http://www.zoofirma.ru/

ТЭР ЖИЛИЙН УЛСЫН НААДМЫН ӨГЛӨӨ
Зуны халуун толгой дээрээс ид төөнөж байх үед зорьсон ногоон талбайд хүрч очив. Ах минь ногоон талбайн голд зэрлэг зулгааж явсанаа намайг хараад ажлаа түр зогсоогоод над руу хазагнан дөхөв. Духанд нь хөлс бурзайж, хэдэн үрчлээс өтөлснийг сануулна. Дөхөж, ирж яваа ахаа хараад сэтгэл хачин болчихов.

Өдий насандаа, улсын баярын өдөр хэдэн ач нартайгаа баярлаж явах хүн ингээд байж байх гэж бодохлоор хэн нэгэнд гомдох сэтгэл төрнө.

Амар мэнд асуусанаа, жар дөхсөн насандаа ингэж ч баяр тэмдэглэж байх гэж гэсэн бодол толгойд зурас хийв. Хэн, хэн нь нүдээрээ бас сэтгэлээрээ нэг нэгнийгээ уншина. Халуун сүүтэй цай, наадмын хуушуур авчирсанаа дэлгэв.
-Та минь яачихав гэж би дэмий зүйл асуув.
-Аа засаг дарга л ... гээд чимээгүй болов.
Ахы минь эхнэрийг Оргил гэнэ. Нутаг усандаа нэр хүндтэй, хүний төлөө сэтгэлтэй нэгэн. Өөрөө олон охидтой. Тэд өөрсдөө дутагдаж гачигдах зүйл ихтэй ч ядарсан хүн тааралдвал Оргил эмч олдсоноо бусдад зориулчихна. Тэглээ гээд Оргил эмч сэтгэлдээ баян, тайван, амгалан амьдарна. Сумын хаана л өвчин эмгэг, зовлон яригдахад хамгийн түрүүн сумын эмч очсон байдаг.
Анх энэ суманд Оргил эмчийг ирж байхад ганцхан МАН гэж хэдэн нөхөд дангаараа олон жил тасралтгүй “ноёрхож” сонгогддог байв. Сумын МАН-ын байгууллага нь аймагтаа дээгүүр орох зуу гаруй гишүүдийн тоотой. Харин АН гэж хэн ч мэдэхгүй байхад Оргил эмч энэ суманд ирсэнээрээ анх намын үүр байгуулж, МАН-ын “зүрхэнд” хонхны дуу хадаасан түүхтэй.
Өнгөрсөн сонгуулиудад дангаараа нэр дэвшиж ялалт байгуулж байсан МАН-ханд “хал” үзүүлж “хад” долоолгосон нэгэн бол Оргил эмч болой. Яах ийхийн зуургүй зуу давсан гишүүнтэй намын байгууллага байгуулж, сонгуульд хүчтэй өрсөлдөнө гэж МАН-ын хэдэн нөхөд зүүдэлж явсангүй. Дангаараа засаглан олон жил ид нойрмоглож явах үед нь цочоосон болохоор МАН-ын хэд нөгөө Оргил эмчид чигтэйхэн дургүй. Улс төр ид өрнөсөн тэр жилийн сонгууль, сумын хэмжээнд үзүүштэй бас хэдэн жил яригдахаар хүрц болж өнгөрөв. Тайван гэгчээр, бас өрсөлдөгчгүй ялсаар ирсэн ганц нам энэ жил арай хийж, арван гурван мэхээ хийж байж ганц, хоёр хүний илүүгээр ялалт байгуулав.
Шинээр томилогдож ирсэн эмч энэ сумын улс төрийн тайван амьдралд гүн сорви үлдээж орхих нь тэрээ. Одоо хуучин архаг МАН-ын хэд, Оргил эмчийн аяыг нь олж, хүчийг нь дагуулж, сумаасаа зайлуулах тухай ярилцах болов.
Тэр жилийн наадмын амралтын өдрүүд олон хоногтой таарч, арай эрт нутгийн цэнгүүн эхлэв. Нэгэн хүүхдийн үсний даахьний ёслол дээр сонгуульд ялсан МАН-ын “архаг” дарга, эхнэртэйгээ, шинээр тодорсон АН-ын шинэ хүчний дарга, эмч, нөхрийн хамт таарчихав.
Даахьний ёслолын гэрийн гадаа хоёр хүчний удирдагчид учирч, сумын улс төрчдийн цээжин дотор залгисан “шүлс”-ээ цацалцаж, уусан архи толгой дотор манарах тэрхэн агшинд хэн хэндээ санаж явсан хатуу үг шидэлцэв. Хуучин хүчний архаг даргад албан тушаалын бяр хүч, омог, эр хүчний бардам зан бадарч, шинэ хүчний эмэгтэй удирдагчийн амаар уран цэцэн үг булгийн ус шиг ундрах мөчид хор шар, хувийн хонзон, албаны өширхөл дээд цэгтээ өрнөв. Архаг дарга маань, өрсөлдөгч нь эрэгтэй хүн байсан бол аль хэдийн “шанаа” өгчих хэмжээнд хүрэв.
Олон жил дарга хийснийх арай гар зөрүүлчихсэнгүй. Албан тушаалын эрх мэдэл гэдэг айхтар амттай зүйл байдгийг мэдэх архаг дарга уран арга арга, ухаан бодол эргэлдүүлж, хэрүүл маргааныг өөртөө ашигтай болгож чадав.
Наадмын өмнөх өдөр болсон “хэрүүл” архаг даргын ялалтаар өндөрлөж, санасаа хэрэгжүүлж чадав. Эмэгтэй хүнд эр бяраа гаргах нь нэр хүндэд халтай тул, эхнэрээ өмөөрч хажуунаас үг шидсэн Оргил эмчийн нөхөр, согтуугаар \уг нь даахьны найранд хэдэн хундага татсан нь үнэн юм\ засаг даргыг үг хэлээр доромжилсон ялд унаж, хорин нэгэн хоног баривчлагдах захирамжаар наадам эхлэхийн өмнөх өдрүүдэд аймгийн төв рүү баривчлагдан ачигдав. Том хэрэг биш учраас баривчлан хоригдох ялаа ногоон талбайн манаачийн ажлаар эдлэх болов. Тэгээд наадмын өглөө миний бие ахаа эргэж яваа нь энэ билээ.
Улс тунхагласны наадмын өглөө радио, телевизроор төрийн дуулал хангинаж, Ардчилсан намын Ерөнхийлөгч үг хэлж, хөгжил дэвшил, ард түмний амьдрал бадран дээшилж, гадаад харилцаа өргөжин тэлж байгаа тухай уран яруу сайхан илтгэл тавихад, Ардын намын ерөнхий сайд идсэн уусандаа сэтгэл дүүрэн баярын мишээлтээр талимхайран нялагнаж, алгаа ташин баяр хүргэж, ихэс дээдэс зорьсон эрх мэдэлдээ хүрсэндээ сэтгэл тэнүүн байж, ард олон цэнгэлдэх дүүрэн уухай хошигорч байлаа.
Ийнхүү Улсын баяр наадам эхлэхэд хөдөөгийн нэгэн ногооны талбайд ах бид хоёр буюу АН ба “хоригдол”, МАН ба “эргэгч” би, наадмын хуушуур идсэн шиг хамтдаа сууж билээ.
Монголын минь улс төр гэж айл гэрт орж, амны бузар, ажлын садаа болон тэрчилнэ. Жирийн иргэд нь намын гишүүнчлэлгүй болж, улс төрөөр “хоол” ологчид нь мэргэжлийн ажлаа хийдэг тэр цаг хэзээ ирэх бол оо.
Д.Жаргалсайхан