http://www.zoofirma.ru/

Хасагстан улсын хөгжил манай улстай адилхан сүүлийн 30 жилийн хугацаанд өөрчлөгдсөн ч гэсэн хөгжлийн хурд, хүрсэн түвшин, амжилтын тухайд Монгол улс Хасагстанаас хол хоцорсон. Амьжиргааны түвшин нь манайхаас хамаагүй дээр юм билээ. Харин түүхэн сургамж нь бидэнд хэрэгтэй. Тэр бүхнийг энд багтаахыг зорьсонгүй.


Аугаа их зөвлөлт гүрэн задран унахтай зэрэгцэн социалист хэмээн нэр зүүж явсан олон улс бие даасан эрх чөлөөг эдлэх болсон нь монголтой адил байлаа. Баруун европын социалист орнуудыг бодвол Азийн гэх оронд ардчилсан хэмээх өөрчлөлт өвөрмөц хэлбэрээр өрнөх боломжийг бүрдүүлж чадсан юм. Олон түмний нүдэн дээр төр барьж байсан нам нь Ардчилалыг хүлээн зөвшөөрч байгаа мэт харагдахаар буултууд хийж, түүний цаана хуучин тогтолцоогоо тэрчигээр нь авч үлдэх алхамууд хийж чадсан. Тэгээд тэгш бус гараанаас намуудын ажиллагаа эхэлж, тогтолцооны гажигт хүргэсэн.
Харин Ардчилагч нар нь хуучны цаг хугацааны эргүүлэгт орж, ардчилалын нэр хүндийг унагаж, түүнийгээ дахин сэргээхэд хүнд хэцүү болсон.
Шинэ он эхлэнгүүт Казакстан улсад шингэрүүлсэн хийн үнэ эрс өссөнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал сүүлдээ бослого, зэвсэгт мөргөлдөөн болж хувирсаныг хэвлэл мэдээллүүд үзүүлж байна.
Казакстаны нэг хүний, нэг гэр бүлийн дарамтанд олон жил амьдарч амьдрал нь ядарч туйлдсан ардын хувьд, дэглэмийг эсэргүүцдэг сөрөг хучний хувьд далим болж байна. Өмнө нь ч гэсэн энэ улсад нилээд хэдэн удаа томоохон тэмцэл өрнөж байсан билээ. Тэр тэмцлүүдийг засаг нь хүчээр нухчин дарсан байдаг.
Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch-ийн мэдээгээр Казакстанд Ковидын хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 5000 хүн захиргааны шийтгэлд өртөж 1600 иргэн баривчлагдсан гэсэн байна. Эдгээр иргэдийн нилээд нь засгийн буруу бодлого шийдвэрийг эсэргүүцэгчид, улс төрийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн байсан гэдэг.
Казахстаны нийт хөрөнгө, баялгийн 55%-ийг 162 хүн л эзэмшдэг, үймээний үеэр үрэгдсэн 225 амь, шархадсан 2600 гаруй хүн, шатсан 400 гаруй машин болж, эдийн засгийн хохирол нь багаар тооцоход 429 сая ам. доллар болж байгаа ажээ.
Энэхүү үймээн ажилгүйдэл, ядуурал, авлига, валютын ханшийг тогтмол барьж байгаад чадахаа болихоор гэнэт унагасан нь гадаад валютаар зээл авсан байсан иргэдийг санхүүгийн асар хүнд байдалд оруулсан, үнэ тогтворжуулах хөтөлбөрийнхөө хүрээнд шатахууны үнийг зардлаас нь бага барьж байгаад чадахаа болихоор чөлөөлсөн нь иргэдийг гэнэтийн их цохилтод оруулсан гэх мэт суурь хүчин зүйлсээс гадна арвин их байгалийн баялагтай тус улсын рентийн эзэмшлийн төлөөх улс төр-эдийн засгийн бүлэглэлүүд хоорондын тэмцэлтэй мөн холбоотой бололтой.
Цөөхөн хүн, бүлэглэл эзлээд авчих байгалийн баялаг дээр тулгуурлан эдийн засгийг хөгжүүлэх хэцүү. Үүнийг эдийн засагчид байгалийн баялгийн хараал гэдэг.
Өмнөх ерөнхийлөгчийнх нь гэр бүл, хамаатан садныхны гадаадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгө л гэхэд хамгийн багадаа 700 сая ам. доллараар үнэлэгддэг гэсэн тооцоо байдаг.
Казахстаны үймээн гадаадад бэлтгэгдсэн террористууд гэхээсээ хотын захын ядуу дүүргүүдийн ажилгүй залуустай нь илүү холбоотой мэт. Казахуудын хэдэн хувь нь ядуусын хороололдоо амьдардаг мэдээлэл алга, харин бидний 38% маань тийм ангилалтай, хамтдаа утаандаа хордон суудаг.
Тэдний ядуурлын түвшин болох 4.3%-ийг манай 27.8%-тай харьцуулахад үнэмшмээргүй доогуур л юм. Үнэхээр ч Казакстан улсын хувьд Transparency International агентлагийн мэдээгээр авлиыг индезсээр 180 орноос 94-т жагсаж байгаа, манай улс 111-р байрт эрэмбэлэгдэж байна. Казакстан улс бараг 20 сая хүн амтай ч улсын баялгийн тал хувь нь 200 хүрэхгүй баяуудын гарт төвлөрснийг КРМG судалгааны хүрээлэнгийн аналитикууд Credit Suisse Research Institute -ийн мэдээнд үндэслэн тогтоосон байна.
Уул уурхайд тулгуурлан хөгжинө гэсэн, дэлхийн ураны хэрэглээний 40%-ийг хангаж буй, өдөрт 1.7 сая баррел газрын тос олборлодог (манайх 2020 онд нийтдээ 4.1 сая баррел олборлосон) энэ улсын жишээ бидэнд сургамж болж байна. Мэдлэг шингэсэн эдийн засагтай л болох хэрэгтэй байна.
Ерөнхийлөгч Токаев Засгийн газраа огцруулж, хамгийн түрүүн Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаа ажлаас чөлөөлөв. Өмнөх дарга нар нь иргэдийг хилс хэргээр дарамталж их хэмжээний орлого олсон, үндэслэлгүйгээр баяжсан, түүнийгээ нуун далдлахыг оролдсон, гэмт хэргийг нуун дарагдуулахад хамтарч ажилласан, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолтсон, улсын хөрөнгийг үнэгүйтүүлж хувьдаа завшсан, их хэмжээний ЖДУ, банкны зээлд нэр холбоотой гэсэн олон шалтгаан харагдаж байна.
Улмаар ХАБГБ-ын улсуудаас цэрэг дуудсанаар Орос тэргүүтэй улсын энхийг сахиулагчид Казахстанд очлоо. Ингэж гадны цэргийн хүчээр байдлыг намжаав. Үүний дараа ерөнхийлөгч Токаев “...Үндсэн хуулийн дэг журам эргэн сэргэлээ. Аюул заналхийллээс сэргийлж чадлаа. Казахстаны эсрэг түрэмгийлэлд бэлтгэж, зохион байгуулсан талаарх нэмэлт нотлох баримтыг олж, дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд танилцуулна” гэж мэдэгдэв. Ингээд Засгийн газраа шинээр байгууллаа. Казахстанд болсон энэ явдал нь зөвхөн тус улсын асуудал биш гэдгийг гадаад, дотоодын олон улсын тоймчид бичиж, өрнөж буй үйл явдлуудаас ингэж дүгнэж буй бололтой.
Оросын ерөнхийлөгч Путин ХАБГБ-ын цахим хурлын үеэр “...Казахстаныг гаднын түрэмгийлэгчдээс хамгаалж чадлаа” гэв. Тэрбээр хөрш орнуудаа “өнгөт хувьсгал” гарахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм.
Мөн өдөр Хятадын ГХЯ-наас мэдэгдэл хийхдээ “ Казахстанд энх тайвныг сэргээн тогтоох, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд Хятад улс боломжоороо туслахад бэлэн байна. Хятад, Казахстан нөхөрсөг харилцаатай сайн хөршүүд, стратегийн түншүүд юм” гэжээ.
Бас Америкт төвтэй “Хүний эрхийн ажиглагч” байгууллагаас “..Казахстаны эрх баригчид жагсагчид руу ямар ч сануулгагүйгээр буудах тушаал өгсөн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн хууль бус явдал. Тиймээс тушаалаа даруй хүчингүй болгох ёстой” гэсэн мэдэгдлийг гаргасан. Энэ бүхэн Казакстан улсын системийн хямрал нүүрлэснийг харуулж байгаа хэрэг юм.
Энэхүү хямрал нь Төв Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн улс орнуудад бас хамаатай. АНУ-ын Exxon Mobil и Chevron зэрэг олон кампаниуд газрын тос эрчим хүчний салбаруудад олон арван тэрбум долларын хөрөнгө оруулсан, ХБНГУ-ын 400 гаруй компани мөн үйл ажиллагаагаа явуулдаг, бас дээр нь Англи,Түрк, Хятад, Арабын улсуудын зөндөөн компаниуд идэвхтэй ажилладаг бөгөөд бүгд л нь хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахаас айж байна. Ураны дэлхийн том экспортлогч орон Казакстаны үймээнээс болж өнгөрсөн 3 дахь өдөр дэлхийн зах зээлд ураны ханш шууд 8 % өслөө.
Казакстаныг ОХУ-ын нөлөөллөөс салгах, Арабын улсууд исламын шашны нөлөөллөө хүчирхэгжүүлэх, Оросыг эсэргүүцдэг барууны улсууд бөөрөнд нь халуун цэг үүсгэхийг хүсч байна.
Казахстан бол Монгол Улстай байршлын хувьд ойрхон. Газар нутгийн хүртээмж, газрын доорх баялгийн өгөөжөөрөө төстэй гэж болно. Дэлхийн 2 том зах зээлийн хажууд байгаа, асар их баялагтай, 70 сая шахам малтай, 3 сая гаруйхан хүн амтай улс орноо авч явж чадахгүй арчаагүй байдалд хүргэсэн улс төрчид, луйварчдыг яг ийм хувь заяа хүлээж байгаа. Үр хүүхэд, хань хамсаатнаа ч зугтуулаад ч нэмэргүй болсон цаг. Одоо дэлхий хаанаас ч боловч олоод аваад ирдэг болсон.
Хамгийн гол нь Казакстан улс дотоод асуудлаа гадны хүчээр зохицуулчихлаа. Чухам үүнийг л бид сургамж хэмээн харах хэрэгтэй юм.
Казакстан улсын ерөнхийлөгч асан Назарбаевын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ улсыг дэлхийн шилдэг 50 улсын хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гавьяатай ч нэг хүнийг тахин шүтсэн дарангуйллын дэглэм тогтоосон, гэр бүлээрээ улс орны баялгад монополь эрх тогтоон шулсан, баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэсэн, авлига коррупцийг хөгжүүлсэн, хууль бус явдал газар авахуулсан гэдгээр нь одоо түүнд зориулж Талдыкорган хотод 5 жилийн өмнө босгосон хөшөөг ард түмэн нь нураалаа. Түүхийн шүүлтүүр ийм хатуу ажуу.