны тухай ойлголт бол нэг утгаараа хүн амьтанд “хойд нас” гэгч юм байхгүй гэсэн үзлийн илэрхийлэл болно. Өөрөөр хэлбэл хүн амьтан нарт хорвоод нэг л удаа амьдарч, тоотой насаа төгсгөөд үхдэг. Үхсэнээс хойш сүнс нь харанхуйн оронд очоод тэнд мөнхөд оршдог ч гэсэн сүнс нь зарим тохиолдолд хүний сүнс адгуусан амьтанд, адгуусан амьтны сүнс хүнд шилжих буюу нөлөөлөх үзэгдэл байгаль дээр байдаг талаар баримт жишээ олон буй. Бас нарт хорвоогоос халин одогсдын амин сүнс эргээд хүний биед шилжин орохдоо эхийн хэвэлд хэрхэн шингэдэг талаар “Монголын нууц товчоо”-нд тодорхой тэмдэглэсэн байдаг.
Амин сүнс. Хүний оюун ухаан, ухамсар, хүн амьтны зан төрх, авъяасыг амин сүнс гэдэг.

Амин сүнс хүнд орших. Эхийн хэвэлд буй үрийн биед дээдсээс шилжин ирснээс хойш амин сүнс нь тухайн хүний насны туршид уураг тархи, нугас мэдрэлийн судсуудаар өдөр өдрөөр байраа солин шилжиж оршдог гэж бөө нар үздэг. Амин сүнс тухайн өдөр биеийн аль хэсэгт оршиж буйн тэндээс аюул болзошгүй учир анхааралтай, тайван амгалан байх хэрэгтэй гэдэг.

Амин сүнс хүнд ирэх. Хүний үр бүрэлдсэний хойно өөд болооч дээдсийн амин сүнс нүдэнд үл үзэгдэгч гэрлэн туяагаар эхийн хэвэлд нэвтрэн, бүрэлдэн буй үрийн нь зүүн гарын ядам хуруугаар дамжин биед нь орж, тэр үр хөдөлж эхлэхийг амь нь буюу амин сүнс нь дээдсээс шилжин ирлээ гэж бөө нар үздэг.

Амин сүнс хүнээс зайлах. Гэнэт их айж цочсон зэргээс амин сүнс биеэс зайлан одож болзошгүй. Ийнхүү зайлахдаа баруун гарын ядам хурууг дамжин зайлдаг учир тэр хуруундаа есөн эрдэнийн аль нэгийг оролцуулсан буюу дагнасан бөгж зүүвэл сүнс зайлж гарах замыг боох сайн талтай гэдэг.

Амин сүнс хүнээс үүрд дэгдэх нь. Насны төгсгөл болоход амин сүнс нь өөд болоочийн аман хүзүү, хатан хүзүү хоёрын завсарт түр оршоод, гавлын яс их биеэс салмагц өөрөөсөө хүний нүдэнд үл үзэгдэгч гэрэл-туяа сацруулан ариун тэнгэртээ дэгдэн оддог гэдэг.

images
images
1
1
artworks-G6czam4Tc38mPjpk-fCEr2A-t500x500
artworks-G6czam4Tc38mPjpk-fCEr2A-t500x500
Previous Next Play Pause
images 1 artworks-G6czam4Tc38mPjpk-fCEr2A-t500x500

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/