http://www.zoofirma.ru/

Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна.
Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна.

Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ,
Мөнх тэнгэрийн төлөө бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын хөдөлмөрийг үнэлэх газар байхгүй, эх орон, байгаль дэлхий хүн ардынхаа төлөө насаараа зүтгэлээ гээд үнэлэмжгүй хоцорч байгаа юм. Мөнх “тэнгэрийн улаач” нар олон зуун ард иргэдийг өвчин эмгэгээс ангижруулж, бариа засал хийж, үйлчлүүлэгч нартаа сэтгэл зүйн тайтгарлыг өгч, ард түмнийхээ дунд орж ажиллаж, төрийн албаны нуруун дээр очих олон ачааллыг хөнгөлж байгаараа ач буянтай. Монголын их эзэнт гүрнээс хойш “тэнгэрийн улаач” нарыг алж хядаж, шорон гянданд хорьж байснаас, сайнаар үнэлж байсан удаагүй гэхэд хэлсдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад байдаг сэтгэл зүй, бариа засал, бясалгал гээд олон ажилтай зэрэгцүүлж үзэж болохоор зуун зууныг дамжин ирсэн ардын зан үйл ёсон бол бөөгийн үйлд шингээстэй.
Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэнгүүдээс аваад жирийн иргэд аман дээрээ шашингүй үзэл, бурангүй ёс, харанхуй үзэл, нийгмийн хоцрогдсон үйл гэх атлаа, орой үдшийн цагаар хүний нүд хариулан “тэнгэрийн улаач” нараар үйлчлүүлээд байдгийн учир юу вэ. Монгол бөө нар эртний үеээс өнөөг хүртэл удмын өвөг дээдэстэй учруулж, дэг жаягийг уламжлалт ёсоор авч яваа нь гайхамшигтай.
Нүдэндээ гал үзэгдэж, сэтгэлдээ илч бадарсан, хийморлог монголчуудын тухай олон зуун жил дэлхий дахинаа бичиж, ярьж ирсэн. Мөнх тэнгэрээ шүтдэг, онгод тэнгэрээ дэргэдээ авч явж, шаардлагатай бол түүнийгээ дуудаж, гайхамшигт хүчийг олдог, цөөн боловч олонхийг буулгаж өвдөг сөхрүүлж явсан суу билэгт Монголын үр сад нар бол бид билээ. Ийм агуу их шүтлэгийг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шүтлэг сансарт байх болно гэж хэлсэн. Түүний үзэл санааг Эйнштейний шагналт, Монголын их эрдэмтэн Лхагва “квант онол ба мөнх тэнгэрийн үзэл” бүтээлээрээ нотолж байна. Үнэхээрийн сансар буюу мөнхтэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн.Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Агуу их хааныхаа агуу их сүлдэнд, хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын ард түмэн, хүн төрөлхтөний сүр сүлд болсон ийм их агуу их шүтлэгтэй байхаас өөр аргагүй билээ.
Дэлхийн улс үндэстний шашин шүтлэгийг нь ашиглаж, олон улс гүрний ард түмнийг хооронд нь зөрчилдүүлэхгүй, нийгэм, эдийн засгийг нь хямраахгүй, хөгжүүлэх монгол хаадын бодлого нь мөнх тэнгэрийн үзлийн салшгүй хэсэг байв.
Дэлхийн хэмжээнд монголчууд сэтгэж, удирдаж, зохион байгуулж байсныг хүний ертөнц хүлээн зөвшөөрдөг. Даяаршлын зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь бидэнд үлдээсэн байна. Энэ бол Мөнхтэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэсний үзлийг авч үлдэнэ, Монголоороо бахархах сэтгэлийн хатыг олно, ихийг хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална, Аугаа их хүчийг олох огшлыг мэдэрч чадна.
Мөнх тэнгэр биднийг нөхцөлдүүлсэн байдаг. Яагаад ч юм бөөгийн талаар мэдлэг муутай надад, мөнх тэнгэрийн сургаалын мөн чанарийг улс гүрнүүдээр аялуулан байж мэдрүүлж, хуралдаа тавих илтгэл мэдээллийг бэлэн болгосон байсан. Зөвхөн зарлах л дутуу байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “зуун асуулт, хариулт” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үг “Мөнх тэнгэрийн үзэлтнүүдийг анхдугаар дээд хуралдай”-гаа хийх цаг үеийн шалтгаан болсон юм. Бид дээд хуралдайгаа хуралдуулж зохион байгуулалтийн нэгдэлд орсон. Олон арван жил бие дааж ажиллаж байсан улаач нар нэгдэх болсон нь цаг үеийн шаардлага байлаа.
Бөө нар нэгдэж чадах уу ? гэдэгт, одоо ч гэсэн хариулт өгөхөд хүнд байна. Бөө нар бүрэн нэгдэх хүртэл их цаг хугацаа шаардагдана. Нэгдэнэ гэдэг их хугацаа шаардсан ажил юм. Мөнх тэнгэрээ дээдэлдэг Монгол бөөгийнхөө зөв хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулах хүсэл эрмэлзэлтэй олон улаач нар биеэр манлайлан нэгдэх нь эхний шат юм. Манлайлагч нар л үлгэрлэн ажиллаж, уламжлалт тэнгэр үзэл, бөөгөө авч явах болно. Бид олон хүнд бэрхшээлийг давж туулж байж амжилтанд хүрнэ. Би гэж хашгирах ганц дуу газартаа үлдэнэ, Бид гэх олны залбирал мөнх тэнгэртээ хүрнэ.
МБНЭ-ийг байгуулах ажил богино хугацаанд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бөө шүтлэгийг хаах тухай үгийн сэжүүр биднийг ийнхүү нэгтгэх шалтгаан болж чадав. Нэг хэсэгдээ нэгдсэн эвлэлд ажил ундарч, нэгдэж ажиллах санал, санаачлагууд буцлаж байлаа. Нэг хэсэг хугацааны явцад бөөгийн байдалд харьцангүй тайван байдал ноёрхож, төрийн зүгээс хатуурах тухай асуудал чимээ алдрав. Нэг хэсэг нөхөд надад бөөгөөр бизнес хийх санал дэвшүүлэх болов. Тэд ард түмний гавьяат, ард түмний баатар, бөөгийн доктор, профессор, төрийн зайран, удган цолыг худалдаж, олгох санал дэвшүүлсэн юм. Тэд намайг улс төрчдөөс асар их санхүүжилт авсан түүнийгээ хуваалц гэсэн шаардлага ч тулгаж байлаа. Түүнийг саналыг хүлээн аваагүйн төлөө МБНЭ-ийн бага хуралдаан дээр зайран \Сүнс\ хэмээх Одгэрэл ахалсан хэсэг нөхөд МБНЭ-ээс гарч байгаагаа мэдэгдэв. Тэд өөрсдийн араас цөөнгүй улаач нар эвлэлээс гарна гэж тооцсон байсан. Гэвч тэднийг хэн ч дэмсэнгүй. Хорсол нь туйлдсан Сүнс Одгэрэл хуралдааны гадна зогсоолд байсан миний машиныг араас нь мөргөж, их хэмжээний хохирол учруулаад зугатаж одов. Энэ бол надад халдсан эхний дайралт байлаа.
Дараачийн хүндрэл бол хамтарч ажиллаж, хуралдаж, шийдвэр гаргаж сураагүй, санал бодлоо илэрхийлж чадвар сул байлаа. Хуралдаа нэг хэсэг нь дуртай үедээ хаяахан сууна. Тийм хэсэг нь хуралд суухаараа хэлэлцсэн, яригдсан зүйлийг давтан цаг үрнэ. Нэг хэсэг нь байгууллагын гол санхүүжилт болсон татварын цөөн хэдэн төгрөгөө төлөхгүй. Татвар нь угтаа шалихгүй жилийн 30-50 мянган төгрөг байсан юм.
Үйл ажиллагааны явцад хүний мөн чанар, ноён нуруу их тодорно. Зайран Чинбат эхний хэдэн сар эвлэлийн идэвхтэй оролцож байсан. Тэрээр зарим сонинд ярилцлага өгчээ. Тэрхүү ярилцлагад Чинбат зайран Монгол бөөгийн “Голомт” төвийг санаачлан байгуулсан, тэгээд судлаач Ш.Сүхбатад, МБНЭ-ийг санаачлан байгуулсан боловч Д.Жаргалсайханд тус тус булаалгасан тухай уртын урт түүхийг гуйвуулсан ярилцлагыг нэгэн сонинд өгсөн байдаг. Энэ гүтгэлэгийн цаана үнэнийг гуйвуулсан тэгээд өөрийгөө бөөгийн өнөө цагийн удирдагч чиглүүлэгч мэтээр улс төрчид, төрд товойлгон ойлгуулах гэсэн маш явуургүй оролдлого харагдаж байсан. Түүндээ үнэний өмнө хүчин мөхөсдөж, бантсан уу, зайран Чинбат нэг хэсэг хугацаанд чимээ тасарсан. Нэгэн өдөр надтай ирж уулзаад, эвлэлдээ зүтгэе хэмээн санал тавьж, МБНЭ-ээс гаргасан сэтгүүл, сонин, ном зэрэг олон зуун мянган төгрөгийн зүйлийг бусдад түгээхээр авч явсан юм. Гэвч тэр оройноо утсаар надруу залгаж, авсан зүйлийн эргүүлж өгж чадахгүй, чиний хохь хэмээн мэдэгдсэн юм. Энэ үед үнэхээр зарим хүмүүстэй харьцах нь маш хэцүү болохыг ойлгосон юм.
Саяхан МБНЭ-ийг тараах хэрэгтэй хэмээн нэгэн фейсед уриалсан байна лээ. Ийм хүмүүсийн мөн чанарыг цаашид олон түмэнд таниулж байх нь бөөгийн байгууллагын хөгжилд нэн чухал ач холбогдолтой
Бидний сайн таних зайран Давгадорж, удган Өөдөө хоёр МБНЭ-тэй хамтран улаач нарыг телевизээр сурталчлах хамтарсан төлөвлөгөө гаргаж, Дээд цэцийн хуралдаанаар батлуулан ажилласан юм. Түүний хэрэгжүүлж, тэдний хөтөлдөг “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр олон улаач нарын тухай цуврал нэвтрүүлэг гарсан түүхтэй. Бид хөдөө орон нутагт ажиллахад унаа, телекамераар тусласан. Энэхүү хамтын ажилагааны дараа зайран Давгадорж, Өөдөө удган нар бие даасан бөөгийн өөр байгууллага байгуулж, олон сайхан үйл хэрэг хийсэн. Гэхдээ МБНЭ-ээс нэг хэсгийг өөрийн байгуулсан шинэ байгууллагад татах, байгууллагыг хагалган бутлах ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүй билээ. Зарим удган, зайран нар монгол бөөгийн хээрийн онгодыг нурааж, сүйтгэсэн зохисгүй үйлдлийг юугаар ч зөвтгөж боломгүй байгаа юм.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Дарьчулуун идэвхтэй байсан, тэгээд итгэл олж, гадаад хамтын ажиллагааны яриа, хэлэлцээрт байлцаж, мэдээлэл олж авчихаад, хамтын ажиллагааны явцад хүрсэн үр дүнг хувийн зорилгоор ганцаар ашиглах үйлдэл хийж, түүндээ хариуцлага хүлээж ДЦХ-н гишүүнээс хасагдсан билээ.
Бөөгийн үйл ажиллагаагаар бизнес хийх зорилготой томоохон хэсэг Монгол бөөд амь бөхтэй байна. Хүний зовлонгоор “хоол” олдог хэсэгт тэнгэр тун хатуу ханддагийг өнгөрсөн цөөн жилийн түүх бидэнд сургамжилсан билээ. Бид эндээс сургамж авах ёстой.
МБНЭ-ийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдээ бид зохих хэмжээнд урамшуулж, шагнаж байгаа. Харин Монгол бөөд олгодог цолыг шагнал мэт ойлгодог нэг хэсэг байна. Зарим нь толгойлж болон тэргүүлж бөөлсөнөөр цол авчихдаг мэт эндүүрэл байна. Монгол бөөгийн хувьд онгод, хуяг дуулга, тамлага дуудлага, гэрийн болон хээрийн онгод, лус савдагтай харьцах чадвар гээд нэн чухал чадварт эрчимтэй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд цолыг шагнал мэт ойлгон цолны хойноос зүтгэх зарим нэгэн байна. Тэгээд өндөр цол өгсөнгүй гэж гомдоллох тохиолдол ч гарлаа.
Өнөөгийн ярьдаг улс төрийн хэллэгээр “гомдогсдын хэсэг” болох МБНЭ-ийн үйл ажиллагааны явцад ёс зүй, сахилгын хариуцлага хүлээж ДЦХ-аас хасагдсан нэг хэсэг шинэ байгууллага байгуулахаар зорьж байна. Хамтын ажиллагааны дээд хэлбэр болсон хуралдаандаа суудаггүй тасалдаг, байгууллагаа дэмжих гишүүний маш хариуцлагатай үүрэг болох татварын цөөн хэдэн төгрөгөө төлж дийлдэггүй, тахилгын талаар хамтарсан шийдвэрээ биелүүлэхгүй дураараа авирладаг, бүх зүйлд хувийн байр сууриа эхэнд тавьдаг, хамт олноо хүндэлж ажиллаж сураагүй, ийм зөрчилд нэр нь холбогдож, цаг хугацааны шалгуурыг даагаагүй, ДЦХ-аас хасагдсан гишүүд бие даасан байгууллага байгуулж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ шинээр байгууллага байгуулаад “хамтран ажиллах зовлонго” биеээр амсах нь сайн хэрэг юм.
Өөрт байгаа дутагдалаа засч чадсан МБНЭ-ийн гишүүн хэн ч бөөгийн байгууллагад эргээд манлайлагч байх боломжтой, эрхтэй.
Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Түүнээс гадна төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна.Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна. Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна.
Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс байхгүй байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.

2
2
3
3
Previous Next Play Pause
2 3