Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлоон бүтээсэн ард түмэн билээ. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм.
Бөө мөргөл бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол нүүдлийн соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх мөнх тэнгэрийн мөнхийн үзэл билээ.
Мөнх тэнгэрийн үзлийг төрийн хэмжээнд шүтэж, дэлхийг эзэлсэн их гүрнийг байгуулсан ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил, огшил бүгд Мөнх тэнгэр, бөө шүтлэг, байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл бүгд уялдаа холбоотой. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн.
Мөнх тэнгэрийн үзэл нь өнөөдрийн өнцөгөөс харвал шинэ зүйл огтхон ч биш бөгөөд нэгэнт амьдрал дээр биелэлээ олон хэрэгжсэн “мартагдсан” зүйл юм. Ингэхдээ мартуулахын тул бусад гүрнээс явуулсан бодлогыг нарийвчлан судлах юм бол аугаа их зүйл тодрон гэрэлтэх болно.
Ш.Бирагийн “Монголын тэнгэрийн үзэл ба эдүгэгийн дэлхийчлэлийн үзэл” гэсэн товхимолд 13-14 зуунд оршин тогтнож байсан Монголын Их эзэнт гүрний үед монголчууд нь өөрсдийн дэлхийн ноёрхлыг үндэслэн зөвтгөх талаар дэлхий дахины шинж чанартай нэгэн төрлийн сонирхолтой үзэл санааг анх үүсгэн гаргасан гэжээ. Тэрхүү үзэл санаа нь Тэнгэрийн үзэл буюу Тэнгэрийн хэмээн нэрлэж болохоор ихээхэн хөгжсөн онол, тэр ч бүү хэл улс төрийн үзэл суртал байсан хэмээн үзэж түүнийгээ гүнзгийрүүлэн судалж эдүгэгийн дэлхийчлэлийн үзэлтэй зарим талаар харьцуулан үзсэн нь эрдэм шижилгээний хувьд шинэ соргог зүйл болжээ.
Мөнх тэнгэрийн үзэл нь зөвхөн Монголын Их эзэнт гүрний хамааралтай суудал биш юм. Энэ үзэл санаа Монголын их Хүннү гүрний үеээс улбаалан тогтож, улам төгөлдөржин хөгжиж, Монголын их эзэнт гүрний үед хөгжлийн дээд түвшиндээ хүрсэн Монголчуудын эрхэмлэн дээдлэн шүтлэг юм. Энэ нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Их Монгол Улсын үндэслэн байгуулагч Чингис хаан цаг үргэлж тэнгэр эцэг газар эх этүгэн хоёрт шүтэн залбирч хувь заяагаа даатгаж байсны нэгэн адил Өгэдэй хаан өглөө босч наран зүг харж мөргөхдөө би эцэг хааны адил тэнгэр эцэг таны тааллаар газар эх-этүгэнээ түшин явж байна хэмээн амандаа үглэн залбирдаг байжээ.
Их Монгол Улс, Чингис эцгээс залгамжлан авсан дайтахад барих хийморь сэргээх догшин хар сүлд, төрийн туг есөн хөхөлт цагаан тугийг Хархорум доторхи Мөнх амгалан ордны үүдэнд сүр жавхлантайгаар байрлуулдаг байжээ. Сүлдийг манаж хөдлөхгүй зогсох хүндэт харуулын цэрэг ч их сүртэй, дэгтэй байсан тухай сурвалжид тэмдэглэсэн байна. Мөн дорно дахины улс гүрэнд төрийн хамгийн дээд хууль ёсны баталгаа нь тамга байдаг бөгөөд монголчууд ч төрийн тийм тамга хэрэглэсэн өнө удаан уламжлалтай билээ.
Эцэг Чингис хааны сүлд тахих тахилгын найман цагаан гэрийг төрсөн нутагт нь бий болгож, Чингисийн нас эцэслэсэн өдрөөр тахилга үйлддэг байв. Гол дунд нь байрлуулсан Чингисийн есөн хөхөлт сүрлэг том цагаан тугийн зүүн талд дөрөв, баруун талд дөрөв, бүгд найман цагаан гэр барьж ес дэхь билэг дэмбэрэл нь цагаан туг өөрөө болдог байжээ.
Хаан хуралдайд оролцсон сайд, бараа бологсдоо дагуулж ордноос гараад наран өөд гурван удаа сөхрөн мөргөж, Их хаан буцаж ордондоо орж ирээд их суудалдаа заларч сайд ноёдоо баруун гартаа, хатад гүнж нараа зүүн гартаа зэрэгцүүлэн зогсоож, ”Эцэг хаан Чингисийн байгуулсан улсыг бүү зовооё, Хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуульяа. Хаан эцгийн цуурийг эзлээд иргэнийг нь үл зовоохыг эрхэм болгоцгооё” гэж давтан тангарагладаг байжээ. Энэ тангарагийг үе үеийн хаад уламжлан дамжуулж мөрдөж ирсэн.
Хаан өргөмжлөхөд уламжлалт монгол ёсыг баримтлан цагаан эсгий дээр суулгаж, олон бөө удган бууж, долоон цагаан гүү, цагаан хонины сүү газар цацаж өнө мөнхийн үржил шимийн билгэдэл болгосон тухайн сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1 Д.Оссон. “Монголын түүх” II боть. 359-р тал.
“Юан улсын судар”-т хааны тухай өгүүлэхдээ: “Бөө удган ба бэлэгдэх, төлөгдөх ёсыг даанч итгэмүй”1, “... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгжээ... Бурхан та нарт судар ном хайрласан, түүний нь та нар сахихгүй байна. Бидэнд оточ, төлөгч /бөө, удган Н.И/ оноож өгсөн бөгөөд бид, тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг”2 гэж хэлж байсныг тэмдэглэж үлдээжээ. Плано Карпини...174-р тал
Монголын их хаад онгод юугаа эх нутагтаа байлгаж, түүний амин сүнс болсон онгон байгалиа хамгаалах бодлогыг хатуу баримталж ирсэн түүхтэй.
Мөнх тэнгэрийн үзэл бол дэлхийд гайхагдах гайхамшигтай соёлын өв уламжлал юм. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, төрийн түвшинд хүндлэгдэж, дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн, Төр улсыг байгуулж, шүтэгдэж ирсэн Бөөгийн түүх манайхаас өөр хаана ч байхгүй, хаанаас ч олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг юм. Дэлхийн хүчирхэг гүрнүүд өнөөдөр энэхүү туршлагаас суралцахыг эрмэлзэж байгаа билээ.
Хүн төрлөхтөн, дэлхийн хэмжээний улс төрийн манлайлагчийн хэв маягийг жухамхүү монголчууд тогтоосон байдаг юм.
Жижиг омог аймгаас нэгтгэх үйл ажиллагаагаа эхэлсэн монголчуудын улстөрийн тэмцэл, хүрээгээ тэлсээр улс хоорондыг багтаасан бүс нутгийн, улмаар дэлхийн хэмжээний улс төрийн томоохон бодлого болон тэлж хөгжсөн байдаг. Хубилай яаран сандран ганцхан өдөр “их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Улс төр, эрх мэдлийн төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөнөөр хувь заяагаа шийдэж байлаа.
Мөнх тэнгэрийг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан улс төрийн манлайлагч хүн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсолгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингисхаан Мөнх тэнгэрийн шүтлэгийг жинхэнэ үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан болгон хөгжүүлсэн байдаг. Чингис хаан бол тэнгэрээс заяасан далд их хүчтэй, увидастай, алсын хараатай, улсыг удирдах, бусдыг дагуулах чадвартай, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, өндөр нуруу, сүрлэг том биетэй, өргөн дух магнай, урт сахалтай хүн бөгөөд дайчин зан чанартай, шийдэмгий, хүчирхэг эр болой.
Өгэдэй хаан арав гаруйхан жилд дэг журамтай, Хөгжилтэй, Хүчтэй нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн Их Монголулс байгуулж чаджээ. Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Ер нь хүссэн хэн бүхэн хаан болж үл чадах бөгөөд хэрэв хаан байвал жинхэнэ хаан дүр төрхтэй хаан байх учиртай хэмээн Чингисийн айлдсан сургаалийг Өгэдэй хаан үнэнхүү хэрэгжүүлж чаджээ. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоод эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ.
Монголын их гүрнийг байгуулах улс төрийн тэмцлийн түүх бол дэлхийн хэмжээнд мөрөө үлдээсэн туршлага, хүн төрлөхтний өнөөгийн сонирхон судлах зүйлийн нэг болж байна.