http://www.zoofirma.ru/

Улаанбаатар хотоос баруун зүгийн зам хоёр талдаа жигд ачаалалтай харагдана билээ. Хотоос оройтож гарсан бид жигдхэн хурдтай явсаар замын сумдыг явдал дундаа ажигласаар Лүн, Эрдэнэ Сант, Рашаант, Элсэн тасархайг дайран Өвөрхангайн Хар хорин хотын гэрэл харагдах газарт эхний шөнөө өнгөруулэхээр буудаллаа.Эртний нийслэлийн хот байгуулалт Өгөөдэй хааны байгуулсан хотын газар зүйн байрлал их төстэй талдаа юм билээ.

Их талын дунд хаана хаанаасаа алсын бараа харагдам уудам хөндийг сонгосон байдаг.
Өглөөний наран мандах мөчийг Хар хорины зүүн өмнө талаас харлаа. Энд зуншлаг сайхан болж буй төлөвтэй. Амарч яваа болохоор өглөөний цай унд, хүүхдүүдээ босохыг харсаар 10 цагийн орчим цааш хөдлөсөн билээ. Хар хорины хэрмэн хашааны дэргэдэх хоолны газар хооллов. Хэрэмний өмнө талыг тун аятайхан зохион байгуулж шинэчилжээ.
Орхон голын гүүрээр гараад жигд хурдтай явсаар Хотонт сум, Цэнхэр сумын дэргэдүүр өнгөрлөө. Цэнхэрийн гол гараад зүүн тийш эргэн явсаар Нэг зуун жилээ тэмдэглэж буй Архангай аймгийн наадмын хурдан морины барианы зурхай дээр очлоо. Уудам талд хурдан морины бариа, худалдаа, үйлчилгээ, авто машины зогсоолыг журам дэглэмтэй байршуулжээ.
1923 онд засаг захиргааны өөрчлөлт хийж Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэгмандал уулын аймгийг байгуулжээ. 1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон. Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.
Тус аймгийн нутагт Суварга хайрхан, Цогт сүмбэр, Хутаг, Гялгар, Харлагтай, Хан өндөр, Баянбайшир, Дулаан хан, Бүрэн хан, Ноён хангай, Халзан Бүрэгтэй зэрэг өндөр уулс, Бөхөн шар, Чингэлтэй, Тарвагатай, Бугат, Хичгэнэ, Тамирын өвч битүү ой тайгаар хучигдсан уул нурууд, Тамч, Тонгорго, Хөл сая, Хайрхан, Замт, Эг, Загастай, Хилзах, Согоот, Солонгот, Бумбат, Цагаан даваа зэрэг алдарт их даваанууд, Хонгорж, Тоглох, Хөшиг, Өгийн уудам тал, Хаалга, Мандах, Хануй, Хүнүй, Хөшөөт, Цайдам, Донгойн өргөн хөндийнүүд байдаг. Энд хуш, гацуур, хар мод, хус, улиас, хайлаас, бургас зэрэг шилмүүст, навчит мод, буриагуул, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, тавилгана, монос, шар мод, далан хайлс, жимст модод зэрэг 50 гаруй төрлийн модлог бут ургамал ургадаг юм. Мөн бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаа, поврон зэрэг цайны ургамал, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэ, гичгэнэ, тарна, сонгино, халиар, мангина, хүнхээл, зэрлэг жууцай, янз бүрийн гогод, хүмүүл, таана зэрэг хүнсний аминдэмт ургамал арвин их бий.
Архангайн нутагт алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, монгол туйплан, олон янзын дэгд зэрэг 200 шахам нэр төрлийн эмийн ургамал, банздоо, хөвөн оройт, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт байна. Зуны улиралд жамьянмядаг, сэржмядаг, яргуй, удвал, улаалзай, алтан зул, намуу, сарнай, цээний ягаан, цагаан лабай, бэр цэцэг, багваахай цэцэг өнгө жигдэрч байх нь үзэж ханашгүй сонин байдаг билээ.
Хангайн нуруунаас эх авсан хойт урд хоёр Тамир, Хануй, Хүнүй, Чулуут, Орхон, Суман, Мөрөн зэрэг олон гол мөрөн, Өгий, Холбоо, Дөрөө, Тэрхийн цагаан, Хөх, Их, Хөдөө, Цайдам, Буйлан, Дуут нуур, Баян-Улаан зэрэг их бага нуур бий. Архангайн нутагт эмчилгээ сувиллын ач холбогдолтой Ноён хангай, Чулуут, Шивэртэй, Бор тал, Цэнхэр, Цагаан сүм, Хадат, Бэлх, Хан өндөр, Бумбат хайрхан, Алтан овоо, Мухар хужирт, Гялаан, Ангархай, Ороох, Цүүр, Бор бургас зэрэг 40 гаруй халуун хүйтэн рашаан, рашаан төст булагууд бий.
Архангай аймагт байгалийн арвин их баялаг бий. Өгийнуур, Хотонт, Хашаат суманд шатах занар, бараг бүх сумын нутгаар хүлэр зэрэг түлшний нөөц, Цэцэрлэг хотын орчим, Хашаат, Тариат, Булган, Ихтамир, Цэнхэр сумдын нутгаар төмөр, соронзон гүрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг металийн хүдэр, цагаан тугалга, Хангай, Тариат, Цэнхэр, Батцэнгэл зэрэг сумдад цахиуржсан мана, цагаан гантиг, усан ба утаат болор, бэлт чулуу, кальцийн жонш, хээрийн жонш, хайлуур жонш зэрэг ашигт малтмал, гялтгануур, гөлтгөнө, шохойн чулуу, боржин, наанги шавар, билүү, хүрмэн чулуу, өнгө бүрийн зос будаг зэрэг барилгын үнэт материалын нөөц бүхий олон орд судлагдсан байна.
Архангайн нутагт унтарсан галт уулсын чулуулаг, солир, арслан заан, үлэг, гүрвэл, хярс, одос гэх мэт аварга амьтдын чулуужсан яс, яст мэлхий, хясаа зэрэг амьтдын үлдэгдэл чулуужсан мод мэт ховор сонин олдвор элбэг тохиолддог.
Хангайн нуруунд аргал угалз, янгир ямаа, ирвэс, шүлүүс, ой хөвч нутгаар бор гөрөөс, буга согоо, гахай хүдэр, дорго, зээх, хэрэм, бүх нутгаар тарвага, үнэг, чоно, мануул, хярс, туулай, чандага, жирх, солонго, цагаан үен, зурам зэрэг ан амьтад оршино. Эдгээр бол аргаггүй арын сайхан хангайн мөн чанарыг илтгэнэ.

20230727_100627
20230727_100627
20230727_113845
20230727_113845
20230727_113849
20230727_113849
20230727_113854
20230727_113854
20230727_113934
20230727_113934
20230727_121339
20230727_121339
20230727_121613
20230727_121613
Previous Next Play Pause
20230727_100627 20230727_113845 20230727_113849 20230727_113854 20230727_113934 20230727_121339 20230727_121613