http://www.zoofirma.ru/
                             Сэглэгдэн доромжлогдсон Ихсийн газар    буюу “Өглөгчийн хэрэм”
 Нийслэлийн төв талбайн хойморт байрлах Их хааны хөшөөний ар талд Ерөнхийлөгчид зориулсан барилгын гурван давхарт байдаг ажлын өрөөнд би анх орохдоо их л бэлэгшээж билээ. Цэргийн, бас энгийн гэсэн тодотголтой хамт олныг удирдах анхны даргаар намайг томилсоныг сонсоод ихэд баярлаж, догдолж байлаа. Тэгээд Ерөнхийлөгч Н.Багабанди намайг дуудаж ажлын албыг байгуулах үүргийг биечлэн өгсөн юм. Тэр цагаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ.
 Уламжлал ёсоор өглөө эрт ажилдаа ирэв. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улс болон дэлхийд болсон үйл явдлын тухай жижүүрийн илтгэлээр миний ажил эхэлдэг. Төрийн гурван өндөрлөгт танилцуулах мэдээ ажлын цаг эхлэхэд бэлэн байх учиртай. Энэ өглөөний мэдээ нэг зүйлээр содон байлаа. Тэр нь Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуйан айлтгал, түүнд хавсаргасан фото зургууд байв. Их хаадын булшийг ухаж байгаа тухай, олдсон зарим олдворуудын тухай түүний айлдварт тодорхой бичсэн байв. 
 Хэнтий аймгийн засаг даргатай утсаар ярьж, Их хаадын тахилга, “Өглөгчийн хэрэм”-ийн малталтыг зогсоох, цагдаагийн хамгаалалтад авах үүргийг өглөө. Тэгээд газар дээр нь малталтын үйл ажиллагаатай танилцахаар бэлтгэж, унаа захиалж, “Өглөгчийн хэрэм”-ийн тухай шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдээс бэлтгэсэн танилцуулгыг уншлаа.
 Ажлын цаг дуусангуут Хэнтий аймгийн зүг хөдлөв. Ачаалал ихтэй өнгөрсөн ажлын цагийн дараа цэвэр агаар залгилах юутай тааламжтай. Шөнөжин явна, өглөө гэхэд зорьсон газартаа очсон байх учиртай. Өмнөдэлгэр суман дээр аймгийн цэргийн штабын дарга, ажилтнууд угтав. Тэд цаашид газарчны үүрэг гүйцэтгэнэ.
 Өглөө гэгээ орох үед эртний түүхт Биндэрийн овоо дээр очлоо. Тэгээд овоондоо гурвантай мөргөж, мөнх хөх тэнгэртээ залбирлаа. Одоо зорьсон газартаа цаг хүрэхгүй яваад хүрнэ. Овооноос хөдлөөд нэгэн голыг гатлаад ам өөд өгсөж эхлэв. “Өглөгчийн хэрэм”-ийг өв дамжин хамгаалж ирсэн хэн нэгнийг сэтгэл дотроо хайж байлаа. Очих газраас 20-иод км-т нэг айл харагдав.
 Зорьсон газар алсаас харагдаж эхлэв. Зогсоол дээр цоо шинэ Ланд круйзер-80 автомашинууд эгнэн зогсоно. Биднийг очиход өдрийн ажил аль хэдийнээ эхэлчихсэн байлаа. Өглөөний цайны дараа малталтын бүрэлдэхүүнтэй танилцлаа. Манай улсын урдаа барьдаг бараг бүх нэртэй эрдэмтэд энэ ажиллагаанд оролцсоныг хараад сэтгэл гундаад явчихав. Сэтгэлд нэг л гуниг дүүрэв. Манаж харж явах иргэд нь үгүй, хариуцаж цагдаж явах төрийн төлөөлөгч нь үгүй, сэтгэж бичиж сэрэмжлүүлж явах эрдэмтэд нь үгүй, тэгээд яах вэ?.
 Тэд морьд бэлджээ. Малталт хийж байгаа монгол талын ахлагч, манай нэртэй эрдэмтэн намайг дагуулан “Өглөгчийн хэрэм”-ийн босгыг давлаа. Морьд уул өөд тогтуун алхална. Би дотроо Бямбасүрэн гуйагаар бахархаж явлаа. Тэр хүн энэ тухай бичээгүй бол бүх зүйл чимээгүй болоод өнгөрөх байв. Бүх зүйлийг нарийн төлөвлөж хийж байгаа болохоор хэр баргийн мэдээлэл манай байгууллагад очихгүй байсан.
 Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвд Хархорум хотын туурь судлах Герман-Монголын, Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын хамтарсан малтлагын гэрээ, үйл ажиллагаатай танилцаж байсан болохоор надад бага ч гэсэн ажлын туршлага байлаа. Хамтарсан гэрээ ямар түвшинд байгуулдаг, хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, ямар бүрэлдэхүүн оролцдог, малталтыг шинжлэх ухааны аргаар хэрхэн хийдэг, олдвороо хадгалж, хамгаалдаг, үр дүнгээ хаана хэрхэн тайлагнадаг гээд олон шат дамжлагаар бүх зүйл ил тод байдаг. Тэр бүхэнтэй харьцуулахад энд үзүүлэх бичиг цаас, гэрээ байсангүй.
 Биднийг уулын энгэрт очих үед хоорондоо зайтай ургасан модны дунд эхний булштай таарав. Хоёр метр орчим гүнд, бүдүүн модыг дуундуур нь тайраад ухаж хийсэн австай эмэгтэй хүний цогцос харагдав.
Эрэгтэй эмэгтэй хоёр жуулчин, хэлмэрчийн хамт фото зураг шимтэн дарна. Ховор олдох боломжиндоо шимтсэн тэдэнд эргэн тойрон болж байгаа зүйл хамааралгүй аж. Би тэдэнд, бас дагуулж яваа газарчинд хандан:
  –Энэ юун хүмүүс вэ? гэж асуув. Хэн ч хариулсангүй. Монголчууд бид мэдээгүй байхад гадаадынхан ирсэн зураг дараад зогсож байгаа хараад зориудаар хэн урьсан бол гэж дотроо бодов. Эсвэл тохиолдлын гэж үзвэл тун азтай жуулчид ажээ. Би тэднээс хэдхэн зүйл асуув.
 -Энд зураг авахыг хэн зөвшөөрсөн юм бэ?. Хэлмэрч тэдэнд орчуулав. Хэн ч хариулсангүй, тасралтгүй зураг авсаар байв. Би асуултаа давтав.
 -Мөнгийг нь төлсөн гэсэн хайнгадуу хариулт сонсов. –Хэдийг гэж асуулаа.
 -Хоёр мянган доллар. Яриаг үргэлжлүүлэх нь утгагүй байлаа. Би эргэн тойрны  зургыг дарсаны дараа дээш өгсөв. Эхний булшнаас дээш гучаад метр яваад малтлагуудтай тааралдав. Нийтдээ хорь орчим малталт хийжээ. Миний бодсоноор ихэнх нь тахилгын зан үйлд зориулсан чулуу ашиглаж хийсэн ямар нэгэн суваг шиг зүйл байлаа. 
 -Малтлагуудаа хэдийд эхэлсэн бэ. -Энэ зун гэж товч хариуллаа.
 Герман, Туркуудтай манайханы хамтарсан малталтуудтай харьцуулвал, шинжлэх ухааны талаас үзвэл энэ бүхэн “тонуулчид”-ын малталт байлаа. Малталтуудыг нэг газар төвлөрүүлэн хийжээ.
 Сэтгэл хачин болоод явчихав. Хэсэгтээ сэтгэл манарав. Би тэр ажиллагаанд оролцоогүй ч гэлээ тэдний өмнөөс сэтгэл үймрэв. Тэдний хийсэн үйл лайг хараад өөрийн эрхгүй сэтгэл сөхрөв. Тэгээд сэтгэл дотроо тэнгэртээ залбирлаа. Мөнх хөх тэнгэр минь өршөө-Монголчуудыг, бас Намайг.
 Сэтгэл бага зэрэг тайвширсаны дараа танилцах аялалаа үргэлжлүүлэв.
 -Энэ малталтыг хэн зөвшөөрсөн юм, хэн хийж байгаа юм. Хэн ахалж байгаа юм. Одоо тэд хаана байна?.
 -Малталтыг ШУА-ын холбогдох газрууд бүгд зөвшөөрсөн юм. Малталтыг Наваан гуйа ахалж байна. Америкын зургаан эрдэмтэд оролцож байгаа, тэдний малталтад туслахаар палентлогийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд ажиллаж байгаа гэв.
Биднийг малталт дээр очиход америк эрдэмтэн, оюутнууд аль аль нь байсангүй. Би тэднийг хаана байгааг асуув.
 -Өглөө ажилдаа гарсан, ажиллаж байсан, саяхан доошоо, бааз руу явсан бололтой гэж хариуллаа.
 Наваан, Наваан энэ хүний хийсэн олон малталт санаанд орж ирэв. Монгол орны олон газарт томилолтоор ажиллаж явахдаа түүний хийсэн малталтын ул мөртэй тааралдаж явсанаа, түүний оролцоогүй малталтыг олоход хэцүү байх аа гэсэн дотоод бодлоо таслаад энд ажиллагсадын тухай эрт ажилдаа гардаг, үдийн халуунд завсарлаад үдээш хойш сэрүүн үед ажилладаг юм болов уу гэсэн таамгийг дотроо дэвшүүлж цааш аялалаа үргэлжлүүлэв.