Category: Бидний тухай

  • Дөрөв. НЭГ ЗУУН ЖИЛИЙН ОЙ БА НААДАМ

     

    Завхан аймгийн баяр наадамд бусад аймгийн бөхчүүд, уяачид, харваачдын төлөөлөл оролцож бяр хүч, шандас, цэц мэргэнээ сорив. Түүхт 100 жилийн ойн барилдаанд 256 бөх зодоглож уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын гарьд Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шөвгөрснөөс улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв.
    Завхан аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Завхан аймгийн түүх” зургаан боть номын нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, “Завхан судлал” төвийн тэргүүн Б.Түвшин, аймгийн удирдлагууд, номын зохиогчид, эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцов.
    Зургаан боть номыг Баянхайрхан сумын харьяат МУИС-ын түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Баярсайхан тэргүүтэй судлаач, эрдэмтэд бүтээн туурвисан бол “титан тауэр констракшн” ивээн тэтгэн хэвлүүллээ.
    Завханчууд 100 жилээ хоггүй, цэвэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Баяр наадмыг тохиолдуулан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “хог биш баялаг” тбб байгууллагатай хамтран завхан аймгийн 200 гаруй оюутан залуучууд баяр, наадмын талбай, сурын талбай, хүндэтгэлийн гэрүүд, морьны газар буюу алагын дүрэлжид хуваагдан 3 хоногийн хугацаанд ажиллаж байна. Иргэдийн хог хаягдалгүй цэвэрхэн, байгальдаа ээлтэй наадамлах соёлыг сурталчлан таниулах, баяр наадмын өнгийг цэвэрхэн тухтай байлгахад онцгой анхааран ажилласны хүчинд тэгш ойгоо тэмдэглэж буй 4 аймгаас хамгийн цэвэрхэн, байгальд ээлтэй наадам болж байгааг наадамчин олон онцолж байлаа.
    Энэ жилийн хувьд Завхан аймгийн зарим газрууд гантай хуурайшилтай байсан. Өвөг дээдсийн минь нутаг, Яруугийн гол газарт шургаж усгүй болсон байна лээ.
    Харин ирсэн зочид өдөр болгон очиж чадахгүй учираас Отгонтэнгэр хайрхандаа өвөр ба араас нь очдог. Зам бол үнэхээр муу юм билээ, дуртай нь зам гаргаад, олон салаа зам Завхан аймаг Отгон суманд л байна. Олон салаа зам тоосжилт цөлжилт тэр сайхан байгалийг сүйтгэж байна гэдэгтэй санал нэг байна.

    djmedia:742
  • Гурав. УУЛСЫН САЙХАН ЗАВХАН НУТАГ

    Завхан аймаг нь өөрийн үүсэл хөгжилийн өвөрмөц түүхтэй юм. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой гэх боловч үнэн хэрэгтээ таван отог халхчууд Өвөрлөгч нутагт шилжин нүүж Арын угуул нутагт долоон отог үлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бүрдүүлсэн юм. Халхын зүүн гарт Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ. Үүнээс үзэхэд Засагт хан аймгийн эх үүсвэр энэ үеэс баттай тавигдсан гэж үзэж болно.
    1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав.
    1934 оны эхээр Засгийн газраас Алтай аймгийг татан буулгах комиссыг байгуулж, шийдвэрлэснээр Завхан аймаг 37 сумтай том аймаг болов.
    1940 онд хуралдсан Улсын 8 дугаар их хурлын шийдвэрээр Завхан аймгийг хувааж, одоогийн Говь-Алтай аймгийг 20 сумтайгаар салгаж байгуулсан.
    Манай аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай.
    Эртний сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд, дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий соёлын биет өв болох 658 дурсгалт газрын 7835 дурсгалыг тоолж бүртгэн хамгаалалтад авсан байна.
    Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгүйн голын өргөн хөндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Бор хярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм
    Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий голууд тэдгээрийн цутгалд Борх, Яруу, Ширээ, Чигэстэй, Буянт, Шар-Ус, Төмөрт, Зарт, Цэцүүх, Хос зайгал, Зүйл, Улиастай, Чулуут, их, бага Богд гэх мэт гол, мөрөн, Хар дөрөө, Тэлмэн, Бүст, ар Бадархундага, өвөр Бадар хундага, Ойгон, Чандманы хар, Баян, Холбоо, Хөх нуур, Цагаан нуур зэрэг нууруудтай. Усны эрчим хүчний нөөц их. Өндөр уулын, тайгын, ойт хээр, хээрийн, хуурай цөлжүү хөрстэй, хээрийн олон хэв шинжийн ургамалтай.
    Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой, үржил шимт хөрс бэлчээр сайтай голуудын хөндий тал хээр нутагт хүн ам нэлээд шигүү суудаг.
    Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, армийн генерал, генаралууд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар төрсөн нь үнэхээр бахархалтай юм. Эдгээрээс Монгол улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Армийн генерал Б.Дорж, Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, төрийн соёрхолт зохиолч Л.Ванган нарыг онцгойлон дурдууштай.
    Улиастай хотод томоохон клиник эмнэлгүүдтэй, арван жилийн сургууль, МСҮТ, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбартай. Донойн хөндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай. Түүх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг.
    БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны 53 дугаар зарилгаар Завхан аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ. 2017 онд Сүхбаатарын одонгоор шагнагдсан.

  • Хоёр. НААДМЫН ДЭВЖЭЭ

    Ерөнхий продюсер Цоомоо, Ерөнхий найруулагч Тамир, бусад уран бүтээлчид, ер нь аймгийнхан тэр чигтээ сэтгэл зүтгэл гарган ажилласан байна. Морь нь хурдан, бөх нь шуугиулсан, харваачид нь мэргэн сайхан наадлаа, сайхан байна аа
    Наадамчин олныг хамгийн их баясгаж, эрч хүч өгч, хийморь сэргээсэн зуу гаруй морьтон дайчдын үзүүлбэр үнэхээрийн гайхалтай байлаа. Бусдаас ондоошиж, бахархал төрүүлсэн морьтонгуудын үзүүлбэрийг хийхэд сум бүрээс зүс ижилсүүлэн морьдоо сонгож, сар илүү сургаж тоглолтонд оруулжээ. Энэ их хүч хөдөлмөрийн үр дүнд морьтон дайчдын үзүүлбэр мэргэжлийн өндөр төвшинд хүрсэн байна. Найруулга, дайчдын хувцас, морьдын тоноглол тун гайхалтай.
    Түүхч хүний хувьд хэлэхэд Архангай аймгийн 100 жил гэдэг уг нь Цэцэрлэг Мандал уулын аймгаас ярьж буй гэвэл Архангай төдийгүй уг аймагт одоогийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн олонх, Хөвсгөл, Булган, Завхан аймгийн зарим сумд багтаж байсан гэдгээр гагц Архангай бус их өргөн дэвсгэрийг багтаасан хэмжээнд ярих нь зүйд нийцнэ. Тэгээд цаашилбал Сайн ноён хан аймаг гэвэл ахиад огноо цаашилна. Бүр цааш яривал Халхын Долоон хошуунаас 1655 онд 8 дахь нь болж салаалж улмаар Сайн ноёны эх болсон Түмэнхэн Сайн ноёны хүү Данзан ламтны эх суурийг тавьсан гэдгээр бол анхны суурин нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дахь Түй, Шаргалжуут голын бэлчирт буй Хийдийн гэзэгт буй болно.
    Наадмын дэвжээнээс шууд аймгийн төд Цэцэрлэг хотоор орж, улмаар Цагаан давааг давж, Тамирын голын уудам хөндий Тайхар чулуу бүхий хөндийг туулж, гол гарч Их тамир суманд өдрийн хоолоо идээд цааш аянаа үргэжлүүлэв.
    Аян зам маань Тэрхийн цагаан нуурын хөвөөгөөр үргэжилж, үзэсгэлэнь Хоргийн байгалийг нүд бэлчээн сонирхож өнгөрөөлөө. Саяхан тавьсан гэх Цахир сум хүртэлх авто зам одоо долгиолон усны мандал лугаа болж машин тэрэг эвдэрч хэмхэрхээр, бас аваар осол гарахаар болжээ. Гэхдээ энэ шавартай хөндийг бүтэн өдөр туулдаг байсан зам байсан гэхэд санах хүн ховор болжээ. Цаг хугацаа ийм байдаг ажуу.
    Цахри сумыг өнгөрч өгссөөр Солонготын давааны овоон дээр очиж өргөлөө өргөж Завханы нутагт орлоо.

    djmedia:741
  • Нэг. ЗАМДАА ҮЗСЭН АРЫН САЙХАН ХАНГАЙН НЭГ ЗУУН ЖИЛ

    Их талын дунд хаана хаанаасаа алсын бараа харагдам уудам хөндийг сонгосон байдаг.
    Өглөөний наран мандах мөчийг Хар хорины зүүн өмнө талаас харлаа. Энд зуншлаг сайхан болж буй төлөвтэй. Амарч яваа болохоор өглөөний цай унд, хүүхдүүдээ босохыг харсаар 10 цагийн орчим цааш хөдлөсөн билээ. Хар хорины хэрмэн хашааны дэргэдэх хоолны газар хооллов. Хэрэмний өмнө талыг тун аятайхан зохион байгуулж шинэчилжээ.
    Орхон голын гүүрээр гараад жигд хурдтай явсаар Хотонт сум, Цэнхэр сумын дэргэдүүр өнгөрлөө. Цэнхэрийн гол гараад зүүн тийш эргэн явсаар Нэг зуун жилээ тэмдэглэж буй Архангай аймгийн наадмын хурдан морины барианы зурхай дээр очлоо. Уудам талд хурдан морины бариа, худалдаа, үйлчилгээ, авто машины зогсоолыг журам дэглэмтэй байршуулжээ.
    1923 онд засаг захиргааны өөрчлөлт хийж Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэгмандал уулын аймгийг байгуулжээ. 1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон. Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.
    Тус аймгийн нутагт Суварга хайрхан, Цогт сүмбэр, Хутаг, Гялгар, Харлагтай, Хан өндөр, Баянбайшир, Дулаан хан, Бүрэн хан, Ноён хангай, Халзан Бүрэгтэй зэрэг өндөр уулс, Бөхөн шар, Чингэлтэй, Тарвагатай, Бугат, Хичгэнэ, Тамирын өвч битүү ой тайгаар хучигдсан уул нурууд, Тамч, Тонгорго, Хөл сая, Хайрхан, Замт, Эг, Загастай, Хилзах, Согоот, Солонгот, Бумбат, Цагаан даваа зэрэг алдарт их даваанууд, Хонгорж, Тоглох, Хөшиг, Өгийн уудам тал, Хаалга, Мандах, Хануй, Хүнүй, Хөшөөт, Цайдам, Донгойн өргөн хөндийнүүд байдаг. Энд хуш, гацуур, хар мод, хус, улиас, хайлаас, бургас зэрэг шилмүүст, навчит мод, буриагуул, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, тавилгана, монос, шар мод, далан хайлс, жимст модод зэрэг 50 гаруй төрлийн модлог бут ургамал ургадаг юм. Мөн бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаа, поврон зэрэг цайны ургамал, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэ, гичгэнэ, тарна, сонгино, халиар, мангина, хүнхээл, зэрлэг жууцай, янз бүрийн гогод, хүмүүл, таана зэрэг хүнсний аминдэмт ургамал арвин их бий.
    Архангайн нутагт алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, монгол туйплан, олон янзын дэгд зэрэг 200 шахам нэр төрлийн эмийн ургамал, банздоо, хөвөн оройт, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт байна. Зуны улиралд жамьянмядаг, сэржмядаг, яргуй, удвал, улаалзай, алтан зул, намуу, сарнай, цээний ягаан, цагаан лабай, бэр цэцэг, багваахай цэцэг өнгө жигдэрч байх нь үзэж ханашгүй сонин байдаг билээ.
    Хангайн нуруунаас эх авсан хойт урд хоёр Тамир, Хануй, Хүнүй, Чулуут, Орхон, Суман, Мөрөн зэрэг олон гол мөрөн, Өгий, Холбоо, Дөрөө, Тэрхийн цагаан, Хөх, Их, Хөдөө, Цайдам, Буйлан, Дуут нуур, Баян-Улаан зэрэг их бага нуур бий. Архангайн нутагт эмчилгээ сувиллын ач холбогдолтой Ноён хангай, Чулуут, Шивэртэй, Бор тал, Цэнхэр, Цагаан сүм, Хадат, Бэлх, Хан өндөр, Бумбат хайрхан, Алтан овоо, Мухар хужирт, Гялаан, Ангархай, Ороох, Цүүр, Бор бургас зэрэг 40 гаруй халуун хүйтэн рашаан, рашаан төст булагууд бий.
    Архангай аймагт байгалийн арвин их баялаг бий. Өгийнуур, Хотонт, Хашаат суманд шатах занар, бараг бүх сумын нутгаар хүлэр зэрэг түлшний нөөц, Цэцэрлэг хотын орчим, Хашаат, Тариат, Булган, Ихтамир, Цэнхэр сумдын нутгаар төмөр, соронзон гүрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг металийн хүдэр, цагаан тугалга, Хангай, Тариат, Цэнхэр, Батцэнгэл зэрэг сумдад цахиуржсан мана, цагаан гантиг, усан ба утаат болор, бэлт чулуу, кальцийн жонш, хээрийн жонш, хайлуур жонш зэрэг ашигт малтмал, гялтгануур, гөлтгөнө, шохойн чулуу, боржин, наанги шавар, билүү, хүрмэн чулуу, өнгө бүрийн зос будаг зэрэг барилгын үнэт материалын нөөц бүхий олон орд судлагдсан байна.
    Архангайн нутагт унтарсан галт уулсын чулуулаг, солир, арслан заан, үлэг, гүрвэл, хярс, одос гэх мэт аварга амьтдын чулуужсан яс, яст мэлхий, хясаа зэрэг амьтдын үлдэгдэл чулуужсан мод мэт ховор сонин олдвор элбэг тохиолддог.
    Хангайн нуруунд аргал угалз, янгир ямаа, ирвэс, шүлүүс, ой хөвч нутгаар бор гөрөөс, буга согоо, гахай хүдэр, дорго, зээх, хэрэм, бүх нутгаар тарвага, үнэг, чоно, мануул, хярс, туулай, чандага, жирх, солонго, цагаан үен, зурам зэрэг ан амьтад оршино. Эдгээр бол аргаггүй арын сайхан хангайн мөн чанарыг илтгэнэ.

    djmedia:740
  • Ес. ГАН ТАЙЛЖ, ХУР ХАЙРЛАХ ХҮСЭЛТ

    Хааны ордны туурьнаас олдсон хүн чулуу, ордны хана дээврийн барилгын үлдэгдэл, хэрэглэж байсан эд зүйлсээс энэ үзвэрийн газрыг байгуулжээ. Аялал жуулчлал, бүтээн байгуулалт гэдэг энэ бөлгөө.

    Уужим тасалгаа, Шар талыг харж суух амралтын суудал, тэр үед босгосон хааны зуны өргөөг харж суухад нэн тааламжтай. Эдгээр газруудыг тойроод олон жуулчлалын баазууд байгуулсан байна. Энэ бол төрийн бодлогын зохицуулалтаар байгуулсан аялал жуулчлалын байгууламжууд юм.
    Биднийг буцах замд нутгийн улс санал тавьсан нь ган тайлж бороо хур оруулах хүсэлт байлаа. Нэгэнт үндсэн зорилго биелэгдсэн тул хүсэлтийг хүлээн авч малчны гэрийн зүг зорилоо. Хэдий алс хол нутаг боловч төв замаас салж, малчны суурь луу малчны өрх хооронд тавьсан бетонон замаар явсаар эхний айлд ирлээ.
    Тэд монголын эртний уламжлалт шүтлэг бөө мөргөлөө эрхэмлэдэг ажээ. Тэдний хүсэлтээр залбирал үйлдээд цааш зорьсон айлруугаа хөдөлсөн. Малчдын нутгийн заагийг эмжиж тавьсан торон хашааг эмжсэн бетонон замаар явсаар урьсан айлдаа очлоо.
    Залуу хосуудын амьдрах орчин гэж бидэндээ үлгэр жишээ болох ажгуу. Өөрийн хувийн эзэмшилд байх газарт өндөрлөг жижигхэн уул оршино. Машинаар уулын дээр очиход тэрхүү газарт бүх эзэмшил газарт хяналт тавьдаг камер байршуулжээ. Урд зүгт уудам тал, 70-аад км-т орших хот харагдана.
    Өндөрлөгийн оройд хайрхандаа өргөх идээгээ бэлтгэж, их зайрангийн хуяг, хэнгэрийг байрлуулав. Ойрын хоёр жил ган болсон болохоор эргэн тойрны газар өвсгүй, “улаан” хөрс үзэгдэнэ. Энэ жилийн хувьд 7-р сар гарсан боловч хур бороо ороогүй байгаа ажээ.
    Их зайран тамлага дуудлагаа эхэлж онгод юугаа дуудан хуяглан бослоо. Бүрэнхий харанхуй нөмөрч хэнгэрэгийн дуун орчинд түгнэ. Нутгийн төлөөлөл үнэн сэтгэлээс шүшэглэн залбирна. Их зайран онгодоо үдэж, бөөлөлт өндөрлөх мөчид зайрантай золгон мэндэлж, онгодын айлдварыг яаран асуулаа. Монгол Улсын их зайран нутагт нь ирж бөөлсөн байдаг, цаана үлдэх монгол бөөгийн нэр, төр сэтгэл түгшээнэ. Бороо орно гэж зайран товчхон хариулав. Одоо бороо орохыг хүлээх сэтгэл догдолсон мөчүүд эхэллээ.
    Элдэвийн бодон хэвтэж байсан би, гүн нойрсчээ. Өглөө бороо шааган орж, ган тайлах мөчид сэрлээ. Миний сэтгэл ч орж буй бороотой адил нэвт норж, сэтгэлд баясал, хөөр бялхав. Их зайран үүрэгээ биелүүллээ.

    Арав. ЗАЛУУС ХӨДӨӨ ХОТЫГ ХОСЛОН АМЬДАРЧ БАЙНА.

    Миний очсон залуу гэр бүлийн өрхийн тэргүүнийг Баатар гэдэг. Эхнэр Нараа хоёр гэр бүл болоод цөөнгүй жил болж төрсөн хүү нь энэ жил наймдугаар ангид орж буй. Баатарынхыг өнөө цагийн залуу гэр бүлийн сонгодог илэрхийлэл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өнөө цагийн өвөрмонгол залуусын хөдөө, хотыг хослон амьдарч буйн тод жишээг бидэнд өгүүлнэ.
    Баатарын хөдөө гэр, мал аж ахуй нь одоогийн амьдарч буй хотоос 200 орчим км оршдог. Гэхдээ өнөөгийн шинжлэх ухаан техникийн хөгжил тэднийг өөрийн мал аж ахуйг өдөр дутмын хяналт дор эрхлэх боломжийг олгодог.
    Юуны өмнө тэд гар утаснаас өдөр дутмын үйл ажиллагааг удирдах боломжтой юм. Хэдий аж ахуйг удирдах технологи өндөр хөгжсөн ч хүний хүчин зүйл чухал рольтой. Тиймээс тэд малчин хөлсөлж ажиллуулдаг. Малчиныхаа өдөр дутам, цаг дутамын ажиллагааг алс хол нутгаас бүрэн хчнаж ажилладаг ажээ. Энэ боломж залуу гэр бүлийг хотод амьдарч, үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх, худалдаа наймаа эрхлэх, бие даасан өөр үйл ажиллагаа ядуулах боломжийг олгож байна.
    Энэ залуугийн амьдрал, үйл ажиллагаа орчин цагийн залуусын хот, хөдөөгийн амьдралыг хосолсон төрхийг харуулсан залуу гэр бүлийн сонгомол төрхийг илэрхийлж байна. Баатар амьдарч буй хотоддоо өөрийн хувийн байртай. Түүнээс гадна худалдаа наймаа хийдэг өөрийн дэлгүүртэй юм.
    Бид Баатарын амьдардаг хотоос хот хоорондын 4-н урсгалтай замаар 130 орчим км яваад хошууны төвд хүрсэн. Тэндээ цаас айл хоорондын бетонон замаар 90 орчим км яваад өөрийн эзэмшлийн талбайд хүрнэ. Тэднийг мал аж ахуйг эрхэлэхэд үндсэн нөхцөл нь цахилгаан эрчим хүч ажээ.
    Баатарынх эдлэн газрын төвдөө амьдарах орон сууцаа байгуулжээ. Хотоос ялгах юмгүй сайхан амьдарч байна. Байраа залгаад малчиныхаа амьдрах байр оршино. Байрны эргэн тойрон хашаа байгуулж мод суулгасан харагдана. Байртайгаа залгаа техникийн байр байгуулжээ. Тэрхүү байранд хөдөө хэрэгтэй ямар л багаж байна бүгдийг бүрдүүлжээ. Аж ахуйн холбоотой ямар ч асуудал үүссэн өөрсдийн хүч боломжоор шийдэхээр бүх зүйлс бүрэн цуглуулсан байна.
    Газар шороо, бүтээн байгуулалтыг гол хүндийг нугалдаг, олон талаар хувирган ашиглах дугуйт трактортай. Түүний хажууд өвс, малын тэжээлээ зөөдөг ачааны машин зогсоно. Өдөр дутмын ашиглагддаг цахилгаанаар ажилладаг жижигтэн ачааны тэрэг байна. Мөн малын өвс, тэжээл, хэвэг зэргийг хольж багсармал тэжээл гаргадаг машин байна. Баатар өөрөө жип машинтай, эхнэр нь жижиг хөнгөн тэрэгтэй. Эдгээр техник нийлээд багахан авто баазыг сануулна.
    Гэр, малын цогцолборын дунд худаг өрөмдүүлжээ. Энэхүү худаг бүх зүйл гар утаснаас удирдаж малаа услах ажээ. Баатарын үндсэн мал нь үхэр юм. Түүнээс гадна хонь, ямаатай. Бас шувууны аж ахуй хавсарган эрхэлдэг. Шувууны аж ахуй нь өдөр дутмын хэрэглээний өндөгөө бүрэн хангадаг.
    Мал аж ахуйн хашаагаар орж үзэв. Үндсэн хэсэг нь малын хашаанаас бүрдэнэ. Тэнд үхэрийн тэжээлийг заасан хугацаанд хангаж, услана. Тэднийх нийтдээ 400 орчим үхэртэй. Үнээ тугалын тусдаа байртай. Өвсний нөөцийн савтай.
    Мал аж ахуйгаа өнөө цагийн өндөр технологоор хангасан нь малчин хүний хүнд хөдөлмөрийг хөнгөвчилсөн байна.
    Хамгийн өндөр цэгээс авахуулаад бэлчээрийн эргэн тойронд камерийн бүрэн хяналттай. Хяналтын камерууддаа нарны эрчим хүчээр цэнэглэгддэг байна. Манай монгол залуус ч гэсэн эрчимжсэн мал аж ахуйг хот газраас эрхлэх бүрэн боломжтойг энэхүү залуу гэр бүлийн мал ахуйг эрхэлж буй үйл ажиллагаанаас харж болно.
    Малын бэлчээргүй учир зөвхөн тэжээлээр хангах хэлбэрээр мал аж ахуйгаа эрхэлнэ. Ийнхүү өнөө цагийн малчин залуус хот хөдөөгийн сонгомол мал аж ахуйг эрхлэх боломжийг олгож байна.
    Улс, засгийн газар энд мал аж ахуйн биржийг зөв зохион байгуулах үүрэг хүлээдэг. Ингэснээр махны үнийг хэт хөөрөгддөг махны ченжүүдийн үйл ажиллагаанд хяналт тогтоож чадаж байна. Тодорхой цэгүүдэд мал нядлах газруудыг байгуулж, тэнд татвар, малын эрүүл мэнд, бусад үйлчилгээ, тээвэр, цагдаа гээд олон асуудлыг нэг цэгийн үйлчилгээгээр шийдэх боломж бүрдэж байна.
    Эндээс харж байхад монголын нүүдлийн мал аж ахуйг эрхлэх хэтийн төлөв харагдаж байна. Томтоохон газар нутагтай нүүдлийн мал ажахуйн хувьд хавар,зун, намрын цагт нүүдлийн буюу бэлчээр дагасан, харин өвлийн улиралд суурин хэлбэрийн мал аж ахуй хосолсон монгол малчин илүү зохистой хөгжих хандлага харагдаж байна. Мал маллахад алс холын гэдэг ойлголт байхгүй болох нээ. Ийм боломжийг шинжлэх ухаан техникийн эрин зуун бидэнд олгож байна.

    djmedia:739
  • Долоо. МОНГОЛЫН ИХ ХААНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

     

    Тэндээс цахилгаан машинд сууж хөдөлөхөд шар талын цэцэг угтан авч билээ. Энэ жил гандуу байгаа тул цэцэг тааруухан ургасан гэж танилцуулав. Цэцэгийн дунд зугаалахад зориулж тусгайлан модон зам засчээ. Мөн амарч суух сүүдрэвч байгуулж тав духыг хангахыг эрмэлзжээ. Цэцэгсийн дунд Байгаль хамгаалагч нар жуулчдыг хэсэг бүлгээр дагалдан явж, цэцэг “зулгаахаас” сэргийлэх ажээ.
    Хааны ордны зүг явахад намагтай гол дээгүүр гардаг тухайн үед тэр хэсэг өмнө талаас цэргийн довтолгооноос хамгаалахад байршлын давуу байдлыг бий болгож байжээ. Зам явсаар хааны ордны хяналт шалгалтын хэсэгт аваачина. Тэнд чандлан шалгасны дараа их хэрэмд оруулдаг байжээ. Хамгаалалтын шалгалтын бүсийн дэргэдүүр өнгөрөв.
    Одоо их хааны ордны туурь, гол цамхаг болох 13-н давхар барилгын туурь дээр ирж байгаа нь энэ билээ. Их хааны ордны туурь дээр Монголоос авчирсан арч, монгол архи, сүүний дээжээс хүмүүс цөөрсөн үед өргөж залбирлаа.
    Ордны туурийн ард байрладаг байсан эрдэмтэн зөвлөгч нар, цэргийн хамгаалалт, дарханы газар гм барилгын суурь үлдэгдэл байрладаг. Ялангуяа цэргийн хамгаалалтын баярнаас эргэн тойрон тод харагдана. Бид эндээс хөдөлж, хэрэмний зүүн талд байрлах нэн эртний, хэрэмний дундаас цойлон ургасан олон зуун настай модон дээр очиж тахилгын зан үйлээ хийсэн билээ.
    Энэ удаа Монгол бөөгийн их зайран, Хөвсгөлийн Цагаан нуур сумын зүүн тайгын улаач, олонд Нэргүй гэж алдаршсан Төмжий хүндэтгэлийн бөөлөлт хийсэн билээ. Энэ бөөлөлтийн эхлэх цаг нь бол 2023 оны 7 дугаар сарын 11-ны өдрийн 11 цаг 11 минут байлаа.
    Зайрангийн бөөлөөн хуурын аяаар тамлаг, дуудлагаар эхэлж, онгод юугаа заллаа. Ид зуны халуун шатад байгаа үед цаг орчим бөөлнө гэдэг бас л яггүй зүйл бөлгөө. Хаана ч бидэнд тэнгэр шүтлэгтэнгүүд байнга туслаж байдаг. Шүтлэгтэн хоёр залуу хамт залбиралын зан үйл хийсэн билээ.
    Аугаа их зүйл эгэл зүйлээс эхтэй байдаг. Их хааны сүнс Эх орон монгол нутөг, биднийгээ ивээн тэтгэх болтугай.

     

    Найм. МОНГОЛ ЦЭРГИЙН ТҮҮХИЙН ТАСАРХАЙН СУРАГ

     

    Энэ нутагт амьдрагчид монголын түүхийн нэгэн тасархай хэсэг билээ. Тэр нь тусгаар тогтносон монгол улсыг байгуулсан түүхтэй холбоотой. 1911 оны цагаагчин гахай жилийн шинийн 9 буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол монголчууд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж, Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, анхны таван яам бүхий Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргасан түүхэн өдөр билээ.
    1913 оны долоодугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Манлай баатар Дамдинсүрэнг Өмнө зүг мордуулсан цэргийг захирах жанжны тушаалд томилж, Өвөрмонголыг чөлөөлөх байлдааныг удирдуулжээ. Түүхэнд энэ байлдааныг “Таван замын байлдаан” хэмээн нэрлэдэг.
    Түүний удирдсан цэрэг Долон нуур, Шандын голын чиглэлээр давшиж, Хятадын цэргийг удаа дараа хиар цохив. Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн удирдсан “Таван замын байлдаан” өргөн уудам газар нутаг хамарч, хоёр талаас олон мянган цэрэг оролцсон, багагүй хугацаанд үргэлжилсэн томоохон дайн байсан юм.
    Архивын баримтад “Цэргийн жанжин Ж.Дамдинсүрэн 1912 оны долоодугаар сараас 1914 оны нэгдүгээр сар хүртэл баруун ба өмнө хязгаарыг төвшитгөн тохинуулах жанжны тушаал хүлээж дайлаар мордох хугацаандаа “олон хязгаарын газар тойрон дайсны цэрэг лугаа байлдсан нь бүгд нэг зуун гурван удаа” болсон хэмээн тэмдэглэгджээ. Монгол цэргийн шинэ үеийн түүхэнд ийм олон удаагийн байлдаан удирдаж ялалт байгуулсан цэргийн жанжин бараг үгүй буй за. Хатан баатар С.Магсаржав 30 гаруй, Ялгуунбаатар Л.Сумъяа 60 гаруй удаагийн тулалдаанд орж ялалт байгуулсан мэдээ байдаг.
    Өвөрмонголын Долон нуур, Шандын голын чиглэлээр давшиж, Хятадын цэргийг удаа дараа хиар цохисон Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн удирдсан “Таван замын байлдаан”-ы ажиллагаанд оролцсон цэргүүдийн заримыг энэхүү нутагт төлөөлөл болгон үлдээжээ.
    Уг нутагт Манлай баатар Дамдинсүрэнг отго жинсэндээ шүрэн чулуутай малгай өмсдөг тул “Шүрэн жанжин” гэж авгайлдаг байсан байна. Шүрэн жанжины тугийн цэрэг Сартуул Баянбөө овогтой Тарсай, Бадамсүрэн, Ану, Гомбо нар Шүрэн жанжины хамгийн итгэлт цэргүүд байжээ.
    1913 оны 8 дугаар сарын 9-ны өдөр Хүйсийн талд болсон тулалдаанд хүрээлэн буудалсан хоёр хүрээ хар цэргийн дунд манай 16 цэрэг сэмхэн гэтэж орж, хоёр тийш гэнэт гал нээж байлдааны ажиллагааг эхлүүлж, хооронд нь тулалдүүлж, хүчээ барсаны дараа монгол цэргүүд дайрч цохиолт өгч дайсныг бутцохисон байлдааны уран арга хэрэглэсэн гэж нутгийн ардууд ярьж байна.
    Энэхүү тулалдаан А.Гомбо гарамгай байлдаж дайсныг ялахад их үүрэг гүйцэтгэсэн гэж ярих ажгуу. Тиймээс Манлай баатар Дамдинсүрэн гарамгай байлдсан Аюулгүйн Гомбод махир сэлэм, тулгаар шагнасан байдаг. Эдгээр шагнасан зүйлс нь отго, овгонд нь одоо ч хадгалагдсаар байгаа ажээ.
    Аюулгүйн Гомбо бол таван хэл мэддэг хүн байсан бөгөөд тухайн нутагт цэргийн удирдагч, төлөөллөөр үлдээсэн байна. Энэ хүн хоёр эхнэртэй байсан бөгөөд Бүдээ, Базарсад, Лувсан, Тунсаг, Бавуу, Цэрэн, Амба, Аж, Дэмчиг гэсэн хүү нар, Ерэнсоо, Рэнчинсоо, Гарамсоо гэсэн гурван охинтой болжээ.
    Аюулгүйн Гомбын удмын олон өрх энэ нутагт амьдарч байгаа юм байна. Аюулгүйн Гомбо бол 1900-аад оны үед Отгонтэнгэр их хайрханыг тойрон амьдарч байсан эгэл жирийн ард бөгөөд ийнхүү алс холын нутагт цэрэг эрийн томилолтоор үлдэж амьдрах хувь тохиожээ. Цэрэг хүн хувьд эх орны томилолтоор хаа холын газар үүрэг гүйцэтгэсэн баатарлаг гэмээр, бас гунигтай гэмээр түүхэн мөртэй таарах юм даа. Төвдийн Хөх нуурт монголын зүг гэрийн хаалгаа харуулан барьдаг монголчууд, хаа хол эх орны даалгавраар үлдсэн, мартагдсан цэрэг эрсийн үр садтай уулзаж, түүхийг нь сонсохоор нулимас аяндаа урсах юм билээ.
    Түвдийн хаанд Монгол ноёдын өргөсөн таван тонн алтаар босгосон бурханы өмнө зогсож байхдаа, хээл хахуул, цол хэргэмийн төлөө үхэн хатан зүтгэсээр ирсэн тэдний түүхээс “хэлтэрхий” зүйл ч үлдсэнгүй. Зарим эрдэмтэд олон хувилгаан, богдууд буулт хийж, урваж байж өнөөг авч үлдсэн гэж бичдэг юм, харин би түүнийг хүлээн зөвшөөрдөггүй, эцсийн цусаа зориулан амиа өргөсөн баатруудын хойч үе хэзээ нэг цагт өндийгөөд босоод ирдэгийг харин харж баярлаж явна.
    Би энд очихдоо Аюулгүйн Гомбын удмынханаас Завхан нутгийн 100 жилийн ойд дагуулж ирэх, их хайрхан Отгонтэнгэрт залбирал хийх зорилго, санаа байсан, төлөөлөл оролцоод буцах боломж гарсан. Өглөө эрт гэгээ оронгуут босоод суучихсан залбирч суугаа тэднийг харахаар хамар шахирах л юм билээ. Миний тус хүргэх боломж тэр энэ л юм даа. Одоо тэд хэдэн жилээр ярих баялаг түүхтэй болсон болов уу.

    djmedia:738
  • Тав. ШУЛУУН ХӨХ ХОШУУНД

    Дотроо 3 балгас (Шанд, Хавирга, Сангийн Далай), 8 сум (Буушуудай, Нарт, Сайнхудаг) болж хуваагддаг.
    Манжийн Дайчин гүрний цэргийн гол хүч байсан найман хошууны нэг хошуу бөгөөд доод зэрэглэлийн таван хошууны нэг болой.
    Ийм түүхтэй нутгийн төв балгас болох Шанд хотод оройхон очсон юм. Зон олон төв талбай дээр цуглаж айсуй наадмын бэлтгэл ажил урлагын тоглолтыг сонирхоно. Тэдний дунд орж, оройн цэнгүүн, хоол унд, худалдаа наймаа зугаа цэнгэл хэрхэн өрнөхийг харж явлаа.
    Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигийг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. 1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн.
    Хубилай 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсан байна.
    1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм. Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдийн хүчийг ашигласан юм.
    Хубилай Юань гүрний хаан болсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд: Гадаад бодлогын хувьд 1. Өмнөд Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Өмнөд Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна. 2. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй. 3. Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон.

    Зургаа. ХУВИЛАЙН ОРДОН БА ШАР ТАЛ

    Шулуун хөх хошуу бол түүхэн дээр монгол туурагатаны хөгжин мандасан, төр барисан хүйс газрын нэг юм. Одоогийн Шулуун хөх хошууны нутаг бол Их Юань Улсын Хувилай Цэцэн хааны мандаж байсан төрийн Шар талд байгуулсан зуны ордон байсан газар бүлгээ. Хурахын уулс, Хулан шарга даагын элс манхыг багтаасан өргөн уудам, өнөр баян тал нутаг болно. Одоо тус хошуу нь Өвөр монголын шилийн гол аймагт багтаж байна. Шулуун хөх хошуу бол өнөр баян үзэсгэлэн сайхан нутаг юм. Балар ой, битүү шугуй, алаг цэцэг, нуур бөрд үргэлжилсэн умарт хэсгийн Хулан шарга даагын элс манхан дах Загастай нуур, гурван сайхан нуур, Аривдах, Даага, Сангийн далай нуур нь загас, хужир, Бадваагийн гаралтаараа гадаад дотоодод цуутай билээ.

    Шулуун Хөх хошуу аялал жуучлалын нөөц ихтэй, соёл түүхийн давуу талаараа онцлогтой. Өвөр Монгол орны хэмжээнд цорын ганц дэлхийн соёлын өв – Юань гүрний Дээд нийслэлийн буурь энэ нутагт бий. Энэхүү газар нь жилдээ хүлээн авах жуулчлалын тоогоор Монгол улсыад ирдэг аялал жуулчдын тооноос давдаг. Улмаар малчдын хамтарсан байгуулсан 132 аялал жуучлалын баазын 10 нь ӨЗО-ны зэрэглэлийн 5 одтой аялал жуучлалын төвийн стандартыг хангажээ.
    Бид түүх соёл, байгаль орчин, газар зүйн байрлал, зам тээврийн давуу талаа ашиглан Юаний Дээд нийслэлийн буурийн эргэн тойронд тал нутгийн өвөрмөц соёлоор онцлог болгосон “Хулан шарга даага” элсний аялал жуучлалын бүс, түүх соёлын үлдэгдлээр онцлог болгосон алтан цэцэгт талын аялал жуучлалын бүсийг бүтээн байгуулжээ.
    Их Юань улсын дээд нийслэлийн туурь нь ЮНЕКСО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Юань гүрний дээд нийслэл буюу Хубилай сэцэн хааны сэрүүн асрын туурь нь Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны төвөөс зүүн зүгт 28 км зайтай орших Шанд голын /Луань Хэ голын дээд урсгал/ хөвөөнд оршдог юм. Хотын туурь нь тэгш дөрвөлжин хэлбэртэй бөгөөд тал бүр нь 2200 м2. Юань гүрний дээд нийслэл нь гадар хот, дотор хот болон цэцэрлэг хот гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Төв ордон буюу Их амгалан ордны туурь нь 8 м өндөр, зүүнээс баруун тийш 170 м урт, хойноос урагшаа 55 м өргөн аж. Их амгалан ордон нь тухайн үедээ 7 давхар байсны гурван давхар нь газар дор байдаг байжээ.
    Хубилай хааны хүрэл хөшөөг Шанд голын хөвөөнөө Хубилай сэцэн хааны цул хүрэл хөшөөг 80 тн хүрлээр 2007 онд босгожээ. Энэ нүсэр том хүрэл хөшөөний гол цөмд нь дүрслэгдсэн хүн бол Чингис хааны дөрөвдүгээр хүү болох Тулуйн хоёдугаар хүү Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хаан 80 насалсан учир хөшөөг 80 тн хүрлээр цутгажээ.
    Хубилай хаан дээд нийслэлээ Шандын шар талд 1256 онд байгуулснаас хойш энэ хөшөөг урлаж дууссан 2007 оныг хүртэл нийт 751 жил өнгөрснийг билэгдэн хөшөөг 7.51 м өндөртэй хийжээ. Харин тэрбээр Юань гүрнийг 34 жил захирсны учир хөшөөг 34 метр урттай хийсэн гэнэ. Хөшөөг 6 метрийн зузаантай хийсэн нь бас л учиртай. Энэ нь Юань гүрнийг нийт 11 хаан захиран төвхнүүлснээс Хубилай хааныг оролцуулаад ердөө 6 хааныг л энэхүү хөшөөг байгуулсан Юань гүрний дээд нийслэл Шанд хотод хаанаар өргөмжилсэнтэй холбоотой.
    Хөшөөний гол хэсэгт нь Хубилай хааны сүрлэг дүрийг товойлгосон бол зүүн гар талд нь нийслэл Шанд хотод хаанаар өргөмжлөгдсөн Хубилайгаас гаднах 5 хааны дүрийг урлажээ. Энэ таван хаан нь баруун гар талаас Өлзийт хаан Төмөр, Хүлэг хаан Хайсан, Буянт хаан Аюурбарбад, Заяат хаан Төвтөмөр болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нар болно.
    Хубилай хаан нь Юань гүрнийг байгуулахаасаа ч өмнө эрдэмтэн мэргэдийг ихэд эрхэмлэн хүндэтгэж, өөрийн шадар туслах бөгөөд зөвлөхөөр ажиллуулдаг байжээ. Тйимээс хөшөөний баруун хэсэгт түүний зөвлөхүүдийн босоо дүрийг товойлгосон байна. Үүнд: Юань гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг төлөвлөсөн Лию Бинг Жун; Юань гүрний одон орон судлалын төвийг үүсгэн байгуулагч Перс гаралтай эрдэмтэн, одон орон судлаач Жамал-ад-Дин; гурав дахь нь мөн төрийн засаглалын зохион байгуулалтыг хариуцаж байсан улс төрийн зөвлөх Ёо Шү, дөрөв дэх нь инженер математикч, Шанд болон Бээжин хотын усан сангийн системийг зохион бүтээж, гардан байгуулсан алдарт Гүо Шү Жин, тав дахь нь дөрвөлжин үсгийг зохиосон, Юань гүрний Улсын багш Пагва лам бол зургаа дахь нь Дорныг Өрнөдөд аяллын тэмдэглэлээрээ танилцуулсан Италийн алдарт жуулчин Марко Поло юм. Марко Поло нь Юань гүрэнд нийт 17 жил амьдарсан билээ. Юань гүрний дээд нийслэл орших Шанд хотод 7, 8 дугаар сард алтанхуа буюу алтанлянхуа цэцэг битүү ургаж, шав шар өнгөтэй болдог учир тэр талыг “Шандын шар тал” гэх болжээ.
    Хубилай хааны амьдрал, Юань гүрний улс төр, эдийн засаг, соёл, дайн байлдаан болон гадаад харилцаа зэргийг харуулсан өргөн агуулга бүхий “Хубилай хаан” 50 ангит уран сайхны киноны зураг авалтын хотхоныг Шандын шар талд байгуулжээ.

     

    djmedia:737
  • Гурав. ШУЛУУН ЦАГААН ХОШУУНД (1)

    Ингэж явахдаа өвөрмонгол айлуудын ахуй амьдрал бодитоогоор нүдэнд тусч явлаа. Хувьчилч авсан газартаа голдуу мал аж ахуй эрхэлэх бөгөөд зуншлага муутай газраас ирсэн малчид тухайн бэлчээрийн эзэнд мөнгө төлж газарт нь малаа бэлчээдэг байна.
    Шулуун цагаан хошуу бол Манж, Чин гүрний үеийн найман хошууны нэг хошуу юм. Найман хошууг Нурхач хаан 1615 онд дөрвөн тугийн хошууг шинэчлэн зохион байгуулснаар үүссэн. Тус хошуу нь 1650 он хүртэл Доргон чин ванд захирагдаж байгаад, 1651 оноос хойш манжийн эзэн хаанд шууд захирагдаж байсан дээд зэргийн гурван хошууны нэг бөгөөд манжийн хааны аян дайн, ан гөрөө, аялан явах зам зэрэгт зүүн гарт багтаж байсан юм. Бадаргуулт төрийн үед Шулуун цагаан хошуу нь манж, монгол, хятад угсаатны бүрдсэн хүчирхэг цэргийн бэлтгэл төв байжээ.
    Энэ газарт монголчууд бидний сайн мэдэх, үндэсний эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Хятадын шоронд босоогоороо нөгчсөн гэх Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн төрсөн нутаг билээ. Тэрээр түүний манлайлан эхлүүлсэн Монголд дагаар орох хөдөлгөөнийг манлайлсан хүн билээ. Цэрэг хүний хувьд Улсын баярын өдрөөр энэ хүний тухай дурсан бодож, хүндэтгэл үзүүлж өргөл өргөж сөгдөн залбирлаа.
    ХХ зууны эхээр үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн дундаас тодрон гарсан цэргийн гарамгай жанждын нэг нь Манлай баатар Ж.Дамдинсүрэн юм. Тэрбээр Дайчин улсын Бүрэн засагчийн аравдугаар он буюу 1871 оны Цагаагчин хонин жилд одоогийн БНХАУ-ын Хөлөнбуйрын Шинэ барга зүүн гарын Шулуун цагаан хошууны гутгаар сумын нутаг Цагаан хошуу хэмээх газар Хүйцэлэг овгийн Өлзийн Жамсрангийн гуравдугаар хөвгүүн болон мэндэлжээ.
    Тэрээр 18 насандаа “хуяг цэрэг” болж, цэргийн эрдэмд суралцаж, “мэргэн буудагч” болж байжээ. Тэрээр шат дараалан тушаалд дэвшиж, Манжийн эзэн хаанд бараалхахаар Бээжин хотод очихдоо тэр үед Бээжинд байсан Халхын Түшээт хан Чин ван Ханддоржтой танилцан монгол үндэстний эрх чөлөөний төлөө тэмцэх цаг тохиож буй тухай сэм хэлэлцэн сэтгэл нэгдэж, нутагтаа буцаж ирээд энэ тухай гар, сэтгэл нийлсэн итгэлт нөхдөдөө ярьж байсан ажээ.
    1911 оны Үндэсний хувьсгал эхлэхэд хувьсгалын удирдагчидтай бичиг захидлаар харилцаж, үндэсний тусгаар тогтнолын төлөө Ар, Өвөр Монголын ард түмний тэмцлийг нэгтгэхийг зорьж байлаа. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улс Манжийн ноёрхлыг унагаж, Богд Жавзундамбыг хаанд өргөмжилсөн тухай мэдээд олон гар, хошуунд бичиг явуулж, түшмэл, цэрэг цуглуулан 1912 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр харьяат газрын хятад түшмэд, цэргийг хөөн гаргаж, газар орноо эзлэн авч, олон хошууны ардыг илбэн тохинуулжээ. Энэ бослогод идэвхтэй оролцсон удирдагчдын нэг нь сумын занги Ж.Дамдинсүрэн байлаа.
    Ийнхүү Ж.Дамдинсүрэнгийн улс төр, цэргийн үйл ажиллагаа эрчимжиж сумын зангиас Монголын төрийн зүтгэлтэн, Баргын эрх чөлөөний төлөө тэмцэгчээс нийт Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан тэмцэгч болох их үйл хэрэг нь эхэлсэн түүхтэй.
    Баргын ноёдын хурлаас үндэс угсаа нэгт Монголтойгоо нэгдэхээр шийдвэрлэж, занги Ж.Дамдинсүрэн, мөн хошууны хоёрдугаар сумын хөөгч түшмэл Пунцаг, Хуучин барга Хөвөөт цагаан хошууны тэргүүн сумын хөөгч бичээч Гайхасу нарын долоон хүнийг хүсэлт бичгийн хамт Нийслэл хүрээнд илгээсэн байдаг.

    ШУЛУУН ЦАГААН ХОШУУНД (2)
    Баргын төлөөлөгчдийн тэргүүн Ж.Дамдинсүрэнгийн бичиг үсгийн чадвар, дадал туршлагыг харгалзан Богд хаан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны дэд сайдаар томилжээ. Тэрээр энэ тушаалд удаан ажиллаагүй боловч 1913 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Нийслэл Хүрээнд байгуулагдсан “Монгол-Төвдийн гэрээ”-нд да лам Нягт билэгт Равдангийн хамт оролцож, гарын үсэг зурсан байна.
    Ж.Дамдинсүрэнгийн цэргийн арга ухаан, эрдэм чадал 1912 онд Ховд хотыг Манж, Хятадын цэргээс чөлөөлөх байлдааны явцад тод илэрчээ. Богд хааны зарлигаар Гадаад яамны дэд сайд гүн Ж.Дамдинсүрэн, Дотоод яамны дэс түшмэл С.Магсаржав нар Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох цэргийг дайчлан захирах сайдаар томилогдон, Ховдыг чөлөөлөх байлдааныг удирдан ялалт байгуулсан түүхтэй. Энэ ялалтад цэрэг дайны туршлага бүхий Ж.Дамдинсүрэн болон түүний удирдсан барга цэргүүд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг түүхэн баримтууд нотолдог.
    Богд хааны зарлигаар Улсад туслагч гүн Ж.Дамдинсүрэнд үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, хоёр нүдний тогосын отго, Цэргийн жанжин, Манлай баатар цол шагнажээ. Ийнхүү монгол цэргийн түүхэнд “Цэргийн жанжин” цолыг Богд хааны зарлигаар анх удаа Ж.Дамдинсүрэнд олгожээ.
    Манлай баатар Ж.Дамдинсүрэнг 1913 оны долоодугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Өмнө зүг мордуулсан цэргийг захирах жанжны тушаалд томилж, Өвөрмонголыг чөлөөлөх байлдааныг удирдуулжээ. Түүхэнд энэ байлдааныг “Таван замын байлдаан” хэмээн нэрлэдэг.
    Манлай баатар Ж.Дамдинсүрэн бол ХХ зууны монгол цэргийн сэтгэгчдийн нэгэнд зүй ёсоор тооцогдоно. Ж.Дамдинсүрэн 1913 оноос Цэргийн яамны Эрхлэн зөвлөх сайд, 1915 оноос мөн яамны дэд сайдаар ажиллаж улс орноо батлан хамгаалах, цэрэг зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
    Манлай ван Нийслэл Хүрээнд ирээд Монголын Автономитыг устгах ёслолд оролцохоос татгалзан “За яахав, Нэгэн цаг ийм доройтол ирэв. Удахгүй Хятадаас Монголын улс төр, газар шороогоо эргүүлэн, эрх чөлөөгөө олох цагт миний бие улам хүчээ гаргаж, Монголын төрийг тохинолцуулж чадна даа” хэмээн бардам хэлж байсан гэдэг. Үнэхээр Манлай ван эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээх тэмцэлд манлайлан оролцсон юм.
    Монголыг дахин мандуулах зорилго бүхий хүмүүсээс Жалханз хутагт Дамдинбазар болон С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн, Гомбо-Идшин нартай нууц холбоо байгуулан зэвсэг бэлтгэж буй гэх мэдээ авсан тул тэдэнтэй хүч хавсрахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Богд хаанд айлтгаж цөм зарлиг ёсоор болгосон байна.
    1920 оны долоодугаар сарын 29-ний шөнө хятад цэргүүд Манлай баатар Ж.Дамдинсүрэнг, маргааш нь Хатан баатар С.Магсаржавыг баривчлан хорьжээ.
    Манлай баатар Ж.Дамдинсүрэн хятадын шоронд 100 гаруй хоног хоригдон байцаагдаж, харийнхны хатуу чанга эрүү шүүлт, шоронгийн хүнд бэрх нөхцөл дор ужиг өвчин нь сэдэрч хүндэрсээр 1921 оны нэгдүгээр сарын 27-ны шөнө бие барсан байна.
    ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондод байгаа Манлай баатрын товч намтарт түүнийг “Би хятадуудын өмнө хэвтээгээрээ үхэхгүй, үхэвч суугаагаараа үхнэ” хэмээн эрс хатуу тэмцсээр нас барсан гэж бичжээ.
    Мөн 1928 онд Д.Долсонг үндэслэлгүйгээр хорьж шийтгэсэн бол Д.Долсон, Д.Дампил, Д.Уртнасан нарыг 1931 оны сүүлчээс 1932 оны зургаадугаар сар хүртэл мөн л хилс ял тулган мөрдөн байцааж, хорьж шийтгэж байсныг архивын баримтууд нотолж байна. Улмаар тэднийг 1938 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлж, Д.Долсон, Д.Уртнасан хоёрыг хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, Д.Дампил нь сураггүй алга болжээ.
    Ийнхүү Манлай баатрын гурван хөвгүүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснээр түүний үр удам тасрахад хүрсэн байна. Энэ бол түүхэнд нэрээ үлдээсэн нэгэн гарамгай жанжны амьдрал боловч Монгол Улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсоныг харуулах баримт мөн ажээ.

    Дөрөв. ДЭЛХИЙД АЛДАРТАЙ МАТЕМАТЕКЧ ШАРАЙН МЯНГАТЫН ТУХАЙ ДУРСАХУЙ

    Шулуун цагаан хошуугаар дайран өнгөрөхөд төв хот болох Мянгат балгасаар дайрч өнгөрдөг. Харин энэ удаа төв зам завсартай байсан тул тойрч өнгөрлөө. Тэгэхдээ Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд цэрэг зэр зэвсэг, улс төр, эдийн засгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр тоолж баршгүй олон бөгөөд оюун санаа, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн түвшинд ч оруулсан хувь нэмрээрээ их хаадаас дутахгүй тэдэнтэй энэ зэрэгцэхүйц гэж хэлэхэд дэгстүүлэхгүй олон олон эрдэмтэн мэргэд төрөн гарсны нэг нь Шарайн Мянгатыг дурсахгүй байхын аргагүй билээ.
    Тэрбээр 1692 онд Цахарын найман хошууны нэг болох Шулуун хөвөөт Цагаан хошууны (Одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг) Шарайд овгийн гэр бүлд төржээ. Цаг төрийн үймээнт үед төрсөн ч балчир наснаасаа авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэд “Математик сурах тэнхим”-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайн төгсөөд, улмаар манжийн хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орныг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ.
    Манжийн хааны ордны дэргэдэх “Тоон ухаан сурах газар”-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ.
    Тухайн цаг улирлын тоон бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.
    Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хааны дараалан заларсан гурван хаан болох Энх-Амгалан хааны үед 10-аад жил, Найралт төв хааны үед 12 жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг 30-аад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна.

    Монголын суут их математикч Шарайд Мянгат монгол хүн бөгөөд дэлхийн тооны шинжлэх ухааны суутнуудтай нэг түвшинд сэтгэж агуу нээлтүүдийг хийсэн юм. Мянгат нь “Тойргыг огтолж Пи тоог олох хялбар арга” бүтээлдээ тригнометрийн функцийн задаргаагаар шинэ нээлт хийсэн юм. Тригнометрийн функцийн 6 томьёог шинээр нээж, Ньютоны 3 томьёог дахин баталсан болно. Түүнчлэн Ньютон, Кеплер, Коперникийн бүтээлүүдэд үнэлэлт дүгнэлт өгөн, өөрийн одон орон, цаг уурын томоохон бүтээл гаргаж байсан гэдэг.

    Одоо энэ нутаг хятадын сэргээгдэх эрчим хүчний төв нутгийн нэг болон хөгжин цэцэглэж байна. Өмнө байгуулсан байсан хурдны замаа зэрэглэл ахиулж, Хөлөнбуйр явах төв автозам үүгээр дайран өнгөрч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл хятадын төв бүсийг зүүн хойд бүстэй холбох гол зам удахгүй ашиглалтад орох ажээ.

    djmedia:736
  • Нэг. Аялалын эхэн

    Өглөө галт тэрэг Замын Үүдэд зогсоход автобусны билет аваагүй иргэд очерт дугаарлав. Ойрын жилүүдэд зогсоогүй удаан очерт зогсож байж үдийн үед автобусанд суулаа. Баярын урт амралтаар олон хүн өмнө зүг Хятад улсыг зорьж байлаа.
    Автобус хилийн зүг хөдлөж дугаарлан явсаар хил гарлаа. Манай хилийн шалган шуурхай ажээ. Харин хятадын хил дээр удаан гэгчийн дугаарлан зогсож 17.00 цагийн үед Эрээн хотод хөл тавьлаа. Хил гараа бол автобус 1-2 хүн хоцрохыг үл тоон автобус зогсоол руу хөдөлдөг ажээ. Миний ачаа болох кино камер, үүргэвч, чемодан зогсоол дээр эзэнгүй очжээ.

    Эрээний шалга нэвтрүүлэх боомтоос паспортын дардас шалгадаг цэг хүртэл өөр автобусанд сууж хилийн зааг өнгөрөв. Тэндээс таксинд сууж автовакзал орж ачаагаа олж авлаа.
    Энэ удаагийн аялалд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Зүүн тайгын нутагтай, Монгол бөөгийн их зайран Төмжий (олонд Нэргүй гэж алдаршсан)-тэй хамт явлаа.
    Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.
    Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.

    Хоёр. ЗҮҮН СӨНӨД ХОШУУНД
    Алсын зам туулах байсан тул өглөө эрт Эрээнээс Хувилай хааны зуны өргөөний зүг хөдөллөө. Эрээн хотоос гараад хурдны замд орлоо. Хэдхэн жилийн өмнө замаа өргөтгөж байсан бол энэ удаа чанаржуулж улам өргөн, зузаалах замын засвар хийж байгаа бололтой.
    Сөнөд зүүн хошуу бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн харьяа хошуу юм. Араараа Монгол Улстай 316 км зурвасаар хиллэж, бусад талдаа аймгийнхаа Авга хошуу, Шулуун хөх хошуу, Шулуун хөвөөт цагаан хошуу, Сөнөд баруун хошуу, Эрээн хотын нутагтай хаяалдаг. Хошууны 33,469 км2 нутагт 30,000 хүн амьдардаг. Өмнө ирж байсантай харьцуулахад их цэвэрхэн суухыг эрмэлздэг болжээ. Шинээр автозам тавигдажг хотоо аажмаар өргөжин тэлж байна.
    Энэ хотод амьдарч байгаа Улаачийн онгодын гэрээр зочилж билээ. Манай улаач үйл нь цэгцэрч, түмэн олондоо нэр хүндтэй болжээ.
    Өвөр Монголын Сөнөд Зүүн хошууны сумнуудад хоёр жил дараалан улаан ган болж малчид хэцүүхэн байгаа бөгөөд замын дагуу хөрс өвсгүй улаанаараа байлаа. Энэ нутгийн малчид алс хол малаа тээвэрлэж тэжээхээс аргагүй байдалд орсон байна. Түмний сэтгэл нэгэн зүгт тул тэнгэр бурхан харж үзэн хур бороо хайрлах хүлээж байгаа ажээ.
    Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулган БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн, Шилийн хотод болсон. Энэхүү чуулганд Дорноговь аймгаас ИТХ-ын удирдлага, Замын-Үүд сумын Засаг дарга, хил, гаалийн байцаагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 орчим төлөөлөгч оролцожээ.
    Энэ үеэрээ хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутаг хооронд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилго бүхий 7 чиглэлийн салбар уулзалт хийгдэж байсан.
    ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд хошуунаас санал тавьсны дагуу тус хошуу болон Сайншанд, Эрдэнэ сумын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

    djmedia:735
  • БНТУ-ЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, НОЁН ЗАФЕР АТЕШ МОНГОЛ БӨӨГИЙН ОНГОДЫН ӨРГӨӨНД ЗОЧИЛЛОО.

    Их Хүн гүрний үеэс Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2231 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэн байгууллага байгуулагдсаны 12 жилийн ойн жилийн босгон дээр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атеш Монгол туургатан бөөгийн Онгодын өргөөтэй танилцлаа. Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон хүндтэй зочн болж байгаараа онцгой үйл явдал юм.
    Энэ удаа бид яармагийн дэнжид байрлах Монгол бөөгийн онгодын өргөөг хүндэт зочиндоо танилцуулахаар бэлтгэсэн юм. Бид яармагийн түгжрэлийг тооцож, эртхэн онгодын өргөөндөө ирсэн юм. Элчин сайд ч тэгж тооцсон болов уу. Гэтэл энэ өглөө түгжрэл бага, автомашины хөдөлгөөн хэвийн байж тохиов. Тэгээд болзсон цагаас бараг нэг цагийн өмнө элчин сайд маань тохиролцсон газартаа ирсэнээ мэдэгдэж билээ. Хүндэт зочиноо угтахаар Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн явлаа.
    Хүндэт зочин Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атешийг уламжлал ёсоор Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, А.Оюунтуул, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Болдбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Р.Маахүү, Т.Цэндсурэн, Монгол бөөгийн удган Д.Улаанцэцэг, С.Болортунгалаг, Ж.Эрдэнэцэцэг, удган Алтанчимэг, ДЦХ-н гишүүн Халтар нар угтаж авлаа.
    Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атешийг ороход Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр гэрийн онгод, зочиндоо аялгууны дээжээ өргөлөө.
    МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэр шүтлэгийн түүхэн уламжлал” сэдвээр танилцуулга хийлээ. Танилцуулгадаа “Дээд буурлууд Хүннү, Сүннүгийн үеэс тэнгэр үзэл төлөвшин цэцэглэж, их эзэн Чингис хааны үед хөгжлийнхөө дээд төвшинд хүрч тэнгэрийн “Улаач” нар монголын төрд их хүчээ өгч байсан түүхэн уламжлалтай. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ мөнх тэнгэрийн хүчийг төр нь ашиглаж байсан баялаг туршлагатай. Мөнх тэнгэрийн үзлийг төрийн төвшинд шүтэж эхэлсэний 2231 жил өнгөрчээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг нь цаг хугацааны хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн түүхтэй. Тэрхүү түүхийн онцлог мөчүүдийг танилцуулагдаа дурьдав. Мөн 2012 онд байгуулагдсанаас хойш явуулсан үйл ажиллагаагаа танилцууллаа.
    МБНЭ-ийг Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 80 гаруй байгууллагууд нэгдэн байгуулсан билээ. Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь хорин нэгэн аймагт бөөгийн хүрээлэн, сумдад зөвлөл байгуулан үйл ажиллагаа явуулж байна. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладаг.
    Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх 15 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг.
    МБНЭ-ийн бага хуралдайг 10 гаруй удаа, Дээд цэцийн хуралдайн хуралдааныг 90 гаруй удаа хийж, Бөөгийн ёс зүйн баримт бичгийг хэлэлцэн батлаж, бүх бөө мөрдөж ажиллахаар болсон. Монгол бөө нар шалгуур үзүүлэлт хангасан нөхцөлд Монгол бөөгийн цол, хөдөлмөр бүтээлийг үнэлж, баталсан журмын дагуу шагнал олгож байх шийдвэр гаргасан байна.
    МБНЭ нь Монгол үндэсний язгуурын шүтлэг болох бөө шүтлэгтэнгүүд хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол бөөг таниулан сурталчлах, бөөгийн төв байгууллагын үндэсийг тавих, салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлж ажилладаг.
    МБНЭ-ээс дэлхийн Монгол туургатны төв болсон Ноён уул, Монголын бахархалт хайрхан, зүрх уул Бурхан халдун, Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрхан, Монголчуудын тулгуур болсон хөл уул Дорнод аймгийн Хөх уул, Өмнийн хаалт болсон 33 их говь, Монголчуудын хоймор болсон Хөвсгөл нуурын, Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Хар зүрхний Хөх нуурт Нэгдсэн их тахилгуудад зохион байгуулж, 200-4000 тэнгэрийн “Улаач” нар оролцжээ.
    МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага” үүсэн байгуулагдаад удаагүй байгаа ч “Тэнгэрлэг залуус” аяныг амжилттай зохион байгуулж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууд, алслагдсан дүүргүүдийн амьдралын боломж бололцоо тааруу, хайр халамж дутагдаж байгаа өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай азай буурлууд, эмнэлэгт урт хугацаагаар хэвтэж буй хүнд өвчтөн, сахиж байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн өргөл болгон түлээ түлш, хүнсний бараагаар туслалцаа үзүүллээ. МБНЭ нь байгуулагдсан цагаас эхлэн нийт 600 мянган мод болон модлог ургамал тарих ажлыг зохион байгуулж, олон зуун хүлэмж байгуулах ажилд хамтран оролцжээ.
    МБНЭ нь дэлхийн 42 орчим улсын бөөгийн байгуулагууд, бөө нартай хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байна. Монгол туургатан болсон Тува, Буриад, Халимаг болон Өвөрмонголчууд, барга, хорчин, цаатан, Шинжаны монгол ястнуудтай хамтран ажиллаж байна.
    МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчилсан баримтад кино 180, Монгол бөөгийн ёс зүйгээр 6 удаа, Монгол бөөгийн түүхэн уламжлалт ёсоор авч яваа удган, зайран нар, манай ахмад, дунд үе, залуучуудын тухай нэвтрүүлгийг 28, дагнасан концерт 2 удаа тус тус зохион байгуулсан байна. Цаашдаа:
    1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
    2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн музейтэй болох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд олон жил болж байгаа. Энэ бол хувь хүний бус төртэй хамтран хийх ажил юм гэдгийг онцлон тэмдэглэв.
    Монгол соёлын үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар харилцан ойлголцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүслээ илэрхийлэв.
    Танилцуулгын дараа “Говийн нэгдсэн их тахилга” Кино мэдээлэл гаргав. Танилцуулга болон бөөлөлтийн тухай баримтад кино үзсэний дараа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атеш зайран, удган нартай сонирхосон сэдвээр чөлөөт ярилцлага хийж, асуултандаа хариулт авлаа.
    Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атеш Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.

    djmedia:720