Category: Бидний тухай

  • зураг түүхийг авч үлддэг-8 Аав, ээжтэй хамт өнгөрүүлсэн сүүлчийн наадам

     

    Завхан аймгийн 80 жилийн ойд очлоо. Аав, ээж хоёроо амьд ахуйд нь нутагт нь очсон сүүлчийн аялал байв. Монгол Улсын Ерөнхийлөгч ч нутгийн баяртаа очсон байлаа. Улс орны аюулгүй байдлын мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид өдөрт 2 удаа илтгэдэг байв.

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны анхны даргаар томилсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн надтай хийсэн анхны уулзалт, мөчөө дурсав. Шинээр байгуулах ажлын алба болон бусад асуудлаар 10 үүрэг даалгавар өгсөн юм. Тэгээд, чи Завханд төржээ, нутгийн хүнээ томилжээ гэх байх даа гэж хэлсэн юм. Манай алба анх 8 хүнтэй эхэлж, хожим бараг нэг зуу орчим хүнтэй болтолоо өргөжсөн билээ. Бараг тэн хагас нь энгийн, тэн хагас нь цэргийн бүрэлдэхүүнтэй байв. Тиймээс цэргийн сургууль төгсөж зэвсэгт хүчинд зүтгэсэн, олон жил энгийнээр ажилласан туршлага хоёр гол сонгох шаардлага хангасан болов уу гэж хожим бодсон.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид ээлжит илтгэл өгөхдөө аав, ээжтэйгээ ирсэнийг илтгэсэн юм. Ерөнхийлөгч аав, ээжийн минь насыг асуугаад надад чөлөө өгч билээ. Аав, ээжтэйгээ төрсөн газраас нь эхлээд нүүдлэж, мал хариулж явсан, ан хийж байсан, гэр бүл болсон гээд бүх л газраар явсан юм. Энэ бол аав, ээж хоёрын амьд ахуйдаа хамтаа ирсэн сүүлчийн аялал байсныг мэдэрч байлаа. Аавын минь бага насаа өнгөрүүлсэн, 30 орчим жил амьдарч байсан Тэргэтийн давааны худаг дээр авсан зураг хамгийн содон нь байлаа. Тэгэхэд аав минь их удаан дурсамж бодож сууж билээ. Тэр мөчийн зургийг авч байхдаа би нутагт нь аваачсаны ач тус гарч байгааг анзаарсан.

    Нэг сонин тохиолдол байсан. Аав маань “Ямаа майлдаг”-ийн энгэрт бага насандаа мал хариулж явсан, бас үерхэж явсан үе тэнгийн найзаа дурсаж ярихлаар, би тийшээ чинь очье гэлээ. Тэгээд шууд машиндаа суугаад очлоо. Тэгсэн яг тэнд нь нөгөө найз нь мал хариулаад явж байх юм. Энэ бол 80 орчим жилийн дараах маш ховор уулзалт байж билээ. Нэг нэгнээ тэврэлдэн уйлан хайлан уулзах тэр мөчид гэнэтийн байдалд самгардсан би нэг ч зураг авч чадалгүй өнгөрсөн. Харамсамаар… Тэр өвгөний гэр нь тэндээс холгүй байж билээ.

    Нутгын андууд биднийг Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын хамт “мөстийн аманд” гэр барьж байрлуулсан юм. Насандаа үлдсэн хамгийн сайхан дурсгалт мөч байжээ. Нутгаас ирээд Аав минь 98, ээж минь 88 насандаа тэнгэрийн оронг зорьсон юм аа.

    Говьсүмбэр, Дорнод аймагт ажиллаж, аймгийн засаг дарга нартай авахуулсан зургаар энэ удаагийн түүхийг өндөрлөе.

    djmedia:44

     

                                             Д.Жаргалсайхан

  • ӨВӨРМОНГОЛД ӨНГӨРҮҮЛСЭН НАМРЫН НАЛГАР ӨДРҮҮД

     
    Замын хоёр талаар салхин сэнсэн цахилгаан станцууд ажиллана. Энэ жил хаяагүй бороо хуртай, өвс ногоо дэлгэрч халиурсан намар болж байна. Зуу гаран км яваад Сайханы талд очлоо. Эргэн тойрон өтгөн модон дотор хот сайхан харагдана. Энэ хотын дэргэдүүр хорин найман жил явж өнгөрчээ. Тэгэхээр хотын өөрчлөлтийг төдий хугацаанд харж өнгөрсөн хэрэг билээ. 
    Эндээс зүүн тийш эргэж Сүнэдийн баруун хошууг зорив. Цаг гаран хугацаанд яваад зорьсон хошууны хотдоо ирэв. Оройн хоолоо идчихээд бид хошууны төв театрт тоглох “Будран чулууны домог” бүжигт дуулалт драмын дуурийн тоглолт үзэв. Энэ удаагийн аялалд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, админ нар багтсан юм.
    Нутгийн чулууны домгоос сэдэвлэн бичсэн энэ зохиол хайр дурлал, ухаан бодол, эв нэгдэл, хамтын хүчийг харуулсан монгол уламжлал, дуулал, бүжиглэлт бүхий жүжиг байлаа. Тайзны засалт энгийн, хямд, жүжигчдийн хамралт төдий олон бус цомхон гээд олон зүйл содон байсан. Жүжигчдийн ур чадвар сайн, үг хэллэг цэвэрхэн монгол аялгатай байлаа. Дуулалт бүжгийн зохиолчийн шинэлэг, яруу санаа сайхан, монголчуудын тэнгэр үзлийн илэрхийлэл тод томруун харагдаж байлаа.
    Тоглолтоос шууд Хөвөөт шар хошуунд цаг гаруй хугацаатай яваад очиж, хоноглосон билээ. Цэлмэг багахан салхитай өглөө угтлаа. Хошууны төвөөс Хянхарваа буддагийн хийдийн зүг хөдлөв. Хошуунаас төдий хол биш зайнд Хянхарваа хийдийн дэргэд орших амралтын газарт ирлээ. Энд тахилгат овоо, амралтын газар байрладаг ажээ. 
    Амралтын газрын ард энэ хошууны тахилга үйлддэг гол овоо оршдог бөгөөд жил бүр тахилга хийдэг ажээ. Тахилгад зориулсан задгай цэнгэлдэх хүрээлэн байгуулжээ. Талбайн өмнө хэсэгт хар сүлдийг залсан харагдана. Энд монгол хоолоор зоог барьдаг бөгөөд хүний хөдөлгөөн зуны улиралдаа үл тасарна. 
    Үдээс хойш хошууны төвд очиж Монгол морины музей үзлээ. Өвөрмонголын нутагт байгаа адууны угшил, байршилт, шинж тэмдэг, нэршил, зүс, нутгийн онцлог, адууны хэрэгсэл, бүх төрлийн эмээл, хазаарыг тавьсан байлаа. Хамгийн гол нь сурагчдын хичээлд адууны тухай ордог бөгөөд энэ музейд бодит байдлыг нүдээр үзэж сонирходог байна. Угтаа бол ар монголд түүнээс илүү адууны түүх оршиж байгаа. Манайхан адууг мөнгө олох, алдар нэр хүртэх хэрэгслээс болгосноос биш ингэж бодит ажил болгосонгүй.
    Энэ өдрийн үдээс хойш монголчуудтай уулзаж, тэнгэр үзэл, байгаль хүний хоорондын харилцаа, нутаг орны онцлогын талаар харилцан ярилцаж өнгөрүүллээ.
    Бид эндээс Цахарын хоёр хошуугаар бууж мордсон билээ. Гол хурдны замын хоёр талаар бүтээн байгуулалтын бодит жишээ болсон хот, тосгод, байшин барилга, үйлдвэрүүд харагдана. 
    Бидний жолооч болох Одийн төрсөн тосгоноор оров. Тосгоны удирдлагын ордон, сургуулийн барилга, нэгэн загвараар баригдсан орон сууцны байшингууд, суурийнд бүхэлд нь авто замыг асфальтсан байв. 
    Тэндээс холгүй 15 км яваад Одийн эгчийнд зочлов. Төв замаас 100 м орших байшин хүртэл цементэн зам засаж өгчээ. Ойрын арваад жилд Өвөрмонголын малчин айлд орж үзээгүй байсан болохоор надаа сонин содон санагдсан. 
    Тэднийх хувийн эзэмшилийн томоохон газартай, тиймээс 200 орчим үхэртэй айл бөгөөд их малтай айлд тооцогдоно. Эргэн тойрон элсэрхэх хөрс, бүтлаг ургамалтай билчээр харагдана. Нэг үхэр 1200 юаны үнэтэй болохоор мал маллавал ам тосдоно гэдэг үг энд утгаараа байв. Малчин айлд ааруултай сүүтэй цайгаар зочлуулав.
    Бид 30-аад км яваад Сүндэдийн зүүн хошуу очив. Энэ хошуу байгалийн баялагтай тул хөгжил хурдтай явагдаж байгаа гэнэм. Орчин үеийн хэлбэр загвараар шинэ хот сүндэрлэн байгуулагдаж байгаа ажээ. Хотын зүүн хэсэгт наадмын талбай, тэмээний сүрлэг, том хөшөө, зүүн хойд гүвээний оройд тахилга хийх овоо босгосон байв. Оршуулгын газар байсан газарт овоо босгосон нь тахих хүндрэлтэй байдаг бололтой.
    Үдээш хойш Зүүн сөнөд хошууны соёлын төвөөр орж үзэв. Дөрвөн давхар барилгад уран бүтээлчид өөр өөрийн өрөөтэй, яг театрын тайзтай ижил хэмжээтэй дасгал хийх тайз, гэрэлтүүлэг, чимэглэл, дууны иж бүрэн тоноглолтой.
    Уран бүтээл хийх, дасгал хийх бүрэн боломжтой. Бид уран бүтээлийн тоглолтын дасгал хийж байгаа хамт олны сургуулалтийг үзэж сонирхов.
    Эндээс 100 гаруй км яваад Эрээн хотдоо эргэж ирлээ. Энэ удаагийн явалт шинэ, шинэ найз нөхөдтэй танилцуулж, олон шинэ мэдээлэл сонсож, тэнгэр үзэл, бөө мөргөлийн байдлыг газар дээр нь үзэж сонирхох боломж олгосон билээ.
    Хамтарч ажиллах боломж, тахилга тайлга хийх бололцоог судлаж, монгол түмэнтэйгээ уулзсан сайхан явалт байлаа. Хэзээ нэгэн цагт бидний нэгэн хэсэг байсан болохоор уул, тал нь танил, нэр ус нь сэтгэлд ойр, бүх зүйл танил мэт сэтгэгдэл төрж байлаа.
    Бидэнд ийм боломж олгосон Ганзориг, түүний гэргийд баярлалаа. Бид ийм бүрэлдэхүүнтэй дахин явах боломж байхгүй л болов уу. Бидэнд нэг дутагдал байдаг. Боломтой үед уулзаж, санал бодлоо солилцож, тэр болгон олны дунд яригдаад байдаггүй зүйлээ асуугаад авах бололцоог ашиглахдаа тааруу байдаг. Ийм байдал бас л давтагдав.
    Д.Жаргалсайхан

    djmedia:43

     

  • Зураг түүхийг авч үлдэнэ-7-2003 Төрийн ордны шувуу ба Далай доктор

    Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанд Завханы төлөөлөгчидтэй уулзаж байх үеийн зураг юм. Дараа нь Завханы төлөөлөгчидтай зусланд, Их тэнгэрийн цогцолборт дурсгалын зураг авахуулжээ. Төв талбай дээр Баян-Өлгий аймгийн төлөөлөгч нартай уулзаж, хамтдаа зургаа даруулжээ. Өнөөгийн аймгийн засаг дарга тэдний дунд зогсоно. Миний ажлын цар хүрээ өргөн байжээ.
    Халх голын ялалтын баярт оролцохоор ирсэн ОХУ-ын залуучуудын төлөөлөгчидтэй цэргийн музейд хүлээн авч уулзаж байсан дурсгалт мөчөө санаж байна.
    Гадаадын Монголч эрдэмтэдтэй хамт хоол идэж, харилцан саналаа солилцож байсан зураг харагдана. Олон сайхан эрдэмтэнтэй уулзаж ярилцсан билээ. Монгол судлалын асуудал бол нэн чухал сэдэв.
    Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албыг анх байгуулж байхад найман хүнтэй байсан юм. Тэр хэдтэйгээ чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлж байсан ховор боломж зурганд үлджээ. Ажлын төлөө төрсөн Ганбаатар гуай дуртай ажил сонин уншсан шигээ сууж байна. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Готовыг шинэ албанд томилогдоход үдэх ажиллагаа хийж байна. Дөрвөн нарийн бичгийн даргатай хамтран ажиллажээ.
    Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын төрийн тамгаа авах ёслолын ажиллагаа, түүнд зориулсан урлагын тоглолтод оролцжээ.
    Эцэст нь тэр үед тэтгэвэртээ суучихсан байсан хурандаа Тогоод генерал цол олгох ажиллагааны төгсгөл, төрийн ордонд хамтдаа зургаа үлдээжээ. Тэтгэвэртээ суучихсан хүн генерал болж, шинэ шинэ албан тушаалд дэвшсэнн мөч бол хамтын зүтгэл байлаа. Олонхи хүмүүс түүнийгээ мартдаг юм. Амьдрал юм чинь байх л асуудал даа

    djmedia:42
  • МБНЭ-ыг тараах санал хэнд хэрэгтэй юм бэ?

    Бямбадорж зайрангийн удирддаг “Дүнгэр” бөөгийн төв байгуулагдаад 15 жил өнгөрч байна. Бурхан халдунд хийсэн бөөгийн төрийн тахилгад толгойлж бөөлсөнөөрөө түүхэнд тодорч үлдсэн. Төрийн ажил хариуцаж байсны хувьд бичихэд, “Төрийн зайран” гэдэг цолыг сүнс Одгэрэл гэдэг ганц залуугийн гарын үсэгтэй, гоёмсог гэрчилгээгээр олгосон. Угтаа бол төр нь Д.Бямбадорж зайранд ийм алдарыг албан ёсоор өгчихөд буруутахгүй. Голдуу “Ээж мод”-н дээр олон бөө цугларахыг тохиолдуулан бөөлөлтөө хийдэг. Түүнийг нь олон түмэн мэддэг болсон. Өөрийг нь “давсан” ажил хийх гээд байгаа байгууллагын эсрэг үе үе хор найруулах гээд байдаг гэм бий. Энэ байгууллага хэд хэдэн томоохон цар хүрээтэй ажил зохиосон. Бөхийн өргөөнд яруу найргын цэнгүүн хийж байсан ч харамсалтай нь бөө нар оролцдоггүй, дэмждэггүй, мэдэхгүй өнгөрсөн.
    Өнөөдөр хамгийн их гишүүнтэй “Язгуур шүтээн” бөөгийн байгууллага, удирдагч нь зайран Хурцжавхлан нь 4600 гишүүнтэй гэж зарладаг боловч бодит байдал дээр шавийн шавь ороод 8000 орчим гишүүнтэй байна. Жил бүр мянга давсан шавь төрүүлдэг байснаа чанаржуулж, ихэд цөөлсөн. Зөвхөн түүний шавь Алтанчимэг удган гэхэд Өмнөговь аймагт сумдыг оруулаад 700 орчим, Дархан, Бага нуур, Улаанбаатар хотыг оруулбал 1000 орчим шавьтай болжээ. Хэдий үйл ажиллагаа нь царцаж байгаа ч жилдээ 100 орчим шавь шинээр төрүүлсээр байна.
    “Тэнгэрийн сүлдэр” бөөгийн байгууллага, удирдагч нь зайран Оюунбаатар, 15 жилээ тэмдэглэх үед 2000 орчим гишүүнтэй гэж ярьж байсан. Зүүн аймагт буриад бөөгийн олон сүм байгуулж, түүндээ зуны улиралд олон зуугаар нь бөө босгож, “чанар” хийж сургалт явуулдаг. Бие даасан ажиллагаа явуулах сонирхолтой. Нэгдэж ажиллахыг хүсдэггүй.
    Талийгаач зайран Зоригтбаатарын бөөгийн төв, хотын хүний хөл ихтэй газар байрладаг, бөөг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. МБНЭ-ийн гишүүн, хэдэн жилийн өмнө Францад олон улсын арга хэмжээнд оролцоод буцахдаа гаалийн байгууллагад нь бөөгийн эд зүйлсээ хураалгахад манай байгууллага туслаж, буцааж авч өгч байсан. Одоо ч гэр бүлийн хүн нь МБНЭ-ийн гишүүн, бидний ажлыг дэмжиж байдагт баярлаж явдаг.
    Өнөөдөр 100 гаруй бөөгийн нэртэй шашин болон төрийн бус байгууллага, бие даасан долоон мянга орчим бөө ажиллаж байна. Тэдгээр бөөгийн эдгээр байгууллага, бөө нар нь хэрэг дээрээ зан үйл явуулахаас хэтэрдэггүй. Байгуулага толгойлдог нэг нь гартаа тамга атгаснаараа онцлог гэлтэй.
    “Гэрлийн өргөө” гээд бөөгийн арга хэмжээ хэд хэдэн удаа зохион байгуулсан. Голдуу гадаадад бөө, өөрсдийгөө сурталчилдаг.
    Нөгөө нам нэр авах гэсэн чинь ихэнх нэрийг нь хүн өмчилсөн байсан гэдэг “онигоо”-той адил, бөөгийн 100 гаруй байгууллагын нэрийг ганцаараа авчихсан зарж, худалддаг нэгэн ч бий.
    Эдгээрийн араас бие даасан хувь хүмүүс олон бий. Аянга удганы удирдсан үйл ажиллагаа бий. Мөн л гадаад талдаа илүү анхаарсан үйл ажиллагаа явуулдаг.
    Сүхбаатарын талбайд бөөгийн жагсаал хийсэн удган Өөдөө, удган Хишигжаргал нарыг ажиллагаа түүхэнд үлдэнэ. Саяхан бөөгөөр улс төрийн ажиллагаа явуулж олон улс төрчдийг тэнгэрт мэдүүлэх ажиллагаа хийснийг олон түмэн мэддэг. Тэр хоёр гэхэд тус тусдаа 600 орчим шавьтай.
    Бие бие даагаад ханцуй дотроо залбираад, амин хувиа хичээгээд явдаг бөө нар гэвэл 10000 гарч байгаа. Санаа оноогоо нэгтгээд хамт олон болоод зүтгэе гэсэн нь цөөхөн. Болж өгвөл би, би гэж цээжээ дэлдэх, байгууллага байгуулчих санаатай хүн олонтой. Гэвч байгууллага байгуулаад нэгтгээд аваад явахад тун хэцүү, чадахгүй.
    МБНЭ-ийг тараахыг хүсэгчид тэдэн дотроос хашгардаг. Яагаад вэ. Монгол бөөгийн төлөө нэгдэж, хүчирхэг байгууллага байгуулах сонирхол тэдэнд алга байна. Тэд байгууллагын өмнө харилцан хариуцлага хүлээж ажилахад бэлэн биш байна. Тэгээд нийгмийн дунд хариуцлага хүлээхээс эмээж, өөрсдийн дураар байж, чөлөөтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Чухамхүү тэдэн дотор олон зуун шавьтай багш-бөө, шавь төрүүлээд зугтаадаг, хариуцлага хүлээдэггүй бөө нар бий.
    МБНЭ-д бол бөө судлалын сан байна. Бөө нарын мэдээлэл төвлөрч байдаг. Тэнд бөөгийн нэрээр бизнес хийгчид дэндүү тодорхой болж байгаа. Иргэдийн гомдолоор хаяг, байршилаа сольж, бөөгөөр бизнес хийгчдийн нэр улам бүр тодорхой болж байна. Аль нэгэн байгуулагад харьяалагдаж, хариуцлага хүлээхийг хүсдэггүй, чөлөөтэй ажилладаг, бөөгөөр бизнес хийгчид олон байна. Тэд л олон хүний амьдралаар тоглож, “хоол”-оо олж иддэг амар аргаасаа холдохыг хүсэхгүй байгаа. Тэгээд бодлоготой, цэгцтэй ажиллаад байгаа МБНЭ-ийг тараахыг уриалаад байгаа юм. Мөн “Цэрэн бөө, Чинбат бөө” шиг “МБНЭ тараамаар байна.” гэж байнга бичээд байдаг. Энэ л үйлдлээрээ тэд бөөгийн түүхэнд нэрээ үлдээнэ.
    Монгол бөө-д МБНЭ байгуулах үед үүссэн нөхцөл маш хүнд байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл “бөө”-г хаах тухай ярьж байхав. Миний бие “МБНЭ-ийн байгуулагдах үеийн нөхцөл байдал” гэдэг өгүүллэгт бүхнийг ил тод бичсэн. Нэрийнх нь эхний үсгийг голдуу тавьсан байгаа. Бөөгийн нэр барьж залилан хийсэн, өршөөлийн хуульд хамрагдсан 300 гаруй “бөө” нэртэн байна. Одоо залилангийн хэрэг хилийн гадна шилжсэн. Хилийн гадна ийм зүйл хийсэн “нүгэлтэнгүүд” олон.
    МБНЭ нь 2000 орчим хатуу гишүүнчлэлтэй. Энэ байгууллагад бөөгөөс гадна Тэнгэр шүтлэгтэнгүүд гишүүнээр элсэж болдог. Байгуулагдаад таван жил болж байна. Өөрийн дүрэмтэй, Бөөгийн цол олгох, шагнал олгох журамтай, гишүүнээр элссэн бөө нарын мөрддөг “Монгол бөөгийн ёс зүй”-тэй, Монголд тэнгэр үзлийг дэлэгрүүлэх зорилго бүхий “Монгол бөөг хөгжүүлэх 15 жилийн стратегийн төлөвлөгөө”, түүнийг хэрэгжүүлэхээр жил, жилээр төлөвлөгөө гарган Дээд цэцийн хуралдаанаар баталж, Мөнх тэнгэрийн цаг тооны бичигт оруулж тараадаг. Нэгэнт байгууллага учраас дотооддоо нууцлах зүйл бий. Гэхдээ өнөөдөр манай байгууллага шиг хамгийн ил тод ажилладаг бөөгийн байгууллага байхгүй. Бид сурталчилгааны бодлогоо чанд баримталж ажилладаг.
    МБНЭ-ийн mongolianshaman.com сайтыг дэлхийн 46 орны 80 мянга орчим иргэд үзэж, сар тутам гадаадын 5-аас дээш иргэд МБНЭ-д ирж уулзаж байна. Бид сурталчилгаагаа зөвхөн бөө гэж явцуурдаггүй, Тэнгэр шүтлэгтэн, сонирхогч нарт зориулдагыг мартаж болохгүй.
    “Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл” фейсбүүк нь 110 гаруй мянган уншигчидтай болсон. Youtube-д кино мэдээлэл “mongolianshaman1,2,3….75 дугаараар тавигдсан байгаа.
    Манай байгууллага ийм ил тод ажиллаж байна. Ийм үр дүнд хүрчихээд Цэрэн бөө, зайран Чинбат нарын гэсэн хүний уриалгаар МБНЭ тарчихна гэж үү. Үгүй юм аа.
    МБНЭ-ийн үйл ажиллагааг саармагжуулахаар ижил нэртэй олон фейс-үүд ажиллаж, манай мэдээлэлд ороход төөрөлдүүлж, саад учруулж байна. Бас цөөнгүй удаа сайтыг устгах гэж оролдсон, одоо ч үргэлжилсээр байгаа. Нөгөө талдаа бөөгийн олон сувгуудын мэдээлэл замбараагүй, элдэв нэр төр гутаасан, бүр эцэсдээ бөгсний явдалаа тоочсон олон түмнийг жигшээсэн байдалд орж явчихлаа. Үүгээр зогсохгүй Оросын Буриад, Өвөрмонголд шившигээ тарьсан байдалд ч хүрэв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД Хоёр

    Хорин таван жилийн хугацаанд Монгол нутагт байгуулсан Христийн сүм хийдийн тоо 300 жил оршин тогтнож бүтээсэн Буддагын шашны сүм хийдийн тооноос давж 600 гэсэн тооруу дөхөж байна. Юун их хөрөнгө мөнгийг Монголын тал нутагт зарцуулна вэ? Тэд яагаад энэ нутгийн эзэн мэт улс гүрэн дунд дураараа сэлгүүцэн ажиллана вэ? Та тавхан алхаад л Христийн гоёмсог хийд сүндэрлэн боссонтой таарах болно. Хамгийн ашигтай газар, хамгийн сайхан байрлалд Христийн сүм байраа эзэлжээ.
    Их эзэн Чингис хаан, түүнээс хойшхи их хаадын үед түүхийн бичигт Монгол улсын нийслэл Хархоринд Будда, Христ, Лалын болон бусад шашны 12 сүм хийд байсан тухай мэдээ өнөөдрийг хүрж иржээ. Нөгөө Монгол төрийн бодлого хаана байна. Дэлхийн 200 орчим улсад бөө байдаг. Тэд өнөөдөр онгон байгаль, үндэс уламжлалаасаа салснаараа онгодын хүч чадлаа алджээ. Тэдний энэхүү түүхэн сургамжийг бид давтах учиргүй. Урьдчилан сэргийлж тэмцэх ёстой.
    Биенээс нь махыг нь өмөх тастан авч, сэтгэлээс нь монгол гэсэн бүхнийг баллуурдан арилгаж байхад хэний ч бие шархиран өвдөнө биз дээ. Монголын мөнх тэнгэртэнүүд нэгдэж байна, Монголын бөө нар нэгдэн залбирч байна. Монгол бөө нар онгон байгаль, өвч дэлхийгээ хамгаалах их тэмцэлд нэгдэж байна.
    Монгол бөө цэгцлэгдэх нь нэн чухал үйл явц бөгөөд бөөгийн нэр хүнд өссөнөөр бөө шүтлэг нь цэцэглэн дэлгэрч зон олны минь ажил үйлс арвижан дэлгэрэх сайхан цаг үе ирэх болно. МБНЭ-ийн гишүүдээс өөрсдийн түүхэн үүргээ гүнзгий ухаарч зохион байгуулж байгаа ажилдаа идэвхтэй оролцохыг хүсч байна.
    Бид ийм цаг үед урсгалаараа явж болохгүй. Өсөн дэвжихийн тулд бид зорилт, төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай боллоо. Бидний гаргасан томоохон баримт бичиг бол МБНЭ-ийг хөгжүүлэх арван таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх “МБНЭ-ийн стратегийн төлөвлөгөө” байлаа. Энэ баримт бичигт:
    -Монгол Бөөгийн Ёс Зүйг боловсруулан батлах, хэрэгжүүлж мөрдөх
    -Монголын бөөг Олон улс болон Төр засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн, бөөгийн төв байгууллага болгох зорилт,
    -Төрийн бодлоготой уялдуулан боловсруулсан, Монголд аялж ирсэн жуулчид заавал үзэх газрын нэг болсон “Монгол төрийн төлөө амь насаа зориулсан баатруудийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулах зорилт юм. Энэхүү хүрээлэнг гадаадын жуулчид үзээд Монгол орны юуг хаанаас үзэх, дэлхийд монголчуудын бүтээсэн түүхийг сонирхох газар болгоно. Энэ бол төртэй хамтран хийх бидний томоохон бүтээн байгуулалт юм.
    -Монголын тэнгэр үзэл бөө мөргөлийн цогцолбор байгуулах санааг дэвшүүлсэн. Энэ бол нүүдлийн соёл иргэшил, түүний гол номлол болсон Мөнх тэнгэрийн үзэлийг сурталчилах төв байгуулах зорилт юм.
    Үүнийг бүтээн байгуулахад гадаадын монголд сэтгэлтэй хүмүүстэй хамтран хийх зорилт тавьж ажилласан.
    Монголчууд бидний, тухайлбал ойворгон сагсуу, өөрсдийгөө боловсруулаагүй, хэт үндэсэрхэг үзэлтэй залуучууд, нөгөө талдаа зориуд зохион байгуулсан байж болох сөрөг ажиллагааны үрээр олж ирсэн хөрөнгө оруулагчыг үргээж орхисон. Гэвч бид шантрахгүй энэ чиглэлээр цаашид ажиллах болно. Цогцолборын салшгүй хэсэг Мөнх тэнгэрийн бөө мөргөлийн музей байгуулах саналаа Монгол Улсийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэвшүүлсэн боловч дэмжлэг аваагүй юм. Бид саналаа боловсруулахдаа орон нутагт болон улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа олон арван бөөгийн хуяг, хэрэгсэлийг нэгтгэн үзмэрт тавьж ашиглах санал дэвшүүлсэн юм.

    Бидний тулгамдаж байгаа асуудал бол оффисын байр билээ. Монгол Улсын хуулинд зааснаар ихэнхи газар, шашны үйл ажиллагаа хийхийг хориглосон нь Монголын тэнгэр шүтлэгтэн, Монгол бөөд илүү бэрхшээлийг тулгаж байна. Бид ихэнх хурлаа ресторанд хоол идэх, үргэлжлүүлээд хурлаа хийх хэлбэрээр зохион байгуулж байгаа.
    Нөгөө талдаа Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлд сүм хийд байдаггүй нь бидний хувьд давуу тал болж байна. Монгол бөө бол олон мянган жилийн турш гэрийн онгодоо амьдарч байгаа гэртээ авч явж ирсэн түүхэн уламжлалтай. Бид бодлогоо боловсруулахад, хамтын шийдвэр гаргахад, нүүдлийн соёл иргэншлийн нэн чухал орхигдошгүй хүчин зүйл болсон мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл соёлын өвөө хамгаалах хадгалах хөгжүүлэхэд зайлшгүй удирдан зангидах төв байгууллага, судалгааны газар зайлшгүй хэрэгтэй юм. Ялангуяа соёлын өвөө бага, багаар сугалуулан бусдад алдаж байгаа энэ үед улам ч ач холбогдолтой болж байна.
    Онгодын өргөө бол өвөг дээдсээс бидэнд өвлөгдөн ирсэн шүтээний салшгүй нэг хэсэг мөн. Монгол бөөгийн байгууллагын стратегийн зорилтын дагуу бид бодлогоор онгодын өргөөг гурван хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж, хэрэгжүүлж ирлээ.
    1. Сонгодог хэлбэрээр босгосон онгодын өргөөнүүд байна. Энэ бол олон талаар урлалын дээд хэлбэрийг өөртөө шингээсэн байдаг. Ийм өргөөнд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт зочилсон юм.
    2. Жирийн онгодын өргөө юм. Улаач хүний онгодоо байрлуулсан, амьдардаг хашаа бусдаас илүү тохижилттой,үлгэр жишээ байхаар зорилт дэвшүүлсэн. Бидний онгодын өргөөнии тоо арван мянга давлаа.
    3. Сумдад онгодын нэгдсэн гэр өргөө байгуулах хэлбэр байна. Энэ нь багшийн удирдлага дор, эсвэл галаараа нэгдэн онгодын гэр байгуулах санаачлагууд байна. Энэ бол дэмжиж, хэрэгжүүлэх ажил юм.

    Бид хорин нэгэн аймагт ажиллаж олон мянган улаач нартай уулзлаа. Манай тулгамдаж байгаа асуудал бол хээрийн онгодын асуудал мөн. Хээрийн онгодыг хамгаалахын оронд тонох явдал нэг хэсэгтээ хавтгайрсан. Гэвч тэнгэрийн үйлийн үрээр ийм үйл хийсэн улаач нар шийтгэлээ эдэлж байгааг та бүхэн амьдрал дээр харж байгаа. Зарим нэг залуучууд атаа чөтөөний зорилгоор хээрийн онгодод халдчихаад гадаадад гарсан тохиолдол бий. Онгод тэнгэр догширвол хаа ч байсан очдог аюултай. Тиимээс залуучуудад сургамж болгон хэлэхэд биднийг хийж, бүтээснийг гадныхан хамгаалахгүй, бид өөрсдөө л хамгаалах болно гэдгийг мартаж болохгүй.
    Хээрийн онгодоо хамгаалах зорилт бол ариун байгалиа хамгаалах зорилтын салшгүй нэг хэсэг мөн. Олон зуу мянган жил оршиж ирсэн хээрийн онгодод хэн ч халдаж чадахгүй, харин байгууламжид халдах явдал бий. Учрийг нь мэдэлгүйгээр хээрийн онгодын байгууламжид халдах нь нэн аюултай юм.
    МБНЭ-ээс гаргасан бодлогын чанартай “Овоонд хадаг өргөх, ногоон бүсийн модонд хадаг уяхгүй байх, Монгол хүний толгой дээр суврага залахгүй байх” шийдвэр гаргасан.
    Бөөгийн хуяг дуулгыг уламжлалт хэлбэрт оруулахад анхаарч ажиллаж байна.
    Бид ДЦХ-аар 12 дугаар сард багтаан жилийн төлөвлөгөөгөө батлан гаргадаг. Энэ нь улаач нар ажлаа эртнээс төлөвлөхөд ач тусаа өгөх зорилготой юм.

  • Зураг түүхийг авч үлдэнэ-6 Таван толгой дахь байлдааны буудлагатай хээрийн сургууль

    Бүх төрлийн зэвсэг оролцсон байлдааны сургууль бол өнөө цагийн Зэвсэгт хүчний сүр хүч, үйл явдлыг харуулах бахархалт зүйл. Сургуулийн дараа үйл ажиллагааны дүнгээ гаргаж, тэргүүний хүмүүсээ урамшуулж шагнадаг. 
    Энэхүү арга хэмжээний дараа Зэвсэгт хүчний марш-тактикын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон билээ. Тэгээд дүнгээ гаргаж, шагнал урамшлыг нь Хүүхдийн паркын спортын хүрээлэнд гардуулсан. Тэр үедээ манай Монголд байсан цөөхөн, сайхан спортын хүрээлэнгийн нэг зурганд ийнхүү үлджээ. 
    Миний эргэн тойронд цэргийн албанд хамт зүтгэсэн найз нөхөд сууна. Олон жил хамт зүтгэсэндээ. Гэхдээ одоо бол зарим нэг нь огт танихаа больж, харангуутаа зугтаадаг болсон байна лээ. Би өөрийгөө анзаардаг юм. Өмссөн зүүсэн яг хэвэндээ, ганцхан надаас албан тушаал холдчихсон юм билээ. 
    Монгол цэргийн хар сүлдний тахилга Таван толгойд хийгддэг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн энэхүү ажиллагаанд оролцож буй зураг байна. Бас хүндэт харуул эгнэн жагсжээ.
    Энэ удаагийн зургаа Сүхбаатарын талбайд хийгдсэн БХИС-ын төгсөлтийн ажиллагаанды зураг байна. БХИС-ын захирал хурандаа Жалбажав ёслолын ажиллагааг удирдав. Хожим тэр хошууч генерал болсон билээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:38
  • БАЙГАЛЬ ИД ШИДЭЭ ХАРУУЛСАН ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА

    Жилээс жилд өргөжин тэлж байгаа Даланзадгад хотын хөгжилтэй танилцах, барилга байшин, хөшөө дурсгалыг үзэж сонирхохоор нэг хэсэг нь явна.
    Шинэ өглөө МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан,Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Даланзадгад хотын бөөгийн удирлагч, Монгол бөөгийн удган Байгалтөгс, Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Бор нар хамтран тахилга хийх газраа шинжин сонгох ажил хийсэн билээ.
    Говь гурван сайхан хайрханы баруун, зүүн урд, урд хэсэг өнгөрсөн зууны эхэн хагаст олон мянган хүний алтан амийг энгэртээ шингээсэн хэлмэгдлийн хар мөрийг үлдээсэн болохоор энэ л газруудад тахилга хийх боломжгүй байв. Тиймээс зөвхөн хайрханаас зүүн хойд талаас Алтай нуруу, Ац богд, Таван толгой, Оюу толгой, Хан богд, Шилийн богд, Хөх уулыг холбон тахиаар Нэгдсэн тахилга газраа сонгосон болно.

    Хоёр. Энэ өдрийн Хар ба цагаан

    Аливаа үйл хар цагаан өнгө, үйлээс бүтдэг. Тахилгын газар ирсэн хоёр дах өдөр Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар, МБНЭ-ийн Их говийн нэгдсэн тахилгыг удирдан зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан, Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Монгол бөөгийн удган Байгалтөгс, Монгол бөөгийн удган Урнаа нарыг хүлээн авч уулзсан билээ. 
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан аймагт хийж байгаа нэгдсэн тахилгын зорилго, ач холбогдол, хийгдэж байгаа үйлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн.
    Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар тахилга зохион байгуулж байгаа улаач нарын үйлд амжилт хүсч, бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэгээд ч боломжоороо тусласан билээ.
    Их говийн нэгдсэн тахилгыг удирдан зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар Өмнөговь аймгийн телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгч, тусгай зар түгээхээр болсон.
    Аймгийн төвөөр тахилгад оролцогчид автомашины цуваа татуулан Нэгдсэн их тахилгыг нийтэд түгээх ажил хийсэн билээ. Энэхүү ажиллагааг МБНЭ-ийн Залуучууд идэвхтэй сайн зохион байгуулсан. Үдээс хойш нэгдсэн их тахилгад оролцохоор ирсэн олон “Тэнгэрийн улаач” нар чөлөөтэй хуяглан бөөлсөн билээ. Энэ өдрийн цагаан тал бол энэ байсан. 
    Бас хар тал ажиглагдсан, тэр нь их тахилгын дунд бөөгийн өөр байгууллагад элсэхийг сурталчлах нэгэн байлаа. Нүүрэндээ инээмсэглэлээр дүүрэн байвч цаанаа өөр зүйлийг хүсэмжлэгч нь цагтаа эвлэлийн бүх л шагналыг хүртэгч байсан. Гэхдээ тэр хүн олны итгэлийг дааж чадсан бол энэ тахилга тасралтгүй гурван жил дараалан хийгдэх байсан. Бас байгууллагын гишүүдийн эгнээ өсөх байсан. Нэгэнт ажил хийж чадахгүй бол чаддагтаа ажилаа өгч байдаг нь түмний ёсон билээ. 
    Бусдын хийж байгаа ажил дээр өөр байгууллагыг сурталчилах нь байж болох зүйл ч зарим зүйлд ёс зүй гэж бий. Тэр ёс зүйн хэмжээг баримталж сурах шаардлага бий. Хүн тэр ёсыг дагадаггүй байж болно, харин тэнгэр тийм зүйлтэй хариуцлага тооцож байдаг. Энэ өдрийн хар, цагаан ийм учиртай байлаа.

    Гурав. Цэлмэг тэнгэрт үүл хуримтлуулж, цахилгаан цахилуулж, хур бороо, үер буулгасан Их говийн их тахилга

    Их говийн нэгдсэн тахилгын өглөө тэнгэр үүлгүй цэлмэг байж, наран мандах мөчид Морин хуурын эгшиг цуурайтан, Монгол ардын уртын дуу эгшиглэж, түүнийг залгаад Өвөр хангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав нь Нарны тахилгад толгойлон бөөлсөн билээ. Түүний бөөлөлтийн хэв маяг давтагдашгүйөвөрмөц байсан. Түүний араас залуучуудаа, мөн нутгаа төлөөлөн, Монгол бөөгийн зайран Төгөлдөр орчин цагийн хэв жаягаар бөөлсөн байна. 
    Говийн нэгдсэн Их тахилгын хамгийн чухал, хариуцлагатай хэсэг болох Хайрханы тахилгыг Монгол бөөгийн их зайран П.Батжаргал дангаараа толгойлон бөөлж, их хариуцлагыг нуруундаа тээсэн билээ. Их хэнгэргийн дуун агаартаа цууриатан уламжлалт Тува бөөгийн өвөрмөц хөдөлгөөн олны анхааралд оров. Салхины хурд нэмэгдэж, Их тахилгын суурь тодорч ирлээ. 
    Уламжлалт бөөгийн хэв жаягаар Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн дархад бөөгийн хэв маяг, бичихэд ч үг дутамаар уян налархай, утга төгөлдөр, маш өвөрмөц бөөлөлтийг хийж, Их говийн нэгдсэн тахилгын ЛУСын тахилга эхэллээ. Түүний бөөлөлт өөрөө сэтгэл омогшим уян налархай, өндөр хэмнэлттэй өвөрмөц байж чадсан. Цэлмэг тэнгэрт тахилгын дээр үүл хуримтлагдаж, улмаар хурын хар саарал өнгийг өөртөө илэрхийлж ирлээ.
    Түүнийг дагалдан залуу улаач, Өмнөговь аймгийн төлөөлөл, Монгол бөөгийн зайран Б.Энхбаатар толгойлон бөөлсөн билээ. Тавьсан идээ, тахилгад өргөх зүйл нь нутгийн онцлог, зан заншилийн өвөрмөц содон байдлыг тусгаж байлаа. Залуу зайран орчин цагийн хэв загвараар бөөлсөн.
    Говийн нэгдсэн Их тахилгын Тэнгэрийн тахилгад Өмнөговь аймгийн уугуул, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа толгойлон бөөлсөн. Буриад бөөгийн угшил шингээстэй, халх бөөгийн хэв шинжийг өөртөө агуулсан орчин цагийн хэв маягаар бөөлсөн. Задын бөөлөлтийн агуулгыг өөртөө шингээсэн нь ажиглагдаж байлаа. Түүнийг дараа Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бор толгойлон бөөлсөн. Түүний бөөлөлт орчин цагийн зан үйлийг өөртөө шингээсэн харагдаж байлаа. Харин Монгол бөөгийн удган Урнаагийн бөөлөлт нэг л болж өгсөнгүй. Бэлтгэл тааруухан байсан. Бөөлөлт ч богинхон хугацаанд болоод өнгөрөв. Цаашид анхаарах шаардлагатай. 
    Их үдийн алдад гол тахилгууд өндөрлөмөгцих салхи хуйлран босч, эргэн тойрон хуйнууд эргэлдэж, яах ийхийн зуургүй бороо шааган орсон билээ. Өмнийн говийн ганг тайлан их хур бороо шааган асгарав. Бидний дээр асгарч байсан бороо аажимдаа шилжиж аймгийн төв Даланзадгад хотын дээр очив. Аянга нижигнүүлэнбороо асгаж, үер урсуулав.
    Өдрийн наран шингэх агшинд Галын их тахилгаэхэлсэн. Хур борооны дараа Даланзадгад хотоос Нэгдсэн их тахилгын зүг автомашины цуваа тасралтгүй хөвөрнө. Тасралгүй цувах автомашины цувааны гэрэл алсаас тод харагдана. 
    Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгад Өмнөговь аймгийн уугуул, Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамазагд толгойлон бөөлөв. Уламжлал бөөгийн залуу халаа хэрхэн бэлтгэгдэж байгааг харуулж чадсан бөөлөлт байлаа. Хэнгэргийн дуутай зэрэгцэн аянгийн нүргээн хүч түрэн бууж байлаа. Түүнтэй хамт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бөөгийн зөвлөлийн удирдагч Байгальтөгс бөөлсөн билээ. Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгын хаалтын бөөлөлтийг хийх хариуцлагатай үүрэг түүнд ногджээ. 
    Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилга эхлэх мөчтэй хамт бидний эргэн тойрныг бүчин говийн үер орж ирсэн билээ. Тэнгэрийн үйл амжилттай болсоныг илтгэн савдаг, лус хүчээ авч байгал дэлхийд хураа хайрлав. 
    Цэлмэг тэнгэрт үүл хураан зангируулж, цахилгаан цахилуулж, тэнгэр дуугарч, аянга бууж, хур бороо хайрлаж, газар тэвтээсэн, ган тайлсан ид шид үзүүлсэн Говийн нэгдсэн Их тахилга амжилттай болж өнгөрлөө. 
    Говийн нэгдсэн Их тахилга бөө нарын хамтын хүчийг илэрхийлсэн, ид шидийг үзүүлсэн гайхамшигтай сайхан болж өнгөрлөө. Тэнгэрийн Улаач нарын хамтын хүчний мөн чанарыг илэрхийлснээрээ энэ тахилга онцгой ач холбогдолтой байлаа. Бид хүчээ нэгтгэвэл ямар их хүчийг нийгэмд үзүүлж чадахыг жинхэнэ утгаараа харуулж чадсан. Аугаа их эзэн Чингис хаан Тэнгэрийн улаач нар хүчийг нэгтгэн ашиглаж байсан тэр дурсамжийн зах зухыг бид сэргээн үзүүлж чадсан. Бид хүчээ нэгтгэвэл юунд хүрэхийг ч харуулж чадсан. 
    Ганц бөөгийн дуун газартаа үлдэнэ, олон бөөгийн хамтын залбирал тэнгэртээ хүрдэгийн бодит жишээ энэ тахилга харуулж чадлаа.
    Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болтугай.

    djmedia:35
  • Зураг түүхийг авч үлдэнэ-5 “Цэцэрлэгийн хүүхэд”, “террорист” бид гурав


    Танилцах бүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Очирбат, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор, профессор Хайсандай, бид гурав байлаа. 
    Очирбат, бид хоёр биерэхүү, харин Хайсандай гуай намхан жижиг биетэй. Тэгээд Очирбат гуай Хайсандай гуайг “Цэцэрлэгийн хүүхэд” гэж гоочилно, дуудна. Хөх хотоос Шанхай нисэх болж, буудал дээр очлоо. Тэгтэл Очирбат гуйан зун нутагтаа явахдаа хэдэн калибрийн сум авч явсанаас нэг нь авч явсан савны оёдлын дагуу шигдээд орчихож тэр нь илрэв. Тэгээд багагүй л юм болов. Тэрнээс улбаалаад Хайсандай доктор Очирбат гуйад “террорист” гоч өгч, түүнийг “цэцэрлэгийн хүүхэд” гэж дуудахын хариуд террористаар дуудах болсон билээ. 
    Тэндээс Шанхай хот орж, мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөлттэй танилцахаар зорьсон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал хэлэлцэх байлаа. Тиймээс энэ талаар хөрш зэргэлдээ Хятадын үйл явцыг газар дээр нь үзэж танилцсан хэрэг л дээ.
    Шанхай хотод бид бүтээн байгуулалтын олон зүйлтэй танилцаж, тэр үеийн Хятаддаа хамгийн өндөр телевизорын цамхагт гарч, тэр үеийн Шанхай хотын зургийг хальсандаа буулгажээ. Сонин сайхан олон зүйл бичихээр байна. Гэвч сунжрихаар юм сонирхолгүй болдог. Тиймээс товчлов. 
    Бид гурав буцахдаа Бээжин хотын төв талбайн хажууд дахь хааны музейг үзэж сонирхожээ. 
    Миний хувьд нэг жилийн дараа энэ л маршрутаар дахин явж билээ. Тэгэхэд Хятад улс чөлөөт бүсийн төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж шинэхэн сайхан, сонирхууштай эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулчихсан байсан. Харин бид одоо хүртэл Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүс өндөр үнээр барьсан хашаа, ганц нэг байшин, зам нэртэй овоолсон шороо “зам” –аас өөр хийсэн зүйлгүй арван хэдэн жил өнгөрчээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:39

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ.


    “Говийн нэгдсэн их тахилгын дүн”-г кино дүрсээр үзүүлэв. Тахилгын үйл ажиллагаатай холбогдуулан МБНЭ-ийн Хяналтын Цэцийн удирдагч, Монгол бөөгийни их зайран П.Батжаргал мэдээлэл хийв.
    Бөөгийн зөвлөлийн гишүүдийг сонгох, өргөтгөх тухай асуудлыг хэлэлцэв.
    Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдлагыг томилсон тухай мэдээллийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийлээ.
    “Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын дүн”-г кино дүрсээр үзүүлэв. Тахилгын үйл ажиллагаатай холбогдуулан Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн мэдээлэл танилцуулав. 
    Говийн нэгдсэн их тахилга, Говийн нэгдсэн их тахилгын дүнг үндэслэн Монгол бөөгийн цол олгох тухай, шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцлээ.
    Өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан орон нутагт ажиллах тухай саналыг МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Отгонцэцэг танилцуулав. 
    Өвөрмонголын албан ёсны хүсэлтээр Баяннуур аймагт овооны тахилга хийсэн тухай Монгол бөөгийн зайран Тамжид танилцуулга хийлээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүдтэй хийсэн уулзалтын тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.
    “Ажлын уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах тухай” Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч Ш.Нямдоржийн саналыг хэлэлцээд дэмжиж, сар бүр нэгээс доошгүй удаа зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
    Өвөрмонголын зарим улаач нарын хүсэлтээр гадаад арга хэмжээнд оролцох тухай санал солилцлоо. 
    Хуралдааны төгсгөлд “Ойрын өдрүүдэд хийгдэх ажлын тухай” МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан товч мэдээлэл хийж, хуралдааныг хаалаа.
    Хуралдааныг дараалан таван удаа Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Даарий, Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Ч.Одбаяр, Б.Доржпүрэв, Монгол бөөгийн удган А.Оюунчимэг, М.Сарантуяа нар таслаад байна. Дараагийн хуралдаанаар ДЦХ-н гишүүнчлэлийн асуудлаар шийдвэр гаргана.

  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД Нэг. Хамтаар хэлэлцэж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлж сурахын төлөө.

    тулд дэндүү их цус, хөлс, нулимас зарцуулжээ. Өнөөдөр бид өөрсдийгөө харийн нүдээр харах хэмжээнд хүртэл өөрчлөгдсөн байна.
  • Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, сар нарны хөдөлгөөнөөр тооцоолох цаг хугацааны хэмжүүр, хүн байгаль, далд ертөнцтэй харьцах харилцаа, байгалийн хуулийг маш эртнээс танин мэдсэн өвөг дээдсийн танин мэдэхүйн их ололтын үр дүнд Мөнх тэнгэрийн сургааль үүссэн юм.
    Буддагийн сургааль бурханыг, Иссус ертөнцийн эзнийг шүтдэг бол мөнх тэнгэрийн сургааль хүнийг эрхэмлэн дээдлэн шүтнэ. Нарийвчлан авч үзвэл эцэг, эхээ хүндлэхээс эхлэнэ. Биднээс өмнө оршин байсан өвөг дээдсээ, тэнгэрийн оронд залрах онгод буюу дээд өвгөд дээдсээ шүтэхээс эхлэнэ. Түүнийгээ залан авчирч хүүрнэн ярилцахаас эхэлнэ. Бидний бурхантай адитган шүтэн дээдлэх бодит хүн бол Чингис хаан минь билээ. Чингис хаан бол өнөөдрийн хүн төрлөхтний хүссэн буй хүчирхэг удирдагч, манлайлагч мөн. Бидний шүтэж байгаа бүх зүйл бодитойгоос эхлэнэ. 
    Мөнх тэнгэрийн сургааль нь хөх мөнх тэнгэрийн харанхуйн орон, хүн, газар гэсэн гурван энгийн зүйлээс бүрдэнэ. Мөнх хөх тэнгэр харанхуйн орон шинжлэх ухаантай нарийн уялдаа холбоотой болохыг Манай нэртэй физикчид нотолж байна. 
    Нийгэм, эдийн засаг, боловсрол, гадаад харилцаа гээд олон зүйл бодит амьдралд хэрэгжсэн зүйлээр баталгаажсан байдаг. 
    Таван жилийн хугацааны эхний гурван жилд 2012-2015 онд Бага хуралдайг есөн удаа хийжээ. МБНЭ-ийн дүрэмд зааснаар жилдээ нэг удаа бага хурал хийхэд гишүүдийн мэдээлэлийн хомсдолоос шалтгаалан, элдэв хэрүүл маргааны талбар болчихдог байлаа. Нөгөө талдаа бага хуралдай нь санхүүгийн чадамжтай байхыг шаардсан. Хуулиар бол шашины хурал цуглаан төрийн байгууллагын байр ашиглан хийх нь хориотой учир, бусад газарт 150 орчим хүн оролцсон хуралдаан хийхэд цагийн 300,0-1.0 сая төгрөг шаардагдах болсон. Тиймээс зуны улиралд байгаль орчинд бага хуралдай болох Нэгдсэн тахилгаа хийдэг болгон өөрчилж, улаач нар нэгдэж, өөрсдийн үзэл бодлогоо дээд тэнгэрт уламжлах хэлбэрт шилжсэн.
    Бага хуралдайн үүрэг, хариуцлага, залгамжлал нь Дээд цэцийн хуралдайд шилжсэн юм. МБНЭ нь байгуулагдсанаас хойш ДЦХ-н хуралдааныг 50 удаа зохион байгуулж, 30-40 хүний бүрэлдэхүүнтэй болгож, 40 хоног тутамд хуралдаанаа хийж тогтмолжсон байна. ДЦХ нь хамтарч ажиллах, санал бодлоо хуваалцах, харилцан ойлголцох, нэгдсэн бодлогоо дэвшүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэх, “Улаач” нар хамтарч ажиллаж сурах том сургууль болсон. 
    Нийт 316-г асуудал авч хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын 24,3 хувь нь зохион байгуулалтын, 20,8 хувь нь бөөгийн тухай, 20,2хувь нь бөөгийн нэгдсэн тахилгын тухай асуудал байна.
    Хамгийн эхлээд Бөөгийн шашины \шүдлэгийн\ төв байгууллага болон Нийслэлийн ИТХ-д бүртгүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Хэрэг дээрээ ажлын хэсэг цуглаж чадахгүй, хамтарч ажиллах ая эвээ олоогүй, нэг хүний гар харсан хэвээр байсан. 
    МБНЭ-ийн Удирдах хэсэгт орсон хүмүүс МБНЭ-ээс цаашид хийх ажлын тухай чөлөөт ярилцлага зохион байгуулж, МБНЭ-ээс Бөө нарт гаргах уриалгын тухай хэлэлцэж, мөн анхааруулга, сонордуулга гаргаж байв. 
    Монгол Улсын Ерөнхийлөгч С.Элбэгдорж, Улсын Их хурлын дарга М.Энхболд нарт МБНЭ-ээс айлтгал боловсруулж өргөсөн боловч хүлээж аваагүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад айлтгал, Таван жилийн тайлан альбомыг өргөн айлтгаад байна. Монгол төрийн хэмжээнд Бөөг шүтэж эхэлсэний 2223 жил, Бөөгийн байгууллага үүссэний 20 жил, Бөө нар нэгдсэний 3 жилийн ойн арга хэмжээнд зориулсан томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд Монгол туургатны төлөөлөл болсон ОХУ-ын Тува, Буриад, Өвөрмонголын бөөгийн төлөөлөгч цугларч УИХ-ын Дэд дарга Цог хүлээн авч уулзсан юм.
    2012 оны шинэ жилийн арга хэмжээг Төрийн өндөрлөгүүдийн байрладаг, Их тэнгэрийн цогцолборт хийсэн нь бэлэг дэмбэрэлтэй ажил болсон. Энэ арга хэмжээнд Анх удаа МБНЭ-ийн нэрэмжит шагналыг Монголыг бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Судлаач Ш.Сүхбатад “Эх дэлхийгээ аваръя” шагнал, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Ц.Чулуунбаатар нарт шилдэг удган, зайрангийн цом, шагнал олгосон байдаг.
    Жил бүр олгодог шилдэг удган зайран нарыг шагналыг Монгол бөөгийн Дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Г.Гэрэлтуяа нар хүртсэн байна.
    2013 он гарсаар Орон нутгийн бүтэц, зохион байгуулах ажлын явц, Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, сэтгүүлд МБНЭ-ийн тухай анхны өгүүлэл тавих, Төр ба шашины харилцааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хэлэлцсэн байна. 
    Монголын бөө нар анх удаа “МБНЭ-ийн байгуулагдсаны нэг жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Төрийн ордонд цагаан сүлд, Батлан хамгаалах яаманд Төрийн хар сүлдэнд хамтаар залбирах боломж анх удаа олдсон билээ. Мөн энэ онд МБНЭ-ээс Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь аймагт ажилласан байдаг. 
    2014 онд Монгол Улсын өмнөд болон баруун хязгаарт ажиллаж, Халх голын ялалтын арга хэмжээ, Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлтийг хийх зэрэг томоохон ажлуудыг санаачлан эхлүүлсэн юм. 
    2015 онд МБНЭ-ийн удирлагууд Хөвсгөл аймгийн сумдад ажилласан юм. Сумдын төвүүдэд уулзалт хийж, байгууллагаа танилцуулж, орой нь цэнгүүн зохион байгуулж байлаа.
    2016 онд Хилийн хамгийн хөдөлгөөн ихтэй Сэлэнгэ аймаг, Дорноговийн Замын үүд суманд ажилласан.
    Олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд төрийн байгуулагуутай холбогдож ажиллах болсон. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга, Чингэлтэй, Хан уул дүүргийн ИТХ-ын дарга, БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүдэй уулзалтууд хийсэн байна. 
    2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай уулзалтыг тогтмол хийж, монголын бөөгийн төв байгууллагын хувьд хийж байгаа ажлуудаа тогтмол танилцуулж ирлээ. 
    МБНЭ-ийн байнгын анхааралд Монгол бөөгийн онол арга зүй, судалгааны асуудал байв. Дээд цэцийн хуралдайнаар Монгол бөөгийн онол арга зүй, судалгааны асуудлаар 19 удаа хэлэлцжээ.
    МБНЭ анх байгуулагдаад судлаач Бадарчаар ахлуулан Мөнх тэнгэрийн онол арга зүйг боловсруулах ажлын хэсэг байгуулсан билээ. Түүнд эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр татан оролцуулах шийдвэр гаргасан юм. Гэвч энэ ажил хэрэгжиж чадаагүй билээ. 
    МБНЭ-ийн Удирдлагад орсон иргэдэд аймгуудын бүсчилсэн хариуцах тухай, залуучуудын байгууллага байгуулах тухай шийдвэр гаргасан. Тэгээд Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад иргэд, улаач нартай анхны уулзалтууд хийгдсэн байдаг.
    МБНЭ-ийн Бага хуралдайн бүтцийг шинэчлэх тухай, түүнд Аймаг, нийслэлийг төлөөлөх төлөөлөл оруулах, бага хурлын зохион байгуулалтыг сайжруулах, Залуучуудын чуулга уулзалт хийж санал бодлыг нь сонссон асуудлыг хэлэлцэж байлаа. 
    Улаанбаатар хотод Нийслэл, дүүрэг, аймгийг ДЦХ-н гишүүдэд хариуцуулах тухай хэлэлцэн шийдвэр гаргажээ. 
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар иргэд, гишүүдийг урамшуулах “Монгол бөөгийн шагнал, урамшлын тухай” журмыг хэлэлцэж баталсан.
    МБНЭ-ийн дүрмийг боловсронгүй болгох нь байгууллагын төлөвшилд чухал ач холбогдолтой байсан. Жил бүр тогтмол энэ асуудлыг хэлэлцэж иржээ.
    МБНЭ-ийн Дүрэмд практик ололтоор баяжин нэмэлт оруулах шаардлага бий болсон. Хамгийн эхэнд Бага хуралдайн гишүүнээс чөлөөлөх, нөхөн сонгох тухай асуудал байв. Гишүүд нь тогтвортой ажилладаггүй, байнгын хөдөлгөөнд гарч, орж байсан нь хамтарч шийд гаргахад хүндрэл учирч байлаа. 
    Монгол төрийн төлөө амиа зориулсан Үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилт нь төртэй хамтран хийх томоохон бүтээн байгуулалтын их хөрөнгө зарцуулсан ажил билээ.
    МБНЭ-ийн Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон анх удаа Аймагтаа нэгдсэн тахилгыг зохион байгуулсан байдаг. Жил бүр “тухайн жилийн өнгө тодруулах тухай” мэдээллийг нэгтгэх шийдвэр гаргасан байна.
    Тэнгэрийн улаач нарт тусгай хөтөлбөрөөр Сургалтыг долоон удаа зохион байгуулсан байна. Цаг үеийн бололцооноос шалтгаалаад жилдээ ганц удаа хийгдэж байна. 2016 онд Эрдэнэт хотод, 2017 онд Өмнөговийн Цогт цэций суманд амьдардаг улаач нарт зориулан тусгайлан сургалт хийгдсэн түүхтэй. 
    2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр МБНЭ-ийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, шуурхай байлгах зорилгоор МБНЭ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөл оруулж, МБНЭ-ийн Дээд цэцийн сонгогдсон гишүүдээс бүрдсэн Бөөгийн зөвлөл байгуулав. Бөөгийн зөвлөл нь 30 удаа хуралджээ.
    МБНЭ-ийн бага хуралдайгаас сонгогдсон Дээд цэцийн гишүүдээс МБНЭ-ийн Ерөнхийлөгч тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан бөөг Зөвлөлийн гишүүнээр томилохоор заажээ. Бөөгийн зөвлөлөөр бөө болон онгодын мэдээлэлийн талаар хэлэлцэх нь байгууллагын нууцад хамаарч байгаа юм. Дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:
    -МБНЭ-ийн дотоод асуудлыг шийдвэрлэх, шинэчлэх шаардлага,
    – Аймаг, нийслэлийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт, ажлыг дүгнэж, хариуцсан Дээд цэцийн гишүүдийн ажлын хариуцлагын тухай, 
    -МБНЭ-ийн шийдвэрийн биелэлт 
    -Монголын бөөгийн цол олгох тухай
    -МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн Манлайлалын үзүүлэлтийг хүн нэг бүрээр хэлэлцэх, 
    -Тахилгын дэг журмын тухай 
    -Сонгуулийн үед баримтлах бодлогын асуудлууд
    -Цаг үеийн тулгамдсан асуудлаар МБНЭ-ээс баримтлах бодлого.
    -МБНЭ-ийн сайтын бодлого чиглэлийн тухай.
    -МБНЭ-ийн Бага хуралдай, Дээд цэцийн шийдвэрээр баталсан Нэгдсэн тахилгуудад оролцох гишүүдийн үйл ажиллагааг дүгнэх аргачлал, 
    -МБНЭ-ийн нэгдсэн Их тахилгуудад дахь онгодын айлдварууд, бөөгийн зан үйлүүд, түүнтэй холбоотой зарим асуудлууд 
    -Онгодын тухай
    -Жилийн төөрөгийн тухай
    -Зарим бөөгийн байгууллагатай харьцах тухай
    -Мөнх тэнгэрийн цаг тооны бичигийн төсөл, 
    -Гадаад харилцааны асуудлууд 
    -Монгол туургатнуудын дунд салбараа нээж ажиллуулах тухай,
    -Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон дүн
    -“Зөн билэгийн өрсөлдөөн”-д оролцох тухай гадаадын байгууллагаас ирүүлсэн саналын тухай
    -МБНЭ-д гишүүдээс гаргасан гомдлын тухай
    -Зарим бөөгийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт, бөөлөлтөнд оролцох тухай,
    -Иргэдийг хууран мэхэлсэн ажиллагаа явуулсан зарим бөөгийн тухай мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаж ирлээ.