Category: Бидний тухай

  • Арван тав. 9. 6 дугаар сарын 22-ны өдөр, нарны тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал тэргүүлж бөөлөв.

    Хүй долоон худагтаа залбирал хийдэг болсон түүх богинохон билээ. Ийнхүү түүх бичих болсон шалтгаан нь өнөө цагт олон хүн өөрсдөө бие даасан байгууллага байгуулах гэж хүсэх болжээ. Тийм хүмүүст зориулж, болоод өнгөрсөн ажлын сургамж үлдээх нь цаг хэмнэх, хөрөнгө хэмнэх, бас бус ажилд садаа болдог зүйлийн талаар түүх үлдээх нь зүйтэй болов уу. Энэ нь бидний замаар явахдаа алдаа битгий гаргаарай, дэмий зүйлд цаг битгий үрээрэй гэсэн санаа юм.
    Монголчууд бид нарандаа залбирахдаа хэрэг болгож нэгэн газарт цугларч ажил болгоод байдаггүй. Орчин цаг үе маань, хүчтэй чадалтай гадны шашины үйл ажиллагаа, биднийг шинэлэг байдлаар ажиллахад хүргэж байгаа юм. Хүй долоо хутагт улаач нар анхлан олуулаа цугларч нарны залбиралыг хийж, бөөгийн олон арван байгууллагууд өөрсдийгөө сурталчилдаг өдөр болгох зорилт тавьсан байдаг. Гэтэл дараа жил нь Өөдөө, Хишигжаргал удган нар өөр арга хэмжээ зохион байгуулж, төлөвлөсөн ажлууд “нурааж” цугларах хүмүүсийг хагалсан. Нэгдэж цугларах хүмүүс өөр өөрийн чиглэлээр, өөр өөрийн багш нарын дор, өөр газар цугларах болсон. Санамсартай болон санамсаргүй байдлаар эргээд л бөөгийн байгууллагууд чиг чигээ харсан хэлбэрт орсон. Газрыг булаагаад арга хэмжээ зохиосон улсууд нэг жил ажил зохиосон болоод сураг тасарсан. Манай бөө нар нэг нэгэндээ саад болох, атаархлын хэлбэрээр өрсөлдөж, бие даасан ажил хийхдээ гаргуун зантай. Гэвч урт настай ажил хйиж чаддаггүй, тэгсхийгээд сураг тасардаг. Ийм өрсөлдөөн зарим байгууллага Бурхан халдун хайрханыг нарны залбиралын талбар болгоход хүргэж байна. Энэ бол “хатуудсан тоглоом” юм. Бурхан халдун бол бидний хамгийн хүндэтгэж явдаг ариун газар билээ. Тэнд “шалдар, булдар” ажил зохиож болохгүй. Тэгээд ч саяхан бөөлөлтийн зан үйлийг бусдад “худалдаж” ёс зөрчсөн нэгэн тэнд гэмээ хүртэж ясаа тавьж, шийтгэл хүлээсэн тохиолдол бий. Энэ бол сургамж юм.
    Энэ цаг хугацаа ч мөн адил, олон бөөгийн байгууллага өөр, өөрсдийн чиглэлээр энд тэнд Нарны залбирал хийж байна. Нэрлэж байгаа нь олон янз. Нарны залбирал, нарны тахилга, уул овооны нэрээр ч нэрлэж буй байгууллага ч байна. Хүн хүнээс, гишүүдээсээ мөнгө төгрөг хурааж, хөрөнгө зарсан ажлууд хийж байна. Гэлээ гээд нийтэд овойж оцойтол мэдэгдсэн, бас нөлөөлсөн ажил болж чадахгүй, амь амиа тээсэн, хэдэн хүн цугларч тахилга хийдэг, “хорхойгоо” дарсан ажил болж хувирч байна. Тэнд гадаадынханыг аваачиж болохгүй, хориглох хэрэгтэй. 4-6 хүн авчираад олон улсын арга хэмжээ гэсэн нэр зүүдэг. Цаашид тэгж болохгүй.
    Нарны залбирал бол Монголчуудын өдөр дутмын хийдэг зүйл, харин 6 дугаар сарын 22-г онцлон авч үздэг болсон. Энэ тухай ярих бичих зүйл их байгаа байх. Нарны залбиралаа Монголчууд бид нэг их сүржигнэн ажил болоод байдаггүй. Тэнгэр шүтлэнтэн, улаач нар хотын хамгийн ойр байдаг, Хүй долоон худагийн Хос толгойд хуран цугларч, нарны залбиралаа хийж, хоорондоо танилцаж байвал илүү үр дүнтэй байна. Хувь хүмүүс, улаач нар бие даагаад бэлтгэлээ хангаад ирвэл болоо. Илүү, дутуу зардал шаардагдахгүй. Газар ойрхон, дэд бүтэц сайтай. Цаг их зарцуулахгүй, хэмнэлттэй.
    Харин залуучууд 6 дугаар сарын 21-ны орой галын наадам, бөөлөө хийж байх нь боломжтой, бас зохистой санагддаг. Болгоомжлон анхаарах зүйл бол галын аюулгүй байдал юм.
    Цаашид тэнгэрлэг монголчууд, улаач нараа, хэдий үзэл бодол өөр, өөр ч, үйл олон янз байдаг ч, нэгдэн нийлж Нарны залбиралаа хийдэг болоё.

     

  • МБНЭ-ИЙН БАГА ХУРАЛДАЙН ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

    Хуралдааны эхэнд МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны нууц санал хураалтын дүнг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан захирамж гаргаж, МБНЭ-ийн гишүүн Удган, Зайран нарт бөөгийн цол олгосныг гардуулав. МБНЭ-ийн бага хуралдайгаар зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.
    2014 он гараад нийт зургаан удаагийн Дээд цэцийн хуралдаанд оролцоогүй МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ч.Энхбаатарыг сонгуульт ажлаас чөлөөллөө. Мөн МБНЭ-ийн гурван удаагийн Дээд цэцийн гишүүдийн хурал тасалсан Монгол бөөгийн Их зайран Ц.Хадхүү, Зайран О.Даваасүрэн, Б.Батсайхан нарыг анхааруулж тогтоол гаргалаа. МБНЭ-ийн бага хуралдайн гишүүнээр Сэлэнгэ аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Ч.Мөнхжаргал, Я.Давхарбаяр-Хуйтан тэнгэр төвийн УЗ-ийн гишүүн, Б.Цолмон-Дархан-Уул аймгийн ДЦЗ-ийн гишүүн, Удган Пүрэвсүрэн, Ш.Ганбаатар-МБНЭ-ийн гишүүн, М.Нямлхагва-Зайран, Мөнх тэнгэр өршөө төвийн гишүүн, Дархан хотын бөөгийн “Самгалдай” төвийн гишүүн Д.Наранцэцэг, Д.Саранцэцэг, Р.Алтантуяа, Ц.Ононтуул, Д.Батчулуун, Б.Мөнхтунгалаг, Цэрэнжаргал нарыг сонгож баталлаа.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүнээр Монгол бөөгийн Тэргүүн зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн Тэргүүн удган С.Отгондулмаа нарыг сонгов. Мөн МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүг санал нэгтэй сонголоо.
    МБНЭ-ийн бага хуралдайн долоодугаар хуралдаанаар:

    1. Монгол Их говийн тахилын тухай (2014 оны 5 дугаар сарын 16-17-нд Өмнөговь аймагт хийх.)
    Илтгэгч: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн
    Их зайран Д.Одонхүү

    2. Монгол туургатны нэгдсэн Их нарны залбирал (2014 оны 6 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хот, Хүй долоон хутагт хийх).
    Илтгэгч: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Т.Дагвадорж

    3. Монгол Улсын хоймор Хөвсгөл нуурын Их тахилга (2014 оны 7 дугаар сарын 3-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд хийх.)
    Илтгэгч: МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Зайран П.Ганболд

    4. Монгол Үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа (2014 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод хийх.)
    Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхан

    5. Нэгдсэн их тахилгын үеэр баримтлах дэг журмын тухай

    6. Их говийн нутгаар тойрон аялал.
    7 .Бусад асуудлуудыг авч хэлэлцлээ.

    МБНЭ-ээс зохион байгуулах нэгдсэн тахилгын үед мөрдөх дэг журмын тухай төслийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн Го.Бат-Эрдэнэ танилцуулж баталлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүд асуулт тавьж хариултаа авлаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн Дархан зайран Д.Бямбадорж, Их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, зайран Г.Бат-Эрдэнэ, зайран Лхагважав, удган И.Болдбаатар, Ч.Янжинсүрэн, Т.Одончимэг, О.Туул, Т.Хишигжаргал, Д.Наранцэцэг, судлаач Д.Бадарч, урилгаар оролцсон Батчулуун нар үг хэлж санал, шүүмжлэл тавьлаа.

    Хуралдаанд Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү боловсруулсан уриалгыг танилцууллаа. Хуралдааныг хааж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Хэлсэн үгэндээ “МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн нэг бүрт 1-5 бага хуралдайн гишүүнийг хуваарилж өгсөн бөгөөд тэр хуваарийн дагуу Бага хуралдайн гишүүн болон МБНЭ-ийн гишүүд МБНЭ-ийн төв байранд иржь Нэгдсэн их тахилгууд, зохион байгуулах арга хэмжээнд оролцох талаар саналаа ирүүлэхийг даалгалаа.
    Мөн Монгол говийн Их тахилгыг зохион байгуулах үүрэг хүлээсэн Дээд цэцийн гишүүн Ж.Алтанчимэг ажиллагаанд оролцохоосоо татгалзсан бөгөөд энэ нь багагүй хүндрэлийг учруулж байна. Гэвч МБНЭ-ийн олон зуун бөө нар, Өмнөговь аймгийн нутгийн төлөөлөл болсон удган, зайран нарын гүн туслалцаатайгаар Монгол Говийн нэгдсэн их тахилга амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
    МБНЭ-ийн бага хуралдайн долоодугаар хуралдаан ийнхүү хэлэлцсэн асуудлаа амжилттай хэлэлцэж өндөрлөлөө.
    Д.Мандах

  • ЭЭЖ МИНЬ

    Ертөнцийн тооллоор бол маш богино хугацаа, хүний насаар бол их л хугацаанд тооцогдох он, жилүүд өнгөрчээ. Тэгээд ээжийгээ баярлуулж байсан бас зовоож байсан зарим мөчүүд санаанд бууж ирлээ. Ээж минь найман хүүхэд төрүүлж бойжуулсан, төрөөс алдарт эхийн хоёр одон хүртсэн монголын мянга, мянган эгэл ээжүүдийн нэгэн байлаа. Бага насанд үлдсэн дурсамжаа санав.
    Хамгийн түрүүнд бүр багын, бүдэг, бадаг санах тээр жилийн дуулиант явдал санаанд буув. Хамгийн том ах маань Чигэстэйн голоос ус авахаар үдэд яваад ирсэнгүй ихэд удав. Ажлаас ирсэн ээж минь эгчийг юу болсоныг тодруулахаар араас нь явуулж билээ. Гэр тэрчигтээ түргэн авав. Голын дундах цооногийн дэргэд хоёр арвын бидоныг дүүрэн устай орхижээ. Бидонтой ус нилээд зайрмагтсаныг үзвэл ихэд уджээ. Бүгд л муу юм бодов. Аавыг ажлаас нь дуудаж тэр хавьдаа бужигнаж байтал битүү цана, туураг болсон ах тээр холоос гулгасаар айсуу харагдлаа. Найз нараасаа гуйж олдсон тэшүүрээр шавиагаа ханатлаа гулгахаар Улиастай хотоос Алдархаан сум ороод ирсэн нь энэ байжээ. Тэр явдлаас хойш бид тэшүүртэй болсон юмдаг.
    Зуны ид халуун өдрүүд үргэлжилж байлаа. Гэрийн дэргэдэх гэрлийн шонгийн модонд дунд ах минь өглөөнөөс хойш хүлээтэй байх агаад гэрийн бүслүүрт тэр үедээ маш ховор бүх л төрлийн чихэр өлгөөстэй харагдана. Тэрээр манайд үе дамжин ирсэн ээжийн бор авдар дахь чихрээс хулгай хийсэн учир зохих “шийтгэлээ” эдэлж байгаа нь тэр байлаа. Бид зуны халуунд нойтон алчуур толгойд нь тавих, аманд нь цай зальгуулах туслалцаа үзүүлнэ. Хамтдаа шийтгэлийг амсаж, хүмүүжиж байгаа нь тэр юм. Угтаа бол ахынхаа хүлээсийг тайлах, уях нь хэдэн секундын ажил, бас сүүдэрт байлгаж байгаад аав, ээжийгээ ажил тарах эргээд уяж болондоо. Гэхдээ аав, ээжийн шийдвэр гэртээ хууль учраас хүүхдүүдээс хэнч үл зөрчинө. Тэр л бидэнд үлдэх сургамж байжээ. Цаг ямагт ч бусдын хөдөлмөрийн үр шимийг хүндэлж, амьдралдаа үнэнч шударгыг эрхэмлэн амьдрасаар энэ насаа өнгөрүүллээ.
    Эмээ минь, хожим ээж минь хаяа нэгхэн амьдралын түүхээ дурсана. Эмээ ээж нутагтаа хувьсгалт ёс тогтоход залуучуудын байгуулагад элсэж үсээ тайруулсанаа ярьдаг байж билээ. Түүнийхээ горыг амсаж, эсэргүүний жилүүдэд баригдаж, үсээ тайруулсан бүсгүйчүүлийг нэгэн эгнээнд жагсааж, нэгээс гурав тоолуулан гурав дахь хүн бүрээр амийг авч тахиж байсан тухайгаа ярьж, надад хоёрын тоо таарч амьд үлдсэн шүү хэмээн бидэнд хуучилна. Манайхан хувьсгалын жилүүдэд гурван ч удаа хөрөнгөө хураалгаж байсан ч, мал нь түргэн өсдөг юм хэмээн хуучилна.
    Аав ээж хоёр малаа даган амьдарч, завсар зайнд нь нэг нь мужаан хийж, ан эрхэлж, нөгөө нь дээл, хантааз оёж амьдралаа залгуулна. Амьдрал өөрөө тухайн нийгмийн тусгал байдаг болохоор тэр үеийнхэний дундаж амьдрал болох дөрвөн жилийн сургуулийн боловсрол эзэмшсэн аав минь дайны жилүүдэд хилийн цэрэгт зургаан жил албаа хааж байжээ. Ээж минь монгол, латин, кирилл үсгээр уншиж бичнэ, тогтоох гэсэн зүйлээ гайхалтай сайн цээжилнэ. Олон хүүхдээ өсгөхийн тулд амьдрал аав, ээж хоёрыг минь, бас биднийгээ шуурхай, хөдөлмөрч байхад сургасан билээ.
    Хүүхдүүд өсч томрох дутам амьдрал хоёр хуваагдаж, аав малаа дагаж хөдөөд, Донойн хөндийд, ээж хүүхдүүдийнхээ сургуулийг бараагдан төв газар Улиастайд суурьших болов. Тэгээд амьдралын хэвшилээ өөрчлөх цаг хугацаанд тулж ирэв.
    Аав, ээж хоёр маш их зориг гарган, айлд 500 гаруй толгой малаа орхиод нийслэл хот хэмээн их айл руу зориглон хөдөлсөн байдаг. Хожим бодоход аав, ээж минь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдралдаа эрс өөрчлөлт хийсэн, маш зоримог алхам байсан юм билээ.
    Хотод анх ирээд анх буусан газар Улаанхуаран хэмээх цэргийнхэн голдуу байрладаг газар байв. Одоо ч тэнд миний амьдрал үргэлжилж байна. Энэ л газарт жаран жил болжээ. Хугацаа маш хурдан өнгөрчээ.
    Мэргэжилгүй болохоор ээж минь хотод ирээд Улаанхуарангийн тоосгоны үйлдвэрт тэр үеийн нэрлэдгээр “баюунд” нормочингоор ажилладаг байлаа. Шатаах зууханд маш хүнд нойтон түйпуу өрж, шатаасан тоосгыг зөөж гаргаж өрнө. Энэ бол эмэгтэй хүнд ахадсан ажил байсан. Гэхдээ л хүүхдүүдийнхөө төлөө чадах бүхнээ хийж байжээ. Хичээл тармагч зургаан эрчүүд ээжийн ажил дээр цугларч, өөр, өөрсдийн тоосго зөөдөг үүргэвчээ үүрч, ээжийн нормийг тэр дор нь гүйцээнэ. Энэ бүхний дараа бид өөр, өөрсдийн “тоглох, наадах” гээд хүүхэд насны ажилаа эхэлнэ. Тэр хүүхдүүд дотор ирээдүйн төрөл мэргэжлийн цэргийн олон хурандаа нар, хотын дарга нар цүнхээрээ хаалга хийчихээд хөл бөмбөг тоглож өссөн.
    Арван жилийн тэр жилүүдэд ээжийн минь толгойд цагаан үс үзэгдэх болж, зуун ширхэг үс түүвэл “морожин” авч өгнө. Тэр хөлсний хөдөлмөрийг их хийсэндээ.
    Идэр нас хүрч ирлээ. Амжилтад хүрэх болгонд бүхнээс түрүүн ээжий минь баярлана. Цэргийн сургуульд суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтан болов. Бүх хангалтыг улсаас өгдөг цэргийн сургуульд нэрэмжит цалин нь тэр үедээ өндөр цалин байлаа. Хамгийн эхний цалингаа аваад дээжээс нь ээждээ дуртай баавгайтай чихэр, аавдаа шил архи, тус бүр 25 төг дагалдуулж өгч, курсын дарга Батсүх \Пяткад\ нижгээд шил архи, үлдсэн мөнгөөр тамхи, чихэр, боов авч майхан цуванд дээр асгаад курсынханы дунд тавьж, тэмдэглэж билээ.
    Тэгэхэд Ээж, аав хоёр минь ихэд баярлаж билээ. Миний амьдрал цаг хугацааны хэмжүүр болсон “цаг”-ан шагнал дагаастай, түүнээс ээж минь ямагт адис авна. Цэргийн сургууль төгсөхөд Батлан хамгаалахын сайдын, ОХУ-д удирдлагын академи, Москвагийн нийгэм эдийн засгийн их сургуулийн захирлын, АНУ, ХБНГУ-д сургуулийн дурсгалын цаг дагаастай. Гол нь би онц сурахын төлөө биш, монгол гэдэг эрхэм нэрийг бусдын өмнө “ихэмсэг” байлгахын төлөө тэмцэж явсан.
    Хүүхдүүд томорч гэр бүл болон салаалав. Эрчүүд нь хот хооронд тээврийн жолооч болж, эмэгтэйчүүд нь улаанхуарангийн сүүний үйлдвэрт ажлын гараагаа эхлэв. Хүн бүхэн ажилтай байж, өөр, өөрийн амьдралаа авч явсан тэр жилүүд жаргалтай байжээ.
    Ээжийн минь 49-ний жил том ах минь геологийн авто баазад жолоочоор ажиллаж байхдаа судалгааны ажлаар янз бүрийн бэрх, бартаад замаар аялж яваад осолдож, нэг геологч нас барсан хэрэгт оров. Ерөөс хэдхэн хоногийн дотор ээжийн минь үс цав цагаан болж билээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө юутай их санаа зовж, сэтгэл нь ямар их хямардагийг тэгэхэд мэдэрч билээ. Түүнээс хойш ээж минь цав цагаан үстэй болсон юм.
    Оюутан байхдаа аав, ээж хоёроо дагуулан оросын сибирээр нэгэн зуны турш аялж, Москваг үзүүлэв. Тэр л миний ээж, аавдаа зориулсан, хамтдаа удаан аялсан, цаг хугацаа байжээ.
    ҮАБЗ-ийн ажлын албаны анхны даргаар томилогдоход хамгийн их баярласан хүн бол аав, ээж хоёр минь байлаа. Аавын минь нүдэндээ нулимас цийлэгнүүлэн үнсэж, ээж минь тос шаргалтсан хийцтэй цайгаар дайлж тэрүүхэн хавьдаа бөөн баяр болж өнгөрсөн. Төрд ажилласны баярт мөчийн нэг нь энэ байлаа.
    Өндөр настай болсон ээж минь өдөржин мэдээ үзэж, улс орны аюулгүй байдлын холбоотой мэдээллийг сонсож, гол, гол санаа зовоож буй асуудлуудыг намайг ирэхэд танилцуулна. Миний хийж буй ажилд санаа их зовж байгаагийн илэрхийлэл болов уу. Сэтгэлийг нь амраахын тул бүгдийг нь сонсоно. Ээжийн минь цээжлэх ой ухаан гайхалтай шүү. Хэдий миний мэдсэн мэдээлэл байдагч ээжийн ярих зүйлд олон түмний санаа бодол нэвт шингэсэн байдаг байлаа.
    Улсад 30 жил зүтгэсэн хөдөлмөрийг төр нь үнэлж, одон, медаль чамгүй л хүртсэн. Авах, авахдаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын их хурлын дарга Энэбиш нартай хамт, төрийн ёслолын танхимд ёс төртэй авч байсан билээ. Ажил, их хөдөлмөрийн үр дүнг төр нь үнэллээ гээд бодож явсан шагналыг өмнөд солонгост олон жил ажиллаж, мөнгө хийсэн нөхөр, насаараа жолооны курсын захирал хийсэн “он жав”-ууд мөнгөөр аваад зүүсэн, түүнээс хойш миний хувьд шагнал нь үнэ цэнэгүй болж, цээжинд зүүх чимэг, бусдад өөрийгөө харуулах “аархал” болж хувирсаныг мэдрэв. Тэгээд ч зүүдэггүй юм. Авсан шагналаа аав, ээждээ үзүүлж, үнсүүлэх хүртэлээ л зүүдэг байлаа. Шагналтай гээд хүн магтсангүй, шагналгүй гээд хүн муулсангүй.
    Намайг ажилгүй болгосон дарга нартаа баярладаг юм. Тэд жирийн малчины хүүхдэд гарын “шүүсээ” амтлуулсан л даа. Тэдний ачаар ээж, аав хоёрыгоо хорвоог орхиход, би тэднийгээ амьсгал хураахад нь дэргэд нь байж чадсан юм.
    Хүн дандаа л хамт байх юм шиг бодсоор насыг өнгөөрнө. Ээж минь ухаан алдаж, бид, бүх үр хүүхэд нь цугларсан байлаа. Ээж минь унтаж байгаа юм шиг хэвтэнэ, амаараа амьсгална. Хэл нь амьсгалыг нь түгжих гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ээжийн судасыг тэмтэрч цохилтыг нь мэдрэх гэж оролдов. Насаараа эмч хийсэн бэр бидэнд одоо найдах хэрэггүй шүү гэж анхааруулсан байлаа. Ээж минь ухаан орохдоо аав, бид хоёрыг дуудав. Ээждээ үнсүүлчихээд аавтай хоёуланг өрөөнд үлдээгээд би өрөөнөөс хурдан гарсан юм. Энэ бол ээжтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт байлаа. Төдөлгүй ээж минь ухаан алдав. Бид өрөөнд орлоо. Тэгээд хэд, хэд хүчтэй амьсгалсанаа, урт гээчийн амьсгал аваад тэнгэрийн орныг зорисон.
    Үүрд мартахгүй гэх л юм. Үнэндээ жирийн амьдралд бол үр хүүхдүүдээс өөр дурсах хүн байдаг юм уу. Алдар нэр, гавьяа шагнал цаг үедээ амьдарч, цаг үедээ дуурсагдан өнгөрөх ажээ. Хэдэн арван жил өнгөрөхөд ихэнх зүйл мартагдана.
    Ээж минь тэнгэрийн орон зориход түүнрүү өдөр болгон хөтөлдөг байсан харгүй зам хаагдаж, аагтай, шар тостой сүүтэй цай, боорцогоо аваад явсандаа. Орчин цаг түүний үргэлжлэл байж чадсангүй.
    Миний зовлонт мөч аав, ээж хоёр минь тэнгэрт зорьсоны дараа тохиосон билээ. Түүндээ баярлаж явдаг юм. Малчны хүүхэд намайг хэн хамгаалах вэ дэ. Өөрөө, өөрийгөө л хамгаална. Төрийн нууц задруулсан хэргээр хоёр ч удаа эрүүгийн хэрэг нээж баривчлагдаж, хоригдож байхдаа, аав, ээжээ зовоогоогүйдээ баярлаж явдаг юм. Орчин цагт монголд над шиг тусгай байгуулагаар дахин, дахин шалгагдсан хүн ховор байх аа. Энэ бүхэн бол төрдөө үнэнч шударга зүтгэсний төлөө “шагнал” юм.
    Номын өргөөнд суудаг ажлын ширээний дэргэд хүн анзаарахгүй газарт аав, ээжийн зураг бий. Тэд үргэлж надтай хамт байдаг гэж боддог шүү.
    Д.Жаргалсайхан

  • БУРИАДЫН БӨӨГИЙН “ДЭЭЖ” БАЙГУУЛЛАГЫН ТАХИЛГАД ОРОЛЦОВ.

    Буриад бөөгийн “Дээж” төвийн тэргүүн, удган Балдангинова Валентина Батуивна бол бүхий л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ. Өнөө үед ч тэрээр бөөгийн уламжлалаа бусдад уламлахыг эрхэмлэн зүтгэж яваа нэртэй зүтгэлтэн билээ.
    Эртнээс монгол бөөгийн байгууллага хүмүүстэй холбоотой ажиллаж иржээ. Манай анхны бөөгийн байгууллагыг санаачлагч Ш.Сүхбат, Монголын буриад бөөгийн алдарт зайраг Цэрэн баавай, монголын валетын урлагын анхны жүжигчин, удган Сумьяа гээд олон хүмүүстэй харилцаж явсан түүх намтар Балдангинова Валентина Батуивнад ногдоно. Энэ бүхнийг дурьдсан нь удган Балдангинова Валентина Батуивнаг бид бүхэн хүндэлж явах ёстойг тэмдэглэхийг хүссэн хэрэг юм.
    Тахилыг зан үйлээ буриадууд хийчихээд дараа нь ирсэн зочидоо бөөлөхийг зөвшөөрсөн юм. Монголоос Урианхайн нэртэй удган Чулуун, МБНЭ-ээс залуучууд оролцож бөөллөө. Мөн хаана ч явсан Хамаг монголын овоог байгуулахыг зорьж яваа Бэгзжав оролцоно билээ.
    Тахилгын дараа бид хамтдаа цуглаж нэг нэгэндээ дурсгалын зүйл солилцож, дүнгээ гаргасан юм. МБНЭ-ийн хувьд оролцогчдод талархал илэрхийлж, Балдангинова Валентина Батуивнаг мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, Ангабаев Байр Соломоновичид “хүрэл” шонхор медалиар шагнасныг гардуулсан билээ.
    Мөн МБНЭ хийсэн “ОХУ-ын Ольхон”-д гэсэн баримтад кино, “Монгол говийн тахилга”-ын киног гаргаж үзүүллээ.

  • МОД ТАРИЛТЫН “МАСТЕР” ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

    Мод тарих нь Мөнх тэнгэрийн үйлэнд хамгийн буянтай үйлсэд тооцогддог байна. Тиймээс энэ буянлаг ажлыг зохион байгуулж удирдсан МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун ажил үйлсээрээ шалгарч 2019 оны онцлох үйлстэнээр шалгарч байгаа юм.
    Энэ их ажлыг удирдаж хийхийн зэрэгцээ Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун мөнх тэнгэрийн үйлсдээ зорьж явна. Тэрээр Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, төрд зутгэж байсан Баяхуулайн удмын 13 дахь үеийн халх зайран. Цогт дээд сургуулийн англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 2015 онд Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон. 2015, 2016, 2017 онд “Бурхан Халдун”, 2017,2018,2019 оны Отгонтэнгэр, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    2015 оноос гараагаа эхэлсэн “Тэнгэрлэг залуус”- I, II, III, IV, V, VI аянд идэвхтэй оролцсон нэгэн.
    Мөн 2015 онд Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”, Урианхайчуудын урлагын Их наадамд Галын тахилгад, 2017.06.22-д “Нар”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медаль, Монголын Залуучуудын Холбооны Хөдөлмөрийн Алдар Алтан медалиар, Байгаль орчины яамны салбарын тэргууний ажилтан медаль, Ой модны салбарын 90 жилийн ойн медалиар шагнагдсан манай шилдэг тэргүүний залуу зүтгэлтэн юм.
    Б.Мөнхчулууны санаачлагаар манай ДЦХ гишүүд, Залуучуудын зөвлөлийн гишүүд, дэмижгчдийн хамт Төв аймгийн Лүн суманд очиж 600 гаруй мод суулгаж байсан түүхтэй. Ц.Мөнхбаяр, дэд дарга Б. Солонго, Б.Мөнхчулуун, Б.Чанцал, М.Сарантуяа, О.Болормаа болон Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, тэргүүн зайран Н.Баярсайхан нар бусдаасаа илүү идэвхи зүтгэлтэй оролцож байсан.

  • Арван нэг. БАЙГАЛ ДАЛАЙ, БУХ НОЁНДОО ЗАЛБИРАВ.

    Тэнгэр цэлмэг, дулаахан, салхиггүй намуухан өдөр биднийг, Байгаль далай угтаж авлаа. Өнгөрсөн жил Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуяглан бөөлж байсан бол энэ удаа МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн удирдагч Монгол бөөгийн удган Баттогтох, дэд удирдагч, Монгол бөөгийн зайран Нямдорж нар толгойлон залбирал үйлдэв.
    Байгаль нууртаа хүндэтгэн Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Батжаргал, Монгол бөөгийн зайран Нарангэрэл, Монгол бөөгийн удган Аюна, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Монгол бөөгийн удган Маахүү, Зайран Баттогтох нар хуур манжигаар бөөллөө. Энэ удаа Халх, Дархад, Буриад, Барга язгуурыг төлөөлөл Монголоос иржээ.
    Их далайдаа залбиран мөргөж, монголоос авчирсан идээний дээжээ өргөж, залбирсанаар бидний үндсэн ажиллагаа өндөрлөж, аялал, жуулчлалын ажил эхэлсэн билээ.
    Тункиски районы Далайха тосгоны ард орших Саяны нуруунд Бух ноёны онгод оршидог. Байгалийн бүс нутаг болон, бүх буриад, Монголыг хамгаалдаг эцэг малаан тэнгэр, Тэнгэрийн (буумал бурхан) хамгаалж байдаг. Бух ноён болон Шаргай ноёнд зуны улиралд тахилга тайлга хийж хүндэтгэл үзүүлдэг байна.
    Аршан хотоос хөдөлж удалгүй “БУХ НОЁН”-хээрийн онгонд бид ирлээ. Биднийг районы дарга Самбуу угтаж авч, өргөлөө өргөж, замыг нээж залбирал мөргөлд хамт байж, онгодын өргөөгөөр залж оруулсан билээ.
    Энэ удаа Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Монгол бөөийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Батжаргал, Монгол бөөгийн удган Баттогтох, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Монгол бөөгийн удган Маахүү, Зайран Баттогтох нар залбиран мөргөлөө.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН АРВАН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

    2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ДЦХ-н арван наймдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

    1. Монгол Их говийн тахилын тухай (2014 оны 5 дугаар сарын 16-17-нд Өмнөговь аймагт хийх.)
    Илтгэгч: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,
    Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү

    2. Монгол туургатны нэгдсэн Их нарны залбирал. (2014 оны 6 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хот, Хүй долоон хутагт хийх).
    Илтгэгч: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Т.Дагвадорж

    3. Монгол Улсын хоймор Хөвсгөл нуурын Их тахилга (2014 оны 7 дугаар сарын 3-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд хийх.)
    Илтгэгч: МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Зайран П.Ганболд

    4. Монгол Үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа (2014 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод хийх.)
    Илтгэгч: МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн дархан Удган Д.Энхжаргал

    5. Зохион байгуулах арга хэмжээнд оролцох бүтэцийн тухай
    Илтгэгч: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,
    Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун

    6. Цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийх

    Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ17

    МБНЭ-ийн гишүүдэд Монгол бөөгийн цол олгох тухай
    2014 оны 4 дүгээр сарын 18-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Монгол бөөгийн Их зайран цолоор
    1. Д.Одонхүү-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,
    2. П.Батжаргал-МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн
    3. Г.Болд-МБНЭ-ийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн
    Хоёр.Монгол бөөгийн Тэргүүн зайран, удган цолоор
    1. Н.Баярсайхан-МБНЭ-ийн гишүүн
    2. Г.Бат-Эрдэнэ- Бөөгийн Хөх тамгат байгууллагын гишүүн
    3. И.Болдбаатар-Мөнх тэнгэр өршөө төвийн тэргүүн
    4. Н.Дайрий-Бөөгийн “Голомт” төвийн гишүүн
    5. Ч.Догсмаа- Бөөгийн “Голомт” төвийн гишүүн
    6. Н.Нарангэрэл- ДЦЗ-ийн гишүүн
    7. О.Туул-ДЦЗ-ийн гишүүн
    8. Ч.Янжинсүрэн- ДЦЗ-ийн гишүүн
    9. Т.Одончимэг-Хяналтын цэцийн гишүүн

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    Монгол бөөгийн цол олгохоос
    түр татгалзах тухай
    2014 оны 4 дүгээр сарын 12-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүнтэй танилцахад Монгол бөөгийн Тэргүүн зайран Г.Өлзийхутагт Монгол бөөгийн Их зайран цол олгохоор санал хурааж 88.0 хувийн саналаар дэмжсэн байна. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн хувьд:
    1. МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгуудын дийлэнх буюу 60 хувьд оролцоогүй. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.7.-д заасан Дээд цэцийн гишүүний хүлээсэн “Гарсан бүхий л шийдвэрийн хэрэгжилтийг хангах.” Үүргээ биелүүлээгүй байна.
    2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажиллаж байна. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
    3. МБНЭ-ийн Дээд цэцээс гаргасан хандив өргөх тухай шийдвэрийг нэг ч удаа биелүүлж байсангүй.
    4. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүний хүлээсэн үүргийн дагуу Булган аймгийг хариуцдаг боловч тодорхой үр дүн гаргаагүй байгаа юм. МБНЭ-ийн дүрэмийн Дээд цэцийн гишүүний хүлээх үүргийн 5.12.3. заасан “бүх шатны байгууллагын үйл ажиллагаа ны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх.”, МБНЭ-ийн дүрэмийн 5.12.10.-д заасан Салбар байгууллагын үйл ажиллагааны улирлын тайланг сонсож хэлэлцэх, зөвлөмж өгөх. Зэрэг заалтыг биелүүлж ажилласангүй.

    Эдгээр шаардлагуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Монгол бөөгийн Тэргүүн зайран Г.Өлзийхутагт заасан шаардлагыг хангах хүртэл Монгол бөөгийн Их зайран цолыг олгохоос түр татгалзсугай.

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН АРВАНДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

    2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр. Дугаар 16. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцлээ.

    МБНЭ-ийн зарим гишүүдэд Монгол бөөгийн цол олгох тухай нууц санал хураалт, түүний дүн
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан