http://www.zoofirma.ru/

Монгол бөө бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм, нийт хүн төрөлхтөн нэгдмэл нийтлэг, үзэл суртал, гүн ухааны угшил болсон бөөгийн тэнгэрийн үзэл, даян дэлхийд нүүдэлчдийн нэгэн үзэл суртал байсан билээ. Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй.
Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглэлээд байгаагийн нэг учиг энэ юм.


5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийннүүдэлчдийн оюуны үнэт бүтээл "Хадны ном" болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй.
Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг "Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан" гэжээ.
Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий.
Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж хувааж болох юм.
Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол "Монголын нууц товчоо" юм. "Монголын нууц товчоо"-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна.
1699 онд зохиосон "Юаньши" (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо "Бөө судлал буюу Монголын харын бөө" гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм. Одоо энэ ном Монгол болон өвөрмонголд өөр хамааралгүй хүмүүсийн нэр дээр хөрвөгдөн худалдаалж байна.
Түүхийн он удаан жилийн явцад уламжлалаа хадгалж ирсэн “Тэнгэрийн улаач” нар өөр, өөрсдийн үзэмж, цаг цагийн аяст тохируулан залсаар Монгол бөөгөө өнөөтэй золгуулжээ. Тэд түүхэн үүргээ баатарлаг хэмээн нэрлэж болох хатуу замыг туулан өнөөгийн бидний гарт өгчээ. Монгол бөөг үе үед аваад явж ирсэн түүхэн хүмүүс байсан.
XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг хэмээх улс төрийн байгууллага байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь хүнд цохилтонд орсон юм. Энэ бол бөөд гарсан гурав дахь цохилт нь байжээ. Энэ үзэл суртлын нөлөөгөөр олон зуун бөөг хорьж шийтгэж, буудан алж, бөөгийн шүтлэгийг хатуу чангаар хорьж цагдаж байсан үе юм.
Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 орчим жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна.
Бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.1960-аад оны үед нэрт эрдэмтэн Ренчин, алдарт зайран Дамдин нар барууны олон орноор хамт явж, кино үйлдвэрийн зааланд бөөгийн зан үйлийг үзүүлж байжээ.
Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен "Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн" хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно.
Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой.
Ц.Дамдинсүрэн "Монголын уран зохиолын тойм" номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном "Монголын хар бөөгийн дуудлагын тухай" гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай "Монголын бөөгийн товч түүх" (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно.
Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Надтай хамтран ажиллаж байсан тэр мөчөө эргэн дурсахад нэн таатай байдаг.
Эрдэмтэн О.Пүрэв "Монгол бөөгийн шашин" (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа.
Газар газрын мухарт, хүний нүднээс далд, айдас хүйдэс дор Монгол бөөгөө уламжлан залсаар ирсэн тэдний дунд бөөгийн анхны байгууллага үүсэн бий болж “Голомт” хэмээн нэрлэв. Тэр үеийн нийгэм, улс төр, утга зохиолын салбарт нөлөө бүхий хүмүүс тэрхүү байгууллагыг толгойлох болов. Ийнхүү бөөгийн анхны байгууллага байгуулагдсанаар “Тэнгэрийн улаач” нарын зан үйл ёс заншил болон тулгамдсан олон асуудалд хариулт өгөх газартай болов. Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа.
Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад Хөвсгөлийн зайран Дамдин, нэрт эрдэмтэн Ренцэн, 1990-2000-ээд онд Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, эрдэмтэн судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ.
Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөгийн яруу найргийн олон давтагдашгүй зүйлийг түгээхэд түүний амьдралын 20 гаруй жилийн хугацаа зориулагдсан байна. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Түүгээрээ монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг.
Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна.
Түүхийн энэ хугацаанд Монгол бөөгийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж, өнөөг хүртэл зүтгэж ирсэн гавьяа Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалд ногдсон юм. Монгол бөөгийн өнөөгийн түвшинд хүргэх, хэдэн мянган “Тэнгэрийн улаач” нарт чиг хандлагыг нь тодорхойлж өгөхөд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Монгол бөөгийн төлөө амьдралаа зориулж, ЮНЕСКО-д хүртэл Монголын бөөг сурталчилж, олон зуун улаачийн зам мөрийг засахад хүчин зүтгэсэн, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалын үйл ажиллагаа хийсэн бүтээснээрээ бусдаас ялгаран харагддаг.
Монгол бөө нарыг нэгдэж, төр улсынхаа төлөө нэгдмэл хүчээр ажиллахад Монголын алдарт Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулууны гүйцэтгэж буй түүхэн үүрэг их байна.
Монгол бөөгийн үйлийг залгамжлагч нар өнөөдөр ёс зүйгүй авирлаж болохгүй тийм хариуцлагатай цаг үе ирээд байгааг ойлгох хэрэгтэй юм. Дэлхий ертөнц Монгол бөөг жинхэнэ чанарлаг утгаар харж байхад бид алдах эрхгүй. Тийм болохоор хариуцлага гэгчийг яарихаас өөр аргагүй болоод байна.
Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” байгууллага Монгол Улсын зүүн хэсэгт Дорнод, Хэнтий аймгуудад сургалтын бөөгийн “сүм” байгуулж, зуны улиралд чанар хийж олон мянган бөө нарыг төрүүлэв.
Буриад бөөгийн дэг жаяг, уламжлалаас эрч хүч авсан халх язгуурын бөөгийн томоохон урсгал шинээр мэндлэв. Зуны улирлын хугацаанд нийтийг хамарсан олон зуун шавь нарыг босгодог “халх” бөөгийн чанараар боссон бөө нар өнөөдөр хэдэн мянгаар тоологдож байна.
Мөнх тэнгэр шүтэн бишрэгчдийг олон мянгаар төрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж буй Халх зайран Б.Хурцжавлангийн удирдлага дор хүчээ авсан бөө нар Хэнтий, Төв, Өмнөговь, Дорноговь, Завхан аймаг болон олон газарт бөө нарын дийлэнхийг бүрдүүлж байна.
2000 оноос хойш Монгол бөөг авч яваа зайран Д.Бямбадоржийн “Дүнгэр төв”, Оюунбаатар зайрангийн “Тэнгэрийн сүлдэр” төв одоохондоо болоод байгаа учраас нэгдэж нийлээд Монгол бөөгөө зөв голдрилоор хөгжүүлье гэж нэг их сүйд болоод байдаггүй. Өөр өөрсдийн чигээ бариад явдаг. Харин олон түмэн болохоор Монгол бөөгийн нэр барьж, олон жил амьдарсаны хувьд тэднээс эргээд Монгол бөөгийнхөө төлөө хамтран ажиллаж сэтгэл гаргахыг хүсээд байдаг нь харагддаг.
Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.

2
2
3
3
4
4
5
5
Previous Next Play Pause
2 3 4 5