http://www.zoofirma.ru/

Энэ жилийн аялалын бороо хуртай зуншлага сайхан болж байгаа газрын тоонд Шулуун цагаан хошуу хамаарч байна. Хоёр хошууг холбосон автозамыг засаж байгаа тул айлаас айл хооронд холбосон цементэн автозахмаар аялах боломж олдлоо.
Өөрөөр хэлбэл манайхан хүн ам сийрэг автозамаа засах бол замын хажуугаар шороон зам засдаг бол харин энд бол хүн ам ихтэй, газраа хувьчилсан, нөгөө талдаа айл хоорондын замыг ашиглан замын хөдөлгөөнөө хийдэг ажээ. Гэхдээ бүх айлууд цементэн замаар хоорондоо холбогдсон байх ажээ.


Ингэж явахдаа өвөрмонгол айлуудын ахуй амьдрал бодитоогоор нүдэнд тусч явлаа. Хувьчилч авсан газартаа голдуу мал аж ахуй эрхэлэх бөгөөд зуншлага муутай газраас ирсэн малчид тухайн бэлчээрийн эзэнд мөнгө төлж газарт нь малаа бэлчээдэг байна.
Шулуун цагаан хошуу бол Манж, Чин гүрний үеийн найман хошууны нэг хошуу юм. Найман хошууг Нурхач хаан 1615 онд дөрвөн тугийн хошууг шинэчлэн зохион байгуулснаар үүссэн. Тус хошуу нь 1650 он хүртэл Доргон чин ванд захирагдаж байгаад, 1651 оноос хойш манжийн эзэн хаанд шууд захирагдаж байсан дээд зэргийн гурван хошууны нэг бөгөөд манжийн хааны аян дайн, ан гөрөө, аялан явах зам зэрэгт зүүн гарт багтаж байсан юм. Бадаргуулт төрийн үед Шулуун цагаан хошуу нь манж, монгол, хятад угсаатны бүрдсэн хүчирхэг цэргийн бэлтгэл төв байжээ.
Энэ газарт монголчууд бидний сайн мэдэх, үндэсний эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Хятадын шоронд босоогоороо нөгчсөн гэх Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн төрсөн нутаг билээ. Тэрээр түүний манлайлан эхлүүлсэн Монголд дагаар орох хөдөлгөөнийг манлайлсан хүн билээ. Цэрэг хүний хувьд Улсын баярын өдрөөр энэ хүний тухай дурсан бодож, хүндэтгэл үзүүлж өргөл өргөж сөгдөн залбирлаа.
ХХ зууны эхээр үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн дундаас тодрон гарсан цэргийн гарамгай жанждын нэг нь Манлай баатар Ж.Дамдинсүрэн юм. Тэрбээр Дайчин улсын Бүрэн засагчийн аравдугаар он буюу 1871 оны Цагаагчин хонин жилд одоогийн БНХАУ-ын Хөлөнбуйрын Шинэ барга зүүн гарын Шулуун цагаан хошууны гутгаар сумын нутаг Цагаан хошуу хэмээх газар Хүйцэлэг овгийн Өлзийн Жамсрангийн гуравдугаар хөвгүүн болон мэндэлжээ.
Тэрээр 18 насандаа “хуяг цэрэг” болж, цэргийн эрдэмд суралцаж, “мэргэн буудагч” болж байжээ. Тэрээр шат дараалан тушаалд дэвшиж, Манжийн эзэн хаанд бараалхахаар Бээжин хотод очихдоо тэр үед Бээжинд байсан Халхын Түшээт хан Чин ван Ханддоржтой танилцан монгол үндэстний эрх чөлөөний төлөө тэмцэх цаг тохиож буй тухай сэм хэлэлцэн сэтгэл нэгдэж, нутагтаа буцаж ирээд энэ тухай гар, сэтгэл нийлсэн итгэлт нөхдөдөө ярьж байсан ажээ.
1911 оны Үндэсний хувьсгал эхлэхэд хувьсгалын удирдагчидтай бичиг захидлаар харилцаж, үндэсний тусгаар тогтнолын төлөө Ар, Өвөр Монголын ард түмний тэмцлийг нэгтгэхийг зорьж байлаа. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улс Манжийн ноёрхлыг унагаж, Богд Жавзундамбыг хаанд өргөмжилсөн тухай мэдээд олон гар, хошуунд бичиг явуулж, түшмэл, цэрэг цуглуулан 1912 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр харьяат газрын хятад түшмэд, цэргийг хөөн гаргаж, газар орноо эзлэн авч, олон хошууны ардыг илбэн тохинуулжээ. Энэ бослогод идэвхтэй оролцсон удирдагчдын нэг нь сумын занги Ж.Дамдинсүрэн байлаа.
Ийнхүү Ж.Дамдинсүрэнгийн улс төр, цэргийн үйл ажиллагаа эрчимжиж сумын зангиас Монголын төрийн зүтгэлтэн, Баргын эрх чөлөөний төлөө тэмцэгчээс нийт Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан тэмцэгч болох их үйл хэрэг нь эхэлсэн түүхтэй.
Баргын ноёдын хурлаас үндэс угсаа нэгт Монголтойгоо нэгдэхээр шийдвэрлэж, занги Ж.Дамдинсүрэн, мөн хошууны хоёрдугаар сумын хөөгч түшмэл Пунцаг, Хуучин барга Хөвөөт цагаан хошууны тэргүүн сумын хөөгч бичээч Гайхасу нарын долоон хүнийг хүсэлт бичгийн хамт Нийслэл хүрээнд илгээсэн байдаг.

ШУЛУУН ЦАГААН ХОШУУНД (2)
Баргын төлөөлөгчдийн тэргүүн Ж.Дамдинсүрэнгийн бичиг үсгийн чадвар, дадал туршлагыг харгалзан Богд хаан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны дэд сайдаар томилжээ. Тэрээр энэ тушаалд удаан ажиллаагүй боловч 1913 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Нийслэл Хүрээнд байгуулагдсан “Монгол-Төвдийн гэрээ”-нд да лам Нягт билэгт Равдангийн хамт оролцож, гарын үсэг зурсан байна.
Ж.Дамдинсүрэнгийн цэргийн арга ухаан, эрдэм чадал 1912 онд Ховд хотыг Манж, Хятадын цэргээс чөлөөлөх байлдааны явцад тод илэрчээ. Богд хааны зарлигаар Гадаад яамны дэд сайд гүн Ж.Дамдинсүрэн, Дотоод яамны дэс түшмэл С.Магсаржав нар Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох цэргийг дайчлан захирах сайдаар томилогдон, Ховдыг чөлөөлөх байлдааныг удирдан ялалт байгуулсан түүхтэй. Энэ ялалтад цэрэг дайны туршлага бүхий Ж.Дамдинсүрэн болон түүний удирдсан барга цэргүүд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг түүхэн баримтууд нотолдог.
Богд хааны зарлигаар Улсад туслагч гүн Ж.Дамдинсүрэнд үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, хоёр нүдний тогосын отго, Цэргийн жанжин, Манлай баатар цол шагнажээ. Ийнхүү монгол цэргийн түүхэнд “Цэргийн жанжин” цолыг Богд хааны зарлигаар анх удаа Ж.Дамдинсүрэнд олгожээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэнг 1913 оны долоодугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Өмнө зүг мордуулсан цэргийг захирах жанжны тушаалд томилж, Өвөрмонголыг чөлөөлөх байлдааныг удирдуулжээ. Түүхэнд энэ байлдааныг “Таван замын байлдаан” хэмээн нэрлэдэг.
Манлай баатар Ж.Дамдинсүрэн бол ХХ зууны монгол цэргийн сэтгэгчдийн нэгэнд зүй ёсоор тооцогдоно. Ж.Дамдинсүрэн 1913 оноос Цэргийн яамны Эрхлэн зөвлөх сайд, 1915 оноос мөн яамны дэд сайдаар ажиллаж улс орноо батлан хамгаалах, цэрэг зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Манлай ван Нийслэл Хүрээнд ирээд Монголын Автономитыг устгах ёслолд оролцохоос татгалзан “За яахав, Нэгэн цаг ийм доройтол ирэв. Удахгүй Хятадаас Монголын улс төр, газар шороогоо эргүүлэн, эрх чөлөөгөө олох цагт миний бие улам хүчээ гаргаж, Монголын төрийг тохинолцуулж чадна даа” хэмээн бардам хэлж байсан гэдэг. Үнэхээр Манлай ван эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээх тэмцэлд манлайлан оролцсон юм.
Монголыг дахин мандуулах зорилго бүхий хүмүүсээс Жалханз хутагт Дамдинбазар болон С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн, Гомбо-Идшин нартай нууц холбоо байгуулан зэвсэг бэлтгэж буй гэх мэдээ авсан тул тэдэнтэй хүч хавсрахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Богд хаанд айлтгаж цөм зарлиг ёсоор болгосон байна.
1920 оны долоодугаар сарын 29-ний шөнө хятад цэргүүд Манлай баатар Ж.Дамдинсүрэнг, маргааш нь Хатан баатар С.Магсаржавыг баривчлан хорьжээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэн хятадын шоронд 100 гаруй хоног хоригдон байцаагдаж, харийнхны хатуу чанга эрүү шүүлт, шоронгийн хүнд бэрх нөхцөл дор ужиг өвчин нь сэдэрч хүндэрсээр 1921 оны нэгдүгээр сарын 27-ны шөнө бие барсан байна.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондод байгаа Манлай баатрын товч намтарт түүнийг “Би хятадуудын өмнө хэвтээгээрээ үхэхгүй, үхэвч суугаагаараа үхнэ” хэмээн эрс хатуу тэмцсээр нас барсан гэж бичжээ.
Мөн 1928 онд Д.Долсонг үндэслэлгүйгээр хорьж шийтгэсэн бол Д.Долсон, Д.Дампил, Д.Уртнасан нарыг 1931 оны сүүлчээс 1932 оны зургаадугаар сар хүртэл мөн л хилс ял тулган мөрдөн байцааж, хорьж шийтгэж байсныг архивын баримтууд нотолж байна. Улмаар тэднийг 1938 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлж, Д.Долсон, Д.Уртнасан хоёрыг хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, Д.Дампил нь сураггүй алга болжээ.
Ийнхүү Манлай баатрын гурван хөвгүүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснээр түүний үр удам тасрахад хүрсэн байна. Энэ бол түүхэнд нэрээ үлдээсэн нэгэн гарамгай жанжны амьдрал боловч Монгол Улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсоныг харуулах баримт мөн ажээ.

Дөрөв. ДЭЛХИЙД АЛДАРТАЙ МАТЕМАТЕКЧ ШАРАЙН МЯНГАТЫН ТУХАЙ ДУРСАХУЙ

Шулуун цагаан хошуугаар дайран өнгөрөхөд төв хот болох Мянгат балгасаар дайрч өнгөрдөг. Харин энэ удаа төв зам завсартай байсан тул тойрч өнгөрлөө. Тэгэхдээ Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд цэрэг зэр зэвсэг, улс төр, эдийн засгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр тоолж баршгүй олон бөгөөд оюун санаа, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн түвшинд ч оруулсан хувь нэмрээрээ их хаадаас дутахгүй тэдэнтэй энэ зэрэгцэхүйц гэж хэлэхэд дэгстүүлэхгүй олон олон эрдэмтэн мэргэд төрөн гарсны нэг нь Шарайн Мянгатыг дурсахгүй байхын аргагүй билээ.
Тэрбээр 1692 онд Цахарын найман хошууны нэг болох Шулуун хөвөөт Цагаан хошууны (Одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг) Шарайд овгийн гэр бүлд төржээ. Цаг төрийн үймээнт үед төрсөн ч балчир наснаасаа авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэд "Математик сурах тэнхим"-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайн төгсөөд, улмаар манжийн хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орныг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ.
Манжийн хааны ордны дэргэдэх "Тоон ухаан сурах газар"-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ.
Тухайн цаг улирлын тоон бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.
Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хааны дараалан заларсан гурван хаан болох Энх-Амгалан хааны үед 10-аад жил, Найралт төв хааны үед 12 жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг 30-аад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна.

Монголын суут их математикч Шарайд Мянгат монгол хүн бөгөөд дэлхийн тооны шинжлэх ухааны суутнуудтай нэг түвшинд сэтгэж агуу нээлтүүдийг хийсэн юм. Мянгат нь "Тойргыг огтолж Пи тоог олох хялбар арга" бүтээлдээ тригнометрийн функцийн задаргаагаар шинэ нээлт хийсэн юм. Тригнометрийн функцийн 6 томьёог шинээр нээж, Ньютоны 3 томьёог дахин баталсан болно. Түүнчлэн Ньютон, Кеплер, Коперникийн бүтээлүүдэд үнэлэлт дүгнэлт өгөн, өөрийн одон орон, цаг уурын томоохон бүтээл гаргаж байсан гэдэг.

Одоо энэ нутаг хятадын сэргээгдэх эрчим хүчний төв нутгийн нэг болон хөгжин цэцэглэж байна. Өмнө байгуулсан байсан хурдны замаа зэрэглэл ахиулж, Хөлөнбуйр явах төв автозам үүгээр дайран өнгөрч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл хятадын төв бүсийг зүүн хойд бүстэй холбох гол зам удахгүй ашиглалтад орох ажээ.

1
1
2
2
3
3
4
4
6 (2)
6 (2)
7
7
8
8
9
9
10
10
Previous Next Play Pause
1 2 3 4 6 (2) 7 8 9 10