http://www.zoofirma.ru/
Япон улсын Токио хотноо “World Fashion” үзэсгэлэн яармаг болж, Монголын ноолуурын компаниуд оролцжээ. Энэ үеэр Монголын Ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн, доктор, профессор Г.Ёндонсамбуу “Монгол ноолуурын онцлог” хэмээх илтгэлийг тавьж, япон хэрэглэгч, түншүүдийн анхаарлыг ихээхэн татсан байна. Түүнтэй өнөөгийн ноолуурын салбарын хөгжил, бодит байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
-Монгол ноолуурын онцлог гэвэл бэлчээрийн ямааны ноолуур гэдгээрээ дэлхийд гайхагдах ёстой гэж та илтгэлдээ онцолжээ. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг тэр чигээрээ дээд түвшний органик хүнс, түүхий эдэд ордог болсон. Энэ талаар ярилцвал ямар вэ?
-Монголын мал сүрэг ямар амар амгалан байдаг юм бэ? гэж гадаадын мэргэжилтнүүд ирээд гайхан шогширдог юм. Бусад газар бол мал руу хүн ойртоод очвол үргээд алга болно. Манай Монголын нутаг сонин. 1,5 сая кв км нутагтайгаас түүний 70 хувь нь бэлчээрийн ургамалтай. Өөрөөр хэлбэл дэлхийн бэлчээрийн ургамлын долоон хувь нь Монголд байна. Өөр ямар ч улс орон ийм биш. Нөгөөтэйгүүр бэлчээрийн газар шороонд 3000-аад нэр төрлийн ургамал ургаж байна. Түүнээс ямаа 80 хувийг нь идэж байгаа. Байгалийн ургамлын хамгийн олон төрлийг иддэг мал бол ямаа юм. Эрдэмтдийн судалж тогтоосноор ямааны идэж буй өвс ургамлын 98 хувь нь бэлчээрийн ургамал, хоёрхон хувь нь хүний хадсан өвс тэжээл. Химийн найрлага огт байхгүй. Хятадад бол өөр шүү дээ, туж тэжээл иднэ. Манайх бол хүссэн хүсээгүй байгалийнхаа ургамлыг идэж, эрх чөлөөтэй бэлчиж, хад асганд дүүлж харайна. Тиймээс л монгол ямаа онцгой байгаа юм. Байгалийн дөрвөн улиралд дуртай өвсөө сорчлон иддэг ямааны ноолуур дэлхийд үнэхээр онцгой юм. Монгол ямаа ямар ч стресс байхгүй. Ноолуур нь бөх бат. Өлсгөлөн ямааны утас амархан тасарчихдаг. Бид одоо монгол ноолуураа маш сайн судалж, дэлхийд танилцуулах ёстой. Шинжлэх ухааны хөгжил төр засгаас өгч байгаа төсөвтэй бас их холбоотой. Нарийн мэргэжилтэн, судлаачдыг олноор бэлдмээр байна.
-Урьд нь хонь долоон хувь, ямаа гурван хувь байсан бол одоо ноолуурын үнэ өссөнтэй холбогдоод ямаа долоон хувь, хонь гурван хувь болчихлоо. Цөлжилт ихсэх нь гээд зарим мэргэжилтэн, судлаач яриад байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Европын байгаль хамгаалагчид ирээд дандаа надад ийм асуулт тавьдаг юм. Ямаагаа хорогдуулахгүй бол байгаль орчныг хамгаалахын тулд Монголын бүтээгдэхүүнийг битгий ав гэж Европын болон Америкийн зах зээлд бид хэлнэ гэдэг юм. Тэгэхээр нь яахаараа ямаа байгальд хортой гэж? За зөв хариултыг өгье гэдэг. Манайхан нэг удаагийн уулзалтаар ямарваа нэгэн юмыг дүгнэчихээд байдаг.
-Ямаа олшрохоор бэлчээр талхлагддаг гэдэг шүү дээ?
-Өнгөрсөн жил гантай. Говьд юу ч ургаагүй байна. Одоо цөл болчихлоо гэнэ. Тэгвэл энэ жил бороо хур ихтэй байлаа. Говь, хангай нэлэнхийдээ сайхан ногоорлоо шүү дээ. Тэгэхээр доод талын үндэс үхээгүй байгаа биз дээ. Ямаа чинь говь цөлөрхөг, уулархаг газар амьдардаг. Говь, цөлдөө ч дандаа өндөрлөгийг барааддаг. Говь цөл газар ургамлын үндэс маш гүнзгий, доор байдаг. Тийм учраас ямаа тэр үндэсийг сугалж чадахгүй. Цухуйсныг л иднэ. Хээрийн бэлчээр, Дорнодын талд бол өвсний үндэс гүехэн байдаг. Тэнд бол харин ямаа үндсээр нь идэж магадгүй. Хар шороон хөрсөнд бол өвсний үндэс нимгэхэн байдаг. Говь цөлд бол ямаа огт аюул байхгүй. Ямаанд таарсан тохиромжтой газар Монголын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь ногдож байдаг. Тэдгээр нутагт төвлөрүүлж, ямаагаа өсгөе гэсэн бодлогыг одоо баримталж байна. Өндөр уулын бүсэд чулуугүй уул гэж байхгүй. Чулууны завсраар ургасан өвс ургамлыг ямаа чинь нарийхан хошуутай, хоёр үүдэн шүд нь ээтгэр, гадагшаа. Тэрийг чинь чимхэж идээд байдаг. Өөр амьтан бол идэж чадахгүй. Хөрсийг нь ухаж төнхөөгүй. Цухуйсныг нь л идэж байна. Бэлчээрт ямар ч хал балгүй. Юуных нь байгальд дайсан, хортой гэж би тэдэнд хэлдэг.
-Ноолуурын дэлхийн зах зээлд манай улс хоёр дахь том тоглогч. Энэ зах зэлийн өнөөгийн байдал ямар байна вэ?
-Одоо Хятад дэлхийн зах зээл дэх ноолуурын 90 хувийг хяналтдаа байлгаж байна. 14 тонн ноолуур өөрсдөө бэлдэж, манайхаас 7000 тонныг нь авч байна. Дэлхийн хэмжээнд 20 хэдэн мянган тонныг хятадууд хяналтдаа байлгаад байна. Дэлхийн бүх ноолуурын 40-өөд хувийг Монголын ноолуур хангаж байгаа. Хятадууд тавин нэг, хоёр хувийг хангаж байна. Тэгэхдээ манайхан удахгүй илүү гарна. Манай ямаа жилд 2-3 саяар өсч байгаа. Зуд л болчихгүй бол. Монгол бэлчээрийн ямаа гэдгээр гайхалтай юм. Монгол бэлчээрийн малын мах, үс ноос гэж ямар өөр, онцгой билээ. Борцны үнэр хаа тэндээс л үнэртэнэ шүү дээ. Үнэхээр амт шимт нь аль ч газрынхтай харьцуулашгүй. Хүн төрөлхтөн байгалаасаа асар их хөндийрсөн. Үнэргүй мах сайн гэдэг ойлголт тэс буруу юм. Тэр чинь хүний генд өөрчлөлт өгч байна. Япон профессор та нар монгол ноолуураа эсийн өндөр түвшинд “Бэлчээрийн” малын ноолуур ийм байдаг гэж судалж, гаргаж дэлхийд тавибал одооноосоо хоёр дахин их үнэтэй болно гэсэн. Хятадууд бол энийг хийж чадахгүй. Яагаад гэвэл хашчихсан, фермд ямаагаа үржүүлж, өсгөж байна. Идэх өвс нь тодорхой. Танай мал бол ийшээ явахаараа энийг тийшээ явахаараа нэг өөрийг иднэ. Нэг ямаанд чинь 1500 метр кв газар ногдож байна. Салхи шуургатай өдөр хятад ямаа юу ч идэж чадахгүй. Манай ямаа нөмөр нөөлөг газарт идээд л байна. Бэлчээрийн мал сүрэгтэй байна гэдгээрээ манайх үнэхээр онцгой. Монгол ноолуурыг имрээд үзэхэд л бусадынхаас тэс өөр. Ерөөсөө л нэг сонин мэдрэмж төрдөг. Тэр юунаас болж байна вэ гэдгийг л бид шинжлэх ухааны түвшинд судалж, дэлхийд тавих ёстой. Тэр чанар нь хятадын ноолуураас огт өөр гэж японы эрдэмтэн хэлээд байгаа юм. Нүүдлийн мал аж ахуйн онцлог гэдэг чинь бас л энэ шүү дээ. Энэ жил ноолуур нь кг нь 110 мянган төгрөг болсон. Энэ жил 960 тэрбум төгрөгийг малчид хувааж авсан. 170 мянгаад өрхдөө хуваахаар дунджаар 5 сая төгрөгний орлого олсон байна. Малчдын жилийн орлогын 50 хувь нь л ямааны ноолуур болж байна.
-Тэгвэл ямаа маллах малчид олшрох нь дээ?
-Би Хятадын хөдөөгүүр нэлээд явж байсан. Малаа маллах хүнгүй болчихсон. Монгол ч адилхан болж байна. Хөдөөгүүр хүнгүй, эль хуль. Одоо ямаа, тэмээ, сарлагаа самнадаг хүн хүч байхгүй. Хөдөөний хүүхдүүд чинь ажилгүй ч гэсэн хотод байх гээд байдаг болчихож. Ний нуугуй ярихад манай мал бэлчээрийн тулдаа л амьдарч байна. Малчдын үүрэг роль бараг байхгүй болсон. Ямаа бол хүрч ирээд л гэрийнхээ гадна хэвтэнэ. Өглөө босоод л нуруугаа тэнийлгэж, суниаж байх хоорондоо хаашаа явахаа бодно. Цаг агаар харна. Зөнгөөрөө өсч байна. За яахав нэг өвгөн малчин хээр мориороо шогшиж, араас нь харна. Хажууд нь тамхиа татаж суунаа бас. Айл амьтан ойрхон байвал нийлчих гээд байдаг юм. Тиймгүй бол уул хадаараа бэлчиж яваад ирвэс, чононд өртөх нь өртөөд бас хүн аюултай. Хүн нь бие биенийхээ малыг хулгай хийгээд байна. Одоо төрөөс бодлого гарчихсан байгаа л даа. Ямааны тоо толгойг өсгөхгүй, нэгжээс авах ашгыг нэмэгдүүлнэ. Үсний ширхэгийг нарийхан болгож, цагаан өнгөтэй болгохгүй гэсэн бодлого гаргасан. Цагаан ямаа харьцангуй амьдрах чадвар муутай байдаг юм. Нарны гэрэл шууд шингээж авдаггүй, ойлгодог учраас. Уг нь нар чинь тэр аяараа эмчилгээ шүү дээ. Японы мэргэжилтнүүд танай ямаа олон өнгөтэй учир бид нэмэгдэл зардал гаргаж байна гээд байна. Цагааруулж байж буддаг байхгүй юу. Бараан, цайвар өнгө будаг авдаггүй юм. Хятадын ямааны 99 хувь нь цагаан байдаг. Манайх 16 хувь нь цагаан. Манайхны олон өнгөтэй гэдэг шүүмжлэлд сүүлийн үед хятадууд зөөлөрсөн. Цагаан, цэнхэр, улаан өнгөөр нь хослуулаад химийн будаггүй, байгалийн өнгөөр нь бүтээгдэхүүн хийж, хүний биед ямар ээлтэй байх уу, хор гэмтэлгүй. Байгальд ээлтэй цэвэр органик бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа гарч ирнэ. Европчууд их дэмжиж байна. Япончууд одоо л ойлгож эхэлж байх шиг байна. Будаг будаг гээд японууд яриад байгаа юм. Манайх гучаад хувь нь будаггүй хийж байгаа. Харшил байхгүй, лабораторийн шинжилгээ хийгээд битгий гай болоод бай гэж хэлсэнийг одоо л эд ойлгож байх шиг байна. Тэгтэл тэд мөчөөгөө өгөхгүй. Та нар угаахдаа эмульс химийн бодис хэрэглэж байгаа. Энэ бас хортой. Зөвхөн будаг биш. Энэ хоёрыг усанд угаахаар 100 хувь арилчихдаг юм гэсэн. Гэхдээ бас хүний хариуцлагатай холбоотой л доо. Сайн угаавал юу ч үлдэхгүй. Эмульс гэдэг нь цахилгаанжилтаас хамгаалах саван шиг бодис эмульс шүршдэг юм. Тэгээд хялгасыг нь ялгаад ээрдэг. Угаахдаа эмульсыг нь салгадаг. Зуун хувь задаргаатай уусдаг. Англи, Германаас Байгалийн хөрс хамгаалах нэг байгууллагын гэрчилгээтэй газраас бид эмульсээ авдаг. Европ байгаль хамгаалах хуулийн тал дээр маш хатуу шүү дээ.
 
Токио хотноо “World Fashion” үзэсгэлэн яармагт Монголын ноолууран бүтээгдэхүүн анхаарал татав.
 
 
-Дутуу зайлаад байдаг гэсэн яриа бас бий билүү?
-Дутуу зайлбал үлдэнэ. Эмульс үлдэхээрээ харшил өгнө. Манайд ээрэх үйлдвэртэй иж бүрэн компани гэвэл 15, ихэнх нь утас аваад хийдэг сүлжих үйлдвэр 50 хэдэн газар бий. Тиймээс л дэлхийд ноолуураараа гарах сонирхолтой. Энэ компаниуд чинь тус тусдаа нэг гадаад түншүүдтэй.
-Энэ олон жижиг дунд үйлдвэрүүд байна. Үнэхээрийн бүрэн гүйцэд зайлж, эмульсээ арилгаж чадаж байгаа болов уу?
-Тодорхой тогтсон технологи байгаа газар эмульсийн үлдэгдэл байх ёсгүй. Нэг шинжлэхэд гарч ирэхгүй, нөгөө газар дахиад нэг шинжлэхэд гарч ирдэг үзэгдэл бол тухайн ээлжийн ажилтаны мэдлэг, ур чадвар, технологийн горимоо хэр зэрэг барьж байгаатай холбоотой асуудал болно. Үргэлж ноолуурыг шинжлээд байх хэцүү. Энэ үнэтэй даавууг метрээр нь таслаад л байнга шинжилгээ өгөөд байна гэдэг хэцүү. Ийм зовлон байдаг.
-Тэгэхээр олон улсын баталгаат итгэмжлэл авч чадахгүй болох юм биш үү?
-Олон улсын стандарт бол хаа ч ижил. Гагцхүү тогтвортой ноолуур, чанар байх ёстой. Ажилчдын сахилга баттай нягт холбоотой. Хүний чин сэтгэлээсээ ажиллах сэтгэл зүтгэл л чадвар мэдлэгээс илүү дутагдаж байна.
-Түүхий эдийн 40 хувийг хангаад самнасан угаасантайгаа нийлээд эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн нийт ноолууран бүтээгдэхүүний наймхан хувийг манай улс хангаж байна. Энэ их хайран санагдаад байх юм.
-Боловсруулах үйлдвэрээ бид барих ёстой. Энэ жил эргэлтийн хөрөнгийн зээл өгсөн. Хойтонгоос үндсэн хөрөнгийн зээл өгнө гэсэн. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд ээрэх үйлдвэр Япон, Италиас авах боломжтой болно. Япончууд хөнгөлөлттэй зээлээр ээрэх үйлдвэр барьж өгье гэсэн яриа сая бас гарлаа. Та нар төр засгийнхантайгаа яриадах гэсэн. Монголд 15 ээрэх үйлдвэр хаа ч хүрэхгүй байна.
-Арван хэдэн жилийн өмнө японы нэг томоохон сүлжээ дэлгүүрт ноолууран цамц худалдаж байхдаа Хятадын ноолуур чанарын хамгийн өндөр түвшинд дээд зэрэг гэж бичсэн байсан. Энэ ямар учиртай вэ?
-Ер нь дэлхий даяар нэг тиймэрхүү ойлголт байгаад л байна. Би бол байнга Өвөр монгол ноолуурыг өөрийнхтэйгөө харьцуулж үздэг. Манайхтай хил залгадаг Шинжаан Уйгар, Манжуур зэрэг газруудад л ноолуурын ямаа байна. Хятадад өөрийн юун ямаа байхав дээ. Тэгэхээр монгол л гэсэн үг л дээ. Манайхаас 7, өөрсдөө 14 хувийг нь бэлддэг. Нийлээд 21 хувь. Ноолуурын нарийн мэдээлэл долоон хоног тутам гаргадаг сэтгүүл бий. Түүнд Хятадууд дундаж нь 32 мм-ийн урттай нарийн ширхэглэл нь 16 микронтай ноолуураа өөрсдөө үнэлдэг. Харин монголд бол дундажаар ширхэгийн урт нь 40-өөс дээш урттай нь 60 хувь байдаг. Ширхэглэлийн нарийн нь 16,5 байдаг. Дэлхийн зах зээл дээр ширхэглэл нь адилхан хэрнээ урт нь 38 см ээс дээш болоод эхлэбэл урт нь нөлөөлөхгүй, ширхэгийн нарийнаар нь үнэлээд явчихдаг. Энэ бол Хятадын бодлого байгаа биз? Монголын ноолуурыг үнэд оруулчих гээд байна. Манайх 32 оос дээш урттай байдаг. Манай ноолуурыг ширхэгийн нарийнаар нь үнэлээд өөрт нь урт нь байхгүй болохоор түүнийг хэрэгсэхүй болчихож байна. Хятадууд дэлхийн зах зээл дээр манай ноолуурын уртыг үнэлэхгүй орхичхож байна.Тэд дэлхийн зах зээлийг ноёлдог учраас хамгийн сайн нь гэж дэлхийд зарлаад байна. Нөгөө талаар уртын ялгаатай үнийг дэлхийн зах зээлийн үнэ рүү оруулж өгөхгүй үнэгүйдүүлээд байна. Хятадын ноолуурын урт нь богинохон болохоор бүдүүн нарийн ширхэглэлээр дэлхийн зах зээлд тооцоод явчихаж байна. Хятадын ноолуур их нарийн учраас арай уян зөөлөн юм. Манайхан дэлхийн үйлдвэрлэж байгаа сүлжмэл бүтээгдэхүүнээс 60-аад хувь нь хийдэг хамгийн тохиромжтой 26-30 номерын утас ээрдэг. Хятад бол 40,60, 80,100 гээд доошоо 20,14, 10, 7, 5 номерын утас үйлдвэрлэдэг. Тэгэхээр манай ноолуурхятадын утаснаас ч илүү тохиромжтой гэсэн үг.Тиймээс манай ноолуурын чанар, утасны хэмжээ нь дэлхийн зах зээл дэх үйлдвэрлэлд гойд зохино гэсэн үг. Монгол ноолуурын бас нэг онцлог бол гарц өндөр байдаг. Хятадууд нэг ямаанаасаа дундажаар 210 грамм ноолуур авдаг. Манай ямаа бол бие томтой, гүжирмэг, 350-400 грамм ноолуур авдаг. Хятадууд харин одоо овоо ойлгож, бууж өгч эхэлж байна.
-Ар зооных нь үс хамгийн дулаахан бөгөөд үнэтэй байдаг гэсэн. Ер нь ингэж нарийн ялгаж, бүтээгдэхүүн хийж чадаж байна уу?
-Би түрүүн хэлсэн. Ялгах нь битгий хэл мал маллах хүн ховордоод байна шүү дээ. Тодорхой хэмжээнд ялгана л даа. Уг нь олон шат дамжлаганд орохоос өмнө хөдөө аж ахуй дээрээ ялгачих хэрэгтэй байгаа юм. Том үйлдвэрүүд ялгаж байгаа ч үр дүн багатай л байна. Зэрэглэгч гэдэг хүн асар өндөр мэдрэмжтэй хүн байх ёстой. Одоо боловсон хүчний асуудал тун хүнд байна. Мөн бид түүхий эдээ бус “Ноолуур” төсөвт 2021 он гэхэд 60 хувийг 25 онд 80 хувийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгож гаргана гэсэн зорилттой байна. Япончууд самнасан ноолуур өг гээд байгаа. Бидэнд ээрэх үйлдвэр барьж өг гэсэн. Гадаад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх ёстой. Хамгийн их өртөгтэй хүнд дамжлага нь угаах, хялгас ялгах, ээрэхдээ байдаг. 1970-аад онд Япон хялгас ялгах үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Афгинастан, Хятад болон Азийн зарим оронд өгч манайд 1981 оноос хойш “Говь”-д суурилуулснаар ноолуурын үйлдвэрлэл эхэлсэн. Маш нарийн технологитой. Их чийглэг орчинд хялгас ялгах хэрэгтэй учир ажиллах орчин хүнд байдаг. Бас байгаль орчны асуудлыг бодолцохгүй бол болохгүй л дээ. Угаахад ус маш их ордог. Хөрсний усанд их аюултай. Бохир усыг эргээж цэвэрлээд саарал усыг хэрэглэх талаар бид одоо ярилцаад байгаа. Одоо ундаа ч үйлдвэрийн усаа ч хөрсний уснаас аваад байна.
-Та Монголын Ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн. Сүүлийн үед танай холбоо юу хийж байна?
-Манайх мэргэжлийн анхны холбоодын нэг. Яаманд биднийг хариуцах нарийн хэсэг байхгүй болчихсон болохоор энэ ерэн хэдэн компанийн бүх асуудлыг бид шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Татвар, түүхий эд, боловсон хүчин, гадаад харилцаа, сургалт гээд л хариуцахгүй юм байхгүй ажиллаж байна. Хууль дүрэм болохоо байчихвал Засгийн газар, Хурлаар хуулиа бариад хөөцөлдөнө. Удахгүй “Монгол хаан ширхэглэл” хэмээх чанарын итгэмжлэл ноолууран бүтээгдэхүүнд тавих болно. Үүнд ширхэглэл нь 15.5 мм нарийн гэсэн шаардлага тавьж байгаа. Технологийн үндсэн чанар болох уян зөөлөн байдал нь утасны нарийнаасаа хамаараад байдаг юм. Харьцуулахад туулайн ноос ямар зөөлөн байдаг билээ? Нэг настай борлонгийн үс тэс өөр. Торомний ноосыг бас дэлхийн улсууд гайхаад манай тэмээний ноолуур нэг шат ахичихсан шүү дээ. Тансаг буюу лакшри бүтээгдэхүүндээ ганц ямааны ноолуур биш тэмээ, сарлагийн ноос багтдаг. Хэмжээ нь бага учраас бид тоохгүй орхиод байдаг. Нэг торомний ноос гэхэд л 200-аад тонн болдог. Ийм нарийхан үс тонноор хэмжигдэхээр их байгаа биз дээ? Утасны нарийнаараа гэвэл Хятадууд өөрсдийгөө нэгдүгээрт гээд байдаг. Утасыг томруулдаг шилээр харвал яг загасны хайрс шиг тэр нь хэр нимгэн гэдгээсээ уян хатан чанар нь нөлөөлдөг. Манай ноолуурын хайрс нимгэн байдаг. Уян зөөлөн гэсэн үг. Ширхэг нарийн болоод байхаар үс богинохон болчихно гэж манай зарим биологчид яриад байна. Бүдүүн болохоор урт болно. Энэ биологийн зүй тогтол гэнэ. Хятадын ноолуур нарийн байгаа нь богино байгаатайгаа холбоотой байна. Гэтэл захчин ардын Ховдын унаган Алтайн улаан ямаа тэс эсрэг.Ширхэг нь ч урт бөгөөд нарийн. Дундаж нь 15,6 микрон. Хятад ноолууртай яг ижил хэрнээ урт юм. Гарц их өндөр. Их биерхүү учраас нэг ямаанаас 400 грамм ноолуур авна. 2017 онд үүлдрээр батлагдсан. Уг нь омгийн ямаа байсан юм. Сүүлийн үед ихэсч байна. Цаашид ч дэлгэрнэ. 40-өөс дээш мянган толгой болсон. Манай ноолуурын ихэнх нь бараан саарал өнгөтэй.Арваад омгийн, Монгол ямаа, Уулын бор зэрэг дөрвөн үүлдрийн ямааны ноолуур гол зонхилж байна.
-Монгол ноолууран бүтээгдэхүүний зарим нь чийглэг Япон оронд хэрэглэхээр шивтэр ч юмуу нэг л эхүүн үнэр үнэртээд байдаг. Үүнийг шийдэх арга зам байгаа юу?
-Энэ их тулгамдаад байдаг хими технологийн том асуудал л даа. Үнэр гарахгүй байхын аргагүй юм. Ноолуурын үс хайрс, давхаргатай гэж би түрүүн хэлсэн. Түүний дотор цайвар давхарга гэж бий. Нэг үгээр хэлбэл мах нь гэсэн үг. Тэр нь хүхэрийн бүтэцтэй. Хайрс гэдэг нь хальс. Угаах технологи чинь дэлхийн технологи. Манайд, Хятадад, Шинэ Зеландад байна. Нэг кг орчим ноолуур угаахад 35-40 литр ус шаардагддаг. Тийм их усаар угаадаг. Бохир ус их гаргадаг учир байгаль орчны асуудал яригдана. Усан дотроо 2-3 минут ноолуураа байлга гэдэг. Тэгэхээр ноолуурын ширхэг нь хөөж, памбайгаад наалдсан хирнүүд нь сална. Хайрсаг давхрын ирмэг нь сэрдийчихдэг. Ингээд зай гарч мах нь ил гарна гэсэн үг. Тэгээд агаарт хүхэр исэлд оронгуут үнэр гарна. Эрдэмтэд ер нь хэзээ ч арилахгүй гэдэг. Нойтон аргаар угааж, хөөлгөж байна. Хятадууд үнэрлэгч бодисоор дараад байна. Худалдан авагчийг хуурч байна гэсэн үг. Ер нь цэвэр байгалийн ноолуураас гарах нь зүйн хэрэг юм л даа. Одоо энэ тал дээр Хими технологийн эрдэмтэн Надмид доктор туршилт хийгээд л байгаа. Бид нар “Кашмир Холдинг” үйлдвэр дээр нэг туршилт хийсэн. Үсний үзүүрийн сэрдийлтийг багасгах зорилгоор үс хуурай байхдаа тэр нь хаалттай байна гэсэн үг. Тэр чийг чинь нэг бороо орохоор үнэртэхгүй. Нилээн хэдэн удаа ч юмуу удахаараа үнэр гарна. Аажим байсаар хөөлт үүсээд ангайдаг. Бид будахдаа эхлээд цайруулдаг. Цайруулахад химийн хор орно. Тэр хайрс давхаргын амсарыг нь наагаад цавуудчихдаг. Энэ нь харьцангуй үнэр гарахгүй гэсэн үг.Тэгж байснаас байгалийн өнгө, үнэрээрээ байсан нь хамаагүй дээр болов уу.
-Ноолууран цамцны гадаргуу утас нь бөөрөнхийлөгдөөд байдгийн учир нь юу вэ?
-Герман эрдэмтний хэлсэн үгийг би бас хэлэх дуртай. Чи натурал бүтээгдэхүүн худалдаж авсан л юм бол бөөстөх нь гарцаагүй. Энэ нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг гэрчилж байгаа хамгийн том илрэл, тэмдэг гэж хэлсэн. Яахав үзэмжинд л нөлөөлж байгаа байх. Бид янз янзын арга хэмжээ авч байна. Хятадууд бол нэг бодис хэрэглээд байна. Гэвч хоёр гурван удаа угаагаад л тэр цавуу нь арилчихдаг юм. Утас чинь өөрөө сахалтай байдаг л даа. Сахал нь 0,8 мм илүү гараад байдаг.Эдэлгээний явцад улам л урагшаа ахиж гараад байдаг. Буцаж орохгүй. Ингээд утасны ширхэглэл нь нарийн болох тусмаа бүрзийлт үүсээд бөөрөнхийлөгддөг. Нэхмэл дээр бол хяргачихдаг. Сүлжмэл хувцсан дээр л яригдаад байгаа юм. Багасгах л хэрэгтэй. Самнах машинаар гарч байгаа утасны цувмал атираа заавал үлдчихээд байдаг. Шулуун болж өгдөггүй юм. Утас хийдэг гурван янзын систем байдаг. Манайд дандаа аппаратны систем байдаг. Утас бүрэн тэнийж өгдөггүй. Сүлжмэлээ нарийн болон хагас нарийн системээр болговол шулуухан болдог. Ингэх гэхээр 20-иод дамжлагаар гаргах хэрэгтэй, өртөг зарлаг өндөр юм. Аппарат нь бол самнах, ээрэх, ороох, эрчлэх, зангидах гээд ердөө л таван дамжлагатай. Одоо манай “Кашмер Холдинг”-оос эхсүүлээд хагас нарийн төхөөрөмжийг Италиас авах гэж байгаа. Ноолуур чинь амьд зүйл шүү дээ. Хажууд нь ширүүн харьцаж, хашгирч болохгүй. Шидэж, уурлаж болохгүй. Манай монгол ямаа маш тайван амьтан. Тиймээс хамгийн тав тухтай орчинг мэдрүүлж өгдөг монгол ноолуур онцгой юм. Энэ сайхан онцлогыг л дэлхийд таниул гээд байна. Имрэхэд л шууд эерэг мэдрэмж төрүүлдэг юм даа.
Ярилцсан Х.Эрдэнэцэцэг