Монгол хүн бөөгийн шүтлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөөтэй золгосон нь үнэн. Бөө шүтлэгийг Хүннүгийн үеээс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлсэн бөгөөд Чингис хааны үед монголчуудын төрийн үндэсний язгуур шүтлэг, шашин болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Бөөг төрийн хэмжээнд шүтэж өнөөг хүрч ирсэн ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил бүгд бөөтэй холбоотой байдаг. Мөнх тэнгэрийн Бөө шүтлэг, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн. Мөнх тэнгэрииг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсолгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шүтлэгийг жинхэнэ үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан болгон хөгжүүлсэн билээ.
Бөө бол энергийн асар их бөөгнөрөл, оюун санааны эв нэгдэлийн бодит уялдаа аугаа цохицол билээ. Тиймээс Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Гадны төрөөс тусгайлан судалж боловсруулсан харийн шашныг Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцэлийн дүнд үүссэн хагаралыг ашигласан юм. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ.
Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, Бөө нарыг олон зуугаар нь алж устгаж, ийм зан үйл үйлдэгсдийг монголчуудын гол амжиргаа болсон малаар торгон эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байсан тухай түүхийн шаргал хуудас өнөөд уламжлагдан иржээ. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.
Гадны бодлого Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт тун хатуу ханддаг байлаа. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээч амжилтанд хүрч байгаагүй юм. Сүүлийн 100 жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алдсан бөгөөд энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь хүмүүст тэнгэрийн зан үйлээр үйлчилж, өргөл, зэм авсан хэрэгт буруутгагдан амьдралынхаа олон арван жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх байдаг. Тэдний үр удам өнөөдөр үйл хэргийг нь уламжлан үргэлжлүүлж байна. Түүхийн ийм хатуу шалгуур нь өнөөдөр дархад, буриад бөөгөөс бусад бөөгийн үндэс язгууруудыг бүдэг ойлголттой болгоход хүргэжээ.
Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллыг нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдэс, бөө шүтлэгээ уламжлуулан хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулсан ахмад үеэрээ бахархаж, дунд үе, залуу үеийнхэн хамтарч ажиллах түүхийн цаг үед тулж иржээ.
Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шүтлэгтэнгүүд саяхан хуран цугларч Дээд хуралдайгаа хийсэн билээ. Магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд, Чингис хаанаас хойш анх удаа Бөө нар хуран цугларч, түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж хамтран ажиллаж байгаад баярлаж байна. Тэнгэрийн айлдварт “Бөө нар эзэн Чингисээс хойш ингэж эвлэлдэн нэгдсэн нь үгүй билээ.” гэж буусан билээ. Өнөөдөр бидэнд сууж ажиллах байр үгүй, өөрийн гэх өмч үгүй, бүх зүйлийг эхнээс хийхээс ажил эхлэж байна. Гэвч Удган, Зайран нар, сүсэгтэн олны дэмжлэгээр Бөөгийн шүтлэгээ Дэлхий сонирходог хэмжээнд хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидэн зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа. Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны хоёр сард мянга гаруй уул, ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тахилга, зан үйлийг хийж байна.
Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шүтлэгээс салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бахархаж бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шүтлэгт бий. Асар хурдтай, эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн улаач нар сэтгэлгээний хувьд шинэчлэгдах учиртай. Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд бид сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй.
Монгол үндэсний уламжлалт Бөөгийн шүтлэг жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй. Шинэ соргогоор сэтгэх, хуучирсан зарим ойлголтыг үндсээр нь өөрчилж гэмээнэ бөө нь өөрөө хөрөнгө баялгыг бий болгож чадна. Энэ нь ямарч материалаг эд баялгатай зүйрлэшгүй үндэсний өв соёл, оюуны асар их баялаг юм.
Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Бөө шүтлэг, шашнаа сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргасан бөгөөд олон зуун жил дуншсан маш том асуудлын шийдлээ олох арга замыг тодорхойлсон бөгөөд Бөө шүтлэгээ хөгжүүлэх түүхэнд үр дүн тодоос тод харагдаж байна.
Бөөгийн үндсэн тулгуур ойлголтуудыг шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Өөрөөр хэлбэл бөө шүтлэгийн тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Бөөгийн шүтлэг баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Аливаа шинэ зүйл, бидний сайтар мартсан хуучин зүйл байдаг билээ.
Орчин цагт хүмүн нь төрийн хуулийн дор амьдардаг болохоор шашны байгууллага хэмээх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Бөө нь шүтлэг үү, шашин уу гэдэгт хариулт нь тодорхой юм. Гэвч нийгэм маань нийтлэг нэг ойлголттой болж чадаагүй байна. Ийм зүйлээс болоод дотроо зөрчилдмөөргүй байна. Эрдэмтэн судлаачид, бөө нар, сүсэгтэн олон нэр томъёгоор маргалдан цаг алдмааргүй байна. Бидэнд судалгаа хийх цаг бий.
Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шүтлэг, шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгүй байсан. Цаашид алдсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Бөөгийн шүтлэгийн нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Мэдээж алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа ойлгож, дахин давтахгүйгээр одоо цаг үед шинээр хийж эхлэх хэрэгтэй.
Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөө болоод улаачийн нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүс бий. Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн нэр хүндэд айхтар цохилт болж байна. Ганц нэг, хэсэг бүлгээрээ зан үйл хийж, хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдал, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна. Энэ бүхнийг өөрчлөх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бөө хүн өөрийн онгодыг дээдэлж, бусдын онгодыг хүндэтгэж явах учиртай.
Бөөгийн нэр хүндэд халдсан үйлдлийн үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах учиртай. Тийм хувь хүмүүс, иргэдтэй зохих төрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
Олон түмэн манай Бөөгийн байгууллагын бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
Хуурамч Бөө хүн чадваргүй бөгөөд олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлээр бөөгийн нэр хүндийг олны дунд унагааж байдаг. Тэнгэрийн үйлийг завхаруулж, бөөгийн шавь нарыг хэт олноор нэгэн зэрэг төрүүлж бизнес хийдэг бусармаг явдал газар авч байна. Ийм үйлийг эрхлэгчид олон иргэдийн амьдрал ахуйд хохирол учруулж, зан чанар, удмын хувь заяанд ноцтой буруу нөлөө үзүүлж байгаа билээ. Бөөгийн түүхэн уламжлалд нэг дор, нэг өдөрт, нэг цагт олноор нь шавь босгодог уламжлал байгаагүй юм.
Түүнээс гадна ганц хүний өмчлөл, шийдвэрээр элдэв алдар нэр олгож, олон зуун жил оршин тогтож ирсэн бөөгийн нэр хүндийн үнэ цэнийг унагаж, сэвтүүлдэг бөөгийн нэр хүндээр бизнес хийдэг үзэгдэл байсаар байна. Зарим бөө нар элдэв хуурамч диплом, цомгийн цуглуулагч болжээ. Түүгээрээ хүмүүсийн сэтгэл зүй, итгэлээр тоглож байна. Хүмүүс тийм нэр зээлдэгсэдээс болгоомжилох ёстой. Бөөгийн нэр хүндээр тоглодог Бөө нарт хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Тийм хүмүүс хэзээ нэг цагт тэнгэрийн гэсгээлийг хүртэх нь дамжиггүй. Гэхдээ үхэхдээ үхэр буугаар буудна гэгчийн үлгэрээр тэд багагүй хугацаанд бөөгийн нэр хүндэд их хохирол учруулсаар байх болно.
Жинхэнэ нэр хүндийг Бөөгийн зан үйлийг бодит утгаар хөгжүүлж байгаа чадварлаг Удган, Зайран нарт үйлчлүүлэгчид, иргэд өгч байдаг. Ийм Бөө нар олон байгаа. Бидний хоорондоо ярьдагчлан боловсролтой хүн даруухан гэдэгтэй адил чадалтай, чадвартай бөө даруухан амьдардаг. Бид тэдний тухай тун бага мэдээлэлтэй байдаг юм билээ.
Өнөөдөр МБНЭ-ийг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг. Бөө нар орчин цагийн хөгжилтэй хөл нийлэн ажиллах нь Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно. Бөө нар шударга ёсыг өөрийн бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол Бөөгийн байгууллагын бодлого, арга барил, сэтгэлгээний шинэчлэлийн амин сүнс мөн.
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол Бөөгөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн хамтран ажиллах, далд ертөнцийн тухай ойлголтыг хүмүүст зөвөөр таниулах байгууллага. Цаашдаа та бид олонтой цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно.
Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл улс орноо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
Удган, зайран, сүсэгтэн нараа. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийнхээ төлөө Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд нэгдэцгээе.
Би, бид бөөгөө шүтдэг Монгол хүн. Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.
Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2012 он