Category: Бидний тухай

  • БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ б/ Бид нэгдэж чадах уу.

     

    МБНЭ-ийг байгуулах ажил богино хугацаанд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бөө шүтлэгийг хаах тухай үгийн сэжүүр биднийг ийнхүү нэгтгэх шалтгаан болж чадав. Нэг хэсэгдээ нэгдсэн эвлэлд ажил ундарч, нэгдэж ажиллах санал, санаачлагууд буцлаж байлаа. Хэсэг хугацааны явцад бөөд харьцангүй тайван байдал ноёрхож, төрийн зүгээс хатуурах тухай асуудал чимээ алдрав. Нэг хэсэг нөхөд надад бөөгөөр бизнес хийх санал дэвшүүлэх болов. Тэд ард түмний гавьяат, ард түмний баатар, бөөгийн доктор, профессор, төрийн зайран, удган цолыг худалдаж, олгох санал дэвшүүлсэн юм. Тэд намайг улс төрчдөөс асар их санхүүжилт авсан түүнийгээ хуваалц гэсэн шаардлага ч тулгаж байлаа. Түүнийг саналыг хүлээн аваагүйн төлөө МБНЭ-ийн бага хуралдаан дээр зайран \Сүнс\ хэмээх Одгэрэл ахалсан хэсэг нөхөд МБНЭ-ээс гарч байгаагаа мэдэгдэв. Тэд өөрсдийн араас цөөнгүй улаач нар эвлэлээс гарна гэж тооцсон байсан. Гэвч тэднийг хэн ч дэмжсэнгүй. Хорсол нь туйлдсан Сүнс Одгэрэл хуралдааны гадна зогсоолд байсан миний машиныг араас нь мөргөж, их хэмжээний хохирол учруулаад зугатаж одов. Энэ бол надад халдсан эхний дайралт байлаа.
    Дараачийн хүндрэл бол бөө нар хамтарч ажиллаж, хуралдаж, шийдвэр гаргаж сураагүй, санал бодлоо илэрхийлж чадвар сул байлаа. Хуралдаанд нэг хэсэг нь дуртай үедээ хаяахан сууна. Тийм хэсэг нь хуралд суухаараа хэлэлцсэн, яригдсан зүйлийг давтан цаг үрнэ. Зарим нь байгууллагын гол санхүүжилт болсон татварын цөөн хэдэн төгрөгөө төлөхгүй. Татвар нь угтаа шалихгүй жилийн 30-50 мянган төгрөг байсан юм.
    Үйл ажиллагааны явцад хүний мөн чанар, ноён нуруу их тодорно. Зайран Чинбат эхний хэдэн сар эвлэлийн ажилд идэвхтэй оролцож байснаа зарим сонинд ярилцлага өгчихөөд сураг алдрав. Тэрхүү ярилцлагад Чинбат зайран Монгол бөөгийн “Голомт” төвийг санаачлан байгуулсан, тэгээд судлаач Ш.Сүхбатад, МБНЭ-ийг санаачлан байгуулсан боловч Д.Жаргалсайханд тус тус булаалгасан тухай уртын урт түүхийг гуйвуулсан ярилцлагыг нэгэн сонинд өгсөн байдаг. /МБНЭ-ийн архивт бий/ Энэ гүтгэлэгийн цаана үнэнийг гуйвуулсан, өөрийгөө бөөгийн өнөө цагийн удирдагч чиглүүлэгч мэтээр улс төрчид, төрд товойлгон ойлгуулах гэсэн маш явуургүй оролдлого харагдаж байсан. Түүндээ үнэний өмнө хүчин мөхөсдөж, бантсан зайран Чинбат нэг хэсэг хугацаанд чимээ тасарсан. Жилийн өмнө нэгэн өдөр надтай ирж уулзаад, эвлэлдээ зүтгэе хэмээн санал тавьж, МБНЭ-ээс гаргасан сэтгүүл, сонин, ном зэрэг олон зуун мянган төгрөгийн зүйлийг бусдад түгээхээр авч явсан юм. Гэвч тэр оройноо утсаар надруу залгаж, авсан зүйлийн эргүүлж өгж чадахгүй, чиний хохь хэмээн мэдэгдсэн юм. Энэ үед үнэхээр зарим хүмүүстэй харьцах нь маш хэцүү болохыг ойлгосон юм. Саяхан “МБНЭ-ийг тараах хэрэгтэй” хэмээн нэгэн сойшаалд уриалсан байна лээ. Ийм хүмүүсийн мөн чанарыг цаашид олон түмэнд таниулж байх нь бөөгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой.
    Бидний сайн таних зайран Давгадорж, удган Өөдөө хоёр МБНЭ-тэй хамтран улаач нарыг телевизээр сурталчлах хамтарсан төлөвлөгөө гаргаж, Дээд цэцийн хуралдаанаар батлуулан ажилласан юм. Түүний хэрэгжүүлж, тэдний хөтөлдөг “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр олон улаач нарын тухай цуврал нэвтрүүлэг гарсан түүхтэй. Бид хөдөө орон нутагт ажиллахад унаа, телекамераар тусласан. Энэхүү хамтын ажилагааны дараа зайран Давгадорж, Өөдөө удган нар бие даасан бөөгийн өөр байгууллага байгуулж, олон сайхан үйл хэрэг хийсэн. Гэхдээ МБНЭ-ээс нэг хэсгийг өөрийн байгуулсан шинэ байгууллагад татах, байгууллагыг хагалган бутлах ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүй билээ. Талбай дээр бөө нар хуяг дуулгатай жагсаад юу хожсон бэ. Монголын бөө нар өөрийн бяд хүчтэй болж байгаагаа харуулсан нь гол ололт байлаа. Бөөг улс төржүүлэх эхний алхам нь зарим үр дүнд хүрсэн. Энэ жагсаалын үр дүнгээр зарим нэг нь гадаадад цагаачлах улс төрийн шалтгаан болгож чадсан бол зарим нэг нь өөрийн гэр бүлийн хүнээ төрийн өндөр албан тушаалд томилуулж, сэтгэл ханасаар энэхүү үйл явдал түр завсарласан билээ.
    Энэ үйл явдлын дараа зарим удган, зайран нар монгол бөөгийн хээрийн онгодыг нурааж, сүйтгэсэн зохисгүй үйлдлийг юугаар ч зөвтгөж боломгүй байгаа юм.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Дарьчулуун идэвхтэй байсан, тэгээд итгэл олж, гадаад хамтын ажиллагааны яриа, хэлэлцээрт байлцаж, мэдээлэл олж авчихаад, хамтын ажиллагааны явцад хүрсэн үр дүнг хувийн зорилгоор ганцаар ашиглах үйлдэл хийж, түүндээ хариуцлага хүлээж ДЦХ-н гишүүнээс хасагдсан билээ.
    Бөөгийн үйл ажиллагаагаар бизнес хийх зорилготой томоохон хэсэг Монгол бөөд амь бөхтэй байна. Хүний зовлонгоор “хоол” олдог хэсэгт тэнгэр тун хатуу ханддагийг өнгөрсөн цөөн жилийн түүх бидэнд сургамжилсан билээ. Бид эндээс сургамж авах ёстой.
    МБНЭ-ийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдээ бид зохих хэмжээнд урамшуулж, шагнаж байгаа. Харин Монгол бөөд олгодог цолыг шагнал мэт ойлгодог нэг хэсэг байна. Зарим нь толгойлж болон тэргүүлж бөөлсөнөөр цол авчихдаг мэт эндүүрэл байна. Монгол бөөгийн хувьд онгод, хуяг дуулга, тамлага дуудлага, гэрийн болон хээрийн онгод, лус савдагтай харьцах чадвар гээд нэн чухал чадварт эрчимтэй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд цолыг шагнал мэт ойлгон цолны хойноос туйлшран зүтгэх зарим нэгэн байна. Тэгээд өндөр цол өгсөнгүй гэж гомдоллох тохиолдол ч гарлаа.
    Өнөөгийн ярьдаг улс төрийн хэллэгээр “гомдогсдын хэсэг” болох МБНЭ-ийн үйл ажиллагааны явцад ёс зүй, сахилгын хариуцлага хүлээж ДЦХ-аас хасагдсан нэг хэсэг шинэ байгууллага байгуулахаар зорьж байна. Хамтын ажиллагааны дээд хэлбэр болсон хуралдаандаа суудаггүй тасалдаг, байгууллагаа дэмжих гишүүний маш хариуцлагатай үүрэг болох татварын цөөн хэдэн төгрөгөө төлж дийлдэггүй, тахилгын талаар хамтарсан шийдвэрээ биелүүлэхгүй дураараа авирладаг, бүх зүйлд хувийн байр сууриа эхэнд тавьдаг, хамт олноо хүндэлж ажиллаж сураагүй, ийм зөрчилд нэр нь холбогдож, цаг хугацааны шалгуурыг даагаагүй, ДЦХ-аас хасагдсан гишүүд бие даасан байгууллага байгуулж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ шинээр байгууллага байгуулаад “хамтран ажиллах зовлонго” биеээр амсах нь сайн хэрэг юм.
    Өөрт байгаа дутагдалаа засч чадсан МБНЭ-ийн гишүүн хэн ч бөөгийн байгууллагад эргээд манлайлагч байх боломжтой, эрхтэй.
    Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Түүнээс гадна төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна. Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна. Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна.
    Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс цөөн байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    /үргэлжлэл бий/

  • “Нарны залбирал- 2018 он” боллоо

     

    Наран ээж хөөрөх агшинд бүх улаачид байрлалаа эзэлж, хэнгэргийн дуу хадаж Нарны залбирал маань ийнхүү эхэллээ. Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү толгойлон бөөлж эхэллээ.

    Энэ жилийн Нарны залбиралд ОХУ-ын Буриадиас, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол бөөгийн удган, зайрангууд ирж оролцлоо. Мөн АНУ, Канад, Герман, Фендланд улсын эрдэмтэн судлаач, потограпэрчид, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Түвшинжаргал, Үүрийнцолмон, Орхон, Дархан, Өвөрхангай, Увс, Архангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл ирж оролцлоо.

    2018 оны 6 дугаар сарын 21-ны оройн галын наадмыг МБНЭ-ийн залуучуудын зөвлөл хариуцан зохион байгууллаа. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Наранбаатар, Ч.Одбаяр, Л.Баяржаргал Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Дулаанцэцэг, Сарантуяа нар оролцлоо.
                Нарны залбиоалын дараа МБНЭ-ийн гишүүд Хуралдаанаа хийж 2018 оны хагас жилийн ажилаа тайлагнан, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын талаар ярилцаж санал бодлоо солилцсон байна.

    djmedia:25

     

  • ХАНБОГД ХАЙРХАНЫ НЭГДСЭН ЗАЛБИРАЛ БОЛЛОО

     

                Өмнийн их говийн анхны тахилга 2015 онд болж байсан түүхтэй бөгөөд Нарны тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Хайрхан тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Энхмаа нар хамтарч, Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргал, Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар нар тус тус толгойлон бөөлж хийж байсан билээ. Энэ л зан үйл, монгол бөөгийн түүхэнд тод бичигдэн үлдэх болно. Тэрхүү нэгдсэн тахилгаа Алтайн арван гурван хайрхан, Хөвсгөл нуур, Хөх уул, Шилийн богдтой холбон хийж, эх нутаг газар шороогоо хайрлан хамгаалах зорилго агуулан тахисан.

    Энэ тахилгын дараа савдаг хилэгнэн хөдөлж, газрын гүнд их нуралт болж, Лус хилэгнэж зарим буруу үйл хийсэн эздийн амийг авч, тэнгэрийн хууль хатуу байдгийг сануулж байсан түүхтэй.

    Ийнхүү Монголын өмнийн говийн нэгдсэн их тахилгын үйл ажиллагаа эхэлж байна.

    Энэ үйл ажиллагааны дараа Нэгдсэн тахилгад оролцогчид Дэмчигийн хийд, Баяжихын агуй, Сайн эрийн агуй, Дуут хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

    djmedia:24

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ЧОЙДОНГИЙН МИШИГДОРЖ (1946-2017)

     

     ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН УУЛ СУМЫН ХАРЪЯАТ
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХИЙ АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН.
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг Цагаан нуурын хөтөл дээрээс зохион байгуулж дэмжиж оролцсон.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

     

    $12.    ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцсон тухай

    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,

    Монгол   бөөгийн их зайран Д.Одонхүү

    $13.    ОХУ-ын бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагын удирдлагатай уулзсан тухай

    $14.    ОХУ-ын бөөгийн “Дээж” байгууллагын удирдлагатай уулзсан тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    $15.    Говийн нэгдсэн их тахилгын хөтөлбөр

    1.                                    Монгол бөөгийн их Зайран П.Батжаргал

    $16.    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга

    1.                                            Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн

    $17.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай уулзсан тухай,

    $18.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Уянгатай уулзсан тухай

    $19.    УИХ-ын гишүүн Баттөмөртэй уулсан тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    $110.Нарны залбиралыг зохион байгуулах тухай

    МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч,

    Монгол бөөгийн удган Баттогтох

    $111. Язгуур шүтээн бөөгийн холбооноос “Галын их тахилга хийх тухай”

    1.                                                Язгуур шүтээн бөөгийн холбооны
    2.                                            гүйцэтгэх захирал Баяржаргал

    $112.Цаг үеийн улс төрийн үйл ажиллагаанд бөөгийн байгууллагуудын оролцоо

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дээд цэцийн гишүүн Б.Батжаргалын саналаар “2018 оны Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн зохион байгуулсан тахилгын дүнг нэмж мэдээлэв.

    Хуралдаанаар “БНАСАУ-д хийсэн бөөлөлтийн тухай”, “ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцсон тухай” асуудлыг киногоор нарнаж үзүүлэв.

    Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Их удган Ц.Отгонсүрэн, Д.Жаргалсайхан нар санал бодол, шүүмжлэл хэллээ.

    “Говийн нэгдсэн их тахилгын хөтөлбөр”-ийг эцэслэн шийдвэрлэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай хийсэн ээлжит уулзалтын талаар мэдээлэл танилцууллаа.

    Энэ удаагийн хуралдаан 60,1 хувийн ирцтэй хйигдлээ. ДЦХ-н байнгын гишүүдээс Н.Баярсайхан, Цагаанхүү, Н.Даарий, А.Оюунчимэг, М.Сарантуяа, Ч.Одбаяр, Б.Доржпүрэв нар тасаллаа.

                                        Мэдээллийн алба

  • Зураг түүхийг авч үлдэнэ-46 Туркэд зочилсон өдрүүд

    djmedia:21

     

    Гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн ийм хүмүүс Монголын хувь заяанд их үүрэг гүйцэтгэхээр цаанаасаа заягдсан байдаг. Гадаад харилцааны талаар мэргэшсэн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсийг төр бүрэн ашиглах ёстой. Мэргэжлийн чиглэлээр олон шатны сургуулиудыг төгссөн, олон улсын харилцаагаар олон жил ажилласан, практикын асар их туршлагатай, нэр хүндтэй хүмүүс их зүйлийг хийж чадна. Чухамхүү ийм хүнтэй хамт олон улсын арга хэмжээнд оролцож байсан цаг үе фото зурганд түүх болон үлдсэн байна.
    БНТУ-ын Үндэсний аюлгүй байдлын нарийн бичгийн дарга, бригадын генерал Кылынч гуайтай танилцаж хамтран ажиллан цөөнгүй асуудал шийдвэрлэхээр саналаа солилцож байсан. БНТУ-тай Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах эхлэлүүд тавигдсан. Цэрэг, цагдаа, иргэний салбарт боловсон хүчин бэлтгэх, эдийн засаг, боловсролын салбарт хамтын ажиллагааны олон сайхан ажлууд хийгдсэн.
    Өвөрхангай аймгийн Хар хорины Цайдамын хөндий дахь хамтарсан архиелогийн судалгааны төсөл, түүний хэрэгжилт, хамгаалалт, музей гээд олон ажил амьдралд түүх болон үлджээ.
    Турк улсад ажиллахдаа боловсролын тогтолцооноос суралцах зүйл их байгааг анзаарсан. Турк улсад боловсролын тогтолцоо улсын болон хувийн хэвшилээр жинхэнэ утгаараа хэрэгжсэн байдаг. Миний хувьд Станбул хотоос Анкара хүртэл автозамаар аялж, олон дээд, дунд сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Дээд, дунд сургуулиудын сургалтын материалаг баазад улсаас тодорхой стандартыг тогтоож өгсөн байдаг. Чухамхүү тэр стандартын шаардлага хангасан барилга байгууламж, сургалтын материаллаг баазтай байж сургуулиудад сургалт явуулах эрхийг нь олгодог байна. Хамгийн наад зах нь боловсролын сургуулиудад спорт болон усан бассейн заалтай байдаг. Туркын боловсролын сургуулиудын лабортори, компютерийн тоноглолууд хамгийн сүүлийн үеийн хэрэгслээр хангагдсан байсан.
    Миний орсон бүх сургуулиуд энэ шаардлагыг хангасан байсантай танилцаж билээ. Нэг ангид дунджаар 12-15 хүүхэд сурдаг, нь багшийн ачаалал, сурагч бүртэйгээ тулж ажиллахад ихээхэн боломж бололцоо олгодог нь харагдаж байсан. Туркэд байх хугацаандаа дэлхийн турк хэлний олимпиадын түрүүлэгсдэд шагнал гардуулах ажиллагаанд оролцсон. Тэгэхэд Баян-Өлгий аймгаас оролцсон охин олимпиадад түрүүлж, алтан медалиар шагнагдаж байсныг санаж байна. Мөн уран уншлагын тэмцээнд Улаанбаатар хотоос оролцсон Монголын сурагч уран яруу хэллэг, сэтгэл хөдлөм найраглал уншиж, Туркын олон иргэдийн сэтгэлийг татаж байсан. Гудамжинд тавьсан телевизийн том дэлгэцүүдээр Монгол охины уншиж буй шүлгийг сонсож, олон зуун туркчууд нулимс унаган үзэж байхийг харсан билээ. Тэр охин тухайн үедээ Туркчуудын дунд Монголын нэрийг цурайтуулж чадсан билээ.
    Турк бол аялал жуучлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн орон.Олон мянган жилийн түүхийг харуулсан сүм хийд, барилга худалдааны төвүүд өнөө хүртэл олны хөлд дарагдаж, иргэд, жуулчид, тасралтгүй үзэж сонирхож, биширч, шүтэж байдаг. Туркын хаадын амьдарч байсан музей, өргөөгөөр орж үзмэрүүдтэй танилцаж байхад Монголд үзсэн Туркын олон ангит киноны үйл явдал нүдэнд харагддаг юм билээ.
    Туркын эргийн дагуух амралтын газрууд жинхэнэ жуулчид, амрагчдыг татаж чаддаг. Үйлчилгээ нь ч зэрэглэлээс хамаараад янз бүр байдаг ч, үйлчилгээ гэж ямар байдагийг харуулдаг.
    Миний анзаарсанаар Турк бол малын махаар хоол хэрхэн хийх, түүндээ малын цагаан идээ, сүү, тараг, бяслагийг хэрхэн ашиглах талаар бидэнд олон талаар тусгаж авах баялаг жортой газар байна лээ.

    Д.Жаргалсайхан

  • Хоёр. “Онгод”-оор наадах цагаар

    Манай байгуулагад бөөгийн шүтлэгтэн хэн ч байсан ирж бүртгүүлээд гишүүнээр элсдэг, ямар ч саад байдаггүй. Харин гишүүн болсноороо Монгол бөөгийн ёс зүйн шаардлагыг биелүүлэх болдог. Уламжлал, ёс зан үйлээ зөв яваа хэнд ч энэ бол нэмж үүрэг хүлээх шаардлагагүй байдаг. Өөрийн бөөлөлтөө харуулаад бол оо.
    Манай байгууллага бөөлөлтийг нь дүрсжүүлж, баримтжуулдаг. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрт бөөгийн уламжлалт дэг жаягаа авч яваа олон бөө нар гишүүнээр элсэж албан ёсны бүртгэл, үнэмлэх, тэмдэгтэй болсон. Бас нөгөө талдаа энэ цаг үед амьдарч байгаа олон сайхан бөө нар өөрсдийн зургаа, зан үйлээ түүхэнд баримтжуулж үлдээж байгаа.
    Харин олон зуун болон олон арван жилээр уг нь завсардсан буюу орчин цагийн олдмол дэг жаягаар “боссон” бөөд асуудал үүсдэг. Олон арван бөө нар манайд элсэж зөв чиг хандлагаар явж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө засаад уламжлалт бөөгийн замд орж байна гэсэн үг. Нилээд хэсэг нь өөрсдийгөө буруу замаар орсон гэж үзээд бөөгөөс татгалзаж байна. Цаг алдалгүй асуудлаа зөв шийдвэрлүүлэх нь олон талаар хувь хүнд ашигтай. Эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудалд цаана нь агуулагдаж байдаг.
    Манайд гишүүнээр элссэн бөө нар цаг хугацааны явцад хатуу шалгуурыг давж өөрийгөө батлан харуулж байна.
    Гэтэл өөрсдөдөө ямар нэг хэмжээгээр итгэлгүй, бөөг мөнгөний нүдээр хардаг иргэд, бөө нар биднээс зугатдаг. Хариуцлагаас бэргэдэг. Гэвч үнэнд гүйцэгдэж байна. Яаж гэдэгт хариулъя.
    МБНЭ-д хандагсадын саналыг бид албан ёсоор бүртгэж авдаг. Энэ нь цаг хугацааны явцад хаана байрладаг, хэн гэдэг бөө ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болдог. Ялангуяа хүний амьдралаар тоглодог, өнгө мөнгөний хойноос явагсад нь өөрсдийн нэрээ ихэд нууцалдаг, бас ойр, ойрхон оршин суух хаягаа өөрчилдөг. Багш болчихоод, эсвэл зан үйл хийчихээд иргэдээс мөнгийг нь авчихаад сураггүй алга болдог. Нэг улаач хэт олон зуун шавьтай байх нь бас ёс зүй зөрчиж байгаа хэлбэр, тодорхой үзүүлэлт мөн юм.
    Монгол бөөгийн байгууллагууд, бөөгийн багш доорх чиглэлээр онгод, сахиус, “эмээ, өвөө”-өөр уг барьж босгож байна.
    Нэгдүгээрт: Олон жил уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн буриад бөө өнөөдөр тоон үзүүлэлтээр гол байр суурийг эзэлж байна. Сүүлийн хориод жил буриад бөө чанараас тоо руу шилжсэн байдал харагддаг. Буриад бөө нь Монголын баруун зүгийн бөө нарыг бодвол шашины зан үйлтэй ихэд холбоотой байдаг. Энэ бол бөөд нөлөөлсөн гадны нөлөөлөлийн ул мөр юм. Монголын зүүн аймгуудад буриад бөө ихэд дэлгэрч байгаа бөгөөд зарим аймгуудад өөрийн дугана, хийдтэй болж шашинлаг хэлбэрт шилжиж байгаа харагддаг. Тэдгээр төвүүдэд буриад бөө нар зуны улиралд хэдэн зуу, мянгаараа цугларч чанар хийдэг. Зуу, зуугаар тоологдох шавьтай буриад бөө нар цөөнгүй бий.
    Түүхийн явцад, гадны нөлөөгөөр бараг бүрэн устсан халх бөөг бий болгох явц цаг хугацааны сорилыг туулж явна. Эрэл хайгуул үр дүнд хүрнэ. Тэгэхдээ цаг хугацаа их шаардах болов уу. Олон талаараа буриад бөөгөөс эх авсан халх бөө монгол бөөд тоогоор тэргүүлж байна. Чанар авахаас эхлээд олон зүйлээр ижил төстөй зүйл их харагддаг. Тэр чанараараа хэлбэр хэв маягаа орчин цагийн өнгө аясаар өөрчлөн эрчимтэй хөгжиж байна.
    Зуны улиралд хэдэн мянгаар тоологдон уг авах халх бөө, хүний тооны хувьд нэн хурдатай өсч байна. Олон зүйлээр шашины зан үйл нэвт шингэсэн байдал ажиглагддаг. Бөөд уг оруулахдаа сахиус оруулдаг. Аль, аль бөө нь зул дээр босдог. Чанар хийхээр товлосон газар хэдэн зуугаар цуглардаг. Эхний хэдэн жилдээ бөө бологчдын тоо мянга руу дөхөж байв. Одоо тоо нь багасчээ.
    Чанарын үед их багш, дунд багш, бага багш нар удирдана. Багш бөө нь шавь нартаа хар, цагаан тэнгэр, дорлигын сахиус босгоно. Тус тусдаа хуягтай, жил дараалан угаа босгодог. Хуяг дуулгаа хэд хэдэн чемоданд хийнэ.
    Их, дунд, бага багшийн шавь, шавь нарын босгосон шавь гээд бөөгийн тоо хурдтай нэмэгддэг. Ингэх явцдаа зохиомол жаяг ч их нэмэх болжээ. Тухайлбал өмнө зүгийн халх бөө нарт чанарт ирэхдээ дөч гаруй зүйлийг бэлтгэх шаардлагатай байдаг. Жишээлбэл түүнд “соёмботой архи 2ш, АПУ-ийн архи 4 ш, ердийн архи 10 ш, баавгайтай чихэр 2 кг, тэгээд сүү, ааруул, хадаг, торго, арц төрөл бүрээр, …” гм 45-50 тоо заасан зүйлийг чанарт ирэхдээ авчирна.
    Нэг айлаас хэд хэдэн бөө босгоно. Энэ бол монгол бөөд бий болгож байгаа хэцүү, төвөгтэй үзэгдэл. Олноор босгож байгаа бөө нарын шалгуур хугацаа 2-4 жил байна. Энэ хугацаанд олон зүйл тодорхой болдог.
    Хоёрдугаарт: Монгол бөөд “эмээ, өвөө” босгох зан үйл байна. Үүнд “яс болон махан” талаас бус “эмээ болон өвөө” босгох асуудлыг хамруулж байгаа юм. Энэ байдал монгол бөөд багагүй байр суурь эзэлж байна.
    Гуравдугаарт: Эртнээс уламжлан ирсэн дэг жаягаар уг босгон бөө болгох хэлбэр хамаарч байна. Уламжлалт бөө нь шашины зан үйлээс ангид байхыг эрмэлзэнэ. Үүнд дархад, цаатан, тува, ойрад бөө нар хамаарч байна. Энд дурьдахад монголын баруун зүгийн бөө нарын хуяг хэнгэрэгтээ багтдаг, морин дээр үүрээд явчихдаг. Голдуу ганц хуягтай байдаг.
    Бид Монгол бөөд уламжлалт бөөг илүүтэй хамгаалан хөгжүүлэх бодлогыг баримталж, эрмэлзэж байна.
    Үүссэн нөхцөл байдал нь бөөд багш хүний үүрэгтэй шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл хэдэн зуу, мянгаар тоологдох шавь нарын тоотой багш бөөтэй холбоотой байна. Олон зүйл нуршилгүй, МБНЭ-д ирж бүртгүүлсэн тохиолдолууд, өөрсдийн бүтээсэн түүхээ элдэв тайлбаргүйгээр дурдъя. Бөөд бий болсон байдал яагаад гэдэг асуултанд хариулт өгөхийг шаардах болно.
    Багш бөө шавиа жинхэнэ онгодтой нь холбосон эсэхээс олон зүйл шалтгаална. Олонд нэр хүндтэй удган нэг айлын бүх хүнийг, эцэг, эх, хүүхдүүдийг бөө болгосон хэд хэдэн тохиолдол байна. Дээрх удган, бас олонд нэртэй нэгэн зайран шавь нараас нь МБНЭ-ийн үйл ажиллагааг сонирхосон байдаг. Гэтэл тэдгээр багш нар олон шавь нараа цуглуулан манайд хандсан шавийн эсрэг, бөөгийн хатуу зан үйл хийж айлган сүржигнэх тохиолдол гаргаж байлаа.
    Иргэн Э нь МБНЭ-д хандав. Зөв газраа хандсан учраас асуудлаа ч хурдан зөв шийдвэрлүүлэв. Тэрээр Д гэдэг зайранд очсон бөгөөд “онгодоо хурдан авахгүй бол үхнэ” гэсэн байв. Ийм маягаар хандагсад маш их байдаг. Нэртэй зайран Б-д шавь орж багагүй хөрөнгө зарсан боловч “бөө болсонгүй” гэж гомдол гаргажээ.
    Иргэн Г нь сахиусаа залаад нэг жил болсон, багш одоо өөрийг нь биш байна, дүүд нь “сахиусыг нь шилжүүл” гэсэн, зөвлөгөө авахаар манайд хандав.
    Иргэн А хэлэхдээ Х багшид шавь орсоноос хойш 1,5 жилд гэр бүлээс нь таван хүн нас баржээ. Үүнийг тохиолдол гэж үзэхийн аргагүй юм.
    Бага нуурт байдаг зайран З олон шавь босгож байна. Олон хүний амьдралаар тоглож байна. Баян хошуунд амьдардаг Э гэдэг удган, ахын хоёр хүүг уг авахуулсан одоо намайг уг ав гэсэн яах вэ гэв.
    Бага нуурын удган Б бидэнтэй уулзсан. Өмнөговьд амьдардаг. Эхлээд ээжийг цагаан тэнгэрээр сахиус залсан, дараа нь ахыг харын тэнгэрээр сахиус залсан, энэ жилээс намайг дорлигын тэнгэрээр сахиус зал гэлээ. Одоо яахав.?
    Телевизээр байнга өөрийгөө сурталчилдаг удганд очсон, маш өндөр үнэ хэлээд бөөгийн угаа ав гэсэн. Гэтэл манайд шалгаад үзэхэд үнэн хэрэгтээ татаж унадаг өвчтэй хүүхэд байсан.
    Зайран Б дүүг нь угтай гээд бөө болгожээ. Багш нь их зэрлэг, очихоор нь үсдээд зоддог, чанарт яв гэдэг, тэр чанар дээр архи ууцгаагаад хоорондоо зодолддог. Багш нь жилд 2-оос доошгүй шавь босго гэж үүрэг өгдөг. Үүрэг биелүүлэхгүй бол цусыг нь сахиусанд тавьдаг.
    Иргэн Б хэлэхдээ охиныг минь нэг зайран угтай гээд босгосон. Улааны сахиустай байна гэсэн. Бид увуулж цувуулсаар 11 сая төгрөг зарцуулаад байна гэв. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн билээ.
    Дүү маань уг аваад архинд орсон. Ааш зан нь эвдэрсэн. Байр, унаагаа зараад амьдрал нь уруудсан. Анх уг авч байхад хүчтэй эрчтэй байв. Суларсаар суларсаар одоо юу ч үгүй боллоо. Яах вэ.
    Зайран Э нь Баянхошуунд байдаг О удганд шавь орсон. Нэг зэрэг 8 хүнтэй хамт бөө болсон. Удган Б-д хүүгээ шавь оруулсан. Чанар хийж 60 хүн нэг зэрэг уг авсан. Жил болоогүй нас барчихлаа.
    Нэгэн эх бидэнд хандав. Хүү нь тархины гэмтэлтэй. Унадаг, татдаг, сэтгэх ямар ч чадваргүй. Гэтэл Бага нуурын нэг удган хүүг уг авбал эдгэнэ гэв. Тэгээд олон сая төгрөг зарцуулж бөө болгосон боловч одоо ямарч өөрчлөлт орсонгүй хэвэндээ гэв.
    Баянхонгорт нэг малчны эхнэр бөө болжээ. Тэгээд багш нь эхнэрийг маань улаан маханд хүрэх ёсгүй гэсэн. Хоол хийхгүй болсон, миний нуруун дээр ачаалал ирлээ яах вэ гэв.
    Дорноговь аймагт Ө гэдэг багштай, З гэдэг удган “танайхаас олон хүн үхэх нь” гэсэн, тиймээс 20 тэмээгээр засал хийлгэсэн, тэгээд утсаа салгаад алга болсон.
    Төв аймгийн нэгэн суманд байдаг иргэн С-д тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Зайран Х-д очжээ. Эхлээд ах Мя-гийн угийг барьжээ. Гэвч удалгүй гэрийн муур, нохойгоо ална гэж хөөцөлдөх болов. Шөнө унатахаа больсон. Улмаар галзуурсан. Багш дээр очиж, 9-н дорлигоор засал хийлгэсэн. Гэвч удалгүй хавдартай болж, бөө болоод 4 дэх жилдээ тэнгэрт хальсан.
    Түүнийг дагаж очсон дүү Мө-г угтай байна гээд бөө болгосон. Гэвч бас л өмнөх зүйл давтагдаж, архинд орж, улмаар галзуурч эхэлсэн. Одоо яах вэ.
    Боломжийн чадавхитай айлын хүү бөө болжээ. Хүүдээ тусгайлан их хөрөнгө зарж, онгодын өргөө барьж чамгүй хөрөнгө заржээ. Гэтэл одоо нэг л болохгүй болчихлоо.
    Дорноговь аймагт Улааны тэнгэр залдаг бөө бол хамгийн хүчтэй хэмээн олон зуун шүтэн бишрэгчдийг бөө болгожээ.
    Сэлэнгэ аймгийн нэг суманд амьдардаг зайран А нь нэгэн айлын охиныг удган болгожээ. Гэвч удалгүй охин нь нас баржээ. Түүний сахиусыг ээжид нь шилжүүлсэн байх юм. Бас нэг охиныг нь угтай гэж бүрэн итгүүлж чанартаа дагуулж явах болов.
    Монгол бөөд техник хэрэгсэлээр буюу Аурагаар бөөгийн уг тодруулдаг болов. Ингэснээр монгол бөөгийн олон уламжлалт чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.
    Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
    Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, өөрөө тэнгэртэй бөө хvн бол… биднээс илүү айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгүүлсэн. Залуухан, залууханаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шүү. Өөрсдийнхөө хийсэн буруу юмандаа явсан. “Бөө хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шүү. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шүү дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах үзэх юмгүй, ямар ч авралгүй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шүү дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ.
    Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
    Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. ДЭМБ-ын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгнийг “бөө болгож” өгдөг болжээ. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
    Олон бөөгийн байгууллагын дунд нэгийг нь нөгөөд нь муулж, бас зөрчилдүүлж явдаг, зан үйлд нь олон сая төгрөг зарцуулсан гэх боловч ноён нурууг үзүүлэхдээ өөрийгөө 1000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлдэг хүн олон байна. Бид цөөхүүлээ, тиймээс хаана ч явсан, хэний ч ул мөр нь тодорхой харагдаж байдаг.
    Бөөд үүссэн нөхцөл байдлыг бөөгийн байгууллагууд, улаач нар хамтын хүч, нэгдсэн бодлогоор богино хугацаанд цэгцэлж чадна. Тэгэхгүй бол цаг алдсаар байх болно. Биднийг цаг хугацаа хүлээхгүй.
    Дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд бөөг “тэнгэр”-т цэгцэлэхээс гадна газарт улаач нар, бөөгийн байгууллагуудын хамтын хүчээр өөрсдөө зөв чиглэлд оруулах нь тодорхой байгаа юм.
    /үргэлжлэл бий/
    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч

  • БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ Нэг. МБНЭ-ийн байгуулагдах үеийн бөө шүтлэгийн нөхцөл байдал

    Түүний цаана бөөгөөр мөнгө ологчдын олон мянгаар тоологдох шавь нар төрж, шүтэн бишрэгч нарт хэнийг “жинхэнэ бөө”, хэнийг “хуурамч бөө” гэж ангилахаа мэдэхээ болив. Бөөгийн гэх эрүүгийн нөхцөл байдал бий болов. Бид мартамхай, тэгэхээр хэдэн жилийн өмнөх байдал, МБНЭ байгуулагдах болсон нөхцөл шалтгааныг эргээд сануулая.
    Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байв. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй бөө нэртэн олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн, шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй. Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Гэвч түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг анзаарахгүй байхын аргагүй юм.
    Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
    Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарав.
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
    Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
    Завхан аймгийн Нөмрөг суманд бөө нар чанар хийжээ. Чанар дээр хэт согтсон бөө нар хоорондоо зодолдсон байна. Тэгээд нэгнийхээ аминд хүрсэн явдал гарсан. Түүнийг шүүмжилж бичсэний төлөө манай байгууллагыг цагдаад өгч шалгуулж байлаа. Зөвхөн энэ л жишээнээс харахад Монголын бөөгийн байгууллага хүнд сорилуудтай тулгарч байсан нь тодорхой харагдана.
    Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
    Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай” хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
    Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь хүчирхийлж байжээ.
    Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
    Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж, унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
    Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
    Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
    Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
    Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм. Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
    Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
    Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднээс аврал ирж хандав. Учир нь долоо хоногийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн арваар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Харин бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
    МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
    Дорноговь аймагт хоёр залуу бөө болоод дөрвөн сар өнгөрөхөд 400 орчим шавьтай болсон тохиолдол гарав. Өндөр нэр алдартай зайрангийн угаа аваад 2 сар болж байгаа нэгэн “удган” 4 шавь босгож байхтай таарав.
    Олонд нэр нь түгсэн нэгэн удган Хөвсгөлийн тайгад очиж, нэртэй, төртэй зайрангаас өндөр үнэ хаяж, “онгод” худалдан авах санал тавьж байжээ. Ийм үйлдлүүдэд ямар тайлбар өгч болох вэ.
    Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Гурван настай “бөө” хэд, хэд тодорсоныг цаг үед нь таслан зогсоох арга хэмжээ авсан байна. Бөөгийн хуяг, хэнгэрэггүй мөртлөө “бөө” нэртэн ч цөөнгүй байна.
    Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна.
    Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
    Гадна талаас бусдын хэлдээр ярьдаг харийн шашин газар авч, дотоод талдаа бөөгийн нэр баригчид олширсон энэ цаг үед энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэнд Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал яригдана. Нэгдэж, хамтарч, тодорхой бодлого, чиглэлтэй ажиллаж байж үр дүнд хүрэхээс өөр зам байхгүй юм.
    Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал нь хамтын зүтгэл байх болно. Харь амиа бодсон үзэл санаа хана мөргөхөөс өөр тавилангүй.
    МБНЭ байгуулагдах үед дээрх түүхэн нөхцөл байдал үүссэн бөгөөд бид ийм гараанаас үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэв.

    Монголчууд Их Монгол Улсаа байгуулсаны 800 жилийн ойг хүндэтгэн дурсаж, Та бид өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ хүмүн төрөлхтний түүхнээ алдар суугаа дуурсгасан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажилагаа, баярын концерт болсон.
    Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Монголч эрдэмтэдийн их хурал Төрийн ордоны хурлын зааланд болж билээ.
    Төрийн туг, сүлд, тамга, дуулал, ёслол, хүндэтгэл, алдар цол, гавьяа шагнал, зэмлэл шийтгэл, үсэг бичиг, мөнгөн тэмдэгт, хууль цааз, цэрэг арми, засаг захиргааны нэгж хуваарь, зохион байгуулалт, удирдлагын бүтэц, албан татварын тогтолцоо, өртөө холбооны сүлжээ гээд төр, улсад байх ёстой бүхэн цогцолсон хийгээд тэдгээр нь хожмын цаг үед уламжлагдан шинэчлэгдсээр ирсэнийг харуулсан задгай талбайд хийсэн урлагын наадмыг Хар хоринд зохион байгуулсан. Тэнд Туркын андуудтайгаа таарч хамтдаа дурсгалын зураг авахуулж билээ.
    Тэр үед хурлын илтгэлд “Ойрын ирээдүйд улс монголоо хөгжил дэвшил, мандал бадралын өндөрлөгт хүрэхийн төлөө та бид эрмэлзэн хичээхдээ эдүгээгээс найман зууны тэртээ Эзэн богд Чингис хаан тэргүүтэн зовлон бэрхийг туулан байж хагацсан улсаа хамтатгаж, төр улсаа төвхнүүлэн засаж, ард иргэнээ амаржуулан жаргааж, Хөх Монголоо хөрст этүгэн дээр дархлан манлай болгосон тэр аугаа их суу билиг, зарлигласан онол сургаал, шантаршгүй хатан зориг, амь хайргүй хичээл зүтгэл, бахархаад баршгүй үлгэр дууриалаас эдүгээ бүхий олноороо бүтээлчээр шимтэн суралцаж, дор бүрдээ сайн үйлс шамдан бүтээх нь эрхэм болоод байна.” гэсэн үг хоосон лозун болох ёсгүй билээ.

    djmedia:11

    Д.Жаргалсайхан

  • Зураг түүхийг авч үлдэнэ-45 Энэтхэг-Монголын хамтын ажиллагааны нэгэн хуудас

    Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Тогоо, Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга С.Хүрэлбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нартай уулзаж ярилцав.
    Яриа, уулзалтын үеэр хоёр тал Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны Гэрээ нь хоёр орны ашиг сонирхолд бүрэн үйлчилж, ирэх он жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсын харилцааны хүрээнд бэхжүүлэхэд баттай үндэс суурь болсон хэвээр байна гэж үзсэн. Хоёр орны хооронд нягт, элэгсэг дотно хэлхээ холбоо хурдацтай хөгжиж байгааг харгалзан үзээд хоёр тал харилцаагаа шинэ түвшинд хүргэж ахиулахаар тохиролцож байсан.
    Манай хоёр орон газар нутгийн хувьд алс хол оршдог боловч эрт дээр цагаас түүх, соёлын болон оюун санааны өргөн харилцаатай явж ирсэн уламжлалтай.
    Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа харилцан ашигтай түншлэлийн хэмжээнд хүрч, төр засгийн удирдлагууд харилцан айлчилж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник,  мэдээллийн технологи, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбар болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэллээ.
    Манай хоёр орон нэг бүс нутаг, нэг тивд оршдог бөгөөд аюулгүй байдал, стратегийн эрх ашиг, сонирхолын хувьд ижил төсөөтэй, нийтлэг зүйл их бий.
    Хоёр талын харилцааны болон олон улсын бодлогын асуудлаар баримталж буй бодлого ижил төстэй, бие биеээ харилцан дэмжсэн шинж чанартай байдаг. Тухайлбал Монгол Улсыг НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Олон улсын валютын сан, Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банкд гишүүнээр элсэхэд Энэтхэг улс үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Ялангуяа манай орныг НҮБ-д гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XV чуулган дээр Энэтхэгийн Ерөнхий сайд Ж.Неру Монголыг дэмжсэн жинтэй үг хэлж бусад орны төлөөлөгчдөд тодорхой нөлөө үзүүлснийг монголын ард түмэн халуун дотноор дурсан санаж, гүнээ хүндэтгэж байдаг.
                Энэтхэгийн тусламжаар Монголд хэрэгжүүлсэн боловсролын хөтөлбөр, сургалт үр ашигтай болсныг тэмдэглэн Энэтхэг Улсын Засгийн газар Монгол Улсын хүний нөөцийн хөгжилд туслах зорилгоор Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологи, сургалтад ҮАБЗ-ийн ажиллагсадыг хамруулахад анхаарах болов.
    Эхний ээлжинд төрийн мэдээллийн тогтолцооны хэрэглээний болон системийн программ хангамжийг хамгаалах, БНЭУ-ын олон улсын аюулгүй байдал судалдаг эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай холбоо тогтоож олон улсын хурал, семинар, сургалтад хүмүүсээ харилцан урьж оролцуулах талаар тохиролцов.
    Хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа онцгой байр эзэлж байна. Монголын цэргийн албан хаагчид Энэтхэгийн цэргийн сургуульд суралцаж цэргийн хэргийн болон гадаад хэлний мэдлэглэгээ дээшлүүлж,  олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн бусад ажиллагаанд амжилттай оролцож үүргээ биелүүлэх чадамжаа дээшлүүлэхэд ихээхэн түлхэц өгч байгааг тэмдэглэж байсан.
    Манай ҮАБЗ-ийн ажлын албаны болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын ажилтнуудыг гадаад хэл, аюулгүй байдлын судалгааны чиглэлээр Энэтхэг улсад мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар хамтран ажиллах санал дэвшүүлснийг хүлээн авч хэрэгжүүлсэн.
                Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийн хүрээнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор Монгол цэргийн офицеруудыг Энэтхэгт сургалтад хамруулж байгаад өргөтгөхөөр болсон юм.
                Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн  Др. С. Д. Прадан тус улсад айлчилсан нь Монголын ҮАБЗ, Энэтхэгийн ҮАБЗ-ийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан айлчлал болсон билээ.
                                               
    Д.Жаргалсайхан-Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын
                   албаны  дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа