Улиастай хотоос Богдын голыг өгсөн автомашины урт цуваа хөдлөв. Их хайрханы ар талаас очих үед Отгонтэнгэр хайрхан биднийг угтан урд өмнийхөөс илүү ойртсон мэт харагдаж байлаа. Бид өмнө тахилга хийсэн Завхан аймгийн хүүхдийн амралтын өмнө талбайд байрлалаа эзэлсэн билээ.
Төв асар баригдаж түүний өмнө Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг залагдаж, монгол ардын ая дуу эгшиглэж, тахилгад бэлтгэх ажлын хэсгүүд үйл ажиллагаандаа орсон байлаа. Наран шингэх мөчид Нэдсэн тахилгын галын тахилга эхэлж, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам толгойлж, түүний араас Монгол бөөгийн удган Батцэцэг тэргүүлэн бөөлж эхэллээ. Энэхүү тахилгын онцлог нь бусад бөө нар хуур манжигаар дэмжиж оролцсон. Тиймээс галын тахилга удирдаж буй улаачийн удирдлагаар дэг журамтай, цэгцтэй болж өнгөрсөн юм. Өмнөх олон галын тахилгуудыг бодвол энэ удаагийн тахилга бөөлөх гэсэн улаач нарын “дайралтгүй”, тахилгын толгойлон бөөлж буй улаач нарын үйлээр хийгдсэнээрээ онцлог байлаа.





















