http://www.zoofirma.ru/

Sonin.mn agency
“Том эзэнт гүрэн”, “Хэт их эзэнт гүрэн”, “Их хаан”, “Хаадын хаан” гэх ойлголт, үзэгдэл нь яг хэрэг дээрээ бол ахархан настай, охорхон түүхтэй байдаг хэдий ч харин алдар нэр, цуу дуулиан нь урт насалдаг, удаан үргэлжилдэг ажээ. Их хаан, Их гүрний нэр ба мөр нь гадаадад ч дотоодод ч, бас түүхэнд их тодхон хэвээрээ хадгалагддаг онцлогтой. Сайнаар ч их дурсагддаг, бас муугаар ч их дурдагддаг болох нь хэн бүхний мэдэх үнэн юм.


Сайн санаа, дэвшилттэй зорилго, зөв нөлөө, эерэг үр дагаврын төлөө том эзэнт гүрэнг анх байгуулсан бол, байлдаж эзэлсэн, хараа нөлөөндөө авсан улс орнуудыг өөд нь татаж чадсан бол, сүсэг бишрэлийг нь хүндэтгэн үзэж тархайг нь хурааж, салсныг нь нэгтгэж өгсөн бол, тайван чөлөөтэй амьдарч дэгжих орон зай, цаг хугацааг ивээн талбин олгосон бол, соёл, шинжлэх ухааны шинэ, дээд шатанд хүргэж шинэчилж, өөрчилсөн бол мөнхүү
Эзэнт гүрний нөмөр, нөөлөг ба их хааны гавъяа, зүтгэлийг хүмүүс хэдэн зуун дамжуулан магтаж, дурссаар иржээ. Ингэхлээр эзэнт гүрэн бүхнийг, бас эзэн хаан бүхнийг байх ёстой байранд нь тавьж, авах ёстой үнэлгээг нь өгөхөд заавалчгүй судалж, нягталж, дэнсэлж, харьцуулж, үлдээсэн үр дагаварыг нь хаана, хаанаа тооцоолж, бүртгэж байж эцсийн шийдпийг гаргаж байх учиртай юм. Муу сөрөг үзэгдэл, үйлдэл нь сайн ул мөрийг үлдээсэн, эерэг үр дагаврыг үүдсэн бол бас л харгалзан үзэх хэрэгтэй болдог. Аливаад тодорхой хандах нь үнэнд хүргэх нэгэн арга билээ. Үлдээсэн ул мөр, нөлөөг нь тухай тухайн цаг үед нь хадаж үзэх, холбож ойлгох, тэр түүхэн цаг үеийн нь үнэлэмж, баримжаалал, жишиг, ёсзүйн үүднээс хандаж дүгнэж байх нь үнэний харьцангуйн талаасаа зөв, зүйтэй юм.
Цаг үе огт өөр болдог. Хүмүүс бас өөрчлөгддөг. Хожуу цаг үеийн хүмүүсийн үнэлэмж, баримжааллын үүднээс өнгөрсөн бүхнийг нэгэн утгатайгаар, эцсийн үнэн болгож үзэх, үнэлэх боломжгүй бөгөөд ийм аргаар үнэнээс холдох хэрэггүй юм.

Эзэнт гүрэн нэг бүр эцсийн эцэст задрал, уналт, мөхлөөр л дуусаж байжээ. Ийм хувь заяаг нэг ч эзэнт гүрэн тойроогүй юм. Эзэнт гүрний нас богино болох, урт байх нь олон хүчин зүйлээс хамаарч байжээ. Эзэн болсон улс, үндэстэн өөрөө хүчирхэг хэвээрээ, бусдыг эрхшээсэн гар нь чанга янзаараа нэр нөлөө нь өндөрт цууриатсаар байх ахул Эзэнт гүрний задрах нь удаан байв. Монголын эзэнт гүрний жишээ, сургамж гэхэд Хувилай хаан эзэнт гүрний нийслэлийг Монгол орноос салгаж Хятад оронд шилжүүлснээр эзэн улс, эзэн үндэстэний нэр хүндийг унагааж, эзэн Монгол гэхийг эзэн Хятад мэт болгон сольж завхруулснаар Монголын эзэнт гүрний задрал, уналтын процессыг ердөө л шууд эхлүүлжээ. Монголчууд, Монголын нийслэл Хархорум хотын нэр, дуулиан хэдхэн жилийн дотор Хятадын гэх хүчин зүйлүүдээр түрэгдэн бүүдгэрчээ. Энэ мэтийн сонихон үзэгдэл, тохиолдол эзэнт гүрнүүдийн түүхэнд цөөн биш байдаг.
Том эзэнт гүрэн, их хааны мөр, сүүдэр дагаж үлддэг эерэг, сөрөг зүйлүүд ялангуяа эзэн байсан улс, үндэстний хувьд нэн их байдаг. Наад захын жишээ гэхэд л том, их, эзэн байсан улс, үндэстэнг дахиж томрох бий гэсэн хардлага ойр орчинд нь мөнхөд шахам үлдэж, уг улс, үндэстэнд ихээхэн бэрхшээл, зовиурыг авч ирдэг байна. Хөрш улсууд нь хуучин байдлыг давтан гаргуулахгүйн тулд нууц, далд алсуур, холуур элдэв арга хэмжээ авч, бусадтай хуйвалдан гурвалжин, дөрвөлжин хэлхээ, холбоо тогтоож жич, нууц бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлдэг. Их байсан, эзэн байсан улс орныг эргээд томорчих вий гэх болгоомжлол түүний найгүй жижигхэн, буурай болсон үед нь ч салахгүй дагалдан зовоодог ажээ.

Эзэн байсан орны улстөрчид, их хааны үр хойчис дэмий ихэрхэж зовлон тарих нь бас цөөнгүй. ”Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” гэхийн үлгэрээр орчихсон тоглоомын удам залгамжлагчид, “Хан хөвүүд” буй болж бусдын зэвүүрхэл дор ихэрхэж дүвчигнэх нь ч бас олонтой тохиолддог.
Гурвуулаа цаг цагтаа том, жижиг эзэн улс, эзэн үндэстэн байж үзсэн Монгол, Хятад, Оросын харилцааны жишээ, сургамжийн талаар товч өгүүлье.
Хүннүгийн эзэнт гүрний үеэс (МЭӨ 209 он) бүр түүнээс ч их өмнө монголчууд Хятадын улсуудад аюул, занал учруулсаар байжээ. Хүннү гүрэн олон тасарч задарснаас хойш ч гэсэн нүүдэлчид, эсгий туургатангууд Хятадын улсуудад довтолж түүвэйсээр л байв.
Монголын Сүмбэ, Нирун улсын үед, мөн Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож чадсан Түрэг, Уйгар, Киргиз нарын үед ч гэсэн нүүдэлчдийн халдлага ер тасраагүй ажээ. Тэг тэгсээр XIII зууны монголчууд Хятадын улсуудыг бүрэн эзэлж, бүгдийг нь нэгтгэн захирчээ. Монголын эзэнт гүрний үед Хятадуудад мэдээжээр хүнд хэцүү байсан, мөн оросуудад ч бас хэцүү байсан юм. Ингээд л монголчуудаас айх болгоомжилох сэтгэлзүй, ухамсар хөршүүдэд нь буй болчихжээ. Орос, Хятад хоёр монголчуудыг тархай, бутархай байхад, сул дорой байхад, бүр болж өгвөл байнгад өөрсдийнхээ эрхшээл, нөлөөн дор барьж байхыг хүсэх болжээ. Энэнийгээ төрийн бодлого болгож сахиж хэрэгжүүлж байхыг тэд эрмэлзэцгээх болсон юм. Энэ бол хоёр хөршийн нь төрийн хар хайрцагны бодлогын Монголд зориулсан гол үзэл, баримтлал мөн бололтой. Чингэж монголчууд хоёр том хөршийнхээ ийм далд, нууц бодлогын объект болсоор уджээ. Чухам иймийн учир зөвхөн Ар Монголын тусгаар тогтнолын төлөө бүтэн зууны туршид элдвээр тэмцэхэд хүрсэн байна. Зуун жилийн туршид олон бусармаг арга, заль хэрэглэж, хоорондоо элдвээр сүлбэлдэн хуурамчилсаар хөршүүд маань монголчуудыг тархай бутархай, дорой буурай, “гар гарынхаа лор” хэвээр нь үлдээж чадсан билээ.
Хоёр хөрш маань Монголын газар нутагт л зөвхөн шунадаг мэтээр зарим хүн ойлгодог, ярьдаг. Гэхдээ Хятад, Орос хоёрын төр засгийн аль аль нь “Монголчууд та нар хүнээ авбал аваарай. Харин газар нутгийг нь бид авч үлдэнэ шүү” гэж хэлж байсан удаагүй билээ. Тэгэхлээр газар нутгийг нь хүн ардтай нь цуг тасдан авч аль болохоор бүх талаар жижигрүүлэх, Монголыг жижигхэн бамбай улсын хэмжээнд л мөнхөд барьж байхыг тэд хүсдэг ажээ. Зарим судлаачийн тооцоолсноор Монголоос Хятадуудын салгаж авч чадсан газрын хэмжээ 2.216.000 километр квадрат, харин оросуудын авсан нь 610.900 километр квадрат юм байна. Энэ тооцоогоор бол Монгол улс уугуул газар нутгийнхаа зөвхөн 35.7 хувь дээр нь нь л амьдарч байгаа болно. Уугуул газар нутгийнх нь 50.4 хувь нь хүнтэй гэртэй, малтай, ашигт малтмалтайгаа цуг Хятадынх болсон ба мөн 13.9 хувь нь бас л хүн, гэр, мал, ашигт малтмалтайгаа хамт Оросынх болчихжээ.


Хоёр хөршид маань ийм шинж, байдал бүхий далд, нууц бодлого, цаанаа нарийн учиртай ижилхэн зорилго байдгаас болж 1911 онд өвөг дээдсийн маань өндрөөс өндөрт өргөн дэвшүүлсэн “Үндэсний төр улсаа сэргээн байгуулж монголчууд хотол даяараа нэгдэж нийлэх” гэсэн зорилго биелээгүй байна. Ийм зорилго тавьж тэмцээд удлаа. Үнэндээ бол бараг 3 зуун дамнан мөнхүү тэмцэл үргэлжилжээ.



XXI зууны эхэн гэхэд байдал ямар байна вэ? Монголчууд нэгдэн нийллээч гэсэн Орос ба Хятадад заналхийлж чадах. хоёр том хөршрүүгээ түрэмгийлэл үйлдэж чадах боломж нэгэнт үгүй болжээ. Монголын аюул гээч нь хоосон зүйл болсон байна. Харин ч бамбай орон байх, том сайн бамбай болох Монголын үүрэг улам л чухалчлагдах төлөвтэй боллоо. Одоо бол Монгол хүчтэй нэр хүндтэй байх тусмаа л Хятад, Орос хоёрын завсарт “сайн бамбай болох юм. Хүн ам цөөтэй, цөмийн зэвсэггүй, дайн-хийрхэлд дахин автагдах бодит боломжгүй болчихсон эн тайван, ардчилал, эрх чөлөөг дээдлэгч Монголчуудаа: жийрхэх, хоосон хардах, болгоомжлох нь аль хэдийнэ илүүц зүйл, утгагүй зүйл болчихжээ. Одоо XXI зууны өндөрлөгөөс энэ 3 орон хоорондоо шинэхэн бодит байдалд тулгуурласан шинэ, оновчтой холбоо тогтоож, хэн хэнийхээ ашиг, сонирхлыг тооцсон найрсаг харилцаатай байх хэрэгтэй байна. Эзэнт гүрнүүд байсан үеийн, эзэнт гүрнүүд байхын төлөөнөө гэхүйцээр ихэрхэх, ихээ үзүүлэх, эсвээс ихээ сэргээх, их байснаа санагалзан “хоосон томрох” мэтийн санаа, санаархал нь зөвхөн элдэв бэрхшээл үүдэж хэн хэндээ хор хүргэхээс цаашгүй болжээ.
Хэтэрхий томрох, зах хязгааргүй их нутаг дэвсгэрийг эзлэх, олон хэлний ижил биш шашин, соёлтой олон үндэстэн, хүн зоныг нэгэн төрийн жолоон дор хураах нь энэ XXI зууны өндөрлөгөөс үзэж дүгнэх аваас тийм ч сайн зүйл биш гэдэг нь тодорхой болжээ. Томрохын сайн, мууг арьс махан дээрээ мэдэрч, үүрч өнгөрөөсөн монголчууд “сайн ба муу ямар ч зорилгын үүднээс бусдыг эзлээд хэрэггүй юм байна” гэдгийг хатуу ойлгосон ард түмэн билээ. Томорсноосоо үүдэж хохирсон ард түмнүүдийн эгнээг нэгээр нэмэгдүүлсэн монголчууд бусдыг эзлэх гэж хаашаа ч явахгүй. Тэгээд ч хоёр том хөрш маань хэнд ч эзлэгдэхээргүй хүчтэй болчихжээ. Ийм нөхцөлд Монголын аюул гэх бодит хүчин зүйл үнэхээр үгүй байна. Гэхдээ энэ гурван орны аль алинд нь Монголын гэх угшил, холбогдол бүхий асуудлууд бий. Ихээхэн ээдрээтэй эмзэг гэхээр асуудлууд ч бас бий. Түүхэн шинэ, шинэ нөхцөл, байдалд тэдгээр нь яаж шийдэгдэх нь ч мөн тодорхой бус байна.

Монгол угсааны хүн амын 30 гаруй хувь нь л Монгол улсад аж төрж үлдэх 70 шахам хувь нь Хятад, Орос хоёрт хуваагдан харъяалагдаж байгаа нь асуудлуудын нэгэн гол шалтгаан юм. Эдгээр хүмүүс 2 хөршид бүрэн уусаж дуустлаа удах болно. Тэдний хувьд нүүдэлчдийн ахуй аж байдал нь бүрэн өөрчлөгдөх, хэл ба соёл нь мөхөж, еөрөөр солигдох, сэтгэлзүй, ухамсар нь хятаджиж, оросжиж дуусах зэрэг хувьсал явагдаж дууссанаар уусалт төгс болох учиртай. Өнөө гэхэд бутарч салсан, бусдын эрхшээл, нөлөөнд хүчээр үлдээсний зовиур нэг талд, харь хэл, соёл, өөр ахуй бүхий хүмүүсийг өөртөө уусгаж авах гэсэн зовиур нөгөө талд байсаар хадгалагдсаар энэнээс үүдэлтэй эмзэглэл, зөрчил хуримтлагдсаар элдэв шинжтэй ээдрээ, зангилааг социаль бүлгүүдийн харилцаанд буй болгож ужигруулсаар байна.
Олон саяар тоологдох монголчууд хоёр хөршид маань уусаж бүрэн дуусахын цагт энэ гурван улсын хоорондын харилцаа их нээлттэй, илүү их ил цагаан илүү их шудрага,шулуухан болох байх. Гэвч ийм цаг ирэхээс өмнө юу ч болж бас мэднэ. Монголчууд уусаж чадахгүй хөршүүд маань уусгаж чадахгүй, харин ч харь элгийн хүмүүсийг хавчин хяхаж, жигшээж гүйцэх юм бол тааламжтай гэхүйц нөхцөл, тохироо бүрдэх бүрийд л Буриад, Барга, Өвөр, Өмнөд, Шинжааны болон Халимаг монголчууд түүхэн төврүүгээ татагдаж ээдрээтэй асуудлууд ар араасаа босох нь эргэлзээгүй. Дэлхий дахины өнгөрсөн түүхээс үзэхүл нэг үндэстэн нөгөө үндэстнээ өөртөө уусгах гэж хүчлэх бүрийдээ шахам бүтэлгүйтэж байжээ.


Оросод харьяалагдах болсон Буриад монголчууд хаант төрийн нь үед ч хэлмэгдсэн бас социалист төрийн нь үед ч хэлмэгдсэн билээ. Иймэрхүү хувь заяаг өрөвдөхгүй байхын аргагүй юм.



Хятадын харъяанд орсон монголчууд мөн цаг цагтаа ихэд хэлмэгдсэн болохыг дэлхий дахинаараа мэдэх билээ. Их Орос, мөн Их Хятадын үндсэрхэх дээрэнгүй үзэл хэмээн монголчууд шүүмжлэн үзэх, үнэлэх мөртлөө Их Монголын гэхээр үндсэрхэх дээрэнгүй үзэл сурталд өөрсдөө автагтаад харалган ааш авир гаргаж болохгүй юм.


Нэгэнт буй болчихсон түүхэн нөхцөл, байдалд хүлээцтэй, ухаалаг хандаж, тал талын ашиг сонирхлыг судалж тооцож ямар ч тохиолдолд мугуйдлах, сөргөлдөх, мөргөлдөөнд турхирах, террор хийх зэрэг алдаанаас тууштай зайлсхийж байх хэрэгтэй байна.



XXI зуунд хэлэлцээрийн ширээнд суухаас өөр хүчирхэг арга хэрэгсэл гэж үгүй билээ. Монголчууд хоорондоо эвтэй найртай байх цагтаа хүчтэй, хүчирхэг байдаг гэх суртал ухуулга бол зөв зүйтэй зүйл. Харин Монголчууд илүү дээд заяатай ард түмэн учраас бусдыг эзэлж, эзэрхийлж, ямагт бусдаас хүчирхэг байх тавилан, заяатай гэх нь худал, буруугаас гадна ичгүүртэй тэнэгдүү итгэл, бишрэл мөн болно.
Их Хүннү гүрэн, Сүмбэ, Нирун, Их Монгол улс, Чингисийн эзэнт гүрэн байсан үеүдээ магтах, элдвээр сайшаан санагалзах, уриа дуудлагаа болгох зэрэг нь монголчууддаа ихэд таалагддаг хэдий ч, мөн сайн нөлөөтэй байж болох хэдий ч хөршүүдэд маань, бас бусад ард түмэнд яаж тусах, ойлгогдох болоо гэдгийг ямагт тооцож аман дээрээ даруу, намдуу байх нь харин ч Их-ийн, Том-ын шинж байх болов уу...

Ямар ч үнээр хамаагүй, бас орчноо үл ухааран томрох гэх нь томрохын цагтаа юу л хийх бол хэмээсэн айдас, жийрхэлийг бусдад ил, далд төрүүлж байдгийг үзэл санааны түвшинд ч гэлээ үүдсээр байх нь буруу, хортой болохыг аль ч цаг үед тооцож байх хэрэгтэй юм.
Монгол бол эдүгээ ардчилсан гэгдэгч орон. Гэтэл иргэдийн нь амнаас сав л хийвэл “Их эзэн богд Чингис хаан минь” “Тэнгэр заяатай ард түмэн минь” гэх мэтийн үгүүд огт салахгүй гарсаар байх аваас, бас даварсан дэвэрсэн хэсэг нь “онцгой тавилан, тусгай зориулалт” дээд угсаа, гарвал”-тай хэмээн хэнхдэгээ дэлдэх нь ихсээд байваас бусад орны ардчилсан бие хүмүүс биднийг уг чанартаа чухам хэн гэж үнэлэх, ойлгох бол оо?...
“Монголчууд бид биеэ чухам яаж авч явах ёстой болж байна вэ? Хоёр их хөршдөө таалагдахыг хичээж үргэлжид” жижиг” байх ёстой юу? Хэргээр, санаатайгаар улам бүр хагарч, бутарч жижигрэх бодлогыг айх, болгоомжлохын эрхээр явуулж байх учиртай болж байна уу? Монголчуудад төрөлх, заяагдмал эрх, эрх чөлөө байх ёстойг үгүйсгэхийг хүлээн зөвшөөрч байх нь ухаалаг арга, хандлага гэж үү? Бид цэрэг, арми, зэвсэглэл үгүй ердийн чөлөөт бүс болъе л доо !!! гэх мэтийн санал, санаачилга ч бас гарах болж ... Тайван, амгалан, элэг бүтэн оршин амьдрахын философийг таних гэж монгол хүмүүн зовж, зовниж байх болжээ.


“Ихэрхэх хийрхэл” яг хэрэг дээрээ бол юунд ч хариу өгөхгүй байна. Одоо цагт энэ нь ердийн нэгэн эрэндэг бололтой....


Дэлхий дээр маань Европ тивийн засаглал тогтоод 400 орчим жил болж байсан түүх бий. Арван хоёрхон эзэнт гүрэн далдуур, нууцаар ард түмэн нэг бүрийн хувь заяаг хоорондоо үгсэн, тохирон шийдэж ирсэн саяхны практик бас бий билээ. Харин өнөөдөр хэн хэн хэрхэн засаглаж байна вэ? Дэлхий дахиныг тэд хааш нь хөтөлж явна вэ? Даяаршлын эрин үе дэх Ихэрхэх хийрхлийн субъект нь хэн вэ?, бас объект нь юу вэ? Аль эсвээс энэ нь хоосон, цаанаа бодит оногдохуй үгүй асуулт уу ?
XXI зууны эхэн үед 12 том эзэнт гүрэн дэлхийг хуваан захирч байсан бол XXI зууны эхэн гэхэд АНУ-ын нэр, нөлөө, шууд хийгээд дам засаглал нэн их хүчтэй болсон байв. Цэрэг-зэвсэг, санхүү-эдийн засаг, улс төрийн нэр, нөлөөндөө дулдуйдан энэ том орны үйлдэл, алхам, үг хэл улам л зоргоор, түрэмгийдүү болсоор байна. Энэ байдал нь зарим нэгэн том улс оронд муу үлгэр дууриал болж ааш авирыг мөн эвдэлж эхлээд удлаа. Түрэмгийдүү чиг хандлагын төлөөлөгчдийн тоо олширч өрсөлдөөн нь ч ширүүсэх янзтай болж ирлээ. Энэ бол муугийн ёр, эхлэл билээ.
12 том эзэнт гүрэн 400 жилийн туршид цэрэг, зэвсгийн хүчээр дэлхийг цөлмөн дээрэмджээ. Булааж авсан хөрөнгө, баялгийг ашиглаж дотооддоо аж үйлдвэржилтийг амжилттай хэрэгжүүлжээ. Одоо Тэд мөлжиж, цөлмөж ядууруулсан орнуудынхаа ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй билээ. Ингэх нь зохистой хэмээн үзэх, ойлгох соёл ба ухамсар саяхны эзэн орнуудын хүмүүст байгаа юм.
Америкийн Нэгдсэн улс эдийн засгийн чадавхынхаа өндөр нэр төрд дулдуйдан цаасан мөнгө ихээр үйлдвэрлэж бусад орны баялгийг хямд үнээр хурааж авсаар иржээ Хэрвээ АНУ-ын төр засаг ба эдийн засгийн амьдрал нь эргэж сэхэхгүйгээр хямралд автах аваас энэ их цаасан мөнгөө тэд юугаар ч баталгаажуулж дийлэхгүй юм. Ийм байдал үүсэхээс өмнө оновчтой арга хэмжэз авах шаардлагатай байна. Иймэрхүү маягийн хямрал сүйрлээс нэр бүтэн гарах гэхдээ АНУ-ын цэрэг-улстөрийн зарим бүлэглэл дэлхийн хэмжээний дайн самууныг өдөөж ч магадгүй. Доллар одоохондоо гүйлгээний хэрэгслийн үүргийг маш өргөн хэмжээнд гүйцэтгэж чадаж байгаа хэдий ч хуримтлалын хэрэгсэл болж ер чадахгүй нь тодорхой билээ. Энэ нь олон улс орныг ихэд хохироох ирээдүйг ноттой болгосоор байгаа юм. Цаасан мөнгөний эзэнт гүрэн цаг нь ирэх үед дэлхийг нэлэнхүйд нь таваарын хомсдолд оруулж, ужиг үргэлжпэх хямралыг үүдэж чадах нигууртай.



Судлаач, профессор Д.Чулуунжав